Jagdag


Basic information
Interviewee ID: 990573
Name: Jagdag
Parent's name: Damdingombo
Ovog: Borjigin
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired / driver
Belief: none
Born in: Hentii (now Ömnödelger) sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: cook
Father's profession: carpenter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
environment
childhood
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

democracy
privatization
nature and environment
children's upbringing
auto transportation


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та эхлээд өөрийгөө тухай танилцуулахгүй юу?

Жагдаг -

За би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1936 онд төрж өссөн. Аа тэгээд Хэнтий сумыхаа одоо бага сургуульд анх орж суралцаад, тэгээд 5-р ангиа... 4-р ангиа төгсгөөд 5-д суралцах болохоороо Биндэрийн 7 жилд явж Биндэр суманд очиж сурч байсан юм. Тэгээд тэнд очиж Биндэрийн 7 жилийг төгсөөд тэгээд наашаа ирж, аймаг дээр ирж аймгийн төв дээр нөгөө 10 төгсгөх, тэгээд мэргэжилтэй болох ийм зорилгоор аймгийн төвд ирээд. Тэгээд 10-р ангиа ч төгссөн, аа тэгээд киноны мэргэжил олж аваад. Тэгээд тэрүүгээрээ ажиллаад ингээд ёстой залуу нас, арван хэдхэн 16 ,17- той тийм л хүү ажил хийгээд анх гарч байсан даа. Тэгээд одоо, тэгээд 17 жил тэр киноны ажлыг хийгээд. Тэгээд сүүлд нь тэргүүний киночдын 2-р зөвлөгөөн гэж болсон улсад. Тэрэнд яваад очоод сууж байсан чинь манай соёлын яамны сайд бидэндтэй яриа хийсэн. Тэгэхэд ер нь одоо жолооч, кино механик гэж 2 хүн тэгж явж байхын оронд нэг хүн байвал ер яасан юм. Тийм санаачилага гаргаж болох уу гэж. Тэгээд сүүлд нь нутагтаа ирээд ер нь жолооч болъё гэж бодоод тэгээд жолооч болсон. Тэгээд яахав сүүлд нь жолооч болчихоод өөрийхөө тэр киноны ажлыг бас жолоочтой хамт хийж байсан л даа. Тэгээд жинхэнэ аймгийн баазад энэ жижиг тэрэгнүүд хувьчлагаад аймгийн баазад нэгдсэн юм. Тэгээд тэрүүгээр манай киноны тэрэг нэгдээд тэгээд ирэхэд нь киноныхоо тэргийг дагаад энэ баазад орсон. Тэгээд баазад 1968 онд баазад орсон доо. Тэгээд тэрнээс хойш баазаараа байж байгаад л дуусч байгаа нь тэр дээ.

Цэцэгжаргал -

Хэдэн онд тэтгэвэрт гарсан бэ?

Жагдаг -

За байз хэдэн онд тэтгэвэрт гарлаа даа. Тэгээд 1991 онд тэтгэвэрт, өндөр насныхаа тэгтгэвэрт гарсан юм.

Цэцэгжаргал -

Та ардчиллын үе юу хийж явсан бэ ?

Жагдаг -

Ардчиллын үед яахав зах зух нь... яахав дээ жолоочийн ажиллаа хийж явсан даа.

Цэцэгжаргал -

Ардчиллын талаарх мэдээллийг хүмүүс хаанаас олж авсан бэ, ямар мэдээлэл олж авч байв?

Жагдаг -

Ардчиллын талаар бол ер нь бараг л мэдэх юм байхгүй дээ. Ерөөсөө л ийм л явах юм, ийм л одоо байх юм гэж насан туршаа бодож явсан хүн чинь гэнэтхэн ардчилал болоод ингэчихээр тэгээд хачин л байдалд орсон. Тэгэхдээ засаг төр энэ болж байгаа үйл явцад бол гомдсон барьсан тийм юм байхгүй. Тэгээд явсаар байгаад л...

Цэцэгжаргал -

Ардчиллын үйл явцад та оролцсон уу ?

Жагдаг -

Би тэр ардчиллын үйл явцад бол оролцоогүй, оролцож ч байгаагүй.

Цэцэгжаргал -

Ардчилал болохоос өмнө таны ахуй амьдрал ямархуу байсан бэ?

Жагдаг -

За ер нь нэг иймэрхүү л байсан даа.

Цэцэгжаргал -

Ардчилал гарсны дараа таны амьдрал өөрчлөгдсөн үү ?

Жагдаг -

Нэг их өөрчлөгдөж сүйд болоогүй ээ. Ардчиллаас болж ийм боллоо гэсэн ч юм алга. Харин яахав тэтгэвэр, тэтгэмж эд нар бол яахав жаахан нэмэгдсэн. Тэр нь яахав ардчиллых байдаг юм уу, засаг төрийн хайр халамжных байдаг юм уу. Тийм хэмжээнд боломжийн л амьдарч хүрэхээр тийм юм яаж байгаа, тэтгэвэр тэтгэмж авч байгаа.

Цэцэгжаргал -

Тухайн үед ардчилал таны амьдралд яаж нөлөөлнө гэж бодож байсан бэ? Ардчиллын үр нөлөө гэж юу харагдаж байна?

Жагдаг -

Үгүй одоо үр нөлөө нь одоо... яахав ээ ер нь, ардчилал гэдэг ч бас муу юм биш ээ. Би бол тэгж ойлгодог юм. Гэхдээ өөрөө оролцоод нээх сүйд болоод наана цаана болоод туг бариад гүйж явдаггүй. Зүгээр л явж л байдаг хүн. Гэхдээ ардчиллыг бол ад үзэхгүй. Ардчиллаас болж ингэж хохирлоо, ингэж муудлаа гэж надад ярих юм байхгүй. Аа өнөөдөр бол одоо миний амьдрал яахав ингээд тэтгэвэр тэмгэмжийн хэдэн төгрөг, ингээд хөөрхий болж л байна. Энэгүүгээрээ болж, амьдарч л байдаг.

Цэцэгжаргал -

Ардчилалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай оролцож байсан болов уу?

Жагдаг -

Одоо тийм байж болох юм аа. Тийм, ер эмэгтэйчүүд... ер тэгээд ардчилал эхэллээ гэдэг маань юу яасан шүү дээ. Сүүлийн үед бол ер нь албан газар нь гэрэл чийдэн байхгүй, аа албан газрын одоо эд хөрөнгө ч эзэн байхгүй ер нь тэр үед бол ёстой зоригтой ханцуй шамалсан хүн бол юмтай л болж таарсан. Нэг үе тийм үе байсан юм. Тийм, тэгээд сүүлд нь яахав дээ тэр чинь засаг төр нь хямгадаад. Сүүлд нь авах юмаа аваад яасан л даа. Тийн, тэрүүгээрээ л жаахан алдсан байж магадгүй гэж би дотороо боддог 1-рт. Энэ хөдөөгийн одоо сайхан малын эрүүлжүүлэх фермүүд байлаа, саалийн фермүүд байлаа. Энд нар чинь бүгд байхгүй шүү дээ. Бүгдийг нь тэр л бужигнаан дунд устгаад хаячихсан. Аа тэгээд сүүлд нь одоо нэг юм босгох гэж яаж л байгаа гэж би дотороо боддог юм. Энэ фермерийн аж ахуй ч гэх шиг. Тийм, ийм мэтийн юм одоо бас зохион байгуулж байгаа юм. Энүүгээр бол сүүлдээ эргээд л ер одоо нэгдэлжих хөдөлгөөн, одоо тэгээд тэр мэтийг ч нь одоо эхлүүлж бас дахиж сэргээж байгаа юм болов уу гэж дотороо боддог юм.

Цэцэгжаргал -

Та хувьчлалын талаарх мэдээ мэдээллийг анх одоо хүмүүс хаанаас олж авч байсан бэ?

Жагдаг -

Ер нь одоо хавьчилаад ер нь надад тийм юм болчихлоо, ер нь хувьчиллаа гэдэг чинь ингэж байдаг юм, ийм юм болдог юм шүү гэж над ерөөсөө хүн ирж яриагүй. Ярьдаг ч үгүй, тийм юм байгаагүй юм. Тэгээд ер нь явсаар байгаад л тэгээд устах нь устаад, тараах юм нь тараагдаад л ингээд л эхэлсэн л гэж би боддог доо.

Цэцэгжаргал -

Хувьчлалыг анх яаж зарласан юм бэ?

Жагдаг -

Одоо ажилчин, зүгээр одоо энгийн улс бидэнд бол нээх тодорхой зарлаагүй ш дээ. Тээх, тэгээд яахав ардчилал гэдэг чинь нөгөө ийм хэдэн залуучууд ингээд гарлаа, одоо төрийг өөрчлөх ийм бодол санаа ардчилал гэдгийг одоо бий болгох гэж ингэж байна гэдгийг би ыол ойлгож л байсан. Гэхдээ тэр ардчилал гэдэг чинь одоо та нар дээр ирэхлээр ийм юм болно шүү, та ардчиллын хүчээр ингэнэ, тэгнэ гэж ингэж бол бидэнд ярьдаг юм байгаагүй, тийм.

Цэцэгжаргал -

Танай нутагт ажлын газрын хувьчлал, ер нь хувьчлал яаж явагдсан бэ?

Жагдаг -

Би одоо мэдэхгүй, ер нь яахав ажлын газрын хувьчлал гэдэг чинь ерөөсөө л тэгээд баргалж л юу л ... би дотороо боддог юм. За чи одоо авч байгаа машинаа, одоо эзэмшиж байгаа машинаа ав. Энэ чинь одоо чамд хувьд чинь өгч байгаа юм гэж ингэж ярьдаггүй. Ерөөсөө л баазад бол анх яасан бэ гэхээр...баазын чинь олон машиныг 2 жил гаран, 3 жил шахуу хашиж хашаандаа байлгаж байгаад, хийх ч ажилгүй авсан ч цалин байхгүй тийм байсан юм. Тэгж байснаа л гэнэтхэн нэг өдөр хурал хийлээ л болсон. Хурал хийгээд л одоо бид ингээд энэ хэвээрээ байж байх юм уу хашаатай, аль эсвэл одоо хувьчлал гэдэг юманд шилжих үү гэж ингэсэн. Тэгэхээр зэрэг манай жолооч нар, залуу улсууд жаахан онгироо ч байсан биз. Та нар 3 жил шахуу тэжээж тээвэр хийлгэж чадаагүй юм чинь одоо больё, тэр хувьчлал гэдгээр нь тэргээ хувь хувьдаа аваад л салъя ийм л санал гаргасан. Тэгээд л дахин нэг хурал хийнэ гэсэн. Тэгээд тэр хурал нь хийгдэхээр, зарлаад хийгдэхдээ машиныхаа өртөг үнийг биччихсэн байсан. Таны машиныг тэдэн мянгаар тэдэн зуугаар үнэлэгдлээ гээд. Тэгээд бидэнд машин гэдгийг тэгж хувьчилж өгсөн юм анх. Тэрнээс өөр одоо дэлгүүрийн, аа үйлвэрийн машины гараж мараж, хашаа машаа тийм албан юмыг бол бидэнд хувьчлаагүй. Тэр маань тэгээд яагаад чинь байхгүй болсон юм тэрийг ерөөсөө ойлгоогүй. Ямар ч байсан л одоо бүгдээрэээ байхгүй болсон. Конторч байхгүй, тэр дотор байсан тэр олон өрөөнд байсан одоо хивс, зураг хөрөг, стол ширээ тэр бүх юм чинь одоо хаашаа явчихсан юм бүү мэд. Ингээд л дууссан юм даа. Одоо тэгээд манай зүүнтэй суурь нь... компани ч юм уу, юу ч юм болоод байж байсан. Одоо нэг сүм гээд нэг юм бий болчихоод байгаа юм. Ингээд л дамжуулаад бие биендээ худалдсаар байгаад эцэст нь ер тийм л юм болсондоо .

Цэцэгжаргал -

Танай баазад хувьчлал хийх гэж байна гэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

Жагдаг -

Өө тэр чинь бол одоо 2, 3 жил цалин байхгүй, яахав ядарчихсан байсан байх л даа. Ерөөсөө тэгье, ерөөсөө л ганц ганцаараа машинаа аваад л гаръя гэдэг л ийм л одоо яриа хөөрөөтэй тарсан юм.

Цэцэгжаргал -

Машин үнэлэгдсэн байсан гэсэн, хувьчлахдаа үнийг нь төлж авсан юм уу?

Жагдаг -

Төлж авсан шүү дээ, тийм. Одоо мэдэхгүй, зарим нь одоо болтол төлөөгүй энэ тэр гэж дуулдаж байдаг юм. Зүгээр би бол тэрнийг мэдэх биш ямар. Аа миний л хувьд л хамгийн сүүлийн үеийн машин байсан. Одоо энэ гадаа байна даа. Үүнийг л анх хувьчиллаар л надад өгөх байснаа л гэнэтхэн болиод л төрийн өмчид өртэй манай бааз. Төрийхөө өмчийн өрийг дарна. Байшин хашаагаа өгөөд арай үнэ хүрэхгүй болохоор одоо байж байгаа машинаасаа өгнө гэж. Тэгээд 24 ачааны машин өгөхөөр болоод тэрэнд миний машин хамгийн түрүүнд орсон юм аа “Жагдаг гуай таны машин одоо төрийн өмчид алба гүйцэтгэхээр боллоо шүү” гэж. Тэгээд би хэлсэн “ах чинь бол одоо энэ машиныг төрд аваачиж өгөөд , би төрийн албыг залгуулна гэвэл чадахгүй. Нас өндөр болж байна. Та Бээжин 3 хоног яваад энэ ачааг хүрэгчихээд ирэх юм шүү гэхэд чадахгүй шүү дээ. Ийм учраас нэг сайхан залууд хүлээлгэж өгөөд, тэгээд тэр маань гялалзуулж байвал ингээд ажлын амжилт нь арай ахуй байлгүй яахав” гэж үнэн учраа л хэлсэн. Тэгээд л байж байсан чинь үгүй ер нь яахав танд одоо энэ машиныг өөрт чинь өгье. Ер нь ингэж аймгийн техникийн комисс шийдлээ гэж ингэсэн 2 хоночихоод л. Тэр чинь одоо надад өглөө гэдэг нь яахав гэсэн чинь 200 гаран мянга, 300-аад мянган төгрөгөөр гарна шүү дээ гэсэн. Тэгвэл авъя, тэгвэл төлөөд авчихъя гэсэн. Тэгээд надад нэг хэдэн төгрөг байсан, тэр дээрээ нэг албан газарт гэрээрхүү юм хийж нэг албан газрын нэр дээр жаахан тээвэр хийхээр болоод тэгээд тэргээр маань надад хэдэн төгрөг шилжүүлж өгөөд тэгээд л хувийн болсон доо. Тэгээд ийм машинтай байдаг юм даа, тийм. Тэрнээс ер нь өөрөөр бол одоо нээх айхтар онож бариад, одоо тэгээд ардчиллын ачаар ийм юмтай болчихлоо тийм юмтай болчихлоо гээд нэг их айхтар гүйж яваа хүн ер тааралдаагүй. Тийн, тэгээд дор бүрнээ л иймэрхүү юмаар л ингэж болсон л байсан.

Цэцэгжаргал -

Баазаас өөр үйлдвэр, аж ахуй газруудын хувьчлал хэрхэн явагдсан юм талаар ярихгүй юу?

Жагдаг -

Ах нь одоо тэрийг бол сайн мэдэхгүй юм аа. Тэр баазын одоо... аа алба газруудын хувьчлал гэдэг чинь одоо юуг үндэслэж, тэгж хувьчилж байсныг одоо мэдэхгүй юм. Мөнгө төгрөгөнд нь болж байсан юм уу, хөрөнгө чинээнд нь болж байсан юм уу. Тэгэхээр тэрнийг бол ах нь бол ойлгохгүй байгаа юм.

Цэцэгжаргал -

Ямар хэлбэрээр зарим хүмүүс бусдаасаа арай илүү өмчтэй болж байсан юм бэ?

Жагдаг -

Яахав ээ, тэр бол одоо айхтар бүдүүлгээр хэлэх юм бол овжин залжин гэх юм уу тийм улсууд бол ер нь овсгойтой ч гэдэг юм уу тийм улсууд чинь бол ер нь дор нь юмыг чинь нааш нь, цааш нь гүйлгэсэн л дээ. Миний түрүүчийн хэлдэг тэр нэг эзэнгүй байсан нэг хэсэг 2, 1 жилийн чинь хугацаанд л. Ер нь хэн зоригтой, энэ байшинг одоо буулгъя гэхэд ер нь ирээд загнадэг хүн байгаагүй шүү дээ тэр үед чинь. Тийм учраас ерөөсөө буулгахыг нь буулгаад л, ачихыг нь ачаад л ингээд л замбараа начиггүй юм болж л байсан юм даа тэр үед бол.

Цэцэгжаргал -

Өмч эзэнгүй байсан юм уу ?

Жагдаг -

Өмч эзэнгүй байсан харин нэг үе. Би тэгж л ойлгодог. Чухам надад бол за Жагдаг гуай минь энэ өмч чинь эзэнгүй байгаа шүү, ерөөсөө хариуцах хүнгүй гэж ер надад ер хүн хэлээгүй. Ер нь өөрийнхаа би дотроо зүгээр ойлгохдоо бол ингэж хамаагүй нураагаад, ингэж хамаагүй ийш нь тийш нь ачиж бариад ингээд явж байгааг бодоход ер нь эзэнгүй юм байна даа гэж дотроо бодож байсан, тийм.

Цэцэгжаргал -

Хувьчлал ер нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал яаж нөлөөлсөн юм бэ ?

Жагдаг -

Одоо яахав вэ, тэр хүний өдөр тутмын амьдралд бол яахав сайнаар ч нөлөөлсөн тал бий л байх, муугаар ч нөлөөлсөн тал бий л байх.

Цэцэгжаргал -

Тухайлбал сайнаар яаж нөлөөлсөн байна ?

Жагдаг -

Тухайлбал одоо сайнаар нөлөөлнө гэдэг чинь хүн эрх чөлөөтэй, ер нь нэг ямар нэгэн одоо юмыг хийхэд хүнээс асууж, айж бэмбийж тэгж явах юм байхгүй. Ерөөсөө өөрийн дураар ажлаа хийдэг, өөрийн дураар л амьдрахыг хүсдэг тийм л замд шилжсэн гэж би өөрөө ойлгодог юм. Тийм учраас одоо ерөөсөө ямар нэг хорио цээр бол одоо ер нь байхгүй л болсон. Энэ бол ардчиллын үр нөлөө ардчиллын одоо ач буян л байдаг л байх даа

Цэцэгжаргал -

Хувьчлал хүмүүсийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөсөн юм байна уу?

Жагдаг -

Өө байгаа, байлгүй яахав дээ тэр чинь. Адгийн наад зах нь л одоо энэ юунд... хүнсний бараа мараа энэ тэр чинь олдохоо болиод л нэг үе чинь өнгөрлөө шүү дээ. Юу ч байхгүй байгаа юм чинь.

Цэцэгжаргал -

Өөр сөргөөр нөлөөж байсан юм байна уу ?

Жагдаг -

Өөр одоо юм, нээх онц юм мэдэхгүй юм байна. Хүнсний бараа мараа чинь одоо ерөөсөө...дэлгүүрүүд бол үндсэндээ...ардчилал эхлээд л ерөөсөө лангуун дээр бор давснаас өөр юм байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр л тэр чинь одоо яаж ч байгаа нь тэр юм. Юм ховордож байгаа нь тэр юм уу, одоо цаашаагаа наймаа худалдаа хийж юмаа олж ирдэг улсууд нь чадахаа болчихоод байгаа нь тэр юм уу. Нэг тийм л юм болсон юм , тийм.

Цэцэгжаргал -

Хувьчлалаас ямар хүмүүс хамгийн их үр ашиг хүртсэн бэ?

Жагдаг -

Одоо мэдэхгүй ээ, тэрнийг бол сайн мэдэхгүй юм байна.

Цэцэгжаргал -

Хувьчлалаас хувь хүртэж чадаагүй хүмүүс байна уу?

Жагдаг -

Өө байлгүй яах вэ тэр чинь. Өдийд одоо малгүй байсан улсууд нь малтай болоод, одоо ухаандаа тэр нийгмийн хөрөнгө малыг чинь хувьчилахад бас зохих хэмжээний юм авсан хүн ч байна. Аа ерөөсөө тэрэнд оногдоогүй, ороогүй тийм үлдсэн ядуучууд ч байна. Тийн, мнгэхээр зэрэг бас л ялгаатай л байсан л даа тэр чинь яахын ч араггүй. Одоо мэдэхгүй ээ тэр... би бодохдоо бол ер нь тийм ядуу л, одоо доод зэргийн амьдралтай тийм л улсууд л би бол нээх айхтар олноороо ч юу юм зүгээр ганц нэг хүн тийм үлдсэн л байх гэж боддог юм. Тийм, ардчилал эхэллээ, эхэллээ гэж нэгдлийн малыг тараасан хирнээ надад ч юу ч оногдоогүй шүү дээ гээд яриад явдаг хүн байдаг л юм даа. Тэр хүн бол бас нэг л юм хэлэх л гэж байдаг байлгүй дээ.

Цэцэгжаргал -

Машинаа хувьчилж авснаар таны амьдралд өөрчлөлт гарсан уу?

Жагдаг -

Яахав одоо, урьд нь бол тээвэртэй. Бааз чинь зохион байгуулаад л одоо тийшээ яв, тийм юм тээ, ийшээ яв ингээд ир гээд л үүрэг даалгавар өгөөд л явуулдаг. Аа одоо тэр үйл явдал байхгүй болсон, тэр ч байтугай би хуучин одоо өөрийхөө жинхэнэ эзэмшиж байсан машиныг бол их, асар их олон одоо төлөвлөгөө тооцоотой ажиллуулж байсан юм. Тэгэхэд чинь би 40 жил энэ машиныг эзэмшье, аа сая км явуулъя... би 700 гаруй мянга гаруй км явуулаад, тэгээд 30 хэдэн жил барьсан тэр машиныг. Аа тэгээд нэг өдөр баазын маань дарга дуудаж контортоо оруулаад л “За Жагдаг гуай минь та наашаа суу энэ диван дээр. Ардчилал гэж нэг ийм юм бий боллоо. Та байтугай би ч мэдэхгүй юм байна. Гэхдээ яахав ерөнхий утга санаа нь бол нэг иймэрхүү юм бий. Танд төлөвлөгөө норм гэж өгөхөө больсон. Та одоо өдий төдий үүрэг даалгавар биелүүлнэ, одоо машинаа төчнөөн км...1000 км явуулна гээд одоо ингээд амалж бариад тэрийг чинь тооцдог газар байхгүй. Ийм болохоор одоо та үйлээ үзэж тэгж махаа идэж тэгж явах хэрэггүй ээ. Ингээд танд бол одоо улсын төлөвлөгөө гэж өгөхөө больсон, аа өнөө техникийн элэгдэл мэлгэдэл энээ тэрээ юм гэж байхгүй болсон. Тэрийг тооцдог газар гэж байхаа больсон. Ингэхээр зэрэг ер нь та өөрөө л нэг юм хийвэл хийгээд, хийхгүй бол хийхгүй тэгээд байж байх л нэг ийм хүн боллоо шүү дээ” гэж ингэж л анх дарга маань надад хэлсэн юм. Тэгээд би чинь одоо тэр олон жил явуулна гэж амлаж бодож явсан машинаа... за даа тэгж тооцох юм байхгүй болж байгаа юм би энэ хуучин машинтай ингээд баазынхаа шороон дээр дээшээ ч харж, доошоо ч харж яваад ч юу яахав. Даргынхаа хэлснээр ганц шинэ машин өгнө гэж байна тэрэнд нь яваад нэг 2, 3 жил гар амраадаг юм уу гэсэн шиг бодоод энэ машиныг чинь хамгийн сүүлд шахуу авсан байхгүй юу. Тэгээд л хувьчилд гарсан даа.

Цэцэгжаргал -

Машинаа хувьчилж авснаар таны амьдралд өөрчлөлт гарсан уу?

Жагдаг -

Одоо бараг л гараагүй дээ. Яахав дээ өөрөө өөрийгөө нэг аргал хөрзөн зөөлгөх ч юм уу, нэг айл нүүлгээд өгөх ч юм уу, яахав бас энэ зах зээл эхлээд явж байх үед бол наймаачдын бараа турууг нааш нь цааш нь зөөх бас тийм ажил байсан л даа. Аа тэр бол хорио цээр байхгүй, аа хяналт шалгалт тийм юм байхгүй. Одоо ухаандаа бид чинь нээх замын хуудас бичээд тэрнийхээ дагуу л, тэрнийгээ харж байгаад л явдаг байсан бол одоо тийм юм бичдэг газар байхгүй. Ердөө л тэгээд сулд нь хаясан юм байхгүй юу. Тэгэхээр бид чинь ингээд л гараад машинаа асаана уу болохоос, өөр тэрүүгээр орно, тэнд бүртгүүлнэ үүгээр орно тийм хуудас авна гэж ингэж явах юм байхгүй тийм л болгосон юм. Нээх айхтар шалиагүй ээ, тээх яахав бас наймаачдын юмыг зөөхөд хүн зүгээр байгаагүй л дээ хөөрхий хэд гурван төгрөг юм өгдөг юм, тийм.

Цэцэгжаргал -

Хувьчлалын тасалбар гээд танд өгсөн үү?

Жагдаг -

Өө нэг тийм юм өгсөн юм. Нэг ягаан тасалбар энэ тэр гээд тээ. Цэнхэр тасалбар ч гэх шиг. Тэгээд тэр нь одоо болтол байж байгаа шүү дээ.

Цэцэгжаргал -

Тэрний талаарх мэдээллийг та нарт яаж өгсөн, яаж тарааж өгсөн бэ?

Жагдаг -

Одоо мэдэхгүй. Албан газрууд бол ингэсэн...юу яана гээд одоо тасалбарын одоо үнэнд танаас тэдэн төгрөг авлаа гээд ингээд авсан. Тэр мөнгөөрөө тэгээд тэр нэг хэдэн тасалбар өгөөд. Тэгээд л энэ тасалбарыг тэр хөрөнгийн бирж одоо тэрүүгээр хөөцөлдөөд л олж авдаг л юм гэсэн. Тэгээд нөгөө албан газрууд нь хувьцаа өгдөг л юм гэсэн. Тийм юм байхгүй л байгаа шүү дээ.

Цэцэгжаргал -

Та ягаан цэнхэр тасалбараа мөнгө төлж авсан юм уу, хаана төлж авсан юм ?

Жагдаг -

Бааздаа л төлсөн.

Цэцэгжаргал -

Бааз тараасан юм уу

Жагдаг -

Бааз л тараасан л даа.

Цэцэгжаргал -

Хэд орчим төгрөг төлж авч байсан?

Жагдаг -

Одоо мэдэхгүй байнаа, тэрнийг сайн санахгүй байна.

Цэцэгжаргал -

Тэр хувьчлалын тасалбар хүн болгонд оногдож байсан уу, зөвхөн ажил хийж байсан хүнд оногдож байсан юм уу?

Жагдаг -

Одоо мэдэхгүй ямар ч байсан л одоо манайханд л оногдсон , оногдох нь оногдсон юм даг.

Цэцэгжаргал -

Танай гэр бүлийн бүх гишүүдэд үү ?

Жагдаг -

Тийн, ухаандаа тэр чинь хүүхэд мүүхэд бүгд одоо орсон байгаа шүү дээ. Төчнөөн ам бүл гээд л.

Цэцэгжаргал -

Тэр тасалбарыг яаж хөрөнгийн зах зээл гаргах талаарх мэдээллийг та нарт өгсөн үү?

Жагдаг -

Үгүй, үгүй яахав та нар энүүгээр, нэг албан газарт үүнийг өгөөд тэгээд хувьцаа гэж та нар мөнгө авч байх болно гэж л ингэсэн. Тэгээд тэр, манайх чинь ухаандаа “Говь”-д өгсөн юм. Тэгээд Говьд яагаад тэгээд Говь маань ч хувьцаа өгөөгүй, хуваагаагүй. Эрх биш хуваадаг газраа хуваасан л юм байгйй биз дээ бодвол. Бидэнд нэг их мэдэгдээгүй. Хувьцаа чинь гарсан шүү ирээрээ бариарай, өгөөрөө аваарай энэ тэр гэсэн юм байхгүй тэгээд байж байдаг юм.

Цэцэгжаргал -

Говийн хувьцаа эзэмшигч болсноо баталгаажуулаагүй юм уу?

Жагдаг -

Үгүй, тийм юм байхгүй байхаа мэдэхгүй.

Цэцэгжаргал -

Таны бодож байгаагаар өмч хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай туссан уу?

Жагдаг -

Тэр бол баргалж адилхан шахуу байхаа даа. Ямар эрэгтэй хүнд нь ийм юм өгнө шүү, эмэгтэйд нь ийм юм өгөхгүй шүү гэж яригдсан тийм юм байхгүй ээ. Тэр ер нь өөрсдийхөө ухаан бодлоор хийсэн, дууссан ажил байхаа.

Цэцэгжаргал -

Хувьчлал зарлагдаад эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ? Хувьчлал тэр хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гаргана гэж бодоцгоож байсан бол?

Жагдаг -

Одоо мэдэхгүй тэр, бодвол одоо өөрсдийхөө эзэмшиж байсан саалийн ферм ч байдаг юм уу, юу байдаг юм тэднийгээ хуваагаад авчина. Амины болгочино гэсэн ийм л ойлголттой байсан байх. Тэгээд сүүлд нь тэр чинь заримд нь амины болоод очсон л биз. Зарим нь чадаагүй л дээ. Тэгээд дороо өөрсдөө тэр үйлдвэрээ цааш нь явуулж чадахгүй, тэгээд л чадал нь доройтоод л, тэгээд л одоо тарж үрээд л аль ч үгүй болж л байсан.

Цэцэгжаргал -

Таны бодлоор аймгийн төвд албан хаагч байсан хүмүүс хувьчлалаас ямар нэгэн хувь хүртэж чадсан уу?

Жагдаг -

Мэдэхгүй ээ

Цэцэгжаргал -

Жолооч нар машин тэргээ, үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс техник тоног төхөөрөмжөө авсан байж. Харин улсын албан хаагчид хувьчлалаас юу авсан юм болоо?

Жагдаг -

Одоо мэдэхгүй юм. Энэ одоо жишээ нь л гурлын үйлдвэр байна. Энэ гурилын үйлдвэрт ажиллаж байсан улсууд чинь хэдэн жил одоо цалин байхгүй. Нөгөө үйлдвэрийг чинь сахиад байж.... тэгээд байж байж... тэгээд л баахан хүнд дамжуулаад л одоо нөгөө үйлдвэрийг чинь худалдаад л. Тэгээд зарим нь одоо тоног төхөөрөмжийг нь ачуулж барьж ийш нь тийш нь зараад л. Зарим нь болохоор хужаа, мужаагийн жижиг оворын үйлдвэрийн, тээрмийн машин зашин оруулж ирээд л ингээд л одоо бантанг нь хутгаад л хаясан шүү дээ. Тэгээд одоо энэ аймгийн төвд гэхэд л ер нь одоо хувь хүний юм үгүй, хувь хүний ч нэргүй тийм одоо байгууллага майгууллага байхгүй байхаа. Дууссан ийм л юм. Тэгэхээр зэрэг би ер нь одоо албан хаагч, аймгийн төвийн ажилчин тийм хүнд бол нээх айхтар нөлөөж чадсан юм уу, үгүй юм уу гэж боддог юм. Тэгэхээр тэр чинь ер нь чадалтай л хүн тэрийг чинь авчиж байсан юм биш үү. Одоо л тэр цэнхэр тасалбар гэдгийг чинь бараг л тампуу тампуугаар нь цуглууж аваад ч байдаг юм уу. Тэрүүгээр их наймаа хийсэн юм шиг байгаа юм. Тээх, тэр цэнхэр ягаан тасалбар гэдгээр. Би бол тэрний учрыг нь сайн ойлгодог ч үгүй. Надад ойлгохоор хүн ярьж өгөө ч үгүй. Ерөөсөө л нэг тийм л юм байдаг юм байна гэж ингэж л бодсон. Тэрнийг цуглуулаад, тэгээд л хаашаа юм бэ тэр чинь одоо ер нь...үйлдвэр мүйлдвэрийг чинь тэр чигээр авчихсан, худалдаад авсан энэ тэр тиймэрхүү юм дуулдаж л байдаг юм.

Цэцэгжаргал -

Цэнхэр тасалбаруудыг яаж шуудай шуудайгаар нь цуглуулж байсан юм бол оо?

Жагдаг -

Хүмүүсээс авачихгүй юу. Хүмүүсээс нэг, өөрийнх нь хураалгасан хэдэн төгрөгнөөс арай ахиухан ч мөнгө өгдөг юм уу, тэгээд л авчихдаг юм байгаа биз дээ бодвол. Манайх чинь одоо хувь хүнд өгөөд ч яахав, нэг үйлдвэр дагуулаад л өгчье гэж бодоод тэгээд энэ Говьд л яаж байсан юм аа тэгээд.

Цэцэгжаргал -

Говь гэж ноолуурын үйлдвэр үү? Тэгээд тэнд хэдэн хүний хувьцаа өгсөн юм?

Жагдаг -

тэр чинь 5, 6 хүний хувьцаа өгсөн байхаа. Тэгээд л ...

Цэцэгжаргал -

Ноогдол ашиг авч байсан уу?

Жагдаг -

Аваагүй, тэндээс ер нь юу ч хүртээгүй шүү дээ.

Цэцэгжаргал -

Одоо ер нь та Говьд хувьцаа эзэмшигч байгаа юу ?

Жагдаг -

Нэр үү? Одоо байдаг л байх даа бодвол. Ер нь тэрүүгээр нэг хөөцөлдөө ч үгүй. Очиж уулзаа ч үгүй. Ер нь нэг, одоо тэгээд яахав...бүтвэл бүтдэгийг нь үзээд, бүтэхгүй бол хаячихъя гэж бодоод тэгээд л нэг үзнэ л гэж бодож байгаа юм.

Цэцэгжаргал -

Авсан хувьцаагаа та Говьд яаж, юугаар дамжуулж өгсөн юм?

Жагдаг -

Тэр хөрөнгийн бирж гэж энд нэг... энд нэг брокер гээд нэг хүүхэн бий шүү дээ манай аймгийн. Тэр чинь л аваачиж өгдөг байхгүй юу. Яахав бидний саналыг үндэслэнэ л дээ. Та одоо ямар байгууллагад, ямар газарт хувьцаагаа өгөх вэ гээ. Тэгээд яахав бид тэдэн хүнийхийг нь одоо тэнд өгье, энд өгье гээд хэлэхээр тэгээд тэрний чинь дагуу л аваачиж өгдөг байх даа.

Цэцэгжаргал -

Танд Говьд өглөө шүү гэсэн батлагаа бичиг баримт өгсөн үү ?

Жагдаг -

Өгөөгүй, тийм юм байхгүй шүү дээ. Би байхгүй л гэж боддог шүү дээ. Энэ хөгшин мөгшинд өгсөн байж магадгүй ээ, тийм.

Цэцэгжаргал -

Зүгээр л аваад тушаачихсан уу ?

Жагдаг -

Тийм

Цэцэгжаргал -

Одоо тэр Брокерийн пүүс ажиллаж байгаа юу? Та тэндээс асууж лавлах боломж байгаа юм уу ?

Жагдаг -

Одоо байдаг л байх. Одоо тэр брокерийн пүүс нь гэдэг чинь солигдлоо л гэдэг. Эр хүн боллоо л гэдэг, эм хүн боллоо л гэдэг их л олон хүн дамжсан байх. Тэгж тэгж тэр нь одоо үр дүн гарахгүй тэгээд хаясан юм уу. Аль эсвэл нэг хүн эзэн болоод байж байдаг юм уу одоо мэдэхгүй. Тэрийгээ ч сурахаа больсон шүү дээ ер нь.

Цэцэгжаргал -

Одоо газар хувьчлалын талаарх мэдээллийг хаанаас авч байна вэ?

Жагдаг -

Газар хувьчлал аа, газар хувьчлалыг бол яахав дээ энэ аймгийн газрын алба гэж нэг алба бий л дээ. Тэрэнд л одоо энэ дээр нь байшин бариад амьдарч байгаа энэ нутаг ус, газраа л одоо хөөцөлдсөн. Тэрнээс өөр бол бид илүү дутуу...тэнд нэг хүүхэд ирнэ тэрэнд нэг газар авья. Энд нэг хүүхэд ирнэ гэж тэгж өшөө газар аваагүй л дээ.

Цэцэгжаргал -

Та газар аа хувьчилж авсан уу?

Жагдаг -

Авсан

Цэцэгжаргал -

Газар хувьчилж авахад танд ямар нэгэн хүндрэл бэрхшээл байсан уу?

Жагдаг -

Байгаагүй дээ, тийм тэр номоор нь л яваад, бичиг баримт бүрдүүлээд тэгээд хэмжээ зэмжээгээ гаргаад яах юм бол тэр чинь нэг айхтар болохгүй ч ажил биш байна лээ л дээ.

Цэцэгжаргал -

Та газраа хувьчилж авсанаар таны амьдрал өөрчлөгдөж байна уу ?

Жагдаг -

Мэдэхгүй, зүгээр ер нь хүн зээл мээл банкнаас авахад чинь газраа тавьчихаад, газрынхаа барьцаанд мөнгө авдаг энэ тэр гэж яриад байгаа юм. Байж болдог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Би нээх тийм зээл мээл ч хөөцөлдөөгүй. Ер нь тэгж болдог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй л байгаа юм би.

Цэцэгжаргал -

Танай баазаас машинаа хувьчилж авсан жолооч нарын амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Жагдаг -

Үгүй ер нь тэгээд тараад л алга болсон шүү дээ. Улаанбаатар, Дорноговь тэгээд л Багануур энэ тэр гээд л явчихсан. Зарим нь машинаа зарчихаад явсан, зарчихаад явсан нь ашиг гарсан юм уу, тээвэр хийгээд нэг юм хамт байгаад байсан нь ашиг гарч байсан юм уу одоо тэрийг бол мэдэхгүй юм.

Цэцэгжаргал -

Танай хөгшин ямар ажил хйиж байсан бэ?

Жагдаг -

Манай хөгшин нягтлан .

Цэцэгжаргал -

Ямар газар?

Жагдаг -

Ахмадын махмадын хороо мороо, энүүгээр л дамжаад тэгээд үйлдвэрчиний зөвлөл мөвлөл эд нараар дамжиж байгаад л тэгээд гарсан даа тэтгэвэрт.

Цэцэгжаргал -

Танай хөгшин хувьчлалаас ямар нэг хувь хүртсэн үү? Танай эхнэр хувьчлалаас ямар нэг хувь хүртсэн зүйл байгаа юу?

Жагдаг -

Байхгүй, тийм юм байхгүй. Тээх, ардчиллын төлөө гэж, ардчилалын үед та одоо ингэж амьдарч явна шүү. Танд тусалъя энэ тэр гээд ярьж өгч байгаа юм бол байхгүй.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлалаас ямар ч хүртээгүй юм уу?

Жагдаг -

Үгүй, үгүй л гэж би ойлгодог.

Цэцэгжаргал -

Хэнтий аймгийн байгаль орчин сүүлийн үед жилүүдэд яаж өөрчлөгдөж байна вэ, ямар өөрчлөлт гарч байна вэ?

Жагдаг -

Байгаль орчинд уу, яах вэ... байгаль орчин одоо ер нь манай аймгийн чинь мод чулуу нь хойшоо л яваад байгаа шүү дээ. Мод чулуу явлаа гэхэд хүн үнэмшихгүй л дээ. Ухаандаа бид чинь нэг одоо 200 орчмоос модоо тээгээд, түлэх модоо тэгээд ирдэг байсан бол одоо 250 байдаг ч юм уу, 300 байдаг ч юм уу тэгж энэ тэр явдаг болоод байгаа юм. За энэ ч яахав одоо янз бүрийн одоо наймаачид, модны наймаачдын бас гай, хар гайгаар энэ тэр тоногддог л биз. Тэр дундаа тэгээд одоо ой хээрийн түймэр гэдэг чинь баллаж байна шүү дээ. Ихэнх модыг одоо шатаагаад л тэгээд... тэр чинь нэг халаад л асахаараа тэгээд үр үндэс байхгүй, дахиж ургахгүй тийм болдог юм байна. Тэгээд л нэг шатсан ойтой л иймэрхүү л болоод байгаа юм. Одоо яахав ээ, цаг агаар бол хүн дулаарал бий болж байгаа л гэж ярьдаг. Дулаарал яахав бий болох нь ч бий болдог л байх л даа. Тэрнээс нөлөөлөөд одоо энэ газар дэлхий, малын бэлчээрийн одоо газрууд энэ тэр халдаг гэж ингэж ярьж байгаа. Тэр нь ч бас харахад ортой л юм шиг байдаг юм. Үүнийг одоо өөрчлөх, аврах тийм талын одоо ажиллагааг бол нэг их айхтар хийхгүй байна гэж би боддог. Одоо энэ жилээс л нэг жаахан мод чулуу тарина барина, наана цаана л юм болж байгаа юм. Одоо тэгээд тэр нь амалсандаа хүрээд биелэдэг юм бол одоо давгүй л юм болох байхдаа.

Цэцэгжаргал -

Танай аймгийн байгаль орчинд гарсан сайн өөрчлөлтүүд юу байна вэ?

Жагдаг -

Одоо ёстой мэдэхгүй юм. Манай энэ урд хашааны айл чинь одоо их том зүсвэрийн газартай. Банз дүнз болгодог тэгээд энэ чинь одоо харин хойноос л нилээн сайн хориг тавьчихаад байх шиг байгаа юм. Энд ер нь бүр хашаандаа батгахгүй шахуу мод, машин хоёр энэ тэр болдог газар байсан байхгүй юу. Би тэгээд нээх ховч одоо юундаа ч хэлж байгаа юм биш. Бас хааяа байгаль орчны байцаагч энэ тэр тааралдвал хэлдэг юм. Тэнд чинь одоо нэг шалгалт хийвэл яасан юм бэ ингээд ингээд байх юм гээд. Үгүй тэгээд, тэгсэн тэгээгүй тэгээд энэ мод нь ирэхгүй байна. Энэ хойно, Өмнөгийн /Өмнө-дэлгэр/ тэр хавиар сайн хориотой байгаа байлгүй дээ. Би тэгж л ойлгодог юм.

Цэцэгжаргал -

Байгаль орчинд гарч байгаа муу өөрчлөлтүүд, үр дагавар юу байна?

Жагдаг -

Одоо яахав, хулгайн тээвэр байна. Хулгайн одоо модчингууд байна. За тэгээд энэ ан амьтан агнах, энэ чинь одоо дандаа л буруу замаар. Тэр ангий нь алж болно, энэ ангий нь болохгүй гэж ерөөсөө хэлдэггүй. Тийм болохоор дандаа л хулгайн журмаар л энэ амьтныг чинь устгачиж байна гэж би ойлгодог. Өө байлгүй яах вэ тэр нуур муур, гол ихэнх нь одоо байхгүй болсон шүү дээ. Одоо чухам хэд хичнээн нь байхгүй болоод байдаг юм. Тэрний тоо тоог ах нь ямар гаргаж чадах биш.

Цэцэгжаргал -

Тухайлбал таны санаж байгаагаар ямар ус цөөрөм ширгэж алга болж байна?

Жагдаг -

Одоо энэ Хэнтий тэнд Шилийн нуур гэж уулын орой дээр нэг сайхан нуур байлаа. Тэр байхгүй болсон сураг байгаа. Наана нь байгаа тэр Хангал нуур гээд бас нэг хүүхдийн зуслан муслантай, нэг сайхан аялал жуулчлалын бас нэг сайхан газар байсан тэрний ус нь одоо ширгээд жаахан болж байгаа л сураг байгаа. За тэгээд л энэ сайхан сайхан эрэг дүүрэн урсдаг голууд байхгүй болчихоод байна шүү дээ.

Цэцэгжаргал -

Энэ байгаль, цаг уурт гарч байгаа өөрчлөлтүүдэд юу гол нөлөө үзүүлээд байна?

Жагдаг -

Оо одоо энэнд бол янз бүрийн шалтгаан байж болно. Хүний одоо өөрийн оролцоо байна. Хүн одоо муу аргаар... одоо алт малт янз бүрийн юм ухаад л ингээд байгалийг чинь бас балладаг юм байна шүү дээ. Бид чинь өөрсдөө одоо алт малт, тийм газар шороо энэ тэр ухах биш. Тэгээд одоо ер нь энэ телевизор меловизор, одоо энэ мэдээ зэдээнийн юмаар сонсоод байхад голдуу л тийм юмаар одоо аа газар шороогоо баллаад л, ингээд л уул, ус бүх юм нь одоо ингээд болохоо байж байгаа юм байна гэж би дотороо бодож байна.

Цэцэгжаргал -

Хэнтийд уул уурхай эрхэлж, газар шороо ухаж байгаа газар олон байдаг юм уу?

Жагдаг -

Аа байлгүй яахав дээ, байлгүй яахав дээ энэ чухам одоо яг эрхийг нь авсан тийм албан газар аа уул уурхайн эзэмшигчид байдаг юм байгаа биз дээ. Гэхдээ л бас нилээн одоо газар шороог ухаж байгаа, барьж байгаа энэ тэр дуулдаг юм аа.

Цэцэгжаргал -

Газар ус уул усны нэр өөрчлөгдсөн үү?

Жагдаг -

Одоо мэдэхгүй ээ, үгүй шахуу байхаа даа.

Цэцэгжаргал -

Та өөрийхөө хүүхэд насны талаар дурсаж ярихгүй юу?

Жагдаг -

за би яахав, 1936 онд төрөөд тэгэд 10 нас хүртлээ эцэг, эхийхээ гар дээр мал дагаж хурга хариулж өссөн. Тэгээд 10 наснаас бага сургуульд ороод л, тэгээд жаахан номын мэдлэгтэй болоод тэгээд Хэнтий сумынхаа бага сургуулийг төгсөөд тэгээд Биндэр сумын 7 жилд очиж сурсандаа.

Цэцэгжаргал -

Таны бага нас бусад хүүхдийхээс юугаараа ялгаатай өнгөрсөн бэ?

Жагдаг -

Ээ ялгаатай өнгөрсөн юм бол бараг нээх байхгүй. Бас д өнөө хичээлээ тараад ирэхээрээ хурга тугал хариулдаг, хичээл сургуульдаа явахаараа одоо ном зомын мөр хөөгөөд тэгээд явдаг нэг тийм л, нэг л сурагч хүний амьдралаар л өнгөрсөн. Надад одоо онцгой тийм юм байсан шүү, тэгсэн шүү гэж бодох юм бол байхгүй.

Цэцэгжаргал -

Таны амьдралын турш хүүхдүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж, ямар хувьсал өөрчлөлт гарсан байна?

Жагдаг -

Аа тэр бол өөрчлөлт гаралгүй яахав. Орчноо дагаад хүүхэд чинь одоо мэдлэг боловсрол нь одоо өндөр болчиж байна. Тээх, чадвар, биеийн өсөлт бойжилт тэр бүхэн хүртэл одоо нөлөөтэй. Том одоо бадируун ч гэдэг юм уу тийм болж өсч байх шиг байгаа юм. Тэгээд одоо... нэг үгээр хэлбэл одоо энэ юу, ардчиллаас хойш бол одоо бас жаахан сахиллаггүй дураараа болоо юу даа гэж бодогдмоор. Бид чинь одоо дээр үед айдаг байлаа шүү дээ. Ахмад хүнээсээ айна. Ахмад хүнийг ороод ирэхээр гэрт орохгүй, дагаж орохгүй тийм л байсан. Өө одоо тэгвэл бол хамаагүй болсон , хойгуур урдуур нь гүйгээд л, аяга таваг нь дээгүүр хариах нь шахаад л. Ийм байгаа явдал нь хэнд ч байгаа юм бүү мэд. Эцэг эхэд нь байгаа юм уу, өөрөө ийм ухамсартай болж өсдөг юм уу. Бас нэг ийм явдал байгаа юм. Би боддог юм одоо энэ өсөж байгаа өнөөгийн хүүхдүүд яахав нэг тиймэрхүү болоод яахав өслөө. За тэгээд үүнээс хойшх нь одоо засагдаад, гайгүй ч хүүхэд болох юм болов уу гэж ингэж л боддог юм.

Цэцэгжаргал -

Эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харьцаа таныг бага байх үед ямар байсан бэ ?

Жагдаг -

Яахав ээ, бид бол...эцэг эхийн харилцаа бол...одоо яахав ер нь юу хүүхдээ хүмүүжүүлэх талаар ер нь нилээд одоо юм хийдэг юм шиг байгаа юм одоогийн эцэг эхчүүд. Аа тэгэхээр зэрэг тэрнийг нь дагаад биелүүлээд явж байгаа хүүхэд тийм олон байдаг юм уу, үгүй юу мэдэхгүй.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг байсан, яаж хүмүүжүүлдэг байсан юм?

Жагдаг -

Яахав зүгээр ер нь ихэнх нь тэгээд яахав өөрийн зөнгөөр байсан даа. Тээх ухаандаа малдаа явна, эзгүй гэрт нэг ... жижигхэн байхад бол нэг орны хөлнөөс аргамжчихаад л яваад өгнө. Тэгээд л өдрийн турш тэр орны наана л одоо уяатай байж байдаг. Ийм ч амьдрал байлаа, аа тэгээд сайхан сайхан амьдрал бол байлгүй яахав дээ.

Цэцэгжаргал -

Таныг жаахан байх үе болон 1970, 80-аад оны үеийн эцэг эхчүүд хүүхэдтэй харилцах харилцаа хоёрт ялгаа байсан уу?

Жагдаг -

Аа тэнд бол нээх их ялгаа гараагүй. Яахав тэр... ер нь энэ ардчилал бий болсноос хойш бол жаахан хүүхдийг хайрлах, эрхлүүлэх нэг тийм шинжрүүгээ орсон. Одоо тэр нь буруу зам уруугаа явж байгаа нь тэр юм уу, зөв зам уруугаа явж байгаа нь тэр юм уу. Тэрнийг бол нэг сайн ялгаж салгаж мэдэхгүй л байгаа. Ах нь ч гэсэн 2, 3 ачтай. Тэгээд тэр хэдийгээ бас болвол нэг аятайхан хүн болгочих юмсан гэж их оролддог. Яахав тэгээд өөрснийхөө зөнгөөр яахав болж л байна.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүдээ эрхлүүлдэггүй байсан юм уу?

Жагдаг -

Ээ нээх... ер нь эрхлүүлнэ л дээ. Гэхдээ бид чинь бол одоогийхтой адил хайрцаг хайрцгаар тоглоом гэж байхгүй шүү дээ. Нэг сайн л бол нэг гадаа нэг чулуугаар дугуй юм хийгээд л гэр гэж. Тэгээд л тэр дотороо л энэ нь аяга таваг нь ч гэдэг юм уу, энэ нь домбо сав ч гэдэг юм уу ингэж л тоглож байсан болохоос тэр ийм тоглоом бол бидэнд байгаагүй юм. Тэгэхээр л ялгаа бол их байсан даа хүүхдийн.

Цэцэгжаргал -

Та дотуур байртай сургуульд сурч байсан уу?

Жагдаг -

Байгаагүй, байранд суугаагүй. Би дандаа л гэрт байсан.

Цэцэгжаргал -

Тэр үеийн хөдөөний хүүхдүүд дотуур байртай сургуульд суухад хэцүү байсан болов уу?

Жагдаг -

Одоо бас хэцүү л байсан байх аа даа хөөрхий. Би ч одоо боддог л юм. Одоо хуурай идэх юм ховор, тэгээд л тасалдаад тасраад л. Жаахан өлсөж бариад ч байдаг юм уу нэг тийм ч байсан болов уу гэсэн шиг бодогддог юм дотороо. Тэрнээс миний хувьд бол тийм юм таараагүй болохоор сайн мэдэхгүй юм даа. Одоо мэдэхгүй. Тэр талаар бол нэг их айхтар содон тийм юм болчиж гэнэ байрнаас болоод гэж тэгж байсан юм байдгүй ш дээ. Аа харин байранд багтахгүй, багтана тийм талын юм бол бас их л байсан байх.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байдаг вэ?

Жагдаг -

За яахав тэр, би ер нь жолооч, машин барих бас их дур сонирхолтой байжээ. Тэгээд хүн гэдэг чинь ер нь ажилдаа сонирхолтой, тэрэндээ хайртай дуртай байвал бас бүтээл гаргаж болдог юм билээ. Би бол одоо автомашины жолооч болоод өглөө ажилдаа ирэх дээ инээд хүрч ирдэг тийм хүн байсан. Одоо ч гэсэн тэр л зарчмаар...гэхдээ одоо бол чадал маань муудаж, нүдний хараа муудаж. Тэгэхээр зэрэг тийм зүйл бол одоо хэрэггүй болж л дээ. Тэрнээс миний амьдралд бол одоо яахав гүн гүнзгий одоо өөрчилсөн одоо юм бол энэ жолоочийн маань ажил гэж л боддог юм. Жолооч ч одоо их сайхан ажил шүү дээ. Ярих юм байхгүй дээ, тийм байсаан. Яахав тэр адгийн наад зах нь л одоо бие организмд бол өнөө хатуу хүтүү янз бүрийн ажил хийдэг тийм байсан болохоор чинь бас ажилд нээх шантардаггүй, ядардгүй тийм байлаа. Одоо ухаандаа машин тэргэнд чинь...Дорнодоос цемент ачина гэхэд чинь л нярав нь “Одоо яахав гүрүүшик байхгүй дээ. Та өөрөө яах юм бол би хажууд нь байж байгаад паданыг нь бичээд явуулъя” гэхэд ганцаараа л 9 тонн, 10 хэдэн тонн цементийг чинь ачаад л явчихдаг. Тэгээд л орой нь тэндээс нэг гар нүүрээ угааж гараад л тэгээд наашаа шөнжин гүйлгэж байгаад л эндээ ороод ирдэг жишээтэй. Тийм одоо хатуу хүтүү юуг сурсаан. Тэр маань надад одоо их сургамж, одоо их сайхан одоо байсан л гэж боддог юм. Киногоо тавчихаад, дээрээ аччихаад машинаа бариад давхиж байвал сайхан юм байна л гэж бодсон анхны бодол бол. Тэгээд л жолооч болсон. Тэр хүсэл маань ч биелсэн. Сүүлд нь нээх олон жил киногоо тэр тэргээрээ бариагүй л дээ. Тэгээд сүүлд нь тээврийн баазад ороод л тэгээд л тээвэрчин болсондоо. Жолоочоо хийгээрээ гэж шаардсан юм бол байхгүй л дээ.

Цэцэгжаргал -

Жолооч байх л дуртай байсан юм байна даа.

Жагдаг -

Тийм

Цэцэгжаргал -

Таны амьдралд бусдаас онцгой ямар зүйл байна вэ?

Жагдаг -

За яахав, би баазад орсоор ... би ер нь товчхон хэдэн тоо хэлэхэд: Аймгийн 6 удаагын аварга, баазын 11 удаагын аварга болж тээвэрчидийгээ хошуучилж явлаа. Тэрнийхээ чанараар ч өнөөдөр “Монгол улсын гавъяат тээвэрчин” гэсэн эрхэм алдрыг хүртсэн. Одоо энэ, тийн үүгээрээ одоо бусдаас арай өөр байсан байх. Тэрнээс бол одоо нээх бусдаас ялгараад одоо... хүн бол хэлж байгаа юм л даа. Жагдаг хатуу хүтүү үүрэг авлаа үүнийг биелүүлэхэд хэцүү. Танай бааз одоо энэ хүнд сэлбэгийн фонд байгуулж өг, ухаандаа ховор сэлбэгүүдийг миний нэр дээр хадгалж байх юм гэнэ. Аа нэг замд яваад, дараагийн замд ирэхэд нь дараагийнх нь замын хуудсыг нь бичээд бэлэн болгосон байх гэсэн ийм 2 болзол тавьж байсан юм. Би бол хэлсэн “надад тийм асрамж халамж юм бол хэрэг байхгүй. Би зүгээр явдгаараа яваад л өвс ч тээнэ, мах ч тээнэ, ноос ч тээнэ бүгдийг нь тээж явж байгаад л энэ амалсан үүргээ биелүүлнэ” гэж байсан. Тэрүүгээрээ л явж байгаад, тийм юм байгууллаагүй л дээ тэгээд дууссан даа. Энэ чинь хатуу шүү дээ, би нэг жилд 3 жилийн ажил хийнэ гэж амлаж байгаа юм айхгүй юу. Яагаад хүн 1 жилд хөлс хүчээ гоожуулж хийж бүтээдэг бүтээлийг яагаад 3 жилийн юмыг нэг жилд нь одоо багтаах болж байгаа юм. Үүгээрээ 1-рт сонин байдаг л даа. Тэгэд тэр чинь одоо өнөө бааз, байгууллага маань яах вэ архиваа, мархиваа алга болгочихоод тэгэд тооцож чадах аа байсан юм. Тэрнээс би чинь одоо сүүлийн 15 жилд 37 жилийн ажил хийсэн. Ийм нэг дүнтэй хүн. Тэгэхээр 37 жил гэдэг чинь, би одоо хэдэн жилийн ажил ч хийсэн байх ёстой юм билээ. Тэр мэтийгээ тооцдог тэр. Тэр чинь бол яахав гэхдээр ухаандаа надад бага төлөвлөгөө өгөөд их ажил хийлгэсэн болгоно гэж байхгүй шүү дээ. Нөгөө л баазынхаа эдийн засгийн тооцоогоор өгсөн л төлөвлөгөө байна, тэрнийг нь л биелүүлнэ. Тэгэхээр чинь тэнд бол би жилд 27-хон хоног гэртээ хоносон энэ тэр тооцоо гарч байсан юм. Тийм, бусад нь бүгд өвөл, зунгүй замд. Тэгэхээр чинь амаргүй л байхгүй юу. Тэгж бодоход чинь одоо амаргүй ээ. Их ажил, их бодол орж байж энэ мэтийн юмыг бүтээдэг л байсан л даа. Хөөрхий тэгээд сайн нөхдийн дэмжлэг, сайхан баазын буян яахав өдий зэрэгтэй явж байгаа нь их юм даа.

Цэцэгжаргал -

Гавъяат тээвэрчин байхын давуу тал гэж юу байна?

Жагдаг -

Үгүй ээ, одоо бол яахав. Одоо тэтгэвэрээ авна. Дээр нь одоо гавъяатын одоо бас нэмэгдэл тийм юм авна. Тэр маань одоо миний амьдралд асар их тус нэмэр болж яваа эд байхгүй юу.

Цэцэгжаргал -

Таныг ингэж шургуу хөдөлмөрлөхөд юу нөлөөлсөн бэ?

Жагдаг -

Юу ч хүргээгүй, өөрийн жамаар л. Өөрийн одоо дотроо төлөвлөгөө, өөрөө дотроо хувийн төлөвлөгөөтэй явдаг байсан байхгүй юу би. За тэндээс гараад тэнд очиж хоол цайгаа иднэ, аа тэндээсээ гараад төдчнөөн цаг яваад тэр газар хүрнэ ч гэдэг юм уу. Энэ мэтийн хатуу захирамжтай, төлөвлөгөөтэй явснаас л болсон. Тэрнээс зүгээр л нэг сулдаа, энд нэг сайхан гол горхи байна энд нэг амаръя, ингээд машинаа утраачихаад хэвтээд өгч байгаа бол тэр чинь бас ажил бүтэхгүй ээ. Тэр бүр тэгж явж цаг алдаж, тэгж явах юм бол ерөөсөө ажил бүтдэггүй юм. Тэрийг чинь бүгдийг нь тэвчиж л, тэр бүгдийг чинь одоо ардаа орхиж...яахуу амрах үедээ амарна, идэх үедээ иднэ. Тээх өлсөхгүй, ядрахгүй гэхдээ л тэр цаанаа л одоо тавьсан зорилгоо л бодож явсаар байгаад.

Цэцэгжаргал -

Таныг тийм том зорилго тавихад юу нөлөөлсөн юм?

Жагдаг -

Ер нь яахав, энэ аа... ер нь одоо баазын улсууд одоо бас ийм ажил хийхийг шаардаж байсан байхгүй юу.

Цэцэгжаргал -

Шаардлага, улс орны шаардлага байжээ.

Жагдаг -

Тийм, чи одоо нэг ийм ажил бүтээх үү, тээх. Тэгээд л үзэж тарсан маань тэр байхгүй юу, тийм.

Цэцэгжаргал -

За их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.