Seddaa


Basic information
Interviewee ID: 990522
Name: Seddaa
Parent's name: Genden
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, teacher
Belief: Buddhist
Born in: Ongon sum, Sühbaatar aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
belief
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? Сэддаа гуай

Сэддаа -

Сайн. Сайхан зусаж байна уу?

Дэжид -

Кембриджийн Их сургуулийн Ази судлал антропологийн танхимас Монголын 20-р зууны аман түүхийн төслийн ярилцлага явагдаж байгаа юм. Энэ ярилцлаганд орж өөрийн түүх намтарыг ярьж өгөхөөр болсон таньд юуны өмнө байрлалаа.

Сэддаа -

Баярлалаа.

Дэжид -

Ярилцлага эхлэхийн өмнө таниас асууж тодруулах ганц хоёр асуулт байна. 1-рт та нэрээ нууцлах шаардлага байна уу?

Сэддаа -

Байхгүй ээ.

Дэжид -

Тодорхой хугацааны дараа 10, 20-н жилийн дараа ч юмуу түүх судлаачид, эрдэмтэд таны ярьсан намтар түүхээс судалгаандаа ашиглах, зарим нэг хэсгийг телевиз хэвлэл мэдээллийн ишлэл болгох зэргээр ашиглах зөвшөөрлийг та Кембриджийн их сургуульд олгож байна уу?

Сэддаа -

Олгож байна.

Дэжид -

За баярлалаа. Та аль нутгийн хүн бэ? Бага насаа яаж өнгөрөөсөн бэ? Эцэг эх, ах дүү тань ямар хүмүүс байв? Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Сэддаа -

За яръя. Би 1936 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Хүүхэд ахуй насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрөөсөн. Манай аав ээж хоёр жирийн нэг малчин хүмүүс байсан. Аав ээж хоёр маань үр хүүхдүүдээ сургуульд өгөх талаар татгалзаж байгаагүй, дэмждэг хүмүүс байсан учраас бид нар сургууль соёлын мөр хөөгөөд сайхан амьдарч байна. Үүндээ их баярлаж явдаг.

Дэжид -

Та аав ээжээс хэдүүлээ вэ?

Сэддаа -

Олон хүүхэд гарсан гэсэн. Бид нарын дээр олон хүүхэд эндсэн гэдэг. Одоо бол зургуулаа. Гурван хүү, гурван охин байдаг.

Дэжид -

Бага насныхаа дуртатгалаас дэлгэрэнгүй яриач. Ямар газар төрсөн бэ? Бага насны хүүхэд тухайн үед эцэг эхийн гар дээр юу хийдэг байсан бэ? Та хэдэн настайгаасаа эцэг эхдээ тусалж байв? Тэр талаараа ярихгүй юу?

Сэддаа -

Бага байхад бид нар хөл нүцгэн гүйж өссөн хүмүүс л дээ. Би 6,7-тойгоосоо ээждээ тусалж явсан. Дээр үед чинь сүүн завод гэж байсан. Ээж маань үүрийн жингээр босоод үнээгээ шор шор гээд саана. Эмэгтэй хүүхэд болохоор тус дэм болох санаатай босно. Тугал бярууг нь нааш, цааш нь болгох гээд чадах чинээгээрээ ээждээ тус дэм болно. Ээж маань сүүний тасагт сүүгээ тушаана. Сүүгээ тушаахаар нь ээжиийгээ дагаад очно.

Дэжид -

Сүүний тасаг гэж ямар газар байсан бэ?

Сэддаа -

Нэгдэл тэдэн үнээнээс тэдэн литр сүү гээд айл айлд ногдуулдаг юм.

Дэжид -

Сүүний төлөвлөгөө өгдөг байсан юмуу?

Сэддаа -

Сүүний төлөвлөгөө өгдөг байсан. Түүнийг нь биелүүлэхийн төлөө махран зүтгэдэг. Сүүгээ тушаачихаад тогоогоо нэрнэ. Тогоогоо нэрэхээр нь аргалыг нь нааш, цааш нь болгоод л ер нь хүүхэд ахуй цагтаа ээжтэйгээ л амь нэгтэй байсан даа.

Дэжид -

Тогоо нэрэх гэдэг чинь архи гаргаж байна гэсэн үг үү?

Сэддаа -

Архи гаргаж байна гэсэн үг.

Дэжид -

Ямар бүтээгдэхүүнээрээ архи хийх үү?

Сэддаа -

Сүүгээ тушаачихаад шингэн сүүгээ буцаагаад өөр дээрээ авна. Тэрүүгээрээ голлон тогоо нэрж, архиа гаргадаг.

Дэжид -

Яг яаж хийхүү?

Сэддаа -

Аарцаар хийнэ. Би цагаанд багаасаа их дуртай.

Дэжид -

Цагаа гэдэг юм нь нилээн исгэлэн байх уу?

Сэддаа -

Исгэлэн байна.

Дэжид -

Тэр үеийн юм ярьж байгаа учраас хүмүүс маань үүнийг сайн мэддэггүй юм. Тэгээд би таниас тодруулж байна.

Сэддаа -

Аргагүйшд. Хүчтэй, гяхуун байна.

Дэжид -

Өөрөөл хэлбэл ааруул шингэн байдлаар байна гэсэн үг үү?

Сэддаа -

Ааруул шингэн байдлаар байна гэсэн үг. Тэрийгээ шүүгээд ааруул болгоод хатаана. Тэгээд цагаан идээгээ боловсруулдаг байхгүй юу. Тэгээд ээж минь тогоогоо нэрчихээд архиа галдаа өргөнө. Ээж маань үйл үртэс, ажил төрөл юм юманд их сайн хүн байсан. Ээж маань архиа галандаа өргөхөд гал маань их сайхан үүдэн хойморио хүртэл дүрс хийдэг. Өнөөдрийн маань архи сайхан гарчээ гээд надыгаа жаахан гэхгүй хэлнээ. Ээж маань залуу насаа мал аж ахуйгаар л хөөцөлдөж өнгөрөөсөн дөө. Аав маань ч бас гэрийн ажилд их сайн. Хоёулаа их ажилсаг хүмүүс байсан. Сүүн завод дээр байхад нь орчин үеийнхээр бол бичиг үсгийн шалгалт ирлээ гээд шуугилаа шүү. Ээж минь бичиг үсгийн шалгалт гэхээр мэдэх юм юу байхав дээ. Нилээн хэдэн жилийн дараагийн юм ярьж байна шүү би. Би тэгэхэд сургуульд явсаар байгаад 3-р ангийн зуны амралтаар ирчихээд байсан чинь одоо яанаа бичиг үсгийн шалгалт ирнэ гэнэ цээж бичиг ч юм уу ямар нэг шалгалт авах нь ээ гээд ээж минь хэлсэн.

Дэжид -

Бага сургууль та хаана орсон?

Сэддаа -

Онгон сумандаа. 3-р анги төгссөн хүн чинь тухайн үедээ бас жаахан юм мэднэ биздээ. Тэр үед чинь ямар байшин гэж байх биш Монгол гэр л байна. Гэрийнх нь хаяагаар, тоононых нь нүхээр ээждээ хэдэн үг бичээд өгчихөж байгаа юм. Яасан бэ? Эээжээ дарга нар чинь ирээд гэхэд. Мэдэхгүй ээ. Чамаас авсан юмыг бичээд өгчихсөн. Тэгээд муу аваагүй байна лээ гээд тэрэндээ их баярладаг. Миний хүү сургууль соёлоор явсных гээд. Дээр үед бичиг үсэг мэддэг хүн ховор байсан. Манай аавын жинхэнэ нэрийг Лувсангэндэн гэдэг. Цэрэгт явсан хүүхдүүдээс аав ээжид нь мэр сэр захиа ирдэг юм байна. Тэгэхээр өвгөд, хөгшчүүл чинь манай руу шагшаад, манай хүүгээс захиа ирсэн байна. Лувсангэндэнгийн охиноор захиагаа дуудуулна гэнэ. Уншуулна гэсэн нэр томъё байгаагүй. Тэгээд тухайн үедээ бололвсролтой хүний тоонд орж байлаа сургуулиар явсных. Тэр хүмүүс чинь учиргүй баярлаад л Лувсангэндэнгийн охин гэхгүй л дээ хүүхэн гэдэг байсан. Тэр охин гэдэг чинь сүүлийн үеийн нэр. Би чинь хүүхэн. Гэр орон зуураа сургуулийнхаа ач холбогдлыг ойлгож байгаа дүр зураг харагддаг байсан. Тэгэхээр нь их баярладаг байсан.

Дэжид -

Онгон сум чинь бага сургуультай байсан уу? Дунд сургуультай байсан уу?

Сэддаа -

Бага сургуультай. 4-н жилийн сургуультай л байсан.

Дэжид -

Бага сургуульд байхад та гэрээрээ байсан уу? Дотуур байранд байсан уу?

Сэддаа -

Дотуур байранд байсан.

Дэжид -

Тэр үеийн дотуур байр ямар байсан бэ?

Сэддаа -

За одоо энэ тухай яръя. Дээр үеийн дотуур байр гэдэг чинь бас эсгий гэрт. Эсгий гэрт байна. Дотуур байранд байхад хоолондоо гээд төмөр дугаргана. Хоол болоход нэг гэртээ цуглардаг. Хоолондоо гэхлээр нь бүгдээрээ гарч гал тогоондоо очдог.

Дэжид -

Гал тогоо нь тусдаа байдаг уу?

Сэддаа -

Тусдаа байна. Би ер нь ядуу дорой гэх ч юмуу багаасаа их номхон дөлгөөн хүүхэд байсан. Бие багатайг ч хэлэхүү. Дээр үеийн сургуульд чинь нас насаараа орно гэж байхгүй. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүд нь хоёр гурван насаар ах, том биетэй байсан. Тэгээд нэг гэртээ байж байгаад хоолны төмөр дугарангуут хоолондоо орох гээд очдог байхгүй юу. Тэр үед чинь том хүүхдүд чинь зоддог дээрэлхүү зан байсан л даа. Тэрнээсээ айгаад ч юмуу нэг өдөр би цуглардаг гэрийнхээ хаалганы тэнд зогсч байлаа. Тэгсэн дотроос нэг хүүхэд гараад ирэхгүй юу. Тэгээд хаалга нь саваад хаалганы цөм нь миний дух луу цохьчихсон. Сорви нь миний духан дээр байдаг. Үүнийг би Онгоны бага сургуулиас надад үлдээсэн үлдээмж гэж боддог. Тэгээд хоолондоо орно. Янз янзын зантай хүүхдүүд байна. Өлзий гээд бид нараас ах хүүхэд байсан. Тэр хоолны хонх дугарав уу үгүй юу хоолондоо хамгийн түрүүнд очно. Аяганд хоолнуудыг нь хийгээд ширээн дээр тавьчихаар хүүхдүүд өөрсдөө очоод аваад идэцгээдэг. Тэгээд тэр өөхтэй хоолыг нь түрүүлээд авчихдаг байж. Сүүлдээ тэр өөхний Өлзий гэдэг нэртэй болж, бие биендээ хоч өгч ер нь хөгжилтэй байсан даа.

Дэжид -

Хоол ундны зардлыг эцэг эхээс авдаг байсан уу?

Сэддаа -

Ар гэрээс л авна. Манайхан адууг зөөвөн гэж ярьдаг. Би ганцаараа биш дүү охинтойгоо амьдардаг байсан. Манай дүү бол намайг бодоход биеэр том, нүүрэмгий, хаалганы хажууд зогсож байгаад над шиг хаалганд цохиулахаар хүн биш, бараг тэр хүүхдүүдтэй зодолдвол зодолдчихоор хүүхэд байсан. Нэг адуу ч юмуу, нэг үхэр авна. Дээр үед чинь их сайхан өглөө авлаа гэх юм байхгүй, ядуу хоосонгүй сайхан л байлаа.

Дэжид -

Дотуур байранд хүүхдийг чөлөөт цагаар нь юу хийлгэх вэ?

Сэддаа -

Чөлөөт цагаар нь бид нарыг зүгээр байлгахгүй. Эмэгтэй хүүхдүүдээр гар урлалын юм оёулна. Эрэгтэй хүүхдүүдээр модоор юм хийлгэнэ. Чөлөөт цагаараа шагайгаар тоглоно. Орчин орчиндоо зохицоод сайхан байсан.

Дэжид -

Та бага сургууль төгсөөд дараа нь хаана байсан бэ?

Сэддаа -

Хонгор сум гэж байсан. Одоогоор Эрдэнэцагаан сум. Би тэнд 7-р ангиа төгсөөд ирсэн. Их сайхан багш нар бид нарыг авсан. Дамдинсүрэн, Сэр-Од, Авирзэд, Долгор гээд их сайхан багш нар байлаа. Авирзэд багш хуучин монгол бичиг заадаг байсан. Авгай Долгор нь хэл уран зохиолын багш. Авирзэд багш монгол бичгийг самбар дээр их гоё бичнэ. Би өнөөдөр та нарын багш. Та нар маргааш миний багш гээд л энэ үгийг хичээл дээрээ үргэлж хэлдэг. Зарим нэг нь тавилангаараа багш болсондоо. Дээр үеийн багш нар ямарч уур уцааргүй дөлгөөхөн, яг л өөрийнхөө хүүхдүүд шиг бидэнд хандана. Тэр бүгд нь их сайхан дурсамжтай байдаг. Бага сургуульд 3-р ангид сурч байхад шинэ багш ирдэг юм.

Дэжид -

Тэр үед хүүхдүүдийг саналаар нь сургуульд оруулдаг байсан уу? Албадаж оруулдаг байсан уу?

Сэддаа -

Санал гээд байх юмгүй. Намар болохоор тэднийд ийм хүн бий, эднийд ийм хүн бий. Тэднийхээс тийм хүн орно гээд дахин дахин морьтой ирнэ. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд өгөх их дургүй. Манайд хүн байхгүй, малаа хэн харахын гээд дургүй. Манай аав ээж биднийг сургуульд явуулсанд би одоо болтол баярладаг. Манай бага сургуульд нэг эмэгтэй багш ирсэн. Содовын Зүсмаа гэдэг. Содовын хүүхэн манай суманд багшаар ирлээ гээд манай сумаар ярьж байна. Ярзайсан цагаан шүдтэй их сайхан багш ороод ирдэг юм. Ямар сайхан баггш вэ? гээд л багшийгаа хөдлөх тоолонд нь хараад л. Тэр сайхан багш маань биднийг гарыг минь ганзаганд хүргэж хөлийг минь дөрөөнд хүргэж Хонгорын 7-н жилийн сургуульд явахад минь сайхан гаргаж өгсөндөө.

Дэжид -

Тэр үед суманд шинэ боловсон хүчин ирэхэд сонин содон байсан уу?

Сэддаа -

Маш содон. Ялангуяа эмэгтэй багш хөдөө сумдад ирээд ажилллана гэдэг чинь өдрийн од шиг. Манай суманд нэг хүүхэн багш ирлээ гэж ярьдаг байсан. Тэр баг маань их үлгэр дууриалалттай дандаа л бидэнд зааж сургадаг байсан. Дунд сургуульд байхад форм гэж байгаагүй. Эмэгтэй хүүхдүүд нь ногоон даалимбан дээл, эрэгтэй хүүхдүүд нь хөх даалимбан дээл өмсөнө. Цүнх гэдэг юм байхгүй. Аав ээж нь л цүнх оёж өгнө. Авхаалжтай аав ээж нь тэрэн дээр нь таван хошуу оёчихно. Тэгээд гараар хийсэн даавуун цүнх барина. Хичээлийн хэрэглэл ховор. Аав маань анх сургуульд ороход дэвтэр балын харандаа олж өгсөн. Балын харандаа маань дуусаад чүдэнзний модны ар талаар хүртэл ганц нэг юм бичих гэж оролдож байсан. Ээжийнхээ оёж өгсөн дээл, монгол гутлыг өмсөж байсан.

Дэжид -

7-н жилйин сургуульд Хонгор суманд байхад дотуур байранд байх уу?

Сэддаа -

Дотуур байранд байна. 7-н жилийн сургуульд дотуур байранд байхад арай өөр байсан. Хичээлдээ сайн байсан нэгэнд нь сургууль хуваарилана. Тааруухан нэг нь аав ээж дээрээ мал дээр гардаг байсан. Би 1953 онд 7-р ангиа төгсөөд Багшийн сургуульд хуваарьлагдаад ирсэн. Аймагт машинд суугаад шөнө ирсэн. Чойбалсан аймаг гэж байсан. Надад тэнд таних хүн байхгүй. Манай аавын маань ахын хүүхдүүд байдаг л гэж мэднэ. Том охиных нь нөхөр гал командад ажилдаг Дашпунцаг гэж хүн бий гэсэн л мэдлэгтэй. Тэр үед одооных шиг утас гэж байгаагүй болохоор хэлхээ холбоогүй. Зам зуур хүмүүс таньдаг мэддэг айлдаа буучихсан. Гурван хүүхэд очих айлгүй байсан. Тэгсэн жолооч би таньдаг айлдаа очно, та гурав тэнд очоод хоночих маргааш бүтэн сайн юм чинь та нар маргааш ах дүүгээ олоод очно биздээ гэсэн. Сайн жолооч таараад, бид нар тэр айлд нь хоноод, маргааш нь цай унд уучихаад, өөрсдийн таньдаг айлаа олох эрэлдээ гарсан. Тэгээд би бодлоо. Эд нар ингээд учир зүйгээ олчихлоо. Би Лхамсүрэн эгчийн нөхөр Дашпунцаг гэж гал командад ажилдаг л гэж мэднэ. Тэгээд би захаар жаал явлаа.Тэгээд нэг хүнээс та гал командад ажилладаг Дашпунцаг гэж хүнийг таних уу гээд асуулаа. Танина аа гэлээ. Саяхан энд дугуйтайгаа явж байсан гэлээ. Би та тэр хүнийг надад олоод өгөөч би саяхан ирээд гээд өөрийгөө танилцууллаа. Тэр ах их сайн хүн байсан. Таньдаг байсан болохоор дорхноо надад олоод өглөө. Тэгээд нөгөө ах маань Дашпунцаг ахад энэ Лхамсүрэнгийн ахын хүүхэд байна. Энд багшийн сургуульд ирж байгаа юм байна гээд намайг танилцууллаа. Ах маань тэгээд намайг дагуулаад харьлаа. Тэгээд л танилцлаа. Ах маань их алиа хошин хүн л дээ. Шөнө орой унтах боллоо. Тэгсэн гэрийнхээ төв дунд л гуталнуудаа аваачаад тавьчлаа. Яагаад гуталнуудаа энд тавьчихваа гэж би бодлоо.Тэгсэн ухаандаа хаяагаар нь хүүхэд авчихдаг юм байна л даа. Ээж маань гараа гаргаад надад цагаан даавуугаар наагаад наамал ултай гутал хийж өгсөн юм.

Дэжид -

Тэр үед гутлаа өөрсдөө хийх үү?

Сэддаа -

Ээж маань өөрөө хийж өгсөн. Би тэгээд тэд нарыгаа дууриагаад шалныхаа төв лүү тавьлаа. Тэгээд тэр шөнөө гутлынхаа төлөө их санаа зовоод хаяагаар нь хүүхэд авчихвал гээд. Тэр шөнөө ээжийн минь оёж өгсөн гутлыг авчихвал гэж ч бодсон юмуу, мэдэхгүй газар аав ээжээ санасан ч юмуу тэр шөнө тэгээд нойр муутай хоночихлоо. Маргааш нэг дахьд сургуульдаа бүртгүүлээд оюутан боллоо доо. Дорнод аймагт ирсэн үүд хаалга бол ингэж нээгдсэн. Би тэгээд багшийнхаа ажилд дур сонирхолтой.

Дэжид -

Та төгсөөд энд суурьшсан уу?

Сэддаа -

Эндээ суурьшсан. 1956 онд багшийн сургууль төгссөн.

Дэжид -

Тэр үед багшийн сургууль төгсөхөд ямар хичээл орж байсан бэ? Үнэлэмж ямар байсан бэ?

Сэддаа -

Энд ирэхэд төрөл бүрийн багш нартай. Анх ирэхэд эндхийн багшийн сургуулийн барилга нь арай гүйцээгүй. 10-н жилийн сургуулийн 3-р ээлжинд бид нэг хэсэг хичээллэсэн. Сургууль маань барилгандаа ороод олон багш нар хичээл заагаад сайхан байсан. Ахындаа нэг жил болж байтал ахынх маань хот луу шилжихэд би нутгийн өвгөн эмгэн хоёрынд сүүлийн хоёр жил амьдарсан. Төгсөөд хаана очих уу? гэхэд би Сүхбаатар гээд хуваариа өгчлөө.Тангад гуай маань Базарсад энэ охинтой ойр холбоотой байна гэдгийг ойлгоно л доо. Манайхаар байнга ирдэг байсан. Тангад гуай хаана хуваариа өгсөн гэлээ. Сүхбаатарт өгсөн гэхэд Тангад гуай юу ярьж байна вэ? чамайг Сүхбаатар явуулахгүй гэлээ. Ээж аав маань аймаг орондоо ир гэж хүсэж байгаа ш дээ гэхэд чи мэддэг юмуу гээд Тангад гуай хэлдэг юм байна. Тэгээд би аймгийн захиргаагаар явна гээд боловсролын хэлтсээр явж байгаад намайг Дорнодод үлдээсэн.

Дэжид -

Байсан айлын чинь хүн үү?

Сэддаа -

Үгүй. Бригадыг дарга. Байсан айлын хөгшид сургууль соёлын талаар мэдэхгүй. Тэгээд Тангад дарга маань намайг явуулаагүй Дорнодод авч үлдсэн. Түүнээс хойш энд ажиллаж амьдраад л байна.

Дэжид -

Та хэдэн онд гэр бүл болсон бэ?

Сэддаа -

Учиргүй суучихъя баръя гээгүй. Тэгэхэд манай ах энд цэрэгт ирсэн байсан. Тэгээд өвгөн маань сууя гэхэд би мэдэхгүй гээд өөрөөсөө булзааруулаад ах мэднэ гэдэг байлаа. Тэгээд 6-н жил тэр хүнийг хүлээлгэсэндээ. 1963 онд өвгөнтэйгээ нийлсэн. Том охин маань 1962 онд төрсөн.

Дэжид -

Гэр бүлийн чинь хүн ямар мэргэжлийн хүн байсан бэ?

Сэддаа -

Надтай танилцаж байх үедээ токарьчин хийж байсан. Сүүлд нь жолооч болсон. Янз бүрийн машин барьсан даа. Тангад ахлагчтай “Социалист хөдөлмөрийн бригад” гээд тэр үедээ их мандаж байсан.

Дэжид -

Тэр үеийн “Социалист хөдөлмөрийн бригад” гэдэг чинь ямар онцлоготой байсан бэ?

Сэддаа -

Үнэхээр гоё байсан. Намар тариа, будаа хураах үеэр жолооч нар сангийн аж ахуйд явна.Тэгээд гэр бүлийн хүмүүс нь үлдэнэ.Намар болоод гэрээ, пийшэнгээ барина. Жолооч Дугар гээд манай бригадын хүний эхнэр Дариймаа гэж их сайн хүн байсан. Дариймаа бригадынхаа бүх айлуудын пийшэнг нь бариад өгнө.

Дэжид -

Эмэгтэй хүн үү?

Сэддаа -

Тийм. Дугар гэж жолоочийн гэргий Дариймаа гэж их сайн хүн байсан. Нөхрүүдээ хүлээгээд юу гэж даарч хөрөөд байхав. Гэрээ бас барина. Тэгж байтал нөхрүүд маань сангийн аж ахуйгаас ирнэ шүү дээ.

Дэжид -

Хэдэн сараар явах уу?

Сэддаа -

Сар гаран явна.Дөчөөд хоног явна. Хамт олны хөдөлмөр гэдэг шиг сайхан юм байхгүй. Би гэр бүлийнхээ нөхөрлөлийн дунд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гээд оёх юмыг нь оёод өгдөг байсан. Хамтын хөдөлмөрийн давуу талыг би багаасаа мэдэрсэн. Өвөл болохоор Ононгоос мод авчирна. Бригадынхаа модыг айл айлын гадаа нь буулгахгүй нэг газар буулгачихна. Орой нь хөрөөдөөд авна. Миний чиний, манай танай гэж байхгүй аль завтай нь бие биендээ тусладаг байсан манай бригад. Ийм сайхан хамт олон байсан.

Дэжид -

Бригадаараа сурч хөдөлмөрлөж байсан ид үе юм байна.Өөр олон нийтийн арга хэмжээ бригадын дунд явагдах уу?

Сэддаа -

Гэр бүлийнхэнд сонин унших, мэдээлэл өгөх бол миний үүрэг байлаа. Би тэр үед багшилж байсан болохоор нэг гэрт ороод энд тийм юм болж гээд мэдээлэл өгдөг байсан.

Дэжид -

Та төгсөөд энэ сургуульдаа багшилсан уу?

Сэддаа -

Би ердөө хөдөө гадаа явж байгаагүй. Төвийн сургууль дээрээ л багшилж байсан. Би 1968 онд Москвад Комсомолын их сургууль гэж байсан. Би тэр сургуулийг төгсч ирээд Орос хэлний багш болсон.

Дэжид -

Тэр үед тэгж гадагшаа явуулдаг байсан юм уу?

Сэддаа -

Үгүй. Тэр их сонин тохиолдол. Тэгэхэд аймгийн эвлэлийн хороонд Очир гэж хүн байсан. Би тэр үед сайн багш гээд сонинд гарч байсан. Тэрийг олж уншаад их сайн багш юм байна гээд нэг өдөр намайг Комсомолын их сургуульд явах уу? гэсэн. Би явнаа явна гэж хэлсэн. Тэгээд богино хугацаанд хөөцөлдөөд явсан.

Дэжид -

Хэдэн жил явсан бэ?

Сэддаа -

Нэг жил байсан. Тэрнээс хойш Орос хэлний багшийг хийж байгаад 1991 онд улсын тэргүүний 5-р сургуулиас тэтгэвэрт гарсан.

Дэжид -

Тэр үед Орос хэлтэй хүн ховор байсан уу?

Сэддаа -

1960-н хэдэн оны үед бага ангид орос хэл заадаг байсан.

Дэжид -

Таныг ажиллаж амьдарч байх үед бахархалтай юм юу байв? Хүнд хэцүү юм юу байв?

Сэддаа -

Ажил хийж хамт олны дунд явах шиг сайхан юм байхгүй. Зүсмаа багш маань 10-н жилийн 1-р сургуульд хичээлийн эрхлэгч хийж, их хуралд нэр дэвшиж их мандаж байсан. Зүсмаа багш маань хэдэн залуу багш нараа дуудаад яриа хийлээ. Хэдүүлээ “Сэхээтний социалист хөдөлгөөн”-ий гишүүн болцгооё би санал оруулж байна гэсэн. Бид нар тэгье тэгье гээд “Сэхээтний социалист хөдөлгөөн”-ий гишүүн болцгоочихлоо. Юу хийхүү? гэдгээ ярина л даа. Цагаан даавуугаар улавч хийлээ. Бас сургуулийнхаа, аймгийнхаа номын санг сайжруулах юм зохионо. ”Сурган хүмүүжүүлэх ухаан” гээд ном гардаг байсан. Тэрэнд гардаг асуултанд хариулаад хариу явуулдаг байлаа. Одоо “Дорнод” сонин гэж байдаг. Тэр үед “Дөл”сонин гэж байлаа. Түүнд би их юм бичдэг байлаа. ”Дөл” сонин дээр юм бичээд “идэвхтэн сурвалжлагч” болж байлаа. Бас хэдэн төгрөг дагалдана. Ажилтай байсан болохоор шагнал энэ тэр өгдөг гэдгийг нь мэдэхгүй явж. Тэгсэн манай дүү таны шагналын мөнгийг би авчихлаа гэлээ. Би юун шагнал гэхэд Та сонин дээр зөндөө юм бичээд авсан гэхэд за тэгвэл чи тэрийг очоод авчихаж бай гэж байсан. ”Идэвхтэн сурвалжагч”-ийн шагналыг “Дөл” сонины газраас надад жил болгон өгдөг байсан. Би төвийн 8-н жилийн 2-р дунд сургуульд олон жил ажилласан. Дармабазар гээд аймгийн “Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг”-ийн дарга хүн байсан одоо ч байгаа. Намайг сургуулийн “Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг”-ийн даргаар сонгож байсан. ”Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг”-ийн шугамаар аймаг орон нутагт зохиогдож байсан ажилд оролцож байсан. Дээр үеийн хүүхдүүд их идэвхтэй байсан. Багш нар хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байсан.

Дэжид -

Тэр үед багшийн цалин, цаг зав хэр байсан бэ?

Сэддаа -

Цалин бага. Хүн чинь ажил аваад жигдрээд ирэхлээр тэр хийж байгаа юмаа л хийе гэж боддог, өөр юм бодохгүй. Ялангуяа социалист нөхөрлөлийн гишүүн болсон чинь зав их муутай. Нэг юм сэдвэл Зүсмаа багш дээр очиж ийм юм хийхүү гэдэг байлаа. Тэгээд бид нар “Социалист нөхөрлөлийн бригад”-ынхаа медалыг 1960 онд авсан.

Дэжид -

Тэрийг хаанаас шалгаруулж өгөх үү?

Сэддаа -

Аймгийн боловсролын хэлтэс тэрийг нь тодорхойлоод дээшээ явуулдаг юм байна лээ. Болзлоо хангасан гээд цол тэмдгээ авч байсан.

Дэжид -

Таныг ажиллаж байх үед боловсролын салбарт төрөөс ямар арга хэмжээ явуулж байсан бэ?

Сэддаа -

Боловсролын талаар их арга хэмжээ авдаг байсан. Ялангуяа дээр үед хүүхдүүдээр ном их уншуулдаг байлаа. ”Тэргүүний уншигч”, ”Нацагдоржтон” гэж шалгаруулна. Пионерийн зөвлөлөөс олон сайхан ажлыг зохион байгуулдаг байсан. Багш хүн өөрийгөө, шавь нараа хөгжүүлж чадаж байвал олон ажил зохиогддог байсан.

Дэжид -

Сургуулиас бусад газар ямар боловсроол эзэмшүүлдэг байсан?

Сэддаа -

Сургуулиас өөр газар боловсрол олгож байсан гэж мэдэх юм алга. Долоо хоногийн Бямба гариг ганц өдөр улс төрийн сонсголтой. Тэрэнд хоцрохгүй гээд байн байн цагаа хардаг байсан. Эвлэлийн дугуйлан, үйлдвэрчний дугуйлан, намын дугуйлан, төрөл бүрийн шалгалт гээд их чанга байсан шүү. Маш их шалгалт шүүлгэнд ордог байсан. Аймгийн даргын нэрэмжит шалгалт, сургуулийн захирлын нэрэмжит шалгалт гэдэг ч юмуу аймаг, хүрээлэн, яамнаас багш нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх тал дээр олон ажил зохиогдож байсан. Тав таван жилээр бид нар хотод очиж мэргэжил дээшлүүлэх шалгалт өгдөг байсан.

Дэжид -

Шалгалтаа сайн өгвөл зэрэг дэв ахих уу?

Сэддаа -

Тэр хэмжээгээрээ цалин хөлс авна. Муу авах юм бол цалин хөлс авахгүй. Багынхааа явдал руу дахиад оръё. Миний ээжийн төрсөн дүүгийн охин Мөнгөнцэцэг гэж байдаг. Бид хоёр нэг оных. Тэр үед бид нар аргал их түүнэ. Мөнгөнцэцэг хотод их сургуульд ороод, химийн багш болоод тэндээ олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дөрвөн хүүхэдтэй. Одхүү, Содхүү гээд 2 хүү, Одонгуа, Гэрэлгуа гээд 2 охинтой. Нөхөр нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд олон жил ажилласан мэдлэг, боловсрол сайтай их сайхан хүн байдаг. Мөнгөнцэцэг маань үе үе миний хотод байгаа дүү, хүүхэд нарыг гэртээ аваачдаг юм. Тэгээд тэд нарт хуучилж л дээ. Танай эмээ чинь аргал түүгээд явахлаар чи миний аргалыг авчихлаа гэдэг байсан. Манай охины маань хүү Золоо энэ эмээ чинь тэгээд манай эмээг муу хүн гээд байгаа юмуу, сайн хүн гээд байгаа юмуу гэж байсан. Сайн муу гээд байх нь юу байхав дээ. Хүүхэд ахуйнхаа дурдатгалийг л ярьж байхгүй юу.

Дэжид -

Тэр үед сурагч нарт зуны даалгавар гэж өгдөг байсан гэсэн.Тэр ямар юм байх уу?

Сэддаа -

Даалгавар өгнө. Зуны амралтын хугацаанд нь өөрийг нь хөгжүүлэх даалгавар л өгнө дөө. Ном уншаад тэмдэглэл хөтөлж ир, тоо бодож ир, хуулан бичлэг хийж ир гээд сүүлд оюутны үед тэдэн кг өвс тушаа тэгж байж онгоцны билетийг нь өгдөг байсан. Мал аж ахуйтай холбоотой юм бас өгнө. Дээр үед хөдөлмөр зуслан гэж байсан. Хөдөлмөр зуслан дээр очоод ногоо тариа хураах уу, мал аж ахуй дээр гарах уу, худаг усан дээр ажиллах уу гээд биеийнхээ нь онцлогоос шалтгаалаад хөдөлмөр зуслан дээр очиж их ажил хийдэг байлаа. Одоо бол байхгүй. Хүүхдийн зуслан дээр явахад чинь жинхэнэ хүүхдийн коллектив харагдана.

Дэжид -

Багштайгаа явах уу?

Сэддаа -

Ангийн багш нь аваад явна.

Дэжид -

Хэдий хугацаагаар явах уу?

Сэддаа -

Цаад газар хэдий хугацаагаар авна гэж сургуультай ярих уу тэрүүгээр л явна. Зуны цагт хүүхдээ аваад хөдөө явах шиг сайхан ажил байхгүй. Тэрэн дээр хүүхдийн хүмүүжил их тодордог. Хувиа хичээсэн байна уу? Ажилсаг байна уу? гэдэг нь харагдана. Би хөдөлмөр зусланд явахад их дуртай байсан.

Дэжид -

Таны сургууль, боловсрол, оюутан ахуй нас амьдарлын тухай дэлгэрэнгүй ярьлаа.Таниас зайлшгүй асуух асуултууд байгаа. Тэр үеийн цаг агаар ямар байсан бэ? Байгаль дэлхийгээ яаж хамгаалдаг байв? Тэр үеийн цаг агаарын байдал одоогийн өөрчлөлтийн талаар, хүүхэд нас, оюутан нас, ажиллаж байсан үетэйгээ холбоод ярьж өгөхгүй юу?

Сэддаа -

Бага байхад хонь хариулна. Нар маш хурцаар шарна. Дөрвөлжин юм тавьчихаад үдийн нар голлохыг харна. Үдийн халуунаас залхахдаа тэрийгээ л харна. Нарны баримжаагаар үдийн хонь саах болж байгаа гэдгийг мэднэ. Их хурц нар шардаг байсан. Сүүлийн үед экологийн байдал нэг л хэлбэлзэлтэй болчихсон юм уу гэж би боддог. Зуны сар гарчихаад байхад шамарга тавиад л. Дээр үед чинь зун нь бол халуун, өвөл нь хүйтэн, хавар намар нь болдгоороо л болдог байсан. Айхтар айхтар зуд турхан болж, үер бууж ч байх шиг. Бид нарын багаас өөрчлөгдсөн гэж бодож байгаа.

Дэжид -

Тэр үед малчин хүмүүс цаг агаарынхаа байдлыг яаж зохицуулж байсан бол?

Сэддаа -

Нар сайхан жаргалаа маргааш сайхан өдөр болох юм байна, нар эвгүй жаргавал маргааш тэнгэр мухай болох нь байна гэж аав ээж маань ярьдаг байсан. Цаг агаарынхаа байдлыг өөрсдийнхөөрөө л мэдээд болдог байсан. Телевиз, сонингоос харж байхад байгаль хэлбэлзэлтэй болж гэж боддог.

Дэжид -

Таныг бага байхад байсан дов толгод, цэцэг ургамлын нэр одоо өөр болсон уу?

Сэддаа -

Нэр усыг нь өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй. Манай суманд Сүжийн нуур гэж сайхан нуур байсан. Манай монголчууд байгаль дэлхийдээ их сүсэг бишрэлтэй байсан. Одоо Хэрлэн гол дээрээ очиход энд тэндгүй хог байдаг. Үнэхээр санаа зовоод чадах чинээгээрээ түүгээд хогийн цэг дээр нь аваачиж хаядаг. Энэ хүүхдүүдэд байгалиа гэсэн сэтгэл байхгүй болчихсон юм биш үү? Дээр үеийн хүүхдүүд хүмүүжилтэй байсан.

Дэжид -

Тэр үед эцэг эхчүүд байгаль орчиноо хамгаалах тал дээр хүүхдүүддээ юу гэж захиж сургадаг байсан бэ?

Сэддаа -

Миний хүүхдүүд байгальдаа хайртай бай. Энэ чинь л үр өгөөжөө өгдөг юм шүү. Байгаль дэлхийгээ шүтэж явбал та нар сайхан амьдарна шүү гэж захиж байсан. Манай аав ээж ч их ёс жаягтай. Хараал хэлүүлэхгүй. Хараал хэлвэл тэдний хүүхэд их муухай байна гэж жигшдэг. Аав ээж нар тэгвэл тийм болно, ингэвэл ийм болно гэнэ гээд юмхнаар л үр хүүхдүүддээ ойлгуулах гэнэ. Амьдарлын их сургуулийг төгссөн хүмүүс чинь бидэндээ түүнийгээ шингээх гээд л байна. Зарим нэг нь морь унахдаа морио ташуураараа толгой тархи луу нь цохихыг их жигшинэ.

Дэжид -

Сүхбаатар аймаг Дорнод аймаг хоёр хил залгаа байсан. Томилолтоор ирээд энд суурьшсан хүн байна. Ажил амьдарлынхаа талаар их ярьлаа. Таныг ажиллаж байхад сүсэг бишрэл ямар байсан бэ? Ямар зан үйлүүд мөрдөгдөж байсан бэ? Ялангуяа гэрлэх ёслол, хөдөөлүүлэхэд ямар заншил байсан бэ? энэ талаар та өөрийн мэдэж, дуулж байсан зүйлийг ярьж өгнө үү?

Сэддаа -

Монголчууд эртнээсээ бол сүсэг бишрэл ихтэй байсан. Аль болохоор сайн сайхан бүхнийг бидэнд түгээсэн. Бурхан болсон хүнээ оршуулахдаа морин тэрэг юмуу үхэр тэргэнд авч явна. Нөгөө авч явсан тэрэгнийхээ өрөөсөн дугуйг гэрээсээ арай зайтай газар аваачаад тавина. Гурав хоносны дараа тэргээ эргүүлж хэвэнд нь оруулаад авчирна. Өөрсдийнхөө санаанд багтсан зүйлүүдийг мөрдлөгө болгодог байсан.

Дэжид -

Хөдөөлүүлэхэд нь ямар хүмүүс явах уу?

Сэддаа -

Хүүхдүүд явдаггүй байсан. Гэр бүлийнх нь хэдэн том хүмүүс яваад ирдэг байсан.

Дэжид -

Айлын бууцан дээр тэр тэргээрээ явахгүй юу?

Сэддаа -

Тийм.

Дэжид -

Таныг бага байхад болон социализмын үед шашин нээлттэй байсануу? хаалттай байсан уу?

Сэддаа -

Намайг бага байхад шашин байсан. Манай аав лам хүн байсан. Бид нарыг бага байхад судартай номоо бариад гэрээ эргүүлнэ. Би судраа бариад гэрээ эргүүлдэг байсан. Дөрвөн зүг найман зовхис гэж ярьдаг ш дээ. Аав маань надад 4-н зүгтээ хүргэ гээд хэдэн маань зааж өгдөг байсан.

Дэжид -

Мэгзэм, маань цээжлүүлж байсан уу?

Сэддаа -

Маанийн үсэг цээжлүүлж байсан.Тэрний маань буруу гэж байхгүй. Миний энэ зэрэгтэй явж байгаа маань хуучныхаа ёс журмыг дагаж явсны минь тус гэж боддог.

Дэжид -

Адис тавиад гэрээ тойрох нь хэдий үед хийгдэх үү?

Сэддаа -

Нар шингэхийн үед аав минь гэрээ эргээрэй гэнэ. Эргээрэй гэж ярьдаг юм.Тухайн үед хэдэн маанийн үсгээ цээжилчихсэн, судраа бариад гэрээ эргэдэг байсан.

Дэжид -

Адис тавина гэдэг нь гэр дээрээ тавихийг хэлэх үү?

Сэддаа -

Тийм.

Дэжид -

Бас л нэг зан үйл явагдаж байж.

Сэддаа -

Ёс суртахууны л үйл юмдаа.

Дэжид -

Таниас зайлшгүй асуух хэдэн асуулт байна.Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байгаа юу?Байгаа бол тэрийг юу гэж үзэж байна?

Сэддаа -

Гүн гүнзгий юм гэж юу байхав дээ. Ээж хүн чинь үр хүүхдийнхээ төлөө байдаг болохоор хамгийн дурсгалтай мөч бол би 1962 онд охиноо төрүүлээд учиргүй баярлаж байсан. Хүн хүний баярлах өөр байдаг болохоор би танихгүй хүн ээжээ гэж дуудахад учиргүй их баярлана даа. Охиноо төрүүлээд учиргүй их баярлаж байсан. Тэр үед байсан “Нэг нь нийтийнхээ төлөө Нийт нь нэгийнхээ төлөө” “Эвтэй байхдаа хүчтэй” гээд сайхан сайхан үгнүүд миний санаанд байнга байж байдаг. Хамтын хөдөлмөрийн сайхныг би багаасааа мэднэ.

Дэжид -

1962 онд охиноо төрүүлсэн юм байна. Түрүүн нэг үнэмлэх байсан тэр таныг хүүхдээ гаргалаа гээд өгч байсан үнэмлэх үү?

Сэддаа -

Миний охин 1962 оны 4-н сарын 2-нд төрсөн. Нэг насных нь ойд манай бригадынхан өгсөн. Манай бригад 2 Шагдартай байсан. Өндөр Шагдар нь бичиг үсгийн өндөр мэдлэгтэй байсан. Тэрүүгээр энэ баярын бичгийн үгийг бичүүлсэн байдаг. Үг нь их утга учиртай, тэр үеийн үг хэллэг орсон нь хэнд ч ойлгогдохоор. ”Анхныхаа хүүхдийг гаргасанд баяр хүргье” гэсэн бичигтэй сайхан баярын бичиг.

Дэжид -

Таны үр бүтээлтэй ажиллаж байхад чинь олгогдсон сайшаал, шагнал, одон медаль, баярын бичиг гээд их олон зүйл байна. Зарим нэг зүйлээс нь тодруулж асууж, зургийг нь авч болох уу?

Сэддаа -

Бололгүй яахав.

Дэжид -

Өөр таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан ямар үйл явдал байна вэ?

Сэддаа -

Би амьдралдаа хүү охин хоёр төрүүлсэн. Хүү маань 1967 онд төрсөн. Миний хүү маань 3-н хүүтэй. Бэр маань дархан бэр. Бэрдээ, хүргэндээ их хайртай.

Дэжид -

Энэ бол таны амьдралд өөрчлөлт оруулсан сайхан зүйл юм байна.

Сэддаа -

Дөрвүүлээ дээд боловсрол эзэмшсэн. Хүү бэр 2 маань улсын оношлогоо эмчилгээний төвд их эмч. Охин маань “Дорнод” сонины эрхлэгч. Хүргэн маань аймгийн газрын албаны дарга. Үр хүүхдүд маань их сайн явж байгаа. Охин маань “2009 оны нийгмийн шилдэг зүтгэлтэн эмэгтэй”-гээр шалгарсан. Энэ бол надад их баяр. Охин маань ер нь их баярлуулна.

Дэжид -

Тэр үеийн таны сурган хүмүүжүүлэх арга барил, эцэг эхээс уламжилж авсан тэр сайхан чанар дараа үедээ өвлөгдөж байгаа сайхан асуудал юм байна.

Сэддаа -

Миний шавь нараас багш нар их олон байдаг. Инженер, сэтгүүлч, хүн малын эмч гээд олон мэргэжил эзэмшээд сайхан явж байгаад нь би өөрийн хүүхдээс дутуугүй баярладаг.

Дэжид -

Таныг бага байхад урлаг соёлын ямар арга хэмжээ явагддаг байсан бэ? Таныг багш болсны дараа ямар урлаг соёлын үйл ажиллагаа явагдаж байв? Шинэ содон юм юу байв?

Сэддаа -

Урлаг соёлын талаар мундахгүй байсан. Тэргүүний анги, соёлч анги гэж байнга шалгаруулдаг байсан. Намар урлагийн үзлэг гэж тогтмол явагдана. Би хүүхдүүдээ оруулж байсан. Манай анги муугүй байсан. Зарим нь хөөрхөн жүжиг тоглоод аймгийн сонин дээр гараад мандаж л явсан. 4 дахь өдөр болгон хүүхдүүддээ кино үзүүлдэг байсан. Урлагийн үзлэг, яргуй наадам гээд урлагын ажилд нийтээрээ сайхан хамрагдаг байсан.

Дэжид -

Хүүхдүүдийг нийтийн үзвэр үйлчилгээнд байнга хамруулж байсан байна.

Сэддаа -

Тийм.

Дэжид -

Та бага байхдаа анх юу үзэж байв?

Сэддаа -

Биднийг бага сургуульд байхад кино үзүүлэх юм ховор байсан. Энэ аймгийн хөгжимт драмын театр их манддаг байсан. ”Костюмтай хүн” гэж жүжиг их тоглодог байсан. Пагма гээд хүн тэрэнд их сайхан тоглодог байсан. Тэрийг их үзнэ.

Дэжид -

Тэр юуны тухай жүжиг байсан бэ?

Сэддаа -

Ёс суртахууны сэдэвтэй жүжиг. Дээр үед костюмтай хүн ховор байсан. Тэрнийг нь тод харуулна даа. Энэ аймагт хөдөөнөөс анх ирэхэд костюмтай хүмүүс яваад байна. Би өөрөө ч ахмад хүмүүсийг дээдэлдэг ёс суртахуунтай. Тэгээд костюмтай хүнийг багш юмуу дарга хүн гэж бодоод нэг зүг явж байвал зай барьж явдаг хүн байсан.

Дэжид -

Хөдөөнөөс аймгийн төвд ирэхэд их шинэ содон байсан уу?

Сэддаа -

Шинэ содон байлгүй яахав.

Дэжид -

Таньд эцэг эхээс дурсгалтай зүйл гэж байдаг уу?

Сэддаа -

Тийм зүйл байхгүй. Манайх эцэг эхээс олуулаа байсан болохоор аав ээжийн маань өвлүүлээд өгсөн юм байхгүй. Ээж аавыгаа бид нарыг сургуульд явуулаад өдий зэрэгтэй байлгаж байгаад баярлаж явдаг.

Дэжид -

Таны амьдралд бусдаа онцгой гэх зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр юу вэ?

Сэддаа -

Ер бусын онцгой зүйл гээд байх юу байхав дээ. Би чинь 25 хүрээд охиноо гаргасан. Гэр бүлийн амьдарлыг нилээд хожуу зохиосон. Хүүхдүүдээ сайн сайхан явж байгаад нь баярладаг болохоос биш онцгойроод байх юм байхгүй.

Дэжид -

Таныг ажиллаж, сурч байх үед гадаад харилцаа ямар байсан бэ? Хүн болгон гадагшаа явдаг байсан уу?

Сэддаа -

Хүн болгон гадагшаа явна гэдэг чинь ховор тохиолдол. Оросууд л гэж ярихаас тэр Англи, Америк гэж ярихгүй. Зөвхөн л Монгол Зөвлөлт гэнэ. Ялангуяа сургуульд Орос хэлийг сурахгүй бол гээд Орос хэлний уралдаан тэмцээн их явагдаж байсан.

Дэжид -

”Монгол Зөвлөлтийн нийгэмлэг”-ийн үнэмлэх таньд байна. ”Монгол Зөвлөлтийн нийгэмлэг”-ийн дарга байсан юм байна. Та нэг жил Комсомолын их сургуульд явж байсан гэсэн. Улаанбаатар хотоор дамжиж явах уу?

Сэддаа -

Улаанбаатараар дамжиж явна.

Дэжид -

Тэгэхэд хот, гадаад таньд ямар санагдаж байв? Тэр үеийнхээ дуртатгалаас та ярьж өгөөч.

Сэддаа -

Улаанбаатарт аймаг бүрээс нэг хүн очсон. 1961 онд манай Монгол группийнхэн нийлээд 20-иод хүн байсан. Хориод хүнтэй нэг групп болоод очиход их сайхан байсан даа.

Дэжид -

Улаанбаатарт очиход ямар газар хүлээн авах уу? Замынхаа зардлыг яаж төлж байсан бэ?

Сэддаа -

Бүгд улсын зардлаар. Тэр хангамж маш сайн сургууль. Тэр үед Оросын мөнгөн дэвсгэрт нь их том байсан. Хангамж сайтай, өндөр цалинтай сурсан.

Дэжид -

Эндээс явахад эвлэлийн төв хороо хүлээн авах уу?

Сэддаа -

Эвлэлийн төв хорооны залуучуудын шугамаар. Бид нарыг явахад эвлэлийн төв хорооны дарга Пүрэвжав гэж сайхан хүн байсан. Хотод очоод эрүүл мэндийн үзлэгт орно, бидний хаягыг шалгана. Би өөрөө өөртөө л юмаа ярьдаг нуугдмал хүн байхгүй юу. Явах боллоо. Тэгэхэд өвгөн маань жолооч байсан. Москва явах гэж байгаагаа өвгөнөөсөө нуучихлаа. Маргааш нөгөөдөргүй тэгээд онгоцоор явсан. Маргааш нөгөөдөргүй явах гэж байхдаа л өвгөндөө хэллээ. Тэгсэн “Аан тиймүү сайхан л юм байна ш дээ” гэж байна. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа хүнд хэн үгүй гэж хэлэхэв дээ. Өвгөн маань их сайн хүн тэгээд зөвшөөрөөд яваад очсон. Гадаад оронд явж байгаа юм чинь юу гэж тийм амархан явуулах вэ дээ. Судалгаа их явуулсан.

Дэжид -

Вагоноор явах уу?

Сэддаа -

Тийм

Дэжид -

Та анх удаа вагонд сууж байгаа нь тэр үү?

Сэддаа -

Анх удаа.

Дэжид -

Тэгээд ямар санагдаж байв?

Сэддаа -

Их гоё.

Дэжид -

Хэд хоног явж хүрч байв?

Сэддаа -

Хурднаар нь яваад очсон. Хэд гэдгээ сайн мэдэхгүй байна. Вагонд явахад үйлчилгээ их сайтай, сайхан л байсан.

Дэжид -

Тэргүүний сайн ажилтан байсан учраас та тэнд шалгарч явж байж.

Сэддаа -

Тиймээ янз бүрийн судалгаа авч байж л явуулсан.

Дэжид -

Цалинг чинь эндээс олгож байсануу? Сургууль нь олгож байсан уу?

Сэддаа -

Сургуульд нь.

Дэжид -

Хэдий хэмжээний мөнгө та авч байсан бэ?

Сэддаа -

2000 рубли. Тэр чинь маш их мөнгө шүү дээ. Сургууль маань хангамж сайтай байсан болохоор гэр орондоо юм явуулна.

Дэжид -

Тэнд байж байх хугацаандаа юу?

Сэддаа -

Хугацаандаа.

Дэжид -

Яаж явуулдаг байсан?

Сэддаа -

Илгээмжээр. Эндээс захиа очно. Хаа газар бичиг үсгийн алдаа гарах юм чинь. Хавар нь би төгсөх гээд гэрлүүгээ жолооч гээд цахилгаан явуулсан чинь орлогч гээд ирдэг байхгүй юу. Тэр чинь Базарсадад Сэддаагаас ирсэн гэдэг нь тодорхой ш дээ. Манай дүү эгчээс ирсэн юмнууд энэ гээд үзүүлж байдаг юм. Хангамж сайтай байсан болохоор хөөрхөн хөөрхөн юм явуулнаа. Хангамж муутай байсан бол ууж идэхээ л болгоно доо.

Дэжид -

Хол газраас тийм сайхан юмнууд авна гэдэг чинь тэр үедээ их л сайхан байсан байх.

Сэддаа -

Тэр үед манай аймгийн үйлдвэрчний эвлэлийн дарга Лам-Амар гэж хүн байсан. Нэг өдөр манай курсынхан аймгуудын үйлдвэрчний эвлэлийн дарга нар иржээ гэсэн. Тэгэхээр нь би Лам-Амар гуайтай холбогдлоо. Би таниар жаахан юм гэртээ явуулмаар байна гэсэн.Тэгээ тэг гээд байгаа газрынхаа хаягыг өгсөн. Тэр үед байсан дөрвөлжин цүнхэнд юм хийгээд аваад очлоо. Лам-Амар гуай тэгээд аваад явсан. Сүүлд олон жилийн дараа Лам-Амар гуайд таниар Москвагаас юм явуулахад таны үлдээсэн гарын үсэг энэ байна гээд би зориуд үзүүлж байсан. Тэгсэн чи ямар сүрхий үүнийг ийм олон жил хадгалж явна вэ? гэсэн.

Дэжид -

Таны юмыг авахдаа гарын үсэг зурж байж.Бас айхтар.

Сэддаа -

Дээр үеийн хүмүүс чинь тийм айхтар. Одоо Лам-Амар гуай орон нутагтаа байгаа.

Дэжид -

Нэг жилийн сургалтанд явахад хувцас гэж төв хорооноос өгөх үү?

Сэддаа -

Өгөхгүй ээ. Очоод цалингаа аваад л болгоно доо.

Дэжид -

Тэр үе гадаад явж гоё юм худалдаж авдаг хүн цөөхөн байсан. Тэгээд буцаад нутагтаа ирэхэд сайхан байсан уу?

Сэддаа -

Би тэр үед сургуульд багшилдаг байсан. Манай ангийн Цолмон гэдэг охины аав, боловсролын талынхан, социалист нөхөрлөлийнхөн ирнээ. Би гадаад явсан хүн ядахдаа нэг дурсгалын тэмдэг өгнө. Тэгсэн Цолмон гэдэг хүүхдийн маань аав “Ээ мөн гоё байна даа чи амьд явсныхаа ачыг хариуллаадаа” гэж байсан. Хэлсэн үгийг нь бодохоор нээрээ ч гадаад явах ховор байсан байхгүй юу.

Дэжид -

Та гадаад найз нөхөд олонтой байв уу?

Сэддаа -

Хотоос Долгор гээд нэг хүүхэнтэй явсан. Бид хоёртой Луся гээд орос хүүхнийг оруулсан.Тэр хүүхэн маань их сайхан, гурвуулаа эвтэй их сайхан байсан. Би их ичимтгий бүрэг дорой хүн байсан л даа. Европын орны хүмүүс чинь шүршүүртээ чармай нүцгэн ороод биеэ угаана. Би тэднийг харахаас ичээд буцаад өрөө лүүгээ ирээд, тэд нарыг гарсных нь дараа очдог байсан. Оросууд чинь төрсөн өдөр чинь хэзээ вэ? гээд асуучихна. Тэгэхээр нь би нууна. Оросууд төрсөн өдрийг их өргөн тэмдэглэдэг. Уулзалт, соёл хүмүүжлийн ажил тэр сургууль дээр их зохиогддог байсан. Гол нь нийгмийн ухааны хичээл их заана. Дайнд яваад нэг хуруу нь байхгүй болчихсон гээд их сонин сонин багш нар хичээл заана. Хоол унд, хангамж гэж ярилтгүй сайхан. Тэр үед үнэхээр амьдынхаа жаргалыг эдлэж явсан.

Дэжид -

Үнэхээрийн сайхан дурсамж байна. Таныг ажиллаж байх үед эмэгтэйчүүдийг төр засгаас хэрхэн дэмжиж байсан?

Сэддаа -

Эмэгтэй боловсон хүчнийг тэгж дээш нь дөвийлгөж байгаагүй. Одоо бол төвийн бүх сургуулиудын захирал эмэгтэй хүмүүс байна. Тэр үед эмэгтэй захирал гэж байгаагүй.

Дэжид -

Тэр үед эмэгтэй үйлдвэрийн дарга, захирал гэж ховор байсан уу?

Сэддаа -

Ховор.

Дэжид -

Одоо энэ байдал өөрчлөгдсөн гэж та үзэж байгаа юм байна?

Сэддаа -

Тиймээ.

Дэжид -

Таны үед соёлын довтолгоон явагдаж байсан. Тэр талаар та тодруулж ярьж өгөөч? Тэр үр өгөөжөө өгсөн юмуу? Хэдэн оны үед явагдаж байв?

Сэддаа -

”Соёлын довтолгоо” гэж хөдөө, хотгүй явагдаж байсан. Сургуулийн захиргаанаас комисс байгуулагдаад ажилчдынхаа гэр орноор явж, цэвэрч айл шалгаруулна гээд явна. Би 2-ч удаа соёлч гэрийн эзэгтэй болж үнэмлэх авч байсан. Тэр их үр өгөөжөө өгнө. ”Соёлын довтолгоо” гээд шалгана гэхлээр хүн чинь угааж арчаад сайхан байхыг бодно. Комисс гээд бичиг цаас барьсан хүмүүс ирээд нүүр гарын алчуур, цагаан хэрэглэл чинь хаана байна гээд бүгдийг нь ширхэглээд явдаг байсан. Тэрийг би их хэрэгтэй зүйл байсан гэж боддог. Манай аймагт Оросууд их байсан болохоор “Мартын-8” ыг их өргөн тэмдэглэдэг байсан. ”Соёлын довтолгоо”-г айл өрхөд ч тэр, хувь хүнд их сайн нөлөөлсөн гэж би боддог.

Дэжид -

Албан байгууллагуудыг ч авч үздэг байсан уу?

Сэддаа -

Тийм.

Дэжид -

Сайныг нь урамшуулж сайшаах уу?

Сэддаа -

Тэгэлгүй яахав. Үнэмлэх өгөөд л тухайн үед нь сонин хэвлэл дээр нийтлэнэ. Сайхан ажил байсан гэж би бодддог.

Дэжид -

Яг сургууль дээр яаж явагдах уу?

Сэддаа -

”Оноот уралдаан” гэж байсан. Би тэрийг их хэрэгтэй зүйл байсан гэж боддог. ”Оноот уралдаан”-ыг хэд хэдэн сайхан үзүүлэлтээр явуулна. Хичээл тасалсан хүн байна уу? Нусны алчуур нь байна уу? Гутлын алчуур нь байна уу? гэрийн даалгаврын биелэлт гээд хэд хэдэн гол үзүүлэлтээр “оноот уралдаан” явуулдаг байсан. Ангиуд чинь бие биенээсээ хоцрохгүй гээд эцэг эхээсээ хэдэн төгрөг аваад ангидаа ариун цэврийн булан байгуулна. ”Оноот уралдаан”-аас гадна анги болгон ариун цэврийн даргатай. Ариун цэвийн дарга хумс, нусны алчуур гээд соёлын холбогдолтой бүхий л зүйлээ шалгана. Ангийнхаа идэвхтэй, цэвэрч хүүхдээ томилно.

Дэжид -

Социализмын үед энэ үр өгөөжөө нилээд өгсөн юм байна.

Сэддаа -

Өгөлгүй яахав. Дээр үед бага ангид байхад онгоц, машин, морь, мэлхийн зураг зурчихаад сайн хүүхдүүдийг нь онгоцон дээр, сайныг нь машин дээр, дундыг нь морин дээр, мууг нь мэлхий дээр нэрийг нь бичнэ. Мэлхий дээр хэн нэрээ бичүүлэхийг бодохов дээ. Энэ бол маш өрсөлдөөнтэй. Энэ бол “Оноот уралдаан”-аас өмнөх ажил.

Дэжид -

Таныг бага сургуульд байхад ингэж байсан уу?

Сэддаа -

Тийм. Ямар нэг юм чинь цаг үедээ тохирно гэдэг чинь энэ байхгүй юу.

Дэжид -

Хүмүүсийн амьдрал соёлжиход их үр дүнгээ өгсөн юм байна. Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд их ажилласан. Үүнийг та нөлөөлсөн гэж үздэг үү?

Сэддаа -

Үзнэ. Хамт олон гэр бүлийн дунд янз бүрийн тэмцээнүүдийг зохиодог байсан.

Дэжид -

Оросоос л мэргэжилтэнгүүд байсан уу?

Сэддаа -

Тийм.

Дэжид -

Сургуульд ямар мэргэжилтэн байхуу? Зөвлөх багш байсан уу?

Сэддаа -

Зөвлөх багш ажиллаж байсан. Тэр үед чинь Орос хэл Орос хэл гэдэг байсан болохоор Орос мэргэжилтэнгүүд сургуульд ажиллаж байсан. Тэд нар чинь хичээл дээр сууна, зөвлөгөө өгнө.

Дэжид -

Дорнод аймаг үндэстэн ястны нутаг. Ийм үндэстэн ястан цугларсан газар ямар онцлоготой байсан бэ? Аль ястан нь илүү үлгэр дууриалалтай байсан бэ?

Сэддаа -

Дорнод аймгийг олон үндэстний аймаг гэдэг. Манай аймагт байхгүй үндэстэн гэж цөөхөн. Намайг бунхны сургуульд багшилж байхад ноосны үйлдвэр гэж байсан. Ноосны үйлдвэрт Казакууд ихтэй. Манай ангид тэгээд хэдэн казак хүүхдүүд байсан. Анхандаа нөгөө хүүхдүүдтэйгээ хэл амаа ололцоход хүндрэлтэй тал байсан. Казакууд их цэвэрч улсууд. Гэрт нь очихлоор аягүй сайхан айлууд байсан. Одоо бол цөөхөн байгаа юм. Миний хань бол Буриад хүн. Чойбалсан аймгийн Цагаан-Овоо сумын хүн. Буриадууд ажилсаг, хөдөлмөрч хүмүүс. Өвгөний маань дүү нар Цагаан сараар манайд ирж орж гарч байдаг. Их ёс суртахуунтай улсууд.

Дэжид -

Зан үйл, хэл ярианы ялгаа байх уу?

Сэддаа -

Хотод байсан хүмүүс нь Баян-Уул, Цагаан-Овоо сумандаа байгаа хүмүүсээ бодвол гайгүй л дээ.

Дэжид -

Бага сургуульд байхад өөр ямар ястан хүүхдүүд байв? Хэл ярианы дуудлага нь өөр тийм хүндрэлтэй юм гардаг байсан уу?

Сэддаа -

Жаахан аялга л байхаас биш гайгүй байсан. Өөр айхтар хүндрэл байгаагүй.

Дэжид -

Тэгээд яваандаа хэл нь зүгшрээд ирэх үү?

Сэддаа -

Тийм. Багш нь ч ойлгоод, ангийнхан нь ч ойлгоод ирнэ.

Дэжид -

Тэр үед багш нар эцэг эхтэй нь яаж харилцаж байсан бэ?

Сэддаа -

Дээр үеийн багш нар их нэр хүндтэй байж гэж би боддог. Эцэг эхийн хурал хийнэ гэхэд 30-н хүүхэдтэй бол 30-н эцэг эх л ирдэг. Анхныхаа эцэг эхийн хурлыг зарлачихлаа шүү. Тэгсэн олон аав ээж ирээд. Тэгээд тэд нараас жаахан эмээгээд ангийнхаа үүдэнд хэдэн минут байж байгаад орж байсан. Тэгээд хүүхдүүдийнхээ эцэг эхийг бүртгээд авлаа. Анхны эцэг эхийн хурал дээр жаахан зүрх алдаж байсан шүү. Ээж аав нь бараг загнах боловуу гэж боддог байсан. Хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэл аав ээжид их байсан. Намайг залуу байхад Лувсанбалдан гээд захирал байсан. Тэр та нар хагас бүтэн сайнгүй бүх хүүхдийнхээ гэрээр яв гэдэг байсан.Тэгээд гэрээр нь явдаг байсан.

Дэжид -

Гэрээр явж их ажилдаг байж.

Сэддаа -

Хүүхдийнхээ гэрээр их явна. Би нохойноос их айдаг хүн. Маргааш гэрээр чинь явна нохойгоо уяж байгаарай гэнэ. Хүүхдүүд маань нохойгоо хорьж өгөөд, гэрт нь ордог байсан. Одоо бол эцэг эхийн хуралд ирдэг нь цөөхөн болсон байна.

Дэжид -

Ажлаас гадна сум, сангийн аж ахуйн нэмэлт ажилд багш нар дайчлагдаж байсан уу?

Сэддаа -

Гайгүй ээ. Эрэгтэй багш нар түймэр гарах гээд хүнд ажилд явдаг байсан.

Дэжид -

20-р зууны үеийн боловсрол, өөрийнхөө ажиллаж амьдарч байсан тухай дэлгэрэнгүй маш сайхан ярьж өгсөн таньд маш их баярлалаа.

Сэддаа -

Өөрт чинь ч гэсэн баярлалаа.

Дэжид -

Таньд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Сэддаа -

Та нартаа ажил амьдралд чинь сайн сайхныг хүсье.

Дэжид -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.