Luvsangombo

Basic information
Interviewee ID: 990493
Name: Luvsangombo
Parent's name: Namjil
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: no specialisation, herder, bag darga, Ih Hural deputy, now retired
Belief: Buddhist
Born in: Hatanbulag sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
collectivization
life in wartime
politics / politicians
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Лувсангомбо -
.... аварга байхад сэтгүүлч суравлжлагч нар тасралтгүй ирдэг байсан. Тэтгэвэрт гарснаас хойш нэг ч хүн над дээр ирэхээ байсан. Харин одоо чи нэг ирлээ.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Лувсангомбо -
Гашуудалтай юу?
Ариун-Ундрах -
Ямар ч талаар байж болно. Эерэг, сөрөг аль нь ч болно.
Лувсангомбо -
Амьдралд байж бололгүй яахав. Би чинь тэжээсэн, тэтгэсэн 4 өвгөд хөгшнөө үхүүлсэн хүн. Өөрийнхөө гайгүй, надад сургамж болж байсан ахыгаа үхүүлсэн. Миний хань болж байсан нэг хүүхэн ааш зан, ажил төрлөөрөө мундаг сайн хүн байсан. Тэрнийгээ үхүүлсэн. Тэгээд хорвоогийн жам ёсоор одоо үхэж үрэгдүүлэх тийм юмнаас одоо би үзэж байсан. Энэ бол миний одоо миний амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлууд. Аа би амьдралдаа баярлаж баясаж явсан. За сургуульд байхдаа ч яахав дээ нэг барагтай л нэг сурлагатай. Онц ч биш, муу ч биш нэг барагтай сурлагатай. Цэрэгт очоод би чинь онц сурлагатан гээд би миний амьдралын хамгийн анхны одоо хурал зөвлөлгөөнд явсан тэр Армийн онцчуудын зөвлөгөөнд, анхны онцчуудын зөвлөгөөнд 1950 оны 2-р сарын эхээр явсан. Армийн эвлэлийн бага хуралд оролцож байсан, 3 сард. Аа сүүлд нь одоо гарч ирээд мал маллаж байх үедээ Нэгдэлжилтийн 20 жилийн ой бил үү? нэгдлийн холбооны 5-р их хурал гэдэгт төлөөлөгчөөр оролцож байсан. 1981-1986 онд би их хурлын депутатаар сонгогдоод 7 удаагын чуулганд оролцож явсан. Аан аймгийн МАХН-ын бага хуралд 2 удаа төлөөлөгчөөр сонгогдож, тэнд намын хорооны гишүүнээр би 2 удаа сонгогдож байсан. Энэ явдлууд чинь бол цөмөөрөө миний амьдралд тохиолдож байсан сайн сайхан үйл явдал. Тийм байгаа биз дээ?
Ариун-Ундрах -
Аанхан.
Лувсангомбо -
За тэгээд миний хийж байсан ажлыг тухайн үеийн нам засаг үнэлж үзээд... Би дээр ярьсан шүү дээ. Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, аа Хувьсгалын 40, 50, 70 жилийн ойн медалиуд авч байсан. Нэг 5 жилийн гавшгайч гэж өмнө нь олгож байлаа ш дээ. Тэгэхэд 5,6,7-р 5 жилийн гавшгайч болж байсан. Тэгээд бусад тэмдэг, медаль, шагналууд надад өдий төдий бий. 20 шахуу юм байгаа, одоо энэ чемоданд байж байгаа. Миний амьдралд тохиолдож байсан сайн сайхан юм бол тэр ээ. Аа тохиолдож байсан одоо эмгэнэлтэй явдлууд тийм ээ. Аа мал маллаж байхад бол би хүйтэн бороонд, хавар намрын хүйтэн цас шуурганд хонио манаж хоноод би бас ядарч, зүдэрч л байсан. Тэрнийг би..., би чинь өөрөө сайн дураараа хонь мал малласан болохлоороо өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж бодоод би, тэр бэрхшээлүүдийг би зоригтой л давж байсан. Миний мал маллаж байхад ган зуд бишгүй л таарч байсан юм. Би тэрнийг бол бас л нэгд миний сайных биш, нэгдлийн өвс тэжээлийн сайнаар би нэг ч малын хорогдолгүй давж байсан. Нэгдэлд би 23 жил мал маллахдаа 17000 мянга гаруй мал маллаж нэгдэлдээ нэг ч малын гарлагаггүй тушааж байсан. Нэгдлийн мал үхдэггүй юм уу? гэвэл үхэж байсаан. Жилд 1-2-оос эхлээд 10 хүртэл үхэж байсан. Тэрнийг яахав гэхлээр аминыхаа хэдэн малаар төлөх тийм ухамсар байна уу? Үгүй юу? гэдэгт л байна. Би аминыхаа малаар төлдөг. Тэгээд малын хорогдолгүй... Тэрний ач тусыг ч нэгдэл надад их өгсөн. Шагнал магналаас эхлээд юм. Тэгэхлээр одоо миний амьдралд тохиолдсон одоо ядрал зүдрэл, бэрхшээл ч байсан, эмгэнэлт явдлууд ч байсан. Аа баярлаж баясаж явсан, хурал зөвлөгөөн янз бүрийн юманд оролцож явсан энэ тэрээ би ярьлаа шүү дээ. Ийм л байна даа.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ер бусын ба бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу?
Лувсангомбо -
Тийм юм байхгүй ээ. Надад тэгэж нэг их онцгойрчихсон юм байхгүй. Тэр л одоо сайн шагналаар шагнуулж явсныг л ярихгүй бол өшөө юм байхгүй. Тун аюултай юм гэвэл нэг жил нэг чоно, үнэг галзуураад харин миний хониноос нэг галзуу үнэг ирээд хэдэн төл бариад, нэгдлийн төлөгнөөс 5-6-г хазаад галзууруулсан. Тэр л нэг эвгүй явдал тохиолдож байсан. Тэгээд тэр үед Хөдөлмөрийн баатар Даваасамбуу гэж дарга байсан. Би галзуу үнэг хазсан малаа данснаас хасуулаад гаргачихсан. Та тэрнийгээ төлчих \Намайг бас тэр үед нэг дэмжих гэж байж л дээ.\ гээд гуйгаад байхлаар нь би өөрийнхөө амины хониор төлж л байсан. Миний амины хонь цөөхөн байсан. Тэгэхдээ би хүнээс хонь их худалдаж авдаг байсан, хонь, хурга. Надад нэг жаахан бэрхшээлтэй хүнд асуудал тэр л галзуу тохиолдож л эвгүй явдал тохиолдож байсан. Олон мал галзуураад. Би малаа галзуураад, сүүлд нь галзуурч үхээд байхад нь би уйлж л байсан. Сүүлд нь малын их эмч Баасанжав гэж хүн байсан. Эрүүл болгох вакцин, тариа хийгээд тэгээд тэр галзуу үнэг хазсан бүгд үхсэн, эрүүлд нь халдаагүй. Тэгээд л өнгөрч байсан. Тийм нэг эвгүй явдал. Бусдаар бол гайгүй ээ. Яахав тэр нэг байгалийн цас, шуурга болж, хөдөө гадаа хонь малаа манаж хонох явдал бол надад бишгүй л таарч байсан. Тэр бол одоо тэрүүхэн үе дээрээ жаахан бэрхшээл болохоосоо нэг их гамшиг таараагүй. Малаа ч үхүүлээгүй, би ч өөрөө үхэж үрэгдээгүй тэгээд явж л байна.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад Хамтрал коммун гэж юм бас болсон уу?
Лувсангомбо -
За Хамтрал коммун би сургийг нь дуулснаас үзээгүй ээ. Намайг багаа байхад Хамтрал коммун гэж байж байгаад... Одоо тэр нэгдлийн түрүүч л юм даа. Тийм юм байж байгаад баларсан юм гэнэ лээ. Энэ манай сумын зүүн талд Наранбулаг сум гэж байсан. Энэ Хатанбулагаас гадна. Тэрүүнд нэг Хамтрал байсан юм уу даа. Тэгээд нэг ч их дэгжээгүй байж байгаад л тарсан юм гэнэ лээ. Хамтрал коммун гэж тийм юм байсан гэж байгаа юм аа. Тэгээд л Хамтрал коммунаас хойш л гарч ирсэн юм тэр Нэгдэл гэж байгаа юм даа. Хамтрал коммун ч ялгаа байхгүй, нэгдэл ч ялгаа байхгүй. Одооны энэ хоршоолол гэж яриад байгаа эд ч ялгаа байхгүй дандаа хүний хөдөлмөрийг л хамтын хөдөлмөр л болгож яваа юм байлаа л дээ.
Ариун-Ундрах -
Таныг анх цэрэгт очиход дайн дуусчихсан байсан юм уу?
Лувсангомбо -
Дууссан байсан. Би чинь 1945 онд сургуульд байхад Орос-Германы дайн дууссан. Сүүлд нь 1945 оны байлдаан энэ Өвөр Монголыг чөлөөлөх нэртэй манай Монгол улс чинь бас дайн хийсэн ш дээ. Тэр чинь бас намайг хөдөө байхад өнгөрсөн. Халх голын дайн намайг сургуульд байхад өнгөрсөн. 1939 онд болоо биз дээ. Би сургуульд очоод удаагүй байсан. Халх голын дайнаас бууж ирж байгаа улсыг ч хүлээж авч л байсан. Сургуулийн хүүхэд байхад. 1945 оны дайнд ч яахав би хөдөө байсан байх, хүлээж аваагүй ээ. Манай эндээс явсан улсууд зөндөө л байсан. Би өөрөө бол дайнд оролцож яваагүй. Дайнд оролцож байгаагүй ч гэсэн би 1945 онд багийн дарга, багийн ажил хийгээд би мөн багт одоо өвс тэжээл хүргэх, заг... аймгуудын цэргийн ангиудад заг зөөх тийм ажилд бишгүй л зүтгэж явсан. Тэгээд одоо нэгэнт дайнд явж..., дайнд явсан улсууд чинь.., жинхэн дайнд орсон... 1945 онд бол дайнд орсон анги Нянтайсүрэнгийн анги л байсан шүү дээ. Тэр чинь олон хоногоор ч байлдаагүй, ганцхан өдрийн нэг үдээс өмнө л байлдсан гэж байгаа юм.
Ариун-Ундрах -
Хннн.
Лувсангомбо -
Ганцхан өдрийн үдээс өмнө байлдахад нэг 20-иод хүнээ алуулаад, бас нэг 20-иод хэдэн хүнийг шархдуулаад тэгээд нэг тэгэж л байсан. Аа 1939 оны дайнд бол харин манайх бас ч одоо нэг хэдэн сар байлдсан л биз дээ энэ чинь. Хэдэн сар байлдаад одоо Дандар баатар, Олзвой баатар энэ тэр тодорч байсан биз дээ. Аа 1945 оны байлдаанд хэдийгээр ганцхан өдрийн үдээс өмнө байлдсан ч гэсэн цус урсгасан дайн байсан учраас Нянтайсүрэнгийн ангиас олоон баатар төрсөн. Яг дайны үед нь Аюуш, Дандар, Данзанваанчил гээд 3 баатар байсан. Сүүлд нь нөхөж Нянтайсүрэнг ч баатар болгосон, Жанчив ч гэж хүн баатар болсон, Дүүдүү ч гэж нэг баатар болсон. Одоо Дорноговь аймгийн нэг довон дээр 6-7 хүний хөшөө байгаа. Тийм л учиртай даа.
Ариун-Ундрах -
Дайны жилүүдэд амьдралд ямар байсан бэ?
Лувсангомбо -
Амьдрал их муу байсан. Тэгэхэд бид өлсч үхээгүй ээ. Сургууль гэхэд л одоо дэвтэр харандаа ховор. Нэг нимгэн дэвтрийг нэг хэл бичиг, түүх дэлхий энэ тэр гээд чухал чухал хичээл дээр хичээлийн эрхлэгчийн тавьж өгдөг. Аа бусад одоо нэг аар саархан хичээлд цайны нэг бараан цаас байдаг ш дээ. Тэрнийг зүсээд тийм юман дээр хичээл хийж байсан юм. За идэж уух юм бол ховор байсан л даа. За бид сургуульд байхдаа бол өлсөөгүй ээ. Дотуур байранд ч байсан, гадуур байсан нь ч болж л байсан. Хөдөөний улс бол нэг гурил байхгүй. Одооны энэ малын тэжээл бор гурил байна ш дээ. Энийг хөдөөний улсууд бас элбэг биш. Амын 2-3 кг-аар өгч байсан. Олхон шиг хүнтэй айл бол мөн нэг яахав 20-30 кг гурил авч л байсан байх. Цөөхөн хүнтэй бол 2-4 кг гурил л авч байсан. Тийм гурил идэж байсан. За шар будаа иднэ, цагаан будаа, цагаан гурил хоёр бол тэр дайны үед бол их ховор байсан. Тэгээд ЗХУ-ын тэр дайнд явж байгаа улсад бэлэг тусламж гээд Монгол улс чинь байдаг юмаа тэмтэрч байсан шүү дээ. Одоо сая 65 жилийн ойгоор чинь одоо Дундговь аймгийн бэлэг хүргэж явсан нэг 86 настай чавганц ярьж л байна. Би 19 настай оролцож байсан. Сайн малчны зөвлөгөөнд явж байсан. Юм ховор байсан. ЗХУ-д чинь манай улс маш олон адуугаа өгсөн. 1941-1946 он хүртэл л одоо морь бэлтгэл гээд морио өгч байсан, бэлгээр ч өгч байсан, ялихгүй жаахан үнээр ч өгч л байсан. За тэгээд арьс, нэхий, идэж уух юм сүү, цагаан идээ энэ гээд бол байдгаа хамаад тэр дайны жилүүдэд ЗХУ-д дайнд явж байгаа хүнд бэлэг барьж байсан. Нэхий дээл ч хийгээд өгч байсан, бээлий хийгээд ч өгч л байсан. Тэгээд манай хөдөө гэр 4 адуу тэнцүүлээд, фронтод, 3-ыг нь үнээр өгч байгаа нэртэй, бага үнэ дээ. Нэгийг нь бэлгээр өгч байсан. Тэгээд тэрний оронд өгч байсан юу вэ? гэхлээр нэг алтан үсэгтэй үнэмлэх байсан. Тэр үед манай авдранд байж байгаад тэгээд алга болсон, яасан юм. Аа нэг арьс шир, янз бүрийн юм бэлэглэдэг байсан. Тэрүүнд бас нэг нимгээхэн боронзон үсэгтэй хуудсууд өгдөг байсан. Ердөө л тэр. Тэгээд адуунд бас нэг жаал жаалхан үнэ өгдөг байсан байгаа юм даа. Нэг тийм юм ярьдаг л байсан. Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Сургуульд анх ороход ямар байсан бэ?
Лувсангомбо -
Сургуульд анх ороход аймгийн бага сургуульд бараг танхим нэртэй байсан. Аа тэгээд яахав ээ анх ороход бидэнд харин тэрлэг, гутал, малгай энэ тэр улсаас тавьж өгдөг байсан. За улсын мэдэлд дотуур байранд суудаг байсан. Намайг анх сургуульд очиход зүгээр, улс харж үздэг сайхан байсан. Тэгээд сүүлдээ тэр хувцас энэ тэр тавьж өгөхөө ч байсан. Өөрснийхөө хувцсаар л амьдардаг. Би 7 жил болоход дандаа өөрийнхөө муу маажгий гутал, уранхай дээлээр л өнгөрөөж байсан. Анх очсон 1-2 жилд л тэгэж хувцас тавьж өгдөг. Зуны тэрлэг, савхин гутал хоёр шүү дээ. Өвлийн хувцас бол өгдөггүй байсан. Тэгээд сургуулийн амьдрал бол зүгээр. Тэр үеийн багш нар их сайн, хүнд юм сургахын төлөө хичээл сайхан заадаг. Бид ч юм сурахын төлөө байсаан. Одоо тэгэхэд энэ дунд сургуулийн 8-9-р ангийн хүүхдүүдээс л газарзүйн юм асуухад л мэдэхгүй байна ш дээ. Ямар ч ухаантай юм. Бид чинь бол юм сайн сурдаг байсан. Багш нар ч их сайн сургадаг байсан. За сургуулийн амьдрал тэр үед яахав ээ овоо байсаан бид. Юу ч гэсэн идэж уух юмаар дутдаггүй, хувцас яахав өөрөөсөө өмсдөг байсан. Хоёрхон жил нэг тэрлэг малгай тавьж өгдөг байсан. Тэрнээс хойш бол дандаа өөрийнхөө хувцас. Би чинь ядруухан айлын хүүхэд учраас хувцас муутай л байсан. Тэгэхдээ би 7 жилээ тэгээд даваад өнгөрсөн юм даг.
Ариун-Ундрах -
Та хамгийн анх эвлэлийн дарга хийсэн гэсэн тэ?
Лувсангомбо -
Аан?
Ариун-Ундрах -
Та хамгийн анх эвлэлийн дарга хийсэн гэсэн тэ?
Лувсангомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр тухайгаа ярьж өгөөч? Яг ямар ажил юм бэ?
Лувсангомбо -
Би чинь нэгдлийн яг дарга нь биш. Нэгдлийн даргын курст явсан хүнийг нэг 4-5 сар орлосон.
Ариун-Ундрах -
Ммхмм.
Лувсангомбо -
Тэр үед чинь одоо нэгдэлд хүн элсүүлдэг, айлын хүнийг элсүүлдэг байлаа. Мал нийгэмчилж авдаг байлаа. Ер нь өөрөөр хэлбэл нэгдлийн нэлээн хүнд үе тэр үед байсан. Малыг одоо айлд, өнөө нэгдлийн малыг нэгдэлд аваад сувилж гаргадаг байсан. Улсууд нэгдлийн ялтай мал авахгүй гээд хэрэлдээд авч өгдөггүй байсан. За тэгээд нэгдлийн малыг тамгалж, тэмдэглээд авдаг байсан. Нэгдэл байгуулж байгаа нь энэ гээд нэг тиймэрхүү л ажил хийж байсан даа. Тэгээд эхний үед бол хүнд байсан. Сүүлд нь 1959 онд нийтээрээ Нэгдэлжих хөдөлгөөндөө хамрагдаад, олноороо малаа нийгэмчилсэн, нэгдлийн гишүүд болсон. За тэгээд нэгдэл болоод, улсууд л нэгдлийн малаас зугатаагаад аймаг, хот Дархан мархангүй л нэгдлийн малаас зугатаагаад алга болж байсан болохоос нэгдэл бидэнд муу юм нөлөөлөөгүй ээ. Байгаа хэдэн нэгдлийг даваад л өнгөрсөн, ямар ч байсан.
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс анх яаж хүлээж авсан бэ?
Лувсангомбо -
Анх нэгдэлжих хөдөлгөөнийг хөдөөгийн хүмүүс их дургүй хүлээж авсан. Аймаг хотоос яваа дарга нар бүгд л нэгдэлд оруулах гэж их шахаж шаарддаг байсан. Улсууд ордоггүй байсан. За тэгээд 1959 оны мал нийгэмчлэхэд энэ чинь зарим газар малаа өгснөөс болж боож үхсэн ч гэсэн сураг байсан. Манай энд тэгээгүй ээ. Энэ Сайхандулаан энэ тэрт боож үхсэн. Тэгээд хүмүүс бол хараадаг, ерөөдөг, малаа өгөхгүй гэж нуудаг, зарагдуулдаг тийм байсан. Хүлээн авалт бол муу байсаан.
Ариун-Ундрах -
Тэгээд ухуулга сурталчилгаа хийсний үр дүнд гайгүй болсон уу?
Лувсангомбо -
Ухуулга сурталчилгаа бол аймаг, сумын намын байгууллагаас тасралтгүй хийж байсан. Тэгснийхээ хүчинд нэгдлийн, хүмүүсийн ухаан санаа бас нэгдлийн юу руу бас арай өөр болсоон. Тэгэж байгаад нэгдэлдээ дасаад ирэхлээрээ нэгдлийнхээ малыг малладаг байсан, ажлыг нь ч хийдэг л байсан. Сүүлд нь тэгээд сайн сайхан болсоон. Нэгдлээ байгуулаад, хөрөнгөө нийгэмчлээд, ажлыг нь хийгээд... Цөөхөн хүн давсан даа, харин нэгдлийг. Олонхи нь одоо дандаа хот аймаг руу зугатаагаад явчихсан. Манай энд лав тэгсэн. Бусад газар яасан байдаг юм мэдэхгүй.
Ариун-Ундрах -
Нэгдлийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гэж цацдаг байсан бэ?
Лувсангомбо -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдлийн тухай чинь одоо сайн сайхан болж байна гэж бичдэг байсан. 1988-1989 оноос эхлээд л нэгдэл гэдэг айл нэг л биш ээ гэж шүүмжилсээр байгаад нэгдлийг устгасан шүү дээ. Нэгдлийг хэрэггүй гээд л устгасан шүү дээ. Аа тэрнээс тэрний түрүүнд нэгдлийг сайхан болж байна. Тэр нэгдэл сайн явж байна, энэ нэгдэл сайн болж байна гээд нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар өдий төдий төрснийг мэдэж байгаа биз дээ. Тэр Хөдөлмөрийн баатрууд ч гэсэн ярьдаг л биз дээ, энэ чинь. Нэгдэл сайхан байсан гэж. Сүүлд ардчилал гарч ирээд л нэгдэл, сангийн аж ахуй хоёрыг чинь устгаад хаячихсан шүү дээ. Бидний хувьд бол нэгдэл анхандаа хүлээн авалт муутай байсан ч сүүлдээ нэгдэлдээ дасчихаад нэгдлээ сайхан тохижуулж, сайхан л болж байна, бүтэж байна гээд сайн л болж байсан. Тэгснийг л ардчилал гарч ирээд л устгаад хаячихсан шүү дээ. Одоо Элбэгдорж ярьдаг биз дээ. Нэгдлийн малыг чинь тануудын хувьд өгөөд, тануудыг малтай болгосон шүү гэж ярьдаг биз дээ. Тэр нь ч юу юм. Тэгээд хувийн малтай болоод худалдаж хувилгаж машин мотоцикль болгоод л. Хүн болгон хувийн малыг манай энд ч нэг ч их сонирхоогүй. Цөөрсөн шүү дээ. Харин энэ хангай газар овоо малаа өсгөж сүүлийн үед... Намайг бага залуу байхад социалист нийгмийн үед нэг 25-26 юм уу, гайгүй л бол нэг 28 сая малтай л байсан. Харин өнөө нэгдлийг устгаад малд өгснөөс болсон уу? Аа гол нь би боддог юм. Гадаадад хэдэн саяар мал, ялангуяа Оросод бол хэдэн саяар мал бэлтгэл өгч байсан. Тийм тийм юм өгөхөө байснаас болсон уу? Энэ чинь одоо 40 гаруй сая болтлоо өсөө биз дээ. Одоо харин саяын энэ зудад үхээд цөөрсөн байх аа. Тэгэж л байсан, мал өсөлт.
Ариун-Ундрах -
Та тэр нэглийн ажил хийж байгаад яагаад нэгдлийн мал маллахаар шийдсэн бэ?
Лувсангомбо -
Тэр чинь би өөрөө сайн дураараа. Нэгдлийн одоо бригадын дарга, тоо бүртгэгч гэдэг чинь дандаа хүүхэн чавганц нар, хөдөөний малчидтай хэл ам хийж байдаг эд шүү дээ. Тэр нь ч яршигтай санагдсан. Нэгд хүмүүсүүд дандаа ялтай мал гээд зугатаагаад байх дээр энэ ялтай малыг чинь би нэг маллаад үзье гэдэг бодол төрсөн. Тэгээд би сайн дураараа мал малласан. Намайг чи ажлаа хийж чадахгүй байна гэж дээд байгууллагаас ад үзээгүй. Харин ч мал маллах гээд гарахад гаргахгүй байсан. Тийм л учиртай даа.
Ариун-Ундрах -
Сүүлд нь тэр нэгдэл тарахад та мал авсан биз дээ?
Лувсангомбо -
Хувьдаа юу?
Ариун-Ундрах -
Тийм.
Лувсангомбо -
Аа нэг цөөхөн мал авсан. Заримыг нь тэр мал өг гэсэн айлууд нь ч өгөөгүй, заримыг нь ч өгсөн. Тэгээд яахав цөөн бор мал авсаан, болсоон. Одоо тэрнийхээ шавхруугаар л манай хөдөө гэрийн хүүхдүүд амьдарч байгаа.
Ариун-Ундрах -
Ер нь тэр мал хувьчлал ямар болсон гэж та боддог вэ?
Лувсангомбо -
Тэр мал хувьчлах яахав дээ хөдөө бидэнд, нэгдлийн малыг тараагаад бидэнд өгсөн нь өгч байгаа улсдаа сайн сайхан боллоо гэж байгаа байх. Авч байгаа улсуудад зарим нь ч их сайн боллоо. Нэгдлийн малыг төлөхгүй сайхан боллоо, сайн боллоо л гэж бодож байсан байх.
Ариун-Ундрах -
Тэр мал хувьчлал л нь хэр шударга явагдсан бол?
Лувсангомбо -
За нэг тааруухан явагдсан даа. Зарим хүнд нь мал өгсөн, зарим хүнд нь мал... За мал ч яахав тэгээд бас өгсөн. Өнөө нэгдлийн гишүүдэд чинь нэг 9,-ны хөдлөхгүй хөрөнгө өгөх байсан ш дээ. Тэрнийг чинь манай нэгдэл огт өгөөгүй. Сүүлийн үеийн нэг хэдэн дарга нар өөрснөө л хуваагаад идсэн байх. Аа мал бол нэг цөөхөн цөөхнийг өгсөөн. Тэгээд тэр нэгдлээс өгсөн малаараа бид амьдраад, одоо би ч яахав төдхөн тэтгэвэрт гасран. Энэ дээр хүүхдийнхээ хүүхдийг хараад байсан. Манай одоо хөдөө байгаа хүүхдүүд тэр л хэдэн малын чинь шавхруугаар амьдарч байгаа.
Ариун-Ундрах -
Та бүр анх цэрэгт байхдаа энэ нөгөө эвлэлийн үүрийн дарга хийж байсан гэсэн үү?
Лувсангомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр яг ямар ажил вэ?
Лувсангомбо -
Өө тэр яахав, эвлэлийн үүрийн дарга, эвлэлийн ажилтан тэр л хүнийг хүмүүжүүлэх ажил байсан шүү дээ. Эвлэлийн хурал хийнэ. Эвлэлийн одоо яахав цэрэгт бол бага хэмжээний жаахан татвар авна, хурал хийнэ. Эвлэлийн гишүүдийг одоо юмны түрүүнд л бас ажилд энэ тэрт явуулдаг, хийдэг. Тэгээд эвлэлийн гишүүд чинь одоо, үгүй ээ тэр үедээ зүгээр, эвлэлийн байгууллага сайхан байсан. Би эвлэлийн үүрийн дарга байхдаа эвлэлийнхээ ажлыг сайн л, фулёмот ротын эвлэлийн үүрийн дарга гээд бригадынхаа эвлэлийн ажилд бол ихээ л үнэтэй хүн байсан.
Ариун-Ундрах -
Дараа нь тэгвэл та нөгөө улсын их хурлын депутат хийсэн тухайгаа ярих уу?
Лувсангомбо -
Улсын их хурлын депутат яахав дээ. Би 5 жил байсан. 7 удаагынх нь чуулганд орж байсан. Депутатуудаас нь одоо хүмүүсүүд бас эрэлт хүсэлт тавьж байсан. Тэрнийг нь би их хөөцөлдөж олгож өгч байсан. За нэг хоёр жишээ хэлэхэд энэ Хатанбулаг сумын эмнэлэг машин нь эвдэрчихээд машингүй, бас намайг машин хөөцөлдөж ир ээ л гэсэн. Би тэгээд их хурлын депутат учраас тэр Эрүүлийг хамгаалах яамны аж ахуй эрхэлсэн орлогч сайд Нямдорж гэж хүн байсан. Тэрүүнд одоо манай сум, эмнэлэг машингүй болчихлоо гэсэн чинь машин байхгүй гээд өгөхгүй гэж байсан. Би чинь тухайн үедээ бас хөөрхөн хэрүүлч байсан. Та намайг хүн дугаарлаж байна. Намын хорооны дарга юм уу, аймгийн дарга депутат хүрээд ирсэн бол та өгөх л байсан. Би малчин депутат болохоор та надад машин өгөхгүй гэж байна. Манай эмнэлэг машингүй болчихоод одоо машин хөөцөлдөөд авч чадахгүй байна гэсэн. Тэгээд Нямдорж дарга бид хоёр нэг муудмаар болсноо тэгээд Нямдорж сайд үгүй би энэ хойшооноо манайх нэг 4-5 машин захиалсан, Оросод. Тэрнийг ирвэл одоо танд түрүүнд өгье. Та өөрийнхөө төлөө биш тэр эмнэлэг, өөрийнхөө ард түмний төлөө энэ ажлыг хөөцөлдөж байна гэдгийг би ойлгож байна. Би таны тэр хүсэлтийг чинь хүлээж авахгүй биш, хүлээж авна. Одоо даан ч өгөх машин алга. Лувсангомбо гуай минь тэрнийг ойлго гэсэн. Тэгэхлээр зэрэг би хэрүүл хийх ч яамай, за тэгээрэй сайд минь. Орлогч сайд Нямдорж гэж хүн байсан даа. Тэгэж хэлсэн. Тэгээд ирээд байж байтал хойтон хавар нь танайд машин өгөхөөр боллоо гэсэн бичиг ирсэн. Өнөө бичгийг нь би эмч Энхтуяа гэдэг хүүхэнд за танайд машин өгөхөөр боллоо шүү гээд энэ бичиг нь. Үгүй ээ, бичиг яахав, бидэнд одоо машин л хэрэгтэй байна гэж тэр хүүхэн харин янгуурхаж байна. Чи битгий солиор. Бичиг нь ирж байж машин нь ирдэг юм. Одоо машин өнөө маргаадаргүй өгнө гэж байна гээд бичгийг нь би өөдөөс нь чулуудчихаад гараад явсан юм. Харин эмчийг жолоочтойгоо ирж машинаа ав гэж энэ хотоос дуудуулсан байсан, Эрүүлийг хамгаалах. Тэгээд нэг урт ногоон машинтай болчихсон. Аа тэгээд эмнэлэг нэг ногоон машинтай болчихож гэж дуулдаж л байсан. Эмч, жолооч хоёр нь яваад авчирсан юм байх. Тэгсэн намайг дагаж мал маллаж байсан нэг охин харин аймагт хурал зөвлөгөөнд ч явсан байсан уу, энэ хөгшин бид хоёр байсан чинь би нэг тэмээнээс ойчоод бие муутай, эмнэлэг рүү эмч дуудуулсан байсан. Тэгээд доо яахав дээ энэ хөгшин чинь бас нэг цээж мэнгэрийн өвчтэй ядруу байсан. Би одоо тэмээнээс ойчоод бие муутай ч байсан. Би хониндоо явж байсан. Харин урт ногоон машин давхиад ирсэн. Одооны энэ фургон гэж байна ш дээ. Ийм л машин юм даа. Тэгээд давхиад ирсэн. Харин манай эмч, Энхтуяа эмч харин хүрээд ирж. За та яасан бэ? гэнэ. Би тэмээнээс ойчсон, бие муу. Жолоочдоо тэмээ бариулчихаад, машиндаа оруулж. Дотроо ортой сайхнаас сайхан машин байна. Орж үзүүлчихээд, үзчихээд за та эмнэлэгт очиж эмчлүүлэхээр байна даа. Үгүй ээ, энэ хөгшин бид, хүүхэд одоо аймагт хурал зөвлөгөөнд яваад алга. Одоо би очиж чадахгүй... За таныг ямар ч байсан одоо эмчилнэ. Та очих, одоогоор завгүй бол танд хэдэн эм өгье. Та энийг уугаад, хүүхдээ ирэхлээр очиж эмчлүүл. Энэ машин таны хүчинд ирсэн шүү. Таны хөөцөлдсөн машин чинь энэ шүү. Тэгээд одоо, танд одоо манай эмнэлэг шуурхай үйлчлэх ёстой юм байгаа юм. Харин тэгэж байсан. За, сайн байна, сайн байна. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж сайхан байна. За та очиж, та хүүхдээ ирвэл манай руу шууд хэлүүлчихээрэй. Очиж эмчлүүлнэ. Тэгвэл бид ирээд авчихна гэж байсан. Тэгээд өнөө эмчийн чинь өгсөн эмийг уугаад харин бие гайгүй. Хүүхэд ч хурал зөвлөгөөндөө яваад хүрээд ирсэн. Тэгээд очоогүй, би. Тэгсэн тэр Энхтуяа эмч харин төдхөн манай эндээс халагдаад явсан сураг байсан, халагдсан. Аа тэгээд яахав дээ ингээд оронд нь бас хуучин байсан юм аа. Бадамсүрэн бил үү? Бадамгэрэл гэл үү? Нэг эмч байсан юм, хүүхэн эмч. Тэр байсан. Тэгээд бага эмч нар тэр үед чинь зөндөө байлаа л даа. Тэгээд нэг жилийн дараа ч бил үү дээ. За тэр л их эмч над дээр ирж намайг эмчлүүлээрэй гэж байсны дараагаар манайх нэг намар хөдөө байж байсан. Манай хөдөө байгаа хүүхний нэг их хүү оюутан хүүхэд татаж унаад болдоггүй. Гэнэтхэн одоо орой үдэш болсон. Морьд тавьчихсан. Тавьчихаад одоо өшөө харанхуй шөнө морь хаа ч байгаа билээ мэдэхгүй. Тэгээд гадаа нэг муу хотолгоотой ат байсан. Тэрнийгээ унаад эмнэлэг рүү одоо харанхуй шөнө явсан. Тэгсэн нэг сар гараад муухан сартай байсан. Явсаар байгаад үүр цайхаас өмнөхөн л эмнэлэг дээр хүрээд ирсэн. Эмнэлэгийн өмнө нэг утасны модноос тэмээгээ уясан. Эмнэлэг нэг өрөө нь гэгээтэй байна. Тэмээгээ уячихаад тэр гэгээтэй өрөөнд очсон жижүүрийн сантиар хүүхэн байна. За хүү минь би ингээд хүүхэд татаж унаад болж өгөхгүй. Би ийшээ тэмээгээр ингээд дуудлаганд ирлээ. Нэг дуудлаганд ирж байна, эмч домч чинь хаана байна гэсэн. Их эмч гэртээ унтаж байгаа. Жолооч нь эмнэлэгт машинаа тавьчихаад хэвтэж байгаа. Тэгсэн ч гэсэн би тэдэнд хэлье гээд тэр хүүхэн дороо гүйгээд явсан. За их эмч босоод, хувцаслаад ирэх гэж байгаа. Жолоочид хэлсэн. Жолооч юу юугүй босож хувцаслаад машиндаа бензин масло хийгээд бэлэн болгочихсон байгаа. Явна гээд гэж байна. Тэгсэн их эмч хүүхэн хүрээд ирж. Өө Лувсангомбо гуай минь бид одоо явъя, явъя. Одоо хүүхэд чинь яагаав? Татаж унад байгаа юм уу? гэсэн. Одоо явлаа гээд тэгээд машинаа асааж аваад явж өгсөн. Би айлд ч ороогүй өнөө муу тэмээгээ унаад буцаад явсан. Энэ баруун хойно Холбоо гэдэг газар байдаг юм. Тэнд очиж байхад дөнгөж нар цухуйж байсан. Би гэрийдээ явж байгаа. Тэгсэн харин өнөө машин чинь харин тэр Холбоогын тэнд манай хүүхэд, хүүхэн хоёрыг аваад хүрээд ирж. За хүүхэд чинь гайгүй байна аа. Бид тариа будаа хийсэн. Аваачиж эмчилнэ. Лувсангомбо гуай минь айхын хэрэг байхгүй. Айхын хэрэг байхгүй. Хүүгий чинь зүгээр болгоно гэж байна. Аа баярлахдаа жолооч, хүүхэн хоёрыг нэг нэг үнсээд явуулчихсан, ха ха ха. Тэд ч сум руу давхиад явсан. Би ч гэртээ ирсэн. Тэгсэн энэ хөгшин бид нар чинь тэр үед анагхан байсан юм чинь. Энэ хөгшин харин овоо хэдэн морьдоо барьж ирээд байж байна. Тэгээд би хонио бэлчээгээд явсан. Дөнгөж 3-4-хөн хонож байтал харин нэг өдөр өглөө хонь бэлчээгүй байхад эмнэлгийн машин давхиад ирж. Өнөө хүүхэд, хүүхэн хоёрыг чинь аваад. Хүүхэд чинь зүгээр, эмчилсэн. Одоо эм тариа хийсэн, хэд хоног. Тэгээд одоо бид баруун тийшээ бас айлын дуудлаганд явна. Тэгэнгээ бид хүү, охин хоёрыг чинь авчирч өгч байна гэж байна. Аа бид баярлаад л өнөө жолооч, хүүхэн хоёрт нэг жаал хоол хийж өгөөд тэгээд явуулсан. Тэгээд тэр хүүхэн ярьж байсан. Манайх одоо танайд ингэж хурдан үйлчлэх одоо ёстой юм. Манай түрүүн байсан эмч бидэнд халагдахдаа цуглуулаад яриа хийсэн. Бид нар тэгэж, ингэж гэж яриа хийсэн. Тэгээд тэр яриандаа оруулж энэ машиныг чинь их хурлын депутат Лувсангомбо гуай яамны орлогч сайдтай хэл ам хийж байж авч өгсөн машин шүү. Орлогч сайд өөрөө надад ярьж байсан. Тэгэхлээр одоо бид танд үйлчлэх ёстой, хурдан үйлчлэх ёстой. Тэр ёсоороо үйлчилж байгаа юм шүү гэж тэгэж хэлж байсан. Тэгэж л байсан даа. Тэгээд харин тэр машиныг нь хочим энэ манай Сандагсүрэнгийн гэдэг айлын нэг хэдэн харчуулаас хулгай хийж унаад эвдээд хаячихсан. Тэгээд тэгсэн ч гэсэн нэг юм босгочихоод унаж л байсан юм. Сүүлдээ тэгээд өөр машинтай болсон байх аа. Нэг тэгэж байсан. Нэг тэр Чамар даргын үе дээр 2 трактор ХАА-н яаманд намайг хөөцөлдөж бай л гэсэн. Тэрнийг би бас Хөдөө Аж Ахуйн яамны сайд, надтай сургуульд нэг ангид байсан Содномдорж сайд гэдэг байсан. Тэрүүнд хэлээд. Аа тэр машин техник хариуцдаг орлогч сайдад нь хэлээд 2 трактор олж өгч байсан. Улаанбадрах сум миний сонгуулийн харъяаны сум байсан. Нэг жолооч нь машины моторгүй болчихлоо. Надад нэг мотор хөөцөлдөөч гэсэн. Тэрнийг нь би хөөцөлдөөд мотортой болгоод өгсөн. Мөн тэр жолооч надад баяр хүргэж аваачиж л өнөө нэг буудал дээр аваачиж цайлж л байсан. Бадрах сумын дунд сургуулийн байшин нь яалт ч үгүй болчихсон. Хэдэн жил хөөцөлдөөд бидэнд байшин барьж өгөхгүй юм. Та нэг хөөцөлдөөч гэхлээр аймгийн барилга конторынхонтой, аймгийн боловсролын хэлтсийнхэнтэй би ярьж одоо Улаанбадрах сумын сургуулийнх нь байшин нь одоо үнэндээ хуучраад муу болчихсон байна. Захирал багш нар нь хөөцөлдөөд одоо барьж өгөхгүй байна гэсэн гомдол надад ирж байна. Үнэндээ ч байшин баларчихсан байна. Тэднийхийг нэг байшинтай болгомоор байна гэж би боловсролын хэлтэст ярьлаа, барилга конторт ч ярьлаа. Харин намайг ярьснаас хойхно харин барилгынхан ирээд тэр жил нь байна уу, хойтон нь харин сайхан барилгатай болчихсон. Улаанбадрах суманд нэг сонгуулийн уулзалтаар очих гээд хүрээд ирсэн чинь багш нар, захирал нь намайг урьж аваачаад цайлж дайлж, таны буянд энэ байсан ийм сайхан болсон шүү. .... одоо энэ жил ашиглалтанд орж байна гэнэ. Тийм байшинтай болсон байсан. Тэр мэтчилэнгийн би бас депутат байхдаа их хөөцөлдсөөн. Тэгээд нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж надад тэр трактор, машин олж өгсөн, нэгдлийн нэр дээр машин олж өгсөн надад тэр байгууллагын удирдлагууд их сайн байсан. Тийм л учиртай даа.
Ариун-Ундрах -
Анх таныг депутатаар сонгосон юм уу?
Лувсангомбо -
Аан?
Ариун-Ундрах -
Анх таныг депутатаар сонгосон юм уу?
Лувсангомбо -
Сонголгүй дээ. Би ямар дураараа болохов. Тэр үед чинь МАХН хүнээ мэдээд л дэвшүүлдэг байлаа ш дээ. Би чинь тэр үед Улсын хошой аварга малчин болсон байсан. Яг 1981 онд. Тэгээд намайг их хурлын депутатаар нэр дэвшүүлээд Хатанбулаг, энэ өмнө отряд Улаанбадрах сумын тойрогт нэр дэвшүүлээд тэгээд сонгогдсон юм. Сонголгүй дээ, энэ чинь тэр үеийн депутат чинь дураараа болно гэж юм байдаггүй шүү дээ. Тэгээд би сонгуулиар л би 5 жил ажилласан.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад нөгөө хэлмэгдүүлэлт гэдэг зүйл болсон уу?
Лувсангомбо -
Аан болсон. Намайг 8-9 настай байхад тэр хэлмэгдүүлэлтийн лам нарыг их барьдаг байсан. Намайг 8-9 настай,10 настай ч болж байсан байх. Сүм хийдүүд чинь байсан. Өлгий хийд, Хашаатын хийд энэ тэр энэ манай энд олоон хийд байсан. Тэрний лам нарыг барьжээ. Би бага байсан болоод би тэр лам нар барьж байхыг ямар үзэхэв дээ, үзээгүй. Тэр ламыг барьж авсан, энэ ламыг барьж яваад, лам нарыг барьж яваад л. Тэгээд барьж аваачаад ихэнхийг нь алсан бололтой юм байна лээ. Аа барагтай нэг бага тушаалын лам нарыг бол хэдэн жилээр тасалж ажил хийлгэхээр явуулж байсан бололтой юм байна лээ. Миний нэг ээжийн минь ах нэг энэ Толийн хийдэд сууж байсан Доржбанзад гэдэг хүнийг хүртэл барьж аваачиж хэлмэгдүүлсэн. Тэр хэлмэгдлийг бол би мэднэ ээ. Сүүлд нь хэлмэгдлийн мөнгө гэж өглөө ш дээ. Би тэр ахынхаа мөнгийг авсан бас. Манай ээжийн ах юм тэр, нагац ах юм тэр. Хэлмэгдэл тиймэрхүү замаар өнгөрсөн. Олон л хүн алсан юм гэнэ лээ. Би барьж байна, алж байна гэдгийг нь дуулснаас ямар үзсэн биш.
Ариун-Ундрах -
Таныг төрсөн цагаас эхлээд энэ таны амьдарч байгаа нутаг ус өөрчлөгдсөн үү?
Лувсангомбо -
Үгүй ээ би уг нь Айлангын сумын хүн байсан. Тэгээд миний байсан Айлангын сумын, тэр чинь надыг... манай, би бол тэр хуучны Хатаны 8-р баг гэдгийн хүн байсан. Айлангын сум тэр 1938 онд байгуулагдсан юм. Тэр л намайг сургуульд орохоос өмнөхөн байгуулагдсан. Айлангын сум сургууль соёл юу ч байхгүй. Захиргааны нэг гэр, эмнэлгийн гэр, хоршооны нэг хэдэн гэртэй байсан учраас бидний нэг хэдэн хүүхдийг аймгийн сургууль руу хөөгөөд жингийн тэмээний гол дээр тавиад явуулж байсан юм. Тэгээд намайг сургуульд орсны хойтон жил Айлангын сум сургууль байгуулсан юм билээ. Тэгээд 1954 онд Айлангын сум 15 жил болоод тарсан. Тэгээд хуучин энэ Хатанаас очсон 8-р баг гэдэг хоёр баг болоод Айлварын сумын 2,6-р баг гэж байсан юм. Тэр хоёр баг эргэж энэ Хатан сумандаа ирсэн. Тэгээд энэ Хатан сумынхаа хүн болсон юм даа би. Өөрчлөгдсөн юм тэр. Аа энэ засаг захиргаа бол өөрчлөгдөөд л энэ Хатанбулаг чинь нэг томроод л, нэг жижгэрсэн. Агаруут сум гэдэг татан буугдаад энэ Хатанбулаг сум чинь Айлангын 2 багтай нийлээд 12 багтай нэг лүнзэгэр том сум байлаа. Сүүлд нь бас л нэгдэл байгуулж байгаа нь энэ л гээд энд тэнд нэгдэл байгуулаад аа Хатанаас Агаруут сум нь ч бас тасраад л, Шинэ-Өрнөлт нэгдэл гэдгийг байгуулаад, тэндээ сум байгуулаад л. Өмнө Сулин хээр Хамтын хөдөлмөр гэдэг нэгдэл байгуулаад л, бас тасраад л Сулин хээр сум гэж байгуулаад л ингээд Хатанбулагтайгаа нийлээд 3 сум болсон, 4 ч нэгдэл байсан. Аа тэгснээ сүүлд нь өнөө нэгдлүүдийг чинь томруулж байгаа нь энэ гэж өнөө сумуудыг чинь Агаруут, Сулин хоёр нийлээд нэг сум байсан, Сулин хээр сум. Сүүлд нь Сулин хээр сумыг татан буулгаад л, өнөө нэгдлүүдийг чинь нэгтгээд л ингэж тэгээд л нэг Хатанбулаг сум чинь тэгээд л нэг Сулин хоёр нийлээд л нэг сум болоод л. Одоо тэгээд байж л байгаа нь энэ. Засаг захиргааны өөрчлөлт чинь учиргүй янз янз болгож байсан шүү дээ. Тэрнийг би мэднэ.
Ариун-Ундрах -
Газар усны нэр өөрчлөгдсөн байгаа болов уу?
Лувсангомбо -
Тэр харин өөрчлөгдөөгүй ээ. Эргэл бол Эргэлээрээ, Хатанбулаг бол Хатанбулагаараа. Газар усны нэр бол ерөөсөө ямар л нэртэй байсан түүгээрээ л байсан. Сум, бригад л өөрчлөгдөөд л янз янзын нэр өгч байснаас биш яг газар усны нэр бол өөрчлөгдөөгүй.
Ариун-Ундрах -
Тэр социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Лувсангомбо -
Сайн байсан. Засаг захиргаатай байсан учраас хүмүүсүүдийг ажилд их явуулдаг. Ажил хийдэггүй хүнийг баян түмний ноосны угаалга гээд хөөгөөд явуулдаг байсан. Хүмүүсүүд засаг захиргааныхаа захиргаанд их ордог, ажил их хийдэг. Ажилгүй хүн ер нь цөөхөн байсан, бараг байдаггүй байсан. Төвд ч хүн бүгд ажилтай. Хөдөө ч малчид бүгд малаа маллаад ажилтай байсаан. Ухамсар, тэр үеийн хүний ухамсар өндөр байсан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?
Лувсангомбо -
За одоо ер нь тааруухан гэж хэлж болноо доо. Товчхон хэлэхэд. Засаг захиргааныхаа үгэнд орохгүй байна. Засаг захиргаа нь удирдаж чадахгүй байна. Нэг юм байвч. Тэгээд ер нь нэг хүнийг тийм ажил хий гэхэд үгүй гэхээс за гэх хүн ховор байна. Тэгэхлээр чинь одоо би тааруухан гэж хэлж болно биз дээ.
Ариун-Ундрах -
Социализмын үед ажилд орох процесс нь ямар байсан бэ?
Лувсангомбо -
Авч байсаан, хүн бүгдийг л авч байсан. Ажилгүй хүн байлгахгүй ер нь дуудаж аваачаад л ажиллуулна. Энд нэг үе бас нэг хөдөө байгаа мал малладаг залуучууд нэг дээлээ хөөргөж дэвсчихээд хийрхэж хэсдэг харчуул байсан. Сумын дарга тэр үед Ваанчиг дарга гэж байсан. Дуудаж аваачаад л эвлэлийн үүрийн дарга болгоод л, хоршооны ажилтан болгоод л ажилд оруулж байсан. Тэр хүмүүс чинь тэр чигээрээ л албан болоод л хувираад явчихаж байсан. Тэгэхлээр нэг үгээр хэлбэл засаг захиргаатай байж, засаг захиргааныхаа үгэнд их орж байж шүү дээ. За нам тэр үед бүхнийг удирдаж байсан гэдэг ч үнэн. Гэхдээ нам, захиргаа хоёр чинь зөв л ажлаа чиглүүлж байсан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүс ажилд яаж хандаж байх шиг байна?
Лувсангомбо -
Харин би хэлсэн ш дээ. Тааруухан хандаж байна аа. Дээр дооргүй. Та бодоод үз. Социализмын үед чинь Монгол орон, Монгол улс чинь нам захиргаа нь одоо эхлээд хүнээ бичиг үсэгтэй болгосон. Хүүхдүүдээ сургуульд явуулаад, том улсуудыг чинь дандаа бичиг үсэг... Тэр шинэ үсэг гарч ирээд шинэ үсгийн бүлгэм гэдэгт их хөөж байсан. Манай энэ хөгшин ч гэсэн очиж суралцаж байсан байх. Тэгээд Монгол улсын хүн ам чинь ер бараг ихэнхи нь бичиг үсэгтэй болсон. Дэлхий дээр бичиг үсгийн талаар Монгол улс чинь дээгүүр байр эзэлж байсан биз дээ. Бичиг үсэгтэй болсон. Хоёрдугаарт хүнээ эрүүлжүүлж, арьс өнгөний үзлэг гэдэг отряд гаргаад жил болгон явуулж хүмүүсүүдэд арьс өнгөний үзлэг явуулаад эрүүлжүүлж байсан. Бас өнөө уушиг цээжний өвчнийг юу гэдэг билээ?
Ариун-Ундрах -
Сүрьеэ юу?
Лувсангомбо -
Сүрьеэ. Сүрьеэгийн үзлэг яваад тийм хүмүүсүүдийг эмчилж байсан. Хоёрдугаарт социализмын үед тэгээд хүнээ эрүүлжүүлж байсан. Гуравдугаарт хүнээ соёлжуулсан. Бодоод үз. Намайг бага залуу байхад энэ хөгшин ч мэднэ, би ч мэднэ. Айлуудын гэрийнх нь мод хар, утаа униар болсон пад хар. Гэрийнх нь бүрээс дандаа ийм одоо берзэк даавуун бүрээс байхгүй, нэг муу хар хар бүрээстэй байсан. Юу соёлын довтолгоон гэж 2 жилийн хугацаатай ч байна уу, 3 жилийн хэртэй соёлын довтолгоон гэж болоод айлуудын гэрийг нь будуулаад, бүрээстэй болгоод, хүмүүсүүдийг чинь хөнжил цагаан даавуу нөмөрдөг болгоод, хүмүүсүүдийг чинь дандаа тэр соёлын ажилд бүрэн оролцуулдаг болгоод ингээд соёлын талаар 3 дахь арга хэмжээгээ авсан. Тэр үеийн нам засаг чинь ээлж дугаартай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо тэгвэл яахав дээ энэ хүүхдүүдийг л нэг сургуульд хөөж суралцуулж байна. Соёлжилтийн талаар ямар арга хэмжээ авч байна? Байхгүй. Хүнийг эрүүлжүүлэх талаар яахав дээ үес үес нэг мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байна. Жинхэнэ одоо тийм урьдынхтай адилхан арьс өнгөний отряд ч юм уу, сүрьеэгийн отряд ч юм уу бусад тийм жинхэнэ отряд гаргаад хүнийг эрүүлжүүлж байгаа юм бараг алга байна шүү дээ. Тэгэхлээр одоо миний, би чинь хуучин хүн юм болохлоор хуучин талаа л барьна л даа. Тэгэхлээр та бүгд бол шинэ цагийн улс болохлоор бас шинэ цагаа барих байлгүй. Социализмын үеийн үйл ажиллагаа, одооны ардчилсан намын үйл ажиллагаа хоёртой би их л өөр юм шиг, өдөр шөнө юм шиг л надад санагддаг юм. Лав л энэ суманд бол хөгжил алга. Би дээр ярьсан биз дээ. Жижиг шинэ үйлдвэр ч байхгүй, хоршоолол ч байхгүй, нэгдэл ч байхгүй, аа соёл боловсролын талаар ч хийж байгаа юм байхгүй. Энэ сум чинь одоо аймгаасаа 240-250-аад км зайтай хязгаарын сум. Хятадтай хил нийлдэг. Хятадын янз бүрийн амины, албаны улсууд энэ Хатанбулаг сумаар яваад танай энд яасан хөгжил муутай юм бэ? Гэрэл гэгээ ч байхгүй, халуун усанд орох халуун ус ч байхгүй, ядаж нэг хоол идчихээр гуанз ч байхгүй гэж Хятадын Өвөр Монголын улсууд тэгэж ярьдаг юм. Тэр яг үнэн шүү дээ. Тэгэхлээр Хатанбулаг сум улсад ямар нүүр царайгаа харуулж байгаа нь мэдэгдэж байгаа биз дээ. Гэрэл гэгээ одоо бусад сумандаа 24 цагаар гэрэлтүүлдэг гэрэл тавьсан мөртлөөсөө манай суманд оройн 7 цагаас 11 цаг хүртэл 4-хөн цаг гэрэлтүүлээд айл бүрээс 15000 төгрөг авч байна. Энэ ямар уу? Хот газар, та хот газрын хүн байна. Хот газраас тийм их гэрэл тавьсны мөнгө авч байсан уу? Үгүй биз дээ. 4-хөн цаг ажиллуулаад 15000 төгрөг авч байна. За бидний үнэгүй барьдаг усыг үнээр худалдаад нэг 40-ын бетон ус 120 төгрөг авч байна. За энэ телевизорын татвар энэ тэр гээд л янз бүрийн татвар их авч байна. Энэ чинь одоо ард түмнээ бодож байгаа асуудал нь мөн үү? Би бол ард түмнээ дээд зэргээр шулж байна гэж санаж байна. За тэгэхдээ би гэрлийн татварыг ч гэсэн, усны мөнгийг ч гэсэн, телевизорын мөнгийг ч гэсэн ердөө нэгийг ч хасагдуулахгүй өгдөг. Өгөх ёстой юм. Зарим айлын баячуулууд өгдөггүй царайтай юм. Аа одоо яаж байна уу? Бас нэг юм хэлье. Би хэлсэн ш дээ. Социализмын үед хоршоо гэдэг байгаад хүний аж амьдрал нэгэн жигд байсаан. Кг гурил авсан ч 1 кг гурил 1 төгрөг, 1 будаа авсан ч 80 мөнгө гэх мэтчилэн юм бүгд дандаа улсаас хангагдаж байсан. Одоо баячуулууд яаж байна уу? Нэг тэтгэврийн мөнгө энэ тэр нэмэгдэх дээр зэрэг л учиргүй юмныхаа үнийг нэмээд, талх нэг 400-500 байсан бол одоо 1000 гараад явж байна. Энэ чинь тэгэхлээр амьдрал ямар байгаа нь мэдэгдэж байгаа биз дээ. За тэгээд л одоо энэ баячуудын энэ хувийн дэлгүүрүүдээс юм авахад чинь одоо мань мэтийн нэг цөөхөн төгрөгний тэтгэвэртэй хүн одоо ер нь юм авах найдваргүй шахуу болж байна. Одоо тэгээд яахав дээ. Энэ хөгшин бид хоёрын энэ хэдэн хүүхдүүд... энэ хөгшний нэг 4 хүүхэд томоо харчуул, хүүхнүүд болсон. Тэрний ач нар энэ тэр гээд дандаа өсчихсөн. Тэднүүдийхээ буянд одоо бид юмаар дутахгүй болж явна аа, нэгд. Хоёрт улс ч гэсэн тэтгэвэр өгөөд, тэр 80000 төгрөг чинь бидэндээ болж байна аа. Зүгээр ер нь одооны энэ суманд байгаа үйлчилгээнүүд чинь тийм байна. Одоо манай сумын дарга байхгүй. Ардчиллын нэг дарга байсан яагаад ч юм халагдчихсан. Нэг хэдэн хүүнүүд л орлож байгаа нэртэй. Тэгээд хийж байгаа юм байхгүй.
Ариун-Ундрах -
Одооны хүмүүс ажилд яаж орж байх шиг байна?
Лувсангомбо -
Яаж орно гэсэн чинь юу гэсэн вэ?
Ариун-Ундрах -
Ажилд орохдоо ер нь яаж орж байх шиг байна? Одооны хүмүүс.
Лувсангомбо -
Яахав дээ баахан л гуйлга, түйлгээр л нэг юм ажилд орж байгаа. За яахав сонгуулиар бас одоо нэг сонгуульд энэ тэр орчихож байна. Тэгээд ер нь тэгээд нэг л бараг гуйх журмаар л ... Дээд газраасаа ч гуйх журмаар, доод орж байгаа улсууд ч гуйх журмаар л орж байна. Захиргааны журмаар ажил хийж байгаа хүн байхгүй.
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Лувсангомбо -
Миний бахархдаг зүйл хэдэн мал л байна даа. Малынхаа хүчинд л бид амь зууж байна. Малынхаа мах, ноосыг өгч байна. Өшөө би нэг их... Аа нэг дур сонирхолтой, авъяасын талаар асуух бол би бөх үзэх дуртай. Гэтэл одоо энэ улсаас барилдаж байгаа бөхийг радио, телевизороор ер нэвтрүүлэхгүй байна. Тэндээ л бөх барилдана гэж зарлачихаад тэр нь хотдоо барилдаад өнгөрч байна. За тэгээд яахав дээ би Эрийн 3 наадмыг бол бахархаж боддог. Морь уралдах, бөх барилдах, нум сум харвах. Энэ 3 бол манай суманд нум сум нь байгаагүй. Одооноос бий болж байгаа. Энийг яахав баярлаж үздэг л юм. Өшөө надад нэг их бахархаад байх юм алга даа одоо.
Ариун-Ундрах -
Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Лувсангомбо -
Аан?
Ариун-Ундрах -
Таны жигшдэг зүйл юу?
Лувсангомбо -
Хүсдэг зүйл ээ?
Ариун-Ундрах -
Жигшдэг.
Лувсангомбо -
Жигшдэг ээ?
Ариун-Ундрах -
Аан.
Лувсангомбо -
Үгүй ээ би юунаас жигших вэ дээ. Одоо хүмсүүд нэг хулгай хийгээд байх болсон. Энийг л би жигшдэг юм. Мал ч их хулгай хийж байна. Эд юм ч одоо хүмүүсүүд нэг янзын юм нь хулгайч болчихсон. Энэ гадаа байгаа юмыг чинь дураараа аваад явчихсан. Миний жигшдэг зүйл энэ хулгай л байна. Өөр юу байхав дээ. Энэ хулгай чинь социалист нийгмийн үед бол байгаагүй биш байсан. Тэгэхдээ маш ховор байсан. Одоо та мэдэж байна. Радио, телевизээр тэндээс төдий адуу алга болсон, тэндээс төдий үхэр алдсан гээд ярьж байгаа биз дээ. Тэр чинь дандаа хулгай шүү дээ. За энэ чоно борооноор гэгчээр энэ зудыг далимдуулаад зудад алдсан малыг ч бас хулгайч нар аваачаад л Улаанбаатар хотод одоо маханд нядлаад өгч байгаа бололтой юм яриад байна. Би энэ хулгайнаас л жигшдэг дээ. Өөр юу байхав дээ.
Ариун-Ундрах -
Та тэр социализмын үед өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж байсан бэ?
Лувсангомбо -
Үгүй ээ би малаа маллаад л, малынхаа ашиг шимээр л амьдарч байсан. Тэрнийгээ л сайн хийж байсан даа. Өөр одоо би юу хийхэв дээ. Малаа ч маллаж байсан. Аа нэг багийнхдаа би нэг багийн дарга гээд ярьсан биз дээ. Багийн дарга, ухуулагч, тоо бүртгэгч. Тэр ажилдаа би их хариуцлагатай байсан. Нийгмийн, би ер нь ажлыг нийгэмч үзэлтэй. Нийгмийн ажлыг л би гол бодож явснаас дан аминыхаа ажлыг бодож яваагүй. Би тэгэж л зохицуулж байсан.
Ариун-Ундрах -
Та хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу?
Лувсангомбо -
Аан?
Ариун-Ундрах -
Хамт олныхоо тухай?
Лувсангомбо -
Өө хамт олон бол яахав. Манай малчид бол сайхан. Бидний хамт олон бол тэгээд л одоо малчид хөдөлмөрчид нь бол сайхан болно оо, болж байгаа юм. Ганцхан удирдлагын системгүй болсондоо л би жаахан гоморхож байна. Удирдлагын системтэй байгаад сум орноо хөгжүүлж байгаа бол би баярлах л юм. Энүүнд л... миний харин нэг гутарч явдаг юм сумаа хөгжил байхгүй ядарч яваад л бас нэг гутардаг юм байгаа юм. Тэрнээс миний хамт олон, малчид хөдөлмөрчид бол зүгээр, сайхан. Намайг сайн явахад ч дэмжиж байсан. Саар явахад ч надад туслаж их ач болж байсан. Болж л явсан.
Ариун-Ундрах -
Таныг ажиллаж байхад хамгийн хэцүү, бэрхшээл тохиолдсон үе нь хэзээ байсан бэ?
Лувсангомбо -
Тийм үе мал маллаж байхад л надад салхи шуурга тавьж, цаг муу болж л намайг жаахан сандаргаж явсан даа. Өшөө надад тийм хэцүү юм тааралдаагүй ээ.
Ариун-Ундрах -
За сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Лувсангомбо -
За би ч бас миний яриаг авсанд баярлалаа.
Ариун-Ундрах -
Заа.
Лувсангомбо -
Та бүхэндээ баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.