Damdinjav


Basic information
Interviewee ID: 990386
Name: Damdinjav
Parent's name: Dorj
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, physics/math teacher, now works as a hotel cleaner
Belief: Buddhist
Born in: Adaatsag sum, Dundgovi aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
childhood
education / cultural production
authority
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За сайн байна уу? За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Дамдинжав -

Яана аа?

Ариун-Ундрах -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Дамдинжав -

Сайн үйлээр үү?

Ариун-Ундрах -

Аан сайнаар ч бай, муугаар ч бай. Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Дамдинжав -

Надад ажил амьдралд сайнаар нөлөөлсөн үйл явдал бол зөндөө бий. Миний ээж Шатар, эмэг эжий Хорол, миний аав Эдүхэн бол миний амьдралын бүх зам мөрийг чиглүүлж өгсөн хамгийн ачтай буянтай хүмүүс. Миний энэ хөгшин Сумъяа байна. Одоо бид хоёр чинь 55-56 жил боллоо. Энэ гавъяа шагнал, ингэж сайхан урт удаан наслах, энэ уужуу тайвуу байх энэ үйлсийг манай энэ хөгшин Сумъяа надад сайнаар нөлөөлсөн ийм хамгийн ачтай буянтай хүн байгаа юм. Манай “Чингис хаан” зочид буудлын захирал Отгонтуяа гэж хүн бий. Тэр бол “Чингис хаан” зочид буудлын орчныг тохижуулахад мөнгөн хөрөнгө ч их өглөө. Сэтгэлийн урам дэмээр их тусладаг. Гэр оронд маань ч ирдэг, очиж тусладаг ийм хүмүүс. Ер нь надад муугаар тусладаг, муугаар хандсан хүн ер нь бараг байхгүй дээ. Хүн болгон надад сайхан санагддаг. Тийм учраас надад хүн болгон сайхнаар ханддаг. Би тэр хилс хэрэгт оролцох, аа одоо хэлмэгдэлтэнд оролцох ийм юм болж байгаагүй. Цөм хүүхдүүдийн маань ач буян гэж ингэж боддог. Одоо хүүхдүүд бол надад үргэлж сайн сайхныг шавь нар маань бэлгэдэж байдаг. Ер нь хүн сэтгэлээ хичнээн сайхан засч, цэвэр ариун болгоод, хүнд хичнээн их сайн үнэн сэтгэлээсээ, ёстой чин үнэн сэтгэлээсээ тусалж байвал хүний хариу муугаар ирнэ гэж ерөөсөө байдаггүй гэж би ингэж санадаг. Надад одоо муу санасан, муу бодсон, одоо сүрхий муугаар хандсан хүн бол байхгүй дээ. Би ч хүн зодож байсангүй, би сурагчаа ч зодож байгаагүй. Хүнтэй ч зодолдож байгаагүй. Хүн ч намайг зодож байгаагүй. Тэгээд миний зам мөр бол их сайхан цэвэр ариун. Энэ бол аав ээжээс минь, багш нараас минь, хамт олноос минь миний сэтгэлийг засч өгсөн заслага надад шингээд тэр нь үр ашгаа өгч байна аа гэж ингэж санадаг.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Дамдинжав -

Миний амьдралд ер нь хүн болгоны л ижил ийм амьдралын дунд өсч хүмүүжсэн. Ганцхан миний боддог бодол юу байна уу? гэх дээр зэрэг нэг хийсэн юмаа одоо заавал л амжуулчихна гэж ингэж санадаг. Тэгээд би одоо энэ нас 80 хүрлээ. Гэхдээ бол миний хийх ажил яагаа ч үгүй. Одоо энэ говио, энэ Налайхыг ногоон төгөл болгоход хувь нэмрээ оруулна гэж ингэж боддог. Надад бол би ийм тоглоом энэ тэр гэж мэддэггүй. Ганцхан цэцэгэн дунд, модон дунд л байвал болдог. Аа харин заримдаа би өөрийгөө бодоод гайхдаг. Заримдаа цэцэг ногоотойгоо ярьчихсан явж байдаг. Ээ чи минь яасан сайхан дэлгэрээв дээ. Яасан гоё байнав дээ сарнай минь л гэнэ. Зарим нь хорчийчихсон байвал чи одоо юунд урвайчихсан байх чинь. Юу нь болохгүй болоов гэнэ. Тэр сэтгэлд хоногшсон ажил бол ерөөсөө өөрийн эрхгүй л яриад байдаг. Ийм л байдаг юм.

Ариун-Ундрах -

Энэ ургамал ногоог чинь бас сэтгэлтэй гэж яриад байдаг ш дээ.

Дамдинжав -

Өө тэгэлгүй яахав тэгнэ. Ургамал ногоо битгий хэл ус ч сонин шүү дээ. Эрдэмтэн 3 стаканд 3 ус хийгээд тавьчихсан юм гэнэлээ. Тэгээд нэг стаканд нь нэг 20-иод хоног туж хараал хэлээд, стакантай усны аман дээр очоод л хараагаад. Аа нэг усан дээр нь туж сайхан ерөөлийн үг хэлээд байдаг. Нэгэнд нь юу ч хэлээгүй. Тэгээд 20-иод хоногийн дараа үзсэн чинь юу ч хэлээгүй ус нь өмхийрчихсөн байсан. Аа хараал хэлээд байсан ус нь хар хөх булингар суучихсан. Ерөөл хэлээд байсан ус нь жигтэйхэн сайхан тунгалаг. Хүн нэг толгой өвдлөө, зүрх өвдлөө гэдэг. Уурлаад хэрэлдээд ирэх дээр зэрэг хүний тархи зүрхний 80% гаруй нь ус. Тэгэхээр тэр уурласан уурлалт усаар дамжаад тэр тархи толгойнд нөлөөлж байна. Цэцэг мөн ялгаагүй. Цэцгийг хичнээн сайхан магтаад л, хичнээн сайхан арчиж тордоод л байвал цэцэг төдий чинээ сайхан байна. Миний нэг дээр үед таньдаг хоёр хүн цэцэг тарьдаг байсан. тэгсэн тэр хоёр маань салахдаа тулаад гэртээ хэрэлдээд, зодолдоод салахдаа тулаад. Тэгсэн тэднийд байсан бүх цэцэг нь үхсэн. Аквирумд тавьсан загас нь үхсэн. Тэгээд эргээд нийлсэн. Тэгсэн чинь бүх цэцэг нь ургасан. Тэгэхээр энэ цэцэг, ус, ургамал энэ бүхэн бол тийм хэрүүл хараалтай орчинд муу. Ер нь хүний ааш араншинг бол цэцэг ус мэднэ. Тийм учраас байгаль бол би өөрийгөө л амьд л гэж боддог бол, би өөрийгөө баярладаг гомддог гэж боддог бол цэцэг ч баярлана, цэцэг ч гомдоно, ус ч баярлана, ус ч гомдоно. Цөмөөрөө л нэг байгалийн адилхан биетүүд. Хүн амьтай амгүй л гэж ярьж байна. Цаанаа бол амьтай гэж санадаг.

Ариун-Ундрах -

Та бол уг нь физиз, математикийн багш гэсэн ш дээ тийм ээ?

Дамдинжав -

Тийм.

Ариун-Ундрах -

Аа тэгээд ер нь хэзээнээс энэ мод ногоо тарих ажил, амьтантай холбоотой ийм ажлуудыг эхлэх болсон бэ? Яаж эхэлж байсан бэ?

Дамдинжав -

Би сүүлийн 30-аад жил захирал хийлээ. Тэгээд хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийг өөртөө ойртуулах гол арга бол загнах, хоосон магтах магтаал биш. Жинхэнэ цэвэр ариун байгалийнхаа дунд хамтраад ажиллавал хэрэгтэй. Болдоггүй хүүхэдтэй ярих гээд стольны 2 талд өөд өөдөөсөө хараад суучихад шатрын хар цагаан 2 тал шиг л байна. Аа багш 10 үг хэлэхэд хүүхэд 1-2 үг л хариулна. Тэгвэл сайхан дэлбээлсэн сарнай, нүдээ нээгээд дөнгөж нүдээ нээсэн бүжингийн дэргэд очоод явахад хүүхэд өөрөө аяндаа дуу алдана. Тэгээд л тэр дуу алдсан үеэс нь эхлээд ярина. Тэгэхэд бол хүүхэд надаас илүү ярина. Тийм учраас хүнийг хөгжүүлэх, хүнийг эрүүл саруул болгох явдал бол байгаль гэж би ойлгосон. Хоёрдугаарт нь захирал хүн бол бүх багш нартаа хэлэх үг нь мэргэжлийн амин сүнс болсон үгийг хэлэх ёстой. Тийм учраас манай биологийн багш их сайн багш байсан. Биологийн багшдаа өөртэй нь энэ захирал хэрэгтэй юм хэлж байна шүү гэж ойлгуулахын тулд би биологийн талаар их зүйл уншсан. Ер нь мэргэжил мэдлэгийнх нь талаар их зүйл уншсан. Тэгээд ямар ч мэргэжилтэй байлаа би 8 жилийнхээ хэмжээнд багш нартаа зөвлөөд хүүхдүүддээ хичээл дээр нь зөвлөгөө өгөөд байхаар тийм хэмжээний болсон. Ер нь удирдлага бол удирдуулж байгаа хүнээсээ болж өгвөл давуу мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэж байж хүнд хэрэгтэй үг хэлнэ. Тэгэхгүй дутуу мэдлэгтэй, юу ч мэдэхгүй хүн мэддэг хүнд юм ярих цагийн гарз шиг санагдана. Тийм учраас цагийг үрж болохгүй. Үгийг үнэнд хүргэх хэрэгтэй. Үг бол үнэнд хүрнэ.

Ариун-Ундрах -

Таны амьдарч байсан түүхэн үеүд ямар ямар онцлогтой вэ?

Дамдинжав -

Миний амьдарч байсан түүхэн үе эхлээд бага нас бол ер нь шинжлэх ухаан техникийн хөгжил, манай орны хөдөө аж ахуйн хөгжил энэ тэр бол их буурай, их ядуу тийм байсан л даа. Малчид, ард түмэн бол ёстой бор зүрхээрээ зүтгэж байлаа. Тэр үед хүмүүсийн ёс зүйд одоогынх шиг буртаг булингар бол байгаагүй. Цэвэр ариунаараа цагаан цаас шиг тийм байсан. Аа амьдрал бол нилээн хүндхэн байсан. Аа сүүлийн үед бол хөгжөөд ирэх дээр зэрэг бас өөр болсоон. Одоо нэгдэлжих хөдөлгөөн гээд яллаа. Энэ соёлын хувьсгал гээд л яллаа. Аа энэ бүхэн бол туж дэвшил ирсэн. Би нэгдэлжих хөдөлгөөн, энэ соёлын хувьсгал энэ тэрийг бол муу юм үгүй гэж санадаг. Ер нь хүнд их сургамж өгсөн. Ухаан нь нэгдэлжих хөдөлгөөн ялаад ирэх дээр зэрэг баг бригадаараа нийлж хамтарч хороо хашаагаа барих хамтын хөдөлмөр бол тэрэн дээр их хөгжсөөн. Аа соёлын хувьсгал гээд л ярилаа. Соёлын хувьсгал бол хүнд ер нь их юм өгсөн. Хүчлэж байгаа юм шиг мөртөө хүчлүүлээд хийчихсэн ажил тэр аянд соёл авчирсан... Тэгээд би боддог. Нэг их олон нийгэм үзсэн биш. Тэгэхдээ ямар ч нийгмийн дунд, ямар ч хамт олны дунд амьдарсан мууг нь хаяад сайныг нь тусгаж аваад л байх хэрэгтэй. Тэр авах гээхийн ухааныг бол өөрөө их сайн мэддэг. Өөрөө орчноосоо өөрөөсөө шалтгаалах муу зүйлээс сэрэмжилж, зайлж чаддаг. Өөрөөсөө шалтгаалах муу юм их байна. Орчноос шалтгаалах муу юм байна. Муугаас нь зайлаад л, сайныг нь дагаад л яваад байвал ер нь аль ч нийгмээс авууштай юм их байгаа. Авахыг нь аваад л улам өөртөө тохируулж, хэр чинээндээ тохируулж хөгжүүлээд л, муугаас нь ийм байвал муу зам руу ордог юм шүү гэдгийг зайлаад л яваад байвал боллоо. Тэгэхээр энэ нийгмийн хөгжлийг бол хөгжил хөгжилд нь муучилж болохгүй. Тэр чинь ёсоороо л явж байгаа юм түүх. Сайныг нь сонгож аваад л, муугаас нь зайлаад л байвал сургамж гэсэн үг л гэж санаж явдаг. Ер нь хүн ч гэсэн тэр дан муу хүн гэж байхгүй. Хулгайч сайн хүн. Жишээ нь одоо би Дундговьт байж байхад манай аймгийн төв дээр хутга Жамъян гэж хүн байсан юм. Юм л бол хутга гаргана, хүнд. Би түүнтэй их дотны найз байсан. Тэр хүн бол надтай дотны найз болсон. Манайх Дундговьд гэр барилаа. Гэр бариад их мундаг өнөр өтгөн найр хурим болсон, хэдэн хоногоор. Найрын сүүл дээр хөгшин бид хоёр хэдэн хүүхэдтэйгээ байсан тэр Жамъян маань ирээд айраг цагаа уугаад сайхан яриа болж байтал 2 жолооч согтуухан орж ирээд Жамъянд агсам тавих гээд байсан. Тэгээд Жамъян гараад явчихсан. Тэгээд тэр хоёрыг гараад явсан хойно орж ирээд ярьсан. Энэ муу хоёрыг бол би ёстой хуниад хаячихвал хуйлруулаад хаячихна. За яршиг даа муу найзынхаа ганц гэр барьж байхад би тэгээд яахав. Би тэгээд гарсан. Эд муусайныг бол юу байхав. Ёстой цусгүй алаад өгнө гэж. Тэгэхээр энэ муу хүн гэж байхгүй. Муу хүнд ч сайн юм их бий. Сайн хүнд ч бас муу юм бий. Тэгэхээр нь тэр сайныг ялгаж аваад өөртөө тохирсныг ялгаж аваад л байх явдал. Ялгах мэдрэмж, өөртөө ба өрөөл бусдаас орж ирэх сайн юм, муу юмыг ажиглаж ухаарах ухаан хэрэгтэй. Ингэвэл болно гэж санадаг. Ер нь зуудаг нохой, зуудаг нохой л гэнэ. Зуудаг нохой чинь эзэндээ, хамгаалдаг хониндоо бол сайн шүү дээ. Аа давхиад байгаа хүндээ тааруу л байх. Тэгэхээр дан муу юм гэж байхгүй. Сайн, муу холилдож байна гэж л боддог.

Ариун-Ундрах -

За хоёулаа таны хүүхэд насны тухай түрүүн ярьсан ш дээ тийм ээ? Түрүүчийн ярилцлаган дээр. Тэгээд таны хүүхэд нас тэр багшийн сургуульд сурснаас хойшоо ер нь яасан бэ? Та багшийн сургуульд сурч байхад хэцүү зүйлүүд нь ч юм уу, бэрхшээлтэй зүйлүүд нь юу байсан бэ?

Дамдинжав -

Надад багшийн сургуульд байхад би мэргэжилдээ дуртай байж. Багш болно гэж. Хоёрхон ч жил байж. Байранд ч байлаа. Тэгээд ер нь тэр үед бол надад хүнд үе гэж бараг байсангүй. Байранд байсан учраас улсын асрамж гэсэн үг шүү дээ. Одоо үеийг бодвол хичээлдээ мэрийх мэрийлт, цаг ашиглах бол их сайн байсан. Аа харин багшлаад ирсэн хойно бол зөндөө бэрхшээлүүд бол гарсан даа. Надад хамгийн хүнд үе миний амьдралд нэг удаа таарсан. Би Дундговийн Цагаандэлгэр суманд 86 оны 7 сард очиж 7 сарын 20-нд ажил хүлээж авсан. Тэгээд захирлын ажил хүлээж авчихаад овоо сайхан тохижуулаад юм хум эхлээд байж байсан. Ийм болох шинжтэй. Тэгээд 1-р улирлын амралт 11 сарын 3-нд эхэлдэг. 10-нд хичээл ордог. Тэр манай Цагаандэлгэр сум их зудтай байдаг учраас Хэрлэн баян улаанд нүүсэн, отор тэжээлийн станцад. Тэгээд хүүхдүүдээ цөмөөрөнг нь машинд суулгаж өгөөд өнөө 11 сарын 3-нд тэгээд нутаг руу нь явуулаад, нэгдлээс нэг сайн жолооч явсан. Тэгээд нутагт нь аваачаад гэр гэрт нь аваачаад өгчихсөн. Тэгээд 8-ны өглөө эрт машин явуулаад 8-нд очоод хүүхдээ цуглуулж аваад тэгээд 9-нд эргэж ирнэ гэж байсан. Тэгээд 9-ны орой хүүхдээ ирнэ гээд байрны хүүхдүүд 100 гаруй хүүхэдтэй. Тогоочоо хүүхдүүдийнхээ хоолыг бэлдүүлээд, байрныхаа багшийг байрыг нь бэлдүүлээд жигтэйхэн сайхан дулаахан хоол ундыг нь бэлдүүлээд ингээд байсан. Тэгсэн шөнө 12 хүртэл машин ирдэггүй. Тэр чинь холбоо гэж байхгүй шүү дээ, одоотой адилхан. Тэгээд тогоочоосоо түлхүүрийг нь аваад хоол ундыг нь аваад шөнийн жижүүртээ өгөөд, байрныхаа багшийг чи яахав эндээ хоночих доо. Хүүхэд ирнэ гэж хэлээд тэгээд 12 өнгөрөөгөөд тогоочтой, би өөртэйгээ харьж амарсан. Тэгээд өглөө эрт хүүхэд хүрээд ирсэн байх гэж хүрээд ирсэн чинь хүүхэд ирээгүй байна. Алга, байр нь хүүхэдгүй. Хэрлэн баян руу отор тэжээлийн станц нүүсэн айлын хүүхдүүд ирээгүй. Тэгээд хичээл заагаад байж байсан чинь сумын дарга дуудлаа. Хүрээд очсон хүүхэд аваарт орсон байна. Отор тэжээлийн станцад аваарт орж. Тэгээд яаж уу? Хүүхэд эндэж үү? гэсэн чинь энджээ. Одоо яах уу? гэсэн та яв гээд намайг яв гэж байна. Тэгээд хүрээд очсон. Очиход хүүхэд голдуухан тэгээд туж эмэгтэй шахуу 6 хүүхэд газар дээрээ нас барсан. Тэгээд нилээн хүүхэд хүнд бэртсэн. Тэгээд тэр чинь их сүрхий л дээ. Очоод буухад л өнөө эндсэн хүүхдийн эцэг эх оччихсон... Одоо захирал минь ийм сүйд болчихлоо гээд зарим нь барьж аваад л тэврээд уйлаад, зарим нь одоо сүйд боллоо. Энэ сургуулиас л боллоо ч гэх шиг тэгээд янз бүрээр хэлээд л. Тэгээд яахав одоо тийм хүнд байдалд орчихсон юм чинь. Тэгээд аймгаас онгоц очсон. Улсаас бас нэг онгоц очсон. Тэгээд хүндийг нь наашаа хот руу авч яваад, хөнгөнийг нь аймаг руу яваад. Тэгээд нэг 6-7 хүүхэд л бурхан болсон. Тэр хамгийн хүнд үе. Тэгээд тэр аюулаас нэг 15 хоногт би ерөөсөө нойр хүрдэггүй байсан. Тэр чинь хэцүү. Тэгээд зарим эцэг эхчүүд ирж агсам тавина. Тэгээд би ерөөсөө шилжие гэж санасан. Энэ суманд одоо би чадахгүй нь байна. Одоо зам мөр нийлсэнгүй ээ. Ирээд 3 сар гаруй хугацаанд ийм олон хүүхэд бурхан болчихлоо. Би ерөөсөө болохгүй юм байна. шилжье гэж 20-иод хоног бодлоо. Тэгсэн бодсон. Ерөөсөө би шилжихгүй, шилжиж болохгүй. Ийм олон хүүхдийг сүйдэлж, энэ олон хүүхдийн эцэг эхийг элгийг нь хатаалаа. Тэгэхээр би энд ажиллана. Энд үр дүнтэй ажил хийнэ гэж. Тэгээд л тэр олон мод бут тарих, амьтан үржүүлэх, сургуулиа тохижуулах. Манай сургууль чинь одоо улсын хэмжээнд заавал нэвтрүүлэх 2 жагсаалд орсон юм ш дээ. Нэгдүгээрт нь орчноо ногоон төгөл болгоно гэж. Манайх бол ногоон төгөл болсон. Германы биологич, биологийн шинжлэх ухааны доктор Ханс Ханап гэдэг хүн ирээд одоо говьд ийм байдаг юм уу? гэж. Тэр чинь одоо жигтэйхэн сайхан болчихсон байсан үе л дээ. Тэгэж байсан. Аа хоёрдугаарт нь манайх жилдээ нэг 1000 кг аарц 100-ын торхоор 10 торх аарц хийж авдаг байсан. Хүүхдүүд, багш, ажилчидтайгаа нийлээд. Тэгээд тэр аарцаа 11 сараас эхлээд 5 сар хүртэл иднэ. 5 сар хүртэл идэхдээ бүх хүүхдүүддээ аарц буцалгаж өгдөг байсан. Тэгээд үлдсэнээр нь ааруул тавьдаг. Одоо ч манайх аарцаа бэлдээд тавьчихдаг юм ш дээ. Одоо ингээд бид бол өвөл ерөөсөө аарц худалдаж авдаггүй.

Ариун-Ундрах -

Аан өөрснөө л хийх юм уу?

Дамдинжав -

Тийм. Одоо 4 сар хүртэл бол бид нар өөрсдөө хийсэн таргаар, одоо таргаа ингээд нөөцлөөд авчихсан. Би тэгээд тэнд 20 жил боллоо. 20 жил болоход тэр заавал нэвтрүүлэх төсөл 2 болж гарлаа. Би хэд хэдэн их хуралд орлоо. Гавъяат авлаа. Манай сургуулиас олон багш нар шагнал авлаа. Манай сургууль чинь одоо улсын хэмжээний сайн сургуулиудын тоонд орсон шүү дээ. Тэр надад хамгийн их хүнд байсан. Тэгээд ерөөсөө л хэрэвзээ би шилжээд явчихсан байсан бол муу ёрын хүн ирээд нэг хэдэн хүүхэд алчихаад явчихсан гэж хэлнэ ш дээ. Аа шилжээгүй, заавал юм бүтээнэ гэж би тэр юм бүтээсэн. Гэхдээ хүний амийг бол яаж нөхөж барах вэ? Ийм юм нэг гарсан. Аа би анх очсон жилээ манай тэр Цагаандэлгэр сум жигтэйхэн гантай, цагаан идээ байхгүй. Тэхээр энэ би хотоос ирж торх аарц авъя гэж ирсэн. Сүүний үйлдвэр дээр ирээд 1 торх аарц авах санаатай дарга дээр нь орсон. Дарга дээр нь орсон чинь нэг залуу хүн. Би учир байдлаа ярьлаа. Нэг торх аарц авах санаатай явна гэж. Тэгсэн тэр хүн надад хэлсэн. Тэр их залуу хүн байсан. Ахаа би таны асуудлыг ойлгохгүй байна. Та манайхаас нэг торх аарц авъя гэв үү? гэж. Тийм ээ? гэсэн. Та чинь хаанахын хүн билээ? гэж байна. Дундговийн Цагаандэлгэр. Та хөдөөний хүн юм аа даа гэнэ. Тийм. Үгүй ээ тэгвэл хөдөөний малчны дунд байгаа хүн хотоос аарц авъя гэж ирэх. Уул нь би бол танайхаас очиж аарц авах ёстой. Энэ чинь юу болоод байна даа гэж. Тэгээд би ерөөсөө ичсэн. Би тусгүй юм боллоо. Яахав дээ одоо тэгээд дороо гараад явчилтай биш жоохон сууж байгаад гаръя даа гэж бодоод. Ер нь дахиад ийм муухай юм байж болдоггүй юм байна гэж санаж тэндээс нэг 100 кг цохож өгсөн. Тэгээд очоод ажилчиддаа хэлээд за энэ муухай юм байна. Дахиад аарц гуйхгүй. Өөрснөө аарц бэлдэнэ гээд л. Тэгээд түүнээс хойш ер нь жилд 1000 кг аарц авдаг. Ер нь тэгээд ичихийг ухаарч чадвал хожоо болдог юм. Миний тэр аарц хийсэн явдал ичилтээс үүссэн. Тэгээд энэ бол ухаарч л чадвал хэрэгтэй. Хотод ирээд хотын биологийн багш нарт энэ боловсролын яам манай биологийн багшийг, намайг хөдөөгөөс 2 хүнийг хотын биологийн багш нартай уулзалт хий гэж. Хотын биологийн багш нартай уулзалт хийгээд уулзалтанд ороод ярьдагаа яриад тэгээд дуусгасан. Тэгсэн нэг нилээн ахимагхан, улсад их алба ажил хашсан тийм янзын хүн надаас асуудаг юм байна. Та болжмор гэж ярилаа. Тэр чинь болжмор юм уу? Борбай юм уу? Бор шувуу юм уу? гэж. Аа тэр манай хөдөө чинь зөгий байдаг юм ш дээ. Бал цуглуулдаг зөгий. Тэр манай хичээл ...-ын талбайд хээрийн зөгий цугласан. Тэгээд манай хичээл ...-ын талбайд хээрийн зөгий цугласан гэх дээр зэрэг таны тэр зөгий чинь зөгий юм уу? Шмель юм уу? гэж. Би Шмелийг мэдэхгүй. Тэгээд би хэлсэн дээ. Үнэнээ хэлсэн. Тэр болжмор биш бор шувуу байх аа гэж. Аа би тэрийг андуураад болжмор гэчихэж. Шмель гэдгийг би мэдэхгүй байна. надад манай биологийн багш зөгий л хэлсэн гэж. Тэгсэн тэр биологийн уулзалтанд орсон багш нар надад тэгсэн. Энэ этгээдийн хүн байгаа юм. Хүнийг унагаах гэж байдаг хүн гэж. Тэгээд би очоод шмель гэж юу байна уу? гэж номон дээрээс үзээд би шмель гэдгийг уншсан. Тэгээд шмель гэж одоо хаа байна гэж ирсэн, тэнд. Тэгээд шмелийг олсон. Тэгэхээр энэ хүнд хичнээн ч одоо буруу асуулт асуугдаж ороогдож, ухаан нь унагаагдсан ч тэр бол үргэлж сургамж. Туж хожоо. Би бол ерөөсөө тэндээс би доромжлуулж байна гэж боддоггүй. Туж хожоо гэж санадаг. Би Батсүмбэрийн сангийн аж ахуйгаас манай сургууль чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, давжаа алим аваачсан. Тэгээд Бат-Очир захирал бол тэндэхийн дарга, доктор, профессор ажилтай. Энийг өөрөө хүнээс хүүхэд өргөж аваа юм шиг арчлаарай гэж тэр захирал. Тэгээд жигтэйхэн сайхан арчлаад 2-3 жил болсон. Тэгсэн хөдөө хавар сургуулийн багш ажилчидтайгаа хөдөө малчдын хороо янзалдаг юм л даа. Хороон дээр ажиллаж байсан улаан номертой Улаанбаатарын тэрэг давхиад ирсэн. Тэгээд ирээд сургуулийн багш ажилчид мөн үү? гэнэ. Мөн. Сургуулийн захирал Дамдинжав гэдэг хүн байна уу? гэсэн. Би байна гэнэ. Тэгээд надтай уулз гэдэг юм байна. Тэхээр тэр үед бол манайх ажил ид эрмүүн оргил үедээ явсан. Энэ тэндээс ирсэн хүн бол туршлага судалъя гэдэг байсан. Тэгээд л мөн туршлага судалъя л гэж байгаа юм байхдаа гэж бодоод машинд нь орсон. Машинд ор гэж л орсон жолооч нь гараад явчихлаа. Тэгээд хоёулахнаа суугаад л цүнхнээсээ бичиг цаас гаргаад л, одоо энэ миний туршлага судлах гэж байгаа юм байна даа л гэж бодлоо. Хариулах л юм бодож байсан. Тэгсэн юу юугүй бичиг гаргаад л худлаа хэлвэл хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Худлаа хэлж болохгүй. Хуулийн хариуцлага хүлээнэ гээд юу юугүй байцаалт болсон.

Ариун-Ундрах -

За.

Дамдинжав -

Тэгэж ирчихээд ямар хаашаа юм бэ? Тэр чинь тэс өөр юм бодогдож байгаа юм ш дээ. Тэгээд асуусныг нь хариулаад л байсан. Тэгсэн чинь тэгэж асуусан. Тэгээд Батсүмбэрийн чинь сангийн аж ахуйгаас 5 коньяк танд Бат-Очир гэдэг хүн өгсөн байна.

Ариун-Ундрах -

Коньяк гэж нөгөө архи уу?

Дамдинжав -

Тийм, архи. Болгар каньяк. 5 шилийг өгсөн байна. Та авсан уу? гэнэ. Тэгээд би хэллээ. Би аваагүй. Тэр үед чинь архи их ховор болчихсон байсан юм. тэд нар үнэхээр хөөцөлдөөд 1 шил коньяк явахын урд өдөр тэр буусан буудалд бидний удирдлагууд ирж цөмөөрөө хувааж өгсөн. Тэгээд тийм л юм уусан гэнэ. Үгүй ээ та вокзал дээр гаргаж өгөхөд 5 шил коньяк өгсөн байна ш дээ танд гэнэ. Өгөөгүй, тэр болоогүй. Тэгээд нилээн байцааж байгаад сүүлд нь та ер нь эвсээд нэгдээд байгаа юм биш биз дээ? гэж, тэр Бат-Очир захиралтай. Үгүй ээ гэсэн. Тэгээд одоо Очирбат захирлын өгсөн юм надад одоо сургууль дээр байгаа. Та очиж үзвэл үз гэнэ. Үзье гэнэ. Тэгэхээр нь багш ажилчиддаа хичээлийн эрхлэгчдээ та нар энийг хүү минь чи нэг удирдаад хийлгэчих. Та нар хий. Би энэ хүнтэй яваад уулзъя. Энэ хүнд туршлага судлах биш нэг л хэрэг л үүсэж байгаа юм байна. Би яавахаас биш үгүй гэж хэлээд ирээд тэр юмаа үзүүлсэн. Тэгсэн тэр хүн Төв аймгийн онцгой хэргийн байцаагч гэлүү юу гэлээ тийм байсан. Тэгээд үзээд өө сайхан юм хийж. Үнэхээр сайн байна. Таныг хэрэг болвол дараа дуудна. Тэгсэн тэндэхийн нягтлан нь мөнгө илдчихэж. Мөнгө идээд над дээр 5 шил коньяк зарлагдчихаж. Тэгэж худлаа дуудагдаад. Аа мөн 77 онд байх аа. Намын төв хорооны бүгд хурал болдог юм байна. Бүгд хурал болсны дараагаар буудалд аймгийн намын хороон дээр иржээ л гэж дуудна. Намын хороон дарга ажил их сайн дэмжинэ. Миний их сайн танил, сайн дэмждэг хүн. Тэгээд намайг дуудаж байна гээд зарлага дуудлаа. Зарлага ирээд намын хороон дарга дуудаж байна гээд хүрээд очлоо. Очсон чинь аа ажил төрөл яриад л ямар байна гэж өө сайхан яриад л, хуралд орсноо яриад л, хурлын тухай яриад л их сайхан яриа боллоо. Тэгсэн сүүлд нь асууж байна. Үгүй ээ Дамдинжав минь чи яаж сүйдэв дээ гэж байна. үгүй ээ би юу хийсэн юм бэ? Юу ч болоогүй ш дээ. Үгүй ээ чи улс төрийн хэрэгтэн гэхээр юм болсон байна ш дээ гэж байна. Үгүй ээ юу юм? гэсэн чинь. За чи энэ Зөвлөлт Монголын найрамдалт гэж жигтэйхэн улс төржсөн үед чи энэ бүгд хурлыг угтаад В.И.Лениний хөшөөг буулгасан байна ш дээ гэдэг юм байна.

Ариун-Ундрах -

За.

Дамдинжав -

Үгүй ээ юу гэсэн үг вэ? тэр чинь би буулгаж хаясан байна. Тэгэж намын төв хороонд мэдээлэл очиж. Тэгээд үгүй ээ үгүй би буулгаж хаяагүй. Буулгасан нь үнэн. Тэр чинь манай сургуулийн төгсөгчид зун хичээлийн байрны хойд талд Уленоавын нэг жижигхэн хөшөө байдаг шүү дээ. Тийм хөшөөг хичээлийн байрны ар талд сайхан татсан зүлэг байдаг юм. Тэрэн дээр хойшоо харуулчихаж, зун. Аа өвөл болох дээр зэрэг тэр чинь дүүрэн хунгар. Тэр хөшөөний тэг дундуураас доош хунгар. Тэгэхээр энэ ерөөсөө хунгар болоод байна гээд тэрийг зөөгөөд сургуулийнхаа урд талд аваачаад хүндэтгэлийн талбайд энэ суман жагсаалын талбай байдаг шүү дээ. Тэндээ байрлуулаад, эргэн тойрон цэцэг тариад, 2 талаар нь мод тарьчихсан юм. Тэгсэн би тэгсэн тэгсэн шүү дээ гэнэ. Үгүй ээ мэдэхгүй. Тэгсэн дэвтрийн хуудаснаас ар өвөргүй биччихсэн тийм мэдээлэл очиж. Тэгээд одоо яахав. Тэрийг надад уншуулаагүй л дээ, харуулсан. Тэгээд дарга минь очиж үзэх үү дээ гэнэ. Тэгээд дарга тэгэж байна. Намын төв хороо намайг биеэрээ шалга. Өшөө хүнд хэрэггүй. Биеэрээ шалга гэсэн. Тэгээд очоод үзүүллээ. Өнөө ар талын суурийг нь үзүүлээд суурь нь энэ байгаа юм. Энэ байсан юм. Одоо энд байгаа юм гээд урд үзүүлээд. Хүндэтгэл их сайхан болгосон. Урд нь цементэн талбай засчихаад цэцэг тариад, мод тариад тэгээд үзээд аа болно оо. Та хэрэг хийгээгүй байна гэж. Тэгээд нэг өнгөрлөө. Тэгээд л түүнээс хойш юу гэж бодсон бэ? гэх дээр зэрэг энэ сайхан хамт олны дунд байна гэж бодно. Сайхан хамт олны дунд чинь бас ганц нэг атаа жөтөө болсон хүн байдаг юм байна шүү. Тэрийг зөв таних хэрэгтэй. Зөв таниад тэр хүнд буруу хандаж болохгүй. Зөв хандах хэрэгтэй гэж сургамж өгсөн. Тэгээд нэг өвөл байж байлаа. Би дотуур байрандаа цагаан идээ, масло их сайн бэлддэг. 100 гаруй хүүхэдтэй. Тэгсэн хотоос мөн нэг тэрэг хүрээд иржээ л гэнэ. Манай сургууль дээр бол зүүн аймгийн бүсийн туршлага суралцах зөвлөгөөн манай сургууль дээр ирсэн юм ш дээ. Энэ хотын энэ хойд талын бүх аймгийн удирдлага захирлууд очсон. Баруун талынх очсон, зүүн талынх цөм очсон доо. Тэгээд л хүн л ирвэл л туршлага судалдаг л байсан. Тэгсэн хотын нэг тэрэг иржээ л гэнэ. Төдхөн зарлага гүйгээд ирлээ. Таныг дуудаж байна аа л гэнэ. Тэр тэгдэг л юм л даа. Тэгээд л их юм туршлага судална, ярина. Тэдээс тэдийд төлөөлөгч ирүүлье гэнэ. Тэгээд хүрээд очсон нэг бор хар хүн байж байна. Мэнд усаа мэдэлцээд ардын хянан шалгах хорооноос явж байна аа. Тэр чинь одоо дээр үед ардын хянан шалгах хороо гэж байсан юм ш дээ. Тэгээд мөн туршлага асуух юм болов уу гэсэн туршлага асуусангүй. Бичиг цаас гаргаад л бас л буруу хэлвэл хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Одоо буруу зөрүү хэлж болохгүй гээд л асуудаг юм байна. Тэгээд асуулаа. Тэгсэн Чойрын 9-р дэлгүүрээс 400 кг масло авсан байна та. 400 кг масло авсан байна. Та тэр их маслыг юуны мөнгөөр юунд хэрэглэх гэж авсан юм? Юуны мөнгөөр авдаг юм? Тэхээр нь би хэллээ. Би 400 кг масло аваагүй. 200 кг масло аваагүй. 200 кг маслыг юугаар авдаг юм гэдэг юм байна. Би төсвийн мөнгөөр аваагүй. Би сургуулийнхаа хоолыг хавар сувай мал аваад, тусгай малчин гаргаж маллуулаад, өвөл нь тэрийгээ нядлаад, гэдэс дотрыг нь сайхан янзлаад, өвчүүг нь аваад байрандаа цагаан сараар идээ засна ш дээ. Хүүхэд, тасаг болгонд идээ засаад, ундаа тавиад, аа өвчүү хошного энэ тэр чанана. Айрагтай. Тэгээд тарган өнөө хаврын ялгачихсан тарган хониныхоо ууцны өөхийг тэр чигээр нь шуудайд хийж байгаад Чойр дээр аваачиж галавсайны дэлгүүрт өгөөд, тэндээсээ мөнгө аваад. Тэгээд 9-р дэлгүүрээс масло авдаг юм. 200 кг масло. Би хэллээ. Би 200 кг масло авсаан. Манай хүүхдүүд зунжингаа үхэр ферм дээр хатдаг. Үхэр тугал маллана. Өглөө эрт босно. Зунжингаа үхэр тугал малладаг. Масло авдаг. Тэгээд масло нь манай сургуульд наалдах юм юу ч байдаггүй. Улсын төлөвлөгөө гээд л яваад өгдөг. Тэр өвөлд бол ерөөсөө масло дээр нэг вариан түрхэх ч юм байдаггүй. Би тийм учраас масло авсан. Бид хүн болгон масло талхтай иддэг. Тэгээд манай байрны хүүхэд ялгаагүй идэх л ёстой. 400 кг масло авсан гээд тулгаад болдоггүй. Авсан байна гэж. Би аваагүй гэж нилээн хэлж байгаад хэллээ. Үгүй ээ та ерөөсөө ажлаа түргэлэхийг бод. Миний 400 кг масло авсан гэсэн баримтаа та надад үзүүл. Би тэрийг чинь үзье. Таны ч ажил түргэлэг, миний ч ажил түргэлье. Би ч танд худлаа хэлээд байгаа юм уу? Та ч надаас худлаа одоо асуугаад байгаа юм уу? Одоо мэдэхгүй ш дээ гэсэн. Тэгсэн тэгэж байна. Би таниас асуух болж байна уу? Та надаас асуух болж байна уу? Ухаандаа би таныг байцаах болж байна уу? Та надыг байцаах болж байна уу? гэж байна. Үгүй ээ үгүй би байцааж байгаа юм биш. Хэргийн ул мөр ил болж асуудал нэг тийшээ түргэн хандаг гэж бодоод л тэгсэн юм. Та уучлаарай намайг. Би буруу аялгаар хэлчихсэн байж магадгүй. Тэгвэл би буруугаа хүлээхэд бэлэн байна гэсэн. Нилээн байзнаж байгаад цүнхээ уудлаад падаан гаргаад ирлээ. Тэгсэн тэр падаан нь ийм босоо падаан. Толгой нь ингээд масло авсан. 400 кг масло. Манай сургуулийн падааныг боловсролын хэлтэс аймгийн хэмжээний бүх сургуулиуд руу нэгдсэн журмаар ийм гонзгой падаан өгдөг юм. Тэр падаан бол ийм падаан. Аа тэгээд бодлоо. За байна ш дээ асуудал нэг тийшээ боллоо гэж би бариад ирэхээр нь үзлээ. Чойрын 9-р дэлгүүрээс Цагаандэлгэрийн дунд сургууль 400 кг масло авсан гэж байна. Миний гарын үсэг байна. Жигтэйхэн адилхан юм. Тэгэхдээ биш. Би хэллээ. За хүү минь асуудал цэгцэрлээ. Наадах чинь миний гарын үсэг биш байна. Манай падаан биш байна. Манай падаан бол ийм падаан. Аа энэ падаан бол ийм байна. Энэ чинь нэгдсэн журмаар боловсролын хэлтэс бүх сургуулиудад адилхан падаан өгдөг юм гэсэн. Тэгвэл та падаанаа аваад ир гэнэ. Дор нь зарлага явуулаад аж ахуйн хүн дуудуулаад жилийн падааныг бүгдийг нь аваад ир гэж хэллээ. Тэгсэн манай падаан туж ийм. Тэгээд миний гарын үсгийг ингэж нэг үзээд л, ингэж үзчихээд л тэгэж байна. За тийм байна аа. Шаардлага гарвал таныг дуудна гэж. Тэгсэн чинь яасан бэ? гэх дээр зэрэг манай нэгдлийн дарга улсын мастерийн төлөвлөгөө нэгдэлд тасрахгүй юу. Тасрах дээр зэрэг манай сургуулийн нэр дээр 400 кг масло аваад улсын төлөвлөгөөнд өгчихөж. Хэ хэ хэ.

Ариун-Ундрах -

Балай юм.

Дамдинжав -

Тийм мэтийн юм гардаг юм. Тэгээд энэ бол туж сургамж.

Ариун-Ундрах -

Тэр таны гарын үсгийг дуурайлгачихсан юм уу?

Дамдинжав -

Дуурайлгаад биччихсэн. Тэгээд адилхан. Тэгээд би бол гарын үсгээ зурахад энэ ацаг шүдний алдаа гэдэг шиг ацаг шүдээ тодорхой бичдэг л дээ. Ерөөсөө хүнд бол ямар ч юманд тэр гарын үсэг бол ерөөсөө л гарын үсэг шүү дээ.

Ариун-Ундрах -

Тэрийг ер нь мэдмээр юм байна.

Дамдинжав -

Эзнийг нь барьж өгдөг эд. Бүр шүдний тоог тоолж зурна. Тэр чинь мэдмээр анхаарууштай юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Тийм байна.

Дамдинжав -

Тэгэхээр тэр чинь манай нэгдлийн дарга, биднуудыг удирдаж байгаа сум нэгдлийг дарга тэгэж байгаа юм. Бас тэрнийг итгэж болохооргүй л юм. Түүнд бол муу санаж болохгүй. Иймэрхүү юм гардаг л юм. Ажиллаж байхад бол ийм юм зөндөө л дөө.

Ариун-Ундрах -

Тэр төлөвлөгөө биелээгүй гээд тэгэхээр социализмын үед янз бүрийн төлөвлөгөө энэ тэр гэж янз бүрийн зүйлүүдийг авахаар ингэж ажиллуулдаг байсан уу?

Дамдинжав -

Тэгэлгүй яахав. Түүхий эдийн төлөвлөгөө, энэ бүх төлөвлөгөө чинь 30-н хэдэн төлөвлөгөө байдаг юм. Тэр 30-н хэдэн төлөвлөгөөгөө биелүүлчихсэн нэгдэл бол аймагт тэргүүний нэгдэл болно. Тэрнийгээ биелүүлээгүй нь бол одоо тэгээд л доошоо хамгийн сүүл хүртэл орно. Тэгэхээр тэр манай нэгдлийн дарга маань тэргүүний нэгдэл болохын тулд л өөрийнхөө төлөвлөгөөнд оруулчихгүй юу. Тэр ч бас сүвэгчилж л байна л даа. Цагаандэлгэрийн сургуулийн нэр дээр 400 кг масло аваад явуулчихвал тэгээд одоо хэн юу гэхэв гэж.

Ариун-Ундрах -

Уг нь баригдаагүй бол тийм ээ?

Дамдинжав -

Тийм. тийм. Тиймэрхүү юм гардаг л юм. Тэгээд энэ бол туж сургамж, ажлын. Энэ бол муу юм биш. Энэнээс бол суралцаж хүн төлөвшинө. Ийм л юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Та бас нөгөө, таны зурган дээр Москвад авхуулсан зураг байсан ш дээ.

Дамдинжав -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр тухайгаа ярьж өгөөч?

Дамдинжав -

Заавал нэвтрүүлэгт би олон жилээр, манай сургууль олон жилээр сайн гэж яригддаг юм.

Ариун-Ундрах -

Ямар нэвтрүүлэг ээ?

Дамдинжав -

Манай өнөө орчноо ногоон төгөл болгох талаар. Ганц ч модгүй, юу ч үгүй газар 3000 гаруй навчис, шилмүүс модтой, 600 гаруй чацарганатай, 400 гаруй үхрийн нүд, бөөрөлзгөнө, давжаа алим гээд ерөөсөө битүү ганхсан ногоон төгөл болсон. Тэгээд тэр аарц, энэ хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдийг хөгжүүлэх, эргэн төлөвшүүлэх, энэ орчны хамт олон бүрдүүлэх талаар сайн байна гэж эвлэлийн төв хорооноос шагнаж намайг Москва, би гадаадад хэд хэдэн удаа явсан л даа. Тэр шагналаар явж байсан юм. Тэр шагналаар явах бол сайхан л даа. Юм үзнэ. Энэ тэнд л зөндөө явлаа. Тэгээд хамгийн гол юм нь хүнд муу санахгүй. Хүнийг муу хийе гэж бодохгүй байхад сайхан санаа бол заавал эргэж сайхнаар ирнэ. Хүнд муу үзэж л болохгүй. Нэг номон дээр ингэж бичсэн байсан. Хамгийн муу өстэй хүнтэй уулзахад өөдөөс нь инээгээд л байвал тэр хүн инээнэ гэж. Тэгээд энэний тэр тайван сайхан зам бол хүнд үргэлж эргэдэг.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Дамдинжав -

За би ч баярлалаа. Одоо ингээд хүрээд ирсэнд.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.