Damdinjav

Basic information
Interviewee ID: 990386
Name: Damdinjav
Parent's name: Dorj
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, physics/math teacher, now works as a hotel cleaner
Belief: Buddhist
Born in: Adaatsag sum, Dundgovi aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
keepsakes / material culture
family
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Дамдинжав гуай.
Дамдинжав -
Сайн. Сайн байна уу? Хүү минь. Тарган сайхан намаржиж байна уу?
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Сайхан намаржиж байна аа.
Дамдинжав -
Сайхан намаржиж байна аа.
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Дамдинжав -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За танд маш их баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Дамдинжав -
Би Дундговийн хүн байгаа юм. Дундговийн Адаацаг сумын Зуут гэдэг газар 1930 онд төрсөн. Ээжийн 2 дахь хүүхэд болж төрсөн юм. 8 нас хүртлээ аав ээжийнхээ гар дээр тугал, хурга, хонь хариулж маллаж байлаа. Одоо малчин айлын хүүхдүүд ямархуу жишигтэй байна уу? тэр хэмжээний л байсан. Би багаасаа эхлээд хонь мал хариулах дуртай, мал маллах дуртай хүүхэд байсан. Тэгээд 1939 онд Сайн цагааны бага сургуульд ороод 1949 онд.... би дунд нь нэг завсардсан юм даг. 7-р ангиа төгсөөд 49 ондоо багшийн сургуульд орсон. Багшийн сургуульд ороод 2 жил болоод төгссөн. Эрдэнэбатын Раднаа гэдэг хүн миний багш байсан. Би физик, математикийн ангийг 2 жил болж төгсөөд 1951 онд төгссөн. 51 онд багшийн сургуулийг төгсөөд Дундговь аймагт очиж багшилсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 9 жил багшилсан. 9 жил багшлаад 10 дахь жилдээ МУИС-ийн физикийн ангид орж 63 онд төгссөн. Миний физикийн багш бол энэ Дамдинжав гэдэг багш бий. Одоо ШУТИС-д багшилж байна. Сүхбаатар багш, Архит багш олон сайхан багш нар бий. Тэгээд энэ багш нарынхаа хүчээр физикийн мэргэжилтэй болсон. 1963 онд МУИС-ийг төгсөөд Дундговь аймагтаа очиж төв 10 жилийн дунд сургуулийн захирлаар ажилласан. Төв 10 жилийн дунд сургуулийн захирал хийж ажилласнаас хойш сүүлийн 28 жил захирлын ажлыг хийж байна. Захирал, эрхлэгчийн ажлыг хийлээ. Тэгээд 1972 онд Адаацагын сургуулийн захиралаар очсон. 77 онд Цагаандэлгэрийн сургуулийн захирлаар очсон. Энэ хооронд энэ хөдөөгийн хөдөлмөрчдийн хүүхэд, малчдын хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, ардын уламжлалт зан заншлаар хүмүүжүүлэх, мал байгалиа хайрлаж, хүнээ хүндэлдэг, хөдөлмөрийг эрхэмлэдэг, бие дааж амьдрах чадвартай болгох талаар онцгойлж ажилладаг байсан. Миний гол зорилго бол одоо математикийн гүнзгийрүүлсэн сургалт, физикийн гүнзгийрүүлсэн сургалт энэ тэр гээд л байна. Миний бодлоор бол амьдрах ухааны гүнзгийрүүлсэн сургалтанд суралцуулж, хүн болгон амьдрах нь үнэн. Тийм учраас хүн шиг сайхан амьдарч, айл гэрийг удирдаад явчих, өөрийгөө удирдаад явчих, орчиндоо манлайлагч болох ийм л иргэн төлөвшүүлэх явдал хамгийн чухал гэж боддог. Гарцаагүй үнэн бол хүн болгон эрдэмтэн мэргэд болохгүй. Хүн болгон амьдрах нь бол үнэн. Одоо миний гол үндсэн зорилго бол эцэг эх болгон сайн хадамтай болох юмсан, сайн хүргэнтэй болох юмсан гэж хүсэж мөрөөддөг. Тэгвэл сайн хадамтай болохын тулд, сайн бэртэй болохын тулд, сайн хүргэнтэй болохын тулд хүн болгон өөрийнхөө охиныг, хүүг айлын бэр, айлын хүргэн, шилдэг хүргэн бэргэнүүд болгож, айл удирдаад явчих шилдэг өрх, ам бүлүүд болох ийм чадвартай болгох бол зүйтэй юм уу гэж ингэж санадаг. Ер нь миний ажиллах хугацаандаа баримталж байсан гол зорилго бол хүний гарыг харж амьдрахгүй. Өөрөө өөрийнхөө ухаанаар өөрөө өөрийнхөө бодсон санасныг зориг тэвчээр гаргаж хэрэгжүүлж чаддаг ийм иргэн төлөвшүүлэх л хэрэгтэй гэж ингэж санадаг юм. Ер нь хэлж ярьсан зүйл бол амархан мартагддаг. Ядарч байж хийж бүтээсэн зүйл бол нэг насанд сэтгэлд хадагдаж үүрд үлддэг ийм сайхан зүйл. Би сүүлийн 30 гаруй жил сургуулийн орчныг ногоон төгөл болгох, ан амьтныг хайрлах, цэцэг ногоо тарих, мод бут тарих энэ ажлыг эрхэмлэж ирлээ. Тэтгэвэртээ 1990 онд гарсан. Хөдөө зөвлөх багшаар ажиллаж байгаад мөн малчнаар ч ажиллалаа. Малчнаар ажиллахдаа ойр хавийнхаа шавь нарт, хүүхдүүддээ мал ахуй маллах талаар тэдэндээ ярьж, тэднээс суралцаж, тэдэнд хэлж өгч ингэж явж ирсэн. Ингээд 2001 онд Улаанбаатар хотод хөгшин маань өвчтэй, амьдралын эрхээр хотод орж ирсэн. Тэгээд хотод орж ирээд 2002 онд “Чингис хаан” зочид буудлын цэцэгчин, цэцэрлэгчнээр одоо хүртэл ажиллаж байна. Манай “Чингис хаан” зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн бол бараг тохижиж гүйцэж байна аа гэж ингэж санадаг. Тэгээд энэ “Чингис хаан” зочид буудлыг би бодохдоо гадаадын хүндэт зочид, төлөөлөгчид, улс гүрний тэргүүнүүд, алдар цуутан улсууд Монголд ирэхдээ хамгийн түрүүнд л “Чингис хаан” зочид буудлын босгоор алхдаг. Монголын хүний ааш араншин, Монголын хүний зочломтгой чанар, Монгол хүн байгалиа хэрхэн тордож сэргээдэг, Монголын цэлмэг сайхан тэнгэр, уужим сайхан агаар ямар байдгыг тэр “Чингис” зочид буудлынхаа орчны цэцэрлэгжилтээр эхлэж харуулах юмсан гэж ингэж боддог юм. Гадаадын төлөөлөгчид ирээд хамгийн түрүүнд Буянт ухаагын зочд буудалд буудаг. Тэгээд манай “Чингис хаан” зочид буудалд ордог юм. Энийг би төсөөлүүлж хөдөөгийнхөө амьдралаар бодоход Буянт ухаагын буудал бол хөдөөгийн айлын морины уяа, шон. Тэгээд тэр айлд орж байгаа нь бол “Чингис хаан” зочид буудлаа гэж ингэж санадаг юм. Манай “Чингис хаан” зочид буудлын орчныг тохижуулахад Отгонтуяа захирал асар их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Ер нь бол мөрөөдөх нэг хэрэг, мөрөөдлийг хэрэгжүүлэх явдал, мөнгө санхүү ажлын ажиллах хүчин, хүний урам зоригыг л сэргээх явдал хамгийн чухал. Тэгээд ер нь хүн болгоны бодох бодол бол мөнгө чухал байлгүй яахав. Хүний урмыг сэргээж, ажиллах дотоод нөөц хүчийг шавхаж гаргах явдал хамгийн чухал юм уу гэж боддог юм. Тэгээд хамгийн их хөрөнгө оруулалт бол хүн бүрийн дотоод нөөц бололцоог л шавхаж гаргах явдал гэж ингэж санадаг. Би Дундговь аймгийн Цагаандэлгэрийн сургуульд 20 жил боллоо. Тэгэхэд манай ажилчид, багш нар, сурагчид асар их хэмжээний идэвхитэй, байгалиа хайрлах үзэл бүрэн төлөвшсөн ийм сайхан хамт олон байсанд одоо миний сэтгэлд уяатай байдаг. Манай Цагаандэлгэрийн 8 жилийн дунд сургууль багш ажилчид, сурагчдынхаа хүчээр 50 метр урт, 8 метр өргөнтэй нарийн ногооны хүлэмж барьсан. 25 метрт нь өргөс хэмх тариад, 25 метрт нь улаан лооль тарьдаг. Тэгээд тэрийгээ өөрийнхөө хоол хүнсэнд хэрэглэдэг. Аа орчиндоо 30 гаруй гургуултай. Ер нь одоо бол манай Монголд гургуул бараг устчихаад байна. Тэгэхэд гургуулын аж ахуйгаас манайх 30 гаруй гургуул аваад үржүүлж байлаа. Молтогчин туулай нэг 70 гаруйтай байсан. Сүүлтийн ооно, цагаан зээрийн шарагчинтай байлаа. Яст мэлхийтэй байлаа. Энэний гол үндсэн зорилго бол байгалийг хайрлаж хамгаалах, ан амьтныг үржүүлэхэд хүүхэд хүүхэд биечилж ажилладаг. Ер нь цэцэг ногоо, мод бутаа, ан амьтныг хайрласан хүүхэд энэрэх зөөлөн сэтгэлтэй болж хайрлах ухаан, туслах мэдрэмж хүүхдэд тусдаг гэж ингэж боддог юм. Манай Цагаандэлгэрийн дунд сургууль жимс жимсгэний мод бут тарьсан. Батсүмбэрийн сангийн аж ахуйн зөгий үржүүлгийн эрдэм шинжилгээний станцын дарга нь Очирбат доктор байсан. Тэр манайд чацарганы мод, үхрийн нүд, бөөрөлзгөнө, давжаа алим өгч. Чацарганы 3 сортын 600 гаруй буттай, үхрийн нүдийн 4 сортын 400 гаруй буттай, навчит шилмүүс мод нэг 3000 гаруйтай болсон. Манай аймгийн зүүн талын 9 суманд байгальдаа өөрийнхөө нутагт ганц ч хайлаас, бургас байхгүй сум бол ганц манай Цагаандэлгэр сум байсан. Тэгээд Цагаандэлгэрийнхээ хөдөлмөрчдөд, Цагаандэлгэрийнхээ хүүхдүүдэд байгалиас манай Цагаандэлгэрт энэ мод бут хайрласангүй ээ. Энийг нөхөж нөхөн сэргээлт хийе ээ. Цөмөөрөө мод бут тарья гэж ярьсан. Нилээн удаан ярилцсаны эцэст энийгээ хэрэгжүүлээд ер нь мод бут хугалах хүүхэд гэж байдаггүй. Хэрэвзээ хүүхэд бол хүүхэд л юм чинь тоглож гүйж яваад нэг мөчир хугалчихад тэрийгээ бариад ирнэ. Биологийн багш дээр юм уу. Манай биологийн багш Баттөмөр гэж их сайн хүн байлаа. Одоо Чойрт бий. Үгүй бол над дээр энийг тарья, энийг тарьж болох уу? Би тарья гэж ирдэг байсан. Манай Цагаандэлгэрийн сумд бол булаг байхгүй. Ганцхан худгийн усаар амьдардаг. Далайн түвшнээс 1112 метр өргөгдсөн ийм өндөрлөг газар. Худгийн усаар бүх хэрэгцээгээ хангана. Тэр цэцэрлэгт хүрээлэнгээ услахад өдөрт нэг 30-36 тонн ус ордог юм. Тэгээд манайх орчноороо сайхан тохижоод, сайхан тохижуулсны дараагаар их сайхан болсон. Манай хамт олны гол зорилго бол ерөөсөө хүнээс юм гуйя гэж боддоггүй. Дээд зэргээр сайн ажиллаад хүнийг танай орчин сайхан болжээ. Надаас ямар туслалцаа авах вэ? гэж гуйх хүртэл нь тохижуулна гэж ингэж боддог байсан. Ингээд улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн гишүүн Рагчаа дарга манай сургууль дээр ирж үзээд их сайхан байна. Говийн бүх сургуулиуд ийм болвол одоо ер нь говь биш хангай болох нь ээ гэж яриад гарахдаа юу хүсэх вэ? гэсэн. Тэгээд усны унаа хүсье гэж хэлсэн. Усны унаа хүсье гэж хэлэхэд та систер хүсч байна уу? гэж. Би систер хүсээгүй ээ. Чиргүүлтэй трактор хүсэж байна гэж. Тэгэхээр миний бодол бол систерийн очиход үдэш оройн цагаар манай тэнд чинь их айрагтай газар шүү дээ. Найр хийнэ, айраг их ууна. Үдэш оройн цагаар машиныг маань, жолоочийг маань хүн гуйгаад ойр хавьд давхиад, айрагтайгаа давхиад байна. Хэл ам болохын нэмэр. Трактор авчихвал хэн ч гуйхгүй гэж бодоод трактор авсан юм. Тэгээд трактораараа бүх усан хэрэгцээгээ хангадаг. .....-оор шүршчихнэ. Тэгээд ер нь сургууль орчноо тохижуулахад гол биш орчиндоо нөлөөлөх явдал хэрэгтэй гэж ингэж санадаг байсан. Тэгээд Чойрын 32-р баазад 3 настай улиасны суулгац 1 жил 300-г өгсөн. Тэгээд одоо бол 4 давхар байшинтай бараг чацуухан болчихсон байна лээ. Их сайхан ургадаг юм. Тэгээд миний гол бодол бол ер нь энэ байгалийг хайрлах хэрэгтэй. Байгаль дэлхий ээж гэж нэрлэсэн. Энэ дэлхий ээж гэдэг бол ээж гэдэг нь их учиртай гэж санадаг. Намар болоод, өвөл болоход хорхой шавж өөрийнхөө үр төл авгалдайг газрын хөрсөнд хадгалуулаад, өвөлжингөө тэнд байж хаваржин болоод л хавар зуны эхээр гарч ирдэг. Дэлхий бол ерөөсөө тэр чигээрээ ээж. Дэлхийн газар шороо бол ерөөсөө эхийн хэвлий гэсэн үг. Тийм учраас энэ газар шороог хайрлаж хамгаалах явдал чухал гэж санадаг. Тэгээд би мод бутыг тарихад үрээр нь тарих л хэрэгтэй гэж санадаг. Одоо улсууд бол суулгац гээд л ойгоос мод авчирч тариад л байна. Энд үхээд л байна. Тариад л байна, үхээд л байна. Тэр чинь ойн модыг сүйтгээд, энд авчирч үхүүлээд 2 газар л сүйдэлж байна гэж санадаг. Би “Чингис” зочид буудалдаа сүүлийн 2 жил хайлаас, голт бор одоо сэрээнэ үрээр тарилаа. Голт бор үрээр өнгөрсөн жил тариад нэг 700 гаруй голт бол бойжуулах талбай дээр шилжүүллээ. Хайлаас нэг 100 гаруйг тариад мөн бойжуулах талбайдаа шилжүүллээ. Одоо энэ бол шар хайсны үр байгаа юм. Энэ шар хайсны үр гэдэг чинь жижигхэн шүү дээ. Тэгээд шар хайсны хэрэгцээ бол их байдаг. Шар хайсныг үрээр нь тариад миний гол бодол бол энэ манай “Говийн багш нарын нийгэмлэг” гэж бий. Өмнөговь, Дундговь, Дорноговь энэ говиудын. Тэгээд би тэр говийн багш нарынхаа нийгэмлэгийн гишүүний хувьд говийн сургуулиудыг энэ үрээр хангаж, мод бут тарих ийм хөдөлгөөнийг өрнүүлнэ ээ. Би бол ийм байгаа юм. Энэ чинь одоо туж шар хайсны үр. Ухаан нь энэ шар хайс гэдэг чинь л 1 ширхэг том бут болно. Одоо манай “Чингис” зочид буудлын зүүн тал, энэ талбайн урдах цэцэрлэгт хүрээлэнг сайхан дэллэчихсэн байдаг шүү дээ.
Ариун-Ундрах -
Тийм.
Дамдинжав -
Тэр чинь энийг тарьж байгаа юм. Энэ бол хичнээн олон байна. Аа голт борын үр бол энэ байна. Энэ бол их сайхан цэцэгтэй. Гүн улаан цэцэг гарна, ягаан цэцэг гарна, цагаан цэцэг гарна.
Ариун-Ундрах -
Аан тийм олон өнгийн үү?
Дамдинжав -
Тийм. Өндрөөшөө 3 метр шахуу ургана. Соёлтой орны ямар ч цэцэрлэгт голт боргүй цэцэрлэг гэж байдаггүй юм. Тэгээд одоо “Чингис хаан” зочид буудалдаа 300-400 голт бортой голт борын төгөл байгуулах саналыг оруулаад байна. Тэгээд манай удирдлагууд бол зөвшөөрсөн. Улаанбаатарт бол голт борын төгөлтэй цэцэрлэг гэж байхгүй ээ. Тэгээд манайх одоо энэ жил нэг 700-аадыг тарьсан юм чинь тэрнээсээ нэг 300-400-аадыг нь өөрийнхөө голт борын төгөлд өгөөд, бусдыг нь өөр газруудад өгнө. Дундговь аймгийн Сайн цагааны сургууль 70 жилийн ой болсон. Энэ өнгөрсөн намар. Би тэнд уригдаж очсон. Тэгээд тэрэн дээр 70 жилийн маргааш 80 жилийн ойн бэлтгэл ажил эхэлнэ. Би 80 жилийн ойн бэлтгэл ажилд анхдагч нь болоод 80 голт бор өгье өө гэж. Одоо энэ 700 суулгацнаасаа 80 голт борыг тэнд өгнө. Тэгээд энэ хүссэн газар орнуудад өгнө. Энэ бол манай МУ-ын брэнд гэхээр эд дээ.
Ариун-Ундрах -
Юу вэ энэ?
Дамдинжав -
Энэ халтар арвай, хөх арвай. Энэ Ховд, Говь-Алтайд бол их тарьдаг. Тэгээд энэ арвайн гурил бол энүүгээр арвайн гурил хийхэд жигтэйхэн сайхан үнэртэй, анхилуун сайхан үнэртэй Монгол үр. Энэ бол ерөөсөө ийм хүрэн халтар байна ш дээ.
Ариун-Ундрах -
Тийм байна.
Дамдинжав -
Би энийг Дундговьд тарьсан. Их сайхан ургадаг юм. Тэгээд энэ Налайхдаа энийг тарья, одоо ирэх жил тарья аа гэж бодож байгаа юм. Тэгээд ер нь манай хүмсүүдийн боддог бодол юу байна уу? гэх дээр зэрэг би бол олон сайхан танилуудтай. Миний танилууд бол ерөөсөө туж цэцэг ногоо, жимсний мод бут тарьдаг ийм улсууд. Тэгээд энэ улсууд маань хүсэхдээ энэ жил тариад ирэх жил нэг 2 метр ч юм уу, дор гэхэд л 1 метр 70-80 см өндөр болохоор тийм мод бут өгөөч гэж ингэж ярьдаг. Тэгэхээр энэ бол тэгэж болохгүй шүү дээ. Энэ чинь одоо байгаль юм болох дээр зэрэг гарцаагүй хүлээх хугацаа байна. За би тэр улсууддаа хошигноод зүгээр сайхан сэтгэлээр ярьдаг юм. Одоо эмэгтэй хүн бол таниас хүүхэд төрөхөд, эрэгтэй хүн бол таны авгайгаас хүүхэд гарахад 1 жилийн дараагаар 20 настай эр шиг тийм сайхан хүн болгож болох уу? гэж. Тэгэхээр тэр яаж болохов дээ гэж. Тэгэхээрээ тэр мод чинь яг адилхан, наадахтай чинь яг адилхан. Таны хүүхэд одоо манай Монголын хүмүүсийн дундаж нас бол нэг 80 хүрээд байна. Тэгвэл манай энэ тарьж байгаа мод гэдэг чинь 300 жилийн настай мод. Тийм учраас тийм хурдан болохгүй ээ. Та хүлээх хэрэгтэй гэдэг. Ер нь тэгээд Монгол орон бол Монголын хүн ам энэ ядуурах үндэс бол ерөөсөө байхгүй. Энэ их сайхан газар шороо, энэ сайхан агаар, энэ сайхан нар, энэ сайхан өвс ургамал байхад энийгээ тарихад бол одоо үнэхээр хангай л болно уу гэхээс биш говь байхгүй дээ. Говь бол ерөөсөө хангай л байх ёстой юм. Устчихсна учраас л говь болсон юм ш дээ. Түүнээс хангай шиг гол мөрөнтэй, хангай шиг хур бороо их ордог бол хангай л байна. Монгол 1500000 гаруй кило хавтгай дөрвөлжин километр газар бол тэр чигээрээ л хангай байх ёстой. Тэгэхээр энэ байгалийг хайрлаж хамгаална гэдэг бол өөрийгөө хайрлаж хамгаална гэсэн үг. Хүн гэдэг чинь байгалийн нэг биет шүү дээ. Байгалийг хамгаална гэдэг чинь өөрийгөө л хамгаална гэсэн үг. Тийм учраас энэ мод бутыг үржүүлэх явдал туйлын чухал гэж ингэж санадаг. Миний зургуудаас манай Цагаандэлгэрийн цэцэрлэгийн талбай бол энэ л байна л даа. Энд манай Оонын зураг бий. Тэгээд одоо 5 настай ооно. Бид дэгдээхий гэж нэрлэдэг.
Ариун-Ундрах -
Жижигхэн юм тэ?
Дамдинжав -
Тийм. Чихэр жимс иднэ. Эмэгтэй хүүхдийг их туулгана. Тэгээд мөргөхдөө бол гараа ингээд алгаа өөдөөс нь харуулаад гараа өргөхөд зөөлхөн ирээд мөргөнө. Их ээ өндөр цоройгоод. Тэгээд энүүнийг ингэж сайхан ооно болгоход бас эхлээд тэр эхээс нь салгаж авчирсан чинь бас их хүнд байсан л даа. Ишиг алдсан ямаа олох хэрэгтэй болсон.
Ариун-Ундрах -
Аан яагаад?
Дамдинжав -
Ямаанд хөхүүлэх, өнөө янзагаа хөхүүлэх. Тэгээд янзагаа хөхүүлэг ямаа эрээд байсан чинь 3-4 ямаа авчирч хөхүүлээд, хайдаг ямаа. Тэгсэн 3-4 ямаа нэг хөхүүлээд л цовхроод явчихдаг байсан. Тэгэхээр энэ ишиг бол урагшаа нударч хөхдөг. Янзага бол гадагшаа дугтарч хөхдөг. Тэгэхээр өнөө нударч хөхдөг ишигний оронд гэдэргээ дугтарч хөхдөг янзага болоод ирэх дээр зэрэг хөх нь ч өвддөг юм уу? Тэгээд давхиад явчихдаг байсан л даа. Тэгсэн нэг 4-5 жил туж ишиг алдсан нэг мухар цагаан ямаа манай нэгдлийн малчин Энхбаярынх гэдэг айлаас авсан. Тэгээд тэр хөхүүлсэн. Тэгээд 4-5 жил төл нь үхчихсэн амьтан болох дээр зэрэг юу л хөхүүлнэ вэ тэр өвдөхийг мэдэхгүй хөхүүлдэг юм уу даа гэж санасан. Тэгээд тэр бүдүүн ооно болтол нь хоёулаа нэг дор байдаг байсан. Тэгээд ямаа юм болох дээр зэрэг янзаганаасаа түрүү үхсэн л дээ. Тэгээд тэр чинь их сонин. Янзага бол тавьчихад сумын төв дээгүүр хол хол харайгаад л дэгдэнэ. Хашаандаа дэгдэнэ. Тэгэхээр нь өнөө ямаа янзагаа дуурайгаад бас дэгдэх гэнэ. Тэр ямааны дэгдэх, гөрөөсний дэгдэх хоёр бол ёстой 2 өөр. Инээд хүрмээр. Энэ тахийн шар нурууны зураг. Энэ хулан, одоо манай тэнд хулан үржүүлээд байгаа ш дээ. Би уржнан жил очсон. Энэ чинь нэг 10-аад адуу байгаа юм. 2 унагатай. Аа энэ буга. Ингээд хүн ойрхон, энэ бол жигтэйхэн нэг саахалтын хэрээний газар л очсон л доо. Тэгээд ер нь Монгол орны хэмжээгээр бол энэ ан амьтнаа үржүүлэх талаар асар их хэмжээний сэтгэлзүйн өөрчлөлт оржээ. Тэр дундаа манай Улаанбаатар хотод бол ер нь мод бут тарих хөдөлгөөн их өрнөсөн байна. Энэ хүн болгон юм тарья, хүн болгон юм хийе гэдэг үзэлтэй болж дээ. Тэгээд энэ жил би Хэнтий аймагт очиж мод тарьлаа. Дундговьдоо мод тарьлаа. Аа манай Дундговь бол тэр чигээрээ элсэрхүү газар шүү дээ. Тэгээд асар их хэмжээний мод тарьсан. 100,000 мод тарих зорилт тавиад одоо бараг ихэнхийг нь тарьчихсан сайхан ургаж байна. Аа тэнд бол үхсэн модны нүх гэж бол ерөөсөө байхгүй. Манай Улаанбаатарт бол үхсэн модны нүх их олон харагдаад байдаг. Тэгэхээр мод ургах уу? Үгүй юу? гэдэг маань ерөөсөө л эзэн хүний арчилгаанаас шалтгаална. Дундговь бол эндээс нэг 200 гаруй км 260 юм шүү дээ. 300-аад км-ийн зайтайгаас суулгац аваачаад тэрийгээ хүүхдийг хүнээс өргөж авдаг шиг яаж л тэр өргөмөл хүүхдээ торддог вэ? Модыг түүн шиг торддог учраас мод бол мод л болоод байна. Манай энд бол ерөөсөө хотод бол хавар тарьчихаад л намар нь хаячихдаг. Тэгээд намар нь хаячихаад дараа жилийн 5 сард усладаг. Тэгэхээр энэ модны усалгаа арчилгаа гэдэг маань жилийн 4 улирал, 12 сарын туршид усалгаа хийдэг ёстой. Ихэнхийг нь алдчихсан учраас л үхээд байгаа юм. Энэ бөртийсөн цагаан юм байна уу?
Ариун-Ундрах -
Байна.
Дамдинжав -
Энэ чинь унага.
Ариун-Ундрах -
Жижигхэн юм тэ?
Дамдинжав -
Тийм. Тахийн унага. 2 хөөрхөн унагатай. Энэ чинь өнөө тахь агтлана барина гэдэггүй учраас тэр чигээрээ л цөөхөн байхгүй бол азарга нь хасаад. Энэ азарга нь байгаа юм. Тэгээд намайг энэ байгальд хайртай болгох, байгальд дуртай болгох энэ ажлыг манай эмэг ижий анх суурийг нь тавьсан гэж боддог. Эмэг ижий маань аргал түүгээд явахдаа намайг дагуулаад явдаг байлаа. Би сургуульд суугаагүй жоохон байхад. Тэгээд л ургамал хараад л за энэ чинь дугтаргана байгаа юм, энэ чинь таана байгаа юм, энэ чинь хөмүүл байгаа юм, энэ чинь гогод байгаа юм, энэ чинь согообор байгаа юм, хазаар байгаа юм гээд л хэлдэг. Өндөг сүүдэрлэж болохгүй шүү. Шоргоолжны үүрний нүхийг булж болохгүй шүү гэдэг. Ер нь тэгээд эцэг эхчүүд хүүхдийг байгальд хайртай болгоход бүр сургуульд суухаас нь өмнөөс эхэлж, одоо бол цэцэрлэгийн наснаас нь эхэлж, бага сургуулийн наснаас нь эхэлж л идэвхийг нь сэргээх явдал хэрэгтэй юм гэж ингэж санадаг юм. Тэгээд би бол өөрийнхөө эх орноо хөгжиж, хүн ардаа хүчирхэг иргэд болгох сайхан ирээдүй байна гэж итгэх болсоон. Одоо 18 настай хүү дэлхийн мөнгөн медалийг сая авлаа шүү дээ. Монголоос дэлхийн 18 настай хүүхэд очиж мөнгөн медаль авдаг нь дэлхийд 2 дахь нь юм гэнэлээ. Дэлхийн энэ олон улс гүрнүүдэд Монгол гэж, зарим нь мэдэгдэхгүй шахам байхад тэнд дэлхийн түүхэнд 2 дахьд нь орж байна гэдэг чинь мундаг том ирээдүй. Сумо бөхийг л харахад сумо бөхийн манайхаар бол шөвгийн 4-д бараг л Монгол хүн тэр чигээрээ л орж банйа шүү дээ. Одоо сүүлийн үед энэ гадаадад болж байгаа тэмцээнүүдэд бол манай хүүхэд залуучууд асар их өндөр идэвхитэй байна. Шатар тоглолтоор сайн оролцлоо. Цанаар их сайн орж байна. Олимпиадуудад Монголын хүүхдүүд гадаадад их дээгүүр амжилт гаргаж байна. Энэ бүхэн бол манай ирээдүй юм даа.
Ариун-Ундрах -
За таны амьдралын түүхийг бүр эхнээс нь тодруулж ярья гэвэл та өөрийнхөө төрж өссөн гэр бүл, аав ээжийнхээ тухай ярьж өгнө үү?
Дамдинжав -
Миний ээжий Шатар гэж хүн. Миний эмэг ижий Хорол гэдэг хүн байлаа. Миний аавыг Цэен гэдэг хүн байсан. Аа би эхээсээ 7-уул. Миний дүү нар, би хамгийн одоо ууган нь болж байна даа. Миний дээр нэг хүүхэд байж байгаад бурхан болчихсон юм. Тэгээд 8-уулаа байсан юм. Миний дүү нар бол цөмөөрөө мэргэжилтэй болчихсон. Цөм сайн ажиллаж байна. Энэ бол аав ээжийн минь сайн хүмүүжүүлсний ач гавъяа гэж санадаг. Энэ манай гэр бүл Сумъяа гэж одоо бид хоёр нэг хонхорын улс даа. Энэ маань Дундговийн Дэлгэрцогтын хүн. Би Дундговийн Сайн цагааны хүн. Тэгээд бид хоёр 1953 онд нийлжээ. 53 онд нийлээд одоо түүнээс хойш 50 гаруй жил боллоо. 9 эрдэнэ шиг 9 сайхан хүүхэд хөгшин маань төрүүлж өгсөн. 2 нь бурхны оронд хальсан. Бусдууд нь одоо цөм алба ажил хийгээд явж байна. Манай хүүхдүүд нэг нь л эмч, бусад нь туж физик, математикийн, мэдээлэл зүйн мэргэжилтэй улсууд болсон. Аавыгаа дуурайсан юм болов уу гэж бодоод баярлаж суудаг. Хүүхдүүд маань сайн ажиллаж байна аа. Хамгийн бага хүү маань энэ Налайхын Голомт сургуульд мэдээлэл зүйн багш. МУИС-ийн хэрэглээний математикийн анги төгсөөд одоо 8-9 жил ажиллаж байна. Тэгээд энэ хүүхдүүдийнхээ хүчээр бид өдий зэрэгтэй сайхан амьдарч байна. Тэгээд манайх бол мал хөрөнгө чинээ гэдэг бол ерөөсөө юмгүй айл байсан даа. Дээр үеэсээ эхлээд цөөхөн малтай. Тэгээд цөөхөн малтай, олон хүүхэдтэй айлтай дээр үед бол айл буух, хүн айл саахалт буух их дуртай байдаг байсан юм. Тэгээд учир нь олон хүүхэдтэй, цөөхөн малтай айлын хүүхдийг чинь хүний хонинд их явна. Хурганд явна, тугал ... Би бол зуны амралтынхаа хугацаанд туж хонь хариулчихдаг. Гүү бариад ирсэн хойно бол харин гүү татах, арай том болсон хойноо адуунд явах ийм ажлыг бол хийдэг байсан. Миний нүдний хараа сайн. Ганцхан чих дүлий. Одоо 80 шахаж байна шүү дээ. Шүд бол бараг ойчоогүй. Үүдэн шүдээ яахав юм шүдээрээ зулгаагаад булгалчихсан. Араа ч хэвээрээ. Миний аав эжий надад их сайхан эрүүл чийрэг бие заяасан. Тэгээд би тэрэн дээр нь би ерөөсөө архи уудаггүй, тамхи татдаггүй. Аав эжий сайхан бие заяагаад өөрөө хүн болж эхэлснээсээ хойш архи тамхи уухгүй байхад эрүүл энх урт удаан наслах үндэстэй юм аа гэж ингэж боддог. Намайг залуу зандан байхад тэтгэвэрт гарахаас өмнө бол архи дарс уух явтал жигтэйхэн бага байсан л даа. Намайг жоохон байхад манай хонхорт 2 мундаг архичин хүн нэг нийлээд архи уулаа гэж дуулдсан. Би одоо 14-15-тай байсан юм уу даа. Тэгэхэд өдөр нь ирээд архи уугаад, маргаадар өглөө нь нөгөө хүн явсан. Тэгсэн одоо ямар хэмжээний архи уув аа гэсэн чинь 1 шил архи уугаад дундаас нь доош дундруулаад орхилоо гэж. 1 шил архи ууж чадаагүй. Тэгээд тийм хэмжээний архи уудаг хүнийг сүрхий архичин хүн гэж ингэж үздэг байсан. Ер нь манай Монголчууд бол тогооныхоо архийг л ууж байснаас биш өшөө архи уудаггүй. Одоо бол би энэ харамсдаг юм даа. Би эрэгтэй хүн, би эцэг хүн, өрхийн тэргүүн. Тийм учраас энэ гудамжинд шуудай үүрээд явж байгаа архинд орчихсон улсуудыг хараад өрөвддөг. Энэ чинь эр хүн, өрхийн тэргүүн, хүүхдийн эцэг. Энэ улсуудын чинь дунд их хурлын гишүүдээс илүү өндөр мэдлэгтэй хүн байхыг хэн байг гэхэв. Бий. Тийм учраас Монгол Монголоо аваръя аа гэвэл Монгол хүнээ хөгжүүлж хүнээ аврах хэрэгтэй байна. Нэг хэсэг нь гадаадад ажлаар явчихлаа. Нэг цөөхөн хэсэг нь ингээд гудамжинд архи дарс уугаад эрэгтэй нь ингээд явж байна. Хүн амын тоогоор аваад үзэхэд ер нь 100-ны 50% нь тэнцвэртэй байна шүү дээ. Тэгэхэд гадаадад яваад архичин болоод ирэхэд хичнээн сайхан охидууд хань нөхөргүй, гадаадын хүнтэй суугаад гадаад явчихаж байна. Энэ бол асар их гарз гэж би санадаг. Тэгээд энэ нам эвсэл, холбоодууд, иргэдийн төлөөлөл болсон байгууллагууд энэ эрчүүдийнхээ талаар, архи дарснаас хамгаалах талаар, хүн болгоноо хөгжүүлэх талаар, тэр нэг өрөвч зөөлөн сэтгэлийг хүүхэд залуучууддаа төлөвжүүлэх талаар тун гарамгай сайн ажиллахгүй бол энэ мундаг архидалт, энэ шуудай үүрээд явж байгаа улсууд, энэ сүрхий сүрхий хэрцгий танхайралт газар авч магадгүй. Энэ бол одоо ерөөсөө асар том аюул. Ер нь Монголынхоо 2 сая 700 гаруй хүмүүсээ хөгжүүлээд иргэн шиг иргэн болгоод авахад хэдэн энэ Оюу толгой, Таван толгойгоос илүү том хөрөнгө оруулалт. Энэ бол асар их юм. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үг шиг энийгээ л янзлах л хэрэгтэй. Өөрийнхөө байгалийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Одоо мод бут их сүйтгэх юм. Энийг бол бодох хэрэгтэй гэж ингэж санадаг. Би 88 онд МУ-ын гавъяат багш болсоон. Энэ гавъяат багш болсон явдал бол миний хүч хөдөлмөр биш ээ. Миний шавь нар, миний хамт ажиллаж байсан багш ажилчид, манай гэр бүлийн хүн. Ер нь өрх гэрийн амьдралын зөөлөн холбоо бол гэр бүл. Ер нь гэр бүл бүхнийг шийднэ. Дээр үед чинь одоо үлгэр туужинд гарахдаа баян айлын жаахан мулгуухан эрийг хоосон айлын цэцэн мэргэн хүүхэнтэй суулгаж байсан. Энэ чинь ерөөсөө нэг сургамж юм. Эмэгтэй хүн бол амьдралын уян холбоо, бүхнийг зохицуулж байдаг. Тийм ч учраас гэрийн эзний нэрээр ирээд, эзэгтэйн нэрээр гарлаа гэдэг үг бол ер нь хойшид ч гандан бууршгүй. Энэнээс ч үнэн үг байхгүй. Тийм учраас эрчүүд маань, өрхийн тэргүүн маань өөрийнхөө гэр бүлийг, үр хүүхдээ дээд зэргээр хайрлаж хамгаалж байх явдал хэрэгтэй. Хөгшин бид хоёр 50-н хэдэн жил болоход би хөгшнөө нясалж үзээгүй. Одоо энэ улсууд чинь ер нь юу юу гэнэ вэ дээ. Хэн мэдэх вэ. Гуйлгачин ч гэх шиг, ална тална ч гэх шиг. Би бол манай хөгшин ч намайг, би ч хөгшнөө гуйлгачин гэж хэлж үзээгүй. Эрх биш амьдрал юм болохоор нь хошуу муруйлгүй л яахав. Тиймэрхүү юм байна. Гэр дотор түчигнэтэл хэрэлдээгүй. Манай хүүхдүүд их намдуухан. Тэгээд энэ өрх гэрийн авч явах гол хүн маань эмэгтэйчүүд, гэр бүл юм шүү. Энийг ер нь хүүхэд залуучууддаа энийг хэлэхээр л, санахаар л үг байгаа юм даа. Би чинь одоо хүүхдийнхээ хувцасны номерийг мэддэггүй юм шүү дээ. Гутал хэдийг өмсөнө вэ? Би цалингаа аваад хөгшиндөө авчраад өгчихнө. Зайлуул хөгшин маань миний цамцыг, миний хувцсыг, хүүхдүүдийнхээ хувцсыг бүгдийг авна. Мөнгөн тооцоо ямар болж байна вэ? Чи юу болж байна? ч гэж би асуудаггүй. Цалингаа авчраад л өгчихнө. Амьтан хүн ирвэл архи дарс ганц нэг шил аваад өгөлгүй яахав. Энэ чинь өгөх ёстой. Түүнээс биш би архинд зарахгүй юм, тамхинд зарахгүй юм. Цай, гурил, сүү, будаа иймэрхүү юманд л зарна даа. Би тэгээд энэ ертөнцөд хамгийн ачтай хүнийг ээж аавыгаа, тэрний дараа өөрийнхөө хань нөхрийг гэж ингэж санадаг. Ер нь бурхныг хүн шүтэлгүй л яахав. Өөрийн ээж аав, гэр бүлийг бурхнаас илүү л шүтэх хэрэгтэй л юм даа. Ер нь энэ бол Монгол уламжлалын хөдлөшгүй цул чанар энүүнд л байгаа юм. Эвтэй бол бүхнийг шийднэ. Өрх гэр амгалан бол улс амгалан. Улс амгалан бол тэр эх орон тэр чигээрээ амгалан тайван, айж эмээх юмгүй, цочих юмгүй байна. Ер нь тэгээд сайхан амьдаръя, жаргалтай байя гэвэл ажлын хүндийг давж, сайнаар бодсон мөрөөдлөө хэрэгжүүлж, үр хүүхдээ ажилд сургаж, орчиндоо сайн сайхнаар хандах явдал хамгийн чухал юм л гэж боддог юм.
Ариун-Ундрах -
За таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн тухай та дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Дамдинжав -
Би 1-8 нас хүртэл хурга ишиг хариулж, хонь хариулж, даага шүдлэн сургаж ингэж байлаа. Тэгээд Сайн цагааны сургуульд 1-р ангид орсон. 1-р ангид ороход миний тэр үед манай сургууль бол нэг 3 гэрт хичээллэдэг. Аа хүүхдийн байр нь дотуур байранд байна. Ийм л хэмжээний. Тэр үеийн сургууль маань одоог бодвол хүнд шүү дээ. Зүгээр гэртээ завилаад суучихна. Столь гэж байхгүй, өвдөг дээрээ тавиад бичнэ. Тэр чинь одоо дайны эхэн үе ч таарч байж. Одоо бэх гэж байхгүй. Дорнотын хар шавар гэдэг юмыг найруулж бичиж байлаа. Энэ усан тахилын цөгцийг амыг нь төмрөөр эмхэрдчихээд, ёроолыг нь гадасны үзүүрээр цохичихоод, тэгээд л түүнд тэр Дорнотын шавраар черниль хийж бичдэг байсан. Үзэгний эх гэж байхгүй. Төмөр үзэг олддог юм бол тэрийг мод зороод модонд утсаар боогоод тогтоочихдог байсан. Тэгээд марганцыг бас бичдэг байлаа. Марганцыг уусгаад бичихэд бол эхлээд жигтэйхэн сайхан тод гарна. Тэгээд л тэр нь сүүмийсээр сүүмийсээр нэг 30 хоноход арилчихдаг. Тэгээд л алга болдог. Тэнд одоо сурах бичиг гэж байсангүй. Багш л ярина, багшийн ярьсныг тэмдэглэж авна. Эсмен гэж байсангүй. Хичээл давталд бол их сайн байдаг байлаа. Тэгээд хүүхдийн дэг журам бол их сайн байсан даа. Манайх чинь говь учраас мод ч байдаггүй, гол мөрөн ч байхгүй. Тийм учраас нэг хэдэн гэртэй. Тэр сургуулийнхаа гадна талаар одоо нэг морины хомоолноос арай томоохон чулуугаар гортиг татчихна. Тэгээд тэр гортигныхоо урд талд нэг хаалга гаргана. Тэгээд тэр гортигны хомоолноос арай томоохон чулуун дээр алхаж ордоггүй. Тэгвэл тэр чинь хашаан дээгүүр давлаа гэсэн үг. Тэр заавал үүдээр нь ордог тийм сайхан дэг журамтай байсан. Тэр үед ч одоо цүнх ч гэж байсангүй. Даавуун цүнх хийж өгнө. Ээжий маань даавуун цүнх хийж өгнө. Одоо формын хувцас гэж байсангүй. Нэг цэнхэр дээл, ногоон дээл өмсдөг байсан. Тэгээд одоог бодвол ийм сайхан дулаангүй л дээ. Гэрт юм чинь хүйтэн шүү дээ. Манай говийнхон бол хүйтнийг тоодоггүй. Хүйтэн байвал сайхан юм шиг санагддаг байсан. Тэгээд манай захирал нэг хавар ногоо тарья гэдэг юм байна. Төмс л тарьсан юм байгаа юм, одоо л бодвол. Нэг дэрсний энгэр дээр Намжилноров гэдэг багш байсан юм. Дэрсний энгэрийг жаал ухаж байгаад л хэдэн төмс, одоо л бол төмс тарьчихжээ. Нэг бөөрөнхий юм булчихаад л яваад өгсөн. Өө намар ирсэн чинь жигтэйхэн сагсайсан сайхан ногоон юм. Өнөөхөө хараад л баярлаад л байсан. Манай Намжилноров багш маань одоо ногоогоо хураана гэж байна. Ногоо хураасан бөөрөнхий бөөрөнхий саарал юм л гараад ирлээ. Тэгээд хүүхэд хүүхдэд нэгд нь нэг хоёрт нь хоёрыг өгөөд. Тэгээд би гэртээ байранд суудаг байсан. Эжийдээ аваачаад өгсөн. Энэ одоо хар аа манай тарьсан ногоо. Тэгээд л гурилтай хоолонд өнөө төмсөө том том хөшиглөсөн байх аа. Угаагаад хальслаад хийчихсэн. Өө жигтэйхэн өөх шиг сайхан юм л байна. Яасан сайхан юм болох гэж бодоод л тогоогоо өнгийгөөд л болж байна уу? Үгүй юу? гээд л байсан. Тэгээд нэг хоолоо буцалгаад л авсан. Тэгсэн одоо л бодвол төмс түүхий байсан шинжтэй байгаа юм. Хазсан чинь жигтэйхэн эвгүй амттай, газар ч амттай юм шиг. Хаячихаж энэ тэр л байсан. Тэгээд би бага байхдаа наадмын морь унадаг байлаа. Наадмын морь унах бол их сайхан. Наадамд явдаг байлаа. Хүүхдүүдтэйгээ уралдаж барилдаж тоглодог байлаа. Ер нь бидний тэр үед чинь хүүхэд сүрхий шоглоно барина гэж ер нь бага байсан шүү дээ. Тэгэхдээ жаал зугаа шоглох, уйлах юм байлгүй л яахав. Тийм юм байдаг байсан. Харин ахмадуудаас их айдаг. Ахмад хүн л гараад ирвэл гүйгээд явчихна. Ахмадуудаас их айдаг. Ахмадуудын үгэнд их орно. Аа тоглож байгаад буруу юм хийчихээд ухаан нь хонин дээр явж байгаад л ойрын нэг бандитайгаа уулзаад хонин дээр яриад суучихад хонины үзүүр нийлвэл хажуугаар явсан хүн ирээд ороолгодог байсан. Тэгээд жигтэйхэн айна. Морьтой хүн л гараад ирвэл айна. Тэгээд ирээд гэрийнхэндээ хэлэхгүй. Хэлвэл дахиад л зодуулна. Тийм учраас хэлдэггүй байлаа. Би 6-р ангиасаа эхлээд тамхи татаж эхэллээ. Ээжээсээ их нууна. Тэгэхдээ тамхи мэдэхгүй заримдаа туулайн баас татдаг байсан болов уу. Тэгээд багшийн сургуульд 7-р анги төгсөөд ирлээ. Тэгсэн Говь-Алтайгаас нилээн хэдэн хүүхэд одоо боксчин Олзод энэ тэр байсан даа. Одоо энэ их сургуулийн багш Чимидцэрэн гэж байлаа. Алмаж гэж бий. Манай энэ Налайхад Цэрэнжав гэж математикийн багш. Одоо хуучин багшилж байсан уу, үгүй юу? Тэд нар бид нар багшийн сургуулийн 1-р ангид ороод мохоор татдаг юм байна. Мохоор татахад тэр үед чинь одоо костюм питжак гэж байхгүй шүү дээ. Нэг муу хөвөнтэй куртиктэй, нэг муу хөвөнтэй өмдтэй. Нэг орой 2 бандитай 3-уул гадуур явж байгаад ирсэн чинь манай Раднаа багш байранд орчихсон ирээд л “Москва орчмын үдэш” гэдэг дууг дуулаад л, баяан тоглоод л жигтэйхэн сайхан байна. Манай багш тэгдэг байсан юм л даа. Гэр бүл байхгүй. Орой байранд ирээд л дуулна. Граф Монте крис гэдэг зохиолыг ярьж өгнө. Их олон ном их уншдаг, их өндөр мэдлэгтэй улсууд байсан юм ш дээ. Батхаан гэдэг чинь, тэдний үр хүүхдүүд нь. Тэгээд явж байгаад хүрээд ирсэн чинь орой хүрээд ирлээ. Тэгсэн багш маань байранд дуулаад л, хөгжимдөөд л байна. Тэгээд айгаад гадаа зогсож байлаа. Тэгсэн нилээн удаан зогслоо. Зогсож байгаад .... Тэгсэн нэг хүүхэд гүйлгээд энэ 3-ыг оруулаад ир л гэж байна. Тэгээд ороод очлоо. Багшийн өмнө энд зогс гэхээр нь зогсож байлаа. Тэгсэн Дамдинжав чи нааш ир л гэж байна. Хүрээд очлоо. Миний хармааг ухлаа. Хармаанаас мохоор гараад ирлээ. Намайг алгадчихлаа. Би өнхрөөд л ойчлоо. Тэгсэн нөгөө хоёрыг бас л дараалаад л дуудаад хармааг нь ухсан бас мохоор л гарлаа. Гурвууланг нь алгадаад л унагчихлаа. Тэгээд тэр Раднаа багшийн нэг алгадалт миний насан туршид тамхинаас гаргасан юм. Тэр алгадалт бол их үнэтэй. Би одоо 80 хүрлээ. Тэгэхэд бол одоо би тамхи татаагүй. Энэ бол Раднаа багшийн ач. Тэр үедээ хорсож л байсан байх. Ер нь сайхан санааны тийм хэмжээний жаал жаал алгадалт бол их хэрэгтэй гэж тэр үед бол үздэг байсан. Одоо бол нийгэм өөр болсон болохоор одоо бол тэгэж болохгүй л дээ. Энэ чинь хоёр өөр. Тэгээд багшийн сургуулиа төгсчихөөд Дундговийн Дэлгэрцогтын дунд сургуульд багшаар очсон. Тэгэхэд чинь одоо багшаар очоод би Дэлгэрцогтын сургуульд хуваарилагдлаа. Хуваарилагдсан чинь манай боловсролын хэлтсийн дарга, би мориор очсон байсан. Тэгэхэд чинь машин шуудангаар хааяа нэг явна. 7 хоногт нэг. Тэгсэн би шуудангын үед очсонгүй. Мориор очсон. Тэгсэн чи ямар унаатай яваа юм гэнэ. Тэр чинь мотоцикль энэ тэр гэж байхгүй шүү дээ. Мориор ирсэн гэсэн. Тэгвэл чи мориор Дэлгэрцогт ор. Мориороо яв. Хэдэн тэмээ туугаад яв гэнэ. Одоо томилогдож байгаа багш шүү дээ. Сургуулийн багшаар очиж байгаа юм. Юун тэмээ юм? гэсэн Дэлгэрцогтын сургуульд өгч байгаа юм. Тэгээд л энэ үдийн халуунд хэдэн тэмээ хөөгөөд л явсан. Өглөөнөөс эхэлж хөөгөөд цангасан ч гэж жигтэйхэн. Тэмээ халуунд явахгүй. Орой очоод л каминдатад нь хүлээлгэж өгч байсан. Одоо бол улсууд ер нь юун мориор томилогдсон хүн явах нь вэ. Бараг энэ жийпээр л явах шахуу болсон байна шүү дээ. Хөгжил гэдэг бол их өөр сайхан болжээ. Одоо улс эх орондоо баярлаж байдаг. Тэгээд миний багын амьдрал бол ерөөсөө л Монгол орны нийт хүмүүсийн хүүхэд яаж амьдардаг байна вэ? Ардын уламжлалт ёсоо яаж хүндэлж дээдэлдэг байна уу? Тэр хэмжээний л ирсэн. Би бага байхдаа аргал их түүдэг байсан. Аргал түүнэ, аа ноос савна. Ээжий маань арьс элд гэнэ. Арьс элдэнэ. Заримдаа өнөө арьс сур элдэхээсээ залхуу хүрээд, ер нь залхуу хүрсэн ажил их эвшээдэг юм ш дээ. Эвшээгээд л одоогоор бол оромдог л хийж байж дээ. Эвшээгээд л ирэх дээр зэрэг алив гадаа түр гараад ир. Гадаа аргал оруулаад ир ч гэдэг юм уу, үхрийн баас ялгаадах ч гэдэг юм уу тэгээд гаргадаг. Одоо л бодвол тэр хөдөлмөрийн завсарлага юм. Тэгээд эмэг эжийгээ харахад манай эмэг эжий, ер нь нийт Монголын эмэгтэйчүүд зав гаргаж ажил хийдэггүй. Босон суун ажлаа амжуулдаг. Нэг харахад сүү хөөрүүлж л байна. Нэг харахад зуухны аман дээр хэвтээд дуг хийж л байна. Нэг харахад араг үүрээд л аргалаа түүгээд л ирнэ. Нэг харахад ирээд л хүүдийнд байгаа аарцаа ааруул тавиад сууж л байна. Тэгээд л орой мал залгана. Ер нь ажлыг амжуулахад зав чөлөө харна гэж байх ёсгүй. Завыг хардаг хүн бол ер нь залхуу хүний л шинж. Залхуурах бол ядуурлын эх үүсвэр, одоо ядуурлын үр юм даа. Тэгээд манайд бол энэ сүүлийн үед залуучууд маань жаахан залхуудуухан болсон юм шиг санагдаж байгаа юм. Гэхдээ гайгүй ээ юм хийдэг улсууд бол зөндөө л сайхан байна. Тэгээд манай Монголын залуучууд, Монголын хүн ам маань тэр чигээрээ архинд орчихсон биш юм шүү дээ. Архи уудаггүй гэр бүл, архи уудаггүй айл өрх бол зөндөө байна. Аа архи уудаг хүн ч бас эрх биш байна. Тэгэхээр энэ хүмүүстээ хандах хандлагыг их зөв зүйтэй хийх хэрэгтэй юм гэж санадаг. Энэ өршөөлөөр бол хэрэг төвөгт ороод гарч байгаа хүн зөндөө сайхан байна. Энэ бол сайхан хэрэг. Гэхдээ өршөөлөөр гарсан хүнийг үргэлжлүүлээд зөв сайхан төлөвшүүлж ажиллах хамт олон хэрэгтэй. Өршөөлөөр гаргачихаад л тэгээд хаа яваа нь мэдэгдэлгүй хаячихвал тэгээд тэр бол хүмүүжихгүй. Тэр хорих газар хүмүүжүүлж байсан хүмүүжлийг энгийн хөдөлмөр дээр, энгийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн дунд яаж ажиллуулах вэ? гэдгийг дээрээс урам өгч, муу зуршлыг нь жоохон жоохноор хасаж, сайн зуршлыг жаахан жаахнаар нэмж ингэсээр байгаад л сайн зуршил нь тэр хүний бүгдийг эзлээд авна. Муу зуршил нь бүрмөсөн хасагдана. Шоронд ороод гарч ирсэн хүн бол тэр чигээрээ муу улсууд байдаг юм биш ээ. Манай тэнд Эрдэнэдалай сумын адуучин, хөдөлмөрийн баатар Ичинхорлоо гэдэг хүн. Тэр залуу зандан насандаа хазаар гүйлддэг. Хазаар гүйлдэнэ гэдэг маань морь хулгай хийхийг хэлдэг юм. Морь хулгай хийдэг байж. Тэгээд шоронд ороод нэг 2-3 жилээр ч заачихсан юм уу? Шоронд ороод байж байхад авгай нь эргэж очсон юм гэнэ лээ. Авгай нь эргэж очиход авгай нь жирэмсэн. Тэгээд өнөө дээгүүр бүс бүсэлнэ ш дээ. Гэдэсний доод тал нь хөлдөөд очсон байсан юм гэсэн. Тэгээд Ичинхорлоо баатар миний гэр бүл ингэж ядарч байна. Ер нь би энэ хулгай хийхийг чинь больё гэж бодоод, шоронд байхдаа тэгэж бодоод. Тэгээд шоронгоос гарсан. Тэгээд шоронгоос гараад нэгдлийн адуучин болж адуу маллаад 10-н хэдэн жилийн дараа хөдөлмөрийн баатар болсон. Тэгээд энэ хүнийг засч залахад эгзэгтэй ямар үе байна вэ? Хэн нөлөөлж чадах вэ? гэдгийг л олох явдал хэрэгтэй. Муу хүн гэж байхгүй. Эгзэгтэй үеийг нь олж чадахгүй хүн гэж олон байна. Эгзэгтэй үеийг нь олох явдал хэрэгтэй юм даа.
Ариун-Ундрах -
За таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Дамдинжав -
Хүүхэд байхдаа би биологийн багш болно гэж боддог байсан. Биологийн багш болъё гэж боддог байсан чинь химидээ жаахан муу. Муу ч гэж дээ тааруу. Физик, математикийн багш болъё гэж боддог байлаа. Тэгсэн чинь 7-р ангид багтаасан тойргын тухай ерөөсөө уншаад хальшраад байдаг. Их хэцүү юм шиг. Би математикдаа бол зүгээр, геометрдоо л тааруухан байжээ дээ. Тэгээд аль нь ч болдоггүй байлаа. Тэгээд багшийн сургуульд хүрээд ирсэн. Багшийн сургуульд би бага ангид хуваарилагдсан. Тэр чинь одоо 49 онд юм шүү дээ. Энэ багшийн их сургуулийн урд залгаас бол багшийн сургуулийн дэргэдэх дунд ангийг бэлдэх 2 жилийн факультет гэж байсан юм. Тэгээд намайг бага ангийн багшийн бэлдэх ангид оруулчихдаг юм байна. Тэгээд нэг 20-иод хоногийн дараагаар хичээлийн эрхлэгч дуудлаа. Манай ангиас намайг. Тэгээд хүрээд очсон чи Дамдинжав гэдэг мөн үү? гэж байна. Мөн гэсэн. Чи математикийн багш болох дуртай юу? гэнэ. Дуртай гэлээ. Тэгвэл чи тэр 2 жилийн математикийн ангид ор. 1-р ангид орох уу? гэнэ. Оръё гэсэн. Тэгээд би математикийн багш болсон юм. Тэгээд мэргэжлийг бол ер нь, би яагаад тэр багтаасан тойргыг халширдаг байсан бэ? гэх дээр зэрэг би нэг үе ойлгохгүй юм шиг байж. Ер нь нэг юм хийгээд сэтгэлээр хальрах их аюултай. Тэгээд дараа нь үзсэн чинь жигтэйхэн амархан. Тэгэхээр энэ хүүхэд залуучууддаа хэлэхэд бол ерөөсөө нэг ажлыг хийгээд ажлаас халширч болохгүй. Ажил хийхийн өмнө сэтгэл, өөрийнхөө зориг тэвчээрийг хөвчилж энийг заавал бүтээнэ, ийм амжилт олно гэдгийг ажилд орохоосоо өмнө өөрөө өөрийгөө хүчлэх хэрэгтэй. Хүн өөрөө өөрийгөө ялж л байвал ямар ч юм ялалтанд хүрнэ. Тэгэхээр энэ хүнд ер нь нэг дийлддэг ганц л юм байдаг байх, зарим хүнд. Тэр нь өөрөө өөрийгөө ялж чадахгүй. Нэг 2-3 минутын тэвчих зориг их хэрэгтэй байх, муугаас. Жишээ нь уур хөдлөөд л нэг хүнийг цохиод авъя гээд л гар далайвал тэрүүхэн нэг минутанд л би болохгүй шүү гээд л гараа татаад авбал тэгээд л болно. Тэгээд энэ 2-3 минутын тэвчээр их чухал. Юм унштал толгой өвдөөд л байвал, хэвтмээр санагдвал би энүүнийг заавал уншина аа гээд л бариад л суучих хэрэгтэй. Тэгээд л дунд үед нь ортол тавихааргүй санагдана. Үргэлжлүүлээд уншаад байх. Тэр бол өөрөө өөрийгөө ялалт. Ажил хийхэд ажил нэг удаа бүтэхгүй байхад энийг өөрөөр хийвэл бүтнэ шүү гэж бодоод л өөрөөр оролдох хэрэгтэй. Ер нь амьдрал гэдэг бол бодлого шүү дээ. Бодлогыг их олон янзаар боддог шиг амьдралыг олон янзаар бодох хэрэгтэй. Болохгүй ажил гэж байхгүй. Болохгүй ажлыг болгох боломж нөхцөл орчинд бол дүүрэн байгаа юм. Тэрийг харж чадах нүд, ухаарах ухаан, зоригжуулах тэвчээр хэрэгтэй гэж ингэж боддог. Ер нь хүнд мэдлэг, мэдлэгээ хэрэгжүүлж чаддаг чадвар. Хичнээн их мэддэг байж байгаад хэрэгжүүлж чаддаггүй бол тэр юу ч бүтэхгүй. Хоосон яригчид цуурай л болно. Мэдсэнээ хэрэгжүүлээд байдаг хүн бол улам мэдлэг нь нэмэгдэнэ. Тэгэхээр хүнд хэрэгжүүлж чадах л чадвар хэрэгтэй.
Ариун-Ундрах -
За та тэр үеийн хүүхэд ба эцэг эх хоорондын харилцааны талаар ярьж өгөхгүй юу?
Дамдинжав -
Тэр үед хүүхэд эцэг эхийн хоорондын харьцаа, эцэг эх сургуулийн хоорондын харьцаа одоогоос их өөр байсан юм. Тэр үеийн хүүхэд бол эцэг эхийнхээ үгнээс гарна гэж байдаггүй байж. Эцэг эх бол тэр үед хүүхэддээ урам өгч зөв урамтай бэлгэдлийн үгээр үргэлж мялаадаг байсан. Ер нь хараал хүртэл өөр болчихсон байна ш дээ. Манай нутагт чинь одоо тэр миний жоохон байх үеийн хараал бол цөг, хош, тэгнэ ээ, тэгэх л байлгүй, аа муу туя энэ тэр гэж хараадаг байсан. Тэгээд тэрнээс хойш чинь одоо хуц, уль гэдэг хараал гараад л, тэрнээс хойш чинь одоо ална шүү, хохь чинь шүү гэдэг ийм болж. Тэгэхээр энэ миний бага байх үеийн хараал нь цөг, хош гэдэг байсан учраас эцэг эх бол хүүхэддээ муу муухай үг хэлдэггүй. Хүүхэд бол муу муухай үг дуулдаггүй. Аа хүүхэд эцэг эхээ хүндэлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ ажил амьдралд дагуулж сургадаг байж. Тэгээд сургууль эцэг эхийн холбоо бол мундаг сайн байсан юм. Сургуулийн багш нар ер нь тэгээд сумандаа нэг мэргэжлийн багшаар очиход чинь тэр сумандаа хамгийн өндөр мэргэжлийн хүн шүү дээ. Тэр багшийг бол бүх хүн шүтнэ. Эцэг эх ч шүтнэ, ард түмэн ч шүтнэ. Эцэг эхчүүд тэр багшийг үргэлж магтана. Ард түмэн үргэлж магтана. Тийм учраас хүүхэд бол миний багшаас өшөө мундаг хүн байхгүй. Миний аав ээжээс мундаг хүн байхгүй гэж ингэж боддог. Тэгэхээр хүмүүсийн хоорондын харилцаа, нийгмийн итгэх итгэлцэл, нийгэмших чанар их чухал юм. Одоо тэр бол жаахан хомс болоод байгаа юм уу даа гэж бодож байгаа юм даа. Одоо тэгээд л энэ траншейны хүүхэд, гудамжны хүүхэд гэж ярьдаг болж. Юун тэр үед чинь тийм гудамжны хүүхэд гэхнэ вэ? Хүүхдээ жаахан ад үздэг, хүүхдээ зоддог улсуудад бол хонхороороо муу байдаг байсан, нэгдүгээрт. Хоёрдугаарт хүүхдэд үг хэлэх явдал бол бүх нийтийн үйлс байсан. Одоо чи тэг, ингэ. Айлд нэг хүүхэд хүрээд очиход л за миний хүү зуур замд чинь ямар адуу байна? Ямар мал байна? гээд. Тэгээд өнөө айлд очих гэж яарсан хүүхэд тэрийгээ харалгүй шалавхан давхиад очсон бол 1-2 удаа асуусны дараагаар за хүрээд очихоор ингэж асуудаг юм шүү гээд орчноо харна, ажиглана. Адуу мал байхад азарга нь ямар юм, содон зүс нь ямар юм гэж анхаарна. Тэгээд тэр үеийн улсууд чинь одоо их сайхан байсан шүү дээ хөө. Одоо ч бас тийм улсууд бий л дээ. Эмэгтэй хүн өрхөө татахад орой бол өрхөө хошуулдана, бүтээнэ. Өглөө нар зөв эргүүлж татаад ингээд зөв тойрч орж ирнэ. Тэгээд орж ирээд галаа түлэхэд нь гэрийн эзэн за ойр хавь мал байна уу? Хаагуур хаагуур үүлтэй байна? гэж асууна. Хонь ямархуу янзтай хэвтэж байна гэж. Тэгэхээр нь тэр эмэгтэй чинь тэгэж хэд асуулгачихаад шинээр бэр болсон хүн ч байдаг юм уу, өөрийн хүүхэд нь ч байдаг юм уу тэгэж хэд асуулгах дээр зэрэг эндээс өрхнийхөө оосрыг тайлаад ингэхэд л урдуур ямар байна уу? Үүл ямар байна уу? Эргэн тойрон ингээд харчихаад 4 зүг, 8 зовхист байгаа мал, байгал тэр чигээрээ ажиглагдаад тэр өрхийн тэргүүнд хэлнэ. Морь холдчихжээ. Адуу ойрхон байна аа, морь дагах шинжтэй гэвэл тэр хүн өглөө эртээ босоод морио ойртуулна. Аа хойноосоо үүл их байна аа гэвэл эртхэн босоод өдрийнхөө ажлыг амжуулна. Тэгэхээр энэ зүгээр сайхан зөөлөн асууж сураглалтаар улсуудыг их юманд сургаж байж. Ажиглах ухаанд их сургаж байж. Тэгээд л одоо мичид зулзагаласан байна шүү гээд л ярьдаг. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь тэднийхэн бол зулзагална гэж ямар байдаг юм бэ? Хаана нь од байдаг юм? гээд л харна. Тэгээд ер нь байгаль орчныг хайрлаж хамгаалах талаар бол хүүхэд залуучуудаа дагуулж сургах, өөрөө үлгэрлэж, манлайлж сургах явдал л байсан юм. Тэгэхээр энэ эцэг эхийн, ахмад улсуудын манлайлал, дагуулж сургах явдал бол туйлын чухал юм. Энэ бол дагуулж сургах, ардын уламжлалт зан заншлаасаа сурах энэ зүйл бол ёстой бичигдээгүй хууль. Том улсууд ороод ирэхэд хүүхэд бол гэрт байхгүй. Том улсуудын яриан дунд бол байдаггүй. Аа хүүхдийг улсууд бол хайрладаг байсан шинж, ухаан нь гэрийн эзэн бүхэл мах чанаад өгөхөд бүхэл махнаасаа тэр хүүхдүүдэд цөмөөрөнд нь хишиг авч өгнө. Хишгийг нь гараа тосож авна. Ганц гараараа авах, солгой гараар авах энэ тэр бол байхгүй. Энэ бол хишиг өгнө гэдэг маань өөрөөсөө өмнө хүүхдэд хишиг өгч хүүхдийг хүндэлж байгаагын, ухаан нь хоолныхоо дээжийг хүүхдэд хишиг болгож хүүхдээ хүндэлж байна гэсэн үг. Тэгэхээр нь тэрнийг авч идэж сургана гэдэг маань хүнээс зөв юм авч байна гэсэн үг. Ухаан нь аяга зөв барьж цай уух, айлын баруун талд суувал аль өвдөгөө нугалах, айлын зүүн талд суувал аль өвдөгөө нугалахыг чинь туж заана. Ер нь үүдэн талдаа өвдөгөө сөхдөггүй. Ухаан нь ингэж босоогоор сууна. Аа хойд талаа бол, үүдний эсрэг талаа бол хөлөө нугалж сууна. Гаднаас орж ирэхдээ дээлээ, бүсээ, хормой юмаа янзалж, товчоо товчлоно. Энгэр заам задгай орохгүй. Хормой шууж орохгүй. Аа нударга буулгаж одоо шамалчихсан байж орохгүй. Энийг бол хийнэ. Тэгээд манай Монголын чинь туж бэлгэдэл юм шүү дээ. Ухаан нь ташуурын сур, одоо бол ташуурын сурыг мэдэхгүй улсууд бий л дээ. Ташуурын модонд ташуурын сурыг зангидахад 6 юм уу 9 ороодог юм. Тэр чинь юу гэсэн үг вэ? Жаргал, зовлон, жаргал, зовлон гээд 9-д ирвэл жаргал нь таардаг. Тэгэхээр тэрийг ороохдоо бол за нэг ороолоо жаргал, 2 дахь зовлон, 3 дахь болохоороо жаргал гэх мэтээр тоолоод байх дээр зэрэг хүн чинь зовлонтой амьдаръя гэж бодохгүй ш дээ. Тэгэж л орооно. Энэ бол ардын уламжлал ёс заншлын дээдэлдэг чанар. Тэгээд айлд гаднаас эрэлчин суралчин, зочин ирж хоноход хүүхэд морины нь эмээлийг авна, чөдөрлөж тавьна, өглөө авчирч өгнө, эмээллэнэ. Уяан дээр ирсэн хүн заавал нохой хорио гэнэ. Нохой хорио гэдэг чинь хүн ирлээ шүү гэсэн үг юм. Тэгэхээр нохой хориод гарсан хүн шон дээр настай хүн байвал очоод сугадаж буулгаад морийг нь уяанаас уяад өөрөө авчирч үүдээ сөхөж оруулна. Энэ бол хүндэтгэлийн юм. Тэгээд орж ирээд мэндлэхдээ жилийн 4 улирлын мэндчилгээ, хүн мал бүгдийн эрүүл энхийг асуусан тарган сайхан зусч байна уу? Мал сүрэг бүрэн мэнд байна уу? Та бүхний бие амархан сайн уу? гэх мэтээр бүрэн төгс ярьдаг. Тэгээд энэ чинь манай ардын сурган хүмүүжүүлэх ухаан бол энэ сүсэг бишрэлийг их ашигладаг байсан байна. Ухаан нь булгийн эхэнд сүүтэй, цагаан идээтэй шанага халбагаар хутгаж болохгүй. Лус бузартана. Тэр чинь булгийн эхээ хайрлаж хамгаал гэсэн үг юм. Айл нүүхэд шонгынхоо модыг аваад заавал нүхийг нь булна. Аа гүү барьсан айл гүү тавих үедээ мунан гадас аваад булахдаа шар будаа хийнэ. Тэгээд ирэх жилийн унага төл будаа шиг арвин байх болтугай гэж, аа гэр нүүхэд заавал гэрийн буурийг цэвэрлэнэ. Манайх говийн улс учраас тэмээгээр нүүнэ шүү дээ. Тэмээгээр нүүхэд ачаагаа буулгаад л заавал .... эвхэнэ. Эвхэхдээ дээс эвхвэл тэмээ амардаг юм гэж. Тэгэхээр энэ тэмээгээ амруулахыг бодно шүү дээ. Тийм учраас дээсээ эвхэнэ. Чи дээс эвхчих ээ гэвэл өөр. Дээс эвхвэл тэмээ амарна гэдэг маань давхар утгатай хүмүүжүүлэх үг юм. Ер нь хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд энэ давхар бэлгэдлийн үгээр сургаж хүмүүжүүлэх явдал туйлын хэрэгтэй юм уу гэж боддог юм.
Ариун-Ундрах -
Тэр үеийн үлгэр домогт бас ямархуу зүйлүүд гардаг байсан бэ?
Дамдинжав -
Тэр үед чинь одоо радио, телевизор гэж байсангүй. Хоол идсэний дараагаар тэр айл үлгэр, туульс их ярина. Аа Монгол номтой хүн айл байж байгаад Монгол ном мэддэг байвал хотоороо нийлж орж суугаад нэг хүн ном уншина. Огт чимээгүй. Аа орой бол ер нь туж үлгэр ярьна. Хүүхдүүдэд оньсого их таалгана. Энэ бол оюун ухааныг хөгжүүлэх дасгал юм даа. Үлгэр туульсийг тэр чинь өнөө ном зохиол байхгүй учраас үлгэрээс өшөө юм байхгүй. Үлгэрийг бол их мөрөөддөг. Үлгэрч хүн, туульч хүн хүрээд ирэхэд тэрийг заавал яриулна. Хүндэтгэж үзнэ. Тэгээд хүүхэд ахуй насанд чинь одоо сэргэлэн ч байх юм. 1 үлгэр яриулчихаад бараг цээжилчихнэ. Тэгээд л тэрийгээ дүү нартаа ярина. Ер нь манай Монголын ард түмэн, эцэг өвгөд маань их номч улсууд байсан юм ш дээ. Үлгэр, туульс гэдэг чинь тэр чигээрээ л ном л доо. Үлгэр ч бас их ярьдаг байсаан. Сонсдог, цээжилдэг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үлгэрүүдэд ямар үзэл санааг голчлон гаргах уу?
Дамдинжав -
Аа тэр үеийн үзэл санаа маань юу байна уу? гэх дээр зэрэг амьдралын сургамжтай юм их байлаа. Би түрүүн хэлсэн. Их ядуу айлын цэцэн мэргэн охиныг их баян айлын амьдрал мэдэхгүй хүүтэй суулгадаг талаар байлаа. Байгаль дэлхий гандаад, хүн мал ус ундаагаар тасраад явахад бороо хур оруулах, лусын хаанд очиж ус гуйх. Тэр нь тэгээд эргээд ус болж, бороо болж булаг шанд ундарч байгаагаар төсөөлөгддөг байлаа. Их баатарлаг зоригтой хүү явж зовсон зүдэрсэн улсуудад туслах эрлээр явдаг байлаа. Аав ээжийгээ урт удаан наслуулах мөнхийн рашааны эрэлд явуулдаг байлаа. Их мэргэн цэцэн харвадаг. Одоо алтан баганы ацаар оруулаад, мөнгөн тэвний сүвэгчээр оруулаад, бул хар чулууг бут харвалаа л гээд гардаг. Энэ чинь цэцэн мэргэн харвах харвалтын хэмжээ. Тэгээд өнчин өрөөсөн ан араатанг хайрлаж хамгаалаад, тэр нь эргээд хүүд тусалж байгаагаар гардаг байлаа. Хорхой шавжыгаа энэрч хамгаалаад, өнөө хорхой шавж нь том лусын эзэн болоод эргэж тусалж байгааг үзүүлдэг байлаа. Ер нь туж л тус хүргэвэл тус эргэж ирдэг. Ус хүргэвэл эргэж тэр хэмжээгээрээ ирдэг. Ер нь бие биендээ туслах, байгаль орноо хайрлаж хамгаалах энэ талын л үлгэрүүд байдаг байсан даа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.