Nergüi

Basic information
Interviewee ID: 990341
Name: Nergüi
Parent's name: Chültem
Ovog: Borogchin
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: technical labour instructor
Work: sum boss
Belief: Buddhist
Born in: Dashinchilen sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
privatization
herding / livestock
illness / health
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Ярилцлагаа үргэлжлүүлж байна. 2-уулаа нэг ийм сэдэв дээр яримаар байна. Аа...за одоо ардчилал энэ тэр болоод 1990 оны үлй явдлын дараа болж байгаа нэг том үйл явдал үзэгдэл чинь өмч хувьчлал.
Нэргүй -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгэхээр яг орон нутгийн хүрээнд өмч хувьчлал яаж явагдсан өмч хувьчлалын тухай өмч задрах тухай тэр мэдээллийг улсууд анх яаж хүлээж авч байсан. Тийм ойлголт төсөөлөл байсан уу хувийн өмчийн сэтгэлгээгүй улсууд яаж хүлээж авав яг тэр түүхэн үйл явдал процесс Дашинчилэн сумын хувьд юу болж өнгөрөв өө. Тэрэнд бол та нилээн гар бие оролцсон байх гэж бодож байна. За.
Нэргүй -
Аа ха. Тийм ээ. Яг энэ ардчилалтай үед яг явж байсан томоохон үйл явдал бол яах арга байхгүй өмч хувьчлал ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэр тусмаа хөдөө орон нутагт бол нэгдэл гээд ингээд ард түмний өмчийг төвлөрүүлчихсэн нэг томоохон тогтолцоо байсан. 1959 оноос нэгдэлжих хөдөлгөөн үүссэн гээд. Тэгээд энэ манай сум нэгдэл бол нилээд баян хөрөнгөтэй ийм нэгдэл байж байгаад яасан. Тэгээд энэ ардчиллын үед хийсэн алдаа маань энэ өмч хувьчлал гарцаагүй мөн байгаа юм. Яагаад алдаа гэж хэлж байна уу гэхээр чинь энэ өмч хувьчлаад хүн өмчтэй болсон оо яах уу гэдэг өмнөх бэлтгэл ажил буюу сургалт хийгээгүй шууд өмч тараагаад өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгэхэд чинь өмчийг чинь 2 үе шаттай хувьчилсан ш дээ. Нөгөө өмч хувьчлалын эрхийн бичиг цагаан бичиг, цэнхэр бичиг гэдэг. 3000 төгрөг 7000 мянган төгрөг гэсэн юугаар их бага хувьчлал гээд ингээд яасан. Тэгээд ирэхэд чинь манай хөдөөнийхөн чинь ерөөсөө хуучин мал маллаж байгаагүй. Ерөөсөө малын ямар ч дөргүй улсууд ч мал авлаа үнэхээр үе удмаараа малчин хүмүүс ч мал авлаа ингээд ирэхээр ерөөсөө мал маллаж байсан малын дөртэй малчин удамтай улсууд бол ерөөсөө тэр малаа өсгөөд л үржүүлээд л адилхан л нэг гараанаас эхэлсэн. Тэгэхэд одоо 1000 малтай 2000 малтай. 3000 малтай сайн сайхан амьдраад малаа аваад л явж байна. Өмч хувьчлалын хүчээр. Аа...нөгөө мал маллаж байгаагүй. Төв суурин газар байсан. Багаасаа малын дөр байхгүй ийм улсууд бол бараг нэг үе гэхэд чинь хятадын “Анд водка” гээд архийг нэг шилийг нь нэг төлөгөөр солиод тийм ээ.
Хишигсүрэн -
“Анд водка”
Нэргүй -
“Анд водка” тийм ээ. Нэг пийжүү билүү ногоон шилтэй пиво 2-оос л зараад дуусчихсан ш дээ. Тийм. Ингээд иймэрхүү юм болсон ш дээ. Аа...тэгэхээр бол хөдөө орон нутагт бол уул нь бол өмч хувьчлал бол ард түмнийгээ өмчтэй болгох хувийн өмчтэй болгох энэ талаар зөв зүйтэй эхлэл байсан. Гагцхүү энийг бол одоо гажуудалтай явуулчихсан байгаа юм л даа. Би энэ дээр бас хувийн өөрийн дүгнэлт бас байдаг юмаа. Яг өмч хувьчлалыг яаж явуулах байсан бэ гэж санаж сэдсэн улсууд нь явуулаагүй. Явуулж чадаагүй. Яагаад гэвэл тэр улсууд нь хэн байсан бэ гэхээр чинь нөгөө ардчилсан хувьсгалыг анх сэдэж санаачилсан одоо би бол ингээд бодохдоо бол тэр Да.Ганболдыг яг тэр өмч хувьчлалыг чинь сэдээд ингэж яах ёстой, тэр их бага хувьчлал гэдгийг чинь эрхийн бичгийг нь гаргаад ингэж хэлээд гаргаж ирээд тэгээд тэр хүн хэрвээ өөрөө гардан удирдаад явуулсан бол чухам яаж явуулж ямар үр дүнд хүрэх байсныг одоо хэн ч хэлж мэдэхгүй одоо тэр хүн өөрөө л мэддэг байх. Тийм ээ. Тэгэхэд тэр хүний чинь санаж сэдсэн юмыг тэс хөндлөгийн хүн харин ч тэрийг чинь үгүйсгэж байсан. Ерөөсөө сонин хэвлэл радио, телевизээр ярихдаа юу гэж ярьсан гэхээр чинь том том хөдөлмөрийн баатрууд, нэгдэлийн дарга байсан нэр хүндтэй улсууд тэр хөгшин улсууд зарим нь ч байдаг байх. Зарим нь ч бурханы оронд оччихсон байдаг байх. Тэдний нэрийг заавал тэр энэ гэж удирдаад яахав дээ. Тийм улсууд бол улаан цайм ухуулаад л хөдөө яваад л малчдыг аваад л за хар энэ ардчиллын хэдэн залуучууд амьдрал мэдэхгүй. Одоо нөгөө нэг хэдэн малыг чинь бидний чинь малыг буурлын буянг одоо үгүй хийх гэж байна шүү. Одоо ингэвэл энэ улсууд чинь энэ хэдэн малыг чинь идэж уугаад л ингээд дуусна шүү гээд ингээд ярьж байсан. Юун идэж ууж дуусах байтугай манайх чинь Социалист нийгмийн үед чинь одоо малаа 25 сая хүргэнэ гээд лоозон тавиад одоо намын одоо бүгд хурл болгоноор хэлэлцээд 25 сая хүргэж чадахгүй байсан ш дээ. Тэгэхэд өнөөдөр чинь 40 гаран сая малтай болчихсон байна. Тэгэхээр мал хувьд очсоноор өмч эзэндээ очсоноор өсөж үржинэ үү гэхээс биш үгүй болдоггүй юм байна л даа. Мөн орон сууц хувьчилна гээд ингээд ярьж байхад чинь за хар нөгөөдүүл чинь бас л болохоо байлаа. Одоо тэгвэл энэ орон сууцаа Улаанбаатарынхан чинь гадаадын улсуудад зарчихаад бүгд орон гэргүй болно. Нөгөө Монгол улс чинь гадны хүмүүсээр дүүрлээ ингээд болохоо болилоо гээд ингээд ярьж байсан. Аа...газар хувьчилна гээд ингэхэд чинь өө...ёстой болохоо болилоо. Монгол улсын үндэсний аюулгүй байдал энээ тэрээ гээд. Өмч хувьчлалыг чинь одоо хэлсэн болгоныг нь үгүйсгээд байсан ш дээ. Одоо тэгсэн чинь арга байхгүй байдалд одоо юм “цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр аргагүй байдалд бүх юм нь болоод улам л хөгжиж сайхан болж байгаа учраас газрыг одоо болохгүй иргэн болгонд хувьчилна болохгүй өрхөд л хувьчилна гээд байсан. Одоо иргэн болгонд хувьчилчихаад болж л байна ш дээ. Аа...гадаад паспорттой болгоно гэхэд мөн л эсэргүүцэж байсан. Бат-Үүлийг ёстой барьж авч цаазлах хэрэгтэй гээд хэлж байсан хүнийг би одоо тод санаж л байна. Зурагтаар ярьж л байсан. Энэ одоо нөгөө 2 сая гаранхан монголыг маань бүгдийг нь гадгаш нь гаргаад ингээд цагаачин болгоод ингээд дуусгах гэж байна. Одоо энэ Монгол оронд хэн үлдэх юм бэ. Энэ гадаад паспорт хүн болгонд өгнө гэдэг хамгийн буруу гэж хүн болгон шүүмжилж байсан. Ийм учраас ерөөсөө өмч хувьчлал гэдэг бол ерөөсөө гарцаагүй хийгдэх ёстой зүйл байсан. Хэрэгжүүлсэн. Тэгээд хувьчилсан арга зам нь үнэхээр бас буруу явсан. Ийм болчихлоо л доо. Тэрний халхавчинд ерөөсөө энэ төрийн маань эрх мэдэлтэй улсууд өөрсдөө. Одоо бол монгол чинь тэр үед саятан гэдэг бол Монголд хэзээ ч төрөхгүй үндэсний хөрөнгөтөн гэж хэзээ ч байхгүй гэж ярьдаг байсан бол саятан гэдэг ойлголт чинь зүгээр нэг хүний карманы мөнгө зүгээр нэг нэр төдий юм болж байна ш дээ. Үндэсний тэрбумтангууд яригддаг ийм болсон байна л даа.
Хишигсүрэн -
За.
Нэргүй -
Тэгээд бол өмч хувьчлал бол тэр үед ингээд хувьчилагдаад улсын үйлдвэрийн газрууд орон сууц одоо хөдөө аж ахуй газар тариалан, мал аж ахуй газар ингээд ямар ч байсан хувьчлагдаад одоо сайн ч бай муу ч бай түүхэн үеээ өнгөрөөчихсөн. Одоо энийг бол бид буруу явлаа гээд засаж залруулах арга байхгүй ийм болчихсон. Харин одоо энэ өмч хувьчлалтай монголын ард түмний амьдрал ахуйг өөд нь татах юм бол одоо энэ газрын доорхи баялагаа ашигт малтмалаа ард иргэддээ одоо ямар хэлбэрээр одоо хувиарлах уу эннээс л одоо Монголын ирээдүй ихээхэн шалтгаална гэж би бодож байгаа. Одоо манай энэ Оюутолгой, Таван толгой ч гэдэг юмуу. Одоо энэ ураны олборлолт энэ эд нарыг зүй зохистой хувиарлаж чадвал манайх шиг одоо өргөн уудам нутагтаа байгалийн баялаг ихтэй. 2 сая гаранхан хүнтэй улс бол сайхан байх боломж байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Энэ одоо манай төр засгийн өндөрлөг дахь энэ улсуудын маань л одоо сэтгэл мэдэх асуудал юм даа. Би одоо харж байна даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь одоо юу гэдэг юм бэ өмч хувьчлал гээд Социализмын нийтийн өмч задарч байгаа процессын нэг том систем одоо хөдөө аж ахуйн нэгдэлийн өмчийг задалсан малыг малчдад өгч байгаа юм бол яг сумын үйл явдал ш дээ.
Нэргүй -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгэхээр Дашинчилэн сумын хувьд малыг малчдад тараасан өмчийг задалсан үйл явц ямар онцлогтой болж өнгөрсөн бэ. Би ойлгохдоо сум болгон аилгүй байсан гэж ойлгосон. Жишээлбэл Хишиг-Өндөр сум юу 2 ялгаатай л байгаа байхгүй юу. Цаад талын Сайхан сум 2.
Нэргүй -
Тийм тийм. Ер нь бол яг тийм байсан л даа. Юм сурч тодорхой бэлтгэлгүй, тодорхой одоо сургалтгүйгээр нөгөө өмч хувьчлалыг тараачихсан учраас тухайн сум орны тэр үеийн удирдлагууд өөр өөрийнхөө байдлаар ингээд хийчихсэн учраас наадах чинь төдийлөн оновчтой болж чадаагүй юм байгаа юм. Харин манай сумын хувьд бол бас арай өөр. Манай тэр үеийн удирдлагууд нэгдэл, мал хувьчлалыг бол нилээн сайн үндэслэлтэй бас тараасан. Тийм ч дээрээс өнөөдрийн манай малчид одоо манай сум чинь өнөөгийн байдлаар гэхэд чинь 32 мянгат малчин, 150 гаруй мянган толгой малтай ингэж байна. Тэр чинь тэр үеийн нэгдэлийн малыг зөв зүйтэй тарааж ингэж хувьчилсаны бас үр шим гэж ингэж бодож байна. 2-рт түрүүн бий хэлж байсан. Малчин хүний гар дээр мал очсоноор, мал мэддэг хүний гар дээр мал очсоноор мал чинь бас ингэж өсч үржиж байна. Тэгэхгүй болохоор чинь огт мал мэдэхгүй улсууд дээр л мал өгсөн бол тэр нь яах уу? Тэгэхээр энийг бас нэг ямар хэлбэрээр хуваасан бол зөв үү гэж бодож байдаг юм. Ерөөсөө дээр нь манайд чинь шийдэж чадахгүй энэ мал хувьчлалтай холбоотой УИХ шийдэж чадахгүй бас хүнд бэрхшээлтэй юм эд нар бол юу вэ гэхээр чинь нэг ийм гажуудал гарчихсан юм. Нөгөө малаа хувьчлахдаа аваачаад нөгөө бэлчээрийнхээ асуудлыг шийдээгүй. Бэлчээрийн тухай хууль гаргаагүй бэлчээрээ хувьчлаагүй. Тэгэхээр чинь өнөөдөр яаж байна уу гэхээр чинь мал хувийнх байдаг. Бэлчээр улсынх байдаг. Тийм учраас энэ дээр чинь одоо бид чинь шийдэж чадахгүй. Одоо эннээс чинь болоод л бэлчээрийн талхагдал гээд Монгол улсад одоо цөлжилт үүслээ гээд бэлчээрийн одоо даац хэтэрлээ ч гэдэг юмуу одоо отор нүүдэл боллоо гээд иймэрхүү хэцүү юмнууд гарч ирж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тиймэрхүү учраас энийг бол одоо энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтанд орсон л юм байна лээ. Бэлчээрийн тухай хуулийг маш хурдан шийдэхгүй бол магад ч үгүй сүүлдээ бэлчээрийн маргаанаас болж малчид маань хоорондоо янз бүрийн асуудал болохыг үгүйсгэхгүй ийм хэлбэр бол одоо хөдөөгийн хувьд бол ажиглагдаж байгаа юм л даа. Тэгэхээр манай сумын яг өмч хувьчлал дээр оролцож тэр бас мал нь байсан нэгдэл нь яахав хөрөнгөтэй байсан учраас нилээн гайгүй хувьчилсан гэж боддог юм. Аа...тэгээгүй байж байгаад зүгээр янз бүрийн байдлаар тэр үед чинь нэг хэд хэдэн хувилбар ярьж байсан юм л даа. Ер нь нэгдэлийн малыг ерөөсөө балансаас нь баланст шилжүүлээд улсын хөрөнгө болгоод аваад үлдье. Одоо сумынхаа төр захиргааны байгууллагад аваад үлдье гэсэн ч юмуу. Олон нийтийн байгууллагуудад тодорхой хэмжээний мал өгөх нь зүйтэй гэсэн иймэрхүү юмнууд яригдаж байсан л даа. Манай сум бол тэгээгүй бүх хүн амдаа яагаад...
Хишигсүрэн -
Сумын төвийнхөн малтай болж чадсан уу?
Нэргүй -
Болж чадсан. Сая би одоо хэлэх гэж байгаад...нэгдэлийнхээ гишүүн яг мал маллаж байгаа улсдаа бол ерөөсөө юу яая...тэр 10000 төгрөгийн хувьчлалын эрхийн бичигт нь шууд мал өгье.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгэхдээ манайх чинь мал ихтэй байсан учраас юу яасан....аа...юуны чинь сумын төвийн сэхээтэн яг албан тушаалтан ийм өрхүүддээ бол тэрний чинь тодорхой хувьд нь мал өгье гээд. Одоо 70%-д нь ч гэдэг юмуу. 50,60-н хувьд нь ч гэдэг юмуу. Ингээд хуваачихсан учраас айл өрх болгон нэгдэлийн тэр мал хөрөнгөнөөс тийм хүртээгүй айл өрх гэж манай суманд бол байхгүй.
Хишигсүрэн -
Танай сум харин их дажгүй хуваасан юм шиг байна лээ.
Нэргүй -
Тийм.
Хишигсүрэн -
Хишиг-Өндөр сум бол тэгээгүй байна лээ ш дээ.
Нэргүй -
Харин тийм. Хишиг-Өндөр эд нар чинь арай өөр. Тэгэхээр энэ бол манай сумын онцлог.
Хишигсүрэн -
Тэгэхээр бас малын хувьчлалд сумын төвийнхөнийг хамруулж чадаж байгаа юм бол тодорхой хэмжээгээр тэр суманд Ардчилсан Намын дуу хоолой хүчтэй байсан. Тухайн үедээ л анхнаасаа тэр юманд нь одоо сумын иргэд сэхээтэнүүд нь идэвхитэй оролцож байсан санаачлагтай байсны л үр дүн ш дээ.
Нэргүй -
За яахав нэг талаасаа тийм.
Хишигсүрэн -
Дангаараа хуучин улсууд бариад тэд нарт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломж байгаагүй бол мөн ялгаа байхгүй нэг талын үзэмжээр асуудал шийдэгддэг байсан юм болов уу гэж.
Нэргүй -
Тийм тийм. Нэг талын тийм юм тусна. Яах арга байхгүй бид нар чинь ардчиллын үзэл бодолтой одоо манай жишээ нь тэр үед нэгдэлд ажиллаж байсан зоо Ганбаатар ч гэдэг юмуу агорнамич Гантөмөр ч гэдэг юмуу хэдийгээр би тэр үед тэр нэгдэл нийгэмд ажиллаж байгаагүй ч гэсэн өөрийнхөө бас нэг юун дээр нэгдэл тарах хувьчлалын хурал мурал дээр хэлж барьж ингэх ёстой тэгэх ёстой гэж бас нэг арай өөр өнцөгөөс нь хараад оюун ухааны уралдуулж байсан юм бий л дээ. Тэрний л нөлөө байсан гэхэд бол үгүйсгэхгүй. Аа...тэгээд яг ганц энэ юм биш бас тэр үед байсан манай сум орны удирдлагууд нэгдэлийг тарах үед чинь Ёндонжамц гээд сум нэгдэлийн дарга байлаа. Тэдний маань бас жаахан нэг тэр үеийн гайгүй бас нэг сэтгэлгээ тийм ээ. Энэ ингээд тал талын нөлөө орсон л доо. Энийг бол аль нэг тал нь би тэгсэн гээд байх тийм юм байхгүй байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ах. Одоо мал 40 сая хүрлээ гэхэд тэр 40 сая мал чинь их бүтэц нь өөрчлөгдчихлөө гэж яриад байгаа ш дээ.
Нэргүй -
Аа ах. Яг үнэн.
Хишигсүрэн -
Тэр дээр яг орон нутаг дээр ажиллаж байгаа юм чинь танай сум жишээ авахад юу гэдэг юм бэ чанартай малын тоо толгой нь хорогдоод хөрөнгө мөнгө арилжаан хөөгөөд нөгөө ямаагаа өсөгчихсөн ч гэдэг юмуу. Нэг таван хошуу мал чинь бэлчээрлэх юм чинь бас л тэрэнтэй холбоотой гээд байгаа ш дээ.
Нэргүй -
Аа ха. Энийг бол бас л би хэлэхдээ нөгөө төр засгийн бодлогыг л хууль эрхзүйн орчныг нь шүүмжлэх гээд байгаа юм л даа. Ерөөсөө анхнаасаа манайхан бол ерөөсөө яахав үндэсний одоо хөрөнгөтөн бий болгох гэдэг талаасаа юмуу мал аж ахуйгаа дэмжих талаараа хийхдээ бас л нэг алдаа байгаад байгаа байхгүй юу. Яг миний түрүүний хэлдэгээр бэлчээр мал 2-оо салгачихсанд л гол буруу нь байгаа юм. Хэрвээ бэлчээрээ малтай нь ингээд хамт хувьчлаад ингээд өгчихсөн бол ерөөсөө мал бол ийм яадаг аа алдтал өсч ийм бүтцийн өөрчлөлтөнд орохгүй байсан. Жишээ нь гэхэд чинь би гэхэд чинь 100 толгой мал хувьчлаж авчихаад тийм ээ. Энэ ширээний тавцангын хэмжээний бэлчээрийн газар хувьчлаад авчихсан бол энэ газартаа тохирсон малаа л би өсгөнө ш дээ тийм ээ.
Хишигсүрэн -
Монгол чинь тийм уламжлал байгаагүй учраас бололцоо байсан уу?
Нэргүй -
Тэрнийгээ бол ойлгоогүй. Үгүй ээ одоо хайсан бол тийм бололцоо гарах л байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэр газар дээр хэрвээ зуд зурхан болвол яах уу?
Нэргүй -
Тэрнийг чинь бас бид нар отрын бүс нутаг ч гэдэг юмуу нөөц бас тэрнийг чинь тодорхой хэмжээний бас нэг бүх юмыг цаанаас хувьчилна гэхгүй ш дээ тийм ээ. Тодорхой хэмжээний газрыг бол авч үлдэх л ёстой байсан. Одоо ер нь тэр талаас бас ер нь эрчимтэй орж байгаа л даа. Энийг бас би өөрөө янз бүрийн удирдах ажил хийж байхдаа сургалт мургалтанд суугаад энийг ч бас хэлдэг юм. Тиймгүй дээрээс одоо. Тэгээд 2 дахь юм бол манайх чинь одоо өөрөө сая асуулаа. Малын бүтцэд өөрчлөлт хийлээ гэж. Ямааг яагаад өсгөх болсон гэхээр чинь нөгөө нэг ноолуур нь үнэ өсөхөөр ноолуурыг нь л авах гэж нөгөө биеийн амраар хаврын хаварт л одоо ноолуур нь үнэтэй 40000 ч хүрээд 50000,60000 ч хүрдэг юмуу ингээд ирэхээр чинь нөгөө ноолуураас болж ямаа өсөгсөн. Тэгэхээр ямаа гэдэг маань юу гэхээр хурц туурайтай амьтан гэдгээрээ одоо газрын хөрс ургамлыг нилээн яадаг гэсэн одоо энэ мэргэжилтэнүүдийн үнэлэлт дүгнэлт байдаг. Энэ талаараа явчихаад байна ш дээ. Одоо ямаа бол хэтэрхий олон болчихлоо. Дээр нь чанаргүй мал өсчихөж байгаа юм. Яагаад чанаргүй мал ихсэж байна уу гэхээр чинь магад ч үгүй хөдөө орон нутагт Социализмын үед ганц нэг тийм үзэгдэл гараад энэ чинь бараг хэрэг болдог байсан ш дээ. Төл малыг төллүүлдэг. Ерөөсөө 1 настай малыг төллүүлдэг. Аа...зарим малыг жилд 2 удаа төллүүлдэг эд нар юм бол одоо нөгөө хувийн өмч учраас тэр талаар хорисон юм байхгүй учраас ингээд давжаа биетэй одоо үржил ашиг шим багатай эх мал өсчихөж байгаа юм. Энэ нь юунаас болсон бэ гэхээр чинь “мянгат малчин” гэдэг нэр томъёо өгч эд нарыг алдаршуулсанаас болж хүн болгон л ерөөсөө 1000 малтай болохын төлөө “мянгат малчин” гэдэг нэр олохын төлөө...
Хишигсүрэн -
Алдар хүндийн төлөө чанаргүй мал...
Нэргүй -
Өөрсдөө л идэж ууж чаддаггүй. Өөрсдөө ч эдэлж хэрэглэж чадахгүй ингээд малаа өсөгчихсөн. Одоо тэгээд өнгөрсөн хавраар улсын сайн малчин, аймгийн сайн малчин эд нарыг яадаг энэ болзолыг өөрчлөөд нөгөө саяхан би сонсож байсан. Тэгэхээр энэ “мянгат малчин”-ыг урамшуулдаг энэ тогтолцоог халж байгаа юм шиг байна лээ. Ерөөсөө яах уу гэхээр чинь чанартай тийм ээ. Тааварлаг ийм одоо нэг эрчимжсэн мал аж ахуй гэж яриад байна ш дээ. Эннээс л гарах хэрэгтэй байгаа юм. Гол нь олон малаас үнэ чанар багатай одоо бүтээгдэхүүн гаргаж ашиг олохын тулд цөөн малаас чанартай үнэтэй өндөр үр ашигтайг ингэж байж. Малыг нэг ёсондоо үйлдвэрлэлийн чиглэлээд оруулах ийм хэрэгтэй болчихоод байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд дээр нь бас ярих манайд мал аж ахуйн нэг ярих юм байгаа юм. Сүүлийн үед малын сая бол би үржил талаас нь ярьчихлаа. Тэгвэл одоо сүүлийн үед манайх мал эмнэлгийн үйлчилгээний чанар нөгөө малынхаа өсөлтийг гүйцээхээ байчихаад байгаа байхгүй юу. Гадаадаас ирж байгаа эм тарилга туулга байна. Энэ вакцин байна. Эд нар чинь ерөөсөө л нэг тухайн байгаа малынхаа нэг 20,30 хувьд нь л байж байна ш дээ. Тэгээд энүүгээр чинь мал нь чанаргүй. Мал нь өвчлөлгүй болж байна. Ийм учраас манайх гадаадад малаа хөлөөр нь ч байдаг юмуу малаар нь экспортонд гаргая гэхээр нөгөө юунд нь мал эмнэлэг эрүүл ахуйн шаардлага хангаж чадахгүй байна ш дээ. Тийм учраас зөвхөн дотооддоо хэрэглэхээр чинь манай зөвхөн дотоод хэрэглээ чинь 2 сая гаранхан хүн чинь тэр их малын махыг хэрэглэж чадахгүй байна ш дээ. Хуучин би түрүүнд хэлж байсан. Социалист нийгэмд 25 сая хүргэх гээд чаддаггүй байлаа гэхэд чинь тэр чинь маш их хэмжээний малыг амьдаар нь болон мах болгож ОХУ руу экспортолдог байлаа ш дээ. Тэгэхээр одоо болохоор яагаад тэгж болохгүй юм бэ гэхээр чинь одоо би саяхан бас орон нутгийнхаа малыг бас гадагшаа гаргачих юмсан гээд л хөөцөлдөөд явж байна. Тэгэхээр нөгөө Оросууд чинь ирээд л нэг мал үзлэгт хийдэг юмуу лабортарид өгөхөөр ямар нэгэн өвчтэй байна ш дээ. Одоо манай Монголчууд чинь сүүлийн үед чинь мал аж ахуйн янз бүрийн өвчин байж байна. Тэгэхэд чинь ерөөсөө мал эмнэлгийн 10-н хэдэн төрлийн үйлчилгээ гээд хаврын хаварт хийгддэг. Социализмын үед чинь тэр малыг чинь одоо ёстой цагтай хугацаатай одоо нөгөө хүүхдийг төрсөн цагаас нь хойш л вакцинд хамруулдаг тийм маш нарийн дэгтэй байсан ш дээ. Энэ ажил орхигдчихоод байна.
Хишигсүрэн -
Би нэг юм эргээд тодруулаад асууя. Нөгөө нэгдэл тарж байх үед тухайн үедээ нэгдэлжих хөдөлгөөний үед малаа өгчихөөд малгүй болчихсон улсууд их хотожсон. Хот руу нүүсэн юм бол Монголын хаа сайгүй байсан их тархмал үзэгдэл байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нөгөө малаа өгсөн улсууд эргээд хот орон нутгаас эргэж ирээд эх эцэгийнхээ нийгэмчилсэн мал авмаар байна гэхээр Дашинчилэн суманд одоо тэгж асуудлыг шийдэж байсан тийм тохиолдол бий юу.
Нэргүй -
Манай сум чинь наад асуудлыг чинь яасан ш дээ. Яг тийм малаа нийгэмчилсэн тийм ээ. Яг тийм өндөр настай хөгшчүүдэд манайх чинь өмч хувьчлалаар өөрсдийнх нь хүсэлтээр мал өгсөн шүү. Харин үр хүүхэд энээ тэрээ гэж хувьчлал өгөөгүй. Тэр мал ч байхгүй. Боломж ч байхгүй тийм ээ. Яг тэр үед чинь нэгдэл нийгэмд насаараа зүтгэж байсан. Гадна дотно явчихсан. Одоо өөрсдөө өндөр настай болчихсон цөөн тооны хөгшчүүд л амьд сэрүүн байсан л даа. Тэд нарт бол тодорхой хэмжээнд...
Хишигсүрэн -
Ер нь танайх их...
Нэргүй -
Гэхдээ нэгдэлийнх шиг тийм 100% өгөөгүй. Гэхдээ тодорхой тоотой. Нэг тугалтай үнээ. 10-н ямаа ч гэдэг юмуу. Адуу ч гэдэг юмуу тиймэрхүү хэмжээний. Одоо би яг тоог нь нарийн хэлж чадахгүй нь тийм хэмжээгээр хөгшчүүддээ мал өгсөн. Тэрүүгээрээ бас онцлог шүү. Бусдууд нь тэрнийг бас анхаарах л ёстой байсан. Тэр дээр бид нарын байр суурь зөрөлдөж л байсан. Тэгээд байж байхад тодорхой хэмжээний мал авч үлдэж байгаад тэгээд тэрнийгээ улсуудаас сайн судлаж байгаад аймгийн төвд ч байсан. Эрдэнэт хотод ч байсан хотод ч байсан. Тийм өндөр настай тиймэрхүү улсууд бол мал авч байсан шүү.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь одоо юу гэдэг юм бэ таны амьдралд онцгой тийм ээ. Бусдаас сонин содон ер бусын гэж хэлж болох тийм юм бий юу. Та юу гэж боддог вэ?
Нэргүй -
Үгүй ээ миний амьдралд бол бусдаас сондгойроод л ингээд л байгаад байх тийм юм бол байхгүй. Зүгээр л би одоо өсөж төрөөд ингээд өссөн төрсөн нутагтаа ингээд яваад ингэж явж байна.
Хишигсүрэн -
Нэг сүүлдээ 2-уулаа нэг ийм юм яримаар байна. Ер нь байгаль орчин яаж өөрчлөгдөж байна. Одоо ер нь таныг ухаан орсон цагаас эхлээд ялангуяа та чинь нэг л орон нутагт амьдарч байна ш дээ. Наашаа цаашаа яваагүй. Ийм өөрчлөлт гарч байна уу. Та мэдэрч байна уу?
Нэргүй -
Энэ байгалийн өөрчлөлт бол үнэхээр гарч байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тийм. Тэр битгий хэл сэтгэл эмзэглэмээр байдалд л гарч байна. Одоо жишээ нь гэхэд чинь бид нарыг чинь бага байхад чинь өвч ургамал гэдэг чинь одоо моритой явахад чинь морины дөрөө шүргэх гэж ярьдаг ингээд л байдаг байлаа. Аа...бороо гэдэг чинь нэг орохоороо 7 хоногоор зүсэрсэн. Газрын өнгөн хөрсний ус гол горхи бол энэ тэндгүй гол горхи. Манай сум чинь нам доор газар их намгархаг ус шалбааг ихтэй. Ийм газар байсан. Одоо тэгэхэд ийм газар алга. Газар их хуурайшиж байна. Цөлжилт их явагдаж байна. Ургамлын бүтцийн өөрчлөлт маш их явагдаж байна. Дээр нь манай тэнд чинь зэгс гээд хачин өндөр бараг моритой хүн явахад чинь харагддаггүй. Тийм сайхан зэгс ургадаг байлаа. Одоо тэр зэгс бол ерөөсөө байхгүй болчихлоо. Дээр нь манай тэнд байсан ан амьтад нэг хэсэг устаад дууслаа. Одоо жишээ нь гэхэд Баяннуур манай нутгийн зааг дээр байдаг “Заан хошуу” тэр “Шар довны зэгс” гээд тэр хавьд чинь зэрлэг гахай гээд маш их байдаг байсан. Одоо ширхэг ч байхгүй болсон. Одоо сүүлийн үед буга согоо байж байгаад нөгөө нэг эвэр үнэтэй байх үед нь байхгүй болсон. Одоо эргээд арга байхгүй нутаг нь болохоор тэгдэг юмуу 20-иод бугатай. Нэг 20-иод аргалтай. Бас нэг тодорхой тооны янгир мангир байдаг ийм болж байна. Одоо жишээ нь гэхэд чинь манай Хишиг-Өндөр, Могод, Бүрэгийн наад талд чинь одоо тарвага гээд нилээн элбэг байсан. Одоо тарвага бол бүр байхгүй боллоо. Гэх мэтээр бол одоо байгал цаг уурын өөрчлөлт маш их мэдрэгдэж байна. Одоо бидний бага байх үеээс бидний ганц нэг хөгшчүүдтэй ярьж байхад л манай монгол улс чинь жилийн 4-н улиралтай биш жилийн 2 улиралтай болчихоод байж байна ш дээ. Ерөөсөө зун гэж байхгүй. Намар гэж байхгүй. Хавар өвөл 2 л болчихож байна ш дээ. Тэгээд намар гэдэг чинь жигтэйхэн сайхан налаагаад жигтэйхэн сайхан байдаг тийм намар байхгүй. Зуны тийм халуун нар гараад энэ тэрээ гээд байдаг...
Хишигсүрэн -
Цэцэг ногоо дэлгэрээд л...
Нэргүй -
Цэцэг ногоо дэлгэрээд ус ургамал ингээд жигтэйхэн сайхан байдаг тийм юм байхгүй. Ерөөсөө хавар байж байгаа өвөл байж байснаа гэнэтхэн хавсарга тавиад ингээд явж байсанаа. Тэгээд эргээд ерөнхийдөө эргээд намар бол их гоё сайхан байдаг байсан бол байхгүй. Ерөнхийдөө өвлөөдөөд шилждэг ийм хэмжээтэй л болж байна ш дээ. Энийг ингээд өгүүлэхэд бол ерөөсөө...
Хишигсүрэн -
Энэ өөрчлөлтөнд юу нөлөөлж байна вэ?
Нэргүй -
Үгүй ээ энийг бол ерөөсөө яг хэлэхд бол би бол өөрөө хувийн дүгнэлт л дээ. Энэ талын хүмүүстэй ярьж байсангүй. Ийм тийм гэж судалгаа шинжилгээ хийж байсангүй хар ухаанаар ингээд бодоход хүний хүчин зүйл нилээд байгаа. Аа...шинжлэх ухааны дэвшил гэдэг бол ерөөсөө энэ чинь байгал юундаа бол сөрөг нөлөө болдог юм байна ш дээ. Би өөрөө бодохдоо ерөөсөө энэ техник хөгжөөд маш их машин яадаг энэнтэй холбоотой энийг чинь янз бүрийн утаа хор тиймээ. Энэ янз бүрийн хор тэр юу гэдэг юм бэ. ТЭр бензин шатахууны ууршилт гэдэг юмуу иймэрхүү тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж бодож байгаа. Дээр нь бол яахав дээр дэлхий дахинд явж байгаа озоны давхаргын цооролт гээд яриад л байх юм. Тэрнийг нь яг нарийн хэлж мэдэхгүй юм тиймээ. Цаг уурын юу ингээд нарны энэ бүтцийн өөрчлөлт ингээд үзээд байхад одоо энэ дэлхийн дулаарал гээд л яриад байна. Энэ дулааралтай холбоотой хойд мөсөн далай эд нар чинь мөсөн уулууд чинь хайлаад байна ш дээ тийм ээ. Тэгээд иймэрхүү иймэрхүү юмнууд чинь ордог л байх. Тэгээд ургамлын бүтэц ингээд өөрчлөгдөх юм бол би одоо ерөөсөө малын тоо толгой нэмэгдсэнтэй гарцаагүй холбохоос арга байхгүй байгаа юм. Аливаа нэг юм гэдэг чинь тодорхой хэмжээний даацтай байдаг. Тэрнээс бараг 2,5 дахин Монгол орны хэмжээнд дундажаар ерөөсөө ингээд аваад үзэхэд 1,5-2,5 дахин даац нь хэтэрчихээд байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэрэнтэй л нөлөөтэй. Тэр нь байгал цаг агаарын өөрчлөлттэй заавал холбоотой.
Хишигсүрэн -
Газар усны нэр өөрчлөгддөг гээд байгаа юмаа.
Нэргүй -
Аа ха.
Хишигсүрэн -
Тийм юм ер нь танай суманд ажиглагдаж байна уу?
Нэргүй -
За мэдэхгүй ээ. Газар усны нэр өөрчлөгдөнө гэдгийг ч яг хэлээд байх юм байхгүй. Одоо жишээ нь юу гэдэг юм бэ нэг уулын ч юмуу газрын нэр өөр нэртэй болж байна гэсэн үг үү?
Хишигсүрэн -
Тийм. Тийм юм байна уу?
Нэргүй -
Үгүй ээ тиймэрхүү юм бол гарч болж байгаа ш дээ. Тиймэрхүү юм бол ганцхан одоо ч биш эрт дээр үеээсээ байсан байхгүй юу. Тэр нь яах уу гэхээр чинь хүн чинь нөгөө байгаа байгаа үе үедээ өнөөдөр бид хоёр ингээд сууж байхад бол хүүхдүүд бол одоо энийг бол аяга гээд хэлэхэд бол энэ бол яваа яваандаа аягаараа л дуусна тийм ээ. Тэгэхэд энд нэг уулын нэр байлаа гэхэд “Өлзийт” гэдэг юмуу. Одоо тэгээд ингээд хэлэхээр нэг хүүхэд өөрөөр хэлээд дамжиж байснаа арай өөрөөр хэлээд явах. Энний нэг жишээ байдаг юм л даа. Манай сумын одоо яг тэр баруун урд талд байгаа манай одоо нутгийн маань л онгон шүтээн болсон сүрлэг сайхан уул “Зах уул” гэж байна. Одоо энэ “Зах уул” гэдэг маань өнөөдрийн нэр нь “Зах уул” гэж байна. Тэгэхэд өнөөдөр манай үеийнхэн болохоор энийг 2 янз ярьж байна. Нэг хэсэг нь тэр хавиар нутаглаж байгаа эрт дээр үеээс уламжлаад нутаглаж ирсэн хөгшүүд болохоор чинь нөгөө “Зах уул” гэдгээ хайрхан шүтээнээрээ нөгөө аав ээжийгээ нэрээр дууддаггүй гэдэг шиг Зах гэдгээр нь дууддаггүй “Буурал хан” гэж дууддаг болчихсон. Магад ч үгүй бид нараас хойш тэрний чинь зах гэдэг нь хаягдаад “Буурал хан” уул болчихсон байж мэднэ ш дээ. Аа...тэгэхэд бол энэ “Зах уул” гэдгийг яахаараа “Зах уул” гэдэг болсон юм бэ гэхээр “Монголын нууц товчоо” зохиолд манай тэр уул орсон байдаг юм. Чингис хаан чинь энэ одоо Хэнтий аймагтаа тэр “Дэлүүн болдог”-тоо байж байгаад 7-н шарга морио алдчихаад тэгээд ингээд хөөж байгаад ингээд энэ яг манай сумын тэр “Зах уул”-ын өмнө байж байсан байгаа тэр нутгийн Наху баяны хүү Боорчитой танилцаад тэгээд 8-н шарга морио олж аваад тэгээд Боорчийг нутагт нь аав ээжид нь үлдээхэд нь Боорчи үлдэхгүй ээ. Чамтай нэгэнт нөхөрлөсөн чамтай явна гэж байгаад өөрийн хүлэг баатар болсон Боорчийн нутаг байхгүй юу. Тэгэхээр эрт дээр үедээ тэр Наху баяны нутаг “Наху” гэдэг уул байсан гээд “Наху” гэдгийг чинь монголоор ингээд бичихээр урдаа цэгтээ бичдэг. Тэр нь хаяагдаад дээшээ эвэр хийчихээр чинь Заху болдог. Тийм учраас одоо манайхан судлаад “Наху” гэдэг уулыг Наху баяны нутаг “Наху” гэдэг уул явсаар байгаад бичлэгийн юугаар Заху болж ээ гэж ингэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ маань миний түрүүний хэлдэгээр хэдэн 10-н жил ч байдаг юмуу. Хэдэн жилийн дараа “Буурал хан уул” гэж нэрлэж магадгүй ш дээ. Иймэрхүү маягаар газар усны нэр өөрчлөгддөг солигддог байж магадгүй. Тэгээд мэдэх мэдэхгүйдээ. Одоо бас нэг ийм сонин юм харагдаж байгаа байхгүй юу. Нөгөө өвөг дээдсийнхээ үеээс Социализмын үед үүх түүх хориотой байсан учраас энэ ямар уул гэдэг юм бэ. Энэ голыг юу гэдэг юм бэ гэж нарийн судлаж асууж байгаагүй учраас одоо тэр уул юунд өөр өөрийнхөөрөө нэр өгдөг. Нөгөө өвөлжиж байгаа хаваржиж байгаа улсууд нь хонд хондоо өөрийнхөөрөө аа...тэр хонд гэдэг гээд. Тэр битгий хэл голын гацаа мацаа чинь хүний нэрээр. Анх тэрүүгээр гарсан юу гэдэг юм “Бавуугын гацаа” ч гэдэг юм уу “Батцэнгэлийн гарам” ч гэдэг юмуу гээд ингээд нэрлэчихсэн. “Нүдэнгийн хонд” ч гэдэг юмуу. Ингээд бүр нэр нэрээр нь орчин үеийн хүний нэрээр нэр томъёо өгчихсөн юм бол манайд бол тодорхой байна. Иймэрхүү маягаар наад өөрийг чинь асуугаа болов уу гэж бодож байна.
Хишигсүрэн -
За за. За ингээд 2-уулаа сайхан ярилцлага хийгээд өндөрлөж байна. Танд ер нь нэмээд нэг ийм юмыг ярьчих хэрэгтэй гэж бодож байна. Үлдэж байна гэсэн юм байвал та нэг хэлээч.
Нэргүй -
За ер нь ингээд нилээн ч удаан ярилаа нилээн ч задгай нилээн дэлгэрэнгүй юм хамж шимсэн байдлаар яриа ярилаа л даа. Тэгээд гол нь би бол одоо энийг бол яг өөрөө ганцаараа ингээд суугаад ярьсан бол бас ийм хэмжээнд ярьж чадаа ч билүү үгүй ч билүү гэж бас өөрийгөө бодож байна. Тэгээд энийг юу гэж хэлэх гэж байна уу гэхээр чинь аяндаа өөрөө сэтгүүлч хүний хувьд мэргэжлийн хүний хувьд гарцаагүй ийм байдалд ийм яриа, ийм үг гаргуулах юманд хөтлөөд ингээд явчихаар чинь...
Хишигсүрэн -
Сэтгүүлч биш ш дээ /инээв/.
Нэргүй -
/инээв/
Хишигсүрэн -
Судалгаа хийдэг тийм ээ. Ярилцлага авдаг тийм ээ.
Нэргүй -
Тийм.
Хишигсүрэн -
За за ингээд...
Нэргүй -
Тийм учраас л ингэлээ гэж бодож байна л даа. Тийм ээ.
Хишигсүрэн -
За За их баярлалаа.
Нэргүй -
За.
Хишигсүрэн -
2-уулаа ярилцлагаа өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.