Renjin


Basic information
Interviewee ID: 990312
Name: Renjin
Parent's name: Puntsag
Ovog: Alag aduu
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, literature teacher
Belief: Buddhist
Born in: Urgamal sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: smith


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
environment
funerals
literature
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Рэнжин гуай.

Рэнжин -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Социализмын үеийн уламжлалт баярууд хэрхэн болдог байсан бэ?

Рэнжин -

Социализм чинь хөөрхий Монголын ард түмний уламжлалт баярыг харин хорьж хаагаагүй. Социализмын үед цагаан сарын баяр задарсан. Их хориотой айхтар байсан ш дээ. Дээр үед цагаан сарын баярыг бараг хийх үү? Хийхгүй юу? Ер нь социализмын үед цагаан сарын баярыг хийдэг болсон нь их сайхан болсон. Улсын баяр наадмыг их сайхан хийж байсан. Энийг одоо бид нар үгүйсгэхийн арга байхгүй. Улсын баяр наадмаар чинь одоо манай Дамдин аварга, Баянмөнх аварга, Бээжин аварга, Батсуурь аварга гээд алдартнууд алдраа мандуулж, төрийнхөө тугийг тэнгэрт намируулж байсан. Социализмын үед уламжлалт баярууд бол сайхан болж байсан. Тэгээд яг одоо энэ социализмын үеэс эхлээд л одоо аймгуудын баяр, манай шашин номын тахилга энэ тэр чинь социализмын үед эхэлсэн шүү дээ. Эхэлж хийгдсэн. Отгонтэнгэр энэ тэрийг тахих барих, Алтай таван богдийг тахих, Хэнтийн өндөр уулыг тахих энэ ажил чинь социализмын үед хэвээрээ үргэлжилж байсан. Аа харин ардчилал хөгжснөөс хойш одоо бүр их өргөн дэлгэр болсон доо. Ер нь одоо социализмын үед уламжлалт баяруудыг нэг их хаагаагүй шүү хөөрхий минь. Үзэл суртал гэдэг талаас нь их зохион байгуулалттай, замбараатай, үзэл суртлын өндөн түвшинд хийнэ гэсэн үг явж байснаас биш тэр баяр наадмуудыг хааж барьж ингэж яагаагүй. Тийм учраас социализмын үед бол Монголчуудын тэмдэглэдэг одоо цагаан сар, улсын баяр, аймгуудын баяр наадам үргэлжилдэгээрээ үргэлжиж явдгаараа явж байсан. Тэр ч байтлаа одоо зарим аймгуудад өөрснийхөө нутаг дэвсгэр дээр алдаршсан, тахиж шүтэж явдаг уул хангайгаа тахиж шүтэх ийм ажил бол социализмын үед хийгддэгээрээ хийгдээд л явж л байсан. Тэр нэг ганцхан юу нь айхтар хатуу барьж байсан бэ? гэх дээр тэр ажлыг үзэл суртлын өндөр түвшинд хийнэ. Хамгийн наад тал нь тэр баярыг чинь хийхэд л тэнд хог хаягдал хаядаггүй, гал түймэр тавьдаггүй, усандаа бузар оруулдаггүй. Монголчуудын чинь одоо байгалиа шүтдэг, байгалийнхаа өмнө сөхөрч мөргөж явдаг нэг юм бол тэр уул ус, хангай говио хилэгнүүлэхгүй, уурлуулахгүй. Тэрнийгээ одоо сайхан цэвэр цэмцгэр байлгаж, тэрэндээ мөргөж, тэрнийгээ шүтэж тахиж ингэж явах явдал шүү дээ. Энийг бол ер нь социализмын тэр үзэл гэдэг юмтай холбож сайхан хийгдэж байсан байгаа юм л даа. Манай Отгонтэнгэр гэхэд чинь л одоо тахилгыг нь ерөөсөө алдагдуулаагүй. Очирбат гуайг ерөнхийлөгч байх үеэс одоо их хүчтэй, том тахилгын ажил хийгдэж эхэлсэн. Ийм юм байгаа юм аа. Социализмын үед бол манай түүх намтартай холбоотой юм тэгэж нэг их алга болж, устгаж сүйтгээгүй шүү.

Ариун-Ундрах -

Цагаан сар ямар болдог байсан бэ?

Рэнжин -

Цагаан сарын баяр бол яахав үзэл суртлын өндөр түвшинд хийнэ гэдэг л юм явж байснаас бол цагаан сарын баяр бол хийгддэгээрээ л хийгдэж байсан. Ер нь цагаан сарын баярыг чинь одоо дээрээс тийм хэмжээнд ингэж хий гэж хэм хэмжээ тогтоож өгөхийн арга байхгүй ш дээ. Яагаад гэх дээр ард түмний уламжлаад тогтчихсон, идээ будаагаа засдаг журамтай, өглөө гараад нар гарах зүг рүүгээ яваад нар дэлхийдээ ерөөлөө тавьдаг, зул хүжээ өргөдөг, арц юмаар утдаг ийм журамтай. Тогтсон дэглэм журамтай юм чинь тэр нь одоо үзэл сурталд харшлах ч юм байхгүй л дээ. Сайхан хийж байсан. Би бол тэр цагаан сарын баярыг чинь ёстой хар нялхаасаа яаж хийдгийг мэднэ дээ. Бүүр жоохон хүүхэд байхдаа манайхан чинь цагаан сарын баярыг их сайхан хийдэг. Ямар сайндаа хүүхэд байхад чинь цагаан сарын баяр болоосой, нэг жаал боов идэж цадаж авах юмсан гэдэг хүртэл байсан байхгүй юу. Тэгээд цагаан сарын баярыг чинь ядуу, баян гэх юм байхгүй ер нь л жигд. Ямар ядуу айл байлаа ч гэсэн одоо цагаан сарынхаа хэдэн боовыг хийгээд тавгандаа өрдөг, цагаан сарынхаа шүүсийг зохих хэмжээгээр нь хонины толгой одоо тэгээд л ядуу ч байлаа гэсэн нэг хонины, цагаан сарын маханд чинь ямар чиг л байсан нэг хонины л жоохон юмнууд орж байгаа. Толгой нь орж байгаа юм, ууц нь орж байгаа юм, 4 өндөр нь орж байгаа юм, шагай чөмөг бүх чөмөг нь орж байгаа юм. Тэгээд тэрнийг чинь ямар ч байсан тэр айл нэг, ямар ядуу айл байлаа ч гэсэн 4-5 хонь гаргана аа даа, хүнсэндээ нэг өвөл. Тэрнийхээ хамгийн олигтой тарган хониныхоо махыг цагаан сард зориулаад үлдээчихдэг юм л даа, иддэггүй. Тэрүүгээрээ цагаан сараа хийчихдэг. Манайх харин одоо энэ цагаан сарыг жаахан өрсөлдөөнтэй хийдэг болчихсон юм уу гэж бодоод байгаа юм. Нэг л их том ууц тавих гээд л дээр үед чинь тэр их том ууц тавьдаггүй байсан. Зарим айл үхрийн мах тавина. Үхрийн өвчүү энэ тэр чанаад тавьчихна. Аа зарим айл ууц тавина. Ууцыг бол заавал нэг том тарган хонины ууц гэх юм байхгүй. Ямар ч хонины ууц. Тэгэхдээ эм хонины ууц тавихгүй шүү, цагаан сарын ууцанд. Ямар ч байсан эр хонины, шүдлэн хонины ч юм уу одоо тэгээд тэрнээс дээш эр хонь. Цагаан сарыг бид социализмын үед сайхан хийж байсан. Тэр уламжлалыг алдагдуулаагүй. Бүүр дээр үед одоо ер нь цагаан сарыг чинь бас нэг жаахан тийм хуучны гэсэн юм яригдаж л байсан л даа. Тэр чинь нөгөө нэг 40-50-аад оны үед юм. Тэгээд сүүлдээ одоо цагаан сарыг сэргээгээд, Самбуу гуайн үед цагаан сар их сайхан хийгдэж эхэлсэн ш дээ. Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга байхдаа Самбуу гуай өөрөө их ардач үзэлтэй хүн байсан учраас ард түмнийхээ сэтгэл зүйг бодож цагаан сарыг их сайхан сэргээж өгсөн ийм гавъяатай юм аа. Цагаан сар социализмын үед ч сайхан байсан. Одоо бүр өргөн дэлгэр болжээ. Одоо харин нэг жаахан юу нь архи нилээн их хэрэглэдэг болж. Дээр үед чинь Монголчууд цагаан сараар ерөөсөө намайг хүүхэд байхад архи хэрэглэнэ гэхийг мэддэггүй байсан. Ерөөсөө одоо цагаан сараар архи хэрэглэдэггүй. Одоо бол харин их нөлөөтэй юм нь архи болсон байна. Цагаан сарыг их архидалтаар хийх хэрэггүй л дээ. Яагаад вэ? гэх дээр ард түмний өв уламжлалын тансаг сайхан баярыг тэр нэг архи дарсгүй, агсам согтуу тавихгүй. Аав ээжийгээ хүндэтгэж, ахас ихсээ дээдэлж, хүүхэд залуучуудаа баярлуулж, хоол ундаар элбэг баян. Бэлэг дурсгал ч гэсэн одоо хөнгөн хялбар. Хүүхдээ их баярлуулдаг, настайчууддаа хадгаа өргөдөг барьдаг ийм маягаар хийхээс биш одоо архидалт маягаар цагаан сарыг хийж болохгүй ээ гэж би ингэж бодож явдаг юм.

Ариун-Ундрах -

За танай нутагт байгаль орчин ер нь ямар байсан бэ? Яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Рэнжин -

Би бол говийн хүүхэд ээ. Тэгэхдээ бүр жинхэнэ цэвэр говь биш. Манай Завханы Ургамал сум чинь говь хээрийн бүс. Өөрөөр хэлбэл тэр нутаг дээр говийн ч нэг хэсэг байдаг. Хангай ч биш, говь ч биш. Говь хээрийн бүс ч гэж нэг хэсэг байдаг. Их сонин нутаг л даа. Яагаад вэ? гэх дээр тэр Завханы элсэн нуруу манай сумын хойд талаар доошоогоо явдаг юм. Завханы нэг элсэн нуруу. Тэгээд тэр элсэн нурууны захаар Хүнгүйн гол гээд гол урсаж байдаг юм. Тэгээд би заримдаа боддог юм. Үгүй ээ энэ элсний хаялгаар гол урсаад байна гэж баймааргүй юм. Доошоогоо энэ элс энэ усыг нь уугаад яачихдаггүй юм уу? Тэгэж боддог юм. Тэгээд бодоод байх нь ээ байгалийн зохицолдоо гэж гайхалтай юм аа. Ерөөсөө бид нар өөрсдөө байгалийн бүтээгдэхүүн ш дээ. Тийм учраас байгаль биднийг төрүүлсэн юм чинь эргээд бид нар байгалиа хайрлаж, байгалиа хүндэтгэж, байгалиа дээдлэх ёстой ш дээ. Тийм учраас тэгэхийн тулд байгалиа судалж мэддэг байх хэрэгтэй. Зүгээр л би нэг Завханы, би Отгонтэнгэрийн хүү гээд аахилаад байх хэрэг байхгүй. Отгонтэнгэр гэж ямар уул юм, тэрнийг яаж хүндэтгэж хайрлах ёстой юм, ямар түүх уламжлалтай юм, эцэг өвгөд Отгонтэнгэр гэдэг тэр уулыг яаж тахиж шүтэж ирсэн юм, яаж тэр энэ олон мянган жилийн турш тэр уулыг тэр чигээр нь сайхан хадгалж өвлөж бидний үед авчирч өгсөн юм бэ? гээд л энийгээ мэдэхгүйгээр байгалийг хамгаалах, байгалийн тухай ярихын хэрэг байхгүй. Үнэхээр одоо бид нар байгалиа сүүлийн үед бол энэ овоо арга хэмжээ явагдаж байна. Байгалиа хайрлах, дээдлэх талаар. Аа нэг хэсэг бол байгалиа ерөөсөө бид нар гутаасан. Байгалиа гутаасан. Тэр л одоо байгалийг чинь хог хаягдал, одоо тэр одоо ухаандаа л бид нар Богд уулаа л бодъё л доо. Энэ Богд уулын чинь энүүгээр л бид нар аялал жуулчлал янз бүрийн юм хийгээд. Тэгээд л энд чинь хог хаяна, одоо хамаг муу муухай юмыг хаяна. Байгаль чинь тэрүүнд өөрөө учиргүй дургүй байхгүй юу. Байгаль чинь өөрөө өөртөө хайртай юм. Хүн ч гэсэн бид нар өөрөө өөртөө адил чи өөрөө өөртөө л хайртай, би өөртөө л хайртай. Тэрэнтэй адилхан байгаль бол өөртөө хайртай. Тийм учраас улсууд ярьдаг юм. Байгаль хариугаа авна аа гэж. Энэ чинь бол байгаль өөрөө өөртөө хайртайг харуулж байхгүй юу. Тийм учраас энэ байгалиа дээдлэх, байгалиа хайрлах. Одоо Монголчууд чинь гол дээр очоод хүртэл одоо тэр голын уснаас хаана нь гар нүүрээ угаах уу? Хаана нь хөл гараа угаах уу? гэдэг хүртэл нарийн дэглэмтэй. Тэгэхээр зэрэг голын уснаас авахдаа ямар саваар хутгаж авах уу? Сүүтэй саваар бол голын уснаас ерөөсөө хутгадаг ёс байхгүй. Тэгээд айл нүүнэ. Нүүхдээ одоо нутгаа жигтэйхэн сайхан цэвэрлэнэ. Гал ерөөсөө хаяхгүй. Галын юм бол тэрнийг сайхан булаад бариад яана. Гэрийнхээ буурийг жигтэйхэн сайхан цэвэрлэнэ. Үнс энэ тэрээ сайхан шороо ухаад булаад бариад ингээд хаяна. Тэгээд тэр айлыг чинь хойтон нүүгээд буцаад ирэхэд тэр ерөөсөө юу ч ноднин уржнан хог хаягдал юу ч байгаагүй юм шиг цэвэрхэн. Монголын ард түмэн чинь байгальдаа жигтэйхэн хайртай. Байгалийг жигтэйхэн дээдэлдэг. Энэ бол юуг хэлээд байна гэвэл чамайг намайг байгаль бүтээсэн байхгүй юу. Тийм учраас байгалиа хайрлах хүмүүжил энэ тэрийг одоо энэ ялангуяа хүүхэд залуучуудад, ялангуяа ЕБС-д байгалийн хичээлийг их эрчимтэй оруулмаар байгаа юм. Бид нар чинь энэ байгалиа эдэлсээр байгаад, идэж уусаар байгаад, төнхсөөр байгаад, энэ сүүлийн үед алт ухаад байгалийг чинь ёстой үнэхээр хилэгнүүлж байна ш дээ. Дургүйг нь хүргэж байна. Тэгээд яагаад манай ард түмэн тэр байгальдаа дандаа залбирч байдаг, байгалиа дандаа аргадаж байдаг. Тэнгэр дугарахад хүртэл одоо урдаас нь цагаан сүү цацдаг. Тэр чинь одоо юуг хэлж байна. Тэнгэрийг дошгируулахгүй. Ус цацвал усны урдаас нь тэнгэр чинь яаж ч ниргэж байж чадна ш дээ. Тийм учраас тэнгэр дугарахад Монголчууд сүүгээ өргөдөг, тэнгэр лүүгээ. Энэ нэг л юм хэлээд байгаа юм ш дээ. Манай ард түмний энэ философи, энэ шинжлэх ухаан чинь нэг л юм хэлээд байгаа юм. Яагаад та өглөө босоод байгаль тэнгэртээ нар гарах зүг рүү цайныхаа дээжийг өргөдөг юм бэ? Энэнийгээ тайлбарла л даа. Энэ ард түмэн чинь ингэж одоо хангай дэлхийгээ дээдэлж, хангай дэлхийгээ хайрлаж, баясгаж ингэж байдаг байхгүй юу. Тийм учраас дэлхий хангай дахиад бид нарт сайхан өгөөжтэй сайхан зуншлага, өгөөжтэй сайхан хур бороо оруулж өгнө. Өвлийн хүйтнийг бага цастай байлгана. Олон юмны нугачаа байна аа, энэ байгалийн юунд. Тэгээд энд бас нэг ярьж болох юм уу? Үгүй юм уу? Нэг юм байна.

Ариун-Ундрах -

Аанхан. Болно, болно.

Рэнжин -

Нас барсан хүмүүсээ яаж дурсдаг вэ? гэж энэ одоо их сонин асуудал. Хэдэн жилийн өмнө Түдэв доктор бичлээ. Талийгаачдаа дурсаж хүндэтгэж, талийгаачдаа мартахгүй байх юмсан. Тэгэх дээр нь би дуурайгаад бас бичлээ. Бурхны оронд одогсдыгоо хойноос нь сайхан дурсаж, тэднийгээ магтахгүй байна. Ямар сайндаа агуу их Дашбалбар амьддаа бие биенээ хайрла, Аливаа сайхнаа бусдаас битгий харамла гэж тэр хүн чинь тэр үгийг хэлэх гээд байсан байна ш дээ. Өөрөө би идэр залуудаа бурхны оронд явна аа гэдгийгээ мэдчихсэн юм шиг. Мэдэж байсан ч байх. Тэгээд би явахаас өмнө үлдэх хүндээ хэлье. Түрүүн би энэ Инжинаш энэ тэрийн зохиолыг л хойч үлдээсэн гэж ярьсан. Хойч үедээ гээд хэлэх юмаа хэлээд авах хэрэгтэй л гэдэг юм. Дашбалбар чинь тэр хосгүй ухаантай хүн учраас тэгэж хэлсэн байна. Тэгээд бид нар талийгаачдыг яахав одоо сүүлийн үед бол ёс төр нь зарим талаар сайхан боллоо. Социализмын үед ч одоо энэ талийгаачдыг оршуулах ёс төр сайхан хэвээрээ байсан шүү. Сайхан хэвээрээ байсан. Аа энийг би нэг юман дээр ярья. Одоо Самбуу гуайн шарилыг бид нар засгийн газрын хойно байрлуулж байсан. Сүхбаатар, Чойбалсан хоёрын бунхныг яалаа. Тэнд одоо сайхан байсан. За сүүлдээ одоо цаг үеэр аваачаад Жалтны хэлхээ рүү аваачаад оршуулцгаах шиг болно лээ. Ер нь социализмын үед энэ талийгаачдаа хүндэтгэх, талийгаачдаа алсын замд нь их сайхан үдэх, талийгаачдаа хайрлаж хүндэтгэж дурсах, тэднийг мөнхжүүлэх. Өчигдөрхөн би нэг сонин дээр тэр нөгөө МУ-ын баатар эмэгтэй Борын тухай уншлаа. Тэгээд Борын тэр хөшөө сумынх нь төв дээр сүндэрлэж байдаг юм байна. Тэгээд би бодсон чинь бид бас талийгаачдаа тийм муу чиг дурсдаг улсууд биш юм аа. Сайхан хүндэтгэдэг. Сүүлийн үед бол одоо саяхан би нэг газар оршуулга хийлээ. Тэнд одоо олон бунхан байна. Тэгээд хөрөнгөтэй чинээтэй нь тэр бунхнаа 3 сая төгрөгөөр худалдаж аваад талийгаачаа тэр бунхны дэргэд нь оршуулдаг юм байна. За тэнхэл муутай шиг нь өөрснөө дурсгалын самбар энэ тэрээ хийж аваачиж байрлуулаад авдаг юм байна. Тэгээд бодож үзэж байх нь ээ минь бид нар ч бас тэр талийгаачдаа муу ч яадаггүй улсууд юм аа. Тэгээд одоо сүүлийн үед зарим ядуу зүдүү амьдралын нөхцлөөс болоод хөөрхий одоо зарим хүмүүс бол талийгаачийнхаа шарилыг энэ тэнд хамаагүй хаясан, ил хаясан энэ тэр янз бүрийн л юм байдаг юм шиг байна. Ер нь талийгаачийн шарилыг ил хаях бол Монголын нэг ёс л доо. Энийг бол бүдүүлгийг нь зүхэхийн хэрэг байхгүй. Тэгэхдээ энийг бол журамтай хаядаг. Их алс холын газар, уул хангайн энгэр дээр. Өөрөөр хэлбэл одоо талийгаачийн шарилыг тэр дор нь араатан жигүүртэн аваад явчихдаг, шарилыг нь алга болгочихдог ийм газар оршуулдаг байсан. Зүгээр энэ манайхны зарим ядуу зүдүү улсууд тэрнээсээ болоод хаяад байгаа юм уу. Газрын хамаагүй хогны жалга руу хаячихсан ийм юм зөндөө байна ш дээ. Ингэдэггүй юм л даа. Ил хаялтыг бол ингэж хийдэггүй юм. Ийм юм. Тэгээд бид бол талийгаачдынхаа араас дурсах, тэрнийг хүндэтгэх энэ талаар бас л одоо дутагдалтай юм байна даа. Дутагдалтай юм байна гэж би бодож явдаг. Талийгаач хүн бол ёстой хөөрхий. Тэр дахиад ирэхгүй, дахиад үг хэлж чадахгүй, дахиад бид нар луу горьдох юм юу ч байхгүй. Тийм учраас бид нар талийгаач хүнийг их сайн дурсаж байх хэрэгтэй. Би бол олон талийгаач хүний тухай дурсамж бичсэн хүн. Тэрүүгээрээ одоо буян болно уу, юу ч болно уу хамаа байхгүй. Сая би МУ-ын гавъяат багш Жанчив багшийн тухай сайхан дурсамж бичиж Монцамэ сонинд хэвлүүлсэн. Тэрнээс өмнө олон хүний тухай дурсамж бичсэн дээ, талийгаач болсон олон хүний тухай. Одоо ингээд академич, МУ-ын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, талийгаач Сампилдэндэвийнхээ тухай дурсамж бичих гээд байж байгаа. Миний амьд байгаад хийх юм бол тэр үерхэж, хайр хишгийг нь хүртэж байсан, тэгээд надаас өмнө талийгаач болсон улсуудаа л би дурсаж, тэднийгээ одоо хэвлэлийн хуудсанд бага ч гэсэн үлдээх энэ өргөл надад ноогдож байгаагаас биш. Тэрнээс би нэг их омогтой, айхтар сүрхийдээ тэд нараасаа үлдчихсэн амьд мэнд байгаа юм биш л дээ. Байгалийн хуулиар тэд нар маань яваад би амьд үлдээд ингээд байж байгаа юм чинь. Би бол тэднийхээ тухай дурсах хэрэгтэй. Би улсуудад зөндөө хэлдэг юм. Та нар хүнийг амьд байхад нь яахав ээ. Амьд хүн бол юуг ч яаж ч бүтээж, юуг ч яаж ч чадна, яаж залилж ч чадна хүнийг. Ганцхан тэр явчихсан хойно нь битгий мартаач ээ гэж. Сайн хүнийг дурсах хэрэгтэй... Монголд байхгүй. Ялангуяа одоо бидний чам шиг хүүхдийн насны үе бол дандаа үлгэрээр хүмүүжсэн. Надаас өмнөх нь бол цөм үлгэрээр хүмүүжсэн. Би бол харин тэгээд үлгэрийн сүүлчийн үлгэрээр хүмүүжсэн хүн гэдэг юм уу. Тэгээд миний одоо залуу наснаас эхлээд л үлгэрээр хүнийг хүмүүжүүлэх, үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх юм чинь үндсэндээ нэг хэсэг зогсчихлоо ш дээ. Одоо бид нар шүүмжлээд байгаа юм. Монголын тэр гайхамшигт үлгэрүүдийг яагаад энэ багш нар хичээлдээ хэрэглэхгүй байна. Яагаад хүүхдийг хүмүүжүүлэхэд ашиглахгүй байна. Тэгээд Монголын үлгэр бол хүнийг одоо уяруулдаг, сэтгэлийг нь гэгээрүүлдэг, нандин сайхан зантай болгодог, юмыг өрөвддөг болгодог, хайрладаг болгодог, хүнийг хүндэтгэдэг болгодог. Мал, адгуусан амьтан, байгалийг хайрладаг дээдэлдэг, эрхэмлэдэг болгодог. Дандаа хүний сэтгэлийг гижигддэг байхгүй юу. Ийм байж болохгүй юм байна, ийм байвал ёстой муухай юм байна, ийм байх шиг сайхан юм байдаггүй юм байна. Дандаа нэг тийм сайхан энэрэнгүй сэтгэл, үзэл олгодог ийм. Тэгээд үлгэр бол сонин л доо. Монгол үлгэр бол өөрийн эхлэлтэй. Тэгээд одоо дунд үе рүүгээ орно. Тэгээд төгсгөлтэй. Би нэг жоохоон үлгэр ярих уу? Эртээ урд цагт эмгэн өвгөн хоёр байж гэнэ ээ. Ганц сүүний үнээтэй юм гэнэ ээ. Тэгсэн хүүхэдгүй юм гэнэ ээ гээд ингээд эхэлж байгаа юм. Тэгсэн нэг шөнө үнээг нь чоно идчихсэн байж гэнэ ээ. Тэгсэн чинь маргааш өглөө нь босоод эмгэн нь уйлаад болдоггүй гэнэ ээ. Саалийн үнээгээ чононд идүүлчихлээ. Би одоо яаж амьдарна. Чи бид хоёр яаж сүүтэй цай уух юм бэ? гээд уйлаад байж гэнэ. Тэгэх дээр нь өвгөн нь эмгэнээ өрөвдөөд үнээний нь дэлэнг аваад хадан дээр наагаад өгчихжээ. Тэгээд л эмгэн хадан дээр байгаа үнээнийхээ дэлэнг саагаад л эмгэн өвгөн хоёр сүүтэй цайгаа чанаад л уугаад байсан. Тэгсэн нэг өдөр эмгэн нь уйлаад байна гэнэ. Үгүй ээ чи яагаад уйлаад байгаа юм бэ? Би хүүхэдтэй болмоор байна гэнэ. За тэгвэл би чамд тэр хүүхэдтэй болохыг чинь зааж өгье гэнэ. Тэгсэн өвгөн хэлж за чи нэг өдөр энэ баруун ойн шугуй руу яв. Ой шугуй дотор яваад надад хүүхэд хайрлаач ээ гээд залбираад бай. Тэгэхээр чамд ер нь хүүхэд гүйгээд ирнэ байх. Тэгэх дээр нь л эмгэн баярлаад л нөгөө ойд очоод л сөхрөөд л залбираад л намайг хүүхэдтэй болгож өгөөч, надад хүүхэд өгөөч гээд л ингээд залбираад. Тэгсэн шугуй дотроос нэг жоохон хүүхэд гүйгээд ирж. Тэгсэн чинь чи миний хүүхэд болох юм уу? гэсэн чинь би таны хүүхэд болох гэж байна. Би танд эрхэлмээр байна гээд ингэж. Тэгээд л нөгөө эмгэн чинь хүүхдээ дагуулаад л өвгөндөө учир зүггүй л их баяртай ирээд аа миний өвгөн ёстой ачтай, буянтай өвгөн юм. Би ийм хөөрхөн хүүхэдтэй болчихлоо гээд. Тэгээд эмгэн өвгөн хоёр хадан дээр байгаа үнээнийхээ дэлэнг саагаад л цайгаа чанаж уугаад, хүүхэдтэй болчихоор хүүхэд нь эмгэн өвгөн хоёрыгоо асраад ингээд л байж. Тэгээд эмгэн өвгөн хоёр хүүхэдтэй болоод, үнээнийхээ сүүг сайхан саагаад ингээд амар сайхандаа жаргажээ гээд Монгол үлгэр чинь дандаа ийм ш дээ. Тэгээд л амар сайхандаа жаргана. Монголын ард түмний тэр сэтгэлгээ тийм сайхан байхгүй юу. Тэгээд амар сайхандаа жаргажээ гээд ингээд л дуусдаг. Тэгээд энэ үлгэр юуг хэлж байна вэ? гэх дээр хүнийг хайрлах үзэл. Тэр одоо ялангуяа тэр үр хүүхэдгүй, тэр үнээгээ чононд идүүлчихээд, тэгээд тэр дэлэнг нь хадан дээр наачихаад саагаад байгаа тэр гайхамшигтай. Байгалийн өгөөжийг харуулаад байгаа. Байгаль бол тийм өгөөжтэй, байгаль бол хүнийг тэгэж энхрийлж хайрладаг тийм одоо өгөөжтэй сайхан. Тэгээд өвгөн эмгэн хоёр бол тэр сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг биз дээ. Сайхан сэтгэлийн үзүүрт тос. Тэгээд тэр л өөрийн нь хүссэн юм нь зүгээр л аяндаа үйлс нь бүтээд байдаг. Монголын ард түмний үлгэр бол ингэж хүнийг хүмүүжүүлдэг. Ингэж хүнийг уяруулдаг. Ингэж одоо хүүхдийг хүнд их сайхан ханддаг болгодог. Ийм юм л даа. Тэгээд энэ мэтээр одоо Монголын аль болгон алдартай үлгэрийг ярьж барах вэ? дээ. Манай Хорлоо багш бол тэр Монголын явган үлгэр гэдэг юмаар асар их олон ном бичсэн, эрдэм шинжилгээний асар их юм хийсэн. Энэ Монголын үлгэр, домог, зүйр цэцэн үг, түргэн хэллэг. Чи мэднэ дээ. Үгүй ээ энүүгээр чинь л одоо хүүхдээ хүмүүжүүлээд байсан. Тэгээд л энэний чинь үр дүнд тэр хүүхэд нь тийм сайхан адуучин, тийм сайхан хоньчин, тийм сайхан малчин, тийм сайхан алдартай бөх, тийм сайхан хурдан морины эзэн. Энэ л одоо хүүхдийг чинь энэ үлгэрээр л хүмүүжүүлж өдийг хүрч ирсэн. Ийм юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Таныг сурч байх үед таны багш нар гэдэг ямар ачтай сайхан хүмүүс байсан бэ? гэдэг талаар та нэг дурсаж ярихгүй юу?

Рэнжин -

Би бол өөрийгөө азтай, тавилантай хүн гэж боддог. Яагаад вэ? гэх дээр би чинь бага сургууль төгсөөгүй 1963 онд МУИС-д элсчихсэн хүн байгаа юм. Тэгээд миний энэ элссэн учир бол их нарийн. Тэр үед чинь одоо Монголд гайхагддаг эрдэмтэд МУИС-д л байсан юм. Яагаад вэ? гэх дээр манай шийдвэрлэх гол шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэдэг газар бол МУИС байсан. Тийм учраас Монголын хамаг шилдэг, сор эрдэмтэнүүд МУИС-д багшилж байсан. Тэгээд намайг сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, нэрт эрдэмтэн Бор багш их сургуульд оруулсан юм л даа. Тэгээд намайг тэгэхэд яагаад би тэр жаахан юм бичдэг, уранзохиолын юм оролддог байсан учраас хэл бичгийн ангид оруулсан л даа. Тэгээд тэрүүнд яагаад вэ? гэх дээр манай дэлхийд алдартай Лувсанвандан багш, Чойжилсүрэн багш, Далхжав багш, Шаарийбуу багш, Дорж багш. За тэгээд л одоо чиний мэргэжлийн философийн Пүрэвээ багш, Норовсамбуу багш. Алдартнууд тэр үед багшилж байсан. Дамдинсүрэн багш ч цагаар хичээл заана, Ринчен багш цагаар хичээл заана. Би нэг тийм сонин үед их сургуульд орчихсон байхгүй юу. Би энийгээ бас байгалиас өгсөн миний хувь тавилангын нэг тохиолдол гэж бодоод байдаг юм. Би тэрнээс өмнө орчихсон ч байж болох, бүр хойно орсон ч байж болно. Яг тэр Гаадамба багш, Лувсанвандан багш, Чойжилсүрэн багш, тэр Норовсамбуу багш, Пүрэвээ багш алдартнуудыг их сургуульд багшилж байхад би тэнд орчихсон байгаа юм. Тэгээд би энүүндээ одоо бахархаж явдаг юм. Тэд нараар би нэг хичээл заалгаж, тэдний барааг харах, тэдний үгийг сонсох нэг ийм хувь тавилан байж л дээ. Тэр чиний мэргэжлийн чинь философич Норовсамбуу чинь Монголдоо 1-рх философич. Пүрэвээ гэж байсан. Чи мэдэхгүй. Пүрэвээ багш бол ёстой алдартай философич. Монгол нэг хэдэн философчийг бэлгэхээр хойш нь ЗХУ-д сургуульд явуулж л дээ. Одоо энэ Далхжав, манай талийгаач Пүрэвээ багш. Тэгээд нэг хэдхээн 4 залуу явсан байгаа юм. Тэрний нэг нь манай Пүрэвээ багш байсан. Хосгүй хүн байсан. Тэгээд манай Норовсамбуу багшийг чи нэг сүүл рүүгээ мэднэ дээ. Агуу хүн байсан. Тэр Норовсамбуу багш, Пүрэвээ багш энэ тэр чинь манай энэ төрийн шагналт Зундуйн Дорж, талийгаач доктор Ёндон, одоо энэ доктор профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Хүрэлбаатар бид нар чинь нэг ангийнхан. Тэгээд Пүрэвээ багш, Норовсамбуу багш бид нарыг нэг хэдхэн оюутан ороод л билет сугалуулаад суулгадаггүй. За чи суугаад яах юм, ярь. Зундуйн Дорж, Ёндон, Хүрэлбаатар, Англи хэлний толь зохиодог Алтангэрэл, Рэнжин энэ 5-ыг ерөөсөө суулгахгүй. Тэгээд яагаад би энийг ингэдэг байна уу гэдгийг одоо хүртэл боддог юм. Үгүй ээ тэд нар чинь хүнийг таньдаг, тэр оюутнаа хараад л мэддэг. Үгүй ээ энэ нөхрийг суулгалгүй босоод яахав шууд ярих. Тийм хүмүүсээр хичээл заалгаж байсан болох дээр тэгэж тэд нарын сэтгэлийг татсан, тэгэж тэд нарт итгэгдсэн ийм хэдэн оюутны нэг би байсан гээд бодохоор багш нарыгаа дурсахгүй, хайрлахгүй байж чадахгүй...

Ариун-Ундрах -

Таны амьдарч байсан социалист нийгмийг та одоо бүгдэнгээр нь нэг дүгнэж хэлэхгүй юу? Ямар нийгэм байсан бэ?

Рэнжин -

Юу гэлээ гэнэ ээ?

Ариун-Ундрах -

Социалист нийгэм яг ямар нийгэм байсан бэ? гэдгийг та дүгнэж хэлэхгүй юу?

Рэнжин -

Социалист нийгмийг би гаднаас хүчээр орж ирсэн нийгэм гэж ерөөсөө боддоггүй. Бид нарыг их сургуульд байхад нийгмийн 5 формаци гэж заадаг байсан. Тэрүүгээр л орж ирж яваа нэг нийгмийн үе шат нь гэж боддог. Энэ социализм харгисдаа ч манайд орж ирээгүй, социализм гуйлгачиндаа ч манайд гуйж орж ирээгүй. Энэ нийгмийн хөгжлөөр л яваад ирсэн нэг нийгмийн үе шат гэж ингэж боддог. Социализм бол бид нарт ач буянаа өгсөн. Бид нарыг үнэ төлбөргүй сургасан, мэргэжил боловсролтой болгосон, дээд сургуульд сургасан. Бид нар социализмыг эхэлж байхад дээд сургууль төгсгөөд л ажил дээр очсон. Би бол социализмыг ерөөсөө муулдаггүй хүн. Муулах ч ёс байхгүй. Олон улсууд надтай санал нийлнэ дээ. Социализмын буруу гэж юу байгаа юм. За яахав тэр социализмын буруу гээд байгаа нь юу байна уу гэх дээр үзэл сурталжсан, дэндүү хатуугаар үзэл сурталд хүнийг барьж байсан. Хүний эрх чөлөөг эдлүүлдэггүй л байсан гэж байгаа юм. Би бол социализмын үед нэг их эрх чөлөөгөө алдсан юм ерөөсөө байхгүй. Би авгай авч л байсан, сургууль соёлд сурч л байсан, би хийдэг юмаа хийж л явсан. Би социализмын үед эрх чөлөөгөө алдаагүй л гэж боддог. Тийм учраас социализм бол Монголд сайхан юм үлдээгээд, сайхан юм бүтээж өгөөд явсан шүү. Монголыг үйлдвэржүүлсэн, Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлсэн, Монголчуудыг өөрснөө ногоо цагаагаа тариад иддэг болгосон, Монголчуудыг дэлхийд алдаршсан Юниско-ын шагнал авсан тийм одоо эрдэм мэдлэгийн оргилд хүргэж өгсөн. Социализмыг юугаар нь бид нар хараах вэ? Социализм бол социалист Улаанбаатар хотыг байгуулж өгсөн. Үнэн. Аа харин сүүлийн үед бол асар их хөгжиж байгаа нь үнэн бас. Социализм Улаанбаатар хотыг байгуулж өгөөгүй бол өнөөгийн энэ барилга, энэ хөгжил яг өнөөдөр ийм хэмжээнд хүрэх ч байсан юм уу? Үгүй ч байсан юм уу? Тэгэх дээр намайг бол хуучинсаг үзэлтэн, социализмыг хамгаалагч энэ тэр гэж битгий бодоорой. Социализм бол Монголд ерөөсөө муу юм хийгээгүй. Монголыг өөд нь татсан. Социализм бол Монголыг дэлхийтэй холбож өгсөн. Социализмын үед бид нар Америкийг мэддэг л байсан, социализмын үед Японыг мэддэг л байсан. Тэр Америк, Япон, Монголын хооронд байсан жоохон жоохон янз бүрийн үзэл суртлын зөрөлдөөн бол тэр чинь нийгмийн хөгжлөөр л, байдаг хуулиараа л явж байсан ш дээ тийм ээ? Аа тэгэхдээ ямар ч байсан Монгол гэж энэ орон байна гэдгийг Япон мэддэг байсан, Монгол гэж ийм нэг улс байна гэдгийг Америк ямар ч байсан бага ч гэсэн мэддэг л болж байсан. Энэ чинь л социализмын гавъяа биш үү? Социализм чинь МУ-ыг гадаадын 30-40-өөд оронтой дипломат эдийн засаг, худалдааны харилцаатай холбоотой болгож өгсөн. Тэгээд социализмыг би өнөөдөр нэг их хараадаггүй. Би өөрөө социализмын бүтээгдэхүүн. Тэгэхдээ өнөөдөр ганц Рэнжин социализмын бүтээгдэхүүн биш. Аа өнөөдөр одоо ганц Рэнжингийн хүүхэд ч энэ ардчиллын бүтээгдэхүүн биш. Монголын ард түмний үр хүүхдүүд нэг хэсэг нь социализмын үеийн бүтээгдэхүүн, нөгөө хэсэг нь ардчиллын үеийн бүтээгдэхүүн. Чи өөрөө хүртэл социализм, ардчилал хоёрын дундач бүтээгдэхүүн биз дээ? Ингээд бодохоор би бол социализмыг Монголд гавъяа байгуулсан, Монголын түүхэнд одоо яах аргагүй дурсах ийм гавъяа. Би тэгээд энэнтэй холбоод нэг юм хэлчих үү?

Ариун-Ундрах -

Аанхан.

Рэнжин -

Би Цэдэнбал даргыг хүндэтгэдэг хүн, хайрладаг хүн. Ганц Цэдэнбал даргаар барахгүй Филотава авгай хүндэтгэдэг, хайрладаг хүн. Яагаад вэ? гэх дээр одоо бид нар 70-р цэцэрлэг, энэ олон цэцэрлэгийг Филотава авгай Зөвлөлтийн ард түмнээс, Зөвлөлтийн удирдагчдаас гуйж хөрөнгө авчирч байгуулж өгсөн. Энэ чинь Монголын ард түмний хүүхдийн төлөө миний хүүхдээр барахгүй чиний хүүхдийг хүмүүжүүлж байгаа цэцэрлэгүүд зөндөө байгаад ирчихсэн байна. Цэдэнбал бол Монголын ард түмний агуу их удирдагч. Цэдэнбал бол шинэчлэгч, Цэдэнбал бол оюун ухааны хосгүй оюунлаг удирдагч. Тийм удирдагчыг бид нар өнөөдөр одоо хайрлахгүй байхгүй арга байхгүй. Түрүүн би хэлсэн талийгаачдынхаа хойноос сайхан үг хэлэх юмсан, сайн юм дурсах юмсан. Цэдэнбал даргын тухай одоо муу юм хэлэх үг надад байхгүй. Би Цэдэнбал даргатай эн тэнцүү амьтан биш, шууд удирдлаганд нь би алба хааж байгаагүй. Би холоос Цэдэнбал даргыг ажигладаг байсан, холоос удирдлаганд нь байж, холоос би Цэдэнбал даргын баярын бичгийг хүртэж МУИС хүртэл төгссөн хүн. Би энүүгээрээ баярлаж, би Цэдэнбал даргын тухай одоо дандаа сайхан үг хэлэх юмсан гэж ингэж бодож явдаг юм шүү. Бид нар одоо маршал Чойбалсан байгаагүй бол МУ-ын тусгаар тогтнол байх юм уу? Үгүй юм уу? Өнөөдрийн бид нар ингээд даналзаж байх байсан ч юм уу? Үгүй ч юм бил үү? Маршал Чойбалсан арчаагүй амьтан байсан бол аль хэзээний МУ-ын тусгаар тогтнол алдагдчихсан. Монгол хаа нэгтээ газрын нэг хавирганд хавчуулагдчихсан ч байх юм бил үү. Тийм учраас би маршал Чойбалсанг юу гэж муулдаг юм. Би МУИС-ийн урдуур явахдаа дандаа маршал Чойлбалсангын хөшөөнд залбирчихаад явдаг юм. Миний тэрнийг маршал Чойбалсан мэдэхгүй. Тэр миний сэтгэл байхгүй юу. Монгол хүн ийм сэтгэлтэй байх хэрэгтэй. Лениний хөшөөний урдуур явахдаа дандаа би Ленинийг хараад залбирдаг. Яадаг юм. Ленин манайд юу ч буруу юм хийгээгүй ш дээ. Лениний агуу их үзэл санааг бид нар эх орондоо хэрэгжүүлсэн. Тэрнээс хаях нэг хэсэг юм бий, хаяж л байна. Авах нэг хэсэг юм бий ш дээ. Лениний үзэл санаанаас авах юм байхгүй байна гэж яаж байдаг юм. Чи өөрөө тунгаагаад бод доо. Ийм юмыг яриад би яриагаа төгсгөе гэж бодож байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.