Horolsüren

Basic information
Interviewee ID: 990327
Name: Horolsüren
Parent's name: Jantsan
Ovog: Iönshööbü
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Kindergarten teacher / kindergarten director
Belief: Buddhist
Born in: Bayanuul sum, Govi-Altai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
politics / politicians
work
foreign relations
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Хоролсүрэн гуай.
Хоролсүрэн -
Сайн. Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?
Ариун-Ундрах -
Сайхан намаржиж байна аа. За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Хоролсүрэн -
За тэгье.
Ариун-Ундрах -
За. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Хоролсүрэн -
Гүнээр ээ?
Ариун-Ундрах -
Аанхан, гүнээр гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Хоролсүрэн -
Би бол багадаа аав маань их бага байхад нас барсан. Өөрөөр хэлбэл ээжийн хүмүүжилтэй. Аавтай хүн сайхан юмаа гэдэг ийм юм бол миний сэтгэлд хүүхэд байхад бол хоногшиж үлдсэн байдаг юм. Тэгээд том болохоороо хүний авгай болохоороо аавтай хүнтэй суунаа гэж боддог байсан. Тэгээд миний хадам аав бол бас их сайхан хүн байсан. Надаас өмнө бол 2-3 бэртэй. Би бол сүүлчийнх нь бэр байсан. Гэсэн ч гэсэн тэр бэрүүдээс илүү надад ханддаг ийм сайхан хадам аавтай. Аав гэдэг үгийг бол насанд хүрээд хэлэх, аавдаа бэлэг бэлдэх, ааваараа хүндлүүлэх энэ тэр гээд л их сайхан байдаг юм байна лээ. Тэгээд манай хадам аав бол Архангай аймгийн хүн байсан. Манай нөхөр бол Архангайн хүн байсан учраас Архангайчууд чинь бас их ёс төрд их сайн, бас бэр хадмууддаа бас их хамтын амьдралтай байх их сургамжтай, маш их цэвэрч, маш их ажилсаг ийм хүн байсан. Хааяа архи уудаг. Тэгэхдээ архийг бол одооны хүмүүс шиг биш. Тэгээд 1 шил архийг 7 хоног уудаг. Жоохоон жоохон уучихаад тавьчихдаг тийм хүн байсан. Тэгээд 74 онд нас барсан. Тэгэхдээ бол тийм хорт хавдраар нас барсан. Тэгээд л эмнэлэгт бол би очдог. За ингээд бэрийнхээ цайг ууж байгаад л өнхрөх юмсан энэ тэр гэж ярьдаг хөөрхий минь тийм байсан. Тэгээд миний амьдралд бол нөлөөлсөн бол тэр аавгүй өсөх бол надад бол их гунигтай л юм шиг санагддаг байсан.
Ариун-Ундрах -
За бас таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Хоролсүрэн -
Тийм юм байхгүй байлгүй дээ. Ерөөсөө тийм онцгой юм бол байхгүй ээ.
Ариун-Ундрах -
Аанхан. За хоёулаа түрүүчийн ярилцлагаар...
Хоролсүрэн -
Гэхдээ энэ бусдаас онцгой гэдгээр нь манай нэг охин ээжээ та юугаараа гайхамшигтай вэ? гээд надаас асуугаад байхгүй юу. Өөрөө сэтгэл судлаач тийм хүүхэд л дээ. Тэгээд үгүй ээ би одоо юугаараа гайхамшиг байх вэ дээ. Надад бол гайхамшиг ёстой байхгүй гээд тэгсэн. Үгүй үгүй та нэрлэ л дээ. Та ямар нэгэн юм хэл. Би одоо бичиж боловсруулах юмаараа гайхамшигтай юм болов уу? Хүн захирч тушаахаараа гайхамшигтай юм уу? Үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ л гээд байхгүй юу. Би зөндөө юм хэлэхгүй юу. Тэгээд байж байсан. Тэгээд би цагийн юмыг цагт нь дуусгах гэж мэрийдэг. Тэрүүгээрээ гайхамшигтай юм уу? Үгүй ээ л гээд байсан. Тэгээд юугаараа гайхамшигтай юм бэ? гэсэн чинь та бол нэг л юмаараа ёстой гайхамшигтай. Би хэлэхгүй гээд. Хэл хэл гээд тэгсэн чинь та бол бусдын гэмийг уучилдгаараа гайхамшигтай гэж. Тэгээд яагаад гээд тэгсэн чинь та бол ингээд л хүмүүсийг... би бол тань шиг байсан бол ёстой энэ хүмүүсийг ингээд л энэ танайхны ажилчид, ингээд хариуцлага алдсан улсуудыг бол ёстой нээрээ янзын л шийтгэмээр санагддаг байхгүй юу. Тэгэхэд бол та тэгдэггүй. Тэгээд л тэрийг уучлаад л өнгөрөөдөг. Тэгэхээр нь би тэгсэн. Өө удирдах ажилтан хүнд бол тэр авах гээхийн ухаан, уучлахын гайхамшиг тийм ээ? Бусдын гэмийг уучилж байж хүмүүсийг өөрийнхөө гарт оруулна ш дээ гэж тэгэж ярьдаг байсан. Тэгээд би одоо тэгсэн. Хүн залуу байхдаа их зоригтой, зүрхтэй байдаг аа. Нас ахиад ирэх дээр зэрэг бол тэр бусдын гэмийг уучлах бол ёстой хар аяндаа тийм болдог юм шиг санагддаг байхгүй юу надад. Тэгээд тэр олон жил удирдах ажил хийсэнтэй ч холбоотой байдаг байх нэгд ч. Хоёрт ч бол бас нас ахихаараа бол юмыг уучлах нь илүү байдаг байх аа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд бас энэ асуултыг арай өөрөөр асууя гэвэл хүн болгоны амьдралд өөр ш дээ тийм ээ? Аан тэгээд хүн миний амьдрал нэг бусдаас үүгээрээ л онцлогтой, ялгаатай гэсэн ч юм уу нэг тиймэрхүү юм байдаг ш дээ. Таны хувьд ямар вэ?
Хоролсүрэн -
Миний хувьд бол, амьдралын хувьд бол онцлог гээд тэгвэл байна ш дээ. Би ерөөсөө дандаа л албаны ажлыг л нэгд бодож явсан. Манай нөхөр тэгдэг байсан юм. Чи аягүй сонин. Айлын авгайчууд дэлгүүрт ороод байх дээрээ зэрэг гэртээ тэрийг авах юмсан гэхэд бол чи дандаа цэцэрлэгтээ авах юмсан гэж ярьдаг гэж. Тэр бол ёстой миний амьдралын онцлогоо. Би одоо ч гэсэн яг тийм л байдаг. Албан ажил бүтээгүй байхад бол би амины ажлыг бол шууд орхидог. Тэгэж байж ч одоо амжилтанд хүрч, тэгэж байж ч хамт олныг тэргүүлдэг. Тэр өөрийн гэрийн ажил бол яахав л дээ. Болдог л байхгүй юу. Өнөөдөр гэрээ цэвэрлээгүй бол би маргааш гэрээ цэвэрлэчихээд л гарна ш дээ. Тэр бол тийм том асуудал биш ш дээ гэж л боддог юм.
Ариун-Ундрах -
Эмэгтэй хүний хувьд бол бас л онцлог тал байна ш дээ тийм ээ? Нэгдүгээрт ажлаа тавина гэдэг чинь.
Хоролсүрэн -
Ммхмм.
Ариун-Ундрах -
За хоёулаа түрүүчийн ярилцлаган дээр таны ерөнхийдөө ажил амьдралын тухай ярилцсан. Тэгээд одоо хоёулаа ажил гэдэг сэдвээр жаахан ярилцъя гэж бодлоо. За социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Хоролсүрэн -
Социализмын үед ажилд хандах хандлага бол ерөөсөө ажил бол хамгийн 1-р асуудал ш дээ. Ерөөсөө ч тэгэж заадаг байсан. Аа тэгэхдээ социализмын үед бол хүмүүс их сэтгэл амар байсан байх аа...
Ариун-Ундрах -
Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Хоролсүрэн -
Социализмын үед ажилд хандах хандлага бол хүмүүс ер нь ажлаа 1-рт тавьдаг тэ? Аа аа ерөөсөө шаардлага нь ч тийм байсан нэгд ч. Хоёрт ч социализмын үеийн амьдрал бол хүн ажлаа л хийх ёстой. Өөр юманд нэг их санаа зовдоггүй байсан санагддаг юм аа. Яагаад гэвэл тэр одоо тэр энэ гэр бүлд бүх юм одоо тэр төлөвлөгөөт эдийн засагтай байсан болохоороо тэр юм уу? Бүх л юм нь бэлэн. Одоо ажлаа л сайн хийвэл одоо болоо. Тэгээд цалингаа ав аа. Аа түүнээс бол тэр гэр орны тэр өр зээлээ яана... Ажилгүй хүн гэж байдаггүй байсан болохоороо тэр айл гэрийн амьдрал их сэтгэл амар байсан байх аа. Яагаад гэвэл ажилтай, бүх хүмүүс л одоо ажилтай. Тэр бага шиг цалин авдаг ч гэсэн зах зээлд өр тавьдаг, зээл тавьдаг хүн байдаггүй байсан ш дээ. Одоо хүүтэй зээл гэдэг юмыг одоо би бүр л зах зээлд ороод л хүүтэй мөнгө хүн зээлдэг юм байна, зээлүүлдэг юм байна энэ тэр гэдгийг мэддэг. Түүнээс бол аа банкнаас бол одоо их том юм хийх гэж байгаа хүн л банкнаас хүүтэй мөнгө авдаг. Түүнээс хувь хүн бол мөнгө зээлэх шаардлага ч байгаагүй юм уу? Зээлдэггүй ч байсан юм уу? Ерөөсөө тэр мөнгөний тухай юм бол хүмүүст нэг их яадаггүй байсаан. Их зовлон биш байсан байх аа. Би тэгэж боддог юм. Тэгээд л одоо ажлаа хийх ёстой. Цалингаа авчихна. Тэгээд л одоо тэр цалингаас цалингын хооронд ерөнхийдөө социализмын үед авч байсан цалин бол валют шиг байсан ш дээ. Одоо 100 төгрөг гэдэг юм бол ямар их юмыг авдаг байсан тийм ээ? Элсэн сахар гэхэд чинь л 4 төгрөг байсан юм чинь. Масло гэхэд чинь хэд билээ? 6 төгрөг бил үү хэд билээ дээ. Тэгээд одоо 100 төгрөгөөр бол ерөөсөө асар их юмыг л авдаг байсан санагддаг юм. Тэгэхээрээ ерөнхийдөө бас бараа материалын үнэ тогтвортой, өсөөд үнэтэй эд нар болох юм байхгүй. Тогтмол үнэтэй, тэр цалин пүнлүүдээ тохирсон л юм байсан байх.
Ариун-Ундрах -
За таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?
Хоролсүрэн -
Одооны хүмүүсийн ажилд хандлага бол эрс өөр болсон ш дээ. Эсрэгээрээ болсон ш дээ. Ерөнхийдөө бол их шиг цалин аваад, бага шиг ажиллах юмсан л гэж боддог. Хүмүүсийн сэтгэл санаа бол тогтохоо больсон. Дандаа проблемтэй, дандаа зовиуртай, дандаа яаруу, дандаа ууртай байдаг болсон. Тэр нь болохоор ерөөсөө ар гэрийн амьдрал, одоо гэрээр дүүрэн ажилгүй хүүхэд, гэрээр дүүрэн ажилгүй хүн, гэрээр дүүрэн оюутнууд тэ? Ийм юм бол одоо гэр бүлийг бухимдуулж цухалдуулдаг байх аа. Тэгээд л ерөөсөө нөгөө улсад ажлаа сайн хийе дээ ч гэсэн ар гэрт проблемтай, ар гэрт зовлонтой болохоор хүмүүс тогтвортой байж чаддаггүй юм шиг байна аа. Ер нь одоо ингээд энэ хүмүүсийг харахад ар гэр нь тогтвортой улсууд бол ерөөсөө л бүх юмаа хийдэг. Тэгээд ар гэр нь тогтворгүй, ар гэртээ зовлонтой хүмүүс бол ажлын бүтээмж гарахгүй болсон байна. Нэгдүгээрт тэр. Хоёрдугаарт гэвэл хүмүүс ерөнхийдөө их залхуу болсон, огт юм хийх дургүй болсон. Залхуу, одоо амарчилдаг, хялбарчилдаг болсон юм уу даа. Тийм ээ? Тэгээд хүн бол ингээд залхуураад ирэх дээр зэрэг тэгээд л ойлгомжтой л доо. Ерөнхийдөө Монголчууд залхуу болсон. Түүнээс бол Монголын ард түмэн чинь маш ажилсаг улсууд байсан. Бүх л юмаа өөрөө хийдэг. Хувцсаа өөрөө хийгээд өмсчихнө. Тариагаа тариагаад гурилаа гаргаад идчихнэ. Малаа маллаад сүү цагаан идээгээ идчихнэ. Дандаа ерөөсөө өрхийн үйлдвэрлэл бол үнэхээр мундаг хөгжсөн байсан байгаа юм чинь. Одоо бол тийм биш болоод байна ш дээ. Тийм болохоор ажилд хандах хандлага бол шал өөр болсон. Хүмүүс бол үнэнч биш болсон. Бүтээлч биш, үнэнч биш. Аргацаах, нүд хуурах тэ? Тийм л хэлбэртэй болсон нь бол ёстой алхам тутамд тийм байгаа. Том албан тушаалын хүмүүс ч гэсэн тийм байдаг. Жижиг албан тушаалын хүмүүс ч л одоо тийм болсон. Зүгээр чин сэтгэлээсээ сайхан ажилладаг улсууд байна л даа. Тухайлах юм бол манай одоо энэ цэцэрлэгийн бага тушаалын ажилчид бол нээрээ гайхалтай сайхан ажилладаг. Үгүй ээ нээрээ хагас бүтэн сайнд ирээд л одоо энэ хивс дрожыг чинь ингээд угаана. Тэрийг ирж угаа гэж хэн ч хэлэхгүй байгаа ш дээ. Тэр хагас сайн, бүтэн сайн өдрийн нэгэнд заавал ажил дээрээ ирдэг тийм хүмүүс байна ш дээ. Тэр бол одоо энэ бол миний амьдрал юм аа. Энийг бол би сайн хийх ёстой юм аа. Энийг бол надаас өөр хэн хийх юм. Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ? гэсэн тийм зорилготой сайхан улсууд байна аа. Аа зүгээр ер нь түгээмэлдээ бол тийм юм ховор болсон доо.
Ариун-Ундрах -
Социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?
Хоролсүрэн -
Социализмын үед ажилд бол мэргэжилтэй улсууд бол дандаа хуваарилагдана ш дээ. Багш боллоо. Боловсролын яаманд очлоо. Яам за Говь-Алтайд очиж суу, тэнд багш захиалгатай байгаа. За одоо Дундговьт яв. Чи Дундговийн хүүхэд байна Дундговьтоо яв. Ерөнхийдөө одоо мэргэжил боловсрол эзэмшсэн хүмүүсийг болохоор дандаа тэр орон нутгийнх нь захиалгаар орон нутагт нь боловсон хүчнийг томилох асуудал бол бас их чухал байсан ш дээ. Архангайгаас ирсэн багш бол Архангайдаа л багшлах ёстой. Говь-Алтайгаас ирсэн хүн бол Говь-Алтайдаа л багшилна. Цөөхөөн одоо тийм жаахан арын хаалгатай ч гэх юм уу юу гэх юм бэ дээ. Тийм хүмүүс л цөөхөн тооны... Одоо би чинь бол 69 онд цэцэрлэгийн багшийн техникумыг төгсөхөд бид нар чинь 100-н хэдүүлээ төгсөж байлаа. Манай ангид хотын хүүхэд бол 2-хон хүүхэд байсан. Бусад нь дандаа хөдөөний хүүхдүүд байсан ш дээ. 30-н хэдүүлээ төгссөн. Тэгээд хотод суусан хүн нь бол тэр хотын хоёр хүүхэд. Бусад нь бол бүгд л нутагтаа очсон. Одоо яг ингээд л төгсөлт хийхэд яг миний надтай хамт техникум төгссөн хүүхдүүд энд ёстой байдаггүй ш дээ. Яагаад гэвэл аймаг руугаа явчихсан. Тэгээд тэр хуваарилж яаж байсан нь бол тэр аймаг хотын өөрийнх нь хөгжлийг боловсон хүчнээр хангах тэр бол том бодлого байсаан. Тэр бол маш их хэрэг болж байсан. Тэгээд яахав хөдөө очсон улсуудад бас тэтгэмж өгдөг, орон байраар хангадаг тэ? Тэр энэ тэр нь бол сайхан байсан байх. Одоо бол тийм юм алга байна ш дээ. За ажилчин хүн бол мэргэжилтэй л бол авна. Тийм ээ? Би одоо слесерийн мэргэжилтэй, үнэмлэхтэй бол тухайн байгууллага авъя аа гээд л авна. Тэгээд тэр үед чинь одоо хүмүүс ажлаас халагдах барих, тэр хөдөлмөрийн маргаан гэж юм ерөөсөө бараг гардаггүй байсан ш дээ. Тэр болохоор хүн болгон ажлаа сайн хийчихдэг байсантай л холбоотой байх. Тэ?
Ариун-Ундрах -
Аан одоо бол ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?
Хоролсүрэн -
Ай одоо ажилд орох процесс бол хүн өөрийнхөө хүссэн газар орохын тулд ямар ч үнээр хамаагүй орж байна ш дээ. Тийм ээ? Танил талаа харж байна. Томхон албан тушаалд бол ёстой нөгөө бид нарын хэлдэгээр хахуулиа өгдөг байх тийм ээ? Аа тэгээд ажилд орох гэж байгаа хүмүүс чинь аягүй өндөр шаардлага тавьдаг болсон ш дээ. Одоо оръё оо гээд тэгэхээр жишээлбэл унааны мөнгө өгөх үү? Хоолны мөнгө өгөх үү? Аа одоо өдрийн цай өгөх үү? Тийм сэтгэл ханамжтай газраа бол хүмүүс ч мөнгө төлөөд орохоосоо бас сийхгүй болсон шиг байгаа юм тэ? Тэгээд уул нь бол манай зах зээлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль гарсан. Тэр их сайхан юм байдаг юм ш дээ. Хөдөлмөр эрхлэлт би одоо ажил хайж байгаа гэсэн хүнийг ажилд авахаар уул хууль нь тийм ээ? 6 сараас дээш ажиллуулсан бол үндсэндээ одоо намайг ажилд авлаа гэхэд л жинхэнэ ажилтан болчихсон бол тухайн хүндээ 6 сараас дээш ажиллуулчихсан бол 6 сарынх нь тэр тухайн хүнийх нь цалинтай тэнцэх мөнгийг байгууллагад өгдөг юм ш дээ. Тэр бол бас аягүй сайхан тийм шийдвэр гэж боддог юм аа. Хүн ажилд авчихаад байгууллагад мөнгө илүүднэ гэж байхгүй ш дээ. Тийм ээ? Тэр надад их сайхан тогтолцоо санагддаг юм. Тэгээд харамсалтай нь энэ хүмүүс бол танил тал, тэгээд л одоо гуйлга түүлэг. Тэр хөдөлмөр эрхлэлтийн албанаас ажилд авахаасаа илүү өөрийнхөө танилын нүүр, өөрийнхөө хамаатан саданг тэ? Тийм л хүмүүсээ авахыг хичээдэг. Аа гэхдээ хүнийг ажилд авах бол амархан л даа. Аа ажилд авчихаад тэнцэхгүй хүнийг гаргана гэдэг бол хамгийн хэцүү л байдаг. Тэгээд нөгөө одоо чинь ийм ороо бусгаа үед бол танихгүй хүн авч байснаас за даа хүнээ авъя. Сүүлд нь болохгүй бол гар гэсэн ч надтай заргалдахгүй явчихна даа гэж бас тэр талын юмаа бол бодож байгаа. Жишээ нь би бол тэгэж боддог. Одоо танихгүй хүн ажилд авчихаад тэгээд тэр нь таарахгүй, тохирохгүй. Одоо ингээд л нэг хөгжмийн багш авлаа гэхэд чинь танай энэ хөгжим чинь таарахгүй байна. Танай энэ заал чинь ч таарахгүй байна. Танай энэ юу чинь дугарахгүй байна. Ингээд л тэ? Эргүүлж сөргүүлж тавиад л ерөөсөө ингээд л. Тэгээд л энэ цалин чинь ч бага байна. Одоо тэрийг чинь их багыг бол угаасаа улсаас тогтоогоод өгчихсөн. Төсөвт байгууллагуудын цалин чинь бол тэрэнд их цалин өгөөд, тэрэнд бага цалин өг гэсэн юм байхгүй шүү дээ. Ажилласан сар жилээрээ л авдаг. Тэгэхэд бол хүмүүс тийм л юмыг шаардаж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ажил олгогч бол бас л хэцүү байдалд орж байгаа үе байж л байдаг л даа.
Ариун-Ундрах -
За та энэ олон жилийн турш ажиллахдаа ажилдаа дуртай байсан уу?
Хоролсүрэн -
Дуртай байлгүй яахав. Дуртай би ер нь угаасаа багш болно гэж боддог байсан. Тэгээд багшаа болсон. Багш маань сүүлдээ даргаар солигдсон. Тэгээд би өөртэйгээ сайхан хамт олон бүрдүүлээд тэрнийхээ амжилтыг үзээд, хараад тэ? Тэгэх дээр ерөөсөө хүнд бол хүний ажлын хамт олон шиг сайхан ч юм байдаггүй юм л даа. Ер нь бол тийм ээ? Сайхан, одоо өөрийн амьдралд хэцүү юм тохиолдсон ч хамт олон зогсож байдаг. Сайхан юм тохиолдсон чиг л хамт олон зогсож байдаг. Тийм болохоор хамт олонтой байх, хамт олныг бүрдүүлж ажиллана гэдэг бол сайхан л даа. Тэгэхдээ хамт олон 100 хүн байхад бол 100-уулаа намайг зөвшөөрч байх ёстой биш ш дээ. Тэгээд л би 51% байхад бол оо. 49% нь тэр хүнд би таалагдахгүй байхад болно оо л гэж боддог.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр социализмын үед цэцэрлэгийн багш, тэгээд олон жил дарга хийсэн тийм ээ? Бас ингэж бодож байсан тохиолдол байгаа юу? Одоо жишээ нь та ардчиллын үед төрөөд энэ үед өсөж хүмүүжсэн бол ямар ажил хийж, яг л энэ амьдралаа давтах байсан болов уу? Эсвэл өөрөөр явах байсан болов уу?
Хоролсүрэн -
Үгүй ээ одоо бүү мэд ш дээ. Тэр тухайн үедээ хүн мэргэжил эзэмшсэн бол хүн мэргэжлийнхээ дагуу л явах байлгүй дээ. Мэргэжлийнхээ дагуу л явах байх.
Ариун-Ундрах -
Одоо бол таны ажилд хандах хандлага өөр болоогүй юу?
Хоролсүрэн -
Ажилд хандах хандлага бол би одоо сурчихсан юм чинь яг л хэвээрээ ш дээ. Би одоо яг л хэвээрээ л байдаг юм ш дээ. Тэр нь бол зарим хүмүүст таалагддаггүй байх аа. Тийм, таалагдахгүй л байгаа л даа. Тэгээд таалагдахгүй ч гэсэн юм шаардаад байхаар тэгээд л аяндаа ажлаа хийнэ. Тэгэхдээ 100 хүн 100-уулаа сайн хийхгүй ш дээ. Тийм ээ?
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Хоролсүрэн -
Бахархдаг зүйл одоо юу юм бол оо? Би ер нь Налайхд их удаж ажилласан даа бахардаг ш дээ. Би Налайхыг муу хэлсэн хүнийг харахаар уур хүрээд байдаг юм. Тэгэхээрээ би бахархдаг байх аа. Хэ хэ хэ нээрээ. Тэгэхдээ Налайх бол их сайхан. Миний бодлоор Налайхын яг ингээд гаднаас ирсэн хүмүүсийг бол дэндүү түшдэг нутаг. Би чинь зүгээр л ингээд л нэг Налайхын нүүрсний уурхайг мэдэхгүй ирсэн. 40 жил болоход нэг чемодан бариад л ингээд л нэг чемодан дүүрэн номтой, дэвтэртэй л ирж байсан ш дээ тэ? Тэгээд л 40 жил эндээ сайхан амьдарч байгаа. Тэгэхээр энэ орон нутаг, Налайхын ард түмэн бол бүр тэрэн дундаа яагаад гэвэл нөгөө газар газраас, нөгөө унаган хүмүүсээсээ гадна хүмүүс байсан болохоор аливаа юманд аливаа юманд Налайхчууд бас эвтэй, их эвсэг сайхан ажилсаг хүмүүс байдаг гэж боддог юм ш дээ. Тэр би одоо Налайхаараа бахархдаг байх аа.
Ариун-Ундрах -
За эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Хоролсүрэн -
Эсрэгээр нь миний жигшдэг зүйл би тийм бялдууч, худалч хүнд ёстой аягүй дургүй. Зүгээр харин хүний өөдөөс хэлээд тэгээ биз дээ, ингээ биз дээ гээд яг үнэнийг минь хэлээд юм уу аливаа юмыг ингээд ёстой ингээд нүд рүү нь хараад улалзтал хэлж байгаа шударга ийм үйл ажиллагаанд би аягүй дуртай. Тэгээд ингээд л бүр хүн харахаараа өөр болоод, цаашаа харж нэг юм ярьдаг тэр худалч хүнд бол би ёстой үнэхээр дургүй. Залхуу заваан хүнд аягүй дургүй. Жоохондоо ч гэсэн олон хүн ярьж байхад ингээд л ард нь ингэж байгаа хүнийг харахаар би бүр аягүй дургүй хүрдэг юм.
Ариун-Ундрах -
За энэ олон жил ажиллахад чинь танд хамгийн хэцүү зүйл бас амархан юм нь юу юу байсан бэ?
Хоролсүрэн -
Надад хамгийн хэцүү зүйл байна ш дээ. Би тэр энэ түрүүчийнхээ ярианд хэлсэн. Би тэр сүүлийн 10 жил, одоо би 10 дахь жилдээ энэ олон цэцэрлэгийг ингэж нэгтгэж барьж өөрөөр хэлбэл 1999-2004 он хүртэл бол би 4 жил бараг л нээрээ хагас нойртой. Тэр амьдралынхаа хугацааны 30 жилдээ л хийгээгүй их хэцүү хүнд байдалд надад аягүй хэцүү байсан. Яагаад гэвэл их олон үзэл бодолтой, олон цэцэрлэгүүдийг ингээд албаар бөөгнүүлээд нэг хүнд өгчихсөн тэ? Аа нийлүүлэхийг би ганцаараа эсэргүүцэж байсан ч гэсэн амьдралын эрхээр, хамт олныг одоо удирдаж байгаа хүмүүсийн бодол санаагаар тэр сонгон шалгаруулалтаар шалгарч би энэ ажлыг авсан. Тэгээд их зүдэрсээн. Тэр бол би одоо бүр ёстой. Тийм ч учраас би зүдэрсэн учраас 10 жилийнхээ ойг энэ жил хийж би зүдэрч энэ байгууллагыг ямар хөрөнгөтэй байгууллага аваад ямар хөрөнгөтэй болгож, ямар мэдлэг боловсролтой боловсон хүчнийг бий болгов оо гэдгээ би олон нийтэд таниулахаар зорьж байна. Одоо ингээд удахгүй баяраа тэмдэглэж 10 жилийнхээ ойг хийх гэж байна. Миний хамгийн хэцүү байсан жилүүд энэ 10 жил. Хамгийн амархан байсан гэвэл би багш болчихоод хамгийн амархан юм бол, надад бол би өөрөө тийм дуу хөгжимд дуртай учраас надад хамгийн амархан юм бол дуу хөгжмийн хичээл заах надад хамгийн амархан байсан. Аа тэгэхэд монгол хэлний хичээл заах, биеийн тамирын хичээл заах энэ тэр бол надад хэцүү байсан. Хамгийн амархан юм бол би өөрөө хөгжим тоглодог. Өөрөө бол яахав ээ зүгээр хүүхдэд заах хэмжээний дуулчихдаг байсан нь миний мэргэжил дундаасаа хамгийн амархан, хамгийн дуртай ийм юм бол дуу хөгжмийн хичээл байсан.
Ариун-Ундрах -
За тар өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо яаж зохицуулж ирсэн бэ?
Хоролсүрэн -
Би харин түрүүн хэллээ ш дээ. Албаны ажлаа амжуулсны дараа л хоёрдугаарт аминыхаа ажлыг амжуулдаг. Тэгэхдээ би дандаа албаны ажил хийгээгүй. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ жоохон байхад бол би чинь яг идэр насандаа болохоор бас эвлэлийн байгууллагад 10-аад жил ажиллаж, тэнд бол эцэс төгсгөлгүй ажилтай байсан ш дээ. Тэр үед болохоор би 7 хоногийнхоо, тэр үед чинь бол хагас бүтэн сайнд 2 амардаг байлаа ш дээ. Тэр өдөр болохоор ерөөсөө бүх л юм аа л 7 хоногийнхоо хоолыг бэлдэх, 7 хоногийнхоо л нөгөө хувцас хунараа угаах, арчих тэр юмаа бол ерөөсөө амралтын өдрүүдээр бэлдээд л. 7 хоног идэх хоолныхоо одоо менюнүүдээ аваад тэ? Одоо шарсан төмстэй хуурга гэвэл төмсөө шараад тавьчихдаг, будаагаа агшаагаад тавьчихдаг. Тэр үед чинь агшаагч гэж байхгүй ш дээ. Хөргөгч дөнгөж гарч байлаа. Тэгээд л хөргөгчиндөө хийчихдэг. Гурилаа... 7 хоногт хийх хоолоо бол яг бэлдээд, тэгээд гурилаа хэрчээд ингээд бүх юмаа бэлдчихдэг байсан. Тэгээд би чинь охин хүү хоёртой юм чинь. Тэгэхдээ одоо бодоход бол би хүүхдүүддээ бол завсар чөлөөгөөрөө тэгээд бас анхаарал тавьж л байсан байгаа юм аа. Ерөнхийдөө бие даах юманд бол ээж нь их ажилтай учраас хүүхдүүд эрт бие даадаг юм шиг санагддаг юм. Тэгэхдээ бол би хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг их сайхан хийдэг. Тэгээд нөгөө өөрийнх нь ажлыг ингээд гэрт ажлыг нь хуваарилаад өгчихсөн. Чи тэр өрөөгөө цэвэрлэнэ шүү гэж дүгнэдэг байсан юм. Тэр бол хүүхдийг идэвхижүүлэх бас аятайхан арга байсан юм болов уу. Тэгээд би бол ямар ч байсан нөхрөөсөө өмнө очоод хоолыг нь хийгээд тавих юмсан гэж их мэрийдэг байсан. Тэгээд нөхөр маань даргын жолооч байсан. Голцуу надаас хойш ирнэ дээ зайлуул. Нэг их тэгэж яахгүй. Тэгээд л өмнөхөн нь ирээд л тэгээд махаа хэрчээд зогсож байвал би чиний өмнө ирсэн шүү л гээд зогсож байдаг л байсан...
Ариун-Ундрах -
За та ажлын хамт олныхоо тухай ярьна уу?
Хоролсүрэн -
Хамт олон гэдэг бол одоо нээрээ үнэхээр сайхан. Тэр хүний гэр бүл, тэр юутай ч зүйрлэшгүй, одоо ямар ч хүний бол түшиг юм аа. Тэгээд би бол дандаа хамт олон бүрдүүлж явсан. Хамт олныхоо дунд байхдаа сэтгэл ханамжтай байдаг. Аа хамт олон маань ч гэсэн намайг байлгахдаа бас сэтгэл ханамжтай байхаар сайхан байдаг ш дээ. Ер нь хамт олон шиг сайхан юм хаа байх вэ? Тийм ээ? Дутууг дүүргэж, дундуурыг дүүргэж байдаг юм бол хамт олон л байдаг юм ш дээ. Тийм ч учраас би хамт олныхоо төлөө зүтгэдэг. Хамт олондоо туслах, хамт олондоо нэмэр болох юмсан. Өөрийнхөө хэр хэмжээнд нэг хүнд ч гэсэн тус болох юмсан. Нэг хүнд ч гэсэн бас нэг дурсагдахаар юмтай болох юмсан гээд зарим үед хууль зөрчсөн хэрэг хүртэл хийж л байдаг юм л даа. Тухайлах юм бол би сая өнгөрсөн онд ээжтэйгээ амьдардаг. Ээжтэйгээ, дүүтэйгээ. Ээж нь хэлгүй, хоёр хүүхэдтэйгээ. Нэг нь болохоор эгчийх нь өнчин хүүхэд, нэг нь болохоор өөрөөс нь гарсан хүүхэдтэйгээ амьдардаг. Дандаа одоо бараг л өвөл гэр оронгүй. Зөвхөн одоо зуны амбаарт амьдарч байсан ийм эмэгтэйд би одоо төсвийн мэдэл зардлаас 5 ханатай гэр авч өгсөн. Ёстой мундаг зориг гаргаж авч өгсөн. Тэгэхээр би тэр 4 хүн бол орон гэртэй. Хүүхэд нь босчихоод, ингээд өглөө босчихоод манайх мөн үү? Биш үү? Ийм сайхан гэртэй болчихсон. Нээрээ тэр Хоролсүрэн даргын ачийг юугаар хариулна аа гэсэн гэж байгаа юм. 3-р ангийн хүүхэд л дээ. Тэгээд хүнд бол орон гэр гэдэг юм бол хамгаас чухал юм аа. Гэх мэтчилэнгээр хүнд одоо жоохон ч гэсэн тус болох юмсан, нэмэр хандив болох юмсан гэж бол би ерөөсөө дандаа урдаа тавьдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол хүн зовж зүдэрч байх тийм ээ? Найр наадам бол яахав ээ тийм ээ? Аа тэгээд тэрэн дундаа дарга хүнийг ирээрэй, очоорой гэдэг юм бол зөндөө л байдаг юм. Би найр наадам тийм баяр ёслолын ажил биш тэр уйтгар гунигтай, зовлон зүдгүүртэй нь байхад нь даргых нь хувьд, хамтарч ажилладаг хүнийх нь хувьд очиж харагдах юмсан. Өөрт юм байна уу? Ёстой хэрэгцээтэй юмыг нь бага ч гэсэн өгөх юмсан, туслах юмсан, дэмжих юмсан гэж ингэж боддог. Тэгээд манай хамт олон болохоор тэгдэг л дээ. За дарга сонссон бол заавал ирнэ, заавал тусална тэ? гэдэг. Тэгээд тэр бол ер нь удирдах хүнд бол баяр ёслолоос илүү зовж зүдэрч байхад нь хамт олных нь зүгээс, удирдлагых нь зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлж байх, хагацал зовлон үзсэн үед бол одоо хамгийн сайхан халуун дулаан харьцаа гэж би боддог юм аа. Би тэр лүү бас нилээн их анхаардаг юм аа.
Ариун-Ундрах -
Аа хамт олноороо ажлаас гадуур ямар ямар ажил зохион байгуулдаг байсан бэ?
Хоролсүрэн -
Хамт олон ажлаас гадна уу? Манайх болохоор ингэдэг юм ш дээ. Хичээлийн жилийн төгсгөлд бол бүх хүмүүсийнхээ ажлыг дүгнэнэ. Тэгээд одоо өндөр шагнал өгнө. Одоо ажил их сайн хийсэн багш нар бол гадаадад амрана. Сайн байсан ажилчид бол цалингын урамшуулал авна тэ? Аа хичээлийн жилийн төгсгөлд тэгэж ажлаа дүгнэчихээд, аа намар яг одоо хичээл цуглаад яангуут бол бүгдээрээ хамт олноороо заавал нэг өргөн том зугаалга хийдэг. Тэгээд тэрийг бол хүмүүс жил болгон хүлээдэг. Манай зугаалга одоо хэзээ билээ? Тэр бол хичээлийн жилийн эхэнд бол манай хамт олонтой ажиллаагүй улсууд орж ирнэ тийм ээ? Тэнд бол зун амарсан амралтынхаа тухай ярина. Сайн сайхан юмнуудаа ярина. Болж бүтэхгүй байгаа юмаа ярина тэ? Хүмүүс бол нөгөө ажлаас бусад хөдөө хээр, тэрийг бол голцуу бид хэд бол хөдөө хийнэ. Тэгээд тэр үед бол хүмүүс их сайхан болдог. Аа шинэ хамт олонд орж ирсэн бол энэ хамт олон нэг иймэрхүү юм байна шүү гэсэн бас танилцах боломж олддог. Аа түүнээс гадна болохоор бид нарын хувьд бол бөөндөө цогцолбороороо нийлдэг тийм ээ? Би ганцхан цэцэрлэг хариуцаж байхдаа ч гэсэн тэгдэг байсан. Шинэ жилийг бол бид нар их сайхан хийнэ. Ганцхан жижиг цэцэрлэг дээр байж байгаа үедээ бол гэр бүлийг нь уриад шинэ жилээ хийдэг байлаа. Аа одоо болохоор бид нар чинь олуулаа юм чинь бүх л цогцолборынхоо хэмжээнд хийнэ. Шинэ жилээ сайхан хийнэ. Багш нарынхаа баярыг сайхан хийнэ. Тэгээд бид нарын ерөнхийдөө яг бөөндөө цугладаг юм бол нэг ийм 3 юм л байдаг юм. Тэгээд энүүгээрээ бол бид нар их одоо тэрийгээ тэмүүлдэг. Тийм ээ? Одоо тэрийгээ ёстой баяр шиг баяр хийдэг. Их сайхан өндөр хэмжээнд хийхийг бол бас л даргын удирдлага бол чухал шүү дээ. Тийм ээ?
Ариун-Ундрах -
За социализмын үед таны цалин дунджаар сард хэдэн төгрөг байсан бэ?
Хоролсүрэн -
Социализмын үед би анхан 360 төгрөг авдаг байсан. Тэгээд дунд юу руу орж ирээд дундаж цалин бол одоо нэг 500 төгрөг л байсан байх даа.
Ариун-Ундрах -
Аан тэр үедээ таны авсан цалин амьдралд тань хүрдэг байсан уу?
Хоролсүрэн -
Хүрдэг байсан.
Ариун-Ундрах -
За та түрүүчийн ярилцлаган дээр таны гэр бүл, хамаатан саднаас хэлмэгдсэн хүн байгаа гэж ярьж байсан тийм ээ?
Хоролсүрэн -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр тухайгаа та дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Хоролсүрэн -
Би чинь бол Говь-Алтай аймгийн, өөрөөр хэлбэл Завхан аймгийн гаралтай хүн л дээ. Миний аавын төрсөн ах нь, хамгийн том ах нь оточ хүн байсан байна. Завханы хүрээнд суудаг. Аа тэгээд авгай хүүхэд аваагүй. Өөрөөр хэлбэл одоо манай гэрт байдаг тийм ээ? Манай аав чинь бол их олон ах нартай. Миний аав бол хамгийн бага нь тийм ээ? Отгон нь байсан. Тэгээд тэр том ах нь болохоор манай гэрт хамт амьдардаг. Одоо нөгөө лам хүн, оточ хүн учраас авгай хүүхэд аваагүй. Тэгээд л одоо дүүгийндээ тийм ээ? Эрэгтэй дүүгийндээ байдаг байсаан гэдгийг бол манай ээж маш их яруу тодорхой ярьдаг юм аа. Тэр хүний хэлмэгдлийг. Одоо өөрөөр хэлбэл намайг насанд хүрсэн хойно, одоо энэ миний ээж чинь 93 онд нас барсан. Тэгээд 89 онд манай тэр авга ах цагаадсан юм. Цагаадаж тагнуулын төв газраас ирсэн. Хотод байсан манай ээж. Тэгээд би чинь Налайхд байсан. Нэг очсон чинь их баяр хөөртэй сууна. Ээж яасан гэсэн чинь үгүй ээ нөгөө тэр Дандар гэдэг хүн байсан юм. Тэгээд бид нар Да гэж авгайлдаг байсан юм гэнэ лээ. Нөгөө Да-гын чинь цагаатгал ирээд ээ миний хүү. Ёстой төр гэдэг чинь бас ингээд буруу зөрүү юмыг ингэдэг юм байна гээд нөгөө цагаатгалынх нь бичгийг барьчихсан сууж байсан. Тэгээд тэр Да-г болохоор бид нар яагаад мэддэг вэ? гэхээрээ би тэгэхэд чинь бол жоохон 4-5-тай л хүүхэд байсан юм чинь юугаа мэдэх вэ. Тэгээд өөрөө тийм одоо нөгөө нэг эмч хүн байсан болохоороо ерөнхийдөө тийм яхир цэвэрч хүн байсан гэж ярьдаг юм. Тэгээд л одоо тэр хэлмэгдэл явагдаж эхэлсэн. Тэгэхэд чинь бол Говь-Алтай аймаг, Завхан аймаг хоёр чинь бол салчихсан. Манайх Говь-Алтайд байсан байна л даа. Манай тэнд тэр нөгөө баривчилгаа явагдаж байгаа нь мэдэгдэж байсан байна. Тэгсэн чинь л хэлсэн гэнэ ээ. За одоо Да нь ч баригдаад явах нь ээ миний хүү. Одоо явахаар л болж байх шиг байна гээд л өөрийнхөө дүү, бэр (миний ээж) хоёртоо хэлдэг юм биз дээ. Тэгээд яасан чинь л буу чийдэнтэй тийм хүмүүс ирээд л. Тэгээд л одоо явна гээд тэгсэн чинь тэр үед чинь нөгөө гутал хувцас ховор. Тийм наамал ултай гоёлдоо өмсдөг Монгол гутлыг нь ингээд л аваад л өмс гээд тэгсэн гэж байгаа юм. Тэгээд хавар байсан гэж байгаа юм. Тэгээд өмс гээд тэгсэн чинь өмсмөөр аядаад байж, тэгээд нөгөө улсуудад хоол хийж өгч л дээ. Хоол хийж өгсөн чинь ерөөсөө иддэг ч амьтан байдаггүй, дугардаг ч амьтан байдаггүй. Бүгдээрээ ингээд л дүнсийж байж байгаад тэгээд л ингээд харсан чинь л ерөөсөө хамгийнхаа муу хувцаснуудыг л өмсчихсөн байхаар нь хувцсаа соль гээд л тэгээд дээд талых нь дээлийг нь солиулж амжсан гэдэг юм. Нөгөө гоё гутлаа өмс гээд тэгсэн чинь орон доогуураа тавьчихаад явчихсан байсан. Орон доогуураа тавиад явчихсан байсан. Яагаад гэвэл тэгээд дүүдээ тэгэж ярьсан байсан. За одоо хамаг юмыг чинь хамаад явчихна аа. Би өмч хөрөнгө байхгүй гээд дүүгийнхээ хажууд байгаа гэдгээ хэлсэн. Та нар бол намайг гаргана гэж одоо янз бүрийн мөнгө төгрөг өгч барьж, мал хуй өгөх шаардлагагүй шүү гэж захьсан байсан гэнэ лээ. Тэгээд л нөгөө улсууд тэр хоол ундыг идсэн ч амьтан байхгүй. Тэгээд л ингээд дүнсийж байж байгаад ингээд нэг харсан чинь харин гутлаа тайлж тавьчихаад явчихсан байсан гэсэн. Хамгийнхаа муу хувцастай тэгээд л яваад өгсөн. Тэгээд л эргэж ирээгүй. Тэгэхэд ээж нь байж байсан гэж байгаа юм. Тэр манай Да-гын ээж нь болохоор 70-н хэдтэй хөгшин байж байсан. Аа ээж нь болохоор хүүгийнхээ гадаа гэртэй. Тэгээд л ээж нь орж ирээд л яахав нэг сүү өргөөд л бариад л явуулсан. Тэгээд л тэр чигтээ хэлмэгдээд л эргэж ирээгүй гэж. Тэгээд сүүлд нь одоо төчнөөн үхэр өгвөл гайгүй болж байна гэнэ. Тэгэж байна гэнэ, ингэж байна гэнэ гээд... Одоо сүүлд нь яахав дээ тэгээд л тэр чигтээ чимээгүй алга болсон. Муу ээж нь байсан. Ээж нь их санаж юу яаж байгаад тэгээд тэр хүүгээсээ хойш нэг их удалгүй нас барсан гэж ярьдаг юм манай ээж. Тэгээд тэр 89 онд л буруу, хэлмэгдсэн гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар яахав нөгөө хэлмэгдлийн юу гээд мөнгө өгч байсан ш дээ. Тэгээд би чинь өөрөө дээрээ 3 ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Тэгээд нөгөө ээж маань тэр бичгээ миний хамгийн том ахад өгсөн байна л даа. Одоо тэр мөнгө төгрөг аваарай гэдгээ хэлээд. Тэгээд 98 онд ах маань нас барахгүй юу. Тэгээд би Говь-Алтай яваад тэгээд яасан чинь манай бэргэн өө ах чинь энийг чамд өгөх юмсан гээд байсан юм. Энэ нөгөө Да-ын цагаатгалын юмыг чи ав. Чи хөөцөлдөж ав. Наад дунд ах, бага ах энэ тэр чинь тоохгүй байна лээ. Миний хүү хөөцөлдөж ав. Ах чинь чамд өгнө гэдэг байсан юм гээд надад тэр бичгийг өгөхгүй юу. Тэгээд тэр хөөцөлдөж би тэр мөнгийг 98 онд авчихаад тэгээд 99 онд байна уу даа, 2000 онд ч байна уу би сая төгрөг авсан. Тэгээд би болохоор яахав дээ одоо миний авга ах нэг гэр ам бүлд байсан. Тэгээд тэнд бол хамгийн гайхамшигтай нь болохоор одоо тэр хүн амын тооллогонд яг манай гэрт байсан бүртгэл нь бол тэр 57 оны бүртгэлээр яг байж байдаг юм байна лээ. Тэр яг одоо аа би болохоор 3-тай ч байсан юм уу, 4-тэй ч байсан юм уу? Тийм юм байж байдаг юм байна лээ ш дээ. Тэгээд манай одоо тэр ах нар хамгийн том нь 12-той, би чинь 4-тэй ч байсан юм уу? Хэдтэй ч байсан юм. 4 настай тэр гээд тоологдчихсон, Хоролсүрэн гээд тоологдчихсон. Тэгээд л тэр ам бүлд нь байсан учраас гарцаа байхгүй ам бүлд нь байсан байна. Би болохоор Жанцан овогтой Хоролсүрэн. Тэгээд Жанцан овогтой Дандар. Би тэгсэн тэрийг авахад үгүй би ч ямар үр хүүхэд нь биш. Надад ерөөсөө хамаагүй байх аа гэж бодогдож байсан чинь тэр нөгөө тооллогоор яваад л аягүй амархаан өгчихдөг юм байна лээ ш дээ. Тэгээд юун дээр зарлаад л, сонин дээр зарлаад сар болоод л. Тэгээд нөгөө зарим ах дүү нар чинь би авах ёстой энэ тэр гэдэг. Тэгээд яахав дээ нөгөө манай ах нар чинь... Тэр бас нэг шүүх хурал болдог юм байна ш дээ. Тэрэн дээр нь өө манай энэ дүү авах ёстой гээд л. Тэгээд яахав дээ. Тэр настай нүүрийг нь үзээгүй ч гэсэн би бас буян үйлдэж, бас ном яаж гандан энэ тэр дээр бол юу яаж байсан. Одоо буян үйлдэж ном уншуулж байсан юм. Тэгэж мөнгө авсан ш дээ би. Тэгээд хөөрхий минь би бодож байгаа байхгүй юу. Тэгээд би яаж яах юм бол оо? гээд тэгсэн чинь би чинь Жанцан овогтой Хоролсүрэн тэ? Аа Жанцан болохоор Пүрэвжал овогтой Жанцан. Аа Пүрэвжал овогтой Дандар гэж байгаа байхгүй юу. Тэгээд л нөгөө Жанцан гэдэг нэрээрээ хөөгөөд л тэгээд л ам бүлд байсан нь тэгэж харагддаг юм байна лээ. Тэгээд манай ээж тэр цагаадсанд аягүй их баярлаж байсан. Тэгээд би яг ээжийгээ амьд байхад тэр мөнгөө аваагүй юм аа. Тэр мөнгийг авсан бол их баярлах байсан байх даа гэж. Би ээжийгээ өнгөрснөөс хойш авсан ш дээ. Тэгээд тэрийг яахав нөгөө тэр том ах хөдөө аваад хадгалаад явчихсан. Тэгээд л бид нар тэрийг тоодог ч арга байхгүй. Тэгээд 98 онд ах маань нас барахаараа, бэргэн ах чинь чамд Хоролсүрэн л хөөцөлдөж авна. Цаад манай энэ эрэгтэй дүү нар авахгүй, авахгүй. Тэд нар тийм юм байхгүй. Манай 2 ах чинь бас цэргийн дарга нар байсан. Тэгээд л хол ойр ч ажилтай. Тэд нар тийм юм тоож хөөцөлдөхгүй. Тэгээд би тэрийг авсан юм.
Ариун-Ундрах -
За та бас түрүүчийн ярилцлаган дээр гадаад улсууд руу явж байсан тухайгаа ярьсан тийм ээ? Социализмын үед?
Хоролсүрэн -
Тийм.
Ариун-Ундрах -
Социалист орнууд руу л явж байсан уу?
Хоролсүрэн -
Ммм тэгсэн. Дандаа социалист орнууд руу.
Ариун-Ундрах -
Тэр тухайгаа жаахан ярьж өгөөч?
Хоролсүрэн -
Герман, тэгээд чинь ОХУ одоо тэр үед чинь бол ЗХУ гэж байхад бол явж байлаа. Тэр бол би эвлэлийн хороонд ажиллаж байхдаа явж байсан ш дээ. Читийн пионерийн зусланд, Эрхүү Монголын залуучуудын уулзалт гээд л явж байлаа. 86 онд Германд явж байлаа. Германд жуулчлалаар одоо нөгөө ажлаараа сайн байсан улсуудыг тэр үед чинь эвлэлийн зардлаар жуулчлуулдаг байсан ш дээ. Тэгээд Герман орны хөгжил дэвшил бол тэр үед аягүй их сайхан санагдаж байсан. Сайхан хөгжилтэй, тэгээд л нөгөө тэр үед чинь манай энд чинь нөгөө бараа таваар ховор байсан. Одоо Герман орон бол тэр үед 86 онд бол одооны манайхны одоо ингээд л орон сууцнуудад янз бүрийн дэлгүүрүүд оруулчихсан байна ш дээ тэ? 86 он гэхэд чинь Герман орон яг л тийм байсан юм чинь. Одооны яг манайх шиг л. Одооны энэ дэлхий нийтийн орны хөгжил энэ тэр чинь яг л тэнд чинь аль уже бий болчихсон байсан ш дээ. Тэгээд л шөнийн дэлгүүр гэдэг чинь социализмын үед манайханд чинь байдаггүй байлаа. Шөнийн дэлгүүр энэ тэрийг чинь гайхаж гандаж байлаа ш дээ тэ? Ховор бараа гэж байхгүй гээд л аль л бол аль хөдөөд нь очсон ч л тэр дэлгүүрт юм нь байж байна. Төвдөө ч байж байдаг. Тэгээд юм нь асар их хямд. Тэгээд л Берлин хот байгуулагдсаны 750 жилийн ой гэж болж, тийм баярын үеэр бид нар 30-н хэдүүлээ, одоо 18 аймгаас явсан ажилчин залуучууд л явж байлаа. Тэр үед болохоор би бас тэр группыг ахалсан эвлэлийн байгууллагынх нь ахлагчаар явж байлаа. Тэгээд тэр цэвэрхэн сайхан. Тэгээд л нөгөө дэлгүүр оочерлоно гэдэг юм байдаггүйг бол тэнд л үзэж байлаа ш дээ. Москва бол тэгэхэд том байлаа. Германаас Москва руу ороод ирэхээр нүсэр том. Тэгээд бас л нөгөө оочерлосон барьсан бас ингээд л яаж байгаа нь бол тэр барууны орон, анх Москвад очиход л ямар гоё юм бэ? гэсэн. Цаанаас яваад ороод ирэхээр бас л болоогүй юм харагдаж л байдаг юм байна лээ. Тэгэж л явж байсан даа.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Хоролсүрэн -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
За таны ажилд амжилт хүсье ээ.
Хоролсүрэн -
За та нарын ажилд ч гэсэн амжилт хүсье ээ.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.