Myadag


Basic information
Interviewee ID: 990365
Name: Myadag
Parent's name: Namjil
Ovog: Miyeejav
Sex: f
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
family
relations between men and women
cultural campaigns
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Мядаг эгчээ хоёулаа яриагаа эхлье. Тэгээд та эхлээд бидэнд амьдралынхаа түүхээс товч ярьж өгөөч.

Мядаг -

За эгч нь 1953 онд Намжил гэдэг айлын 1-р охин болон төрж, 6-н хүүхдийн хамгийн том охин нь болж төрж байлаа. Ээж, аав 2 минь нийтдээ 6-н хүүхэд гарсаны 2 нь эмэгтэй, хамгийн бага нь эмэгтэй, хамгийн том 2 нь эмэгтэй. Бусад нь эрэгтэй. Энгийн малчин ардын гэрт төрсөн. Ингээд 1962 онд Сайхан сумын 8-н жилийн сургуульд орж суралцаад 7-р ангид байхдаа өөрийнхөө саналаар Дархан хотын сувилагчийн сургуульд явуулж, яахав Дархан хотын сувилагчийн сургууль

Отгонбаяр -

7-р ангиа төгсөөд үү?

Мядаг -

Тийм төгсөөд Дархан хотын сувилагчийн сургуульд 2 жил 1969-1971 оны хооронд суралцаж төгсөөд Булган аймагтаа ирээд сувилагч хийж байгаад

Отгонбаяр -

Аймгийн эмнэлэгт сувилагч хийсэн үү?

Мядаг -

Аймгийн арьс өнгөний диспансерт сувилагч хийж байгаад сүүлд нь Сайхан сумынхаа хүн эмнэлэгт ирж

Отгонбаяр -

Аймгийн диспансерт хэдэн он, хэдэн жил ажилласан бэ?

Мядаг -

Аймгийн писпансерт ерөөсөө л 71 оноос 72 оны сүүлч хүртэл ажиллаад сүүлд нь Сайхан сумынхаа эмнэлэгт ирж ажилласан даа. Тэгээд 73 оноос тэр 72 оны сүүлч хүртэл ажиллаад тэгээд Сайхан сумынхаа эмнэлэгт 78 он хүртэл ажиллаж байгаад, эргэж хүүхдийн Булган аймгийн хүүхдийн больницэд ирж ажиллаад тэндээсээ өнөө өвгөн жолооны курс төгсөхөөр нь зэрэг Баян-Нуурт очиж ажиллаад, Булган аймгийн Баян-Нуурт очиж ажиллаад тэнд эхлээд нэг яслид нэг 2 сар хиртэй хүүхдийн тийм яслийн хүүхэд хүмүүжүүлэгч гэдэг юм уу тийм юм хийж байгаад тэгээд яслийн эрхлэгч ажлаа өгье гэсээр байгаад тэр хүний яслийн эрхлэгчийн ажлыг авч ажиллаад, тэгээд яслийн эрхлэгчээр би чинь 2 жил билүү, 3 жил билүү ажиллаж байтал эрүүлийг хамгаалах Булган аймгийн эрүүлийг хамгаалахын газрын орлогч дарга нэг өдөр утасдаад та чи Баян-Нуур Дашинчилэнгийн харьяа Баян-Нуур бригадын бага эмч хий гэж хэлээд, тэгээд би бага эмч хийх гэсэн чинь хий гээд за гээд тэр үед нь зөвшөөрчихгүй юу. Тэгсэн чинь нэг л ээлжийнхээ амралтыг авчихаад л хийнэ гэж бодчихоод, бодоод байсан нэг л хийж үзээгүй юм чинь хэцүү санагдаад би ер нь хийж чадахгүй байх гээд дарга руугаа эргээд утасдлаа. Яадаг ч байсан хий чи. Чадна би мэдэж байна гэж дарга маань тэгж байна. Тэгэхээр нь одоо яахав дээ дарга тэгж байгаа юм чинь би яаж зөрөөд байхав. Тэгээд 9 сард ээлжийнхээ амралтыг авчихаад багийн эмч хийлээ. Баяннуур бригадын. Тэгээд багийн эмч хийгээд эхэлсэн яахав тэгээд уул нь сургууль мургуулий нь төгссөн болохоор болсон болсон. Тэгээд багийн эмчийг хэдэн оноос хийлээ дээ би чинь.

Отгонбаяр -

1981 оноос хийсэн юм уу тэ?

Мядаг -

Тийм тийм. 1981 оноос 85 он хүртэл Баян-Нуурт багийн эмч хийсэн. 85, 86, 87 он хүртэл хийгээд тэгээд 88 онд бие минь аягүй их муудаад

Отгонбаяр -

За

Мядаг -

Тэгээд наашаа бие муудахаар энэ нутагтаа шилжиж ирсэн юм. Нутагтаа шилжиж ирээд Сайхан сумынхаа хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад сүүлд нь шилжиж ирээд 88 онд шилжиж ирээд 88 ондоо эндэхийнхээ эмнэлэгт ажиллаж байгаад, тэгээд сувилагчаар ажиллаж байгаад сүүлд 90 онд багийн эмчээр эндэхийнхээ багийн эмчээр гараад, багийн эмчээр гарч 90 он, 91 он, 92 он хүртэл хийгээд сүүлд нь тэгээд энийгээ 20-р тогтоол гарсан даа.

Отгонбаяр -

Тийм.

Мядаг -

4-өөс дээш хүүхэд гаргасан. 20-с дээш жил ажилласан тэтгэвэрт, тэгээд тэрүүгээр тэтгэвэрт ороод тэр үед чинь улс төр ч бас хямарчихаад, хаашаа ч үгүй байсан үе ш дээ. Багийн эмч хийгээд дуудлаганд явахаар унаа хөсөг ерөөсөө байхгүй. Өөрсдийн мэдлийн бензин ч гэж байхгүй. Тэгэд би бүр дуудлаганд явах гээд морьноосоо өөрөө нөгөө хүнд биетэй, тарган болохоор морио унаж яах гэхээр зэрэг морин дээрээ мордох гээд чадахгүй. Хашаан дээрээс морин дээрээ мордох гэж морь маань яг намайг морио унах гэж байхад цаашаа зайлс хийж хашаа морь хоёрынхоо хоорондуур нь унаж байсан. Тэгсэн өвгөн маань чи ерөөсөө морьноос унаж үхэх нь одоо ерөөсөө тэтгэврээ ав, тэтгэврээ ав энэ тогтоол гараад байхад тэтгэврээ ав, тэтгэврээ ав гээд намайг тэгээд шахаад тэгсэн би чинь их дургүй байсан. Ер нь ажлаа хийж л баймаар санагдаад тэтгэврээ ав л гээд байсан, дургүй л байгаад байсан. Чи нэг л морьноос унаад үхчихнэ ерөөсөө, тэгээд одоо өвлийн хүйтэнд мотоциклтой. Тэгээд өөрөө бас бие муутай. Бөөр нуруу муутай, хавагначихдаг. Чи ер нь бие хаа муутай хүн дэмий одоо тэтгэврээ ав яршиг, тэрнээс дээр юм байхгүй чамд гээд би ажлаа хиймээр санагдаад байдаг. Аягүй эвгүй санагдаад, ажлаа хиймээр санагдаад, өвгөнийг хэлэхээр зэрэг эвгүй санагдаад. Өвгөний нэг ах дүү нар нь ирчихсэн байсан чинь уйлаад тэтгэврээ ав гээд байхаар нь дургүйцаад уйлсан чинь нөгөөдүүл нь намайг шоолоод тэтгэвэрт гарах гэлээ гэж уйллаа гээд шоолоод тэгж хүртэл байлаа. Тэгээд 92 онд байх тэтгэвэрт гарсан. Тэгээд тэтгэвэрт гарчихаад тэр дороо залуухан шиг гарчихсан болохоор их эвгүй юм билээ. Эвгүй санагдаад одоо ч бас тоохоо байж.

Отгонбаяр -

Бүр дөнгөж 40-н хэдтэй гарчихсан юм уу?

Мядаг -

Тэгсэн. Би чинь 22 жил ажиллаад гарсан юм чинь. Тэгээд тэр хоорондоо хэдхэн жилийн чинь хооронд ерөөсөө Баяннуур, Булган мулгангүй дамжиж дамжчихсан юм чинь. Нэг ажлын үр дүн ч сүртэй гарч, мэдэгдсэн юм байхгүй хэдхэн жил.

Отгонбаяр -

Хоёр гурван жил, хоёр гурван жил

Мядаг -

Тийм,

Отгонбаяр -

Газар яваад байхаар чинь

Мядаг -

Тийм тэгж яваад байхаар чинь тэгнэ ш дээ. Нэг дороо зүгээр тувт сайхан 20-н хэдэн жил болсон бол нэг өөр. Газар газар дамжиж явсан болохоор нээх ажил хийсний үр дүн тодорхой юм гардаггүй.

Отгонбаяр -

Яагаад тэгээд дамжаад яваад байсан юм бэ?

Мядаг -

Би юу?

Отгонбаяр -

Аймаг дээр байж байгаад.

Мядаг -

Яахав аймаг дээр байж байгаад наашаа ирдэг нь би чинь эхлээд аймаг дээрээс хувиарлагдаад л аль сургуульд ажиллаж байсан гэрчилгээ ч байхгүй нэг охин байсан юм. Тэгээд л яасан чинь ерөөсөө айлд л байдаг байсан юм. Тэгээд ерөөсөө орон тоотой бол орон нутагтаа ажиллая гэж бодоод л тэгээд орон нутагтаа ирээд ажиллаад тэгээд сүүлдээ энэ өвгөнтэйгээ

Отгонбаяр -

Нутагтаа ирэхээрээ Баяннуур чинь танай сумын бригад юм байна тиймээ?

Мядаг -

Тийм, Булган аймгийн Дашинчилэн сумын бригад, энэ Сайхан бол яг миний нутаг байхгүй юу.

Отгонбаяр -

Дашинчилэнгийн бригад юм уу?

Мядаг -

Тийм, сүүлд нь яахав цаашаа тэр Баяннуур луу яадаг чинь өвгөн маань Булган дээр жолооны курст 78 онд жолооны курст суугаад тийшээ хувиарлагдаж очиж, тэгээд өвгөнийг дагаж тийшээ дамжиж явсан.

Отгонбаяр -

Харин тэгж таарч. Сумын эмнэлэгт ажиллаж байгаад ахиад Булган луугаа явсан. Тэгэхээр өвгөнөө дагаад яваад байсан байна ш дээ.

Мядаг -

Тийм, өвгөнийгөө дагаад яваад байсан.

Отгонбаяр -

Нутагтаа ирж байж байгаад өвгөнтэйгээ суусан уу?

Мядаг -

Тэгсэн. Нутагтаа ирж байж байгаад өвгөнтэйгээ нийлсэн.

Отгонбаяр -

Та хоёр 6-н хүүхэдтэй гэсэн тэ?

Мядаг -

6-н хүүхэдтэй.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна Мядаг эгчээ. Анх та ажлынхаа гарааг аймгийн эмнэлэгт арьс өнгөний диспансерт ажиллаж байсан байна ш дээ. Тэгэхэд тэр үед арьс өнгөний ялангуя тэр өнгөний өвчний өвчлөл их байсан уу?

Мядаг -

Тэр үед үү?

Отгонбаяр -

Тийм, яадаг байсан бэ? тэр талаар сайн яриач.

Мядаг -

Өнгөний өвчний юу бол ер нь одоог бодоход гайгүй байсан юм гэж би боддог юм. Одоо бол тэгэхэд чинь тэр үед бол өнгөний өвчин бол яахав ... гээд тэр тэмбүү өвчин л голдуу байсан. Одоо бол тэгэхэд чинь энэ бэлгийн замын халдварт өвчин маш их байна ш дээ ерөөсөө. Ганцхан тэмбүү биш, тэмбүүнээс өөр трихомонад тэгээд ДОХ мох гээд одоо бүр тэр үед чинь ямар одоогийнх шиг дох байсан биш, ДОХ байсан биш. Одоо бол бэлгийн замын халдварт өвчин маш их болсон байна.

Отгонбаяр -

Тэр үед одоо ганц нэг өнгөний өвчинөөр өвчилсөн. Ганц нэг ч гэж дээ ер нь цөөхөн байсан байх тэ? Өнгөний өвчнөөр өвчилсөн хүмүүсийг контакт тогтоох гэж нэг ажил болдог байсан санагдаад байгаа юм

Мядаг -

Тийм.

Отгонбаяр -

Тэрнийг ер нь яаж тогтоодог байсан бэ?

Мядаг -

Контактыг бол тэр арьс өнгөний диспансерийн эмч л нөгөө өвчтөнтэй өөртэй нь уулзаж өвчтөнөөр хэлүүлж контакт олж эмчилдэг байсан.

Отгонбаяр -

Тэгээд контакты нь хэлүүлчихээд та нар явах уу?

Мядаг -

Бид нар явахгүй. Бид нарт тэр хүний контакт тэр гэж хэлдэггүй. Бид нар л өөрсдөө контакт нь тэр гэж мэдвэл мэдээд, мэдэхгүй бол тэгээд л.

Отгонбаяр -

Контактыг тогтоочихоод дуудаж авчирч шинжилгээ хийнэ тийм үү?

Мядаг -

Хийнэ. Хийдэг л байсан байх.

Отгонбаяр -

Заавал албадаж хэвтүүлдэг байсан уу? Диспансераар гадуур эмчилчихдэг байсан уу?

Мядаг -

Хэвтүүлнэ ер нь шаардлагатай бол. Тэгээд ялангуяа тэмбүүг бол хэвтүүлдэг л байсан ш дээ. Хэвтүүлж эмчилэхгүй бол болохгүй тэр чинь курс курс эмчилгээ хийгддэг тийм байсан.

Отгонбаяр -

За за тэгээд тэндээсээ гараад сумынхаа эмнэлэгт ирсэн тэ? Сумын эмнэлгийн сувилагчийн ажлын ачаалал ер нь

Мядаг -

Маш өндөр тэр үед. Одоо би ер нь маш их ачаалалтай үед нь хорин хэдэн жилийг авсан. Тийм ч учраас ер нь эрт иймэрхүү байдалд оров уу даа ч гэж одоо бодож байгаа юм би. Тэгээд сумынхаа эмнэлэгт ирээд яахав хүүхдүүд их ойрхон гарлаа. Одоо ойр ойрхон нэг насны зөрүүтэй тийм 3 хүүхэд маань гарсан. Тэгээд бидний үед чинь 45 хоноод л юу яадаг байсан.

Отгонбаяр -

Ажилдаа орчихдог.

Мядаг -

Ажилдаа ордог. Тэгээд л 45 хоноод ажилдаа орно. Нялх хүүхдээ эргэж хөүүлнэ, ээлжинд гарна. Ээлжинд гардаг, нялх хүүхдээ эргэж хөхүүлнэ. Тэгээд 3 цаг болоод эргэж очиж хөхүүлнэ. Өлгийтэй хүүхдээ, жаахан юм чинь аягүй хэцүү. Тэгээд шөнө эмнэлэг дээрээ авч очино. Тэр үед чинь дэглэм хатуу байсан байгаа биз дээ бодвол цаанаасаа тэгж шаардаж байсан юм байгаа биз. Манай салбарын эрхлэгч Шагдар гэж их эмч хүн байсан. Ээлжинд гарахдаа нялх хүүхэд авчирлаа гээд

Отгонбаяр -

Ажил дээр авчирлаа гээд

Мядаг -

Тийм ажил дээр авчирлаа шөнө авчирлаа. Бид нар чинь авчирахгүй бол шөнө 2, 3-н цагт яаж очиж хөхүүлж байх юм бэ.

Отгонбаяр -

Ттйим ш дээ.

Мядаг -

Тэгээд авчирч нэг газар яана. Нөгөө эмч маань өвчтөнийг үзнэ. Тэгэхийн хооронд өнөө хүүхдийг маань харвал бид нарыг загнана. Хүүхдээ нуугаад л хувцас хунар, шкафны тэргээр хувцас өлгүүрийн газар хүртэл аваачиж тэнд хүртэл хийж байлаа ш дээ хүүхдээ. Эмчээсээ нуугаад, зарим нь өвчтөнүүдийн өвөрт хүртэл аваачиж хийж байсан. Тэгээд тэр үеийн ачаалал маш хүнд, эмнэлэгт одоо нөгөө 10-н ортой, 15-н ортой л байсан үедээ. 10-н л ортой гэдэг байсан даа сумын эмнэлэг. Тэгэхэд чинь өвчлөл ч маш их байсан юм. 74, 75 оны үед тэгэхэд эмнэлэгт өвлийн нөгөө ид ханиад томууны үед гуч муч хүрнэ ш дээ. Ерөөсөө хамаа байхгүй их эмч чинь шал малан дээгүүр хүртэл аваад зарим хүүхдийг нэг орон дээр, жижигхэн өлгийтэй хүүхдийг нэг орон дээр хоёроор нь аваад, тэгээд гадуур бас истоор нээчихнэ. Гадуур хүмүүст тариа энэ тэр яачихна. Шал угаадаг мод бариад л шөнийн зүгээр ерөөсөө тэсгим айхтар жиндүү хүйтэнд чинь шалны мод бариад л гадуур тариа бас цуг хийнэ. /14-50/ тариаг ёстой болгохдоо хэцүү өвдөгөө хөлдөөчих шахаад, тэгээд нохойтой хөөцөлдөөд

Отгонбаяр -

Шалны модоороо нохойтой хөөцөлдөж байгаа юм уу? Нохой цохиж байгаа юм уу?

Мядаг -

Тийм, тэгээд л асрагчаа дагуулчихаад хоёулаа тэгээд явдаг байсан. Их хүнд, ёстой мундаг хүнд байсан. Одоо тэрийг бодохоор аягүй сайхан болдог. Сувилагч, асрагч нар хаа газар тийм нэг чөлөө зав гарвал унтаж хэвтэх ортой болсон юм байна. Тэр үед чинь тийм ор ч байгаагүй. Бид нарыг тэгж унтуулдаг тийм дэг журам ч байгаагүй. Ээлжинд гарч байгаа тсувилагч, асрагч унтах ёсгүй, дуг хийх ч ёсгүй гэдэг. Аягүй хатуу дэглэмтэй, бид ч тэр ёсыг сайн биелүүлж, даалгавар байсан болохоор сайн л биелүүлж байсан. Их айхтар хүнд ачаалалтай үед ажил хийж байсан. За тэгээд нэг багийн амч хийнэ. Багийн эмч хийхэд чинь унаа хөсөг байхгүй. Дандаа нялх нярай хүүхдүүдтэй хүмүүс, ээж аав нь хүүхдээ арчилж чадахгүй тийм хүмүүс, арчилж чадахгүй тийм муу арчилдаг дандаа бидэнд чинь сэтгэл санааны дарамттай. Одоо яана аа хүүхэд нь ханиад гарч байна хүүхэд нь яаж байгаа бол, настай даралт маралт ихтэй, хууч их өвчтэй тийм хүнийг бол яана аа тэр гуай тийм их даралт ихтэй байсан юмсан одоо яана даа гайгүй байгаа гээд дан ингэж сэтгэл санааны дарамтанд. Сувилагч бол бас их сайхан бага эмчийг бодоход. Ээлжин дээрээ л хариуцлагатай ээлжээ өнгөрөөчихвөл харин нааш цаашаа сэтгэл санаа зовох юм юу ч байхгүй.

Отгонбаяр -

Тийм.

Мядаг -

Багийн эмч хийхэд бол маш их сэтгэл санааны догдлолтой ерөөсөө аятай амгалан байхгүй ш дээ. Тэр хүүхдийн бие тэгсэн. Одоо энэ ханиад яадаг бол тэр хүүхэд тийм тураалтай. Тэр гуай тийм даралттай. Дан ингэж сэтгэл санаа зовдог. Тийм ялгаатай хоёр ажил байдаг юм. Эмнэлгийн ажилтан хүн ер нь маш их хариуцлагатай. Өвчтэй хүнд аягүй сайхан ер нь л жинхэнэ л ёстой сэтгэлээ гаргаж ажиллах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн дээ. Аягүй зөв сэтгэлтэй л байх хэрэгтэй. Зүгээр өвчингүй хүн хаанаас эм тариа хийлгэх гээд л эмнэлэг рүү байн байн эмчид үзүүлэх гээд л гүйгээд байхав дээ. Тэр амьтан чинь яавал зүгээр болчих бол гэж бодоод үзүүлээд, харуулаад ингээд яваад байхав. Энэ байдлыг би өөрийнхөө биеэр чиг мэдэрсэн. Өвчтэй хүнээс ч гэсэн ойлгосон. Тийм болохоор аль болохоор эмнэлгийн ажилтан хүн гэдэг өвчтэй хүнийг аль болохоор эдгээх, илааршуулах сайхан талаас л байж байх хэрэгтэй. Байнга бодож явдаг юм.

Отгонбаяр -

Бригадын эмч чинь, Бригад нийт хэдэн хүнтэй вэ? Таны ажилж байсан бригад хэдэн хүн, хэдэн өрхтэй вэ?

Мядаг -

Миний ажилж байсан бригад одоо энэ 2-р бригад 100 гаруй өрхтэй байсан санагдах юм намайг яг ажиллаж байхад.

Отгонбаяр -

Хүн амынхан тоо?

Мядаг -

Хүн амынхан тоо 300-гаад байсан. Энэ 1-р бригад, тэр Баяннуур бригадын хүн амынх нь тоо өрхийн тоо нь 100 арай хүрэхгүй тэгээд хүн амынхан тоо 200 гаруй тийм л байсан. Яг жирэмсэн эхчүүдийг хяналтандаа авна. Тааруухан нэгийн сумынхаа эмнэлэг рүү явуулна.

Отгонбаяр -

Хөдөөний малчдын дунд илүү их нийтлэг байдаг, онцлог өвчлөлт юу байдаг вэ?

Мядаг -

Илүү их нийтлэг, онцлог өвчлөлт үү?

Отгонбаяр -

Тийм.

Мядаг -

Одоо юу л байдаг даа. Настай улсууд даралт, бөөр мөөр, даралт ихтэй тиймэрхүү улсууд их байна. Яахав залуучууд хүүхдүүд бол тухайн үеийн нэг хоёр сард одоо ханиад томуу их элбэгшдэг. Тийм үед бас их амаргүй. Тэрнээс бусад цагт зуны цагт бол сайхан л даа онцгой их даралт ихтэй, онцгой хууч өвчтэй биш бол гайгүй ер нь аятайхан л байдаг. Тэгээд ерөнхийдөө бол багийн эмч бол их хариуцлагатай сайхан мэргэжил. Эм тангаа ойр ойрхон 14, 7 хоногт эм тангаараа тойрчихоод байвал их гайгүй. Ер нь л багийн эмчийн ажлаас их шалтгаална. Нярай хүүхдийг ч гэсэн дөнгөж сая өнөөдөр нөгөө хяналтанд авч байсан жирэмсэн эмэгтэй маань өнөөдөр төрлөө гэхэд гэртээ гарч ирээд төрчихөөд гэртээ гарсаны маргааш нь юм уу, нөгөөдөрөөс нь юм уу. 7 хоногийн дотор эргэж тойрч очоод хүүхдээ үзээд л, ирэхэд нь асаргааг нь зааж өгөөд энэ тэр байвал бас өөр. Тэгэхгүй зүгээр багийн эмч хаячихаад нэг сар ч болдог юм уу, нэг улирал ч болдог юм уу тэгээд л байвал бага анхны эхчүүд бол бас их амаргүй ш дээ.

Отгонбаяр -

Гэмтэл бэртэл их үү?

Мядаг -

Гайгүй гайгүй ээ ер нь бол гайгүй. Намайг ажиллаж байхад гэмтэл бэртэл нэг их гарч байгаагүй. Ер нь бол ерөнхийдөө багийн эмч болж тэр ч бас өвчин гаралгүй яахав тухайн цаг үеийн өвчлөл тийм л байсан.

Отгонбаяр -

Багийн эмчид одоо контор ч гэдэг юм уу, ажиллах газар нь юу вэ? гэр нь үү? Эм тариагаа хаана хадгалах вэ?

Мядаг -

Гэр нь л байсан ш дээ. Контор гэж юм байгаагүй. Гэр л байсан.

Отгонбаяр -

Тэгээд юмаа аваад л явах уу?

Мядаг -

Тийм, одоо бол харин багийн эмчид аягүй сайхан тийм янз бүрийн багаж, тоног төхөөрөмж янз бүрийн юм их ирдэг болсон юм байна ш дээ. Тэр үед тийм юм байгаагүй. Тийм ч байгаагүй. Багийн эмч бол ердөө аптекаас эмээ аваад малчидаараа эмээ тараана. Тойроод тэгээд үзлэгээ хийгээд урьдчилан сэргийлэх үзлэгээ хийгээд тэгээл эмээ өгөөд ингээд явдаг байсан. Тэгээд эргэж аптектэйгээ тооцоо хийгээд тэгээд явдаг байсан.

Отгонбаяр -

Бригадын эмч чинь тариа хийнэ ш дээ тэ?

Мядаг -

Хийнэ.

Отгонбаяр -

Тэгэхээр тэр үед одооных шиг ямар нэг удаагийн тариур гэж байх биш. Шприцээ яаж ариутгадаг байсан бэ?

Мядаг -

Шприцээ яахав дээ юу яадаг байсан л даа. Шприцээ бол амарчилаад ер нь уул нь 0.5, 0.2 процентийн хлораминоор ариутгах ёстой. 3-н дамжилгаар. Тэгээд тийм нөхцөл байхгүй болохоор ер нь бол юу яана. Энэ одоо энэ ОМО нунтаг саван энийг чинь сайн

Отгонбаяр -

Тэр үед лоск гэж ярьдаг байсан уу?

Мядаг -

Тийм, энийг чинь усанд бүр бүрэн сайн найруулж байгаад шприцээ сайн угааж, тэгээд усан тэрийг чинь хэд сайн бургуйдаж угаагаад дараа нь хоёр гурав цэвэр усанд угаагаад тэгээд л буцалгаж хэрэглэдэг байсан.

Отгонбаяр -

Ямар ч байсан 2 шаттай.

Мядаг -

Тэгж буцалгаж хэрэглэдэг байлаа. Тэгэхэд чинь одоо энэ системийг чинь одоо бол ганцхан хэрэглэнэ. Дээр үед чинь бас их бүдүүлэг байж дээ. Одоо зүгээр сумын эмнэлэгт гэхэд чинь системийг чинь хоёр, гурав хэд хэд буцалгаад шолбойтол нь буцалгаад ингээд тариа гүйхэд харагдахааргүй болтол нь буцалгаж хийдэг байсан ш дээ. Одоо бол аягүй сайхан болж, тэр үеийг бодохноо ганцхан хэрэглээний шприц хэрэглээд, тэгээд тэгж буцалгаж хэрэглээд тэгдэг байсан. Тэгж сайн яах гайгүй яадаг л юм билээ. Ер нь тэгж шприцний халдвар авдаггүй л байлаа.

Отгонбаяр -

Бригадын эмч аптекийн үүрэг бас гүйцэтгэнэ биз.

Мядаг -

Гүйцэтгэнэ.

Отгонбаяр -

Тэгээд эмээ зарах уу?

Мядаг -

Зарна.

Отгонбаяр -

Үнэгүй хэрэглэх эмнүүд байсан уу?

Мядаг -

Байгаагүй, ерөөсөө юу ч байгаагүй ш дээ.

Отгонбаяр -

Бүгд үнэтэй юу?

Мядаг -

Бүгд үнэтэй.

Отгонбаяр -

Тэгээд яахав малчдаас

Мядаг -

Малчидаас аптекаасаа очиж өөрөө юу яана. Падаанаар нь эмээ авна. Эмээ аваад тэгээд малчидаар тоолж эмнийхээ үнийг нь малчиддаа өөрөө үзлэгээ хийж яваад өгчихнө. Малчид ч өөрсдөө авна. Тэгээд эргээгээд л олсон мөнгөө аптекдаа эргүүлж өгөөд, дахиад аптекаасаа эмээ аваад тэгж өгдөг байсан.

Отгонбаяр -

Их хол ялангуяа өвөл өвөлжөөндөө буучихсан үед одоо дуудлага яаж ирэх үү? Одооных шиг ямар утас байх биш.

Мядаг -

Өөрсдөө л ирнэ ш дээ.

Отгонбаяр -

Өөрснөө ирэх үү?

Мядаг -

Өөрснөө л ирнэ.

Отгонбаяр -

Морьтой?

Мядаг -

Зарим нь морь хөтлөөд, зарим нь хоосон унаа байхгүй, хоосон ирнэ. Ер нь л морь хөтлөж ирэхгүй, унаагүй л ирнэ дээ. Тэгээд унаа өөрөө л аргална. Өөрөө л өөрт нь тэр багийн эмч хүнд ямар унаа байна тэр унааныхаа боломжоос шалтгаална.

Отгонбаяр -

Их тийм хүнд хэцүү дуудлага тохиолдож байснаасаа яриач. Өвлийн хүйтэнд чгэдэг юм уу, цас зудтай үед эсвэл хүнд өвчтөн зовж, амь эрссэж байсан тохиолдол байна уу?

Мядаг -

Тийм тохиолдол надад ер нь гайгүй шүү. Тийм айхтар хүнд цасан шуурга муурганд дуудлага ирж байгаагүй шүү. Гэхдээ ч их хүйтэн юм хуманд ирнэ шүү салхи малхинд тэгэхэд тэрийг аргалаад л явна. Цас их зудтай үед чинь ирдэг л байсан даа. Зудтай их цасан юунд чинь мотоциклтой явж болохгүй. Морьтой ч гэсэн их амаргүй тийм үе байж л байсан. Тэгээд тэрийг чинь яваад болдог л байсан даа.

Отгонбаяр -

Таныг ажиллаж байх үед, бригадын эмчээр ажиллаж байх үед малчин эмэгтэйчүүдийг нөгөө төрөх асуудлаар нэг төрөхийн өмнөх байр бэлдээд, эмнэлэгт төрүүлдэг байсан ш дээ.

Мядаг -

Тийм.

Отгонбаяр -

Бүгд тэгж чадаж байсан уу?

Мядаг -

Ер нь бүгд тэгж чадаж байгаагүй. Гэхдээ ер нь бас нэг малчин эмэгтэйчүүдийн урдаар төрөхийн өмнөх байр, төрөхийн дараагийн байр гэж байсан ш дээ. Гэхдээ бол тэр болгон төрөхийн өмнөх, төрөхийн дараах гэж хамрагдаж байгаагүй. Өөрснийн аясаар л байсан л даа. Тэгээд голдуу ер нь хөөнө. Зарим нь хөөгөөд байхад байхгүй байж байгаад гэртээ төрчихсөн, төрчих гээд л байдаг юм. Надад бол тийм тохиолдол байгаагүй. Гэртээ төрж мөрж байгаагүй. Наана нь хэдэн хоногийн өмнө сумынхаа эмнэлэг рүү ороод

Отгонбаяр -

Заавал хүргэж өгөх үү?

Мядаг -

Тийм,

Отгонбаяр -

Тэр тэгээд ард талд малчины ажил чинь орхиод явж болохгүй хэцүү, тэгээд нэг хоног ч гэсэн байхыг л боддог байсан байх даа тэ?

Мядаг -

Тийм,

Отгонбаяр -

Малчин эмэгтэйчүүд ер нь төрөн төртлөө ажлаа хийгээд л байх уу?

Мядаг -

Хийнэ, тувт төрөн төртлөө ажлаа хийнэ.

Отгонбаяр -

Бригадын эмч хийх, сумын эмнэлэгт сувилагч хийх хоёрт бол ажлын ачаалал өөр байсан байх уу?

Мядаг -

Өөр байлгүй яахав. Сумын эмнэлэгийн багийн эмч хийхэд бол одоо унаа хөсөгний, унааны ачаалал маш хэцүү байсан. Унаа ерөөсөө бидэнд чинь одоог бодоход ийм машин техник ч элбэг байгаагүй. Тэгэхээр ерөөсөө унааны асуудал мундаг байсан. Ямар сайндаа би морьтой тэгж хашаа, морь хоёрын завсраар унаж байхав. Явахаас өөр арга байхгүй, дуудлага ирсэн юм чинь. Тэгж хүртэл байсан даа.

Отгонбаяр -

Дуудлага ирэхээр очино ш дээ. Очиход бол гайгүй шиг өөрсдөө нэг аргалчихаар юмнууд байх уу?

Мядаг -

Байлгүй яахав.

Отгонбаяр -

Ийм юман дээр дуудаж байх

Мядаг -

Байлгүй яахав. Ийм юм зөндөө л байдаг байсан. Одоо сувилагч хийж байхад ч гэсэн одоо нөгөө гадуур тариа манай тэр их эмч чинь бас тийм бид нарыг ч нээх боддоггүй хүн байсан юм уу, үнэхээр ч хөөрхий хүний төлөө тийм сайхан сэтгэлээ гаргадаг хүн байсан юм уу. Ингээд яваад очиход чинь бидэнд өвлийн хүйтэнд өдөр цагийн тариа биччихсэн гадуур тэгээд яваад очиход нөгөө хүн чинь гэртээ дээл хувцас хунараа оёчихсон, хоол ундаа хийчихсэн халуун дүүгчихсэн сууж байгаа юм. Тэгэхэд дургүй хүрдэг л байсан. Ийм хүнд очиж очиж гадуур тариа хийж бид нарыг ёстой бахдаж ядаж байхад ингээд байхдаа яадаг юм. Эмчдээ хүртэл дургүй хүрээд

Отгонбаяр -

Эмчдээ хэлэх үү?

Мядаг -

Чадахгүй айгаад дотроо дургүй хүрээд тэгдэг л байсан.

Отгонбаяр -

Сумын эмчийн ачаалал бас их байсан байх шүү.

Мядаг -

Байсан байсан тэр чинь дээр үед байлгүй яахав хөөрхий амьтан. Сумын эрхлэгч эмч үү.

Отгонбаяр -

Сумын эмнэлгийн эмч, эрхлэгч. Хэдэн эмчтэй байсан бэ?

Мядаг -

Тэгэхэд сумын эрхлэгч эмч ганц л байсан л даа. Нэг л байсан, байсан байх. Одоо ч яахав ээ сайхан эмч нар хангалттай ч болчихсон. Унаа хөсөг ч их болчихсон ийм үе юм даа ер нь.

Отгонбаяр -

Нөгөө талаар бол багаж, материал, шприц юм хум чинь шал өөр болчихсон байна ш дээ.

Мядаг -

Тийм, шприц гэхэд л ганцхан хэрэглээд хаячихна амар байгаа ш дээ. Тэгэхэд чинь бид нарын үед тийм юм байгаагүй. Шприцийг чинь нэг хийчихээд дахиад буцалгана. За тэгээд шприц чинь тэгээд зүү олдохгүй. Зүү нь ингэж мохчихно шдээ, хэд хийгээд л, өө нөгөөдөх чинь ир байхгүй пир пир хийлгээд л, ёстой аргагүй сурчихсан тулдаа л хүний судас мудас олж хатгаад

Отгонбаяр -

Хурцалдаг байсан гэсэн үү?

Мядаг -

Хурцалдаг, хурцалдаг байсан ш дээ. Зөөлөн билүү милүүгээр ингэж хоёр талаас нь шовхолж хурцалаад, ариутгаж, угааж байгаад л эргэж хэрэглэдэг байсан ш дээ. Тэгдэг л байсан ш дээ. Айхтар байсан шүү. Одоо тэрийг бодоход сайхан болчихсон нэг л хэрэглээд

Отгонбаяр -

Тийм дээ.

Мядаг -

Тийм болчихсон одоо.

Отгонбаяр -

Одоо бас унаа малтай ч болчихсон юм шиг байгаа юм тэ?

Мядаг -

Одоо хамаагүй өөр ш дээ. Багийн эмч л гэхэд мотоциклтой болчихсон. За тэгээд багийн эмч нарт тэр үеийг бодохноо бас сар сардаа хэр хэмжээний бензин өгдөг юм шиг байгаа юм. Шал өөр болчихсон, одоо үеийнхнээс шал өөр.

Отгонбаяр -

Тийм их ачаалалтай одоо ажиллаж байсан багийн эмч, эсвэл сумын эмнэлгийн сувилагч хоёр ямар цалин авч байсан бэ?

Мядаг -

Яахав ер нь тэр үедээ под хийсэн цалин авч байсан. Одоо сувилагч л гэхэд яахав тогтмол цалин 310 байсан. Тэгээд илүү цагтайгаа нэг 400

Отгонбаяр -

Ээлжинд, жижүүрт гарахаараа.

Мядаг -

Тийм, 400 гаргаад ер нь авчихна. Ер нь бол боломжийн байсан даа. Бага эмчийн цалин ч гэсэн 400 байсан. Боломжийн байсан. Ер нь цалингийн хувьд бол би болж байна л гэж боддог байсан.

Отгонбаяр -

Тэр үед бол ёстой под хийсэн цалин байна. Эгч нэг ийм асуулт байна. Их одоо ачаалалтай үнэхээр л цаг завгүй ажиллаж байж тэгээд жил дараалаад эхний 4-н хүүхэд чинь жил дараалаад гарсан гэлүү?

Мядаг -

Тийм.

Отгонбаяр -

Жил дараалаад гарсан бол олон нялх нойтон хүүхэдтэй. Тэгээд бөхийн эхнэр, бөх хүн чинь тэгээд

Мядаг -

Энэ өвгөн чинь тэгээд гэрийн бараа харахгүй.

Отгонбаяр -

гэрийн бараа харахгүй. Тэгээд ар талаа яаж нэг юм амжуулж байв аа?

Мядаг -

Ар талаа яахав дээ. Би чинь одоо сумын төв дээр нэг охиноо сумын төв дээр байсан. Тэгээд энэ өвгөний чинь ээж настай хөгшин байдсан юм. Тэр ээж дээр нь өдөр хэдэн хүүхдээ аваачиж тавина. Өвгөний минь ээж бас настай хүн хэцүү л байсан байх даа. Заримдаа хүүхдүүдийн минь хувцас хунарыг бас жаахан тааруухан яачихсан ч юм шиг санагдаад л байдаг байсан. Тэр настай амьтанд чинь яаж харин ч харж байсан нь их юм байна даа гэж боддог юм.

Отгонбаяр -

Залуудаа тэгж бодсон. Эргээд бодохоор тийм ш дээ.

Мядаг -

Харин тийм. Энэ одоо томоохон шиг хөх хөхдөггүй хэдийн өвгөнийхөө ээж дээр орхичихоод тэгээд өөрөө жижгийгээ аваад л явна. Орой харанхуй болсон хойно нэг юм гүйж очиж өлгийтэй нь, тэр үед чинь тэрэг мэрэг гэж бараг байхгүй. Бараг ч гэж байгаагүй юм чинь. Өлгийтэй нь тэврээд л, хөлсөө цувтал тэврээд тэгээд эмнэлэг дээр авчирч ирдэг байсан. Тэгээд нэг юм хөөрхий амьтан өглөө буухлаараа нэг хүүхдээ аваад, асрагч маань бас хүүхэдтэй. Хоёулаа нэг нэг хүүхэд тэвэрч аваад явдаг байсан ш дээ. Надтай цуг гардаг асрагч хөөрхий амьтан тийм чарга хийчихсэн. Чарган дээрээ хүүхдээ үстэй дээлэнд ороож байгаад тэгээд л явдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Тэвэрсэнээс арай амар л даа.

Мядаг -

Тэр чинь амар байлгүй яахав, хамаагүй амар. Болж л байсан юм шиг байгаа юм. Би ч яахав дээ тийм чарга марга ч байгаагүй. Хөлсөө цувтал тэврээд тэгээд явж байсан. Тэгээд тэрнийх ч юм уу, эрт тэтгэвэрт орсон маань одоо тэрнийх байсан болов уу. Их ачаалал ихтэй ажилтай байсан болохоор, ийм их эрт амарч байгаа байлгүй гэж хойно би тэгж бодоод. Тэтгэвэрт орохдоо жигтэйхэн дургүй орсон. Орсоноосоо хойш ч гэсэн нэг хэсэг муухай эвгүй санагдаад л, ажилчидаасаа хөндийрчихэж байгаа юм шиг санагдаад байсан. Одоо ч яахав дээ. Угаасаа нас минь ч хөгширлөө. Одоо бол тийм бодогдох юм ч алга. Хамгийн гол нь миний бодож явдаг юм яахуу гэхээр одоо болтол, өнөөдрийг хүртэл ажилласан бол надад бас нэг эрүүлийг хамгаалах системд тэгээд овоо юм хүртчих байсан байж магадгүй гэж харамсдаг юм. Түүнээс өөр надад харамсах юм байхгүй.

Отгонбаяр -

Гэр орныхоо ажлыг яаж амжуулж байв?

Мядаг -

Гэр орныхоо ажлыг яахав дээ ээлжинд гарахад нэг юм, ээлжтэй өдөр бол тэр гэр орны ажил, хоол унд хийнэ гэсэн юм байхгүй.

Отгонбаяр -

Нөгөө муу хадам ээж хийх үү?

Мядаг -

Хадам ээж дээр хүүхдээ орхичихоод, гэрээ цоожилчихоод энэ өвгөн ч байхгүй болсон байдаг байсан юм чинь. Тэгдэг байсан. Тэгээд ээлжгүй өдрөө яахав дээ. Бас ч ээлж байдаг байсан юм чинь сувилагч чинь, тэр үедээ залуу байсан болохоор болгодог л байсан. Харин одоо бодож байхад маш хүнд ачаалалтай үед хийж байж гэж боддог юм. Тэр үед чинь бид нар чинь нэг хэсэг унтахад, хэсэг хэвтэх тийм ор дэвсгэр ч байгаагүй. Тийм эрх ч байгаагүй. Тэр үеийн цаг захиргаадалтын үе байсан. Тийм болохоор хэвтлээ бол эмч чинь загнана, тийм байсан үе. Тэгээд бид чинь яахав дээ эмч нар тэр өвчтөн хөнгөн бол өвчтэй хүнгүй үед бол эмч нарын тэр хөнгөн үед бол бас нэг шал шавар нь дээр бас хэсэг дуг хийдэг л байсан л даа. Гарч, орж яг нойргүй хонодог ч үгүй л дээ.

Отгонбаяр -

Мядаг эгчээ нэг ийм асуудал байна. Таны ингээд амьдралын туршид одоо ингээд эргээд харж байхад монгол эмэгтэйчүүдийн амьдрал байдал яаж өөрчлөгдөв. Ээжийн чинь эсвэл одоо таны залуу байх үед ажиллаж байсан одоогийн хүүхдүүдийн байгаа байдал, эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Мядаг -

Үгүй яахав дээ. Манай ээж мээж чинь дээр үед хөөрхий бас л нилээд тийм дээр үед хөгжөөгүй үед ажиллаж байсан малчин ийм улс байсан.

Отгонбаяр -

Олон хүүхэдтэй.

Мядаг -

Олон хүүхэдтэй хөөрхий амьтан. Одоо бодоход бас дээр үед чинь ийм сайхан зурагт телевиз янз бүрийн үзэх харах юм хүртэл одоо бодоход хязгаарлагдмал тийм байсан. Одоо бол тэр үеийг бодоход аягүй сайхан хөгжингүй. Гэртээ байж байгаад зурагтаа үзээд, Улаанбаатар хотод байж байгаа бүх үйл явдал хараад ингээд байж байна ш дээ. Дээр үед чинь тийм юм байгаагүй. Радио нэг чагнавал чагнаад, одоо бол бүх л хүмүүсээ таньдаг мэддэг. Алдартай нэртэй дуучин, гавъяат шагналтай сайн сайхан хүмүүсээ бүгдийн радио, телевизээр хараад байж байна ш дээ. Тэгээд одоо тийм л байна.

Отгонбаяр -

Үзэж харах нь их.

Мядаг -

Үзэж харах нь их.

Отгонбаяр -

Ар гэрийнхээ ажлыг амжуулах байдал нь өөр болсон уу?

Мядаг -

Ар гэрийнхээ ажлыг амжуулах явдал нь одоо үе, дээр үеийнх өөр зөрүү байна уу гэж үү?

Отгонбаяр -

Одоо жишээлбэл юм угаадаг ш дээ бид нар чинь. Боок саван нь ховор, ихэнхдээ гараар угаадаг байсан. Одооны хүүхдүүд чинь саван бок ч элбэг болж, ихэнх айл бол машинтай болчихож, цахилгаан хэрэгслүүдтэй болчихож тийм ээ?

Мядаг -

Яахав дээр үе, одоо бол яахав тэр саван бок хэрэглээний юм бол элбэг, дутна мутна гэсэн юм байхгүй шал өөр болчихсон. Дээр үед чинь юм юм ховор л айлаа ш дээ ерөөсөө ялангуяа идэж хэрэглэдэг, эд материал хүртэл ховор байлаа. Тэгээд яахав дээр үеийн хүмүүс чинь өөрсдөө дандаа л дээр үеийн эхчүүд чинь дээл хийсэн ч өөрсдөө тувт хийнэ. Нэг цамц, хүүхэддээ нэг өмд ч хийсэн өөрсдөө тувт хийнэ. Одоо бол мөнгө л байвал хүнээр бэлэн мөнгөө аваачиж өгөөд юу л бол юугаа хийлгэдэг. Ийм л болсон үе байна ш дээ. Одоо яахав дээ бас энэ ажлын байр гэдэг их ховор болчихсон. Ялангуяа энэ хөдөөний малчид бол бас хөөрхий амьтан ажиллаж тийм нөхцөл байхгүй болгочихсон. Яахав нэг хувийн хэдэн малтай болохоор зэрэг тэргүүрээ л нэг юм амьдарч байна. Түүнээс биш тиймгүй бол бас их амаргүй ш дээ. Гар дээр нь хэдэн төгрөг буух нөхцөл байхгүй. Тийм л байна, яахав хэдэн малынхаа буянгаар л, одоо малын буянгаар гээд байх юм байхгүй. Одоо малын чинь түүхий эд аягүй хямд болчихсон болохоор малчидын ахуя амьдрал ерөнхийдөө жаахан хүндэвтэр л байгаа, байгаа харагдаад байгаа юм. Ялангуяа залуучууд. Бид ч яахав одоо бас тэтгэврийн хэдэн төгрөг авч байгаа болохоор яахав ойр зуурын юмаа залгачихаад л байх шиг байгаа юм. Гэхдээ оюутан сурагчидаа болохоор бас төлбөр мөлбөр нь амаргүй л байна. Тэгээд одоо яахав дээ болгодог л юм.

Отгонбаяр -

Эмэгтэйчүүд гэснээс одоо эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг харьцуулбал аль нь илүү ачаалалтай ажилладаг вэ?

Мядаг -

Эмэгтэй хүн л илүү ачаалалтай ажилладаг гэж би боддог ш дээ. Ер нь эмэгтэй хүн бүх л юмыг голдуу ар гэрийн тэр бүх юмыг эмэгтэй хүн л зохицуулж

Отгонбаяр -

Хажуугаар нь ажлаа хийнэ тиймээ?

Мядаг -

Тийм, Тийм л байна. Эмэгтэй хүнд л ачаалал их байдаг. Тэр эмэгтэй аль зэрэг самбаатай байна. Тэр айл төдий чинээ л өөдрөг явдаг юм болов уу би боддог юм. Эмэгтэй хүн ажилд жаахан тааруухан байвал тэр айл жаахан уруугаа ч байдаг юм болов уу гэж би ер нь бүх туршлаганаас л тэгж хардаг юм.

Отгонбаяр -

Үнэн шүү. Бөх хүний гэргий байх хэцүү юу?

Мядаг -

Айн?

Отгонбаяр -

Бөх хүний эхнэр байх хэцүү юу?

Мядаг -

Яахав дээ. Манай энэ өвгөн ч гэрт орохгүй, тэр нь л их хэцүү байсан даа. Би хэдэн нялх хүүхэдтэй бас их амаргүй байсан. Хэдэн нялх хүүхэдтэй, би чинь хүн харахад нөхөртэй юм шиг. Заримдаа өвгөндөө би чинь хүн харахад нөхөртэй болохоос биш, нөхөргүй хүн шиг л байх юм даа өвгөн гэж хэлдэг л байсан. Хүнд хэцүү л юм байна ш дээ гэж хэлдэг байсан. Өвгөн ч ерөнхийдөө бас барилдаад, уралдаан, тэмцээнээр их явна. Тэрний хажуугаар бас Баяннуурт очоод тээврийн машин барьж байсан. Гэрийн бараа харахгүй, би бас нэг багийн эмч хийгээд хоёулаа бас л их хүнд нөхцөлд тэгээд болгоод байсан даа болоод л ирсэн. Болохгүй ч юм байгаагүй, яг л байсан. Яана даа гэмээр үе их л байсан. Яахав болсоор яваад одоо хэдэн хүүхэд маань бүгд сайхан том том болцгоочихлоо. Одоо 6-н хүүхэдтэй. 6-н хүүхэд маань бүгдээрээ л ер нь одоо амьдралын зах зухаас, нэг бага эмэгтэй нь айлын хүн болоогүй. Ер нь болох л юм шиг байна. Тэгээд хамгийн бага хүү сургуульд суралцдаг. Бусад нь бүгд айл амьтан болчихсон.

Отгонбаяр -

Тусдаа гарчихсан.

Мядаг -

Тийм болоод явж л байна.

Отгонбаяр -

Та нөхөртэйгээ хамт одоо улсын наадамд очдог. Наадамд зодоглоход нь хамт явж байсан уу?

Мядаг -

Явсан. 1978 онд байхаа.

Отгонбаяр -

Тэр жил хэд давсан бэ?

Мядаг -

Тэр жил яалаа энэ чинь 3 давсан билүү?

Отгонбаяр -

Тэгээд статионд суугаад үзэв үү?

Мядаг -

Тэгсэн.

Отгонбаяр -

Тэгэхээр яадаг юм байна.

Мядаг -

4 давсан билүү. Тэгсэн чинь статионд суугаад үзсэн чинь ингээд өвгөнийгөө зодоглоод гарахын харсан чинь улсын чинь бөхчүүд мундаг том том, өвгөн маань дэргэд нь жаахан хүүхэд аятай харагдаад байгаа юм чинь. Яана аа энэ жаахан амьтан чинь яаж ч 4 давж, яадаг бол ямар жижигхэн юм бэ? их л том хүн гэж бодоод байсан чинь тэнд очоод харсан чинь бүр жижигхэн харагдаад байгаа юм чинь. Тэгж л бодож байсан. Их л жижигхэн харагдаж байсан.

Отгонбаяр -

Тэгээд одоо давах, унахад нь их догдлох уу?

Мядаг -

Тийм эвгүй л, хашгирчих шахаад л байдаг юм. Хашгирчих шахаад, хүний дэргэд хашгирч байхаасаа ичээд л өөрийгөө бариад л суудаг байсан.

Отгонбаяр -

Танай гэрээр бөхчүүд их ирдэг байсан уу?

Мядаг -

Маш их ирнэ.

Отгонбаяр -

Тэр бөхчүүдийн хоол цай бэлдэх гэж бас нэг баахан ажил гарах уу?

Мядаг -

Юу гэхэв хөлсөө цувуулна. Тувт нь наадам маадмын үед бол манайх чинь харанхуй л байдаг.

Отгонбаяр -

Битүү хүнтэй.

Мядаг -

Битүү л хүн. Өвгөн чинь найз нөхөд нь гээд шавчихна. Би чинь хөлстэйгээ холилдоод л хоол ундын хийгээд хөлстэйгээ холилдоод л сууж байна. Тэгээд сайхан, тэрний буян ч гэж бид нарт муу туссангүй яахав.

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав.

Мядаг -

Сайхан хүүхдүүд оруулж, гаргаж явсаны буянд бид нар сайхан л явж байгаа одоо.

Отгонбаяр -

Бөх хүний, одоо тамирчин хүний эхнэр байх сайхан юм нь юу байна?

Мядаг -

Яахав сайхан юм нь одоо юу яадаг юм. Би залуу байсан болоод тэр үед тийм хаашаа ч юм дээ. Залуу байхдаа нэг тийм бөх мөхийг ч сонирхож байгаагүй юм уу даа одоо бодоод байхад би. Энэ өвгөн чинь уралдаан тэмцээнээр ийш тийшээ явна. Ерөөсөө би өвгөнийгөө сайхан уралдаан тэмцээнээр явна. Амжилт гаргаад ирээсэй ээдээ гэж догдолж тэгж хачин тийм байгаагүй. Одоо л би өнгөрсөн хойно нь харамсаад байдаг юм. Тэгж араас нь ядаж дээж мээж ч өргөж байсан бол ямар ч байх байсан билээ. Би их мангар, балай байж гэж боддог. Тэгээд яахав найз нөхдүүд нь Нааяа маань Нансал маань тийшээ очиж барилдсан. Тэгж тэр начинг даваад, энэ начинг даваад, тэр зааныг тэгсэн мэгсэн гээд тиймэрхүү яриа тувт л гарна. Нөгөө төвийнхөн улсууд дан л магтаж Нансалыг ярина. Нөгөөдөхийн би чагнаад л өнгөрдөг тийм л байдаг байсан. Сайн барилдаж байсан шүү манай өвгөн.

Отгонбаяр -

Тийм байна.

Мядаг -

Залуу байхдаа.

Отгонбаяр -

Та эмнэлэгт ажиллаж байсан хүн хүүхдүүд, эмэгтэйчүүдтэй их холбоотой байсан, ойрхон байсан байх. Ахиад нөгөө эмнэлгийн ажил, эмнэлэгт бол жолоочоос бусад нь бүгд эмэгтэйчүүд байх шүү тэ?

Мядаг -

Тийм ш дээ. Ганцхан жолооч л ерөөсөө эрэгтэй. Бусад нь дан эмэгтэй. Их эмч нэг эрэгтэй.

Отгонбаяр -

Эрэгтэй их эмчтэй байсан уу? Дан эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан юм байна тэ?

Мядаг -

Тийм,

Отгонбаяр -

Тэгэхээр энэ эмэгтэйчүүд социолизмын үед ажил хийгээд, тэгээд ар гэрийнхээ бүх ажлыг хийгээд явахад ер нь илүү хнүдрэлтэй байсан гэдгийг та түрүүнээс хойш яриад л байна л даа.

Мядаг -

Тийм.

Отгонбаяр -

Эрэгтэйчүүд ер нь ямар байсан бол?

Мядаг -

Яахав, ер нь янз бүр л дээ. Хүнээсээ шалтгаална. Зарим хүн бол аягүй сайхан, тийм хүн ч ховор л доо. Авгай хүүхэддээ их халамжтай. Гэр орондоо ажил төрөлд нь тусалдаг тийм хүмүүс харагддаг л байсан. Ер нь тэгээд эрэгтэй улс чөлөөтэй л байдаг л байсан даа.

Отгонбаяр -

Илүү л нэг азтай хүмүүс юм шиг санагаад байдаг уу?

Мядаг -

Тийм азтай хүмүүс юм шиг сайхан юм даа.

Отгонбаяр -

Эмэгтэй хүн бол тэгж зовж өдөр нь ажил хийчихээд, орой нь ахиж ирээд ажил хийгээд, дээр нь хүүхэд шуухад тэ?

Мядаг -

Тийм, амаргүй ш дээ. Тэгж л бодогддог байсан. Сайхан орон гэрийнхээ ажилд туслах юм гэж хардаг байсан. Тэр нь тэгээд цөөхөн л дөө.

Отгонбаяр -

Эмч байсан хүний хувьд социализмын үед нөгөө соёлжилтын үзлэг гэж явдаг байлаа ш дээ. Тэрэнд их явж байв уу? Айл амьтныг соёлжуулж, ариун цэврийн шалгаж байв уу?

Мядаг -

Тэрэнд ч яахав явж л байлаа айл амьтаныг. Тэр соёлжилтын үзлэг нэг нь 67 онд болов уу. Нэг нь хэдэн онд билээ дээ. 77 онд билүү. 77-онд Сайхан суман дээр болсон юм. Баяннуурт 80 онд болсон. Тэгэхэд би нэг ээлжтэй өдөр нь албан газруудаар явж байгаад, дараа нь айл өрхөөр явлаа. Тэгээд би чинь албан газраар явсаны дараагаар гүйж хүрч гэрийнхээ шал малыг угааж янзалчихаад

Отгонбаяр -

Дундуур нь

Мядаг -

Тийм, тэгээд л гэртээ нөгөө хүмүүсээ гэртээ ороход нь би гэртээ харьчихсан байсан.

Отгонбаяр -

Танайд ирж байгаа юм уу?

Мядаг -

Тийм, тэгээд нөгөө улс чинь яагаад тэгэхэд би соёлжилтын гэрчилгээ авч байлаа. Хоёр, гуравхан айл соёлжилтын гэрчилгээ авсан гэсэн байх. Сайханы төв дээрээс нэг нь манайх орж байсан. Баяннуурт бас 80 онд билүү дээ. 80-онд шиг санагдаад байх юм. Бас тийм юу яасан. Би өөрөө ч гадуур айл өрхөөр явсан. Тэгэхэд бас манайх бас соёлч өрхийн гэрчилгээ авч л байсан.

Отгонбаяр -

Юу бэлдэх үү соёлч үзлэгээр?

Мядаг -

Дээр үед яадаг байсан. Энэ ор хөнжлийн даавуу хоёроос гурван ээлж, тэгээд радио, телевиз тэр үед чинь радио, телевиз бүртгэж аваад. Тэгээд ерөөсөө ор хөнжлийн даавуунуудыг чинь угааж, цэгцэлсэн байдал эд нарыг чинь бүгдийн гаргаж, гаргаад ир гээд бүгдийн үздэг байсан. Хоёроос гурван ээлж байх ёстой гээд тоолоод тэгж үзэж байсан. Тэгээд гэр орны ерөнхий ариун цэвэр аяга шанагаа яаж угааж, ариутгадаг уу. Тэгээд тиймэрхүү л юм үзэж байсан.

Отгонбаяр -

Айл болгоныг үүдэнд нь нөгөө угаагууртай болгосон байх тэ?

Мядаг -

Тийм угаалтууртай болгосон. Тэгээд үүдэндээ орохдоо нөгөө хөлөө арчдаг юм. Тэгэхэд чинь би нэг тийм даавуу хэрчиж яачихаад, энэ хөл арчдагийн хүртэл хийчихсэн залуу байсан болохоор тэгж хүртэл хийж соёлч үзлэгийн гэрчилгээ хоёр дахиж явахад нь хоёуланд нь л авч байсан.

Отгонбаяр -

Хөдөө малчин айлуудын үзлэгт явж байсан байх та өөрөө тэ?

Мядаг -

Би тэгэхэд малчин айлын үзлэгт явж байгаагүй. Яслийн эрхлэгч хийж байсан төв дээр. Тэгээд яслийн төв дээгүүр төвийн айлуудаар л явж байсан. Сумын төвийн айлуудаар.

Отгонбаяр -

Шаардлага хангаагүй айлыг яах уу?

Мядаг -

Шаардлага хангаагүй айлыг одоо яаж байсан юм байгаан ёстой мэдэхгүй юм.

Отгонбаяр -

Захиргааны үүдэнд нэг самбар энэ тэр гаргачихаад нөгөө юу билээ. Гахайн зурагны доор

Мядаг -

Нээрээ яг тэгдэг байсан ш дээ. Гахай энэ тэр өгөөд.

Отгонбаяр -

Эсвэл улаан туг, онгоц энэ тэр зурчихдаг.

Мядаг -

Тийм,

Отгонбаяр -

Зурчихдаг, ариун цэвэртэй айлд

Мядаг -

Тийм байсан юм байна шүү нээрээ мартчихаж.

Отгонбаяр -

Соёлжилтийн үзлэгийг байгууллагуудад хийдэг байсан ш дээ.

Мядаг -

Хийдэг байсан.

Отгонбаяр -

Одоо яслийн эрхлэгч байхад чинь

Мядаг -

1-р байранд орж байсан. Манай ясли Баяннуурт байхдаа.

Отгонбаяр -

За.

Мядаг -

Ясли маань албан газраас 1-р байранд орж соёлч байгууллагын тийм юу аваад

Отгонбаяр -

Дээр нь гэр соёлч өрх үү?

Мядаг -

Гэр соёлч өрх болоод, хоёр дахин босч очиж би авч л байсан. Сайхан санагдаж байсан.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Мядаг -

Сайхан л санагдаж байсан.

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав яг цэвэр эмэгтэй хүний ажилсаг байдал

Мядаг -

Аягүй сайхан санагдаад, өвөл тэр чинь өвөл явагдсан шүү. Тэгээд би эхлээд яслийнхаа юуг очиж аваад, дараа нь гэрийнхийгээ аваад очиж авч билээ. Гоё л санагдаж байлаа.

Отгонбаяр -

Байгууллагаа яаж бэлдэх үү? Соёлжилтын үзлэгээр.

Мядаг -

Байгууллагаа маш их бэлдэнэ дээ. Ажилчидаа өглөө 5, 6-гаас эхэлж яагаад юм хумын цэвэрлээд, хүүхдийн коршонк тэгэхэд чинь би яслийн эрхлэгч хийхдээ ганцхан яслийн эрхлэгч биш, няравтайгаа хамт хийнэ. Тэгээд бичиг баримт бүх юмаа цэгцэлнэ. Яахав бичиг баримт бол тэр бол цөхөөд байх юм байхгүй. Хэдэн авсан барьсан, орлого зарлага бүх юмаа дор дор нь сар сард нь тайлан тооцоогоо гаргачихдаг тийм болохоор яг таг л байсан. Тэгээд өнөө складыг чинь цэгцлээд л бүгдийн дээр нь ярлык хадаад тэгдэг л байсан. Тэгээд өглөө ажилчидыг 4, 5 гээд дуудаад угаалгаж, цэвэрлүүлээд хлораминаар ариутгуулаад тэгээд пийшин галладаг байсан. Яг өдрийн цагаар ч таарсан. Өдрийн цагаар таараад хүүхдүүдээ унтуулчихаад байж байсан. Унтуулж байхад ирсэн юм тэр үзлэг. Тэгээд би нэг пийшин дээрээ хүүхэд үнэртэй ус сайхан галлаж байхад үнэртэй ус цац гээд үнэртэй ус цацуулаад хүүхдүүд маань нам унтчихсан. Бусад юмыг нь цэвэрлэчихсэн. Хоол унданд орсон тийм байгаа үед таарсан. Аз болж тийм үед таарсан байх. Тэгээд л тийм амжилт гаргаж байлаа.

Отгонбаяр -

Сайхан сонсогдож байна. Тэр чинь тэр хамт олныг удирдаж, тэр болгоныг хийлгэж байгаа юм чинь өөрөө ч бас хийнэ ш дээ тэ?

Мядаг -

Харин тийм. Өөрөө хийлгүй яахав. Би ч бас тэгээд би хамгийн гол нь яслийн эрхлэгч, хөдөөний яслийн эрхлэгч дөнгөж байгууллагдаж байгаа сумын ясли болохоор бас тийм надад бодох юм том албан газар бол дандаа сайхан мэргэжилтэй боловсон хүчнүүдээр хүрээлэгдсэн. Юм юм хийх чадвартай хүн байдаг шиг санагдсан. Нөгөө тэр жижигхэн ясли чинь ерөөсөө гайгүй яаж байгаа нь би л өөрөө болчихоод байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Мядаг -

Бусад нь мэргэжилгүй угаагч, асрагч, сувилагч. Сувилагч бараг байгаагүй юм чинь. Тийм хүнээр их дутмаг надад их санагдаад л.

Отгонбаяр -

Багш ямар хүн байх вэ?

Мядаг -

Багш нь яахав дээ бас нэг сувилагч тийм хүн байсан. Тэгээд ерөөсөө надаас өөр нэг сувилагч байлуу даа. Бусад нь угаагч, тогооч, цэвэрлэгч гээд 4, 5-хан хүн л байж байгаа юм. Тэгээд тэр үед чинь танилцуулах самбар мамбар гэж нэг юм хийдэг. Тэр энэ тэрийг чинь хийхэд би чинь бас хэрэндээ л аягүй хэцүү байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Мядаг -

Амаргүй, чадвартай хүнтэй ч болоосой доо гэж хүртэл толгойд бодогдоод л өөрөө л өнөөхөө нухахаас өөр ажил байхгүй.

Отгонбаяр -

Яслийн хүүхдүүд одоо их өвддөг үү? Танай ясли хэдэн хүүхэдтэй байсан бэ?

Мядаг -

Манай ясли ер нь 30 ортой л байсан. Хүүхдийн өдрийн 30-н ортой байсан. Тэгээд тэр чинь жижигхэн газар юм чинь нормоо биелэхгүй бас хэцүү.

Отгонбаяр -

Өө за 30 хүрэхгүй юу?

Мядаг -

Хүрэхгүй, хорин хэд л хүрч байгаа юм. Тэгээд л ор хоног биелэхгүй. Их амаргүй, ор хоног биелүүлэх гэж их хэцүү байдаг.

Отгонбаяр -

Заавал 30 байх ёстой гээд шаардчих уу?

Мядаг -

Тийм, заавал 30 байх ёстой. 30 биелээгүй бол тааруухан дүн авчих гээд байдаг. Тэгдэг байсан ш дээ.

Отгонбаяр -

Хүүхдүүд одоо нэг нь ханиад тусвал бүгдээрээ тусах уу? Тэр хүүхдүүдийн өвчлөл ямар байсан бэ?

Мядаг -

Өвчлөл ер нь ханиад хүрэх нь хүрнэ. Гэхдээ гайгүй гайгүй. Ээж аав нь сайн асардаг, тийм асаргаа сайтай хүүхэд бол барагтай бол хүрэхгүй шүү гайгүй. Тэгээд ер нь яслийн хамгийн гол нь хоол унд сайн бол болчихно.

Отгонбаяр -

Яслийн хүүхдүүдэд хоол яадаг юм. Ясли чинь одоо тэр үед чинь 45 хоноод л эхчүүд ажилдаа орчихдог байсан юм чинь тэр нярайг бас авах уу?

Мядаг -

Нярайг нярай нэг их ирдэггүй байсан юм.

Отгонбаяр -

Өө за.

Мядаг -

Тэр үед яагаад ч тийм байсан юм. Нэг их нярай ирж байгаагүй. Ер нь бол нярайг авах л байсан байх л даа ясли юм чинь. Ер нь манай тэр үед бол жаахан дээр ч үе байсан болоод тэрүү бараг л цэцэрлэгийн насны хүүхдүүд голдуу, гэхдээ жаахан жаахан юмнууд авна. Яахав дээ ажилчидаа сайн шаардвал амжилт гардаг л юм билээ. Боловсролгүй ч гэсэн тэг ингэ гээд эрхэлж байгаа хүн л хамгийн гол нь хөдөлгөж чадвал амжилт гарах юм билээ. Эрхэлж байгаа хүн сул байвал тэгээд яваад байх юм билээ. Ерөөсөө тэгээд ажил унтраад л байх юм билээ. Би чинь их шаарддаг байсан л даа. Гараад л ороод ирэхээрээ тэрийгээ тэгсэнгүй, энийгээ ингэсэнгүй, тэрийг тэгчих, энийг ингэчих гээд тэгдэг байсан.

Отгонбаяр -

Халдварт өвчин гарч байсан уу?

Мядаг -

Халдварт өвчин намайг ажиллаж байхад гараагүй ерөөсөө халдварт шар мар гараагүй байгаа. Би ч харин яслийн эрхлэгч хийж үзлээ. Юу ч гараагүй, уул нь ч удаагүй болоод тэр юм уу.

Отгонбаяр -

Хоол юу өгөх үү хүүхдүүдэд?

Мядаг -

Хоол юу яадаг юм. Өглөө нэг печень л өгч байсан байх. Өглөө печень, цай өгөөд очсоноос нь хойш, тэгс хийж байгаад өдөр нэг хоёрдугаар хоол өгөөд, орой тарахад нь нэг хөнгөн маягийн хоол өгөөд, тэгээд явахад нь яблок, 2 чихэр ч юм уу тийм юм өгнө.

Отгонбаяр -

Намайг хүүхэд байхад цэцэрлэгт явахаар нэг том бор, нэг том чихэр ш дээ. 2 жижиг чихэр дандаа тийм 3-н чихэр өгдөг байсан ш дээ.

Мядаг -

Тэгдэг байсан. Тэр үед ч бас одоог бодоход одоо ч мэдэхгүй ээ тийм гоё чихэр байдаг юм уу. Мэдэхгүй юм би одоо өөрөө өтлөөд мангар болчихсон юм уу. Хөдөө өсөөд нарийн юм мэдэхээ байчихсан юм уу. Аягүй гоё гоё чихэр, том том гоё гоё чихэр би тэгээд хамгийн гоёын шилж авдаг байсан. Дандаа гоёыг нь шилж авдаг байсан. Хүүхдүүддээ аль гоё чихрийн өгдөг байсан ш дээ.

Отгонбаяр -

Яслийнхаа хангалтыг одоо тэр чихэр идэж уух юмыг аймгаас авах уу?

Мядаг -

Юу яана тэр сумаасаа авна.

Отгонбаяр -

Сумын хоршооноос

Мядаг -

Сумынхаа дэлгүүрээс тэр үед чинь аягүй гоё гоё, том том баавгайтай чихэр их элбэг байсан. Тийм юм дан авдаг байсан.

Отгонбаяр -

Яслид ер нь хэдэн орон тоотой ажиллаж байсан бэ? Ямар ямар ажил хийдэг хүмүүс байх уу?

Мядаг -

Одоо эрхлэгч, няравтайгаа би байсан юм. Тэгээд нэг сувилагч хүүхэн байсан. Тэгээд тогооч, тэгээд галч, тэгээд нэг угаагч ингээд хэд үү 6 юу.

Отгонбаяр -

Сувилагч нь багшаа хийнэ гэсэн үг үү?

Мядаг -

Тийм, асрагч хоёр нь ер нь л хамжина даа. Угаагчтай хамжина даа. Тэгэхгүй бол амаргүй ачаалал хүнд. Би ч гэсэн өөрөө хамждаг л байсан. Би бас няравтайгаа болохоор бас нэг завдал болохгүй.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Мядаг -

Нярав чинь бас амаргүй ш дээ. Эд материал хөөцөлдөнө. Янз бүрийн юмыг чинь дандаа хөөцөлдөж олж авна. Тийм байдаг байсан.

Отгонбаяр -

Яслийн эрхлэгчийн цалин, бригадын эмчийн цалин 2 зөрүүтэй юу?

Мядаг -

Зөрүүтэй. Яслийн эрхлэгчийнх чинь би өөрөө өнөө сувилагч мэргэжилтэй юм чинь 310 тогтмолоороо. Бригадын эмчийнх бол 400 тийм байдаг байсан.

Отгонбаяр -

Аргагүй ээ бригадын эмчийнх илүү ачаалалтай ажил байх тэ?

Мядаг -

Илүү ачаалалтай, яслийн эрхлэгч бол яахав дээ.

Отгонбаяр -

Харьцангуй биед амар л юм.

Мядаг -

Ерөнхийдөө сэтгэл санааны дарамт бас байхгүй. Багийн эмчийг бодоход, их учиртай байсан. Өдрийн цагаар ажиллачихна. Янз бүрийн дуудлага муудлага гэнэтхэн шөнө мөнө ирнэ гэсэн юм байхгүй. Тийм амар, өдөр нь тэгээд хэдэн хүүхдээ л аятайхан янзалчихвал болно. Аятайхан шиг хоол ундын зохицуулаад ажилчидтайгаа аятайхан л байвал болдог юм. Болдог тийм байсан.

Отгонбаяр -

Тийм байх. Одоо хөдөө ингээд эмч байсан хүнийг нутгийн тэр бригадын малчид бол их хүндлэнэ.

Мядаг -

Хүндлэнэ. Гайгүй шүү. Нэг шөнө дуудлаганд яваад би бас хүний газар болохоор ерөөсөө дөнгөж болчихоод шөнө дуудлаганд явлаа. Тэндэхийн нэг их эмчтэй, Дашинчилэнгийн их эмчтэй хоёулаа яасан чинь нөгөө их эмч маань бас газрын мэдэхгүй. Би бас газрын мэддэггүй. Хоёулаа жолоочтойгоо гурвуулаа шөнө төөрөөд

Отгонбаяр -

Ээ золигоо

Мядаг -

Тэгж хүртэл баларч байсан. Тэгээд газраа төөрөн янз бүр болж байж явж олж хүнээ үзэж л байсан.

Отгонбаяр -

Сум дээр одоо ингээд эмнэлгийн эмч эсвэл одоо ингээд яслийн эрхлэгч хийж байх үед чинь нөгөө нэг ажилчин албан хаагчийн лекц, яриа, сонсгол энэ тэр гэдэг юм болдог байсан тэ? Тэрэнд заавал явна биз.

Мядаг -

Явалгүй яахав. Тэрийг чинь одоо ингээд тэр үед чинь маш их ч хийдэг байсан даа. Орой 5 цаг гэхэд ажил тарж харина. Харих гэд явж байтал ерөөсөө тоолвол л нэг 15 минут хоцорч очино. Тэгээд 7-гаас сонсгол, лекц, дугуйлан гээд тувт тэрэнд чинь явна ш дээ. Заримдаа хоол ундаа хийж идэж чадахгүй л явдаг байсан. Тэрийг чинь тэгээд тасдвал бас л тэгээд балл ажлын янз бүрийн юм хасагдана. Тэгээд ялангуяа яслийн эрхлэгч өөрөө хийчихээд хамаг юмаа тасдаад байвал хүн шаардах нөхцөл байхгүй. Чи яах гэж тасдав. Өглөө ч гэлээ ажлаас хожигдож очвол нөгөөдүлийгээ та нар яах гэж ажил хожигдов гэж хэлэх тийм боломж байхгүй. Өөрөө л хариуцлагатай байж байж бусдыг хариуцлагатай ажиллуулна. Гол нь

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Мядаг -

Өөрөө хариуцлага сул байх юм бол ажилчид чинь энэ өөрөө ийм юм чинь гээд үг авахгүй ш дээ ер нь авахгүй байх байх л даа. Ер нь бол өөрөө л хүн хариуцлагатай байж байж л манай тэр улсууд бол намайг яахаар хөөрхий амьтан ил мэдэгхэн мэдэгдээд л байдаг байсан. Орох мороход, өөрөө хариуцлагатай болохоор тэгдэг байх гэж би бодож байсан. Хүн тэгэхгүй л бол хүн захирч болохгүй ш дээ. Хичнээн цөөхөн хичнээн юу ч гэсэн сул байж болохгүй л дээ. Болохгүй гэдгийг би бүр ойлгож байсан.

Отгонбаяр -

Социализмын үеийн хүнд нэг сайн тал байгаа юм.

Мядаг -

Тийм.

Отгонбаяр -

Бүгд маш их хариуцлагатай. Бүгд ажлын төлөө

Мядаг -

Тийм, тэр ажлыг л ер нь ямар ч хүн, ямар ч ажлыг хийж байсан ээдээ энийг болгоно. Одоо тэдээс тэдэн цагийн хооронд тэрийг хийнэ. Одоо энийг хийнэ гээд ер нь ямар ч хүн ямарваа нэг ажлыг хийж байхад болгоно бүтээнэ л гэвэл болдог. Ер нь тэгээд сул хаячих юм бол ямар ч ажил завхраад л, замбараагүй байдалд орно. Болгоно л гэвэл хувийн чиг л юм байсан ээдээ болгоно. Одоо энийг ч хийж байсан энийг заавал өнөөдөр энийг нэг яачихна шүү гэж бодох л юм бол хүн тэгээд зорих л юм бол болдог л юм билээ. За тэгээд сул хаяад л байх юм бол тэгээд л.

Отгонбаяр -

За Мядаг эгчээ танд баярлалаа. Хоёулаа эхний яриагаа ингээд дуусгая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.