Buyantogtoh

Basic information
Interviewee ID: 990232
Name: Buyantogtoh
Parent's name: Bankaa
Ovog: Bank
Sex: m
Year of Birth: 1943
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: technical drawing teacher
Work: retired
Belief: none
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
family
relations between men and women
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдөр 7 сарын 5 болж байна. Буянтогтох ах бид хоёрын бараг 4-дэхь уулзалт болж байх шиг байна тиймээ?
Буянтогтох -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд манай судалгаанд нэг ийм асуулт байгаа. Социализмын үед гэж хэлж болно. Ер нь таны амьдарч байгаа үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдөв? Гэр бүлийн талаар төрөөс ямар бодлого авч хэрэгжүүлдэг байсан бэ? төрийн бодлого танай гэрийн амьдралд яаж нөлөөлсөн бэ? гэсэн ийм асуулт асуумаар байнаа.
Буянтогтох -
За миний мэдэх гэр бүлийн асуудал бол 50-аад он хүртэл хадаг гэдэг юмаар гэр бүл болдог байсан. Энэ бол эцэг эхийн саналаар гэсэн үг.
Хишигсүрэн -
Сүй тавих?
Буянтогтох -
Аа ха. Сүй тавих. За тэгээд хоёр хүүхэд ямарч харьцаагүй байхад ...
Хишигсүрэн -
Бие биенээ танихгүй?
Буянтогтох -
Танихгүй шахуу байхад эцэг эхчүүд хоорондоо зөвлөлдөөд хадаг сүүгээ өгөөд тэгээд одоо хурим хийж байсан уламжлал бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Удам угсаа хардаг. Үүнээс болоод нэг их муу үр дүн гарч байгаагүй. Аа ганц нэг салдаг л байсан юм. Амьдралаа аваад явчихдаг ийм байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
За гэр бүл болох ёслолын арга хэмжээ бол эцэг эхчүүд ярилцаад хоёр талаас найр хуримаа хийдэг. Бэрийг манай нутагт Гийч /бэр авах/ авна гэж хэлдэг байсан юм. Ивээл жилтэй хүн гар хүрч авна. Ивээл жилтэй хүн хуримын ахлагч, бэр хүлээн авдаг хүн гэсэн үндсэндээ гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр явна. Очоод ивээл цагт бэрийг авна. Одоо дээр үед машин тэрэг байсан биш хоёр тэмээтэй ирэх үү? Гурван тэмээтэй ирэх үү? гээд асууж байгаад бэрийн эдийг ачдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Бэрийг гол төлөв цагаан морин дээр суулгаад ивээл жилтэй хүн нь давхар сундалдаад бэрийг авч гарна. Бэрийг авч гарах үед бэр хамгийн их уйлах нь сайн гэж манай нутагт ярьж байсан юм.
Хишигсүрэн -
Гэрээсээ?
Буянтогтох -
Гэрээсээ уйлж гарна. Гараад нөгөө айлд очих хүртэл замдаа уйлна. Эцэг эхээ санагалзаж байгаа юм. Бэрийг цагаан алчуураар толгойг нь бүтээгээд жилтэй хүн нь хойд талаар нь давхар сундалдаад явна. Бэр авах унаа тэмээ маш хурдан гоё сайхан. Номхон тийм унаа байна. Бэрийг аваад морины хурдаар авч ирдэг. Бэр ирээд өөрийн гэртээ орж цай чанаад идээгээ бэлдээд түүний дараа хадам аавынхаа галд мөргөдөг ийм ёстой. Аав ээждээ гар цайлгах юм өгсний дараа бэрд бэлдсэн бэлэг гарын бэлэг биш мал хөрөнгө бэлдсэн юмаа зааж хэлж өгдөг. Үүний дараа бэр аавынхаа гэрээсээ гал авч гардаг.
Хишигсүрэн -
Галнаас нь амьд гал авч гардаг.
Буянтогтох -
Амьд гал авч гарч өөрийнхөө гэрт орж галаа асаадаг. Үүний дараа хурим найрын хүмүүс ирж хурим найраа хийгээд хурим найраа хийгээд буцах болоход бэрийг гадагшаа гаргахгүй. Бэрийн хормойг дэвсэж суулгаад хаалга үүдийг хаана. Хуримын хүмүүс харагдахгүй болсны дараа бэр гарах эрхтэй болно. Аа үүний өмнө бэрийг очиж авахад хүч бяртай хүн очиж хүчээр авч гарна. Нөгөө айл бэрийг өгөхгүй гэсэн тийм ёс хийдэг
Хишигсүрэн -
Гэрээс нь авахад?
Буянтогтох -
Гэрээс нь авахад бэр авч байгаа ивээл жилтэй тэр хүн тэр бүгдийг даваад гарч ирнэ.
Хишигсүрэн -
Тэр ёслол болохоос биш үнэн чанартай тийм биш?
Буянтогтох -
Тийм ёслол үнэн чанартай тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Бэрийг авах хүн нөхөр нь биш тиймээ?
Буянтогтох -
Биш биш. Ивээл жилтэй хүн нь гол төлөв бэрийг газарт хүргэхгүйгээр моринд нь суулгах ёстой.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Газарт хүргэх юм бол нөгөө талаас бас их доромжлол хүлээнэ. Хүч чадал муутай хүн ирлээ гээд. Дээр үед газар хүргэхгүй авч гарах юм бол аз жаргалтай амьдарна гэсэн тийм сэтгэхүй байсан.
Хишигсүрэн -
Тэр богтлох гэдэг ёс манай нутагт ямар байсан юм. Одоо ярьж байгаа богтлох ёс уу?
Буянтогтох -
Үндсэн дээ богтлох ёсны нэг л дээ. Үүний дараа хулгайлах...
Хишигсүрэн -
Тийм ш дээ. Намайг хүүхэд байхад түүнийг хулгайлчихаж тэрийг хулгайлчихаж гэж ярьдаг байсан ш дээ. Энд тэндээс нууцаар машинд суулгаад аваад явчихдаг.
Буянтогтох -
Энэ богтлох бол хоёр янзаар байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Би чамтай сууна. Ээж аав зөвшөөрөхгүй. Гэхдээ би чамтай сууна гэсэн хоёр хүүхэд байх юм бол үгээ тохиролцоод ээж аавдаа хэлэхгүйгээр ...
Хишигсүрэн -
Хулгайлагдаад?
Буянтогтох -
Хулгайлагдаад очиж болно. 2 дахь нь бол эцэг эхийн шаардлагаар авъя гэсэн бодлоор тэр айлыг ажиглаж байгаад хулгайгаар хүчээр авах авсныхаа дараа нөгөө айлдаа үгээ хэлж ирэх. Хүлээж авахад нэлээд хэцүү. Хүлээж авахгүй буцааж байсан юм нэлээд бий. 80-аад он хүртэл ийм арга байсан. Одоо бол гэхдээ бас байх шиг байнаа. Манай нутаг тийшээгээ.
Хишигсүрэн -
Хулгайлагдаад богтлогдоод очсон охидоос би чамтай суухгүй гээд буцаад ирсэн тохиолдол байх уу?
Буянтогтох -
Ер нь л ганц нэг дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ноостын Бургаа холбооны Оюундэлгэр хоёр тийм шалтгаанаар салсан юм. Түүнээс өөр тохиолдол байхгүй. Жинхэнэ юугаар яадаг юм одоо л дэлгэрч байна.
Хишигсүрэн -
Аа ха. Бас манай суманд байсан онцлог гэж би одоо бодож байгаа байхгүй юу. Гэр бүл болж байгаа залуучуудад ялангуяа хүүгийн тал амьдралын түвшин чадалтай. Чадалгүй. Мөнгөтэй мөнгөгүй гэдгээ харгалзахгүйгээр яаж гэр орон тааруулж өгдөг.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Гэр орны тавилга. Хүн амьдрахад бэлэн гэр орон тааруулж өгдөг. Яг тийм уламжлал өнөөдрийг хүртэл байна шүү дээ.
Буянтогтох -
Байнаа байна.
Хишигсүрэн -
Гэтэл ялангуяа хот суурин газруудад тэгдэггүй шүү дээ. Хажуу талд нь амьдраад л аа дээр үеийн хүмүүс болохоор эвхдэг цагаан ортой бид хоёр амьдарсан гээд ярьдаг.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Манай нутагт байгаа онцлог юмуу. Миний бодож байгаа зөв үү? Та юу гэж боддог бэ?
Буянтогтох -
Манай нутгийн онцлог тэр. Ерөөсөө амьдраад явах чадвартай болгоод өөрийн гэсэн гэр оронтой. Өөрийн гэсэн эд хогшилтой. Аа өөрийн гэсэн мал хөрөнгөтэй болгох тийм зорилготой байдаг. Манай суманд. Бүүр дээр үед ганц нэг хүмүүс хүргэн орноо гэдэг юм болж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Чадалтай баян айлд хүнтэй суугаагүй охин байх юм бол хүргэн орох юм байдаг. Тийм улс нэлээд байдаг. Гэр бүл болсны дараа мал хөрөнгө хувааж өгөх нь тухайн айлын хөрөнгөөс шалтгаална.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Зарим нь хэдэн зуугаар нь мал өгөөд. Ер саалийн хоёр үнээ. Чөдрийн ганц морьгүй айл болгож байсан юм Бөхмөрөнд байхгүй. Дор хаяж саалийн хоёр үнээ. Морь өгдөг. Аа охины тал нэг ор бүрэн тааруулж өгнө. Хоолны..
Хишигсүрэн -
Гал тогооны тавилга.
Буянтогтох -
Гал тогооны тавилга. Авдар, сав суулгын өгөх жишээтэй. Хоёр хүүхдийг суулгаад ухуулга яриа хийдэг. Эрт бос. Орой унт, хүнтэй адилхан яв. Аав ээж ах дүү хамаатан садантайгаа эвтэй найртай яв. Ялангуяа дээр үед хуримын үед хоёр талын хүмүүс хоёр хүүхдэд нэлээд сургамж хэлдэг. Хурим буцахад хүргэн хамт очдог. Хүргэнд бүс бүслүүлж манай хүн боллоо гэсэн ёс үйлдээд хүргэнийг буцаадаг. Ийм байсан. Сүүлийн үед хүргэн дагаж очсон залууг архиар шахаад согтоодог болоод байгаа. /Инээв/
Хишигсүрэн -
Одоо тэр бид нарыг жаахан байхад Жоноо ахыг гэрлэхэд хоёр гурван айл нийлээд...
Буянтогтох -
Аа ха
Хишигсүрэн -
Гэрлүүлж байсан ш дээ. Тэр одоо ямар учиртай юм болж байсан юм бэ?
Буянтогтох -
Жоноо бол өнчин хоцорсон. Нэг ёсны эмзэг бүлгийн хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Нэгдэлд тракторчин хийдэг. Авсан цалингаараа амьдраад явах тийм залуу байсан байхгүй юу. Яг дэмжиж туслах хүн байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Буянтогтох -
Нэгдлийн механик Жамбалдорж, багш Ядамсүрэн. Манайх нийлж энэ хүнийг амьдраад явахад нь туслая.
Хишигсүрэн -
Аавын дүүгийн тракторыг авч барьсан гэсэн тиймээ?
Буянтогтох -
Тийм байх. Жоноо голдуу Жамбалдоржийхоор байна. Тэгээд бид нарын хооронд тийм ойр дотно харилцаа үүссэн байхгүй юу. Жоноо авгай авах гэж байгаа гэдгийг сонсоод бид нар дэмжээд энэ хүнийг гэр оронтой болгоё гэсэн үүднээс хандаад бид нар юмыг нь хувааж аваад бэлдээд Баринтавыг уурхай руу нүүрсэнд явуулаад Дуламсүрэнг бэргэн болгож авч ирэхээр явуулаад
Хишигсүрэн -
/Инээв/
Буянтогтох -
Бэр авч ирж буулгаад, нүүрс ачсан машинд бэр авч ирж буулгаад
Хишигсүрэн -
Гэрийн бас та нар бэлдэж өгсөн үү?
Буянтогтох -
Гэрийг Жоноо өөрөө бэлдчихсэн байсан. Дотор..
Хишигсүрэн -
Тавилга бэлдээд ?
Буянтогтох -
Дэвсгэр гутас айл болоход хэрэгтэй...
Хишигсүрэн -
Айлд хэрэгтэй зүйлийг бүгдийн бэлдээд Жамбалдорж ахынд орны даавуу оёод жаахан байхад баахан хүмүүс цуглаад тийм юм болж байсан юм.
Буянтогтох -
Тийм тийм. Бүх юмын бэлэн болгоод ...
Хишигсүрэн -
Өөрөөр хэлбэл тэр гэр орон тааруулж хурим найр хийхийг эцэг эхгүй тэр хүүхдэд хүмүүс нийлээд...
Буянтогтох -
Нийлээд ...
Хишигсүрэн -
Нийлээд дэмжиж байсан.
Буянтогтох -
Жоноо чинь бас архи дарс жаахан уучихдаг. Жаахан бүтэлгүй талдаа байсан шүү дээ. Тэгээд олон түмний тусламжтайгаар амьдралынхаа төлөө тэмцдэг. Архи дарс уухаа болиод ирсэн. Энэ чинь бас социализмын үеийн хүнийг хүмүүжүүлэх нэг арга байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь салалт байхгүй байсан нь энэтэй холбоотой байж магадгүй тиймээ? Хүмүүст материаллаг гачигдал байхгүй.
Буянтогтох -
Байхгүй.
Хишигсүрэн -
Янз бүрийн асуудалд ордоггүй байсан юм байна.
Буянтогтох -
Тиймээ тийм. Тийм тал бий. Ер нь хүмүүсийн салах шалтгаан нь сэтгэл санаанаасаа илүү нөхцөл байдал нөхцлөөсөө их шалтгаалдаг юм шиг байгаа юм. Хувцас хунар авч чадахгүй. Хадам эцэг эхийн дарамтаас болж салж сарнидаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тийм зүйл манай нутагт байгаагүй ээ.
Хишигсүрэн -
Гэтэл бусад газарт бас тийм зүйл байгаагүй гэж байгаа ш дээ.
Буянтогтох -
Салж сарних бол төв Халхын нутагт бол нэлээд олон авгай солидог.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Салах юм их байсан.
Хишигсүрэн -
Социализмын үед салалтыг бас...
Буянтогтох -
Хязгаарладаг...
Хишигсүрэн -
Хязгаарладаг байсан байх тиймээ? Намын хороо мэддэг байсан гэсэн тиймээ?
Буянтогтох -
Намын хороо мэддэг байсан. Гэр бүлийн асуудлыг сумын нарийн бичгийн дарга хариуцна. Салж сарних хүмүүс сумын нарийн бичгийн дарга дээр өргөдөл бичээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Сумын нарийн бичгийн дарга тэр өргөдөлтэй танилцаад эсрэг ухуулгыг хүчтэй хийнэ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Та нар салж сарниж болохгүй гэдэг талаас нь...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Дараа нь харъяалагдаж байгаа. Албан байгууллага баг бригадаар нь тэр асуудлыг ярилцана. Сумын намын үүрийн товчоогоор хэлэлцэнэ. Албан байгууллагын хурлаар хэлэлцэнэ. Жишээ нь Энхээ Цагаанхүү хоёр салах гээд Эрдэнэтээс Цагаанхүүгийн аав нь ирээд охиныгоо аваад явна гээд суучихсан. Хамт олон нь олон талаас нь яриад тэгээд Гончиг гуай энэ асуудлыг хамт олон та нар шийднэ гээд орхиод явсан. Миний охины амь насыг та нар хариуцна шүү гэдэг хатуу даалгавар өгөөд явахад сургуулийн хамт олон анхаарал тавьж ажиллаж л байсан юм.
Хишигсүрэн -
Яаж анхаарал тавих уу? Хамт олон айлын амьдралд?
Буянтогтох -
Захирлын зөвлөлийн хурлаар оруулна. Тэгээд хүмүүжүүлнэ л дээ.
Хишигсүрэн -
/Инээв/ Тэгээд хэдэн хүүхэдтэй болсон билээ?
Буянтогтох -
6, 7 хүүхэдтэй болсон.
Хишигсүрэн -
Социализмын үед ялангуяа хөдөөний айлууд их олон хүүхэд гаргадаг байсан тиймээ? 5, 6 хүүхэдтэй.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Яагаад тийм байсан юм бол? Одоо бол тийм биш ш дээ.
Буянтогтох -
Энэ бол эдийн засагтай л холбоотой асуудал.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Олон хүүхэд өсгөөд сургууль соёлд явуулаад чаддаг байсан. Одоо бол хүмүүсийн амьдралд баталгаа байхгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Бид нарын үед баталгаа байсан. Ер нь Бөхмөрөнд олон хүүхэдтэй айл маш их байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Падаажигийн Жамбал, Балдансүрэн, Батсүхийнх, Шуумаржавынх байсан. Бүгд арваас дээш хүүхэдтэй. Олон хүүхэдтэй айл маш олон.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хүүхдэд тээршээхгүй. Одоогийн хүүхдүүд шиг биш. Хатуу хөтүүг багаасаа үзээд ер төлөвшчихдөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Одоогийн хүүхдүүд чинь их эрх дураарай. Амьдрах чадвар муутай болж хувирч байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Дээр үеийн хүүхдүүд шуудай үүрээд явах чадвартай болохоороо түлээгээ түүчихдэг. Мөсөө үүрээд аваад ирдэг. Хонь хургандаа явна. Ажил их байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хүн болоод хатуужаад явчихдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Одоогийн хүүхдүүдэд хийж байх юм байхгүй. Комьпютер тоглоод байж байдаг. Ямарч ажлын чадвар байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ялангуяа орон сууцны хүүхдүүд зүгээр л хүн болж байгаа болохоос биш амьдрах чадвар гэдэг юм үндсэндээ байхгүй.
Хишигсүрэн -
Та тэгэхээр хүүхдийн хүмүүжилд хөдөлмөр их чухал үүрэгтэй гэж хэлэх гээд байна уу?
Буянтогтох -
Аа ха. Түүнийг хэлэх гээд байна.
Хишигсүрэн -
Тийм байхаа. Байхаа ч гэж дээ. Бид нарын хүүхэд байх үед ажил их хийдэг.
Буянтогтох -
Манайхан 5 хүүхэдтэй байсан. Танайхан ч гэсэн 7 хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Долоо.
Буянтогтох -
Социализмын үед хүүхдүүд тодорхой хуваарьтай ажил хийдэг байлаа шүү дээ. Тодорхой хуваарьтай. Нэгдэхь өдөр гурилтай шөл, хоёрдахь өдөр будаатай хуурга гээд хуваарьтай байсан ш дээ. Гэрийн ариун цэврийг тэр хариуцна. Гоожуурыг тэр хариуцна. Хагас сайн өдөр угаалга тэр хүүхэд хариуцна. Түлээ нүүрсийг тэр.
Хишигсүрэн -
Усыг тэр.
Буянтогтох -
Усыг тэр хариуцна. Усны хүүхэд чинь манай суманд ганцхан худаг байсан очерлож байж л авч ирнэ шүү дээ. Тэр бол тэр хүүхдийн үүрэг л болчихсон байдаг. Одоо бол ус авна. Худаг дээр очерлож зогсоод ус авч ирдэг хүүхэд байхгүй ш дээ. Усанд очерлоод даараад зогсож байна гэдэг чинь тэр хүүхдийг эршүүд чийрэг болгож байгаа л гэсэн үг ш дээ. Ажил хийж л байж хүн болохоос биш зүгээр орж ирээд хэвтээд босоод идэж уугаад хүн болохгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Ер төрөөс гэр бүлийн талаар ямар бодлого баримтлаж байсан бэ? Та нарын үед?
Буянтогтох -
Гэр бүлийн талаар бол хуулиар л болж байсан. Гэр бүлийн амьдралд хүүхдийн мөнгө өгч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Нэг хүүхдэд 75 төгрөг байсан байх. 10 хүүхэдтэй айл 750 төгрөг авдаг гэж байсан юм.
Хишигсүрэн -
Сард уу? Жилд үү?
Буянтогтох -
Жилд нэг удаа. Мартын-8-ны урд талд. Түүгээр хүүхдээ хувцаслаад 750 төгрөг гэдэг чинь тэр үед асар их мөнгө ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Картанд хийдэг байсан тиймээ?
Буянтогтох -
Хийдэг байсан. Тэр бол амьдралд хэрэг болдог байсан.
Хишигсүрэн -
Одоо ингээд гэр бүлийн талаар ямар бодлого явуулдаг байсан бэ? гээд асуухаар энэ асуултанд хариулдаг хүн ховор байна шүү. За тэгээд тэр хүүхдийн мөнгө гээд ярьж байна. Салалт их бага байсан байх тиймээ? Яахав ажлаар хангадаг байсан уу?
Буянтогтох -
Ажлаар хангадаг байсан. Ерөөсөө социализмын үед бол сумын төвийнхөн бол сумын төвдөө ажиллана. Мал маллуулна гэдэг бол хүчээр хийлгэдэг ажил байсан ш дээ. 300 хурга авч ирээд гэрийн гадаа зогсоочихно. Ер нь бүх хүмүүс жигд орлоготой байсан. Жигд орлоготой учир амьдрах суурь тавигдчихаж байна гэсэн үг.
Хишигсүрэн -
Аа ха. Бас нэг ийм асуулт байнаа. Ер нь социализмын үед эмэгтэйчүүдийн байдал таны амьдралын туршид ч гэдэг юмуу? гэж ярьж болно ш дээ. Одоо жендерийн асуудал гэж ярьдаг болчихлоо ш дээ.
Буянтогтох -
Аа ха.
Хишигсүрэн -
Ер нь эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөв? Таны ээж ....
Буянтогтох -
Миний ээжийн үед жендерийн асуудал хязгаарлагдмал байсан байх л даа.
Хишигсүрэн -
Хязгаарлагдмал байсан гэдгийг ямар шинж тэмдгээр хэлэх вэ?
Буянтогтох -
Эмэгтэй хүн оногдсон үүргээ биелүүлэх гээд чармайгаад явдаг. Үнээгээ саана. Цагаан идээгээ боловсруулна. Айраг цагаагаа бэлдэнэ. Гэр орноо цэвэр байлгана гээд тэр хүнд нааш цааш явчих чөлөөтэй эрх байхгүй. Эрх байхгүй гэдэг нь нөхцөл байхгүй.
Хишигсүрэн -
Явъя гэсэн ч газар байх уу?
Буянтогтох -
Явбал ах дүүтэйгээ уулзана уу? гэхээс явдаг газар байхгүй. Сумын төвд очоод юу хийнэ. Хурал цуглаанд очихгүй. Эмэгтэйчүүдийн хурал гэж хааяа нэг болж байсан. Багийн хуралд гол төлөв өрхийн тэргүүлэгч очно. Өөр нийтийн бүжиг энэ тэр гэсэн янз бүрийн юм олон нийтийг хамарсан юманд оролцох тийм нөхцөл ч байгаагүй. Тийм бааз ч байгаагүй. Тийм сонирхол ч байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд цаашид энэ байдал яаж өөрчлөгдөв?
Буянтогтох -
Цаашид энэ байдал социализмын үед нэлээд өөрчлөгдөж социализмын үед жигдэрсэн.
Хишигсүрэн -
/ Инээв/ Таны үеийн охидууд эмэгтэйчүүд ямар байв?
Буянтогтох -
Ер нь эрчүүдээс илүү болсон.
Хишигсүрэн -
Юугаараа?
Буянтогтох -
Санал чөлөөтэй хэлдэг болсон. Сонгох сонгогдох нь чөлөөтэй болсон. Өмсөж зүүдэг нь тодорхой хэмжээгээр дээшилсэн. Дээр үед эрэгтэйчүүд хавтгатай/түрүүвч/ дандаа кармаандаа авч явдаг байсан бол социализмын үед мөнгө санхүү эмэгтэйчүүдийн эрхэнд шилжсэн ш дээ.
Хишигсүрэн -
/инээв/ Цалингаа аваад эхнэртээ өгдөг.
Буянтогтох -
Цалингаа аваад өгдөг. Эхнэр авдаг. Ер нь социализмын үед санхүүгийн эрх мэдэл эмэгтэй хүнд ирсэн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Эрэгтэйчүүд бол тамхи тарианы л мөнгөтэй байна гэхээс биш ...
Хишигсүрэн -
Тэр эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлийг авахад одоо юу нөлөөлсөн гэж та бодож байна? Бичигдээгүй хууль аавууд бүх мөнгөө эхнэрүүддээ өгдөг.
Буянтогтох -
Өгдөг байсан юм.
Хишигсүрэн -
Тэр бичигдээгүй хууль дүрэм яагаад тогтчихов?
Буянтогтох -
Социализмын үед эрэгтэйчүүд жаахан найдвар алдсан байх л даа.
Хишигсүрэн -
Яаж?
Буянтогтох -
Архи уудаг. Эдийн засагт нөлөөлөх зөрчил гаргаад шилжсэн байх л даа.
Хишигсүрэн -
/Инээв/
Буянтогтох -
Эрэгтэйчүүд эдийн засгийн эрх авах юм бол архи уух сонирхол маш их байгаа ш дээ. Сайхан морь аваад уначих ч юмуу. Шинэ мотоцикл аваад уначих ч юмуу.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Эмэгтэйчүүд зөв зохицуулаад түүнийг үүгээр авна. Дараа тэрийг авна гээд амьдралаа зөв зохицуулаад явчихна. Төсвийн эрх мэдэл бол социализмын үед гэрийн эмэгтэйд шилжсэн. Цөөхөн хэдэн хүн л хэтэвчтэй мөнгөтэй явдаг бусад хүмүүс бол эхнэртэй хураалгадаг болсон ш дээ.
Хишигсүрэн -
Өөр ямар байдлаар эмэгтэйчүүдийн эрх дээшилсэн бэ? Тодорхой хэмжээнд удирдах албан тушаал хашдаг. Өөр? Өөр юм байна уу?
Буянтогтох -
Ер нь гэр бүлийн амьдрал авч явах, гэр бүл дотроо ч гэсэн санаачлагч нь чиглүүлэгч нь л дээ. Ямар нэг санал тавихад эрэгтэйчүүд нь гол төлөв ялагддаг. Бүх асуудал бол эмэгтэйчүүдийн саналаар ...
Хишигсүрэн -
/ Инээв/
Буянтогтох -
Гэх мэтээр жендерийн эрх мэдэл социализмын үед бол дээд цэгтэй хүрсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Сургууль соёлд яаж хамрагддаг байв? Эрэгтэй эмэгтэй сурагчдын сурлагын үзүүлэлт амжилт, бусад ажилд оролцох оролцоо ямар байсан бэ?
Буянтогтох -
Эмэгтэй хүүхдүүдэд нийгмийн идэвх багаас нь төлөвшиж эхэлсэн. Анги салаа, ариун цэврийн дарга нарын ихэнх нь охидууд. Ерөөсөө сургууль соёлын газар охидууд юу бол тогтсон.
Хишигсүрэн -
Манлайлал...
Буянтогтох -
Манлайлал тогтсон. Тэгээд эмэгтэй хүүхдүүдийн сурлага ч сайн байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Яг бага байхдаа тийм байж байгаад том болоод ирэхээр тэр бүх эрхүүдийг эрэгтэй хүүхдүүд л авчихаж байгаа ш дээ. Дарга хэн болдог вэ? Дандаа эрчүүд болно.
Буянтогтох -
Тэр бол социализмын үеийн намын боловсон хүчний бодлогоор шийддэгдэг байсан байх л даа. Социализмын үеийн намын бодлого бол бүх юм стандарттай ш дээ. Ерөөсөө удирдах ажилтны хэдэн хувь 10% ийм нэг багцаа байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Төдөн хувь нь эмэгтэйчүүд, төдөн хувь нь эрэгтэйчүүд байна.
Буянтогтох -
Сумын депутатын төдөн хувь ер нь жендер намын бодлогоор бол эмэгтэйчүүдийг хүн амынхаа тэнцвэртэй байдлаар оруулсан юм байхгүй ш дээ. Ер нь намын бодлогын хувьд эрх мэдлийн 10% -ийг эмэгтэйчүүдэд өгч байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха. Та тэр тоог бодитой мэдэх үү? 10% гэж байгааг?
Буянтогтох -
Жишээлбэл аймгаас Ардын Их Хурлын депутат гээд хүн суудаг байлаа ш дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Ардын Их Хурлын депутат аймгаас нэг 10 орчим хүн сонгогддог байсан юм. Тэр их олон шалгуураар сонгогдоно. 10 хүн дотор эмэгтэй нэг хүн байна. Малчин 2 хүн байна. Барилгачин 1 хүн байна. Гэх мэтээр түүнийгээ хүчээр сонгуулаад бүр болбол Хотон хүн нэг байна гэх мэтээр ...
Хишигсүрэн -
Тэгш байдлыг хангахын тулд?
Буянтогтох -
Ингэж зохицуулдаг байсан юм. Сумын депутат сонгоход бол бас эмэгтэйчүүдийг тодорхой хувь байна. 10 хувиас хэтрэхгүй шүү. Сумын хурал 20 депутаттай сонгодог бол 2 хүн л орно. Үүнээс олон эмэгтэй хүн орно гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо ингээд социализмын дараах байдлыг ажиглахад та социализмтай харьцуулахад ямар өөрчлөлт байна? Эмэгтэйчүүдийн байдал?
Буянтогтох -
Одоо бол эмэгтэйчүүд бол гол төлөв энэ юунд хүчээр орж ирж байна. Юугаар хүчээр орж ирж байна гэхээр 1-рт мэдлэг боловсролоороо хүчээр орж ирж байна. 2-рт эмэгтэйчүүд нийгмийн амьдралд хөрөнгө чинээгээрээ орж ирж байна.
Хишигсүрэн -
Бизнес хийж?
Буянтогтох -
Хөрөнгөтэй хүн аж ахуйгаа удирдаад явах чадвар байна тэр хүнд.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Улс төр лүү ороход мөнгөтэй ийм хоёр хөрөнгө, боловсрол ийм юугаараа эмэгтэйчүүд нийгмийн амьдралд түрж орж ирж байна. Нийгмийн амьдралд оролцъё гэсэн сэтгэлгээтэй чадалтай боловсролтой олон эмэгтэй байгаа боловч энэ юманд орох бүх юм хаалттай.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Мөнгөгүй бол тэр хүнийг ямарч нам хүлээж авахгүй. Үйл ажиллагаагаа явуулах гэхээр мөнгөгүй учраас зах зээлийн үед бол тодорхой хэмжээний боловсрол чадвартай эмэгтэйчүүд ...
Хишигсүрэн -
Одоо яг таны хэлж байгаа мөнгө төгрөг, хөрөнгө мөнгө хураах, бизнес эрхлэх тэгээд нөгөө талд нь боловсрол эзэмших гэж байна ш дээ. Тэгэхэд эрэгтэй хүн эмэгтэй хүний хооронд одоо юу гэдэг юм ялгавар байна уу? Ямар нэгэн байдлаар эрэгтэйчүүд илүү их хөрөнгө мөнгө хийж байна ш дээ. Тэр юунаасаа болоод тэгээд байна. Эмэгтэй бизнесмен их цөөхөн байна ш дээ. Цөөхөн ч юу байхав. Бас нэлээд байгаа байх шүү.
Буянтогтох -
Байдаг л байх л даа.
Хишигсүрэн -
Тийм ялгавар байгаа гэж бодож байна уу? Эмэгтэй хүнд илүү дарамт байгаа гэсэн?
Буянтогтох -
Байгаа. Байгаа. Ажиглагдаж л байна л даа. Жишээ нь одоо их хуралд, орон нутгийн хуралд эмэгтэйчүүд гарах гэж их эрмэлзэж байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Буянтогтох -
Тодорхой хэмжээний эмэгтэйчүүд намаасаа, хувиасаа дэвшиж байна. Их үзэн ядагдаж байна.
Хишигсүрэн -
Тэр шалтгаан нь юу вэ?
Буянтогтох -
Тэр 1-рт олон түмэнд өөрийгөө таниулах үйл ажиллагаа дутагдсан байх л даа. 2-рт энэ улс төрд орсон хүмүүс өөрийгөө рекламдах, өөрийгөө сайн хүн болгох гэж...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тийм оролдлого хэт давамгайлаад эрэгтэйчүүд тэднээс илүү заль мэх мөнгө гаргаад яваад байгаа болохоос биш. Эмэгтэйчүүд гарч ирэхгүй байна. Манай энэ бүх шатанд эмэгтэйчүүд цөөрөөд байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүд сонгохгүй байна уу?
Буянтогтох -
Эмэгтэйчүүдийг сонгон гэсэн сэтгэл зүй нийгэмд төлөвшөөгүй байна.
Хишигсүрэн -
За нэг ийм асуулт байнаа. Ер нь таны амьдралд онцгой ер бусын зүйл байгаа бол уу?
Буянтогтох -
Байнаа. Одоогоор бодох юм бол би нийгмийн эмзэг бүлгийн хүн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ерөөсөө хар багаасаа өнчирсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тийм нөхцөлд дээд боловсрол эзэмшээд авнаа гэдэг чинь миний амьдралын бас нэг онцлог зүйл.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Энэ нийгэмдээ доошоо орохгүй. Дээшээ гарахгүй.
Хишигсүрэн -
Дундач түвшинд.
Буянтогтох -
Дундач түвшинд амьдраад ажиллаад ..
Хишигсүрэн -
Олон жил амжилттай сайн ажиллаад...
Буянтогтох -
Аа ха. Ингээд өөрийнхөө хүчин чадлаар насан туршдаа амьдарна гэдэг бол миний амьдралын онцлог онцгой зүйл.
Хишигсүрэн -
Таныг ингээд хэлсэн чинь нэг юм бодогдож байна. Ер нь таны хэлж байгаа нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд боловсрол эзэмшээд олны жишигт хүрнэ гэдэг хэцүү байх. социализмын нэг давуу тал онцлог...
Буянтогтох -
Нийгэм нь хамгаалаад явж чаддаг.
Хишигсүрэн -
Одоо бол чадахгүй?
Буянтогтох -
Одоо бол тэгж чадахгүй.
Хишигсүрэн -
Мөнгө төгрөг нь байхгүй. Тэтгэдэг газар нь хаана байгаа юм. Одоо онцгой содон авъяастай. Бүхнээс онцгой төрөөгүй л бол жирийн хүн бол явна гэж байхгүй шүү.
Буянтогтох -
Байхгүй байхгүй. Явахгүй.
Хишигсүрэн -
Таны амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн зүйл байгаа юу? Энэ үйл явдал цаашид үр дагвар үлдээсэн шүү ч гэдэг юмуу? Хүний амьдралд том өөрчлөлт авч ирсэн ч гэж хэлж болох. Тийм юм байх уу? Та юуг хэлэх бэ?
Буянтогтох -
Би их найз нөхөдтэй явсан. Найз нөхөдтэйгээ үнэнч нөхөрлөж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Тоглох цагтаа тоглоно. Наадах цагтаа наадна.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Хамтарч ажиллах цагтаа хамтарч ажиллана.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Миний амьдралын түшиг тулгуур болж байсан хамт олонтой.
Хишигсүрэн -
Найз нөхөдтэй.
Буянтогтох -
Найз нөхөд олсон зөөснөө хуваагаад иддэг. Бид нар нэг их наадаж цэнгэхийг бодоод байдаггүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Архи дарсанд орж байсан удаа байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Найз нөхөд нийгэмтэйгээ зөв харьцаад явж байсан болов уу? гэж боддог.
Хишигсүрэн -
Аа ха. Та нар уулзалтан дээрээ хонууд өнжүүд тоглоод гээд яриад байсан ш дээ. Тэр ер нь юу байсан бэ? түүнийг нэг яриач?
Буянтогтох -
Хүн ер наадаж цэнгэж байвал ядаргаа гардаг. Бид нарын үед муушиг гэж мөрийтэй тоглоом байсан юм.
Хишигсүрэн -
Муушиг?
Буянтогтох -
Энэ бол оноогоор нэг нэгэндээ мөнгө өгдөг тоглоом л доо.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Энэ бол дээгүүр хэсэг нь нууцаар тоглодог. Дунд хэсэг нь ил задгай шиг тоглодог тоглоом байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
10 жилд байхад 1970-аад оны үед Монголд Муушиг нэлээд хөгжсөн юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Бид нар хичээлээ тарчихаад нууцаар тоглоно. Хууль хяналтынхан нэлээд харддаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Мөнгө тавьдаг... 10 мөнгөөр...
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Мөнгө сайтай үедээ почкарын 1 төгрөгөөр тоглодог. Өдөржин шөнөжин тоглоод гардаг ашиг гэдэг юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
10 жилд байхдаа бид нар их тоглож байсан.
Хишигсүрэн -
Багш нар?
Буянтогтох -
Багш нар. Тоглож наадаад ажлыг хариуцлага алдаж арга хэмжээ авахуулж байсан юм байхгүй. Анхааруулга сануулга авч байсан.
Хишигсүрэн -
/ Инээв/ Аа ха. Тэр үеийн нийтлэг?
Буянтогтох -
Нийтлэг байсан.
Хишигсүрэн -
Би бүүр түүр санаад байх юм. Намайг жаахан байхад аав хагас бүтэн сайн өдөр мотоциклтэй хөдөө явлаа гэж яваад хөдөөний малчид нэлээд тоглодог байсан юм биш үү?
Буянтогтох -
Хөдөөнийхөн бол нэлээд ханштай тоглоно.
Хишигсүрэн -
Би бүүр түүр санаад байгаа байхгүй юу.
Буянтогтох -
Байнаа байна. Хагас бүтэн сайнд яваад агуй магуйд тоглож байсан юм бол уу?
Хишигсүрэн -
Байсан байсан.
Буянтогтох -
Байшинтын тугт улааны тэнд хэд хэдэн газар байсан. Тэр чинь амьдрахын тулд мөнгө алдахгүй л гэж тоглоно шүү дээ. Шөнөжин тоглоод хоноход үүр цайхын үед бүх хүмүүсийн тамхи дуусаад...
Хишигсүрэн -
Тэр тоглоом хаалттай ч гэсэн бүх хүмүүсийн дунд түгээмэл болсон.
Буянтогтох -
Аа тийм. Түгээмэл.
Хишигсүрэн -
Ер нь чөлөөт цаг гэдэг юмыг та нар яаж өнгөрөөдөг байсан бэ? За муушиг тоглодог байж өөр? Одоо бол нар салхинд гарна. Бар цэнгээний газар ороод тэгж байна ш дээ. Таны үед албан хаагч залуучууд яаж өнгөрөөж байсан бэ?
Буянтогтох -
Чөлөөт цаг гэж бараг байхгүй. Хааяа нэг болдог үдэшлэгийг эс тооцвол бидэнд юм байгаагүй. Үздэг телевиз гэж байсангүй.
Хишигсүрэн -
Зуны амралтыг та нар яаж өнгөрөөдөг байсан юм?
Буянтогтох -
Зуны амралтыг зун зусланд гарна. Хамгийн идэвхгүй өнгөрөөдөг. Аа нэг 8 сар гараад ирэхээр тарвага зурам....
Хишигсүрэн -
Аав тарвага хөөдөг.
Буянтогтох -
Тэгэхээр нэг жаахан хөгжилтэй болдог. Хүчтэй амьдралд хийсэн юм ч байхгүй. Идэвхтэй амарсан юм ч байхгүй. Хэдэн үхэр эргүүлээд...
Хишигсүрэн -
/ Инээв/ Би бас санаж байна. Орших дарга Түдэв дарга байсан ш дээ. Бөхмөрөнд?
Буянтогтох -
Аа тийм.
Хишигсүрэн -
Аав тарвага алахдаа өмсдөг хувцасаа өмсөөд хэдэн сараас тарвага алахыг зөвшөөрдөг байсан билээ?
Буянтогтох -
8 сарын 10-наас.
Хишигсүрэн -
Бодвол түүнээс нь өмнө буу үүрээд хувцас өмсчихсөн явж байсан байх л аавыг хөөгөөд ирээд чи зурам алсан юмуу? Үнэг алсан юмуу? гээд загнаад тамхи татаад дуугүй суучихсан. Юу ч дуугарч чаддаггүй.
Буянтогтох -
Дүгэржав урхи тавиад түүнийгээ эргээд замдаа аргас /аргал/ түүгээд аргас нь /аргал/ дотроо алсан тарвагаа нуугаад шөнө хүн амьтан унтсаны дараа идэж уудаг ерөөсөө хууль дүрэм хатуу байсан ш дээ.
Хишигсүрэн -
Бас нэг өглөө сэрээд ирсэн чинь авгай нар манай гадаа тор бариад очерлоод зогсчихсон. Юу болсон юм гэсэн чинь нэг амьтан л алж ирсэн бололтой юм. Махын айлуудад тараагаад ...
Буянтогтох -
Аа тийм. Олон хоног хадгалах эрх байхгүй. Тэр чинь хэцүү л дээ. 3 хоног уулын орой дээгүүр явж байж нэг юм зохицуулна шүү дээ.
Хишигсүрэн -
Тэр одоо ангийн мах идэх гэж тэгж байгаа юмуу? Мах идэх гэж тэгж байгаа юмуу?
Буянтогтох -
Махны хэрэгцээ байсан болоод л тэгж байгаа ш дээ. Мах тийм элбэг байгаагүй ш дээ
Хишигсүрэн -
Аа ха.
Буянтогтох -
Ангийн мах гэсэндээ час гэж байна гээд бууз мууз хийгээд иддэг.
Хишигсүрэн -
Ер нь удаан ярилцлага хийлээ. Ярилцлагын явцад ийм юм ярих юм бол зүгээр гэсэн тийм юм байна уу?
Буянтогтох -
Нэлээд юм ярилаа. Хэрэг болбол баярлах байна даа.
Хишигсүрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.