Dolgor

Basic information
Interviewee ID: 990225
Name: Dolgor
Parent's name: Pel
Ovog: Mongol
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: Singer, retired
Belief: Buddhist
Born in: Nariinteel sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
childhood
literature
life in wartime
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Долгор гуай.
Долгор -
Сайн.Сайн байна уу? Хүү минь.
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Долгор -
За зөвшөөрч байна аа.Зөвшөөрч байна.
Ариун-Ундрах -
За танд маш их баярлалаа.
Долгор -
За зүгээр зүгээр.
Ариун-Ундрах -
За та өөрийгөө танилцуулаад,өөрийнхөө намтрыг товч танилцуулахгүй юу?
Долгор -
За миний бие 1934 оны 11 сарын 15-нд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум гэдэг сумын Баян гэдэг газар төрсөн.Миний аавыг Төмөр гэж хүн байсан,Миний ээж Пэлхүү гэж хүн байлаа.Би дээрээ нэг ахтай,доороо нэг дүүтэй нэг ийм айлын хүүхэд.Дунд хүүхэд нь юм даа одоо.За ингэж төрсөөн би.Тэгээд яахав бага наснаасаа бол аав ээжийнхээ гар дээр хөдөөгийн хүүхдүүдийн амьдралын амьдарч байсантай л адилхан хурга,тугал, ишиг хариулж мал хуйтай харьцаж нэг хэсэг одоо 8 нас хүртлээ аав ээжийн гар дээр тэгэж амьдарч явсан.Дандаа голдуу л одоо аав ээж маань мал л хариуцаж,мал маллаж байсан улсууд болохоор аав ээжийнхээ амьдралыг дагаад л одоо тийм л амьдралтай байлаа даа.Тэгээд яахав ээ тэр үед чинь би одоо 42 онд сургуульд орсон,8 нас хүрээд.Тэгээд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын бага сургуульд анх 1-р ангид орж суралцаад,тэгээд 46 онд бага сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуульд тэгэж элсэж ороод,тэгээд Өвөрхангай аймгийнхаа 10 жилийнхээ сургуулийг 1952 онд 10-р ангиа төгсөөд Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуулийн 2-р төгсөлтийг манай анги хийж байсан юм,10-р ангийн.Тэгээд л төгсөөд л... тэгээд л Улаанбаатар хотод ирсэн дээ.Тэгээд тэр ирсэн цагаасаа хойш Улаанбаатар хотын улсын их сургуульд уг нь хуваарилагдаж ирсэн юм би.Тэгээд улсын их сургуулийн хуваариар ирсэн мөртлөөсөө тэндээсээ урлагт сонирхолтой болохоороо ардын дуу бүжгийн чуулга.Одоо ч ардын дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг болсон ш дээ.Тэр ардын дуу бүжгийн чуулгад би дуучингаар орно гэж тэнд шалгуулсан чинь тэнцсэн юм,их сургуульд байхдаа.Тэгээд тэнцсэн учраас тэр их сургуулийнхаа юуг орхиод,тэгээд ардын дуу бүжгийн ансамбльд дуучингаар орж анх эхэлж тэгэж дуучин болж байлаа.1954 оны 1 сард орсон юм.Тэгээд дуучингаар ороод дуучин хийж байгаад тэр 1955 онд Варшавт болсон дэлхийн залуучуудын оюутны 5-р фестивалд тэнцээд тэрүүнд одоо төлөөлөгчөөр оролцож явлаа.Тэгээд тэндээсээ бас шалгараад БНАГУ-д бас айлчилж явлаа.Тэрүүгээр тэндээсээ Герман улсын одоо 15 хотоор орж тэр хотуудад тоглолт хийлцэж,одоо ардын дуу бүжгийн чуулгынхан бид цөөхөөн улсууд цөөхөн тийм бригад явж тэнд тоглолт хийж тэгэж явсан.За тэгээд яахав 55 ондоо тэгээд намар эргэж ирээд нөгөө ансамбльдаа эргээд ажиллаад л.Тэгээд явсаар байгаад бас 1957 онд Москвад болсон дэлхийн залуучуудын оюутны 6-р фестивалд оролцож,бас тэнд төлөөлөгчөөр оролцож бас тоглолти хийж тэгэж явсаан эмээ нь.За тэгээд яахав ээ тэндээсээ... тэнд одоо манай “Алтайн магтаал” гэж хоор дуу байлаа,одоо хөгжимгүй хоор,дан хоор гэдэг юм.\A capella\ Тэрүүнд манай ансамблийн тоглолт орж,тэрүүнд одоо манай тэр A capella 3-р байранд орж,бид нар бүгдээрээ хүрэл медалиар шагнуулж их баяртай тийм байлаа.Тэгэж явлаа.Тэгээд тэндээсээ наашаа яваад энэ Уралын хотуудаар тоглоод,энэ хойгуур хилийн хойгуур Тува,Буриад,Казакстан энэ улсуудаар тоглолт хийгээд бид нар бас намар тээр орой болсон хойно бараг 10 сар гарч байхад нутагтаа ирж байлаа даа.Би амьдралдаа 12-13 хүүхэд төрүүлсээн.Тэгээд тэрнээс яахав амар мэнд байгаа нь одоо 8 хүүхэдтэй.Хүүхдүүд маань том том болсон,цугаараа ажил хөдөлмөр хийж байгаа иймэрхүү.Тэгээд би энэ Гирдгаабазар гэдэг хүнтэй гэр бүл болж одоо 50-н хэдэн жил амьдарч байна даа бид хоёр.За нэг иймэрхүү байна.За тэгээд тэр хоорондоо манай өвгөн хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд тэгээд улсын симфони хөгжимд ажиллаж байсан юм.Би ансамбльд ажиллаж байлаа хоёулаа.Тэгээд тэр хооронд миний ээж миний үр хүүхдүүдийг харж хүмүүжүүлж,овоо болгож өсгөж өгсөн дөө хөөрхий минь.Тэгээд 64 онд мөн ээж маань өөд болоод тэгээд манай өвгөн хөдөө орон нутагт одоо юу яах болоод... соёлын яамны томилолтоор хөдөө явах болоод,хөдөө орон нутагт ажиллах болоод.Тэгээд Өвөрхангай аймгийн соёлын ордонд хөгжмийн багшаар ажиллах болсон юм.Тэгээд одоо би өвгөнийг дагаад хоёулаа Өвөрхангай аймгийн соёлын ордонд хөгжмийн багш хийх хооронд би бас тэнд дуучингаар дагаж очсон юм.Тэгээд тэнд ингээд ажиллаад байж байтал хүүхдүүд маань өвдөөд,нэг хүүхдээ алдчихаад их хэцүү байсан.Тэгээд эргээд соёлын яаман дээр бид хоёрыг буцаад хүрээд ир ээ гэсэн.Тэгээд хоёулаа соёлын яамны шийдвэрээр хөдөө томилолтоор очсон мөртлөө эргээд ансамбль дээрээ орно доо гээд эргээд ирсэн чинь хөдөө сумын нэг нэгдлийн дарга,намын үүрийн дарга хоёр соёлын яаман дээр тааралдсан юм.Тэгсэн чинь тэр улсууд яасан гэхээр зэрэг өнөө клубынх нь ажил их муу,Матар дээр гарчихсан,тэгээд тэр соёлын яамны шиф нэгдэл байсан.Одоо Эрдэнэсант гэж сум бий л дээ.Тэгээд тэр Эрдэнэсант суманд та хоёр нэг 2-3 жил ажиллаад манай клубыг нэг өөд нь татаад ингээд өгөөч ээ.Бид нар бас таны амьдралд тусалнаа гэж ингэж хэлэхээр нь бид хоёр тэгээд яая даа гэж жаахан эргэлзэж байснаа тэгээд яваад өгсөн юм тэр Эрдэнэсант руу.Тэгээд Эрдэнэсант суманд очоод манай өвгөн клубын эрхлэгч хийгээд би сургуульд нь багш хийгээд ингээд бид хоёр хөдөө тэр Эрдэнэсант сумын клубыг байр байшин юу ч байхгүй шатчихсан тийм байсан.Тэгээд тэр тэрийг нь өөд нь татаад,байр байшинтай болоод,тэгээд их сайхан нэрд гарсаан манай клуб.Одоо бүх ард түмний анхдугаар сертификат гэж явдаг байлаа.Тэр үед одоо Төв аймгийн 20-н хэдэн сумаас манай сум урлаг уран сайхныхаа ажлаар тэргүүн байранд орж одоо тэр үеийн 3000 төгрөгөөр шагнуулж байлаа.Манай клуб.
Ариун-Ундрах -
Ааан,овоо их мөнгө байна ш дээ тэ?
Долгор -
Тийм,тэр үедээ их мөнгө байхгүй юу тийм.Тэгээд л одоо тэр клубын одоо хөдөөгийн ард түмнийг соёл урлагаар үйлчлэх,за тэгээд би чинь одоо хөдөө чинь одоо тийм өнөө уран сайхны,урлагийн одоо тийм юм байхгүй.Ганцхан клубээс өөр юм байхгүй юм чинь.Клубын дарга л байна уу гэхээс биш энэ дуучин гэж байхгүй.Тэгээд өвгөн маань клубынхаа ажлыг хийгээд би дунд сургуульд нь багшлаад,одоо яахав дээ ажилгүй байлтай нь биш ажилтай болгоно гэж л аваачсан юм хойно.Тэгээд яахав дээ би 10-р анги төгссөн болохоор бага ангийн 2-р ангид би багшилж байсан л даа.Тэгээд тэнд нэг 3 жил болоод тэгээд юу яасаан бид хоёр санал тавьсан.Одоо хүүхэд шуухад овоо болчихлоо,өсөж өндийлөө.Одоо тэгээд бид хоёрыг төв газар ойрхон суулгаж өгөөч ээ гэж Төв аймгийн соёлын хэлтэст хоёулаа саналаа өгсөн юм.Тэгээд хоёулаа соёлын хэлтэст саналаа өгсөн чинь бид хоёрыг энэ Төв аймгийн Баянзүрх суманд клубын эрхлэгчээр суу гэж ингэж нааш нь явуулсан юм.Тэр сум маань одоо энэ бид хоёрын байж байгаа газар шүү дээ.Одоо энэ хойно тууриуд нь байдаг юм.Тэгээд одоо бид хоёр энд ирээд бас нэг овоо хэдэн жил ажилласаан.Энд би одоо янз бүрийн л ажил хийсэн.Өвгөн бол клубынхаа ажлыг хийгээд л,би одоо бас энэ цэцэрлэг,яслийн эрхлэгч,номын санч,үгүй ээ ер нь зөндөө урлагийнхаа ажлаас ондоо бүх юмнуудад ажил хийсээн.Тэгээд тэр үед чинь одоо соёлын довтолгоо гээд л нэг юм болоод л ерөөсөө тэрийг нэгдлээс л ... улсаас ямар ажил энэ нэгдэлд одоо зохион байгуулагдаж хийх ёстой байсан,тэр бүгдэд л бид хоёр оролцож байсан.Одоо соёлын талаасаа чиг л,тэгээд л одоо тэр бүхэнд л... Одоо МАХН-ын гишүүн бид хоёр чинь их олон жил болсон юм.Одоо бол 50-н хэдэн жил болчихлоо доо МАХН-д элсээд.Тэгээд одоо яахав дээ тэр үеийн тэр чинь одоо МАХН-ын гишүүн хүн бол их үүрэг даалгавартай,бусдыг одоо оройлон удирдаж байх ёстой.Тэр л одоо үүрэг даалгаврынхаа дагуу бид хоёр чинь одоо тэгээд л оролцохгүй ажилгүй л байлаа л даа.Одоо тэгээд хөдөөгийн малчдад номын сангаар үйлчилнэ,урлаг уран сайхнаар үйлчилнэ.Энэ нэг хөгжмөө бариад л явна.Би дуулна.За тэгээд л малчдад чинь одоо хонуут өнжүүдээр зун ч адил,өвөл ч адил одоо тэгээд л яваад л... Хөдөөгийн малчдад чинь ном картаар тараана.Тэгээд картаараа эргэж очиж номоо авна.Одоо тэгээд л энэ сууриудаар чинь үхрийн суурь байна,хонины суурь байна,одоо тэгээд л адуу,үхэр,тэгээд л бүх л таван хошуу малтай нэгдэл чинь.Тэгээд л одоо тэр хөдөөгийн хөдөлмөрчдийг чинь соёлжуулж байгаа нь энэ гээд л одоо тэгээд л ариун цэвэр,өнөө л эмэгтэйчүүдийн соёл боловсролыг дээшлүүлэх,тэд нарыг чинь одоо үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэх,тэгээд л одоо тэр эмэгтэйчүүдийг одоо тэр хүн эмнэлэгт ухаан нь одоо төрөхийн өмнөх байранд ирж амрах.Бүх л одоо тийм соёлын талаас нь л одоо бид хоёр тэгэж л одоо нэгдлийн хөдөөгийн малчин ард түмэнд л соёл түгээх ажилд л оролцож явсан ийм л улсууд даа бид хоёр.Одоо хөгжмөөрөө дуугаа дуулаад л,хөгжимдөөд л хоёулаа энэ чинь,тэгээд бусад уран сайханчидтайгаа цуг бас тэгээд л явна.За тэгээд л энэ сумын клубт чинь одоо жүжиг тоглоно,концерт тоглоно,бүх уран сайханчдыг чинь цуглуулна,тэдэнтэй чинь одоо тэгээд л хувцас хунар,хөгжим,хөгжмийн зэвсэг,зэр зэвсэг авах одоо тэгээд л бүх юмнуудыг чинь нэгдлийн хүмүүстэй ярилцаж хөөрөлцөөд л.Тэгээд л одоо энэ хөдөөгийн тэр малчдын чинь тохиолдож байгаа ганц тэр урлаг ч биш,тэгээд ерөөсөө тэр л мал маллах,одоо төл бойжуулах,ямаа самнах,адуу хөөвөрлөх,үхэр хөөвөрлөх,за тэгээд л бусад одоо хадлан хадах,хашаа барих ерөөсөө тэнд одоо бид хоёрын оролцоогүй юм гэж ерөөсөө байхгүй.Тэгээд тэр сумын клуб юунд л байна дандаа л явж байна.Тэр урлаг уран сайхнаасаа гадна л одоо тэр нэгдлийн одоо ямар ажил байдаг байсан юм бүх юманд оролцоно.Тэгээд бид хоёр чинь хүүхдүүд маань яахав тэгээд л томууд нь нэг юм дүү нарыгаа хараад,сургуульдаа яваад л.Энд одоо 8 жилийн сургуультай байсан юм.Тэгээд том болсон нь 8 жилээ төгсөөд одоо энэ төв рүү энэ Налайх руу орж хүүхдүүд маань том ангидаа явна.За тэгээд 8-р анги хүртэл энэ сумын сургуульдаа явдаг ийм байлаа.Тэгээд яахав дээ тэр үед бол бас зарим үед цалин багатай л даа.Нэгдлийн цалин чинь их бага цалинтай байсан ч гэсэн бид нар хоосон хонохгүй,хоёр идэхгүй тэгээд л нэг юм амьдралаа болгоод л,хэдэн хүүхдүүдээ өсгөж өндийлгөөд л ингэсээр яваад одоо тэгээд л 79 онд манай нэгдэл энэ төв хорооны тогтоолоор тарах болчихсон юм.Тэр нь яагаад тарах болсон юм гэхээр зэрэг өнөө орлого,зарлага гэж одоо ухаан нь нэгдэлд чинь юм байлгүй яахав дээ.Зарлагаасаа орлого нь ерөөсөө яахгүй,нөхөж чадахгүй.Тэгээд өнөө мал хуй нь өсөхгүй,үхэж үрэгдээд л тэгээд одоо малчид нь ч хариуцлагагүй тийм л байсан байх л даа тэр үедээ.Тэгээд тийм учраас одоо их өртэй,ширтэй болоод л энэ нэгдэл маань тэгээд тарах болчихсон юм.Тэгээд бид хоёр чинь одоо 79 онд манай нэгдэл 79 оны 1 сард манай нэгдэл тарчихсан юм.Тэгээд бид хоёр чинь одоо хөдөө явахгүй ээ,одоо бид хоёр хот руу орно гээд тэгээд энэ Налайх хот руу орж ирсэн юм.Тэгээд яахав энэ Налайх хотод орж ирээд чинь энэ Налайх хотын намын хороо бид хоёрт ажил өгсөөн өгсөн.Өвгөнд маань хороон даргын ажил өгөөд,надад одоо бас нярав,тэгээд л янз бүрийн л тийм ажлуудыг хийж байсан л даа бид хоёр нэгдлээсээ тараад ирээд за нэг тиймэрхүү л байлаа даа.Тэгээд соёлын төвд одоо энэ уурхайчдын соёлын ордон гэж байсан юм.Тэрүүнд би нэг жижүүрийн ажил хийж байсан юм.Тэгээд хамтраад бас тэрэндээ цуг жижүүрээ хийхийн хажуугаар бас л өнөө концертонд орно.Сайн дурын уран сайханчид гээд цуглуулдаг.Тэрүүнд нь одоо уран сайханд нь оролцоно,дуугаа дуулна,уртын дуу дуулна,богинын дуу дуулна,янз бүрийн дуу дуулна.Тэгээд тэгэж явсаар байгаад өвгөн маань яахав тэгээд л янз бүрийн газар ажил хийгээд л,цэргийн газар чиг л ажил хийгээд л хоёулаа тэгсээр яваад л тэгээд л би 1984 онд тэтгэвэртээ гарсан,олон хүүхдээр.Тэгээд тэтгэвэртээ гараад ч зүгээр байгаагүй бас л зөндөө л ажил хийж байсан.Энд тэнд зөндөө л ажил хийгээд бас тэгээд 60 гартлаа ажил хийгээд тэгээд хоёулаа нөгөө 90 он гаргаад л тэгээд л одоо энэ ардчилал,шинэчлэл өөрчлөлт боллоо гээд л тэгээд л ардчилал гарч ирээд л тэгээд бид хоёр нэг хэдэн малтай болоод,тэгээд бүүр хөдөө энэ Туул голын тэр хавьд хэдэн үхэртэй,хонь ямаатай болоод хоёулаа гэр бариад тэгээд хөдөө хоёулаа гарсан даа.Тэгээд хөдөө 10-н хэдэн жил болоод сүүлдээ бие гүйцэхээ байгаад,ядраад хоёулаа.Тэгээд төв рүүгээ бараадаад,тэгээд өвгөн маань тэтгэвэртээ гараад,би тэтгэвэрт гарчихсан удаад,хоёулаа тэгээд тэтгэвэртээ байж байгаад л тэгээд л одоо ингээд л энд одоо буйран суурин болоод л хоёулаа тэгээд тэтгэврийнхээ хэдэн мөнгийг аваад л ингээд амьдарч байна даа.Хүүхдүүд маань одоо цугаараа дор дороо л авгай хүүхэдтэй,нөхөртэй ханьтай.Тэгээд л одоо ач зээ нар чинь бид хоёрт зөндөө.Одоо олон сайхан ач нартай,ачийн маань хүүхдүүд байгаа,гуч нар маань байгаа.Яахав ээ яахав бид хоёрын амьдрал нэг их баян тарган сүйд болоогүй ч гэсэн яахав гуйлга гуйгаагүй,амьдралаа болгоод л явж байна хоёулаа.Хэдэн хүүхдүүд маань ч гэсэн ер нь тэгээд улсад ажил хийгээд,зарим нь ч одоо компанид ажиллаад л ингээд цугаараа л дор дороо л тэгээд л болцгоож л явна.Нэг ийм л байна даа эмээгийх нь амьдрал үндсэндээ.За тэгээд асуух юм байвал асуувал би ер нь товчхондоо бол ийм л байна.
Ариун-Ундрах -
Заа.Хоёулаа товчхон ярьсан юм чинь таны бүр бага наснаас эхлээд хоёулаа бүр дэлгэрэнгүй ярья гэж бодож байна.Тэгээд та төрж өссөн нутаг усныхаа тухай,ээж аавынхаа тухай ярьж өгөөч?
Долгор -
За миний төрсөн нутаг бол тийм тал газар.Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум чинь одоо хойд талаараа хангайтай,дундуураа одоо тийм тал хээрийн бүс нутагтай,урдуураа болохоор говьтой тийм нутаг байгаа юм.Тэгээд би бол тал хээр газар төрсөн.Баян гэдэг газар бол тийм Баянгийн цагаан гэдэг газар төрсөн юм би.Тэгээд миний тэр төрсөн газар бол дандаа тийм бор толгодуудтай,жижигхэн нарийхан голтой тийм газар байсан юм аа.Тэгээд манай Нарийн тээл чинь одоо яг миний төрсөн нутаг чинь Таацын гол гэж нэг сайхан хөөрхөн тийм гол урсдаг.Цэвэр тунгалаг,аягүй сайхан устай.Тэгээд тиймэрхүү.Манай аав ээж бол ерөөсөө дандаа л мал маллаж явсан.Миний аав тайж хүн байсан юм гэнэлээ.Тэгээд яахав нэг тийм одоо хамжлага гээд тийм олон юм бол байгаагүй.Тэгэхдээ яахав дээ нэг хонийг нь хариулдаг,үхрийг нь саадаг нэг ганц хоёр тийм амьдралтай.Тэгээд яахав тэр миний дүүг хүнд өгчихсөн.Миний ах бид хоёр л ерөөсөө гэртээ өсөж өндийсөн ийм юм байгаа юм.Тэгээд одоо яахав дээ аав маань 45 онд өөд болсон.Тийм цэрэгт яваагүй миний аав бол.Тэгээд ерөөсөө л мал малладаг тийм л аав ээж хоёр маань тийм л улсууд байсан.Олон түмэнд их нэр хүндтэй,их сайхан яриа хөөрөөтэй,тийм амьдралаар тийм ядуу зүдүү байгаагүй.Бас яахав улсын албыг залгуулдаг,одоо тэгээд л ноос үс,одоо тэгээд албан татвар их сүрхий хүн байсан даа.Эх орны дайны үед бол гурил будаа олдохгүй.Тэгээд л ерөөсөө их хүнд байсан.Тэгээд л одоо өнөө картын бараагаар нэг хэсэг амьдардаг байлаа хөдөөнийхөн чинь.Тэгээд яахав дээ аав ээж бид дөрвүүлэхнээ амьдарч байсан болохоор юмаа яахав овоо хэдэн малтай,малынхаа буянаар тэгээд л яахав дээ малынхаа үс ноос,шир үсийг нэг юм өгөөд л тэгээд л хэдэн малаа хариулаад л цагаан идээ,мах шөлөөрөө тэгээд л нэг юм болгоод л байдаг байсан.Тэгээд л яахав дээ сүүлд нь одоо тэгээд л аав маань өөд болоод л хэдэн малаа маллах хүн байхгүй.Бид хоёр сургуульд яваад өгдөг.Өвөрхангай аймгийн сургуульд хүрээд ирсэн.Тэгээд өнөө нутагтаа ээж ганцаараа.Тэгээд ерөөсөө сүүлдээ малаа айлд тавьчихаад л ээж маань бид хоёрыг дагаад л тэгээд Өвөрхангай аймгийн төв дээр хүрээд ирсэн юм байгаа юм.Тэгээд миний ээж бол улсад нэг их ажил хийж байгаагүй.Зүгээр ерөөсөө л хар бор ажилтай,одоо мал маллаж,сааль сүү сааж,тэрнийгээ борлуулж,идээ цагаагаа борлуулж ингэж л явсан болохоос биш миний ээж бол тэр улсад нэг их хөдөлмөр хийгээд сүйд болоод байсан юм байхгүй.Зүгээр манайд бол тэгээд одоо нөгөө хэлмэгдсэн,баригдсан тийм хүн бол үнэндээ байхгүй.Миний талд бол.Урд бол манай ээжийн талын нэг хүн энэ тэр лам хүн байсан,баригдаж л явсан юм гэнэлээ.Тийм,миний аав бол зүгээр жирийн нэг тийм хар хүн байж байгаад л тэгээд өөд болсон.За нэг иймэрхүү л байна даа.Аав ээж маань гэвэл.
Ариун-Ундрах -
Аа тэр нөгөө тайж гэснийг би бас одоо сайн мэдэхгүй юм л даа.Тэр үеийн тайж хүн гэдэг нь яг ямар онцлогтой хүн байсан бэ?
Долгор -
Одоо тэр үеийн тайж гэдэг чинь одоо ухаан нь Чингисийн одоо юуны хүн гэдэг бил үү? өвгөөн.Чингисийн л одоо нэг удмын л залгамжилсан тийм л хүн гэж л ярьдаг юм ш дээ.Зүгээр яахав дээ эрх мэдэлтэй,эсвэл зарим нь тийм их одоо албат хамжлагууд өөрөөр хэлбэл тийм юмтай тийм баян тайж нар бол байсан юм байналээ.Тэгэхдээ манай аав бол тийм их баян биш,зүгээр амиа л борлуулаад явдаг нэг тийм тайж хүн байсан юм.Ухаан нь одоо аавын маань аав нь Уртнасан тайж гэж хүн байсан юм гэнэлээ.Аавын талын улсууд бол тийм барилддаг,чадалтай,дээр үеийн одоо тийм Дампил заан гэж хүн байсан гэж байгаа юм.Манай аавын аавын аав нь одоо өөрөөр хэлбэл одоо нөгөө Манжийн дарлалын үед л байсан сүрхий тийм бяр чадалтай тийм хүн байсан юм гэнэлээ.Уртнасан тайжийн чинь одоо аав нь.Одоо ч гэсэн тийм Дампилынхан гэдэг юм манайхныг.Тийм,тийм юм байдаг юм.Тийм байнаа,тийм байна.
Ариун-Ундрах -
Би тэгвэл тайж гэдгийг чинь буруу ойлгоод байсан байна ш дээ.Би зүгээр тайж гэдгийг чинь аа тэр үеийн жоохон эрх мэдэлтэй тийм хөрөнгөтэй хүмүүсийг л тайж гэдэг юм байх гэж бодсон чинь тийм биш юм байна тэ?
Долгор -
Үгүй ээ үгүй.Хөрөнгөтэй биш,тийм.Хөрөнгөтэй нь бол байсан.Хөрөнгөгүй ч хүмүүс,хөрөнгөгүй одоо тийм дангаараа амьдардаг хүмүүсийг бол хохь тайж гэдэг байсан юм.Хөрөнгөтэй нэг нь бол одоо өнөө жинс гээд малгай толгойн дээрээ бас янз бүрийн тийм нэг юу байдаг шүү дээ.Одоо ноёноос шагнуулсан ч байдаг юм уу тийм юм энэ тэр байсан юм байналээ.Би тэрнийг бол нэг их сайн мэддэггүй юм.Тэгэхдээ манай аав бол зүгээр нэг жирийн хар хүн л байсан юм.Энэ нэг ийм гэзэгтэй тийм хүн байсан юм.Би тэрийг муухан мэддэг юм аа.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр эхээс гурвуулаа юм байна тийм ээ?
Долгор -
Тийм,ерөөсөө л одоо миний аавын түрүүчийн одоо сууж явсан гэр бүлийн хүн нь нүүж яваад өөд болчихсон юм гэнэлээ.Одоогоор бол харвалт өгөөд үхчихсэн л хүн байналээ л дээ.Тэгэхдээ тэр үедээ бол өөрөөр л тайлбарлаж байсан юм байналээ.Тэгээд манай аавын түрүүчийн хүүхдүүд энэ тэр байдаг юм аа.Байсан юм,одоо барагдсаан байхгүй,дууссан одоо.Одоо ерөөсөө би тэр аавын түрүүчийн хүүхдүүд,тэгээд одоо аавын миний ээжтэй суугаад гарсан бид гураваас одоо би л ганцаараа үлдсэн.Бусдууд нь одоо ерөөсөө бүгдээрээ бурхан болчихсон ийм байгаа юм.Эмээ нь бол одоо 76-тай.
Ариун-Ундрах -
80 дөхөж байна ш дээ тэ?
Долгор -
Тийм,80 дөхөж байна.
Ариун-Ундрах -
Тэгээд таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ? Одоо жишээ нь ямар тоглоомоор тоглох ч юм уу,тэгээд малтай бас ойр өссөн байх тийм ээ?
Долгор -
Тэгэлгүй яахав малтай л ойр өссөн.Би одоо хүүхэд насандаа чулуун тоглоомоор тоглодог байлаа.Одоо яахав дээ гол усанд ороод шумбаад,дээшээ доошоо голд сэлээд л,одоо тэгээд л тоглодог байлаа.Хүүхдүүдтэй зүлгэн дээр очоод л янз бүрийн л одоо хүүхдүүдтэй чинь эрхлээд л,наадаад л,тоглоод л одоо.Тэгээд л одоо морь уралдуулдаг байлаа тэр үед чинь.Тэгээд би айлын морийг унаж байсан,өөрийнхөө морийг ч унаж л байсан.Миний ах бол бас адилхан.Одоо манай аав бол тэгэж нэг их морь уяад нэг их сүйд болдогүй хүн байсан юм аа.Тэгэхдээ манайтай айл байсан айлуудын,одоо манай садан төрлийн айлуудын морийг би унаж морь уралдуулж явсаан.За тэгээд л хонь хариулна,хурга ишиг хариулна,тугал бярууны хойноос гүйнэ,хөөцөлдөнө.Тэгээд л тиймэрхүү л байсан.Сургуульдаа одоо би Нарийн тээлийн сургуульд явахдаа бүр тээр холоос,өнөө хөдөө малтай.Тэгээд Нарийн тээлээс нилээн зайдуу өвөлжөөнд буучихна.Тэгээд бид нар өвлийн хүйтэнд мориор давхиж сургуульдаа ирдэг байсан юм.Тэгээд ирээд сургуулийнхаа аргалын хашаа гэж тэрэн дотор морио уячихаад л,тэгээд хичээлдээ ороод,хичээлээсээ нэг 4 цаг сууж хичээлээ тарчихаад л,тэгээд л орой үдээс хойш морио унаад л давхичихна,буцаад л.За нэг тиймэрхүү л байсан даа.Тийм тэгээд одоо хонь холбоод л,тэгээд хонь саана.Ээж түрүүлээд ингээд саагаад явна,би хойноос нь саагаад л явна.Ингээд л одоо малыг,тэгээд одоо хөдөөний ажил чинь барагдахгүй шүү дээ.Өглөө босоод л нэг ажлаа дахиж хийгээд л,өглөө босоод нэг ажлаа хийгээд,тэгээд аргал түүнэ,одоо тэмээгээр хонь,малаа усална,тэмээгээр л явна,аргал түүнэ.Одоо их хол явнаа,хол явна.Тэгээд л явдаг байлаа ш дээ хүү минь.Тэгээд тоглоом гэхээр чинь одоо нэг чулуун тоглоом л байсан юм даа.Миний үед чинь одоо өөр нэг их тийм одоотой адилхан ийм тоглоом элбэг дэлбэг байсан биш.Тэгээд чулуун тоглоомоор л их тоглоно,морь мал их унаж давхина.Тэгээд хонь,хурганд явна.Тийм л юм хийдэг байсан даа ер нь тийм.Ээж маань болохоор одоо хувцас хунарыг маань оёно,дандаа нэхий дээл хийнэ.Өнөө даавуу даалимба ховорхон.Тэгээд нэхий дээл,аав маань нэхий элдэнэ.Өнөө алсан хониныхоо нэхийг элдээд л,тэгээд л тэрийгээ сайхан зөөлхөн болгоод л элдээд л,тэгээд тэрүүгээрээ дээл хийнэ,дээл хийж өмсөнө.Аа Монгол гутал уллаж өмсөнө.Ээж маань л хийнэ,тэр бүгдийг бол ээж л хийж өгдөг.Тэгээд одоо бид нар бол яахав дээ мал хуйд л явна.Хонь,хурга хариулаад л одоо ингээд л... Дээр үед ч одоо намайг сурч байх үед хөөе сургуульд яваад өгөөч,их сургуульд ороод өгөөч гэж гуйдаг байсан хөөе.Тэр үед чинь одоо өнөө Монголд одоо бодвол боловсон хүчин гэж юм байхгүй байсан юм байгаа биз бодвол.Тэгээд л одоо сургуульд л оруулах гээд л бид нарыг чинь шахаад л ерөөсөө сургуульд оруулахгүй хүүхэд ерөөсөө байлгадаггүй.Хүн болгоныг л бичиг үсгийн чадалтай,хүн болгоныг л одоо сургууль төгссөн соёлтой,боловсролтой иргэн болгох л гэж одоо манай нам засгаас их одоо зүтгэж,ард түмнээ хүмүүжүүлж байсан ажил нь тэр л байлаа л даа.Хөдөөний ард түмнийг чинь одоо бичиг үсэггүй ч гэсэн хуучин монгол бичгээ чадна,бичнэ.Тэгээд хажуугаар нь шинэ одоо энэ кирилль үсэг заана.Тэгээд ийм юмыг зааж кирилль үсэг энэ тэрийг яахгүй бол юу яана л даа.
Ариун-Ундрах -
Таны аав ээж Монголын түүхтэй холбоотой ч юм уу ямар нэгэн үлгэр домог тиймэрхүү зүйл таныг бага байхад ярьдаг байсан уу?
Долгор -
Өө ярилгүй яахав.Үлгэр их ярина ш дээ.Одоо хүүхэд байхад чинь орой үдэш хурга тугалаа оруулчихаад л,хонь хургаа яачихаад өвлийн үед бол одоо нөгөө өвлийн шөнө их урт.Тэгээд л одоо өнөө өвөлжөөнд чинь одоо буучихаад л хонь,хургаа оруулчихаад,мал хуйгаа хотлуулчихаад л.Тэгээд л одоо лаа гэж юм байхгүй,дэн барьчихаад л тэгээд л одоо үлгэр яриад л сууна шүү дээ.Одоо үлгэр их ярьдаг,үлгэр маш их үлгэр ярьдаг байсан.Бидэнд одоо тэгээд л дандаа тэр үлгэр гэдэг чинь дандаа сургаалийн сургамжийн талын л юмнууд байдаг юм ш дээ.Ер нь үлгэр гэдэг чинь тийм юм байж гэнэ гээд л зарим нь ч яахав одоо хүчтэй баатар,зоригтой ч байдаг юм уу одоо тиймэрхүү л юмнууд үлгэр л их ярьж өгдөг байлаа даа аав ээж маань.
Ариун-Ундрах -
Аан энд бас сонирхолтой санагдаад байгаа болохоор таньд яг одоо тод санаж байгаа тийм үлгэр ч юм уу тийм домог тиймэрхүү зүйл ярьж чадахаар тийм зүйл байгаа юу?
Долгор -
За даа одоо ч ер нь мартчихаж дээ үлгэр домгоо,одоо тийм юу юу ч билээ дээ одоо их л үлгэр би мэддэг байсан юм аа.Одоо мартчихаад байна,одоо тэрнээс уг нь бол би бас хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг л байсан юм.Одоо мартчихаж,юу ч байхгүй мартчихдаг юм байна.Хэ хэ хэ.Арслантай мэргэн хаан гээд л нэг үлгэр ярьдаг байлаа.Янз бүрийн үлгэр их ярьдаг байсаан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн тэр үлгэр домогт голчлон яг ямар үзэл санааг гаргаж ирдэг байсан бэ?
Долгор -
Одоо... юу гэх юм бэ? дээ одоо нөгөө... Одоо мэргэн түргэн байдаг,хүчтэй чадалтай,тэгэхдээ л одоо баян тарган хүнийг одоо бас их ...юу одоо хааныгаа ч юм уу одоо тийм ноён тийм одоо их дарладаг тийм хүмүүсээ эсэргүүцсэн тийм ухаантай,тийм хүнийг л одоо их онцолж ярьдаг байсан юм.Өөрөөр хэлбэл одоо нэг ийм домог байдаг юм.Нэг юу яаж гэнээ.Нэг аавтайгаа цуг нэг жаахан охин байж л дээ.Тэгээд тэр охин нь их мэргэн,их сүрхий ухаантай тийм охин байж гэнэ.Тэгсэн чинь тэр ноён болохоор зэрэг тэр хүүхдийг дуулсан юм байна л даа ухаантай сүрхий гэж.Тэгсэн чинь нэг өдөр ноён давхиж хүрч ирээд ингэж гэнэ.Маргааш өглөө би ирнэ,тэгэхэд эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавьж байгаарай гэж хэлж гэнээ.Тэр хүүхдийг ухааныг нь сорих гэж ноён тэгэж ирж гэнэ.Тэгэхээр нь аав нь айж гэнэ.Үгүй ээ одоо яадаг билээ миний хүү.Хэрэв тийм юм хийж чадахгүй бол би чамайг арга хэмжээ авна шүү ч гэдэг юм уу одоо барина шүү,яана шүү ч гэдэг юм уу одоо нэг тийм юм хэлж гэнэ.Тэгээд нөгөө аав нь айгаад үгүй ээ одоо яадаг билээ миний хүү.Эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эр үхрээс чинь сүү гардаггүй шүү дээ,сүү саадаггүй шүү дээ одоо гээд аав нь айж л дээ.Тэгэхээр нь хүүхэд нь айх юм байхгүй ээ ааваа би тэрийг чинь аргалчихна гээд тэгэж гэнэ.Тэгээд маргааш ноёныг ирэхийг дөхүүлж байгаад хаяагаа манаад л,үүд хаалгаа бөхлөөд л,хаяагаа манаад л,өрхөө багасгаад л,жигтэйхэн гэрээ бараг давхарлах шахам болоод байж байж гэнэ.Тэгсэн чинь нөгөө ноён чинь за яасан чи?нөгөө давхиж хүрч ирээд за чи эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрсэн үү? хөө гээд л хүрээд ирж гэнэ.Тэгсэн чинь үгүй ээ үгүй бүрээгүй,аа юу манай аав төрөх гээд би тэгээд хаяагаа манаад зогсож байна гээд тэгэж гэнэ.Эр хүн хэзээ хүүхэд гаргаж байсан юм гэсэн чинь тэгвэл эр үхрээс хэзээ сүү гарч байсан юм гэж хэлээд ноёныг чадаж байсан юм гэнэлээ.Нэг тийм домог байдаг юм.Ухаан нь одоо дээр үед одоо тийм ухаантай,одоо мэргэн цэцэн тийм хүнийг их дээдэлдэг тийм л байсан юм байна л даа.Хаад ноёдууд болох дээр зэрэг тийм хүнийг бас их онцолж үздэг,бас өөрийнхөө одоо иргэн болгох гэж ч байсан юм уу одоо тиймэрхүү байсан юм байналээ.Дээр үеийн одоо хаад ноёдууд гэдэг чинь эрх ямба ихтэй,тийм тэгээд ядуу хоосон хүнээ бас үзэж харахгүй,бас их дарлана,бас одоо их зарцална.Зарцдаа одоо бас хоол унд,мал хуй өгөхгүй бас тиймэрхүү юмнууд манай Монголд чинь энд тэнд зөндөө л байсан юм байналээ л дээ.Тийм байсан юм байналээ.Нэг тийм домог мэддэг юм эмээ нь.
Ариун-Ундрах -
Бас Монголын түүхтэй холбоотой юу ярьж байсан бэ? Тэрийг нь санаж байгаа юу та?
Долгор -
Монголын түүхтэй гэхээр чинь зэрэг одоо... одоо юу л юм даа.Манай аав бол одоо нөгөө Манжийн дарлалын үед л байсан,тэр үеийн л одоо хүн шүү дээ.Тэрний тэр үед л төрсөн юм байналээ.За арай нэг Манжийн дарлалыг яг ч нэг их үзчихээгүй,тэгэхдээ л тэр үеийн л одоо... Тэрийг бол манай аав надад нэг их юм ярьж байгаагүй юм аа.Миний нэг ах байсан юм аа,нас барчихсан одоо.Тэгээд өнөө 39 оны дайнд яваад л,5 жилийн цэрэгт яваад л,зайлуул авгай хүүхэд нь манай гадаа гарахыг хүлээгээд л нэг их олон жил болсон.Аав маань ярьдаг байсан юм.Тэгээд л одоо нутаг усанд чинь нэг их утаа баагиад л байдаг.Утаа суунаглаад л хавар чинь.Одоо тэгээд л улсуудын ярьж байгаа нь бол өө энэ дайны утаа гээд л тэгдэг.Өнөө дан л утаа суунаглаад л ерөөсөө хөх суунагласан утаа л байдаг байсан юм.Намайг жоохон байхад.За тэгээд л өнөө гамингууд гэж нэг сүрхий юм байсан гээд л ярьдаг юм эмээ ээж.Нэг удаа гамин хүрч ирээд,ээжийг жоохон байхад нь гамин хүрч ирээд ээжийг... өнөө ширж байсан ийм ширдэг байж л дээ,ширүүн ширдэг.Тэрүүндээ ингээд боогоод орон доогуураа хаячихаад өөрөө зугтаагаад ууланд гарчихаж байсан юм гэнэлээ манай ээж гээд л ээж ярьдаг юм.Одоо тэр...
Ариун-Ундрах -
Хүүхдээ боогоод уу?
Долгор -
Тийм хүүхдээ боогоод тэр өнөө дугарч болдоггүй юм шүү гэж хэлсэн гэж байгаа юм.Тэгээд өнөө ширж байсан ширмэн ширдэгэндээ ингээд боогоод ингээд өнхүүлчихгүй юу даа.Одоо хивс ингээд өнхрүүлчихдэг шүү дээ.Яг тэрэн шиг ингээд өнхрүүлээд тэгээд өнөө орон доогуураа хийчихгүй юу.Тэгчихээд өөрөө зугтаагаад юунд гарч байсан юм гэнэлээ,ууланд гараад явчихаж байсан юм гэнэлээ гэж ээж ярьдаг юм.Намайг тэгэж байсан юм гэнэлээ жоохон байхад гамин гэж нэг аюултай юм ирж байсан юм гэнэлээ гээд л тэрийг л ярьдаг юм.Аав бол тийм их олон юм нэг их ярьж байгаагүй юм аа.Манай аав чинь их дуугүй тийм хүн байсан юм.Ажил л ярина,одоо бид нарт ажлаа сайн хийж бай,ингээд бүр бид хоёрыг суулгачихна.Тэгэж байгаад ярьж өгдөг.Та нар одоо ажил ингэж хийж бай,ажил хийж байвал ам тосдоно гэж байдаг юм,ажил хийхгүй залхуу хүн бол амьдарч чадахгүй гээд л ингээд л аав маань ярьдаг байсан юм даа хөөрхий муу аав минь.Тэгэж л байсан даа.Зүгээр улсын түүхтэй холбоотой тийм юм бол.Манай аав бол яахав дээ нөгөө юу яасан ш дээ.Одоо тийм цэрэгт яваагүй хүн.Аян жинд их явж байсан.Аян жинд их явдаг,аянчин жинчин гээд л одоо их хүндэлдэг,хойно урдаас нь явна,эргэнэ тойрно гээд л ингээд явдаг тийм байсан юм байналээ.Би тэрийг бол нэг их сайн мэддэггүй юм аа жоохон байсан болохоороо.Юм ховорхон байсныг л би мэддэг юм.Идэж уух юм,одоо чихэр боов гэдэг юм их ховорхон,гурил будаа ховорхон,даавуу даалимба ховор.Нэг даалимба одоо Оросын нэг ийм эвхэмэл нэг тийм боодол даалимба байдаг байлаа л даа дээр үед.Тэгээд тэр нэг дээл хийж хүрэхтэй үгүйтэй л юм байсан даа.Нэг том хүнд бол дээл хүрдэггүй,хоёрыг авахаас нааш.Жижигхэн хүүхдэд бол яахав дээл хүрчихдэг.Тийм даалимбыг л одоо аав ээж одоо бодож байхад гүү,малаар худалдаж авч байсан гэж ярьдаг юм.Тэгэхээр мөн үнэтэй байсан байгаа биз.
Ариун-Ундрах -
Ховор болохоор тэгэж байгаа байх.
Долгор -
Тийм ховор болохоор тийм байхгүй юу.Тэгээд ерөөсөө Оросын нэг тийм даалимба бол ирнэ.За тэгээд арьс ширээ дээр үед чинь одоо өнөө Хятадын пүүсүүдэд худалддаг.Одоо тэд нар чинь янз бүрийн улаан тамхи,цай,давс одоо тэгээд л юу байдаг юм тийм юмаараа л худалдаж авдаг.Тэгээд одоо өнөө арьс ширээ Хятадын пүүсүүдэд худалддаг байсан юм гэнэлээ.Одоо манийг төрөхөөс өмнө шүү дээ тэр чинь.Би бол одоо хувьсгал үүсэхээс хойно төрсөн хүн болохоороо тийм.Тэгээд урд үеийн юм тэр бол тэгэж амьдарч байсан гэж ярьдаг юм.
Ариун-Ундрах -
Таныг хүүхэд байхад бол тэр дэлхийн 2-р дайн бол болсон юм байна тийм ээ?
Долгор -
Тийм.Аан тэр дэлхийн 2-р дайны үед чинь ёстой хэцүү амьдралтай,амьдрал одоо маш хүнд байсан ш дээ.Дэвтэр харандаа олдохгүй бид нарт чинь.Нэг ийм 48 цаастай дэвтэр шиг юм,бодвол манай Монгол хийж байсан юм уу? Оросоос ирж хийж өгч байсан юм уу? Мэдэхгүй.Нэг тийм дэвтэр өгдөг.Тэрийгээ 4 талаас нь 4 хичээл эхэлчихнэ.Нэг талаас нь тоо,нэг талд нь хэл бичиг,нэг талаас нь түүх,нэгд нь газарзүй ингээд 4 талаас нь ингээд 48-хан цаастай дэвтэр шүү дээ тэр чинь.Тэгээд л нэг тийм ганц дэвтэр дээр тэгэж бичнэ хичээлээ.За үзэг гэдэг юм олдохгүй,харандаа олдохгүй.Нэг харандааг ингээд дундуур нь хуваагаад 2 хүүхдэд өгдөг.Тэгээд тэр нь бид нар манай аав ээж цооргоно гээд ногоо байдаг,одоо мод.Тэр цооргонын дундуур нь ингээд нөгөө тугалга цутгачихна.Тэгээд тэрүүгээрээ бичнэ.Заримдаа тэр нь тэгээд дэвтэр цоолоод бас болохгүй ээ их зовлонтой.Тэгээд одоо дэвтэр харандаа олдохгүй,их хүнд байсан.Тийм үед л одоо бид нар сурч байсан даа ёстой.Тэгээд л одоо гэрт сурна,хүйтэн,гал хөс муутай,аргалаар л нэг юм галлана,тэгээд л хүйтэн.Өглөө ингээд л хичээлд хүрээд ирэх дээр нэг муу хорон харандаа ингэж хорыг нь авч байгаад л тэгээд усанд найруулж байгаад хичээлээ бичдэг байлаа.Өнөө чернилль гэдэг юм байхгүй,хорон чернилль гэдэг юм бараг байхгүй,олддоггүй байсан юм.Тэгээд Орос чинь эх орны дайнтай,манайх гэж бас дайнд нэрвэгдчихсэн,ингээд ерөөсөө юм их ховорхон.Бид нарт чинь одоо үнэнийг хэлэхэд одоо цагаан даавуу ёмбуу гээд нэг юм өгдөг.Цагаан ёмбуу.Тэрүүгээрээ нэг дотуур хувцас,одоо нэг цамц,нэг өмд хийж өмсөнө.Өөр яахав одоо өшөө юм байхгүй юм чинь,дэлгүүр хоршоонд ч тийм юм байдаггүй.Тэгээд нэг тийм Оросын тэр даалимбыг худалдаж авахаараа гүү малаар худалдаж авна.За тэгээд нэхийгээ элдээд дээлээ хийж өмсөнө.Аа үхрийнхээ ширийг элдээд гутлаа одоо түрийтэй гутал хийж өмсөнө.Эсгийг яахав түрүүхэн үедээ бол өөрсдөө ноосоо нүдээд саваад эсгийгээ хийгээд байдаг байлаа л даа.Тийм эсгий тийм юм аа өөрсдөө хийчихдэг байсан юм.Монголчууд одоо үхэр малынхаа ширийг өөрсдөө нэг юм элдээд,тэрүүгээрээ Монгол гутлынхаа түрийг хийчихнэ,булгаар гэдэг юм хийдэг.Тийм,за тийм юм хийдэг байсан юм.За тэгээд нэхийгээ элдээд дээлээ хийгээд өмсчихнө.Тэгээд даавуу даалимба бол их ховорхон байсан үе дээ.Одоо ер нь 46-47 он хүртэл ер нь тун ховорхон.Юм ч их ховорхон байсан.Тэгээд одоо олон ам бүлтэй айлд яахав арай нэг жаахан ахиу юм оногдоно,цөөхөн одоо ганц хоёр,3-4-хөн,манайд бол 4-хөн ам бүлтэй байсан юм чинь нэг цайг одоо дугуй булантай цай байна ш дээ.Тэрийг чинь 4 хуваагаад 4 айлд өгдөг.Нэг одоо айлд ухаан нь 2 кг-аас илүү гурил олдохгүй.Цагаан будаа гэдэг юм ховорхон,шар будаа хааяа нэг олдоно.За тэгээд л одоо малын иддэг хивэг гээд нэг гурил байдаг ш дээ.Тэр хивэг гурилыг чинь ингээд шигшээд,марль дээр ингээд шигшээд тэгээд одоо тэр нарийн гурил нь гарч ирж байгаа юм л даа.Тэрүүгээр нь хоол хийж иддэг.Тэр шигшсэн бор гурилаараа дахиад бас хоол хийнэ,тэрийгээ ч хаяхгүй.Тэгэж л амьдардаг байсан юм.Амьдрал бол маш хүнд байсаан,эх орны дайны үед үнэхээр хүнд байсан.Түрүүхэн үедээ бол нөгөө Хятадын пүүс овоо их байсан болохоор зэрэг хувьсгал үүсэхээс өмнө бол яахав тэр Хятадаас одоо бас янз бүрийн юмнууд аваад бас тамхи тариа,тэгээд л одоо Хятадын даавуу даалимба,янз бүрийн юм бас арай гайгүй байсан юм шиг ярьдаг юм аа ээж.Тэгээд ерөөсөө хувьсгалыг үүссэнээс хойш тэр өнөө Хятадын пүүс чинь байхгүй болчихсон,бараг байхгүй болсон.Тэгээд байсан газраа энэ хот хүрээгээр бол байсан л байх.Тэгээд хөдөө газартаа бол байхгүй.Тэгээд аянчин жинчинд л явахлаар хүмүүс нэг жаахан юмтай болно.Тамхи тариа,тэгээд л нэг идэх уух еэвэн боов ч байх шиг,авдар сав ч Улаанбаатараас аваачиж байх шиг.Нэг л тиймэрхүү л байсан юм.Хөдөөдөө бол их хэцүү байсан юм аа,амьдрал маш хүнд байсан ш дээ.Тийм л байсан юм даа.Миний хүүхэд байх үеи бол их хүнд үед өнгөрсөн юм байналээ одоо бодож байхад.Одоо орчин үеийн хүүхдүүдийг бол юм их ховорхон тийм л байсан даа.За нэг сургуульд явах ч аа болно,тэгээд хичээлд сууна.Тэгээд л хөлдөж үхчих гээд л хөл гар даараад л,морьтой давхина хөдөөнөөс,тэгээд л одоо түлээ нүүрс гэж юм байхгүй.Аргал түлнэ манай нутагт чинь тийм мод хад ховорхон.Аргалаа л түлээд байна ерөөсөө.Тэр чинь их олигтой халуун дулаан илч муутай байдаг юм ш дээ аргал чинь.За нэг тиймэрхүү л амьдралтай явж ирсэн дээ эмээ нь хүүхэд байхад.
Ариун-Ундрах -
Тэр бага сургуульд багш нар нь ямархуу хүмүүс байдаг байсан бэ?
Долгор -
Одоо зарим нь бол яахав ээ энэ хотоос төгсөж очсон багш нар байлаа л даа.Одоо багшийн сургууль төгссөн тийм багш нар очиж байсаан.Гайгүй ээ гайгүй,гайгүй бас сайхан хичээл зааж барьдаг бас боловсролтой л байсан юм байналээ одоо бодож байхад.Тэгэхдээ тэгээд л одоо 4-р ангийг онц төгссөн,биеэр жоохон томруухан тийм хүүхдүүдийг бас курст суулгаад багш болгож байсан л даа.Тэгэхдээ манай ангийн багш нар бол гайгүй улсууд байсаан.Тийм,Бавуу гээд нэг багш байдаг байлаа.Дандаа хотоос сургуулиа төгссөн,багшийн сургууль төгсөөд л хөдөө орон нутагт очиж байсан тийм багш нар манай сургуульд багшилж байсан юм.30-40-өөд оны үед чинь тийм багш нар байсан л даа.
Ариун-Ундрах -
Тэр тэгэхээр ямар ямар хичээл үзэх үү?
Долгор -
За байз тэгэхээр чинь тоо орно,хэл бичиг гээд орно,түүх орно.Одоо Монголын түүх ч бас ордог л байсан л даа.Одоо бас янз бүрийн түүхийн хичээл.Дэлхийн байгаль гээд л нэг юм ордог.За тэгээд биеийн тамир ордог байлаа.За нэг тиймэрхүү хичээлүүд ордог байсан юм даа.Хэл зүй бил үү? Бас нэг үлгэр домог ярьдаг бас нэг хичээл байсан юм аа.Тэр чинь юу билээ дээ?
Ариун-Ундрах -
Уран зохиол шиг үү?
Долгор -
Уран зохиолорхуу л юм даа тийм,уранзохиол л юм даа,тийм хичээл ордог байсан юм.
Ариун-Ундрах -
Та тэгээд бага сургуульд сурахдаа бол яг гэрээсээ явсан болохоос дотуур байранд байж үзээгүй юу?
Долгор -
Үгүй ээ.Дотуур байранд би ерөөсөө сууж байгаагүй.Дандаа л өнөө морьтой хөдөөнөөс давхиад л зуны цагт бол яахав дээ тэгээд л сургуул тарчихна.Аа энэ Өвөрхангай аймаг дээр очоод дотуур байранд нэг хэсэг байсаан.Аймгийн төв дээр оччихоод,нөгөө ээж хөдөө мал дээр байж байсан болоод нэг тэрүүхэн хооронд нэг 5-р ангид байхдаа билүү дээ дотор байранд нэг хэсэг байсан.Гайгүй ээ гайгүй,дотуур байранд байгаад л сайхан,одоо хөдөөг бодвол бас арай нэг соёлтой,цагаан даавуутай хөнжил нөмөрчихнө.Бас нэг сайхаан,сайхан хоол өгчихнө.Өнөө ногоо идэж чаддаггүй хөдөөний хүүхэд.Одоо төмс гээд нэг юм шороо амтагдсан юм даа.Тэрийгээ идэж чадахгүй их хөглүүлнээ.Тэгдэг байсан юм.Тэгээд тэр төмстэй хоолыг нь би төмсийг нь ялгаад л суудаг.Тэгээд л нэг хоол тийм төмстэй ногоотой шөл гээд л нэг юм өгдөг байсан юм.Төмсөө идэж чадахгүй багшид загнуулаад л,тогоочид загнуулаад л аашлуулаад бид нар.Би ганцаараа биш л дээ,олон хүүхдүүд тэгдэг л байсан юм.Эрэгтэй хүүхдүүд болохоор өө дажгүй зүгээр идчихдэг.Нэг хэдэн охидууд болохоор тэгээд түрүүхэн суучихаад нөгөө төмсийг нь ялгаад л суучихна.Ядахдаа төмсөө аваачаад хальстай нь хийчихнэ.Тэгээд өнөө хальсыг нь ялгах гээд бөөн юм болно.Тэгэж л байсансан инээдтэй.Талх гэдэг юм нь сургуульд байсан болохоор,дотуур байранд байсан болохоор талх нь олдоно доо харин.Их сайхан амттай.Талх гэдэг юмыг аймгийн төв дээр ирээд л идэж үзсэн л дээ сургуульд байхдаа.Тэгээд нөгөө сургуулийн хүүхдийн хоолонд чинь өдөрт өнөө нэг талх өгдөг юм.Өглөөд л нэг тийм овоо том талх л өгдөг байсан юм даг.Тэгээд өнөө масло гэж юм бараг байхгүй.Тэгээд хөдөө байсан болохоор шар тос тийм юм өгнө.Нэг 2-3 ёотонтой.Тиймэрхүү л юм иддэг байсан юм даг дотуур байранд тэгдэг байлаа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр таныг дунд сургуульд ороход ч юм уу тэр үед нөгөө дэвтэр үзэг олдох нь...
Долгор -
Тийм олдож байсан,арай дээр болчихсон байсан.Тэр чинь одоо 46-47 он гэхээр чинь арай өнөө дайн байлдаан нэг жаахан зогсчихсон,тэгээд бас нэг арай нэг жаахан гайгүй байсан үе юм байх аа даа.Тэгээд манайх чинь одоо юмаа дандаа Оросоос л авдаг байсан юм чинь.Тэгээд Оросын дэвтэр ирнэ.Тэгээд нэг харандаа үзэг бол арай дээр.86 гээд нэг ийм үзэг байх,пионер үзэг гээд нэг тийм даралттай үзэг гээд нэг юм байх,тэгээд хорон чернилль нэг тийм уутанд хийчихсэн чернилль ирдэг байсан юм.Тэгээд яахав ээ тэр өнөө хөдөө Өвөрхангайн бага сургуульд байдгийгаа бодвол арай гайгүй болчихсон байсаан.Тэгэхдээ ийм боловсон одоогийнх шиг ийм бал мал юу ч байхгүй,тэр чинь ёстой олддоггүй байсан үе.Барааг нь ч хараагүй ёстой нээрээ.Тэгээд л нэг юм 10-р ангиа төгсөж байсан юм даг бид нар.
Ариун-Ундрах -
Аа ном яадаг байсан бэ?
Долгор -
Ном бол багш л номтой.Тэгээд сүүлд 9-10-р ангид ороход овоо ном олддог болсоон.Алгебрийн ном,геометрийн ном,за тэгээд л дундад зууны дэлхий дахины түүх гээд л номнууд олддог болчихсон сүүлдээ,сүүлхэн үе рүүгээ нэг 48-49 оны үед бол тийм ном дэвтэр бол элбэг болсон байсан,50-иад оны үед арай дээр болчихсон байсан.Дээр үедээ бол юу ч байхгүй тийм юм чинь ёстой,ёстой нүдний гэм.Тэгээд багш л нэг номтой,тэгээд л багшийн хэлснийг л одоо бичиж авна.Багш яаж нэг ном одоо бодвол эрхбиш сурах бичгийг нь бас цаанаас нь хангадаг байсан байлгүй дээ бодвол.Тэгээд багшийн номноос өөр ерөөсөө ном байхгүй.Тэгээд нэг дэвтэр харандаа л нэг жаахан цаастай л тавьж өгнө.За тэрүүгээрээ л тэгээд л,өвөртөлчихнө нөгөөдөхийгөө,заримдаа цүнхтэй цүнхэндээ хийгээд л явна.Аа харандаагаа хаячих юм бол за тэгээд хичээл бичиж чадахгүй,тэгээд л зүгээр сууж байхаас өөр үг байхгүй.Тэгээд нөгөө харандааг чинь хуваачихна,дундуур нь ингээд хуваагаад,тэгээд нөгөө хуваасан харандаагаа нэг ингээд ийм эрчлээс гаргаж байгаад утсаар оосорлоод товчноосоо зүүчихнэ.Тэгэхгүй бол алга болчихно ш дээ,хаячихна.За тэгээд хаячих юм бол хичээлээ хийж чадахгүй.Тийм учраас тэрүүндээ их чамбай хандана.Ёстой нэг харандааг зүгээр өдийхөн болтол нь бичнэ шүү дээ.Үзүүрлэсээр байтал өнөө муу харандаа чинь бүр яваад өгч байгаа юм чинь.Хааяа нэг хот хүрээ орсон улсууд нэг харандаа авчирч өгнө.Тэгэхээр нэг ашгүй нэг сайхан чөлөөтэй бичиж авдаг тийм л байсан юм.
Ариун-Ундрах -
Та ямар ямар хичээлдээ илүү сонирхолтой байсан бэ?
Долгор -
Би бол одоо уранзохиолд их сонирхолтой.Тийм,тоогоо бол сайн боддог байсаан.Дунд ангид ороод ирснээсээ хойш түүх,дэлхийн газарзүй их сонирхолтой,сайхан сайхан хичээл заадаг байлаа л даа.Одоо энэ газрын зураг дээр чинь их тодорхой,их нарийн ,их сайхан сайхан хичээлүүд ордог байсаан.Одоо орчин үеийн хүүхдүүд чинь харин зургандаа тааруухан байдаг юм уу хаашаа юм.Бас нэг зарим юманд тааруухан юм шиг харагдаад байдаг юм ш дээ.Маний үед бол их нарийн чанд,хатуу байсан.Сургуульд бол юм сургах гэж ёстой үнэн хичээдэг.Хүүхдүүд ч сахилга баттай сүрхий сурдаг байж,одоог бодвол чинь багш л юу гэж хэлнэ,багшийн үгийг л яг дагана.Тийм байсан юм даа.Сахилга баттай,барагтай бол ерөөсөө тэгэж гадуур дотуур тэнэхийг мэдэхгүй,хичээлээ л үзнэ ерөөсөө.Аав ээж ч хичээлд их шахдаг хичээлд,номоо л үз,та нарт одоо ном чинь л хоол болно,энэ номоо л сурсан байхад энэ чинь л та нарын одоо ирээдүйн амьдрал чинь энэ л болно гээд л одоо.Ээж минь одоо сүүлдээ бүр номноос салгахаа байсан,ном их уншдаг байсан би.Одоо энэ номын сангийн эрхлэгч хийгээд энэ хөдөө гарч ирээд би чинь ном,их олон номтой манай нэгдлийн номын сан олон номтой байсан.Тэгээд ном их уншдаг байсан.Хүүхдүүдэд ч ном их уншуулна,өөрснөө ном их уншина.Тэгдэг байсаан.Яг үнэнийг хэлэхэд би ном их уншиж байсаан хүүхэд байхдаа.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд насны мөрөөдөл чинь юу байсан бэ?
Долгор -
За ер нь хүүхэд байхад ч одоо тэр үедээ л бол одоо ер нь мэдэхгүй ээ юу гэж мөрөөдөж байсан юм,би сайн мэддэггүй юм.Сүүлд нь л одоо их сургуульд орох юмсан,том одоо эрдэмтэй хүн болох юмсан гэж л ингэж боддог байсан.Тэгсэн чинь шал өөрөөр эргээд л тэгээд л урлагийн ажилд л орчихсон.
Ариун-Ундрах -
Та өөрийнхөө дуулдаг авъяасыг ер нь хэзээ анх мэдсэн бэ?
Долгор -
Өө ер нь хүүхэд байхдаа бол би бас дуулах их дуртай.10 жилийн сургуульд байхдаа сургуулийн концертонд ороод л нэг хургачин гээд дуу дуулдаг байлаа.Ер нь дуу сонсох их дуртай.Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд байж байхад нөгөө улаан гэр гээд л нэг юм явдаг байсан юм.Улаан гэр гэдэг маань юу байсан гэхээр одоо ухуулга сурталчилгааны ажил.Нэг майхан барьчихаад л,тэгээд л нэг багтруул тавиад л.Багтруул гэж нөгөө дуулдаг хайрцаг шүү дээ.Тийм юм тавьчихаад тэгээд Гоолингоо гээд нэг ийм дуу дуулаад л.Одоо дээр үеийн нөгөө бөмбөгөр театрийн жүжигчид л байсан юм байналээ л дээ.Намайг жаахан байхад тийм юмнууд их,манай суманд их очдог байсан юм.Тэрүүн дээр гүйж очоод л,тэрүүнд очих их дуртай.Тэрнээс ай янз бүрийн гоё зурагтай самбарууд гаргачихна,тэрийг нь үзээд л тэгээд л байдаг.Тэгээд манай ээж их сайхан дуулдаг хүн байсан юм.Тэгээд л ээжийгээ дагаад л дуулаад л уртын дуу дуулна.Янз бүрийн л одоо цонхон дээр суусан ялаа,тэгээд л баян Монгол энэ тэр гээд л дуунууд гарчихсан байсан даа намайг жоохон байхад.Тэд хэдийг дуулах их дуртай,ээжийгээ их дагаж дуулдаг байсан юм би.Тэгээд манай нутгийн хөгшчүүд хааяа нэг найр юм даа,наадам болоод л,найр энэ тэр болно.Тэгэхээр тэрэн дээ очих их дуртай,тэр улсуудын дуулж байгаа дууг их сонсох дуртай.Тийм л байсан.Хүүхэд байхаасаа би ер нь урлаг уран сайханд их дуртай байсан юм байналээ.Тэгээд сүүлдээ л ерөөсөө жинхэнэ ойлгоод л ер нь их сайхан юм байдаг юм байна гэдгийг сүүлд л ухаарсан л даа ер нь.
Ариун-Ундрах -
Аа тэгээд та 10-р ангиа төгсөөд тэр юунд очсон байх тийм ээ?
Долгор -
10-р ангиа төгсчихөөд ингэсэн юм.Хөдөө ээж маань ганцаараа,өнөө аав нас барчихсан.Тэгээд мал дээр байлгах гээд намайг сургуульд явуулахгүй аваад үлдчихсэн ээж,10- анги төгсчихөөд.Тэгсэн чинь сумын захиргаанаас шаардаад энэ одоо төвөөс гэгээрлийн хэлтэс гэж аймгийн төвийн гэгээрлийн хэлтэс гэж одоо соёл боловсрол хариуцсан одоо нэг том байгууллага юм байна даа хэлтэс гэхээрээ.Тэр чинь л одоо өнөө хэдэн хүүхэд 10-р анги төгссөн,хэдэн хүүхэд 8-р анги төгссөн гээд л ингээд л өнөө төгссөн хүүхдүүдийг чинь ингээд л зүгээр яг нэрээр нь,сум сумаар нь,аймаг аймгаар нь хөөж байгаад л тэгээд мэдчихдэг байхгүй юу.Тэгээд л одоо тийм хүүхэд ийм юманд явсан,ийм хүүхэд ийм сургуульд явсан гэдгээрээ хөөгөөд,би яваагүй нутагтаа үлдчихсэн болохоор намайг чинь өдөр болгон сумын захиргаанаас чинь хүн ирээд шаардаад,одоо аймаг руу яв,сургуульд яв,их сургуульд яв гээд ингээд хөөгөөд ерөөсөө бүр суулгадаггүй.Тэгээд одоо явахаас өөр үггүй болж байгаа юм чинь.Тэр чинь тэгэхгүй бол хууль цааз заагаад л одоо янз бүрийн юм яриад.Тэгээд л одоо явсан юм даа сургуульд.Тэгээд Улаанбаатар хотод их сургуульд ирж байгаа царай нь тэр.54 оны намар ирсэн юм.Тэгээд нэг өдөр их сургуульд орох гээд л тэгээд намар Бор нуурын сангийн аж ахуйд төмсний юунд яваад,өнөө оюутангуудтай цуг төмс хураах ажилд яваад л.Тэгээд өнөөх төмсөн дээр очоод өө намар даараад,ядраад ёстой тэр нэг бороо гэдэг чинь ороод,өнөө шавхайн дотор,төмсний юун дотор чинь хөл нүцгэн арай явж чадахгүй.Гутал маань өнөө шавран дотор нь шигдэж унаад,өнөө төмсийг чинь түүнэ.Ёстой их зутарсаан,тэр намар ёстой ээ базарваань.Нэг сар л явж байгаа юм л даа.Тэгээд л намар яваад,тэгээд ирээд нэг 10 сар болж байхад сургууль дээрээ ирээд л,тэгээд сургуульдаа ороод тэр улсын их сургуулийн нөгөө хүний эмнэлгийн одоо эмчилгээний анги гэдэгт оруулсан юм намайг.Одоо хүний их эмч л болох байсан юм байналээ л дээ.
Ариун-Ундрах -
Одоогийнхоор бол Анагаахад орсон юм байна...
Долгор -
Тийм ээ тийм,яг одоогийнхоор бол анагаахад л орсон.Тэгээд тэрүүнд би чинь 3 сар сурсан юм байнаа.Яахав нэг 180 төгрөгний степенттэй,заримдаа тэр онц сурсан хүүхдүүд энэ тэрт бол 250 төгрөг өгч байсан гэж ярьдаг юм аа.Тэгээд 180 цаасны степенттэй их сургуульд орчихоод л,миний ах одоо бас тэр зоотехникийн сургуульд байсан юм.Тэгээд ах бол намайг бодвол 2-р анги.Би дөнгөж эхэлж сургуульд орж байгаа,надаас түрүүлээд явчихсан юм чинь ах.Тэгээд л муу ээжийгээ одоо өвөл ирүүлэхээс өөр арга байхгүй.Оюутны байр гэж байсан л даа.Тэгээд л одоо би ээжийгээ санаад,нөгөө муу ээж маань бид хоёрыг санаад 2 газар гурвуулаа байгаад яах юм яршиг гээд хэдэн малаа айлд ахындаа тавьчихаад л тэгээд ээж маань хүрээд ирсэн юм.Тэгээд эжийтэйгээ, ахтайгаа гурвуулаа тэгээд л байж байсан юм их сургуульд.Тэгээд нэг өдөр эм авах гээд манай муу ээжийн бие нь муудаад,муу ээж маань бие нь жаахан ядраад байсан юм,хөдөө байсан болоод тэгсэн юм уу яасан юм.Тэгээд ээждээ эм авах гээд одоо хуучин их дэлгүүр гэж байсан даа,одоо музей байгаа.Тэр хуучин их дэлгүүрийн тэр лүү очоод нэг аптек байдаг байсан юм.Тэр аптекаас эм авах гээд яваад очсон чинь тэр урд талд нь нэг том оо анонсон дээр ардын дуу бичгийн чуулгад дуучин авна,элсүүлж авна,шалгалт авч байна гэсэн нэг тийм том зарлал байсан байхгүй юу.Тэгэхээр нь зэрэг энэ ер нь хаа байдаг юм бол тэр ансамбль гэдэг нь гэж бодоод хүнээс очоод асуусан чинь энүүхэн өмнө байдагюм,энэ усны гудамжинд байдаг юм гэсэн.Тэгэхээр нь зэрэг гүйгээд,тэр залуу байхад шал ондоо байж дээ.Гүйгээд тэр усны гудам руу нь уруудаад гүйгээд яваад очсон чинь тэр ансамбль гэдэг нь байнаа.Тэгээд маргааш өглөө хүрч ирээд шалгуулаарай гэж байна.Тэр өдөр тэр ансамблийн улсууд нь тоглолтонд явчихаж байхгүй байсан юм.Тэгээд маргааш өглөө нь хичээлдээ явж байгаа нь энэ гэж яваад,тэгээд хичээлдээ ч явсан юм байхгүй өнөө хичээлээ таслаад,тэр чинь ансамбльд шалгуулах гээд нуугдаад явж байгаа юм шүү дээ.Одоо хүүхдүүдээсээ,ээж энэ тэрээсээ нуугдаад л.Тэгээд яваад очсон чинь тэр улсын гавъяат жүжигчин Дорждагва гээд алдарт дуучин байдаг шүү дээ уртын дуучин.Тэр Дорждагва гуай хүн шалгаж авч байна.Тэгээд Дорждагва гуай гэдэг хүнд би шалгууллаа.Шалгуулаад дуу дуулаад,хөгжим дээр бас нэг сонсгол шалгаж байсан.Тэр тэрийг нь бүгдийг нь шалгуулсан чинь тэгээд сайн одоо тэнцлээ гэдэг юм байнаа.Их сургуульд байдаг ч гэж би хэлээгүй.За тэнцлээ чи одоо ямар ч байсан 7 хоног дагалдангаар яваадах гээд тэгдэг юм.Тэгэхээр нь 7 хоног дагалдангаар нь яваад,хичээлдээ явж байгаа хүн болоод яваад байсан чинь нэг өдөр л ах тэгэж байна.Чи чинь яагаад хичээлдээ явахгүй байгаад байгаа юм бэ? Чи одоо хаачаад байгаа юм? гээд ахыг асуухаар нь явж байгаа шүү дээ гээд ингээд худлаа яриад.Тэгсэн чинь үгүй ээ танай ангийн хүүхэд надаас асууж байна.Тэр танай дүү чинь хичээлдээ явахгүй байна гээд байна.Чи яагаад хичээлдээ явахгүй байгаа юм гэдэг юм.Тэгээд яахав дээ баригдаад сүүлдээ,тэгээд орсон доо.Тэгээд ансамбльдаа орчихсон,сургуулиа хаяад л.Тэгээд л чуулгад ороод л,тэгээд 55 оноос эхлээд шалгалтанд өдөр болгон шахуу шалгалтанд ороод,тэгээд тэр фестиваль гэдэг юманд тэнцээд л,тэгээд л явчихсан юм.Тэгээд л ардын дуу бүжгийн чуулгад байхад чинь одоо төлөвлөгөө биелүүлнэ гээд өнөө төлөвлөгөөтэй байсан юм чинь.Тэгээд 60 хоногийн бригадаар явна.
Ариун-Ундрах -
Бас төлөвлөгөө биелүүлэх үү тийм ээ?
Долгор -
Тийм,аймар их төлөвлөгөөтэй.Тэгээд 60 хоногийн бригадаар явдаг.Үгүй ээ мөн хэцүү хэрэг шүү дээ 60 хоногийн бригад гэдэг чинь.Тэгээд нэг машинтай,тэрэн дээрээ пүүгээ дэвсгэрээ ачаад л,тоглолтынхоо хувцсыг ачаад л,тэгээд л 60 хоногийн бригадаар 60000 төгрөг олно гээд л ингээд л.Тэгээд энэ аймгаар ингээд л ухаан нь баруун аймаг гэхэд чинь л Ховд,Говь-Алтай,Баянхонгор гээд л явчихна,Завхан энэ 4 аймагт 60 хоног явна.Аа хойшоо явсан бригад болохоор чинь бол одоо энэ Булган,Архангай,Хөвсгөл, Сэлэнгэ гээд л явчихна.За тэгээд энэ зүүн 3 аймагт болохоор чинь Хэнтий,Дорнот, Сүхбаатар,Дорноговь гээд л ингээд яваад өгнө.Ингээд ерөөсөө 4 зүг 8 зовхист л шувтан явчихна ерөөсөө 60 хоног.Үгүй ээ мөн лут байгаа юм шүү 60 хоног явна гэдэг чинь.Тэгээд л өнөө муу хүүхдүүдийг чинь ээж маань өсгөөд,энэ бас хотод ажиллаж байсан.Тэгээд хоёулаа тэгээд л ээлжлээд л нэг юм тэгээд хэдэн хүүхдээ өсгөх гээд мөн ч их зүдэрч байж дээ базарваани хум пад.Улсын төлөвлөгөө биелүүлэх гэж шахуу төлөвлөгөөтэй тэгээд явж байсан.Тэгээд л одоо надад энэ МУ-ын 18 аймагт одоо ер нь очиж үзээгүй аймаг Сүхбаатар аймаг,Баян-Өлгий аймаг хоёрт л очиж үзээгүй.Бусад бүх аймгуудаар орж,сум сангийн аж ахуй,тэгээд ер нь үнээний ферм,хадлангийн бригад,өнөө очихгүй ч газар байхгүй.Тоглолт хийгээд л 5 төгрөг олох гээд л ингээд зүтгээд л.Тэгсээр яваад одоо тэгээд л ансамбльд би одоо 10 гаран жил болоод л,тэгээд л өвгөнийг дагаад хөдөө гараад гарчихсан юм даа.
Ариун-Ундрах -
Та тэгвэл анх аягүй зоригтой сургуулиа орхиод явсан байна ш дээ тийм ээ?
Долгор -
Тэгсэн ш дээ,сургуулиа орхиод шууд ерөөсөө чуулгад орно гээд л.Тэгээд сургууль ч миний хойноос хөөцөлдөөгүйи тэгээд орхисон байх.Тэгээд ансамбльд ороод л тэгээд тэр дэлхийн залуучуудын оюутны 5-р фестивалд явна гээд л онгироод,тэрүүнд л явахын төлөө гол нь тэгээд сургуулиа зоригтой орхисон л доо.
Ариун-Ундрах -
Тэр сургуульдаа хэр удаан явчихсан байсан бэ?
Долгор -
3 сар явчихсан байсан шүү.
Ариун-Ундрах -
Эхний симистр эхлээд л явж байсан юм байна тийм ээ?
Долгор -
Ммхмм тийм,10 сар,11 сар,12 сарыг дуусгаад шинэ жилийн дараахан л юм даа.Тэр чинь 1 сарын 17-нд л би анх ансамбльд орж байсан юм даг.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэр фестивал нь хэдэн онд болох байсан фестивал вэ?
Долгор -
55 онд,55 оны 8 сарын 1-ээс л эхлэх байсан даа.Варшавт...
Ариун-Ундрах -
Тэрүүндээ та хэзээ шалгуулж байгаа билээ?
Долгор -
Өө ерөөсөө л өнөө ансамбльд байхад л өдөр болгон шахуу шалгаж байгаа юм чинь бид нарыг чинь.Дуу хөгжим,тэгээд л ерөөсөө биеийн одоо юу байдаг юм одоо Монгол хүний чинь одоо нүд хар,одоо юу гэдэг юм үс хар,нүд хар,хамар шулуун ч гэх шиг одоо тийм тодорхойлолтууд байдаг.
Ариун-Ундрах -
Бас уу?
Долгор -
Тийм,байсан.Тэгээд тийм тийм юманд нь,тэгээд өнөө дуу заасан дуугаа цугааранг нь сураад л өдөр болгон шахуу л бараг ерөөсөө 7 хоноод шалгалтанд орно,7 хоноод шалгалтанд орно.Тэгээд л явчихсан,таараад л тэнцээд явсан.Тэр үед чинь их хэцүү байсан л даа хатуу,хатуу үе байсан юм.Тэгээд тэнцээд явсан юм.Тэгээд дараагаар нь Москвад болсон бас дэлхийн залуучуудын оюутны 6-р фестивал болсон юм Москвад.Тэрэнд бас тэнцээд,ингээд 2 том фестивалд тэнцээд явчихсан.Өө сүүлдээ бүр сурчихсан.
Ариун-Ундрах -
Туршлагатай байна уу?
Долгор -
Тийм,туршлагатай жүжигчин болохгүй юу даа.Тэгээд одоо энэ Түмэндэмбэрэл, Норовбанзад энэ тэр чинь 57 онд л ардын дуу бүжгийн ансамбльд хөдөөнөөс шалгарч ирж байсан юм.Тэдэнтэй чинь цуг л одоо би сайхан найзууд,үерхдэг тийм л байсан хөөрхий минь.Тэгээд тэд маань сүүлд нь тэгээд л мундаг мундаг,том том жүжигчин болоод л,тэгээд одоо ардын жүжигчин,гавъяат жүжигчин,цугаараа л тийм болоод л тэгээд нас барцгаачихлаа даа.Нас нь яагаад тийм богинохон болчихсон улсууд юм мэдэхгүй.Надаас дүү л улсууд юм байгаа юм.Нэг нь юу Түмэндэмбэрэл бол надаас дүү.Норовбанзад бол нэг 2 ах билүү дээ надаас,тийм л юм даг.
Ариун-Ундрах -
Тэгээд эхнийх нь фестивал нь ямар фестивал билээ?
Долгор -
5-р фестивал.Дэлхийн залуучуудын оюутны 5-р фестивал.
Ариун-Ундрах -
Аа тэр нь Германд болсон юм уу?
Долгор -
Аа тэр юунд Варшавт.
Ариун-Ундрах -
Аан Варшавт,Польшд болсон юм байна тийм ээ?
Долгор -
Тийм,Варшавт болоод тэндээсээ бас шалгараад цаашаагаа Германд бас яваад, урлагийн төлөөлөгчөөр явж байгаад тэгээд концертоор цаашаа явж тоглож байгаад нэгмөсөн тэгээд тэрүүгээрээ тэгээд яваад өгчихгүй юу даа.
Ариун-Ундрах -
Аа тэгээд дараа нь бас Оросод болсон юм байна тийм ээ?
Долгор -
Тийм тэгээд Оросод Москвад болсон нь бол 57 онд 6-р фестивал болсон.Тэгээд тэнд чинь маш олон 114 орны 30000 гаран залуучууд цугларсан юм.Сүүлийх нь 121 орны 50000 гаруй залуучууд цугларсан.Тийм их орны,тийм маш том ажил байхгүй юу тэр чинь одоо.Энхтайван найрамдлыг л одоо энхтайвны төлөө л одоо хийсэн гол юм нь тэр шүү дээ.Олон орны залуучуудыг энхтайвнаар зэрэгцэн орших,энхтайван байх тийм л зорилготой.Дээр үед чинь одоо нөгөө дэлхийн 2-р дайнаас хойш л одоо дахиж дайн гаргахгүйн төлөө л одоо тийм юмнууд тэгэж зохиогдож байсан байгаа юм,оюутан залуучууд дунд.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө 10-р ангиа төгсөөд Улаанбаатар руу анх орж ирэхэд тэр үеийн Улаанбаатар хот ямархуу хот байсан бэ?
Долгор -
За тэгэхэд чинь одоо цөөхөөн барилгатай.Одоо миний бодоход энэ улсын их сургууль байсан,за нэг дуурь бүжгийн театр одоо дөнгөж л байсан даа.Бөмбөгөр театр нь шатчихаад тэгээд энэ дуурь бүжгийн театр одоо саяхан баригдсан.Тэгээд л одоо цөөхөөн улсын их сургууль,6-р 10 жил,1-р 10 жил гээд нэг ганц.Ер нь тун цөөхөн барилгатай байсан ш дээ.Улаанбаатар чинь цөөхөн төвийн хэдэн цагаан байшингууд л байсан.Өөр ерөөсөө тийм Элдэв-Очир байсан,холбоо гэж нэг хөгийн юм байсан юм.Тэр чинь сүүлд,одоо энэ байгаа нь сүүлд барьсан ш дээ.Орон сууц яахав дээ жилээс жилд нэмэгдээд л овоо сайхан болоод л байсан.Одоо ч тэгээд бүр барилга чинь дийлдэхээ байсан байналээ л дээ ерөөсөө.Аймар их барилгатай болчихсон юм байналээ одоо.
Ариун-Ундрах -
Тэр үеийн айлууд нь тэгээд нөгөө гэр хороолол шиг...
Долгор -
Ааан гэр хороололтой.Дандаа л гэртэй ерөөсөө.Хашаа ч гэж байхгүй,зүгээр нэг задгай,зарим нэг газар нь хашаатай,зарим газартаа ерөөсөө хашаа ч байхгүй.Бөөгнөсөн бөөгнөсөн гэрүүд.Нэг их заваан новширсон,хогтойгоо,нохойтойгоо заваарсан тийм л байсан.Аймар муухай заваан,ялаа батгана нь ч гүйцэгдэхгүй зун болохоор ерөөсөө хэцүү байсаан.Одоо тэр үеээ бодвол Улаанбаатар чинь харин сайхан болчихоод байгаа юм л даа.
Ариун-Ундрах -
Танайх яг хаахнуур нь байсан бэ?
Долгор -
Манайх дөнгөж бид хоёр хөдөөнөөс ирэхдээ л цуг Улаанбаатар хотод тэр пионерийн ордны хойд талд байсан юм.Тэнд нэг хэсэг байж байгаад хашаатай болоод,тэгээд яахав дээ муу ээжтэйгээ,ах бид гурав байж байгаад ах маань сүүлд нь сургуулиа төгсөөд нэг авгай аваад,хүүхэдтэй тусдаа гараад,тэгээд ээж бид хоёр байж байгаад тэгээд л ерөөсөө 58 оноос л энэ өвгөн бид хоёр танилцаад тэгээд 59 онд суусан юм бид хоёр.Тэгээд сүүлдээ тус тусдаа муу ээжтэйгээ цуг л яваад л байсан л даа.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд түр өндөрлөе өө.Дараа дахиж үргэлжлүүлье.
Долгор -
За.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.