Gombo-Ochir

Basic information
Interviewee ID: 990185
Name: Gombo-Ochir
Parent's name: Avir
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Miner, retired
Belief: Buddhist
Born in: Bürd sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
work
family
authority
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?Гомбо-Очир гуай.
Гомбо-Очир -
Сайн.Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?
Ариун-Ундрах -
Сайхан хаваржиж байнаа.Та сайхан хаваржиж байна уу?
Гомбо-Очир -
Сайхан хаваржиж байнаа.
Ариун-Ундрах -
Хоёулаа одоо түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжлүүлж ярихаар ирсэн юм аа.
Гомбо-Очир -
За тэгье өө тэгье.
Ариун-Ундрах -
За түрүүчийн удаад хоёулаа таны ажил амьдралын тухай ярилцсан ш дээ тийм ээ? Тэгээд тэрнээс яриагүй үлдсэн бас асуух асуултууд үлдсэн байна л даа.
Гомбо-Очир -
За.
Ариун-Ундрах -
За.Тэгээд хамгийн эхний ерөнхий асуулт болохоор таны амьдралд тийм ямар нэгэн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал болсон уу? Хэрвээ тийм юм байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Гомбо-Очир -
За миний амьдралд нөлөөлсөн гүн гүнзгий юм гэх дээр зэрэг яахав одоо 65-66 жил хорвоод мэндлээд насалж байна.Энэ хооронд баяртай үйл явдлууд ч тохиолдож л байсан.За мөн одоо гунигтай үйл явдлууд ч тохиолдож л байсан.За би хамгийн гол нь юу гэх дээр зэрэг зүгээр ердийн тийм нэг ажилчин хүн байж байгаад,аа ажилчин залуу байж байгаад ардын армид очоод аа бас цэргийн алба хаадаг хүн бүхний хийгээд байдаггүй одоо офицероор дэвшиж байсан асуудал миний амьдралд тохиолдсон нэг том баярт үйл явдал.Тэр бол одоо санаандгүй л юм болсон юм үндсэндээ нэг.2-р том үйл явдал нь юу гэх дээр зэрэг ердийн нэг тийм нэг эвлэлийн ажилтан,офицерийг тухайн үед ЗХУ-д очиж сурна гэдэг асуудал ер нь байдаггүй л байлаа шүү дээ.Тэр Орос руу нэг хэд хоногоор нэг жуулчлах юм уу аялах ийм хугацаанд явахад чинь одоо бөөн баяр болж,бөөн найр хийгээд л явдаг байлаа ш дээ.Тэр үед чинь одоо Орос руу гэдэг нэг тийм байгаа юм.Аа тэр үед би тэр дээд сургуулийн дэргэдэх дээд курст явсан асуудал бол миний 2 дахь тийм том үйл явдал болсон.Миний 3 дахь нь юу гэх дээр зэрэг би ханьтай болоод,2 хүүтэй болоод,одоо ач нартайгаа болоод ингэж байгаа асуудал бол одоо миний 3,4 дэхь том амьдрал.За тэгээд яахав зүгээр олон л юм.Нэг их айхтар муу хэлүүлж явсангүй би амьдралдаа.Зүгээр алдаа оноо хийх,бас нэг сахилгагүйтэх.Бас тийм ч айхтар хүмүүжилтэй хүн байсангүй би бас.Хэдийгээр тэр тухайн үеийн хувьсгалт намын гишүүн чинь айхтар шударга үнэнч тийм хүн байдаг боловч бас нэг тийм алдах.За алдах нь юу гэх дээр зэрэг бас нэг амны цоорхойгоос ч байдаг юм уу бас архиддаг байлаа л даа.Архи уудаг байлаа.Бас энэнээсээ болж алдаа гаргаад би намаас бас арга хэмжээ авагдаж байлаа.За алдар гавъяа авч л байсан.Янз янзын тэмдэг цол ер нь авч л байсан.За ингээд баяртай,гунигтай одоо тийм юмнууд.За арга хэмжээ авагдах бол үнэхээр гунигтай л даа.Аа тэрнээс аа яахав зүгээр баяр хөөрт явдлууд зөндөө,за гунигтай үйл явдлууд ч зөндөө л байдаг.Яахав хорвоогийн жам.Одоо эхийгээ алдсан,ах нараа одоо алдлаа.Одоо би эхээс үндсэндээ 7-уулаа байсан.Одоо хоёулаа байна.Ингээд 5 хүнээ алдана гэдэг чинь хамгийн том гуниг байсан.За харин одоо миний гэр бүл маань гэр бүлээрээ одоо ингээд эрүүл саруул,өнөр өтгөн байж байгаа.Одоо миний хамгийн аз жаргалтай амьдрал энэ л байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Та нээрээ гэр бүлийнхээ хүнтэй хэзээ суусан бэ?Яаж танилцсан бэ?
Гомбо-Очир -
Би энэ гэр бүлтэйгээ 1970 онд суусан.За яахав урд нь бол бас наашаа цаашаа болсон юм бий.Энэ гэр бүлтэйгээ 1970 онд суусан.Тэгээд 2 хүүтэй,одоо 2 хүү маань одоо мэдээж 2 бэртэй,одоо 4 ачтай ингээд байж байна.Манай гэр бүлийн хүн бол бага ангийн багш хийж байсан.Би ч өөрөө 70 онд 2 дахь удаагаа Налайхад ажиллахаар эвлэлийн ажилтангаар ирж байхад за энэ хүн маань 1970 онд багшийн сургууль төгсөөд энд ирсэн.Тэгээд бид хоёр танилцсан.Тэгээд гэр бүл болсон,тэгээд сүүлдээ манай хүн багшийн дээд сургуулийн биологийн ангийг эчнээгээр төгсөөд за дунд ангийн багш болсон.За яахав ингээд тэр үед бас нэг 20-н хэдтэй залуу,энэ ч одоо 20 бараг хүрээгүй байсан байх.Ингээд яахав танилцаад ингээд одоо сүүлдээ хоёулаа хоёрын хоёр хүүхдийн эцэг эх болоод,сүүлдээ эмээ өвөө болоод ингээд л явж байна.
Ариун-Ундрах -
Социализмын үеийн гэр бүл одоогийн гэр бүлээс ялгаатай юу? Та юу гэж боддог вэ?
Гомбо-Очир -
Одоогийн гэр бүлээс ялгаатай ч юм бас байх шиг байгаа юм шүү.Тэр үеийн гэр бүл чинь бас гэр орноо өөд нь татахаас авхуулаад,бас нэг тийм айхтар баяжъя гэдэг тийм нөгөө социалист ухамсар,баяжъя гэдэг ойлголт байхгүй.Ерөөсөө хүнтэй адилхан.Жишээлэх юм бол одоо нэг мебель ортой болчих юмсан,нэг мебель шкабтай болчих юмсан,нэг мебель тольтой болчих юмсан,аа нэг аделан бүтээлэгтэй болчих юмсан ч гэдэг юм уу төмөр ортой болчих юмсан гэдэг ийм л одоо өөдрөг сэтгэлээр явдаг байлаа.Аа тэгээд их мөнгө цуглуулах юмсан гэдэг бодол ерөөсөө байдаггүй байсан байгаа юм.Их одоо банкинд мөнгө хийе гэдэг тийм бодол байхгүй байсан юм шиг байгаа юм.Аа зүгээр ер нь хүнтэй адилхан амьдаръя гээд.Аа тэгээд сүүлдээ яахав мэдээж хөргөгчтэй болох юмсан гэдэг асуудал тавина,сүүлдээ өнөө зурагттай болох юмсан,сүүлдээ өнгөт зурагттай болох юмсан.Ингээд хүний амьдрал гэдэг давруун.За тэгээд ерөөсөө эх эцгээсээ... манайхан ч одоо тэр үед хөдөө байсан.Манай эцэг маань 70-н хэдэн онд нас барсан.Эх маань байсан,ах нар маань байсан.Ах нарын дэмийг авдаг л байсан.Тэгэхдээ тэгэж дэм авъя гэж боддоггүй.Тэгээд өөрөө өөрснийхөө хэдээр ингээд болгоод,хүнтэй адилхан амьдраад л одоо ингээд энэ нийгэмтэй золголоо.Аа гэр бүл болох дээр зэрэг бэрхшээл байхгүй болчихож.Яахав танилцахын бэрхшээл,одоо юуны бэрхшээл байдаг л байлгүй.Зүгээр аа юм бүхэн бэлэн байна.Мөнгө байвал юм бүхэн бэлэн байна тийм ээ? Тэгээд одоо ёстой бараг л мөнгө нь байвал хүн ч худалдаад авчихаар юм байна ш дээ.Аа тэр үед тийм юм үнэхээрийн байсангүй л дээ.Аа бүх цахилгаан хэрэглэлүүд нь бэлэн байж байна.Одоо ямар л орон дээр унтъя гэж байна өргөн байна уу? нарийн байна уу? зузаан байна уу? нимгэн байна уу? Аа ямар л одоо гэрэл чийдэнтэй байя,ямар одоо цахилгаан хэрэгсэл байна бүх юм бэлэн.Одоо зүгээр орондоо унтаж байгаад,00-доо сууж байгаад утсаар яриад бараг танилцаад ийм л болсон байна ш дээ.Аа ялгаа бас байна,их байна.За хангамж бол бас өгч байна.Гэр бүл боллоо гээд одоо өгч байна.Тэр үед чинь юу байхав дээ.Гэр бүлээ батлуулахад чинь бас нэг өргөдөл бас нилээн юм болж байж батлуулж байсан.Бас янз янзын асуултанд хариулж байсан байгаа юм тэр чинь.
Ариун-Ундрах -
Ямар асуултанд хариулдаг байсан бэ?
Гомбо-Очир -
Айн.
Ариун-Ундрах -
Ямар асуултанд хариулж байсан бэ?
Гомбо-Очир -
Үгүй ээ ер нь та хоёр одоо үнэхээр одоо бие биендээ сэтгэлтэй юм уу? ч гэж байх шиг.Одоо сэтгэлтэй гээд л тийм мэтчилэнгээр.Аа тэгээд та хоёр салж сарниж ийм юм болох уу? Үгүй ээ гэх мэтчилэнгийн жишээтэйгээр ингээд бас.Нэг бүртгэлийн товчооны хүн чинь бас сүрхий л юм асууж өгдөг байсан юм даа.
Ариун-Ундрах -
Одоо бол хүний хувийн асуудал гээд...
Гомбо-Очир -
Одоо бараг байх аа мэдэхгүй ээ.Гэрлэж л байвал баярлаж бас нэг хэдэн төгрөг авдаг байх.Тэрэнд нь болоод баталчихдаг болов уу?яадаг юм бэ дээ.
Ариун-Ундрах -
За дараагийх нь асуулт нь таны амьдрал яг бусдынхаас юугаараа тийм ер бусын онцгой гэж боддог вэ?
Гомбо-Очир -
За энэ миний амьдралд бусдаас нэг онцлогтой ч юм байхгүй дээ.Ер нь ердийн л нэг тийм бусдын л ижил ийм л юм туулж ирсэн.Ерөөсөө л миний амьдрал юу гэх дээр зэрэг анх уурхайчин болсон,цэргээр дамжсан,уурхайчин болсон.Ерөөсөө л энэ хоёрхон газар л байна.Яахав сүүлийх нь бол томилолтоор ахуй үйлчилгээний комбинат гэдэг дээр нэг түр 3 жил ажиллаад,тэр томилолт ирээд ажилласан.Ерөөсөө миний бүр цэрэг,уурхай.Аа эвлэлийн ажилтан,уурхайчин.Ерөөсөө ийм л хоёр газар дамжсан,хоёр ажил сольсон юм шиг байгаа юм.Ерөөсөө л иймэрхүү л.
Ариун-Ундрах -
Аан тэгээд социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?
Гомбо-Очир -
Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага бол юу гэх дээр зэрэг тийм юу юм даа.Аа би л энэ ажлыг хийх ёстой хүн.Би энийг л хийж байж... Одоо би бэхэлгээчин бол бэхэлгээ хийж,комбайчин бол комбайны машинистаа хийж байгаад л амьдарна.Аа цэргээр бол би энэ салааг хариуцах юм бол,энэ салбарыг хариуцах юм бол би энийгээ хийж байгаад л амьдарна.Яахав мэдээж чухам хүн дэвжиж дэвших,дээшлэх ийм сонирхол байлгүй яахав.Ерөөсөө л би энүүгээр л амьдарна гэдэг ийм л ойлголттой.Аль болохоор юмыг сурах,чанартай хийх.За чанаргүй хийх юм бол хуурсан ажил хийх юм бол нөгөө дарга нар чинь бариад идчихнэ ш дээ.Аа тийм ерөөсөө л би энийг л хийж амьдарна гэсэн ийм ойлголттой л байдаг байсан.Аа энийг хийх юм бол би,ингээд сайн хийчих юм бол би загнуулахгүй,ингээд муу хийчих юм бол би загнуулна,аа ингээд муу хийчих юм бол би зэрэг буурна ч гэдэг юм уу аягүй бол энийг хийж чадахгүй бол албан тушаал буурна гэдэг ийм ойлголт бат.Бат ийм байсан.Аа тэгээд хүнд бол тийм хувийн сонирхол бас байхгүй байсан.Ерөөсөө л агаарын хоолойг энийг аваачаад гэртээ шал дэвсчих юмсан гэсэн тийм сонирхол бараг байхгүй.Тэгээд хэвтэж л байна,тэгээд тэр нүүрсэндээ дарагдаад тэгээд өнгөрч байгаа ш дээ.Тэрийг аваад гэртээ тавьчихья гэсэн сонирхол байдаггүй л ийм л байсан байхгүй юу.Өө энд нэг бөөрөнхий мод хэвтэж байна,гаргаж аваачаад түлчихье гэсэн сонирхол байхгүй.Гаднаас мод худалдаж аваад түлээд л.Тэр уурхай дотор өдий төдий тайрсан мод хэвтэж байхад тэрийг аваад гарах тийм сонирхол бол байхгүй.Тийм л тийм одоо нэрэлхүү,ичимхий бас аймхай.Тийм л байсан даа социализмын үеийн хүмүүс чинь тийм аймхай,ичимхий.Тэгээд албан хүчээр ажиллуулдаг.Одоо социализмын үед чинь ажилгүй хүнийг үзэн яддаг байлаа ш дээ.Одоо манай гэрт нэг ажилгүй хүн байх юм бол тэр хороо хориноос чинь ирээд бүртгээд шалгаад,одоо хорооны дарга юм уу районы харицлагатангууд ирээд ажилд албан хүчээр оруулдаг.Тэгээд албан хүчээр оруулдаг газар нь юу гэх дээр барилга байшин.Барилгаар дамжаад уурхайд очдог.Яахав ийм л анхны дамжлага нь барилга,тэгээд барилгаасаа уурхай руу явдаг ийм л байсан ш дээ.Тэгээд ялангуяа хөдөөнийхөн бол хөдөөнөөс хот руу шилжиж байгаа улсууд бол ерөөсөө барилгад ирээд нэг паспорттай болж аваад тэгээд уурхай руу гүйдэг.Тэгээд уурхайчин болоод авдаг ийм л шат дамжлагаар.Хамгийн доод талын мэргэжил үндсэндээ тэр үед социализмд барилга байсан байгаа юм.Одоо бол арай өөр байх аа.
Ариун-Ундрах -
Одоо бол хүмүүс ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн гэж та боддог вэ?
Гомбо-Очир -
Одоо бол яахав дээ ер нь тийм хүмүүсийн хувийн сонирхол их болсон.Ерөөсөө аль болохоор баяжих юмсан,мөнгөтэй болох юмсан,аль болохоор одоо хямдхан шиг ажил хийгээд их ахиухан шиг мөнгө авах юмсан гэсэн ийм байгаа.Тэр үед чинь социализмын үед бол цалингаа бас төдийлөн голоод байдаггүй байсан.Тэр чинь социализмын үед чинь үйлчлэгч 80 төгрөгний цалинтай байлуу даа.Одоогийн ханш бол 108000 ш дээ хамгийн доод талын ханш тийм ээ? Тэр үеийн 80 төгрөг одоогийн 100-н хэдэн мянган төгрөгнөөс чанарын хувьд бараг илүү байсан байх аа нэг.2-рт юу гэх дээр одоо хувийн сонирхол их,баяжих сонирхол их.Аа харин нэг үеэ бодох юм бол сурах сонирхол их болчих шиг боллоо.Тэгээд энэ маань бас амьдралын амжиргаатай холбоотой байх.Аа тэгээд сурах сонирхол их,сурч байгаа ч гэсэн нөгөө сурсаныхаа хэмжээгээр ажиллаж чаддаггүй дутагдал байх шиг байгаа юм.Аа социализмын үед бол сурсан л бол тэгээд тэр ажлыг хийдэг байсан.Жишээлэх юм бол одоо бараг л хийдэг байсан ш дээ.Ер нь тэгээд сонирхолтой тэрэндээ.Иймэрхүү л ялгаатай юмнууд байгаа.Ер нь тэгээд яахав дээ тэгээд одоо цаг цагаараа байдаггүй,цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр бас цагийн юм цагтаа,энэ нийгэмтэйгээ зохицоод л хүмүүсийн ухаан санаа ч өөр,боловсрол мэдлэг нь ч өөр,за унадаг тэрэг нь хүртэл өөр.Бид нарын үед чинь ЗИЛ-130, М-21, М-24,ГАЗ-69, А-69, Б-69 гэж байлаа ш дээ.За боов гэхэд 4,10-ын боов танзуур.4,10-ын боов гээд нэрлэчихсэн.7,40-ийн чихэр гээд нэрлэчихсэн.Одоо бол тоо том томшгүй.Идэж уух нь хүртэл шал өөр болсон байгаа юм ш дээ.
Ариун-Ундрах -
Чихэр нь гэхэд л нэг төрөл байсан байна ш дээ тийм ээ?
Гомбо-Очир -
Тэгээд чихэр бол 24-ийн чихэр, 40-ийн чихэр гэж байсан юм.Аа тэгээд баавгайтай чихэр гэж ярьдаг байсан.Тэгээд 7,40-ийн чихэр гэж байсан.За тэгээд боов нь болох дээр зэрэг 4,10-ийн боов гэж одоо нэг тийм нэг дөрвөлжин хээтэй боов байсан.За талх чинь юу билээ төгрөг 40-ийн талх,80 мөнгөний талх гэж ярьдаг тийм л байсан ш дээ.Одоо идэж уух юм нь хүртэл шал өөр байна ш дээ.Аяга нь хүртэл өөр,одоо унадаг машин нь,уудаг архины шошго нь хүртэл одоо хичнээн 100 юм байж байна.Одоо машины марк хичнээн янз ч байдаг юм.Одоо ингээд тоолохын аргагүй.Бидний үед чинь 3-4-хөн машин байлаа гэж ярьж байна ш дээ.Идэх чихэр нь тийм байсан,уудаг архи нь цагаан архи юм уу спирт.За ийм л байсан ш дээ.Тэгээд хэрэгцээ бол шал өөр болчихсон байгаа ш дээ одооны хүмүүсийн.Хэрэгцээ нь их болсон,хэрэглээ нь ч их болчихсон,юмны төрөл нь зөндөө олширчихсон юм чинь тэгээд одоо аргагүй цаг үеэ дагаад тийм л болсон байх.
Ариун-Ундрах -
Социализмын дараа таны ажилд хандах хандлага чинь өөрчлөгдсөн үү?
Гомбо-Очир -
Социализмын дараагаар чинь би нэг олон жил ажилласангүй ш дээ ерөөсөө.Ер нь энэ чинь одоо 80-аад оны сүүлээр энэ ардчилал эхэллээ ш дээ.Горбачаевийн нөгөөдөх өөрчлөн байгуулалт гэдгээс эхэлж хүмүүсийн санаа сэтгэл бас өөр болсон ш дээ.Үндсэндээ тэр үед чинь социализмын үед чинь даргынхаа өөдөөс хуц гээд хэлчих тийм зоригтой хүн байгаагүй.Аа бараг даргынхаа өөдөөс хялайж ч хардаггүй тийм одоо хүлцэнгүй ийм ард түмэн байсан.Аа ардчилал хөгжөөд ирэхээр чинь зэрэг даргынхаа өөдөөс хуц гэх нь байтугай есөн шидээр хэрэлдээд зогсдог ийм болсон.Даргаа шүүмжлэх эрхтэй хүн байгаагүй.Одоо даргаа шүүмжлэх нь битгий хэл ерөнхийлөгчөө шүүмжлээд элдэв үгээр яриад ингээд байж байна ш дээ тийм ээ?Миний ажилд хандах хандлага юу гэх дээр зэрэг мөн одоо яахав тухайн үед тийм л байсан юм чинь намын үйл хэргийн төлөө,энэ ажлыг хариуцахын төлөө ажиллаж байсан.Аа тэгээд нэг их өөрчлөлт орсонгүй байж байгаад би ер нь тэтгэвэрт гарчихсан ш дээ.Тэгээд тэтгэвэрт гараад яахав энд тэнд манаа жижүүрийн ажил хийсэн л дээ.Бас нэг 10-аад жил ажил хийчихсэн,тиймэрхүү юм хийсэн.Өө тэр яахав тэр нэг юм нь миний хариуцаж байгаа юм нь бүтэн л байж байвал,дараагийнхаа хүндээ бүтэн л өгчихөж байвал тэгээд би орой гараад алхчихна ш дээ гэр лүүгээ алхчихна.Аа зүгээр алба хашиж байхад тэр маань яахав маргааш зохион байгуулах гэж байгаа ажил маань юу болох бол,ямар хэмжээнд болох бол гэж санаа сэтгэл их зовдог байсан бол сүүлдээ энэ тэтгэвэрт гарсны дараагаар манаа,жижүүрийн ажил хийх дээр зэрэг санаа зовох юм ерөөсөө байхгүй.Тэр шөнөдөө л аятайхан хоночихсон бол тэгээд болоо.Маргааш нь гэж бодох юм байхгүй тийм ээ? Ийм л болсон л доо.Тэгээд тийм учраас энэ чинь социализмын үеийнхээс миний нэг их өөрчлөгдсөн юм байхгүй.Яахав хариуцдаг ажил нь өөр юм болохоор санаа зовох,сэтгэл зовох нь бага,байхгүй байхгүй болчихож байгаа юм үндсэндээ.
Ариун-Ундрах -
Таны гол бахархадаг зүйл чинь юу вэ?
Гомбо-Очир -
За гол бахархдаг зүйл юу гэх дээр зэрэг тэр би 22 настай байхдаа МАХН-д гишүүнээр элсэж байсан.Хугацаат цэргийн албан хаагч,бага түрүүч цолтой.Тэр үед 20 настай намд... Ер нь нам эгнээ чинь айхтар шалгууртай байлаа ш дээ.Намд элсэнэ гэдэг чинь айхтар шалгууртай.Одоо их л сайн ажилчин юм уу? Их сайн сэхээтэн тэгэж л байсан намд.Тэр үед чинь нам гэдэг чинь хичнээн нэр хүндтэй байлаа.Намын гишүүн болохын төлөө хичнээн хүн тэмцдэг байлаа.Намын гишүүн болж байж албан тушаал дэвшдэг байлаа ш дээ тэр үед чинь.Тийм учраас би 22 настайдаа МАХН-ын жинхэнэ гишүүн болж байсан.Тэр бол миний нэг том бахархал гэж боддог би.Аа нөгөө талаар би яахав ер нь сайн эвлэлийн ажилтан байсан байгаа юм.Эвлэлийн ажлыг бол үнэхээрийн цэрэгт ч,энгийн газар ч сайн хийж байсан.Тэрүүгээрээ би бахархдаг.Ер нь миний хийж байсан ажил,би ажлыг муу хийж байгаагүй ер нь.Аль болохоор л сайн хийхийн төлөө,хүмүүстэйгээ эелдэг байхын төлөө,хүмүүсдээ юм сургахын төлөө л ингэж ажиллаж байсан.Аа тэрнээс одоо... Ер нь миний гол бахархал.За тэгээд яахав зүгээр социализмын үед чинь баярын бичиг авах чинь л том шагнал байлаа ш дээ.Тэгээд надад бол тэр баярын бичиг бол зөндөө бий.Тэгээд л одоо янз янзын хүндэт дэвтэрт бичигдсэн.Тэгээд л одоо за яахав 24 настай байхдаа би офицер болсон дараагаар мах комбинатын барилгыг барихад сайн ажилласан гэж засгийн газрын жуух бичгээр шагнагдаж байсан.Одоо тэр чинь одоо бас захын нэг жуух бичиг нь өөр нэртэй болжээ.Бас их мөнгөтэй,бас том алдар цолтой болсон шиг байгаа юм.Тэр бол миний бахархал байсан даа ер нь тийм.Аа тэгээд өнөө амьдралаараа бахархах юм зөндөө байлгүй дээ.Амьдралдаа харин айхтар гуньж гутсан юм бараг байхгүй шүү.Зүгээр ер нь яахав зүгээр өвчин зовлон,үхэл хагацал бол байсан л даа.Тэр бол байсан.Тиймэрхүү л юм даа.
Ариун-Ундрах -
Нөгөө эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Гомбо-Очир -
Айн?
Ариун-Ундрах -
Хамгийн их жигшдэг зүйл чинь юу вэ?
Гомбо-Очир -
за миний хамгийн жигшдэг зүйл бол худлаа ярьж байгаа хүн,би өөрийгөө магтаж байгаа хүнийг үнэхээр үзэн яддаг хүн.Өөрийгөө худлаа магтаад байгаа,худлаа яриад байгаа,улаан цайм худлаа яриад байгаа хүнийг бол би үнэхээрийн жигшдэг дээ ер нь тийм.Аа тэгээд л яахав зүгээр одоо тамхинаас жигшээд,би тамхи татдаг байсан.Тамхи татахаа байгаад одоо 10 гаруй жил болж байна.Одоо энэ тамхийг харахаар үнэхээрийн уур хүрдэг,жигшдэг болсон.Тэгээд өөр одоо нэг айхтар тийм жигшдэг юм байхгүй.Зүгээр яахав тэр янз янзын архи дарс,идээ будаанаас би жигшдэггүй.Өөрөө дуртай болоод ч тэр юм уу тийм.Аа энэ худлаа ярих,тэгээд мэдээж тэр хулгайг бол жигшилгүй яахав.За манай гэр бүлд тэр одоо зүгээр сэтэрхий зүүний хулгай хийж байсан хүн байхгүй байх аа.Тийм учраас хулгайг бол үзэн ядна.
Ариун-Ундрах -
Тэр социализмын үеийн МАХН,одооны МАХН хоёрт ямар ямар ялгаа байгаа вэ?
Гомбо-Очир -
Их ялгаатай болсон.МАХН чиглүүлдэг байсан бол социализмын үед удирдан чиглүүлэгч МАХН гэж ярьдаг байлаа ш дээ.Манай манлай нам гээд л.Одоогын нам бол зүгээр одоо нэг сонгуульд өрсөлдөх төдий тийм ээ? Хийх ажил нь бол хязгаарлагдмал,дэлгэрэнгүй биш тэрүүхэн хүрээндээ намынхаа гишүүдтэй юм уу намынхаа дэмжигчидтэйгээ л ажилладаг болохоос биш нийттэй ажиллаж чадахгүй.Тийм олон намын тогтолцоо бий болчихсон.Аа тэр үед бол ганцхан нам байсан учраас ерөөсөө нам хаашаа чиглэнэ вэ? Тэр рүү л чиглэдэг.Намын дарга юу гэж хэлнэ үү? Тэрийг захиргаандаа биелүүлэхийн төлөө тэмцдэг.Намын үүрийн товчоо юм уу намын хороо товчоо хуралдаад ямар шийд гаргана уу? Тэрийг тэр захиргаа биелүүлэхийн төлөө тэмцдэг ийм л байсан.Одоо бол тэр намын үүрийн товчоо хуралдаад яахав нэг сонгуулийн тухай л ярихаас биш тэгэж дэлгэрэнгүй улсын чанартай юм ярихгүй байна,төлөвлөгөө гэж ярихгүй байна,аа намын гишүүдийн хариуцлага гэж ярихгүй байна,сахилга гэж ярихгүй байна.Тэр үед чинь намын арга хэмжээ авхуулна гэдэг чинь маш том,бараг шоронд орсноос илүү байлаа ш дээ тэр чинь ерөөсөө.Ийм л байсан юм даа.Тэгээд ялгаа ихтэй одоо бол.
Ариун-Ундрах -
Та нөгөө намын арга хэмжээ авхуулж байсан гээд л ярьж байсан ш дээ тийм ээ?
Гомбо-Очир -
Айн?
Ариун-Ундрах -
Тэр үеийн намын арга хэмжээ хэр их хатуу байдаг вэ?
Гомбо-Очир -
Аа намын арга хэмжээ чинь ерөөсөө сануулах гэж байсан юм.Сануулах,хөөхийг сануулж донгодох,хөөх гэсэн тийм.За би хөөхийг сануулах донго авч байсан шүү.Яагаад вэ? гэх дээр зэрэг уурхайд бас нэг орон тооны бус намын үүрийн дарга хийж байсан.Тэгээд төлөвлөгөө биелэдэггүй байлаа тэр үед.Тэгээд намайг намын үүрийн даргаар тавьсан юм.Төлөвлөгөө одоо биелэх,төлөвлөгөө л байлаа ш дээ ердөө төлөвлөгөө.Төлөвлөгөө биелүүлэх хэсгийн дарга нь бас өөр хүн тавигдлаа.Тэгээд би бол 3 хэсэг хариуцсан намын үүрийн дарга байсан л даа.Ашиглалтын нэг,бэлтгэл,үндсэн гэсэн 3 хэсэг хариуцсан ийм намын үүрийн дарга байсан.Тэгээд ашиглалтын 1-р хэсэг маань шинэ лааванд ороод,ингээд шинэ даргатай болоод тэгээд би намын үүрийн дарга.Ингээд төлөвлөгөө биелээд шагнал урамшил аваад ингэж эхлэхгүй юу.Ингээд шагнал урамшил аваад ингэж эхлээд овоо ажил явах дээр зэрэг хүмүүстэйгээ нэг жаахан доргиод авъя гэж бодоод нэг өдөр зугаалга... Нийтээрээ районы хэмжээнд тийм юм хийдэг байсан тэр үед.Районы хэмжээнд тийм нэг аа цасны баяр ч бил үү юу ч билээ нэг тийм цасан дээрх цэцэг билүү нэг тийм юм зохиодог байлаа.Тэрүүнд нь хүмүүсээ явуулалгүй,соёлын ордонд аваачаад наргиулаад Оросуудтайгаа.Их олон Оростой байсан ш дээ.Ингээд нийлээд наргиулчихсан чинь нөгөөдүүл чинь согтоод хоорондоо муудалцаад,агсам тавилцаад ингээд бас нэг жоохон будлиан тарихгүй юу.Ингээд будлиан тарьсанаас болж хэсгийн дарга бид хоёр чинь цагдаа дээр ирж нэг 200 төгрөгөөр торгуулаад тийм зохион байгуулсан.Сүүлд нь тэр чинь районы намын бага хурал болох гэж байсан юм байгаа юм.Би тэр бага хурлын төлөөлөгч бас болчихсон.Тэгээд байж байсан чинь нөгөө бага хурал ч болдог юм байна.Хотоос хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жамц гэж хүн байсан санагдаж байна.Тийм хүн ирээд ингээд хуралд оролцоод,тэгээд одоо яахав дээ манай шилдэг тэргүүний коммунистуудын... тэр үед чинь коммунист гэж ярьдаг,коммунист гэж ярих моод болчихсон байсан юм.Манай намын бага хуралд шилдэг тэргүүний төчнөөн коммунистууд цуглаж байнаа гээд л авч байсан чинь намын хорооны одоо амьд байна даа Чойжилжав гэдэг дарга.Тэр хүн авч байнаа тэдээс тэд,тэдэн коммунистууд хуран чуулж байнаа гээд л авч байна.Тэгсэн чинь нөгөө шилдэг тэргүүний коммунистууд дотор нөгөөдөх муу ажилчин архидуулсан Гомбо-Очирын нэр гарч байнаа.Нөгөө хурлын төлөөлөгч ш дээ би.Тэгээд л яахав сүүлд нь намын бага хурал дээр шүүмжлэлд өртсөнгүй.Ингээд намын хорооны хурлаар ордог юм байна.Одоо арга хэмжээнд орж байгаа шүү дээ.Ингээд л одоо ажилчдаа архидуулсан,агсам согтуу тавьсан,нийгэм нийтийг хамарсан ажилд оролцоогүй.Ингээд намайг намаас хөөхийг сануулж донгодож байсан юм.Манай хэлтсийн дарга бас адилхан.Бид хоёр хоёулаа намын гишүүн.Тэгээд би ч анх удаа намын шийтгэл авч байсан юм даа.Тэгээд тийм хатуу үе байсан юм.Аа тэрнээс биш бас их намынхаа буянд би бараг би намын буянаар л өдий зэрэгтэй яваа гэж хэлэх л ийм хүн дээ.Тэр үеийн нам бол бишрэлтэй байсан,одоо ч би бишрэлтэй.Одоо энэ намын төлөө л саналаа өгдөг,энэ намаас нэр дэвшсэн хүмүүсийг дэмждэг ийм л хүн шүү дээ.
Ариун-Ундрах -
Намаас хөөгдсөн хүн яг ямархуу болох вэ? Амьдралын хувьд ч гэх юм уу?
Гомбо-Очир -
За ер нь намаас хөөгдсөн хүн үндсэндээ ажилгүйтэй л адилхан шүү дээ.За дарга нар бол ажлаас бууна.Аа зүгээр ажилчин бол ажлаа хийгээд явна л даа.За жаахан тэр хүмүүсийг үзэх үзэл нь ч бас жаахан өөрчлөгддөг юм байналээ тэр чинь.Жишээлэх юм бол одоо нэг сайн ажилчин байж байгаад,их магтдаг байж байгаад одоо ямар нэгэн алдаа дутагдал гаргаад намаас хөөгдчих юм бол тэр хүнийг төдийлөн магтаад байхгүй ш дээ.Тэгээд л хичнээн сайн байсан ч магтахгүй.Аа харин нам магтах юм бол тэрийг чинь аль болохоор л магтаад байна,аль болохоор л өөд нь татаад ингээд магтаад байна.За тэгээд тэр намаас ямар нэгэн хэрэг хийчихсэн хүн,одоо мөнгө идчихсэн ч байдаг юм уу,одоо ямар нэгэн аваар осолд хүнээ оруулчихдаг юм уу ийм хүмүүс ийм намын гишүүн барагтай бол шоронд орохгүй ш дээ.Намаасаа хөөгдөөд юм уу нэг донго аваад ингээд л үлддэг.Аа тэгэхэд намын гишүүн биш хүн татварын 300 төгрөг идчихээд,тэр манай ойрхон миний нэг танил байсан.Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байсан энэ ахуй үйлчилгээ комбинатын нийт үйлчилгээний.300 төгрөг дутаасан юм гэнэлээ нэг шалгалтаар.Тэгээд 3 жилийн шорон аваад явсан ш дээ.300 төгрөгний төлөө 3 жил шоронд явж байсан.Аа 3 жил шоронд суух хүн намаасаа хөөгдөөд зүгээр байсан.Тийм учраас бас харьцаа бол шал өөр байсан л даа.Тэр үеийн намын гишүүн.Одоо бол бараг намаас хөөхгүй ш дээ.Нэг ч гэсэн гишүүнтэй байхын төлөө тэмцэнэ шүү дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд ажиллаж байх үед чинь хамгийн хэцүү зүйл,бас амархан зүйлүүд нь юу байсан бэ?
Гомбо-Очир -
Хэцүү,амархан зүйл гэж үү?
Ариун-Ундрах -
Аанхан.
Гомбо-Очир -
Ажиллаж байх үед бол яахав дээ ер нь бас тийм амархан юм байгаагүй шүү ер нь.Ерөөсөө тэр жишээлэх юм бол одоо за нэг эвлэлийн ажилтан байхад юм уу намын сонгуультай сонгууль хүлээж авахад нэг илтгэл бэлдэх,тогтоол бэлдэх жоохон залхуутай болохоос биш амархан юм байсан.Би бас бичих чадвараар бас их сүрхий байсан юм шиг байгаа юм.Тэгээд бичих чадвар сайтай байсан.Тийм учраас тэрийг бол ер нь толгой зовохгүй хийчихдэг байсан.Аа хэцүү юм нь юу гэх дээр зэрэг жинхэнэ уурхайчин болчихоод ажиллаж байхаад уурхайн хувцас өмсөх их хэцүү байсан.Тэр чинь одоо нэг л брезентэн хувцас,тэгээд ч өнөөдөх нүүрс,хир,тос болчихсон,хүйтэн.Хайрна шүү дээ тэр чинь ингээд.Тэрийг өмсөх хэцүү.Аа нөгөөдөх уурхайдаа ажиллачихаад ажлаасаа буухдаа усанд орох нь их хэцүү байсан.Нөгөөдөх тэр тоос,тэр тосыг чинь арилгах гэж ёстой зүгээр үзэж тарна шүү дээ тэр усан дотор чинь.
Ариун-Ундрах -
Арилж өгөхгүй юу?
Гомбо-Очир -
Хамгийн арилж өгөхгүй ерөөсөө хамгийн хэцүү юм нь уурхайн хувцас өмсөх,уурхайн усанд ороход хэцүү байсан.Тэгээд би ер нь тэрнээс өөр надад нэг их хэцүү юм тааралдаж байгаагүй байх аа.Тэгээд тэрийг хоорондоо уурхайчид ч ярьдаг юм.Яг тэр хувцас өмсөхөд,тэгээд хувцас өмсчихсөн байхад шулуухан одоо аргагүй л одоо гарч ирээд усанд орохоос өөр зам байхгүй.Нэг тийм л байсан.
Ариун-Ундрах -
Таныг яг ажиллаж байх үед тийм томоохон аваар осол гарсан уу?
Гомбо-Очир -
1972 онд байх аа том аваар гарсан уурхайд.Би тэгэхэд эвлэлийн ажилтан хийгээд удаагүй нэг 2 дахь жилдээ явж байсан юм уу даа.Том аваар гарч хэд хэдэн хүн нас барсан юм.Уулын инженер ч хүн нас барсан,уулын мастер ч хүн нас барсан.Олон хүн дарагдсан юм.Одоо бас мартжээ.Одоо хүртэл тэр оршуулгын газар тусгай бий л дээ.Сосоржав гэж инженер,Гомбожав гэж мастер,хэн ч билээ хүмүүс нас барсан.Аа тэр үед би эвлэлийн хороон дарга бас нойр хоолгүй ажиллаж байсан.Би ямар сайндаа гэртээ ирээд жоохон хэвтэх гээд нэг цай тавьчихаад,2 өдөр нойргүй хоночихоод жоохон хэвтсэн тэр дороо унтчихсан байгаа юм.Тэгээд би шатаж үхэх дөхөж байсан.Манай гэр бүлийн хүн байгаагүй.Ингээд нөгөө нэг хаалга дотроос нь түгжчихсэн юм шиг байгаа юм.Хаалга эвдэлж,гаднаас цагдаа орж ирж,плетки чинь шатаад,нөгөө данх нь шатаад ингээд.Тэр үед би тийм том аваар гарсан.Аа зүгээр уурхайгаас... Ер нь тэгээд уурхай шинжлэх ухааны үндэстэй яваад байгаа мөртлөө янз янзын аваар гарч бас хүн осолдох юм гарч байсан шүү.Одоо бол яахав зүгээр нэг тийм тарваганы нүх шиг юм ухаад байгаа учраас аюул нь бага байна.Түүнээс яг уурхайн нөхцөлөөр явах юм бол одоо тэр тэсэхгүй,одоогын энэ уурхайн нүхнээс гарахгүй.Аа тэгээд уурхайгаас халагдаад ахуй үйлчилгээний комбинатад ирсэний дараагаар нэг том аваар гарсан даа.Одоо хар 17-ны өдөр гэж ярьдаг даа.Сар бүрийн 17-нд одоо манай Налайх чинь архи зарахгүй байна.Жил бүрийн 11 сарын 17-нд гашуудлын өдөр болдог ийм том аваар гарсан.Тэрнээс биш ганц нэг хүн нас барах тохиолдол гардаг байсан.Уурхай нурдаг байсан тэр үед,нуралт бол одоо осолтой шүү дээ ерөөсөө.
Ариун-Ундрах -
Та хувийнхаа амьдрал,ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?
Гомбо-Очир -
Тэр үед чинь одоо хүүхэдтэй болж байлаа,бага байлаа.Хоёуланг нь ясли цэцэрлэгээр хүмүүжилд өгдөг байсан.Яслид ч өгдөг,тэр чинь бага өлгийтэй хүүхлийг чинь яслид өгдөг,явж байгааг нь цэцэрлэгт өгдөг л байлаа шүү дээ.Аа тэгэхээр би ерөөсөө 2 хүүхдээ дандаа цэцэрлэгт нь өгдөг,цэцэрлэгээс авдаг байсан.Яагаад вэ? гэх дээр манай хүн бага ангийн багш эрт явна,орой тарна.Тэр чинь одоо өнөө тэр үеийн багын багш чинь давтлага хийлгэнэ,тэгээд л есөн шидийн юм багш нар нь сурагчдынхаа гэр орноор явна гээд л тэгээд бага ангийн багш чинь аюултай хэцүү байлаа ш дээ хөөрхий амьтан.Тэгээд сүүлдээ яахав дунд анги болсон,хүүхдүүд томорсон тэгээд цэцэрлэг ясли нь бараг байхгүй болоод сургуульд орсон.Аа тэгээд ер нь зохицуулаад байдаг байсан.Тэгээд би чинь хүргэж өгчихөөд уурхайчдын автобус 7.40-д явдаг байсан байх,7.40-ийн автобусанд суугаад уурхай руугаа явдаг ийм байсан.Аа 4.40-д оройн ээлж буудаг байсан ш дээ.4.40-д билүү буусан ажилчдыг авдаг автобус,тэрүүнд сууж ирээд хүүхдээ цэцэрлэг,яслиас нь авчихдаг ийм байсан.Ингээд ажлаа,ар гэрээ аваад зохицоод болоод байдаг байсан.За бүтэн сайн өдөр ямар ажиллаад байх биш.Тэр үед чинь ганцхан бүтэн сайнд амардаг байлаа.Хагас сайнд хагас ажилладаг байлаа.Ингээд болоод зохицоод байдаг байсан юмаа.
Ариун-Ундрах -
Тэгээд бас чөлөөт цаг заваа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Гомбо-Очир -
Тэр үеийн харин нэг айхтар дарамт нь юу гэх дээр зэрэг ёстой нэг тэр үеийн намын даргад чинь чөлөөт цаг ерөөсөө гардаггүй байсан шүү.Хэцүү.За яахав тэр зарим улс төрийн сургууль гээд хичээлд суулгачихна.Орой хэдээс ч билээ 7-оос ч билүү бас нэг 2 цаг тамлана тэр чинь одоо мэдэх мэдэхгүй есөн шидийн юм яриад,тэгээд чадна,чадахгүй юмаа яриад ингээд нөгөөдөхд нь суухгүй бол болохгүй бас бусад арга хэмжээнд орчих гээд байна.Тэгэж байтал чинь орой болох дээр зэрэг тэр тэнд тийм шалгалт хий,ийм шалгалт хий,тэр айлуудад тэр хороонд очоод бүртгэл хий,тэр хороонд тэр гудамжинд очиж ухуулга хий ингээд ерөөсөө 7 хоногт чинь чөлөөтэй байна гэж ярьдаггүй.Бүтэн сайн өдөр хүртэл дайчлаад янз янзын юманд ажилуулна.Чөлөөт цаг үнэхээрийн гардаггүй байсан шүү.Одоо бол сайхан чөлөөт цаг гарч байна л даа.Тийм байдаг байсан.Тэр бол одоо үнэхээрийн тэр нэг яг тухайн үед тэр намын юм уу районы дарга нарын хэнхэг,эс хэнхэгээс л асуудал шалтгаалдаг байсан.Ерөөсөө их хэнхэг нь ерөөсөө суулгадаггүй ингээд.Ялангуяа муусайн албан хаагчдыг бол.Аа бага хэнхэг нь бол хөөрхий тэгээд нэг юм бушуу амраагаад ингээд байдаг байсан л даа.Чөлөөт цаг үнэхээр бага гардаг байсан.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Гомбо-Очир -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
За баяртай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.