Alimaa

Basic information
Interviewee ID: 990166
Name: Alimaa
Parent's name: Mashlai
Ovog: Bagshilhan
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Тарих дутуугийн группт
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
authority
funerals
environment
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
private life
democracy
city - countryside life
childhood
children's upbringing
foreign relations
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу, та.
Алимаа -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
За хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлээд хийе. Заа, 90-ээд оны үеэр Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан, та энэ ардчилсан хөдөлгөөний үеэр ямар ажил хийж байв, гэртээ сууж байв уу, таны амьдралд энэ ардчилсан хөдөлгөөн ямархуу байдлаар нөлөөлөв? Хүмүүсийн өдөр тутмын амьдралд ардчилал яаж нөлөөлсөн бэ?
Алимаа -
Заа тэгэхдээр ардчилсан хөдөлгөөн 90 онд яахад би групптэй гэртээ байлаа. Гэрийн хүн одоо даралт харвачихаад, тэгээд гэрийнхээ хүнийг харж байсан. УБхотод байлаа. Тэгээд яг ёстой 90 онд Ховд яваад, тэгээд Геологийн Яам харж үзсэн, миний ханийг. Гадаад дотоодод эмчилгээнд авч явах уу, ирэх очихийн зардал төлье гэсэн, даралт харвасан хүнийг хөдөлгөж болохгүй учраас би гадаад, дотоод эмчилгээнд явах боломж байгаагүй, одоо болбол сайхан болж. Тэр үед бол бас л эмнэлэг нэг их сайхан хөгжиж аятайхан болоогүй, операци хийх боломж байхгүй үе байлаа шүү дээ. Тэгээд ерөөсөө хөгшнөө аваад ах дүүтэй нь ярьж хөөрөөд, нутагт нь аваачъя, одоо нэгтээ л ингээд даралт нь харвалтанд орсон хүнийг энд байлгаад яахав, хөдөө агаар салхинд хонины махтай, цайны сүүтэй газар ах дүү дээр нь орон нутагт нь аваачъя гэж ингэж ярьж тохироод, тэр үед Манханд нэгдлийн дарга Цэдэнбал гэж ахын минь хүүхэд байлаа, төрсөн ах дүү 2-н хүүхэд, тэгээд тэр нь ерөөсөө шийдээд, би энд сайхан хувийн байшингаа ерөөсөө л 10 охин төлөгнөөс 10000 цаасаар өгөөд, тэр үед мөнгө чинь ёстой 10000 төгрөгний л үнэтэй байж, байр. Би тэрийг болбол надад хань ижилдээ л өгөхөөс өөр арга байгаагүй, тэгээд л би байшингаа ерөөсөө л 10000 төгрөгөөр өгөөд, очоод тэр нэгдлийн даргад өгөөд, 10 охин төлөг аваад, тэгээд хөгшнөө би 2 жил хараад, тэгээд 92 онд надыг орхиод явсан. Над зах зээл бол үнэхээрийн хэцүү хүнд, тохиолдож орж ирсэн миний амьдралд. Миний хань бол тэгээд тэгдэг байсан, ...заа би ажлаа хийж чадна шүү, ажлаа хийнэ, 69 үзээд л уйлдаг байсан, цонхоор хараад. Өөрийн ухаан санаа яахав, ордог үед ороод, гардаг үед гардаг байсан. Тэгээд миний хувьд бол маш хүнд үе. Надад бол би ээжээсээ өнчин хоцорлоо гэхэд би ийм юм бодож, санаж надад эвгүй юм орж байгаагүй. Энэ ардчилалын шуурганд миний хань надыг ийм байдалтай орхиод явсан нь надад хамгийн хэцүү үе тэр байсан. Үнэхээрийн хэцүү байсан. Ховдод нэг айлын байранд орлоо, тэгээд би одоо миний бага хүү 3 настай байлаа. 3 настай хүүтэйгээ дунд хүүгээ аваад, 2 багаа аваад, том хүү яахав энд ажилтай байсан, томоо орхичихоод 2 багаа аваад, Ховдод очсон, миний дунд хүүд гал командад ажил өгсөн. Дунд хүү бол гал командад ажилладаг, би бага 3 настай хүүтэйгээ 3 настай байхад нь өвөө нь аав нь өнгөрдгийм байна. Хамгийн хэцүү үе над тэр байсан. Үнэхээрийн хэцүү, би ерөөсөө нэг өрөө байшинд л 3 настай хүүхэдтэйгээ, зулаа асаагаад л үлдсэн. Тэгээд би одоо хань ижлийнхээ төлөө л 33 жил ханилсан тэрнийхээ л одоо төлөө байя гэж бодоод л, би тэнд 3 жил болсон. 3 жил газар дээр нь очоод эргэдэг тойрдог, байгаа юм шиг, байхгүй ч гэсэн байгаа юм шиг, одоо ёс жаяг нь ч тийм байдаг юм уу, ер нь ч хот хүрээ явъя гэж бодсонгүй, ямар ч байсан хань ижлийнхээ тавьсан газар, орон нутагт нь 3 жил болъё гээд 3 жил боллоо, тэрнээсээ бүр 5 жил ч боллоо, хүү маань 6 настай би 7 настай сургуульд орууллаа, 1-р 10 жилд миний хөгшин 10 жил онц сурсан, зураг хөрөг бүх юм нь тэнд байдаг, надад одоо ном нь ч байгаа, манай хөгшний. Тэгээд энэ өөрийн нь.., аавын нь сургуульд ямар ч байсан бага хүүхдийг нь оруулъя, захирал махиралтай нь илэн далангүй яриад, би хүүгээ 1-р ангид 7 настай сургуульд оруулаад, миний хүү онц төгсөөд, 2-р ангид ороход нь одоо хот барааддаг ч юм уу, ах нь байгаа юм чинь, 2 ахтай нь одоо бараадуулъя, гэж одоо би бүтэн 5 жилийн дараа өвгөнөө өнгөрснөөс хойш хүүгээ 2-р ангид ороход нь би наашаа хот орж ирсэн. Тэрнээс хойш одоо ингээд айлын байр хөлслөөд, ингээд амьдарч байгаа. Аа том хүү яахав, гал командын 9,10 м.кв жижигхээн өрөөнд амьдардаг. Одоо тэгээд бүгдээрээ тэндээ бөөндөө байж байгаа. Тэгээд би яахав орон нутгийн засаг захиргаа, одоо энэ л геологийн Яам, эндээс нэг ганц өрөө байр ч юм уу, 5 ханатай гэр ч байдаг юм уу, тийм юм хэлэх юмсан, заа яршиг, өнөө жил л үхэх юм шиг байна, заа өнөө жил тэгэх юм байна, бие тааруу гэсээр яваад, би 16 жил болжээ. Тийм. Надад бас хөлслөх барих зүйл тэр үедээ за одоо хөгшин маань өнгөрлөө, заа яршиг, би юу ч гэж удаа аж гэж 7 операцид орсон хүн чинь би гэж одоо юу гэж уддагийм гээд нөгөөдхөө одоо орхиод явах байх гэж боддог байсан. Тэгсэн хүнд хүн их энерги эрч хүч өгдгийм байналээ. Цэдэнбал гэдэг нэгдлийн дарга манай хөгшнийг ажил явдлыг нь өнгөрөөж ирчихээд ....миний Алимаа эгч ёстой нэг хэдэн жил амьд явах байхаа, хүн хүнийг асардаг өргөдөг, хүн хүнийг хайрладаг халамжилдаг, хүний хань юм болбол ёстой ханийн дээд талаар харсан та, бүтэн 2 жил болоход 3 настай хүүхэдтэй арван хэдтэй хүүхэдтэй, тэгэхэд манай дунд хүү 25-тай байсан, бичин жил өнгөрсөн юм байна, тэгээд ёстой танд нээрээ миний ахын ач буян хэдэн жилийн нас хайрлах байх гэж би бодож байна гээд тэр ажил дээр нь тэгж хэлж байсан. Тэр үг болбол надаас одоо ерөөсөө гардаггүй юм. Миний өвгөн над нас хайрласан. Би хэдий орон гэргүй ч гэсэн, одоо хөгшнийхөө хайр халамжаар, 3 хүүхдийнхээ хайр халамжаар, айлын байр өрөө хэсээд л амьдарч байгаа. Би энэндээ гуньж гутардаггүй, энэ болбол миний л хувь тавилан гэж би боддог. Тийм. Би ах дүүдээ ч гомддоггүй, хөгшнийхөө ах дүүд ч гомддоггүй, энэ болбол миний л хувь тавилан юм байгаам ингэж явах гэж ингэж би боддогийм. Тэгээд нэг эрмэлзэж бодож байгаа юм бол ний нуугүй ярихад бол би энэ орон нутагтаа энэ хороо хориндоо байж байгаа хугацаандаа над нэг 5 ханатай ч гэр байдгиймуу, нэг галладаг байшин ч байсан хамаа алга, нэг 5 ханатай гэр байлаа хамаа алга гэж хэлдгийм билүү л гэж миний одоо үхэхгүй болохдээр одоо бодож байгаам. Тэр үедээ бодохгүй байсаан. Юухэв дээ, 2 хүүхэд минь амьдраад л явах байлгүй дээ, гэж ингэж боддог байлаа, чин үнэнгээ ярихад. Одоо над ийм бодол төрж явдгийм өдийд. Тэгээд хөгшний таньдаг одоо найз нөхөд нь надад хэлдгийм, биднүүс таныг боломжтой та ерөөсөө хороо хорингоороо амьдрал ахуйгаа яриад явахгүй, эрж хайгаач хэлээч, энд тэнд одоо элдэв эсийн юм их байна, гэж их зөвлөдөг, тэгэхдээр нь би за өнөөдөр болж байгаа юм, би одоо хойтондоо яадгийм бол үхчих бол уу гэж явсаар яваад, 16 жилийн нүүрийг үзлээ, гэх л юм дотроо бодож явдгийм. Ард нь 2 хүүхэд байгаа юм чинь 3 хүүхэд байгаа юм чинь үгүй ээ нэгэнд нь ч гэсэн нэг нь ч гэсэн орон гэр, таван ханатай гэр ч олоод өгдөг ч юм билүү тэгээд одоо миний бодож яваа юм одоо мөрөөдөл биелдэг үгүйг одоо мэдэх юм алга. Ер нь нэг яваад үздэг ч юм билүү гэсэн юм бодож байгаа. Миний өөрийн бодож байгаа зүйл тийм л юм байна.
Саранцэцэг -
Энэ ардчилсан хөдөлгөөн эрэгтэй эмэгтэй хүнд хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм байна уу? Яг энэ ардчилсан хөдөлгөөнд эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай оролцож байгаа юм байсан уу?
Алимаа -
Заа ардчилсан хөдөлгөөнд болбол би хүний эрх гэдэг одоо сайхан юм гаргаж ирсэн. Дээр үед чинь болбол нэг даргын захирамжийн дор юм уу, нэг нэгнээсээ одоо айдаг ичдэг, эмээдэг тийм үе байлаа. Байхдаа болбол маш их сайхан үе байсан юм шиг байдаг, одоо энэ нэг эрх чөлөө гэж их дураар тавьснаас тэнд ер нь эмэгтэй хүн ч захирагдаж байх юм алга, эрэгтэй хүн ч захирагдаж байх юм алга. Тэнд болбол захирагдах юм болбол бараг байхгүй, төрийн ерөнхийлөгч ч бараг захирагдахгүй байна. Хууль дүрмэнд ч захирагдахгүй байна гэж. Хувийн бодол, миний хувийн бодол шүү, тийм. Би ямар нэг их мэдлэгтэй, боловсролтой нэг их албан газрын дарга биш, тэгэхдээ миний бодож яваагаар болбол тэнд бол ер нь эрэгтэй нь ч ялгаа алга, эмэгтэй нь ч ялгаа алга, ер нь болж байх юм алга л гэж бодогддог.
Саранцэцэг -
Хүмсүүд ардчиллаас юу хүлээж байсан бэ?
Алимаа -
Ардчилал гэдэг юм болбол ардчилалыг нэг л сайхан гэж би боддог байлаа, би хувьдаа. Ардчилал гэдэг чинь одоо өөрийнхөө дураар, санаснаараа, бодсоноороо одоо нэг л их сайхан байдаг юм байх гэж бодсон чинь надад болбол сэтгэлд үнэндээ хүрсэнгүй. Би ч одоо тэр үед аз муутай, хувь тавилан муутай, одоо гэрийнхээ хүнээ алдаж, гэр оронгоосоо салж, ингэж байсан одоо ч тэр. Надад болбол ардчилал ирээд, нээх аятайхан тийм ёстой ардчилал ирээд нээрээ надыг нэг тэгчихсэн, аа урд нь одоо тэр Хувьсгалт нам байж байгаа үедээ энэ тэгсэн шүү гэдэг ч ялгаа ерөөсөө алга дордлоо л гэж би хувьдаа бодож байгаа. Тийм. Тэр үедээ би яагаад тийм юм бодохгүй байсан гэвэл гэртэй оронтой, ханьтай ижилтэй, одоо ингээд бүрэн бүтэн байсан учраас бодогдохгүй байсан бол уу даа. Одоо бол ардчилал хүрээд ирээд, ингээд хань ижлээсээ салаад, яг энэ мөчид ёстой 90 онд ардчилал ч гарч ирж байсан, миний хөгшин ч даралт харвасан. Надад болбол одоо их айхтар том цохилт ирсэн, тэгээд ардчилалд болбол би надад үгүй ээ мөн ёстой нэг амарлаа гэх юм нэг ширхэг ч алга. Хэлэх юм ч алга. Улам л зовлон. Ерөөсөө л зовлон. Их л юм боддог боллоо. Дээр үед чинь одоо хүүхэд шуухадтай хүн жаргадаг, олон хүүхэдтэй хүн жаргадаг, сайхан болж гэж байсан бол одоо олон хүүхэдтэй хүн бол зовохоос өөр аргагүй болж. Үгүй ээ яагаад уу, энэ амьдрал ямар байна, өөрийгөө яая гэж байж тэр өрөөл бусад олон хүүхдээ яах уу, хүмүүжил ямар байна, орчин ямар байна, нийгэм ямар байна, энэ утаа униар ямар байна, ерөөсөө одоо муу явахаар сайн үх гээч юм л болох нь холгүй шахуу, болоод ирж байна шүү дээ, энэ Монгол гэдэг чинь. Ерөөсөө л «Дээрээ суудлаа олохгүй бол дороо суудлаа олохгүй» гэдэгтэй ижилхэн дээрээ болохгүй байгаа юм чинь дороо яах юм, нэг л их л сайхан юм л ирнэ, ардчилал гэж л одоо, одоо ер нь юу ч гэж бодож байсийм дээ, одоо. Одоо тэгээд санаанд хүрсэн юм, одоо хэлэх юм ёстой ганц ч алга. Хамгийн гол нь одоо эрх чөлөө л гэж нэг сайхан үг. Тэр эрх чөлөө чинь одоо бүр дураараа авирлах шиг болдгийм, одоо айж ичдэг, ерөөсөө тийм юм байхгүй, тэр ерөөсөө хэлдэг ярьдаг хэл яриа, хүндэлдэг мэндэлдэг ёс журам, цадиг гэдэг юм ерөөсөө байхгүй. Одоо ерөөсөө дандаа дайралцаж байдаг. Дээрээ тэгээд байхдээр доороо тэгээд яадийм.
Саранцэцэг -
Ардчилал гарсны дараа төрийн бус байгууллагууд олширсон, ТББ-уудтай та харьцаж байв уу?
Алимаа -
Заа төрийн бус байгууллага гэдэг чинь одоо нэг л хувьдаа нэг л юм нээчихээд л, одоо ерөөсөө хүн чинь одоо ерөөсөө хүнийг чинь одоо ерөөсөө өдөр, шөнө тэр ялгаж салгах, цаг минут тийм юм ерөөсөө байхгүй, тэр хүнийг л ёстой хичнээн ч удаа ажилуулдаг юм, тэгээд л нэг 100000 цаас 120000 цаас. Тэр хүний амьдрал ахуйг харна, амралт өгнө, тэр хүний эрүүл мэндийн дэвтэр бөглөдөг, тагладаг хүнийг одоо юу яадаг юм ерөөсөө байхгүй. Ерөөсөө хэдэн хувийг нь хаана ч өгөөд яадаг ч юм, зүгээр нэг л одоо мөлжигч гэж яаж хэлэх үү, шимэгч хорхой шиг л юмнууд л байдаг ерөөсөө. Тэр хүнийг л ажилд л авсан л юм бол тэр бүх л юмыг л одоо харж хандах л ч ёстой л гэж би одоо дээр үед бол тэгдэг л байлаа ш дээ. Одоо ингээд л нэг хүн үхлээ гэхэд чинь одоо нэг гэр орны хүн бурхан болоход чинь одоо албан газар чинь унаа машин гаргаад өгдөг, бүх юм яадаг, одоо болбол хөө тэр чинь тэр болбол ерөөсөө хамаа байхгүй, гэх жишээний. Одоо хүнийг л хүн гэхээ өнгөрсөн, хувийн юм хийж байгаа улсууд чинь ерөөсөө. Цаг хэр тийм юм ерөөсөө байхгүй, ерөөсөө тэгээд одоо гадны хүнийг их ажиллуулдаг. Одоо Монгол яадийм чаддаггүйм. Үгүй ээ, ямар юм нь чадахгүй байдаг юм, бидэн чинь барилгаа барьж байлаа, газар тариалангаа хийж байлаа, одоо гадны хужаа нар авч ирээд, өндөр цалин өгөөд монголынхоо улсуудад бага цалин өгөх ийм жишээний. Үгүй ээ яаж байгаам, чадахгүй байгаа юм чинь. Одоо ерөөсөө.
Саранцэцэг -
Та 61 онд анх хот руу орж ирсээн, одоо бол та хотын иргэн болсон. Анх манай УБ хот таныг орж ирэх үед ямар байв, одоо яаж өөрчлөгдөөд байна?
Алимаа -
60 онд орж ирсэн. Заа УБ хот бол анхан орж ирж байх үед бол үнэхээрийн одоо УБ гэдэг чинь л одоо ийм байдаг юм байна, дээр үед чинь одоо ингээд надыг 59, 60 онд чинь ах нэг УБ явсан чинь ...Өө УБ гэдэг чинь ёстой гоё юм байна, ёстой чухам, бохь чихэр авчирч өгөөд л, одоо явсан хүн нэг л сайхан юм үзсэн, ёстой гоё юм л гэдэг байлаа. Би ч гэсэн ирээд л ёстой ямар сайхан юм, хайх эрэх юм байхгүй, бодох юм байхгүй, үнэхээрийн сайхан дандаа лагерь гардаг, манайх тэр Чулуутын лагерь гардаг байлаа, геологийн Яам тэнд тусгай байртай, тусгай машин үйлчилдэг, үгүй ээ чухам хичнээн гоё байваа, одоо болбол ерөөсөө мэдэхгүй ээ. Одоо хүн хэлэхэд бараг үнэмшмээргүй шахуу, ер нь тэгж лагерь гарч байсийм, одоо УБ болбол бараг балгас болоод үлдэж байна. Одоо тэгээд л ерөөсөө хөдөөнөөс нэг л замбараагүй хот руу шилжих, одоо ер нь хөдөө ажил хийж байгаа хүн хөдөө байгаа хүн алга. Ерөөсөө байдаг нь л ерөөсөө нэг л эмээ, өвөө хоёр үлдэж байна, ерөөсөө өнөө эрх чөлөө, одоо ерөөсөө нөгөө малаа хувьд гаргачихсан, одоо бүр их сонин юм, бүр их сонин юм үзсэн. Одоо ингээд айлуудын гадаа ерөөсөө эвдэрхий машин 1-2. Мотоцикл 1-2. Мал нь одоо тэрнээсээ цөөхөн. Ерөөсөө л одоо, одоо хөдөөний залуучууд ингэдэг гэж байна ш дээ, аав ээжийгээ. ...Юу ярьж байгаам, одоо би энэ чинь миний л юм ерөөсөө, эрх чөлөөтэй. Би машин авна, мотоцикл авна. Мотоциклээрээ хонио хариулж байна. Мотоциклээрээ, машинаараа нүүж байна. Дээр үед чинь тэмээгээр нүүдэг байлаа. Тэрний бензин тос, бүгдээрээ эвдрээд буруу рультэй, солонгосын тэрэг ирээд, айлын гадаа 1-2 машин байж байна. Одоо хөгжиж байгаа юм юув, утас. Одоо хонио хариулж яваа хүн надтай утсаар ярьж байна, эндээс нэгж явуулж байна. одоо Манханд гэхэд өнөө жил “Мобиком” орлоо. Үгүй ээ одоо хөгжиж байгаа л юм л нүдэнд харагдаж, гарт барьж байгаа юм л одоо энэ утас л байна. Өөр одоо ер нь сайхан болж байгаа юм над нээрээ нэг ч харагдсангүй. Хөдөөний амьдрал үнэн хэцүү байна. Бүгд Сэлэнгэ рүү нүүгээд ирж байна, Ховдынхон. За ноднин бол 6 айл нүүж ирсэн, энэ жил одоо айл наашаа нүүх гэсэн 2,3 айл байна гэж ярьж байналээ. Хөдөө чинь одоо ерөөсөө өнөө урсч байсан ус гол байхгүй, ногоо цагаа байхгүй, үгүй ээ яагаад ногоо байхгүй юм, өө царцааны хор цацсан юм гэнэлээ. Өвс ургамал нь бүгд байхгүй, зүгээр одоо бараг шүүрдээд хаячихсан юм шиг, тэр мал нь юу идэж яаж байдаг юм мэдэхгүй. Энэ экологийн энэ их айхтар энэ л бороо оруулдаг л, энэ царцаа устгадаг л гэнэ, яадаг яадаг ч гэнэ үү, энэ их юмнууд чинь одоо бүх юмаа устгаад хаячихсан юм бишүү, амьтан хүн ярьж байх нь. Тэрнээс биш бороо хур орохгүй байна гээд тийм газрын хөрс эргчихсэн ямар юм байдгийм, энэ их алт ухаж байгаа амьтан хувийн амьтан одоо зарим газар ч одоо ерөөсөө там, там болгоод хаячихсан, энэнээс л холбоотой байх гэж би боддог ш дээ.
Саранцэцэг -
Яг хотод ингээд амьдрахад юу нь арай нааштай сайхан, таатай санагддаг вэ?
Алимаа -
Хотод бол амьдрахад одоо үнэхээрийн хэцүү байна. Би хувьдаа одоо ноднин 7 сард яваад, 1 сар болгоод одоо ирлээ. Тэгэхэд би нэг ч удаа эм уугаагүй, нэг ч удаа өвдөөгүй, хөдөө гэдэг юм чинь хөдөөний агаар, тэр ориг сүү, тэр ориг мах, ерөөсөө мах сүүгээ идэж уугаад л, хамгийн одоо жинхэнэ тэжээлтэй бяслаг ааруул, цагаан идээгээ идээд л, махаа иднэ гэдэг чинь үгүй ээ юу вэ, үнэхээрийн сайхан байдаг юм байлээ, хүний бие үнэхээрийн гоё байдаг юм байна. Дуу чимээ багатай, телевизээр үзэх юмаа үзээд, үзэхгүй юмаа хаагаад, хүн гэдэг амьтан чинь өөрөө өөрийгөө л авч явахгүй юм бол энэ хотод чинь юун тийм юм байдаг юм бэ, ерөөсөө бөөн телевизор харнаа бужигнасан юм, гадаа гараад суухын арга алга. Сандал алга, утаа өвөлд болбол хүн ер нь би болбол энэ өвөл ер нь өвөлжиж чадахгүй байх гэж бодож байгаа, тэр утаа униар, үнэр танар бол ерөөсөө. Болдогсон бол.., Би хотод их дуртай байлаа, үнэхээрийн сайхан. Одоо бол хотод нээрээ үнэхээрийн хэрэг алга. Болж өгвөл хөдөө явмаар байх юм, тэгэхдээр хүүхдүүддээ татагдаад, тийм.
Саранцэцэг -
Таныг 60-аад оны үед хотод орж ирж байхад одоо шиг ийм биш сайхан байсан байхаа, тэр үед бараа таваар, нийтийн унаа тээвэр ямар байсан бэ?
Алимаа -
Зүгээр байсаан, сайхан байсан. Үнэхээрийн сайхан байсан. Манайх чинь ЗХУ-аас юмаа авдаг байлаа. Одоо 15 төгрөгний хүүхдийн хөөрхөн ботинк, 20 төгрөгний нэг куртка, оочер/дугаар/-той л байдаг байсан. Оочерлож авдаг л байсан, одоо эмэгтэйчүүдийн оочер гэж байдаг, жирэмсэн хүний оочер, өндөр настны оочер гэж байдаг байлаа. Тэр оочертоо зогссод л юмаа авдаг. Тэгээд л дуусвал дууслаа, дуусаагүй бол дуусаагүй. Тэгж л юмаа авдаг, ямарваа юм ховор живэр байх нь байсан, тэгэхдээ маш чанартай, өнгөтэй үзэмжтэй, тийм байсан. Одоо болбол ерөөсөө энэ их зах зээл ирээд л урдаас Эрээний бараа аав нь авчраад л, охиндоо өгөөд л, охин нь авчраад л дүүдээ өгөөд л энэ ТҮЦ-нд ирээд л , хэдэн үе дамжсан, нэг л одоо хужаагийн борлодоггүй хог. Тэрийг л идэж, бид хэд одоо монголын ард түмэн одоо сүйрлээ. Үнэхээрийн сүйрсэн. Одоо элэг цөс, эрүүл эрхтэнтэй хүн одоо байдаг юм уу, мэдэхгүй. Гарч байгаа хүүхэд нь хүртэл ямар ямар ч гэнэ үү, ерөөсөө Би 2 хүүхэд гаргаад, өнөөдөр хүртэл миний хоёр хүүхэд, миний 3 хүүхэд шүд нь өвдөж үзээгүй, ханиад хүрч үзээгүй, хүүхдийг ер нь их л жаахнаас нь л одоо ямарваа юмыг зан ааш тэр байдал, суурь тэр багын суурь гэдэг юм заавал байх ёстой. Ямар ч хүнд, одоо нийгэмд ч гэсэн, дээр үеийн нийгэмд ч гэсэн, хүний нэг суурь ухаан, тэр дээд мэргэжил төгссөний биш хүний нэг суурь гэдэг юм, байнаа даа. Ямар орчинд ямар юм сонсож яаж одоо, дэдэлж яаж өссөн төрсөн, тэрийгээрээ л хүн гэдэг амьтан чинь дуусдаг юм байна. Би өөрөөрөө бодоход ерөөсөө.
Саранцэцэг -
Таны одоо бага хүүхэд байх үеийн эцэг эхийн хоорондхи харьцаа одоо хүүхдүүдийн харьцаа яаж өөрчлөгдөөд байна?
Алимаа -
Дээр үед чинь хүүхэд гэдэг юм чинь ерөөсөө аав ээжтэйгээ харьцах гэж ер нь янзтай шүү дээ. Одоо ерөөсөө ...хүүе нүгэл тэгдэггүй юм, муу ёртой, тэгж болохгүй, тэр аав ээжийн үгэнд ороод, одоо тэгээд л хутгалдаад л, ингээд л хамгийн дээд талын юм идээд л, дээд талд нь суугаад л, ингэдэггүй байлаа ш дээ. Бид хэд чинь маш их дэгтэй, журамтай, манай энэ хөгшний эгч нь 10 хүүхэдтэй байсан, шуудайг ингээд дундуур нь хуваагаад, уут хийгээд өгчихсөн, тэр 10 хүүхэд чинь ерөөсөө дараа дараагаараа гарчихсан, одоо 10-аас нэг л өнгөрсөн, 9 байж байна. Тэр хэд ингээд аргалд явдаг, хярам хийж өгдөг, ерөөсөө л 2 боовтой, нэг сахар өгөх жишээтэй. Нэг жаахан ааруултай, хярам ууна, хүүхэд. Дандаа л энэ баруун талд жирийгээд суучихна, цайгаа уучихаад л, уутаа бариад л аргалд явдаг. Тэр хүний үг сонсож тэгнэ, ингэнэ гэх ийм тийм юм ерөөсөө байхгүй, тэрийг болбол одоо эрх чөлөө хааж байсан гэж ярих байх, тийм биш шүү дээ. Тэр чинь хүн хүмүүжиж байгаа ш дээ. Тэр чинь тэнд л зүгээр ямар номхон суулгаж байгаа биш, аргал түүж ирж байна, усаа авч байна, малаа харж байна, одоо тэгээд л бид нар чинь хөл нүцгэн, одоо зүгээр хөл нүцгэн гүйдэг байлаа. Би чинь одоо зүгээр хөл рүүгээ шээчихээд л гүйж байдаг байлаа. Юу гутал хувцас өмсөх, энээ тэрээ. Зун болбол ерөөсөө тийм юм байхгүй. Тэр чинь одоо бүр хичнээн сайхан, одоо би 70 хүрэх гэж байна, миний нэг ч шүд бараг унаагүй. 2,3 хан шүд унасан. Одоо тэр иддэг, уудаг, хэрэглэдэг тийм юм нь бол тэр агаар, ус, байгальтай харьцана гэдэг чинь одоо байгаль гэдэг юм чинь хүнд ерөөсөө маш өгөөжтэй байдаг юм байна гэж би одоо хувьдаа боддогийм.
Саранцэцэг -
Хөдөөд байдаг эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ суулгаж сумын төв рүү явуулдаг, тэгээд араас нь их зовж л суудаг байх даа ?
Алимаа -
Үгүй ээ, тэгэлгүй яах юм. Үгүй ээ яахав дээ, манай хөгшин тэгж ярьдаг байсийм, би намар ингээд өнөө сургуульд ирээд, тэгээд хавар харьдаг байсан гэж. Хавар харихдаа бүр ингээд чийгтээд, бүр хөл нь балбаад, 2 хөл нь явж чадахгүй, тэгж очиж байсан гэж. Тэр чинь нөгөө ядуугийн зовлон л байдаг, аав ээж нь ирж авдаггүй, амралт мамралтаараа гэртээ харина гэж байдаггүй, би ч гэсэн тэр ш дээ. Тэр амралтаар гэртээ харина, барина гэж байхгүй. Ерөөсөө намар оруулж ирж өгөөд л, тэгээд л хавар явдаг, тийм одоо тэвчээртэй. Тэглээ гээд надаас одоо элдэв эсийн өвчин зовлон, элдэв эсийн гаж буруу юм надад юу ч болоогүй.
Саранцэцэг -
Одооны энэ хүүхэд эцэг эхийн талаар ярих уу?
Алимаа -
Одооны хүүхдийн эх эцэг хүүхэд хүн амьтны харьцаа авах юм байхгүй. Ялангуяа одоо биднүүсийн хүнийг болбол одоо дээр үеийн муу авгай дээр үеийн муу хөгшин гэж. Одоо үеийн залуучууд хичнээн ийм сайхан болж байна, хичнээн ийм сайхан орчин байна, би одоо өөрийгөө бодож байгаам. ..Үгүй ээ одоо 25-тай болбол нээрээ мөн юм хиймээр байна, яая даа, байз. Даанч чадал алга, одоо тэр харьцаа болбол өнгөрсөн ш дээ. Би нэг эмчид очоод үзүүлэхэд чинь сайхан хүүхэн сууж байгаам. ..за яасийм, та ер нь ямар өвчтэй юм, яах гэж явж байгаам? Тэгэхдээр л зүгээр, нээрээ зүгээр, ингээд л бие салгалаад л явж байгаа юм даа. ...эмээ та яасан, та ямар юм чинь өвдөв, гэхдээр чинь энэ өөд хөшиж байсан юм чинь бүр ингээд алга болоод, ...за эмээ нь ийм учиртай юм, сая эмнэлэгт хэвтээд, ингээд мэс заслаар ингээд эхинококктой, ингээд одоо арван хэдэн жил 20-иод жил одоо группт байдаг энэ тэр гэхдээр ..өө тийм үү, тэгэлгүй яахав, үзээгүй байхад чинь л сэтгэл бүр тайвшраад, шал өөр болж байгаам. Аа хүүхэд харьцнаа гэдэг чинь одоо таны үе өнгөрсөн, эмээ та юу ярьж байгаам, бид чинь одоо ерөөсөө нийгэмд одоо дураараа байх ёстой, та ямар юмаа хийж хүний хойноос дуудаад байгаам, та яах гэсийм, яах ч үгүй ш дээ, та юу гэж хүний хойноос яах уу ийх үү гээд, одоо хашгичиж дуудаад байгаам, өдий том болчихсон ш дээ, гэх жишээний. Тэгэхэд миний тэгдэг хүүхэд байхгүй, тийм хүүхэд байдаг юм байна, би зөндөө харлаа. Одооны хүүхэд гэж ёстой нээрээ ер нь ёстой дэг журам тэр айдаг ичдэг, гэж ерөөсөө алгаа. Тэгэхдээ өнөө надад жаахан хүүхэд байхгүй учраас надад тийм юм байхгүй, би тийм юман дээр сэтгэл эмзэглэж явдаг. Одоо яана даа, хүнийг хүндэлдэг мэндэлдэг, аав ээж ахан дүүгээ ялгадаг салгадаг, тийм юм одоо алгаа, алга. Сайхан сайхан хүүхдүүд байнаа, энэ одоо чам мэтийн сайхан яриатай харьцаатай, ааваа ээжээ, ахаа үгүй ээ одоо сайхан..., би одоо хэлж байна ш дээ, хүний эелдэг сайхан ярианаас уярна уу болохоос биш, хэдэн диплом ил тавьчихсан, том хармаандаа гараа хийчихсэн хүнээс хэзээ ч айхгүй, энэ өөртэй чинь ижил ингээд хүнтэй сайхан харьцсан, ярьсан, зовлон жаргал сонссон, хэлсэн ийм юм чинь хүнд одоо бүр.., одоо өнөө шөнө болбол би сайхан унтана гэж бодож байгаа. Ийм сайхан ярилцлага өглөө, ийм сайхан хүүхэдтэй учирлаа, одоо би бодож санаж байгаа юмаан чамд ярилаа, бүгдийг яриагүй ч гэсэн, одоо. Их сайхан ярилцлага өглөө. Цаашдаа одоо ер нь энэ юм чинь хаана очдогийм, би их баярлалаа, үнэхээрийн сайхан боллоо. Хүн чинь одоо зүгээр байж байгаад л би одоо тэгээд, ингээд байна гээд яриад хэлээд байхгүй ш дээ. Одоо тэрийнтэй ижилхэн.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмсүүд гадаад орнуудтай харьцах боломж байдаг байсан уу, ер Монголд Зөвлөлтийн иргэдээс гадна ямар улсын иргэд амьдардаг, ирж, очдог байсан бэ?
Алимаа -
Заа миний мэдэхийн хужаа нар байдаг байсан шүү, 60-аад онд ирэхэд хужаа нар чинь нэг жижигхээн жижигхэн хөлтэй, тийм хар элгэн гутал өмссөн, тийм жижигхэн хөлтэй, эмэгтэйчүүд, эрэгтэй улсууд ч гэсэн, хужаа нар болбол байдаг байлаа, би хужаа нарын юуг хүртэл, тэр оршуулга хүртэл харж байлаа. Аа ЗХУ-аас болбол Зөвлөлтийн мэргэжилтнүүд Зөвлөлттэй болбол маш их дотно байсан байх гэж боддогийм би. Аа тэрнээс гадна тэр хужаа нар болбол байлаа, тэр одоо бодохноо ногоо цагаа тарьдаг, энд байшин барилга барилцдаг, тийм юмнууд байсан юм бол уу л гэж дотроо боддогийм. Яг одоо хийж байсан ажил юмыг нь мэдэх биш,
Саранцэцэг -
Ер нь тэгээд жирийн иргэд гадаад орнуудтай харьцах боломжтой юу?
Алимаа -
Одоо боломж байдаг байсан байлгүй яав гэж одоо бодоход. Одоо хэр зэрэг орнуудтай яадаг байсийм, ёстой таг яг нарийн мэдэх юм алга
Саранцэцэг -
Танай нөхөр одоо гадаад орнууд руу ажил төрлийн шугамаар ч байдгиймуу, аялал жуулчлалаар ч байдаг юм уу явж байсан уу?
Алимаа -
Явж байсан. Манай хөгшин 63 онд төгсдгийнхөө жил Чех ямар ямар билээ, 3 улсаар явсан. Тэгээд манай өвгөн ингэж ирж ярьж байсан, одоо сонирхуулаад. ...өө тэнд чинь одоо гадаад явна гэдэг чинь сайхан байдаг юм байнаа, манай Монгол чинь л ерөөсөө өлгийнөөсөө гараагүй л байдаг юм байна ш дээ. Хүүхдүүд нь ерөөсөө 18 нас хүрээд л тэгээд л одоо ерөөсөө биеэ даагаад л, одоо гаргаад явуулчихдаг, тэгээд л одоо төрөл төрөгсөд нь одоо ирэхдээр бараг л хоол ундныхаа мөнгийг бараг л шилжүүлчихдэг, тушаачихдаг, өгчихдөг. Одоо ийм байдаг юм байна. Одоо манай монголчууд л гэдэг чинь заваараад, 40 хүртлээ л аав ээжийнхээ гар дээр, гараас гардаггүй, амьдрал нь цаашаа гараас гараад биеэ даагаад явж чаддаггүй, ийм л одоо улсууд байдаг юм байна гэж. Бүр сонин авчирч байсан. Би бүр сайн санаж байна. 63 онд. Тийм сонин авчирч, манай хөгшин тэгж байсийм даа.
Саранцэцэг -
Яг одоо танайхаар ирж очдог гадаадын найз нөхөд байсан уу?
Алимаа -
Гадаадын тийм найз нөхөд байгаагүй. Тэгэхдээ миний өвгөн их сайхан сайхан найзуудтай байсан, Германд элчин байдаг Жамц, одоо энэ Жадамба генерал байна, одоо насандаа гарчихсан, тийм тийм сайхан сайхан найзуудтай л байсан. Биднүүс их эвтэй найрсаг, одоо хүртэл одоо дээр үеийн хүний чанар хүртэл одоо яг харагдаж байна, одоо тэр сая бурхан болдог Доомой, энэ Эрдэнэчулуун одоо болгон надтай харьцаатай, тэгэхэд чинь одоо хүүхдүүдийн одоо миний хүүгийн авгайн дүү гэхэд надад одоо төдийлөн харьцаа байхгүй байгаам. Хүний мөн чанар гэдэг юм нь одоо ерөөсөө алга болжээ, дээр үед одоо хүн үерхсэн л болбол тэрийгээрээ нүд анитлаа л үерхэж найз нөхөд хэвээрээ ийм явдаг юм байна л даа. Одоо болбол тийм одоо дотны найз нөхөр, одоо тийм итгэсэн юм гэж ер нь байдаг юм уу, мэдэхгүй. Ерөөсөө л би энийг ховор байдаг бол уу гэж л боддогийм.
Саранцэцэг -
Гадаад эд барааг ер нь хаанаас олж авдаг байсан бэ?
Алимаа -
Аа тэр үед болбол Оросоос авдаг байсийм. Орос дэлгүүрээс авдаг ..Өө тэгээд л тэр гавар мавар, тэр ховор живэр юм хаанаас авсийм, одоо хурааж авна гээд л тэгдэг байсийм. Тэрийг сайн санаж байна, тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо гадаадын эд барааг зах дээрээс авахад дэлгүүрт байгаа үнэнээс их үнээр авдаг юм уу?
Алимаа -
Их үнээр авалгүй яахав, жишээ нь 5 төгрөгний юмыг 7 төгрөг жишээтэй л авдаг байлаа ш дээ, тийм.
Саранцэцэг -
Социализмын үед таны ажиллаж байсан газар ч байж болно, социализмын үед ямар ямар шинэ технологи нэвтэрч байв, хамгийн одоо гайхамшигтай сайхан юм байна гэж бодож байсан юм гэвэл юу вэ?
Алимаа -
Яг миний ажиллаж байгаа үед бол тийм одоо хэн ч байдгийм одоо Дорж нь ч байдгиймуу, Долгор нь ч байдгиймуу, шинэ санаачлага гаргаад тавиагүй ч гэлээ, гэсэн энд тэндгүй одоо тийм шинэ санаачлага гаргаж гэнэ, тэгж гэнэ ном сонин дээрээс дандаа өнөө юу уншдаг учраас, тийм юм болбол зөндөө олж уншиж байсан. Яг нүдээр үзэж чихээр сонсоогүй, миний цуг ажиллаж байсан хүмүүс тийм юм шинээр санаачилж байсныг би мэдэхгүй байна.
Саранцэцэг -
Таны одоо хамгийн анх радио телевиз үзэж байсан юм уу, газар тариалангийн шинэ техник өмнө нь Монгол оронд байж байгаагүй тийм юмыг үзэж харж байсан юм уу, онгоц компьютер анх үзэж байсан юм уу, тийм юмнаасаа санаж байвал ярьж өгөхгүй юу?
Алимаа -
Өө тэр хөдөө байхад чинь жааханд ээж өнгөрөөд л, хөдөө байхад чинь онгоц чинь эрплан гэдэг нэртэй байлаа. Аа чухам эрплан явж байна гээд л, утаа шиг юм л дээгүүр нисдэг, тэр чинь онгоц байж. Заа тэгээд машин гэдэг юм чинь маш ховор байлээ. Ерөөсөө нөгөө 30 машин, 53 гэсэн машин байлаа. тэгэхдээ яахав, машиныг бол нөгөө сумын төв мөвд үзэж харж байлаа.Телевизийг би одоо анхан үзэж, аягүй сайхан одоо үнэхээр одоо сайхан юм, нэг сайхан цэнхэр дээлтэй хүүхэн гарч ирээд л, ямар сайндаа тэр телевизээр гараад ингээд аягү гоё болохгүй юу. Их л гоё юм болж. Тэгсэн чинь манай аав хөдөөнөөс ирчихсэн байсан, ...үгүй ээ миний хүү, энэ телевизрээр цэнхэр дээлтэй хүүхэн ..сайн байна уу гэхлээр нь ...Сайн сайн байна уу гэсэн чинь цаашаа яваад орчихлоо үгүй ээ орох юу байдаг юм, тэр чинь нөгөө хөтлөгч нь байхгүй юу гээд гоё гоё юм гарч байгаа биз гэсэн, ...харин тиймээ, сайн байна уу гэхдээр нь би ...сайн, сайн байна уу гэсэн чинь өөрөө алга болчихдгийм, тэгээд өөр юм гараад ирлээ, нөгөө хүн чинь байдаггүй, гэж тэгж байсийм. Тийм.
Саранцэцэг -
Та одоо сая төрсөн нутаг орон луугаа явлаа ш дээ, танай нутаг орноор байгаль орчин өөрчлөгдөөд, цөлжилт юм явагдаад, гантай болоод, ус гол ширгээд, тийм харагджээ. Заа, танд сайхан өөрчлөлт ер нь нааштай харагдсан юм байна уу?
Алимаа -
Нааштай харагдаж байгаа юм байнаа, байлгүй яахав. Одоо тэндхийн сургууль болбол 80 жилээ хийлээ, үнэхээрийн ажилсаг одоо. Харин энэ сургалтын ажил болбол хөдөөд их сайхан явагдаж байна. Хөдөөд яаж явагдаж байна, яаж байна? гээч, Яадаг юм гэхээр чинь манай дүү одоо тэндхийн сургуулийн одоо менежер байх юм, Даариймаа гэж эгчийн том охин. Тэр болбол одоо ингээд багш нарыг одоо ерөөсөө 8-р ангиас нь 5-р ангиас нь хүүхдийг дааж авдаг гэнэ дээ, сонгож авдаг, за жишээлбэл түүхийн багш гэхэд миний эгчийн хүүхэд Энхтуяа гээд түүхийн багш байгаам. Тэр одоо ингээд 35 хүүхдээс ч юм уу, 30 хүүхдээс ч юм уу, 5 хүүхэд сонго гэж байгаам. Сонгож авч одооноос одоо тэр хүүхдийг гаргаж авч, одоо чи түүхээрээ л оруул гэж одоо сонгож авдгийм хүүхдийг, эх эцэгтэй нь харьц, байнга л одоо холбоотой бай, одоо өнөө жил 11-р анги тэр хүүхэд, 5 хүүхэд бэлдэж байна. Ямар ч мөнгө цаас өгөхгүй ээ, гэртээ авчраад, бэлдүүлж байгаам. Тэр хүүхэд тэрэнгээрээ цалинжина гэж байна, тэр 5 хүүхдээс 3 нь дээд сургуульд ордог юм уу, 2 нь дээд сургуульд ордог юм уу, одоо тэр урамшуулалт цалин тэр багшид олддог юм байна. Тийм сайхан одоо ерөөсөө. Тэгэхдээр би тэр мөнгөө ахиулахын тулд хүүхэд дааж авнаа даа, нэг таван хүүхэд ч байдаг юм уу, 2 ч байдгиймуу, 3 ч байдгиймуу, одоо гэртээ бүр аргачлаад, яг консультаци /давтлага/ өгөөд яг одоо сууж байна. Би одоо ийм сайхан юм үзлээ. Тэр сургууль бол одоо үнэхээрийн сайхан, одоо энэ номон дээр бий дээ, чи дараа үзээрэй, 80 жил болоход ямар байсан, одоо ямар болж уу, одоо хичнээн захирал солигдсон юм, сургууль ямар байсийм, одоо ямар өнгө төрхтэй байна. Хачин гоё, ёстой гоё болчихсон юмнууд зөндөө байна, соёлын төв гэж Манханд сайхан соёлын төв барьж. Аягүй гоё байна. Тэр чинь одоо тэгээд л бүх л бүтэн ажил төрөл юмаа явуулдаг юм байна. Шинэ жил одоо, өндөр настан одоо ямар ямар юм байдгийм, одоо бүх л үйл ажиллагаа тэнд явагддаг юм байна. Сайн юм нь ч байна, муу юм нь ч байна. Сургалт болбол хөдөө УБ-аас арай өөр юмаа. Арай өөр юм. Одоо хүүхэдтэй тулж ажиллаж байна. Жинхэнэ тулж ажиллаж байна. Одоо 11-р ангийн багш гэхэд чинь л одоо зүгээр нэг цагийн хичээл заачихаад л, УБ-т гараад явдаг, хөдөөд бол тийм юм алга. Тэр 30 хүүхдээс 3-ыг нь чи сургуульд оруул, дөмөгхөн гэсэн хүүхдээ жишээлбэл, одоо бүр энийг одоо заа, 5 хүүхэд сонго, 5 хүүхдээс чинь 3 нь ордог юм уу, 2 нь ордог юм уу, тэрийгээ эртхэн ажиллуул, үр дүн тооц. Ингэж ярьж байх юм. энэ бол үнэхээрийн бахдууштай, цаашид бол энийг хэрэгжүүлмээр ийм сайхан юм байдаг юм байна. Биологийн багш юм байгаам, авгай нь яг. Тэр биологийн багшийг одоо бас манай дүү тэгж байгаам. Одоо 4-5 хүүхэд бэлд, 9-р ангитай тэр хүүхэд, тэгэхэд чинь 9-өөс нь эхлээд бэлдэхдээр чинь тэр хүүхэд юм сурнаа даа, өөр юм биш шүү дээ, одоо чиглэл чиглэлээрээ болчихсон байна ш дээ. Дээр үед чинь математик тоо хоёроор л шалгаж байсан бол одоо биологи гэж байж байна, түүх гэж байж байна, газар зүй тэгээд л одоо орос монгол хэл одоо ямар юм байдгийм, тус тусдаа ингээд л явчихдаг болохдээр 9-өөс нь эхлээд л тэр хүүхдийг бариад авахад чинь тэр хүүхэд юманд хүрнээ дээ. Хөдөөний нэг сайн тал тэр сургалт болбол арай илүүтэй юмаа. Арай илүүтэй.
Саранцэцэг -
Танай тэр нутаг оронд чинь газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу?
Алимаа -
Нэр өөрчлөгдөөд байсан юм алга. Булаг шанд нь ширгэчихсэн, ус ургамал нь одоо бүр байхгүй болчихсон, үгүй ээ одоо энэ нэг надыг одоо 6 жилийн урд очиж байхад цахилгаан станц гэж нэг юм барьж байсийм, тэр цахилгаан станцыг одоо барихад чинь л ёстой зүгээр ус гэдэг юм Төгрөгийн голын ус ерөөсөө машинтай гарч болохгүй байсан, тэр цахилгаан станц чинь одоо усаар гэрэлтүүлдэг цахилгаан станц барьж байсийм, тэгээд нэг хэсэгтээ сайхан байсан чинь одоо цахилгаан станц нь ч байхгүй, ус нь ч байхгүй болж. Нэг юм хийх гэж нэг юмаа сүйдээд байна уу даа, гэсэн санаа байхгүй юу.
Саранцэцэг -
Ер нь одоо монголчуудын нас барсан улсаа дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөөд байна? Оршуулга дээр үед ямар хэлбэрээр явуулж байгаад одоо ямар болов?
Алимаа -
Дээр үед болбол одоо би сайн санаж байна, одоо манай ээжийг нас барж байх үед чинь одоо нэг тохмын эсгий гэж ярьдаг даа, ташаан доор нь нэг цагаан эсгий тавиад, нэг цай дэрлүүлээд, одоо эмэгтэй хүнийг хаашаа харуулдаг ч билээ, эрэгтэй хүнийг хаашаа харуулдаг ч билээ, цагаан даавуу нөмөргөөд, 4 булан дээр нь чулуу тавиад, ингэж тавьдаг байсан. Хонь мал хариулж явахад одоо ингээд харагддаг. Тэгээд тэр чинь ерөөсөө 3 хоногт л одоо тас шувуу авдаг юм уу, яадаг юм бүгд алга болчихсон байдаг. 3 хоноход бүр одоо эргэдэг ёстой, тийм журамтай байсан гэж байгаам. Тэгээд 3 хоноод очиход болбол ерөөсөө байхгүй болчихсон байдаг, аа зарим үед болбол одоо яс чөмөг нь байдгиймуу, толгой нь ч байдгиймуу энд тэнд бүр одоо юм хум идэж бариад, бүр тийм болчихсон байдаг, одоо тийм байдаг байсан. Би одоо тэрийг болбол сайн санаж байна. Аа одоо яахав, тэрнээс хойш газрын хөрсөнд тавьдаг боллоо, одоо шарил марилаа ухаад одоо мэдэхгүй ээ, мэдэхгүй. Одоо үхэхлээрээ яадаг билээ гэсэн шиг л юм бодож байна ш дээ. Тэр шатаалгана гэдэг чинь одоо цэвэрхэн ч юм шиг, тэгсэн мөртлөө одоо ер нь мэдэхгүй ээ, мэдэхгүй. Одоо яаж үхнээ, үхэхдээрээ яадаг билээ гэж зовлон болж байна ш дээ, тийм.
Саранцэцэг -
Заа социализмын үед эрх мэдэлтэй улсууд гэвэл дарга нар голдуу байсан. Танай нөхөр бол яалтгүй удирдах ажил хийж явсан. Тэгэхлээр эрх мэдэлтэй ийм дарга улсууд доод тушаалын улстайгаа ямархуу харьцдаг байв, тэд одоо өдөр тутам эдэлж хэрэглэдэг, өмсөж зүүдэг юм нь бусад улсуудаас ялгаатай юм байв уу?
Алимаа -
За миний нөхөр болбол ер нь 62 онд төгсөөд л, би 61 онд суусан. 66 оноос хойш л албан газрын дарга хийсэн. Үхэн үхтлээ. Сономцэвээн гэдэг хүн байлаа, тэгээд би нөхрийгөө болбол ер нь 1-т одоо хүн удирдаж байгаа хүн, 2-т одоо..., гэж бодоод аль л сайхан хувцас өмсүүлэхийг, машин тэргэнд нь одоо суудал муудалд нь юм оёж өгөх жишээний, гарт нь одоо нөгөө машинд нь юм оёж өгөх жишээтэй, одоо хувцас нь ханцуй манцуй нь муухай болчихно гэх жишээний, тэгэхдээ манай хүн яахав, ширүүн дориун нэртэй байсан. Юм нууж хаагаад яахав. Жинхэнэ үнэнч хүн байсан. Үнэнч ямар хүн байсан гэвэл одоо манай хөгшинг л хэлэхээс өөр арга байхгүй. Үнэхээрийн шударга. Тэр хүнээс нэг юм аваад идчих юмсан, тэгчих юмсан гэсэн тийм бодол санаа ёстой нэг байгаагүй дээ, би тэрийг юугаар нотлов гэхдээр манайх энэ 3-р байшинд байлаа. Манай нөхөр барилга конторын дарга байлаа. Тэгсэн шар будаг олддоггүй ээ, барилга конторт ёстой юу л байна, будаг байдаг байлаа. Тэгээд би хөгшнийг ...за би мөнгөө өгье, чи нэг шар будаг, 3 кг шар будаг олж авчирч өгөөч, мөнгийг нь өгье гэсэн чинь, ...Тэрийг надаас аваад байх юу байдгийм, тэр 2-р дэлгүүрт шар будаг байна гэж байналээ. Өөрөө яваад авахгүй юу, гэж байсан. Би операци хийлгээд, босч болохгүй байхад, надыг орхиод Ховдын экспедицийн даргын ажил аваад явж байсан, би хүнээр харуулаад, үлдэж байсан. Би 5 сар эмнэлэгт байхад ажлаа хийсэн чигээрээ байдаг, хийхээс ч өөр арга байхгүй, албан газрын тамга барьчихсан, дарга хүн чинь одоо надыг эргээд тэнд 5 сар болдог юм болбол манайх иддэг хоол ч алга 1-т, 2-т болбол тэрний ажлыг нь хэн орлож авдгийм, тэгээд үнэхээрийн одоо ажил хийдэг хүн байсан, манай хүн. Үнэхээрийн шударга. Тэгээд ингээд даралт харваад, ингээд юу яагаад, ажлыг нь хүлээлгэж өгсөн чинь тэр албан газрын юмнаас ёстой нээрээ.., одоо дээр үед чинь бүр ингээд дансалчихдаг байсан ш дээ, одоо жишээлбэл, албан газрын даргад нэг хивс байна, хөргөгч байна, тийм данс ч байхгүй. Ерөөсөө л шалан дээрээ өөрийнхөө юуг тавьчихаад л, өөрийнхөө юмыг. Тэр одоо албан газрын данс гэдэг юм байдаг байсийм, дээр үед чинь. Би хэдэн чулууг нь аваад л, алхыг нь аваад л, би гарч ирж байсан.
Саранцэцэг -
Танай нөхрийн мэргэжил яг ямар мэргэжил үү?
Алимаа -
Яг геологийн мэргэжил. Анхны геологич ёстой анхны геологич, одоо 13 төгссөнөөс нэг 5, 6 хүн байна уу үгүй юу, бурхан болоод дууслаа, одоо Хурц сайд л байх шиг байна. Геологийн яамны сайд Хурц гэж байсийм. Одоо ч гэсэн байгаа. Тийм. Аа шударга хүн байсан, жинхэнэ шударга. Одоо ямар сайндаа л би хүнтэй нийлж мөнгө идэхгүй болохоор ерөөсөө бүтэхгүй байна. Хүнтэй нийлж л одоо зохицдоггүй хүн дээ, манай хүн, ер нь. Ерөөсөө хүнтэй нийлэхгүй. Тэгж одоо.., жишээ нь одоо нэг хувьдаа жаахан мал авъя ч гэдэг юм уу, заа нэг газар тариалан авчихъя, одоо алтны нэг үйлдвэрийн буланд юу яачихъя тийм юм бол ёстой зөвшөөрөхгүй. Тийм л хүн. Хүнтэй болбол ёстой тэр талаар ёстой ярих юм биш, одоо жинхэнэ коммунист гэж ямар хүн байсан, манай хүн байсан. Одоо энийг болбол би баттай хэлнэ. Аав чинь ч мэдэж байгаа. Мэдэхгүй хүн геологи дотор нэг ширхэг ч байхгүй, одоо ч гэсэн амьд байгаа улсууд нь хэлнэ. Хаана л геологийн ажил унасан цалгардсан, төлөвлөгөө норм биелээгүй, тэнд л явдаг, хаана шинэ газар геологийн ажил нээгдэхээр байна, манай хөгшин явж байсан. Одоо алтны экспедицид бол хүндэт дэвтэрт бол нэр нь мөнхөжсөн тэнд яг байж байгаа. Ховдыхд ч байж байгаа, одоо энэ цаад лаборатори гээд автобусны буудлын хажууд байж байгаа энэ байшинг жинхэнэ бариулсан хүн нь, аавыг чинь тэнд өнгөлөх тасагт ажилд оруулж байсан, ер нь чухам геологийн тал дээр манай хөгшний урд гишгэх хүн нээрээ хэн гуай нь ч байхгүй. Хувийн шунал байхгүй, хувийн сонирхол байхгүй.
Саранцэцэг -
Танд одоо хамгийн дурсгалтай эд зүйл байдаг уу?
Алимаа -
Ёстой над юу ч байдаггүй ш дээ. Ёстой үгүй.
Саранцэцэг -
Би одоо танаас асууя гэсэн юмнуудаа асуучихлаа, танд одоо хэлье гэж байсан юм байвал хэлэхгүй юу?
Алимаа -
Тэгэхдээр би одоо ханиа дурсахаас өөр юм байхгүй, миний хань одоо геологид 33 жил ажиллахдаа үнэхээрийн хүндтэй, хаана л одоо төлөвлөгөө норм биелээгүй газар тэнд очиж ажил хийж, одоо хөл дээр нь босгоод, бүр одоо байшинг нь бариулж суурьшуулаад, 3-4 жил 5 жил болгоод ирдэг байсан. Энэ хооронд чинь ххүхэд чинь их зовлонтой байдгийм байналээ, үр хүүхдээ дагуулаад явдаг, энд нэг 1 жил сураад л Дарханд очиж 2 жил сураад л, Ховдод 5 жил сураад л, ингэж явсаар байгаад 2 хүүхэд маань завсардаад, тэрийг мэдэж байх юм байхгүй, засгийн ажил л хийж байвал ерөөсөө тэр миний өвдөх, операцанд орсон, тэр хүүхдийн хувь заяа гэдэг юмыг ер нь ер нь хэдэд оруулж байсийм, би одоо болбол санаад, заримдаа би харамсдгийм. Үгүй ээ би юу гэж энийг дагаж хаа оч гэсэн газар нь очиж, яв гэсэн газар нь явж байваа, хүүхэдтэйгээ байж байхгүй яаваа гэж хүүтэйгээ гээд, би боддогийм. Манай бага хүү надаас их хөөрхөн асуулт тавьдаг байхгүй юу, .. Үгүй ээ манай өвөө чинь их том 33 жил албан газрын дарга хийсэн мөртлөө 2 хүүхэд нь ийм нойл сурдаг байсиймуу, яагаад нэг сургуульд оруулчихаагүй юм, гэдэг байлаа. Тэгээд л би тэгдгийм ..Үгүй ээ өвөө нь ёстой нээрээ хачин хүн ш дээ, ерөөсөө. Толгойгоороо сурууль авбал авлаа, авахгүй бол ажлаа хийдгиймүү яадгийм, амиа л бодох хэрэгтэй л гэх шахуу юм хэлдэг, тэгээд манай энэ хүү тэгдгийм, ..Та 2 хүүхдээ буруу хүмүүжүүлжээ, хүмүүжүүлж чадаагүй байнаа, та 2 хүүхэдтэйгээ одоо гардаж, надтай яаж ажилладаг уу тэрэн шиг л ажиллах байсан байхгүй юу, гэж. Тэгээд би тэгдгийм, нөгөө 2 хүүхдээ юу ч гэж боддог байсийм, тэр үед ажилтай төрөлтэй, өвчтэй зовлонтой, голцуу эмнэлэгт би чинь байдаг, чамтай ижил чамтай ижил гардаж ажиллаагүй юм гэхдээр ...Тэгвэл та өөртөө л гомдохгүй юу гэдэг юм. Өөртөө л гомдох хэрэгтэй, 2 хүүдээ гомдож болохгүй, 2 хүү чинь ямар архичин болчихсон байх биш, гудамжинд гарчихсан байх биш, та одоо ямар нэгэн мэргэжил эзэмшүүлж, ямар нэгэн одоо сайхан өрх толгойлж, аав шигээ л амьдруулаагүй болбол та үгүйдээ надтай ойролцоодуу болгочихгүй, том хүүгээрээ. Би бага хүү, хань 2-оороо бахархаж явдаг. Тэгэхдээ миний 2 хүү болбол тэгж архи дарс ууж, гадуур дотуур явж, ажилгүй энийг яанаа, тэрийг яанаа гэх юм алга л даа, тэгэхдээ яахав, аавын зиндаанд байлгах байсан юм л гэж л манай бага хүү ярьдаг байхгүй юу дээ, би ингэж байхад, 2 хүүгээ яагаад ийм болгоогүй юм бэ, гэж. Энэ болбол нөгөө хөгшний чинь л нөгөө ажил, улсын төлөө л явсаар, улсын төлөө л өөрийгөө, өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө хүүхдийг, ерөөсөө л одоо ингэдэг л хүн байсан ш дээ. Ажил дээр ингээд л жолооч молооч ямар нэг юм болохгүй байвал надад ирээд уурладаг, ...үгүй ээ тэр тэгчихэж, энэ ингэчихэж. Үгүй ээ би яадаг юм бэ, би ямар тэр хүнийг чинь.., надад бол ямар ч хамаагүй биз дээ, тийм л жишгээр. Ерөөсөө улсын л ажил. Дэндүү тийм, ажилсаг, дэндүү өөрийгөө амьдралыгаа боддоггүй. Одоо улсын ажил гэсээр яваад, одоо ер нь юу гэж хэлэх юм, зарим үед надыг тэгдэг байсан юм, ...өө Алимаа минь ёстой улсын ажил хийх шиг сайхан юм хаа байнаа, ёстой чухам. Би Хувьсгалт намын гишүүн хүн. Би энэ ажил л хийж яваад үхдэг. Надад ажлаас өөр хэрэгтэй юм байхгүй, үгүй ээ би өвчтэй байна ш дээ, чи тэр Ховдын экспедици авч яах гэсийм, өөр хүн явуулж болдоггүй юм уу, гэхэд чинь л мэргэжил нь тийм юм чинь, би сургуулийг нь сурчихсан юм чинь би явах л ёстой ш дээ, сургуулийг нь сурчихсан юм чинь, өөр хэнийг яв гэдэг юм, би л явна ш дээ, Үгүй ээ цаана чинь та нар 13-уулаа төгссөн, одоо Хурц сайд ч гэлээ байж л байна ш дээ, үгүй ээ тэр Баяндай байж байна ш дээ, Самбуу байж байна ш дээ, ижилхэн цуг төгссөн, үгүй ээ надыг л яв гэсэн юм чинь би явалгүй яадгийм, гэсэн одоо ийм л, ажлын төлөө л ийм хүн байсан. Ингэсээр яваад улс эх орныхоо төлөө ёстой зүтгэсээр байгаад, ёстой хөгшин минь ямар ч сайхан юм үзэлгүй, сонсолгүй, харалгүй бурхан болсонд би харамсч явдгийм. Тэгээд найз нөхөд нь та ерөөсөө одоо зүгээр энэ яриандаа оруулаад хэлэхэд надыг ..Та ерөөсөө өргөдөл бич, ийм сайхан одоо нэр хүндтэй ажил хийж явсан, та ер нь одоо дурсамж өгөх хэрэгтэй, ярилцлага өгөх хэрэгтэй, орон гэр асууж сурах хэрэгтэй, та ингэж дуугай суудаг хэн юм бэ, ер нь. Ангийнх нь үлдсэн хэд нь тэгдэг юм, тэгээд л би ингээд заа ингээд л хүлцэнгүй сурчихсан, бодохдээр чинь тэгж ингээд л байх юм байна ш дээ.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Алимаа -
Заа, би ч гэсэн баярлалаа.
Саранцэцэг -
Заа, та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.
Алимаа -
Заа би ч гэсэн баярлалаа миний хүү. За тэгээд энэ 80 жилийнхээ ойн номыг хүүдээ дурсгая.
Саранцэцэг -
Заа баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.