Nadmid


Basic information
Interviewee ID: 990160
Name: Nadmid
Parent's name: Jamsran
Ovog: Holboo het
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: none
Notes on education:
Work: [blank]
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
travel
democracy
environment
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

hunger strike
democratization
social problems
horse relay
relay station
children's upbringing
city life
techniques and technology
democracy
nature and environment
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу?

Надмид -

Сайн, сайн байна уу?

Саранцэцэг -

Хоёулаа өнгөрсөн одоо ярилцлага хийсэн дээ, тэр ярилцлаганыхаа үргэлжлэлийг хийе.

Надмид -

Заа.

Саранцэцэг -

Та одоо хүүхэд бага насаа дахин эргэж дурсна уу. Таны бага нас тэр үеийн бусад хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай байсан бэ, ер нь одоо таны бага байх үеийн хүүхэд эцэг эхийн хоорондын харьцаа, одоо ингээд хүүхдүүд эцэг эхтэйгээ харьцаж байгаа нь ямархуу ялаатай юм харагдаж байх юм?

Надмид -

Хүүхэд байх цагийн дурсамж зөндөө л байлгүй яахав. Машинаас айгаад л зугтдаг байлаа. Манайх машин замд ойрхон нэг газар намарждаг байлаа л, намарт. Тэгээд намайг багад миний муу ээж аав бүгд байж байхад, тэр алба хийдэг гэж байсийм. Тэр алба хийж байна гээд л мориор одоо улаа нэхдэг, манайхан тэр овоо хэдэн адуутай болохоор морь унуулж, албаны хүмүүст үйлчилж байсан юм байлээ л унаагаар нь. Тэгээд машин нааш цааш, хааяа нэг том хар машин явна. Би одоо тэр манай аавынх тэр өртөө алба хийж байхгүй юу. Тэгж байхад л би жаахан бага хүүхэд ус энэ тэр аваад л явж явсан чинь, хааяа нэг машин ховор тохиолдноо тэр. Машин дүнгэнээд л хүрээд ирнэ, аймар бүдүүн хар машин Ботгоны хавцал луу. Тэгээд нөгөө машинаас айна бид, айгаад зугтаж гүйгээд, харганы цаагуур орж нуугдаж байж өнгөрөөдөг. Тийм зэрлэг байлаа ш дээ.

Саранцэцэг -

Тэр чинь одоо бүр жаахан байхад биз дээ?

Надмид -

Бүр багад. Бага одоо ..., арван ... 8-тай, 9-тэй ч байсийм уу даа, сайн бол 9,10-тай ч байсиймуу, тэр хавьд л байсан, тэр манай аавынх алба хийж байсан, тэр нь дурсч бодогдож байгаа юм чинь. Тэгээд тэр хүмүүс морь голно. Тэр албаны хүмүүс бас их юу гэдгийм дээ, тэр дээрэнгүй ааш зантай гэхиймуу хаашаа юм, муу морь тохож өглөө, гүү тохож өглөө, энэ тэр гэж загнана бас. Тохож өгсөн унаа морийг нь тэр чинь бас өртөө явж байна гэж хичнээн км газар зуун км-ээр тооцож байсан юм бол уу, 70,80 км-ээр тооцож байсан юм бол уу, тэгээд нэг адуунаасаа хэдэн албаны хүмүүс тэгж байхад машин байгаагүй юм чинь, машин ховор, тэгээд яадаг байхгүй юу, тэрийг мориор нэг хүн морь тохож өгөөд, нэг хүн улаач хийгээд явна, тэр өшөө тэр хэдэн км-т явж байгаа юм буулгаад, эргээд нөгөө морь унаагаа хөтөлж авчирна. Улаа нэхсэн хүмүүс. Тэгээд тэр л дурсагдаж байна, машинаас айдаг байсан. Том хар машин л хааяа нэг харагдахаар айдаг, харааны цаагуур ордог/инээв/ тийм байсан санагдаж байна, тэр их сонин их сонин. Одоо бол хүүхдүүд бол машинаас айна ч гэж юу байхав, ёстой зүгээр энэ ч одоо ямар айдаггүй юм бэ, гэмээр харагдаж байгаа юм чинь тэр машин чихцэлдээд явж байхад чинь зүгээр урдуур нь гүйгээд, гүйгээд сүлжээд гарч байгаа харагдаж байгаа юм. техник одоо маш их хөгжиж, сайхан юм одоо их байнаа. Улс орон алийг нь одоо аль муугаар хэлээд яахав, дутагдалтай ч зүйл зөндөө л байгаам, дутагдалтай доголдолтой юм сайхан ч юм зөндөө л байгаам. Тэгээд би...,

Саранцэцэг -

Таны бага үед эцэг эх хоорондын харьцаа ямар байв, одоо ямар байна?

Надмид -

Одоо тэр үеийн чинь хүүхэд ээж аавын хүүхэдтэйгээ харьцдаг харьцаа, одоо тэгээд л мал ажил сайн хий л гэж харьцдаг байсан болохоос биш одоо бол хүүхдүүд чинь малгүй ээ байна, одоо бэлэн ус цоргиод ороод ирж байна, бэлэн халаалт халж байна, тэгээд энэ ялангуяа энэ боловсронгуй байшинд байгаа хүүхдүүд маш их залхуу, их цамаан, тэгээд нэг ичих эмээхээ мартчихсан, ёстой нөгөө нүүрээ ширлэчихсэн юм шиг л одоо тийм л хэцүү л хүүхдүүд одоо хүүхдийн хүмүүжил маш их доройтож байна гэж боддог. Миний харамсдаг юм тэр. Одоо тэгээд яаж ач, зээ нар минь ямаршуу хүн болох бол доо, гэж одоо сэтгэл зовниж суудаг шүү би. Их эвгүй одоо орчны нөлөө одоо тэр янз бүрийн кино гарч байна, хүүхдүүд одоо насны ялгаагүй янз бүрийн кино жүжиг их үздэг, тийм тийм юмнаас их нөлөөлдөг байх гэж би боддог юм. Тэгээд одоо хүүхдүүд ичих эмээх юм алга, хөгшин хүнийг хүндлэнэ, ээж ааваа хүндлэнэ, хайрлана гэдэг нэг хэсэг нь байдаг л байх, ер нь цөөхөн болжээ. Ер нь хүнийг хайрлах, хүүхэд настайчуулаа хүндлэх, хүнийг хүндэтгэх ёс л их доошоо байна л гэж би боддог. Тэрэнд л эмзэглэж явдаг шүү би. Энэ муу хэдэн ач нар, зээ нартаа бас бас амьдралынхаа туршлагаас ойлгуулъя, бас өчүүхэн ч болов мэдээд аваг гэхэд ойлгоё доо гэх хүүхэд ховор юм даа. Ажиглаад байхад. Аягүй бол энэ хөгшин ээж юу яриад байгаа юм, дэмий юм ярьж байх юм гэсэн аятай хүлээж авч байгаа юм шиг бодогддог юм.

Саранцэцэг -

Таны бага нас одоо тэр үеийн бусад хүүхдүүдийнхээс ялгаатай юм байсан уу?

Надмид -

Ялгаатай юм гэхээр чинь одоо юу баймаар юм б дээ. Амьдрал л одоо их хэцүү ялгаатай л байсан, хөл нүцгэн явж байлаа...,

Саранцэцэг -

Тэр үеийн хүүхдүүд дундаас таны одоо бага байх тэр үе байна ш дээ, яг тэр үед бас хүүхэд байсан хүүхдүүдээсээ ялгаатай зүйл байсан уу?

Надмид -

Тэр одоо юу нь ялгаатай ч байхав дээ. Бүгдээрээ л ижил ер нь дээр үеийн хүүхдүүд чинь ичимхий бүрэг, гэрэвшиг, даруу. Их сайхан даруу л байсан юм билээ, ээж аав... даруулгатай, хүмүүжилтэй одоо хүн жишээлбэл, одоо тавагтай идээ тавьсан бол тэрнээс авдаг эрх байхгүй, одоо бол хүүхдүүд чинь тавагтай идээгээ нарийлж хайрлаж байгаа юм алга, хүний урдаас юм авдаггүй гэж ээж хүмүүжүүлж байсан, хүнийг одоо хүндлэх хайрлах гэдгийг бас их зөвлөдөг хэлдэг байсан.

Саранцэцэг -

Хүмүүс чинь хүүхдүүдээ сумын төв рүү сургуульд явуулдаг, өөрснөө хөдөөдөө малтайгаа үлддэг, за тэгээд хүүхэд нь айлд ч зарим нь суугаад зарим нь дотуур байрханд ордог. Дотуур байранд суулгахдаа эцэг эхүүд хүүхэддээ санаа нь зовоод л үлддэг байсан байх даа?

Надмид -

Өө тэр санаа зоволгүй яахав. Манай муу дүү ярьж байгаам. Аймар хэцүү байсан гэж хэлж байгаам. Тэр сургуульд айлд аваачаад өгчихсөн юм байна л. Тэр хүмүүсийн амьдрал их хэцүү байж л дээ. бас жаахан санаа, амьдрал нь хүнд болохоор тэгж байсан байлгүй. Хүнс мүнс гэж байсан олон малтай болохоороо хүнс гайгүй л өгдөг юм байна л даа. Тэгсэн чинь хоол унд өөдтэй өгөхгүй ээ, ус зөөлгөөд бүр манай тэр дүүгээр яриулж гэм тэр ёстой янзтай юм ярьдгийм ш дээ, чааваас. Ингээд л нэг муу нэхий дээлтэй, даалимбуугаар өнгөлчихсөн үстэй дотортой дээлтэй, ус өргөөд нөгөө айлд, аргал түүдэг, аргал түүж ирж өгдөг нөгөө байж байгаа айлдаа, усыг нь зөөж өгдөг юм байна. Тэгээд ташаа руугаа усаа асгаад, нөгөө жаахан хүүхэд чинь, 1-р ангийн нэг 7,8-тай 9 настай хүүхэд чинь, ямар өөдтэй юм байхав. Ус өргөөд л явж байхдаа ингээд л цалгиулаад л, 2 ташаа нь ингээд мөс хөлдчихсөн, ирдэг байсан. Тэгээд манай ээж хэлж байсан, бас манай холын хамаатны айл байсан гэсэн, тэгээд хүүхдээ өгчихсөн чинь хоол өгөхгүй ээ, дээлийг нь үстэй дээл өгсөн юм байна л ээж, хучиж унтаж байг гэж, тэгж байхад ямар хөнжил гудас байгаагүй ээ, хөнжил байгаагүй. Эрхбиш нэг дэвсгэр гараар юм хийгээ л байлгүй. Тэгээд л хонины арьс, ямааны арьс дэвсээд л, хөдөө байж байхад чинь бол бид чинь гадаа хонины захад унтчихдаг байлаа ш дээ. Дээлээ нөмрөөд л ямааны хонины арьсаа доороо тавиад л, тэгээд л нэг юм дэрлээд л, тоож ч байгаа юм байхгүй, тэрэндээ тэр орчиндоо болж л байнаа гэж бодож байсан юм байгаа биз. Тэгээд их сонин тэр чинь. Манай муу дүү тэгж ярьж байсан, одоо хааяа тэрэнгээ ярихаараа аймар юм ярьдаг юм ш дээ. Тэгээд аймаар гэдэс өлсөөд, гэрээ санаад ёстой, аймар байсан гээд тэгж байж нэг 4-р анги төгссөн гэж ярьдаг чааваас. Тэгсэн нэг айлд байж байсан тэр айлын эрэгтэй хүүхэд дээрэлхээд, нөгөөдөх чинь гадаа гараад л унтдаг юм байна л даа, хавар дулаан болохоор тэгдэг юм байна л, унтаж байсан чинь толгой руу нь шээдэг байсан гэж байгаам. Тэр одоо ямар ч гэдэг хүүхдээ хүмүүжүүлдэг юм асармал хүүхэдтэй айл байсан юм гэлээ. Гараагүй, тийм болохоороо тэр хүүхдээ буруу хүмүүжүүлчихсэн, хүмүүжүүлж чадаагүй, битгий тэг энээ тэрээ гэж хэлдэггүй, уурлаж, загначихдаг байсан гэж хэлж байгаам. Тэгээд тэр банди нь толгой руу нь шэээчихээд явчихдаг байсан, тэгж ярьдийм ш дээ. Тэр их л бас хүмүүжилгүй муухай хүүхдүүд байсан л байгаам. Эх эцгээсээ шалтгаалахгүй юу, тэр чинь бол. Тэр эх эцгээсээ шалтгаалж байхгүй юу, тэгээд л сонин сонин юм их байдаг юм ш дээ. Манай хүүхдүүдийн тухайд бол нэг их санаа зовоод байсан юм байгаагүй ээ, жаахан хүнс өгч байсан байхаа, тэр чинь яаж өгч байсан юм , байрны хүүхдүүдэд нэг их яаж байгаагүй, харин ч бүүр манай хүүхдүүд тэгдэг ш дээ, юм нь элбэг байгаад, тэр байр майраар. Тэр яасан юм байлээ. Еэвэнгээр зодолдоод л, тэр еэвэн өгдөг байсан юм байна л даа, цайнд нь. Дугуй еэвэн байдаггүй юу. Тэгээд еэвэнгээ идэж чадахгүй, уйдаад, аваачиж хурааж байгаад, еэвэнгээрээ ингээд зодолдож байсан гэж донгосдог ш дээ. Бас даварч байсан байгаа биз, нэг хэсэгтээ сайхан л байсан байгаам. Манай хүүхдүүд байранд байж байхад сайхан байсан, өлсч, ундаасаж байна гэж байгаагүй, гэрийнхээ боорцог саналаа гэдэг байсан болохоос ааруул, хурууд гэж хэлдэг байсан болохоос өлслөө гэж хэлж байгаагүй сайхан байсан.

Саранцэцэг -

Та чинь анх хотод хэдэн онд орж ирлээ, хамгийн анх хотод орж ирсэн нь?

Надмид -

Хотод орж ирсэн тухай би удаж байнаа, би чинь нэг манай эгч дүү нар Борнуурт байдаг болохоор тэд нар дээрээ очих гэж ирсэн санагдаж байна, тэр чинь аль эрт, хэдэн он юм бэ, тэр чинь. Одоо тахиа жилтэй хүүхэд чинь хэдэн настай байх билээ, одоо гучин хэдтэй тахиа шүү дээ, 40 хүрч байгаа тахиа чинь тоолъё доо, хэдэн оных вэ, тэр чинь жилээрээ нөгөө хуучин бүдүүлгээрээ хэлээд сурчихсан, оноо мартчихсан гучин долоотой тахиа...., тахиа, нохой, гахай, хулгана, үхэр, 37,38,39,40 хүрчихсэн юм байна, 40-тэй юм байна ш дээ. Тэрнээс хойш нь 40 жил болчихож, би гэдсэндээ нэг хүүхэдтэй, нэг хүүхэд өвөр дээрээ тэвэрчихсэн, тэр миний тэвэрч ирж байсан хүүхэд одоо энэ хэн байхгүй юу, энэ Бямбасүрэн, тэр гэдсэнд, одоо тээгээд явж байсан хүүхэд нь Лхагвасүрэн гэдэг залуу, гахай жилтэй залуу чинь тахиа нохой, тахиа нохой гахай, ..../бодов/ тэр Бямбасүрэн 3 настай байхад Тэр Лхагвасүрэн 13-д байна л. Тэр залуу гэдсэнд, өө бүр 7,8 сартай жирэмсэн, ямар залуу нас ёстой хүн ядрахаа мэддэггүй юм байлээ ш дээ. Машинд суугаад ирж байгаам би, онгоцоор ч явсангүй машинаар явлаа анхандаа би эгч дүү хоёр дээрээ очъё гэж бодоод, эгч дүү 2-оо бодоод, бүр нойр хүрэхгүй байгаа юм чинь, өвгөнд хэлсэн чинь ашгүй нэг яв гэдэг юм байнаа, намайг. Тэгээд нэг эгч дүү хоёр энэ Борнуурт байгаа тэр Даариймаа, Цэвэлмаа эгч хоёр дээр очих гээд хамгийн гол нь тэгж явж байгаам. Сумын төвд өвгөн нэг боловсон хүчний эрхлэгч хийж байсан юм, 2,3 жил. Тэгээд нөгөөдөх чинь өвгөн үлдээд, манай тэр Пүрэвсүрэн гэдэг залуу тэр хамгийн том тэр 6-р ангид байсийм. Тэр надаас түрүүлээд явчихсан, явдаг нь бол сайндаа ч биш тэр манай өвгөний дүү Доржбал хүргэн дүү машиндаа суулгаад явчихсан юм. Хичээл тарангуут наашаа хот руу, тэгээд би дараа нь нэгийг тэврээд, нэгийг гэдсэндээ тээчихсэн, одоо тэр эгч дүү хоёр дээрээ л очих гэж ирж байгаам ш дээ, гол зорилго нь. Тэгсэн чинь манай нэг ахынх энд байсиймаа тэр чинь, манай ах Гончигжав гэдэг хүн байсийм манай том ах, тэгээд авааль ханиасаа салаад, дахиад нэг хүнтэй суучихсан хөөрхий минь, 2 бандитай тийм айл байсан. Тэгсэн, тэднийдээ ирээд энэ 5 ..., ямар юм билээ, нэг үйлдвэрийн хэдэн шар байшин, хэддүгээр байшинд байсан ч билээ, тэрийг нь мартчихсан, тэр үйлдвэр комбинатад манай тэр бэргэн ээрэх цехэд ажилладаг байсан байхгүй юу. Манай тэр ахын авгай. Тэгээд л тэд нар дээрээ ирж байж байгаад л, тэднийд чинь муу ах чинь эрхбиш нэг холбоо бариад л ирсэн байлгүй, одоо болбол тэр холбоо гэдэг юм захын хүүхэд, хөгшчүүл хүртэл бариад зогсож байна, яасан болж нэг холбоо барьж байсийм, холбоо бариад, дүүг дуудуулсан юм байна л даа. Надыг одоо ...Эгч чинь хөдөөнөөс ирсэн, ингээд очих гэж байна шүү гээд, хүүхэд тэвэрсэн ингээд автобусанд суулгалаа шүү, гээд чи тэндээс тосч ав гэж гэнээ. Манай дүүг Даариймааг, тэгсэн манай муу ах тэгээд явуулахаар чинь надыг нэг автобусанд суулгаад л явлаа, том автобусанд суулгаад би хүүгээ тэвэрчихсэн, том гэдэстэй. Өшөө надыг авч явж байгаа хүн ч алга. Тийм завтай хүн ч алга /инээв/. Тэгээд л Борнуурт очиж байгаа юм чинь, 100... зуу гаран км гэлүү энэ чинь. Овоо хол юм байналээ ш дээ, энэ Борнуур энэ 2-н хооронд. Тэр 72 гэдэг дээрээс л намайг тосч ав гэсэн юм байна л даа, манай дүүг. Муу ах тэгж хэлсэн юм байна. ингээд 72 товчоо гэдийн тэнд очоод автобуснаас буулаа тэгсэн манай муу дүү ирчихсэн зогсож байна. тэр хэний юуны..., нөхөр нь нэг албаны машинтай тийм хүн байсиймаа, тэгж хувийн машин зашинтай хүн байгаагүй ээ, хувийн машин эдэг өдрийн од шиг цөөхөн байсан, тэгээд албаныхаа машинаар тэр газар тариалангийн техникч, инженер техникч хүн байсан юм байлээ. Манай тэр дүүгийн нөхөр нь. Тэгээд тэр үед чинь албаныхаа машинтай манай тэр дүү хоёулаа л цохиж ирлээ. Тэгээд л надыг аваад л, Борнуур гэдэг газар очлоо. Өө тэгсэн чинь нөгөө машинд зайлагдсан юм байлгүй, орой нь очсон чинь дотор гэдэс эвгүй болоод, мах авчраад л хар шөл хийгээд өгчихлөө. Зайлагдсан муу гэдэс чинь шөнө нь бүр гэдэс дотор эвгүйтээд, хачин юм болж байнаа, тэгж нэг ядарч нэг эгч дүү хоёр дээрээ очиж нэг цөөхөн хоноод манай Цэвэлмаа эгч цэцэрлэгийн асрагч хийдэг байсийм, манай тэр дүү болохдээр халуун усны эрхлэгч хийдэг тэгээд л чааваас тэгээд нэг юм хийцгээгээд л амьдраад л явцгааж байсан. Өө тэгсэн их сайхан газар сайхан ..., зун очиж байгаа юм чинь, Борнуур чинь ногоо нь гарчихсан байхдаа их гоё ш дээ, зүлэг шиг, тэр чигээрээ үргэлж ногооноороо байдаг. Тэгээд Борнуурт очиж эгч дүү хоёр дээрээ нэг цөөхөн хоноод л, тэгж нэг юм болж тэгээд дараа нь Бямбасүрэнгийн нэг найр хийх гэж нэг орж ирлээ, хэд хэд орж ирсээн, хот руу чинь улсын онгоцонд, хэд хэд суучихсан шүү хөөрхий, хүүхдүүд хань ижлийн буянд тэгээд хүүгийн найр хурим ёслох гэж, тэр Пүрэвсүрэн ч одоотэр хүүхэд чинь ямар жилтэй билээ /бодов/ дөнгөж 19-тэй, 20-той л байсан юм байна ш дээ, Бямбасүрэн гэрлэх гээд Бямбасүрэнгийн хуримаар өвгөн бид хоёр, бид 2 чинь яаж ирлээ байз, онгоцоор ирсэн юм байна, за байз тэр чинь, онгоцоор ирээгүй байхаа, надыг онгоцоор явуулаад, өвгөн өөрөө баахан хүмүүс мал махтай нааш нь явлаа, хүүхдийн хуриманд явах гэж байгаа юм чинь манай энэ айлууд энд, Энхтуяа энд, Энхтуяа одоо бас нэг хүн юм чинь мал хар байснаасаа хүнс хийгээд, тэгээд овоо хэдэн мал хүнстэй орж ирлээ, тэгээд нэг Бямбасүрэнгийн хуримыг хуримын ордонд ёслоод тэгээд л тэгж нэг буцлаа. Тэгээд одоо яахвээ, сайхан л байна л даа. Ёстой муу манай муу хадам ээж тэгж байсан ш дээ. Сайхан муухай хоёр тэнцсэн нутаг байнаа, яг л тийм юм дөө, тэр ёстой л үнэн хэлж байсан байна. Сайхан ч юм их байна, муухай ч юм их байна. Одоо тэгээд хулгай, дээрэм энэ их архидалт, миний энэ хамгийн жигшиж явдаг юм архидалт, айдаг жигшдэг юм нь энэ архи, архийг л одоо бага, архины хэрэглээг л одоо архи, гэдэг идээг бага хэрэглээсэй энэ хүүхдээ, үр хүүхэд ач зээ нар минь архинд оруузай л гэж би захьдаг юм ш дээ.

Саранцэцэг -

Танд энэ хотын амьдралаас хотод байхад одоо энэ нь сайхан даа, гэж бодогддог юм байдаг уу?

Надмид -

Өө байлгүй яахав. Хотод болбол одоо энэ боловсон байшинд хүүхдүүдийн буянд одоо хэдэн жил энэ халаалттай байшинд суучихлаа, 10-аад жил, тийм сайхан л байна, над. Гэм нь энэ агаарын дутагдал агаарын бохирдлоос болоод бие ядардаг, агаар дутагддаг энэ тэр юм байгаа шиг болохоос биш, бусдаар бол юм болгон бэлэн зэлэн сайхан л юм л даа, хүүхдүүд одоо орчин үеийн хүүхдүүд бэлэн зэлэн юман дээр өсч байгаа хүүхдүүд ирээдүйд одоо яана даа гэж боддог юм шүү, бас их бэрхшээл хатуужил үзээгүй ээ, хүүхдүүд одоо амьдрахад амьдралын юунд ороход чинь одоо бас хүнд л болно доо.

Саранцэцэг -

Хотод одоо хамгийн хэцүү санагдаж байгаа юм юу байна?

Надмид -

Хотын хэцүү юм нь энэ агаарын бохирдол, энэ их хог новш, тэгээд энэ их архи уудаг л энэ айхтар л хэцүү жигшмээр юм энэ л байна л. Бусад нь бол яахав, сайхан л байна. Сайхан юм их байна шүү. Улс орон их хөгжиж байна. Бид хэд нэг онгоцноос ирээд буудаг юм байна, тэр ч одоо хэзээ билээ, хэдэн онд байсан юм бол доо, тэгсэн нисэх дээр ирээд буусан чинь, хааяа нэг утас барьсан хүн зогсож байгаа харагдаж байлаа. Тэгсэн одоо бид бүгд утас бариад зогсч байнаа, манай хүүхдүүд ач нар, зээ нар утас бариад зогсож байна, 2,3-аар нь бариад, одоо бүр тоглоом шиг юм болсон байна ш. Тэр нь одоо сайхан дэндүү сайхан л юм л. Тэр ч одоо зөв ашиглахгүй, бас нэг хүүхдүүд арай л буруу ташуу ашиглаад байгаа ч юм шиг, бас их зарлагатай юм байна тэр чинь, нэгж өгөөд орхио ч гэж байх шиг /инээв/ гэж наад зах нь мөнгөний дутагдалд оруулж л байгаа ш дээ тэр чинь. Зарлага гараад л байгаа юм чинь, тэгээд сайхны цаана юм байна л даа.

Саранцэцэг -

Хамгийн сайхан санагдаж байсан шинэ технологи, социализмын үед юу байнаа, онгоцонд сууж байхад сайхан байв уу, радио сонсож байхад сайхан байв уу?

Надмид -

Үгүй ээ, сайхан байлгүй яахав. Манайх чинь нэг муу өвгөн ажил хийж байсан болохоор радио их эрт тавьсан. Хөдөө байж байхад. Тэгээд эрхбиш нөгөө ажлын буянгаар радиотой, нэг их тийм одоо дөрвөлжин чи мэдэхгүй дээ, одоо тийм радио байхгүй. Их том ийм шавар шиг дөрвөлжин, аймар хүнд одоо тэр юугаар хийдэг юм, ийм 2,3 дөрвөлжин хүнд зай, зай нь байхгүй ээ, одоогоор хэлбэл тийм зайтай тийм шар радио ирж байсан юм. Оросынх нь байсан уу, хаанахынх байсан юм. Тийм шар радиотой байлаа л манайх. Тэгээд тэр радиог одоо хэдэн онд тавьсийм дээ, манайх чинь 3,4 –н ч хүүхэдтэй болоод байсиймуу, тэр ч одоо хэдэн ч он байсан юм, одоо ч мартлаа ш дээ. Жаран хэдэн он л байсан байх. Тэгээд тэр амьдрал бол яахвээ, миний амьдрал бол сайхан л байсан. Би амьдралдаа нэг гутраад байх юм байхгүй. Хэдэн хүүхэд.., өвгөн маань их даруухан, тийм их дуугай, дутагдлыг нь хэлэхээр их хүлээж авдаг, тийм л хүн байсан. Бид 2 тийм хэл ам, хэрүүл тэмцэл байгаагүй, одооны энэ багачуул бэрээчүүл охидуудыг хараад байхад, бэр хүргэчүүлийг хараад байхад, ер нь их хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ч юм шиг, ёстой жаргалдаа ташуурдаг юм уу, хаашаа юм, гэж боддогийм шүү. Ажил багатай болохоороо л тийм зав гардаг байх. Над бол тэгж байх зав байгаагүй. Олон хүүхэдтэй, ёстой тээж 10 сар тээж гаргаад л, алтан шар уургаа хөрүүлж, арван хүүхдээ өсгөж бойжуулснаараа бахархаж явдаг шүү би. Муусайн хүүхдүүд минь одоо дор бүрэндээ ажил амьдралаа нэг юм арай хүний дор энэ ч одоо яалаа даа, даанч яалаа гэчихээргүй, амьдраад л явцгааж байна. Ганц нэг нь архинд орчих гээд уур хүргээд, би одоо зодоон хийнэ ш дээ, эд нартай чинь. Ёстой нэг амьд байгаа цагтаа та нартай та нараас айхгүй шүү, архи уухаа боль чи, авгай хүүхдээ битгий зовоо, үр хүүхдээ битгий айлгаж бай та нар, тайван амьдар л гэдэг юм, би та нарын аавтай амьдраад 40 гаран жил болсон, тэгэхэд та нар хэрэлдээд, зодолдоод зогсож байхыг харсан уу, уурлаад хэрэлдээд сууж байхыг харсан уу, ямар сонин юм та нар, хэл амтай үр хүүхдүүдийнхээ дэргэд, хэл амгүй тайван амгалан, бие биенээ хайрлаж яваасай гэж боддогийм ш дээ. Одоо ямар хаашаа юм, орчин үед одоо тийм хачин хардлага сэрдлэг, бие биедээ хэл ам таталсан, тийм л юм байж харагддаг л болсон юм байналээ.

Саранцэцэг -

Та..., энэ Монголд чинь нэг ардчилсан хөдөлгөөн гарав даа, яг энэ ардчилсан хөдөлгөөн гарч байх үеэр таны амьдрал ямархуу байв, энэ ардчилсан хөдөлгөөн гарсан үйл явдал таны амьдралд нөлөөлөв үү?

Надмид -

Үгүй ээ, тэгээд одоо сайнаар нөлөөлж л байгаа биз дээ, энэ хувьчлал мувьчлал тэрнээс эхэлсэн үү, яасан. Ардчилалаас эхлээд байгаа юм уу, хаашаа юм. Тэр нэг хэсэг яахав, нэг 2 жил бараа туруу ховордоод л хачин болсон, аймар боллоо энээ тэрээ гэж л байсан, хотод хүмүүс ихдээд оочерт бие биенээ дайрч байна л гэсэн яриа гарч л байсан, зурагтаар гарч л байсан. Тэгэхдээр одоо болохоор чинь одоо /бодов/юм нь элбэг сайхан байнаа, бахархах юм байна, одоо хайх юм алга байна ш дээ, мөнгө нь хомс мөнгө л хомсдно уу гэхээс биш, хомсдох гээд байгаа болохоос биш, хүний цалин одоо ажил төрөл олддогүй, залуучууд ажилгүйдлээс болж хэрэг төвөгт ч их холбогдож байна, бас эх эцгийн хараа хяналт ч муу байдаг байх, хүүхдүүдээ харж хандах хандлага, дээр үеийн хүүхдүүд ч ямар ч сайхан байсийм, тийм орчны тийм нөлөө ч байсангүй, тэгээд ер нь ядуувтар, тийм амьдралд байсан болохоор их даруу, бүрүү, үгэнд оромтгой, их дуулгавартай, ээж аавын үгнээс гардаггүй, бүр тийм л сайхан хүмүүжилтэй байлаа ш дээ.

Саранцэцэг -

Ер нь танд ардчилалд..., ардчилал гарснаас хойш таагүй санагдаж байгаа юм байна уу?

Надмид -

Одоо мэдэхгүй. Би одоо ойлгохгүй юм байдгийм бол уу, яахав дээ, одоо юм болгон эрх чөлөөтэй, сайхан талаас нь л ойлгодгийм ш дээ.

Саранцэцэг -

Ер нь хүйсээр ялгаатай нөлөөлсөн үү, хүмүүст ардчилал?

Надмид -

Үгүй байхаа. Би ойлгоогүй ч байж болно. Тийм юм байхгүй байхаа.

Саранцэцэг -

Яг ардчилалын үед та юу хийж байсан бэ, гэртээ байсан уу?

Надмид -

Гэртээ, гэртээ би чинь. Гэрт л байж байсан. Манайх чинь сумын төвд байж байсан юм уу, үгүй ээ энэ ч өвгөн .., манай өвгөн юу хийж байлаа, бас нэг...,

Саранцэцэг -

Танай гэр бүлийн улсуудаас дотроос яг энэ ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаанд оролцсон хүн бий юу?

Надмид -

Тэр жагсаалд орсон хүн чинь л анхны жагсаалд орсон хүн чинь манай энэ Баасансүрэн ш дээ. Өлсгөлөн зарлаж, ээж аавдаа хэлэлгүйгээр нууцаар явчихсан байсан. Тэгсэн чинь пий паа болоод л, нөгөө зурагт радиогоор ярьж байсан байлгүй, зурагт гэж байгаагүй л дээ, радио л байсан. Тэгсэн чинь манай хүүхэд чинь Ховдод ороод ирчихсэн өлсгөлөн зарлачихсан гэнэ, 3 залуу хүмүүс хэвтэж байгаад 2 нь нэг нь яаж гэнэ вэ, муудаад гараад явлаа ч гэлүү юу ч билээ, одоо мартагдчихаж, энэ Баасансүрэн хэвтэж байсан, одоо чамтай хэн хэвтэж байсан гэвэл хэлдэг л байх, 3-уулаа хэвтсэн гэдэг шиг билээ. Анхны тэр өлсөлөн зарлаж, тэмцэж байсан манай энэ хар залуу ш дээ. Тэгээд тэр нь өөрөө өөрийгөө өөд нь татаагүй юм л даа. Уг нь их толгойтой хүүхэд байсан. Архи дарсанд ороод л, Солонгос молонгос яваад л, тэнэгтрээд л, тэгээд л дахиж ирээд л, настай аав нь байсан, хадам аав нь ааваа асраад л Цэвэлмаа эгчийн ах нь нэг хөгшин Цэвэлмаа эгчээс нэг охин өргөж авсан, өргөмөл ганц охинтой айл байсан байхгүй юу, тэр нь манай бэр байхгүй юу. Чимэдээ гэдгийм. Манай Баасансүрэнгийн эхнэр. Тэгээд аав мааваа асарч байгаа нэртэй, Солонгос явчихаад ирээд дахиж яваагүй. Тэгээд Чимэдээ бэр болохлээр Солонгост их олон жил боллоо хөөрхий минь, бие хаа гээд байдаггүй муу бэрээчүүл маань бие хаа гэдэггүйд нь баярлаж явдгийм. Тэгээд их ажилсаг, овсгоотой овоо юм болдгийм манай энэ бэр, тэр Чимэдээ. Тэгээд тэнд хэдэн жил болоод ирлээ, тэрний буянд чинь нэг машинтай болоод, одоо тэгээд яахав дээ, хүүхдүүд нь.., 5 хүүхэдтэй ш дээ, манай Баасансүрэн чинь. 5 хүүхдийн нэг нь одоо оюутан тэр Солонгост аваачаад сургуульд оруулсан юм байлээ, аймар өндөр төлбөртэй юманд оруулчихаж та нар, шал дэмий хэрээ мэдэхгүй гээд л би загнаж л байгаа юм л даа. Тэгээд нэгэнт орчихсон юмыг одоо яахав дээ. Тэгээд л одоо нэг залуу бас сургуульд явна гээд байгаа юм, бас нэг сургууль төгсгөөд, тэр гадагшаа нэг юманд л явуулах гээд их л юм санаж байгаа юм байна, тэгээд тэр санасан зүйл нь бүтэх л болтугай гэхээс, өөр яахав.

Саранцэцэг -

Социализмын үед жирийн хүмүүс гадаад дотоод явна гэдэг, гадаадын хүмүүстэй харьцана гэдэг юм байсан уу?

Надмид -

Манай өвгөн одоо гайгүй сайн ажилтай, тэр гадаадын жуулчидтай зүгээр явж байсан. Тэгээд нутаг оронд чинь энэ гадаад дотоодоос хүмүүс ирж туршлага, муршлага авч нутаг орон сонирхож явсан юм байлгүй, хааяа нэг гадаад хүмүүс ирдэг байлаа. Тэгээд тэр бригад дээр чинь багийн дарга л гэхээр тэрүүгээр чинь манай өвгөн л явж л байдаг, гадаадын ямар орны хүн ч билээ, ийм нэг талдаа нэг хөөрхөн иртэй сүхтэй, нэг талдаа нэг ийм хадаас сугалдаг юутай, нэг талдаа алхтай, тийм юмаа над дурсгал болголоо тэр гадаадын хүн гээд л хаанахын ч гэлээ Германы гэж байлуу яав, Германы нэг зочин ирсэн юм байна, морь тэмээн дээр суулгаад хөтлөөд явж байх юм болоод л, манай бригадын нөхдүүд тэгж байсан санагдаж байна, манай өвгөн гайгүй одоо тэр бригадад ажил хийсэн хүний тоонд орж байсан юм байлгүй. Олон хүн явсиймаа тэр чинь. Овоо хэдэн хүн явсийм. Гадаад нэг жуулчдаар явуулж байсан нэг удаа. Энэ хотод ч бас янз бүрийн юманд орж байсан, бас нэг амралт мамралтанд, явж байсан.

Саранцэцэг -

Танайхнаас ер нь гадагшаа явсан хүн байна уу?

Надмид -

Манай хүүхдүүдээс үү?

Саранцэцэг -

Танай нөхөр ч юм уу, танай хүүхдүүд ч юм уу?

Надмид -

Манай өвгөн чинь тэр Орост л хэдэн жуулчидтай л явсан болохоос тэр юм сурна, мурна гэж явсан хүн байхгүй л дээ.

Саранцэцэг -

Ер нь Монголд чинь Зөвлөлтөөс өөр гадаадын ямар иргэд байдаг, ирж очдог ч юм уу, амьдардаг ч юм уу, тийм гадаадын улс хэр олон байдаг байсан бэ?

Надмид -

Аа тэр хятадууд бол Ховд аймагт бол зөндөө л байсан ш дээ. Хятад хужаанууд их л байдаг байсан, байдаг байсан. Манай нэгдэл хүртэл хятадууд, хужаануудыг чинь ногоо газар тариалангийн мэргэжилтэй болохоор нь авч тэр их ногоо тариулдаг байсан ш дээ, ялангуяа тэр хүнсний ногоо.

Саранцэцэг -

Ер нь тэгээд гадаадын улсуудтай монгол хүмүүс яаж харьцдаг байсан бэ?

Надмид -

Үгүй ээ, ёстой мэдэхгүй. Тэр чинь одоо юу гэж байгаам?

Саранцэцэг -

Хоорондоо бол эвсэг үү?

Надмид -

Эвсэг л байсан биз дээ, тэр чинь бол хоорондоо эвтэй, найртай гээд л хятадуудтай сүйд болоод л бүр тэр нь давраад, одоо юу болох гээд байна гэхээс биш, дэндүү найрсаг л сайхан улсууд л одоо найрсаг болоод л, наагуур нь одоо өчнөөн сая зуун мянган хүнтэй газар гэж байгаам Хятад чинь, одоо юу нэг хэсэг нь сайхан сэтгэлтэй байсан, нэг хэсэг нь тааруу сэтгэлтэй хүмүүс байж л байгаа ш дээ. Тэгээд л манайханд орж ирээд л, нэг их тэгж ч их Хятадын ажилчин байна, компани байна гээд л яриад л байх юм билээ, тэр нь болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу, би тэрэн дээр гайхаад байдаг юм.

Саранцэцэг -

Одоо социализмын үед гэр бүлийг дэмжиж янз бүрийн бодлого явуулж байсан уу, та мэдэх үү?

Надмид -

Мэдэхгүй. Мэдэхгүй юм байна.

Саранцэцэг -

Одоо ер нь гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдөж байна, таны залуу байх үед гэр бүлээ аваад явж байсан эхнэр нөхрүүд одоо ингээд харж байхад, гэр бүлийг харж байхад, өөрчлөгдөж байгаа юм харагдах юм уу ?

Надмид -

Дэмжиж байсан юм уу даа, Үгүй яахав дээ, сайхан зэрэг зэрэг ажил хийгээд л явахлээр сайхан л байна, ажил муутайхан тэгээд л залхуураад л, байвал одоо тааруухан л амьдралтай байна хүмүүс. Хоорондоо эвтэй, ажил алба нь тэнцээд л заавал алба гэх юу байхав, ямар нэгэн ажил голохгүй хийгээд л амьдраад л явж байвал ямар хүн сайхан амьдраад явж л байна ш дээ, хар бор ажил гэхгүй, голохгүйгээр ажил хийгээд байвал.

Саранцэцэг -

Танай Ховдод нутаг орон, байгаль орчин ер нь хэр өөрчлөгдөж байна?

Надмид -

Аймар өөрчлөгдсөн, би одоо ноднин, 2,3 жил дараалан нутаг явлаа. Тэгэхэд чинь газар ёстой аймар цөвүүн байдалтай болчихсон байгаа юм чинь, ингээд л нэг сайхан ногоон зүлэг байсан бол байхгүй, зүгээр хар шороо, хар дэгнүүл болчихсон болж байгаа юм чинь. Тэгээд л устай ...,

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдсөн юм байна уу?

Надмид -

Нэр өөрчлөгдөнө ч гэж юу байхав, тэр чинь нэрээрээ л байх юм л даа. Тэгсэн чинь ус, ургамал бол маш мэдэгдэж байгаа юм чинь, аймар цөвүүн байдалтай, сөнөсөн байдалтай, манай тэр зусланд нэг их сайхан булаг байдаг байсан байхгүй юу, “Хөх дэгтийн булаг” гээд бүр алдартай, их сайхан булаг урсаад л, оргилоод л, ингээд л тэрэн дээрээс айл салдагүй, 2,3 –аараа л буучихсан байж байдаг. Хотондоо ч их нөмөртэй, хоньтой малтай айлууд дандаа л зусдаг. Тэгсэн чинь ноднин очсон чинь тэр айлгүй байх юм, тэгээд би гайхаад хөх дэгтий дээр өнөө жил яагаад айл буугаагүй юм, гээд тэгэхгүй юу, тэгсэн чинь энэ чинь усгүй болчихсон ш дээ эгчээ гээд, ус байхгүй болохоор чинь ямар айл буудаг юм, тэгсэн чинь нөгөө хүн чинь бас юм аждаггүй юм байлээ. Харсан чинь одоо хар энгэрээс их сайхан булаг оргилж байдаг, тэгээд доошоо ингээд л урсаад л, салаалаад тэр гол руу нийлдэг байсан, тэр байхгүй. Тэр Шар булагийн ус гээд л зүгээр ингээд шужигнаад л урсч байдаг, тэр чинь байхгүй, нил хуурай сайр болчихсон, тэгээд байгаль ийм их цөвүүн байдалд орж байгаам. Тэгээд үздэг хүмүүс үзэж л байдаг байх, хүмүүсийн ярьж байгаагаар бол байгаль, хангай, ус ургамал гэдэг юм их л янзтай л өөрчлөлт орж, цөвүүн байдалтай болж тэгж л мэдэгдсэн байхгүй юу.

Саранцэцэг -

Танай нутагт тийм алт олборлож байгаа юм бий юу?

Надмид -

Тийм юм бол байхгүй ш дээ. харин нүүрс л байхаас биш алт малт байхгүй ш дээ. Байдаггүй гэж байсан ч мэдэхгүй ш дээ. Энэ их мэддэг хардаг нэвт хардгийм гэнэлээ, тэр хүмүүс нь олдгийм эс бол.

Саранцэцэг -

Ер нь сайнаар өөрчлөлт гарсан юм байна уу?

Надмид -

Сайнаар өөрчлөлт гарчихсан юм байна уу, даа. Мэдэхгүй.

Саранцэцэг -

Сайхан сайхан газар юмнуудаа хамгаалалтандаа аваад, хамгаалаад үлдэж байгаа тийм юм харагдах юм уу?

Надмид -

Сайхан нь тэр талаар харагдахгүй л юм байна ш дээ. Тэр одоо тэр Лувсан баатар тэр манай доор сумын төвийн хажууханд доошоогоо тэр Төгрөгийн голын ус гээд нэг их гоё ус байдаг байхгүй юу, өргөн гол урсдгийм. Тэрний хажууд Аюурын тохой гэж Аюур гэж хүн байсийм, тэр хүний нэрээр нэрлэсэн юм шиг байналээ. Тэр дээр үед их ажилтай овсгоотой хүн юм хийж байсан юм байлгүй гэж би боддог байхгүй юу, тэгсэн тэрэн дээр Лувсан баатар ногоо... юу ч билээ шар буурцаг үржүүлээд, жимс , бэсрэг алим, тариад байх шиг тэгж дуулддаг юм байлээ. Би яг тэрэн дээр нь очиж хараагүй. Тэр хүн бол тэр тохойг ёстой эзэмдэж, тэр устай ч сайхан тэгээд услаад ургамлыг нь хамгаалаад газрыг нь хамгаалчихсан, торлочихсон, харагддаг юм байлээ, Лувсан баатрын. Өшөө тэр тийм юм ургаад байхаар тэр сүүлдээ бороо ч орохоо байсан, тэр Төгрөгийн голынх нь усаар л усалдаг байх, тэр усныхаа юугаар, тэгээд тэр чинь ус, усжуулах систем гээд гэрэл чийдэнгүй байсан манай Манхан чинь, тэр талаараа харин гэрэл чийдэн тавьсан сайхан тал байдгийм. Тэгээд тэр соёлын төв мөвөө өөд нь татчихсан манай сум дажгүй ээ, сайхан газар байдгийм шүү. Төгрөгийн голын ус гээд сайхан туналзсан голтой хажуудаа. Тийм нэг тэр усны тэр юуг авч үлдсэн, тохойг эзэмшсэн нь сайхан, нэг сайхан модтой, ургамалтай, хэзээд ургамалтай байж байдаг, шар буурцаг тарьдаг үржүүлдэг, ургуулдаг яадаг яадаг ч гэнэ үү, ногоо могоо тарьдаг юм байхаа тэрэнд айхтар ажилтай хүн. 80 гарчихсан хүн шүү. Айхтар ажилтай хөдөлмөрийн баатар хүн чинь аргагүй л өөр. Тэр баатраа бас тэр харуулж байна л бас.

Саранцэцэг -

Ер нь Монголд үйлдвэржүүлэлт яаж явагдаж байсан бэ? Таныг хотод ирж байхад ямар ямар үйлдвэрүүд ажилладаг байсан бэ, Монголд? Танай хүүхдүүдээс үйлдвэрт ажиллаж байсан хүүхэд бий юу?

Надмид -

Үйлдвэрт ажиллана гэхээр чинь зүгээр нэг оёдлын үйлдвэр, цехэд л манай 2 охин ажиллаж байсан, манай 2 бага охин. Энхтуяа, Мөнхтуяа хоёр.

Саранцэцэг -

Тэр хоёр яасан, нөгөө ТМС, тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөөд үйлдвэрт орсон уу, шууд 10 төгсөөд орсон уу?

Надмид -

Тийм биш, зүгээр 10 төгсөөд хувиараа ирсэн, энд байж байгаад л тэгээд л ажилгүй болоод л, тэгээд л хөөцөлдөөд л, таньдаг хүн амьтан оруулж байгаам уу, яаж байгаам, тэгээд л орчихсон. Тэгээд оёдол хийцгээж байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрт ороод авч байсан цалин мөнгө нь амьдралд хүрч байсан уу, ямар цалин авдаг байсан?

Надмид -

Гайгүй. Гайгүй овоо, хэдэн юм авч байсаан. Гэхдээ хөдөөнөө байгаад ямар цалин авч байгаагүй болоод тэр юм уу, овоо л юм аваад л, яадаг л байсан ш дээ.

Саранцэцэг -

Аа тэр хүнээр яриулж, таньдаг хүн мүнээр гуйлгуулж орж байсан уу?

Надмид -

Тэгсэн, тэрнээс биш тэр чинь ажил олддоггүй л байлаа ш дээ. Хүн танихгүй, газар мэдэхгүй ээ.

Саранцэцэг -

Тэгээд үйлдвэрт ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг байсан уу?

Надмид -

Үгүй яахав дээ, тэгээд хомсхон цалинтай л байдаг байсан, цалин мөнгө нь тэгээд оёсон хийсэн юмаар нь.

Саранцэцэг -

Тэр үйлдвэрт ажиллаж байхдаа зэрэг дэв мэв ахисан уу?

Надмид -

Ахиж амжаагүй ээ. Тогтвортой удаан ажиллаагүй. Тэгэхдээ сүүлдээ өөрөө нэг оёдлын жаахан тийм юунд сууж хувиараа юм хийдэг байлаа, манай тэр Чехд байгаа охин. Юм оёж үзлээ, чааваас. Тэгж байгаад тэгээд нэг Чех гадагшаа явнаа гэсээр байгаад л 2,3 жил хөөцөлдөж байж л Чех явсан ш дээ. Тэгээд яахав дээ, тэрэндээ бас л одоо их бас оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ тэр чинь хааяагүй дэлхий даяар нэг их хямрал үүсч байх юм болоод л, яалаа яалаа гэнэ үү тэгээд бас цалингийн үнэлгээ мүнэлгээ багассан, монголчуудыг гаргаж байна, энэ тэр гээд л ярьдаг болчихсон байна ш дээ. Тэр одоо гайгүй болсон уу, хэдэн жил ажиллаж байгаам, сүүлд юугаа сунгуулсан гэсэн визээ, бас нэг хэдэн жил ажиллаж байгаасай мөнгө цаастай, цалинтай газар л гэж бодох юм.

Саранцэцэг -

Таныг одоо сумын төвд энд тэнд ажил хийгээд явж байхад ажлаас гадна олон нийтийн ямар ажил зохиогддог байсан бэ?

Надмид -

Миний сумын төв дээр ажиллаж байх үед үү? Тэгэхэд чинь одоо....

Саранцэцэг -

Ажлаас гадна ажил амралтын арга хэмжээ гээд тийм ямар ажлууд байсныг санаж байна уу?

Надмид -

Амралт мамралтанд явуулдаг л байсан.

Саранцэцэг -

Өдөрлөг мөдөрлөг, лекц, семинар?

Надмид -

Өдөрлөг бол ч одоо сард нэг удаа хийж байсан уу, арай ч үгүй юу. Бригадын төв мөв дээр чинь улиралд нэг хийгээд байсиймуу, өдөрлөг мөдөрлөг зохиогоод явуулдаг л байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр үед кино жүжиг их ирдэг байсан уу?

Надмид -

байсаан. Манай тэнд болбол ...

Саранцэцэг -

Гадаадын уу, дотоодын уу?

Надмид -

Дотоодын. Тийм.

Саранцэцэг -

Таны санаж байгаагаар хамгийн сайхан санагдаж байсан кино чинь юу вэ?

Надмид -

Одоо ер нь мартаж. Мартагдсан байна. Нэг сайхан хэдэн гавьяат ирж тоглож байсныг мартдаггүй юм. Манай хотын одоо Улаанбаатар хотод том театрт тоглож байсан тоглодог дуучид л байлгүй яахав, Түмэндэмбэрэл гээд л тэнгэрт халиад удаж байх шиг байнаа, хөөрхий. Уртын дуучин тэр Түмэндэмбэрэл Уртнасан гээд одоо байна тэр, анх нэг гавьяат авсан 25-хан настай гавьяат авсан гээд л манай тэр Лувсан дарга чинь их хөдөлгөөнтэй хүн, их мундаг дуучингууд аваачиж очиж, ард түмнээ баясуулж тоглуулж, үзүүлж байсан юм байлээ л. Дараа нь бодоод байхад. Тэгсэн, Чулуун гэдэг хүн очиж байсан, тэр чинь 3,4-хөн хүн очиж байсиймаа. Чулуун гэдэг нь эрэгтэй хүн байсийм, одоо тэр хүн байна уу, үгүй юу. Түмэндэмбэрэл очиж байсийм, тэр Уртнасан очиж байсийм, тийм хэдэн гавьяат очиж тоглож байлаа. Би тэрийг мартдаггүй юм. Нээх гоё дуулдаг, нэг их сайхан өндөр цаган хүүхэн байсан ш дээ, энэ Уртнасан чинь.

Саранцэцэг -

Ямар үнэ төлбөртэй тоглолт вэ?

Надмид -

Өө тэр сүртэй үнэ төлбөртэй байгаагүй байсийм. Тэгэхдээ тухайн үедээ тэр цалин мөнгөндөө тохирсон үнээ цалин дээрээс нь авч л байсан биз.

Саранцэцэг -

Заа за. Монголчууд чинь нас барсан гэр бүлийн хүмсүүдээ дурсдаг арга барил байдаг ш дээ. Одоо жишээлбэл, оршуулахдаа дээр үед чинь ил тавьдаг байсан тэр талаар ярихгүй юу?

Надмид -

Дээр үед чинь аймар харамсалтай. Одоо тэр миний ээж аавын үед ч бол яахав дээ, одоо аваачаад газар гээчихдэг байсан гэнэлээ. Одоо цагаан даавуугаар бүтээвэл бүтээгээд л ил тавьчихдаг. Тэгээд одоо тэр яаж алга болж байсийм хөөрхийс минь, алга болдог байсан гэсэн. Одоо чинь манай хадам ээж би одоо тэр хадамд гараад, үгүй ээ тэр чинь хичнээн жил болсийм, тэр хооронд чинь манай тэр хүүхэд Бямбасүрэн гарчихсан байсан, 2 настай байсан, манай ээж хуучирхаад манай тэр хадам ээж хуучирхаад элэгний хуучаар явлаа хөөрхий минь, тэгээд энэ хотод..., тэгээд л хүн ч бас тэнэгээ, хөдөөний эмч нар яахав, бас сайн мэдэхгүй, өөрснөө үзүүлэхгүй бие хаа ингэлээ тэглээ гэж, тэгж явж байгаад л өвчнөө хүндрүүлчихгүй юу, манай тэр ээж, бас биеэ боддоггүй, тэр үеийн хүмүүс мал л гээд яваад байдаг, тэгээд л яваад байхаас биш. Эрүүл мэндээ хичээдэггүй тийм орчин ч тэгээд хэцүү ч хүнд байсан тэгээд манай хадам ээж тэгээд элэгний хорт хавдраар явсан ш дээ. хөөрхий минь элэгний өвчнөөр. Тэгсэн чинь ээж нь хадам ээж энд ирээд Норов гэдэг хүүгийндээ ирж байж байгаад бүр хариугүй одоо бие нь ядраад, тэгээд эмнэлэг эмчилгээгүй гэчихсэн юм байна л даа, тэгсэн гээд ярьж байсан, ээжийг үзүүлсэн чинь шинжилгээнд оруулсан чинь эмчилгээгүй ээ, хорт хавдар муухай хорт хавдар 4-р үедээ орчихсон гээд ингээд эмчилгээгүй боллоо, ээжийг одоо яахав гээд манайд байж өвөлжүүлнэ энэ тэр гээд энд өвөлжөөд, хавар нь манай өвгөн манай өвгөний дээд талын эгчийн нөхөр хоёр ирж манай ээжийг ирж авлаа эндээс. Энэ хотоос онгоцоор ирээд л онгоцоор буцацгаалаа, тэгэхэд онгоцны төлбөр гайгүй бага байсан, гэхдээ бол бас мөнгөний ханш өндөр, хоёр гурван зуу байсан байхаа, тэгээд манай тэр хүргэн ах, хадам хүргэн ах, манай өвгөн хоёр хадам ээжийг аваад очдогийм. Ээж маань тэгсэн чинь хөөрхий, манай хадмууд надаа аймар сайн, тэгээд манайд очдогийм, угаасаа манайд байж байгаад л манайхаас явж байгаа юм чинь, аваад очлоо, тэгсэн манайх тэр бригадын төв дээр л байж байсан, манай ээж бас хүнд үзүүлсэн хүн чинь тэнгэр халих болохоороо царай зүс нь хачин аймаар болчихдог юм байлээ ш дээ, тэгээд царай зүс нь хувираад сонин болчихож хөөрхий минь, тэгээд очоод л 10-аадхан хоног манайд 10-аадхан хоногийн асаргаа гэж ямар юм байхав дээ, тэгээд өөд боллоо, тэгсэн чинь анхны л одоо хүндэлж байгаа нь тэр юм байлгүй хайрцганд хийгээд л аваачиж нутаглуулж байсан. Манай хойшоо тэр бриадын төвийн хойшоо хүн амьтан аваачиж нутаглуулдаг газар “алаг толгой “ гээд алаг толгой билүү, хар толгой билүү. Тэгээд л муу ээжийг тэгээд л аваад явсан. Надыг.., манай нэг хүүхэд энэ Бямбасүрэн байхаа 20-той залуу, хүүхдээ аваад гадаа айлд ор гээд манай гадаа нэг ахынх байсан, бригадын дарга хийж байсан тэр ах, тэгж байхад манай өвгөн тоо бүртгэгчийг нь хийж байсан байх. Тэгээд л хүүхдээ аваад ор гээд л надыг тэгж байна. Хүүхдээ аваад ахынд орлоо, манай муу ээж тэгээд л яадгийм, тэгээд 10-аад хоноод өөд болсон. Тэгээд л аваад л, нэг хайрцганд хийгээд аваад явж байсныг л мэдэж байгаам. Тэрнээс хойш л хайрцганд хийдэг болсон юм байх. Тэрнээс хойш бас олон жил болжээ. Тэр чинь тэрнээс хойш 40-өөд жил болчихож байгаа юм чинь.

Саранцэцэг -

Аан, танай юундаа болохоор танайд нийтийн оршуулгын нөгөө хүн тавьдаг газартай болчихсон байж тээ?

Надмид -

Газартай, газартай. Зарим нь бүр сүрхий хөшөө мөшөө, нэр усыг нь тавиад, өнгөрсөн өдөр төрсөн өдөр оныг нь тавьж их хүндтэй оршуулдаг байсан, хайрцганд хийгээд л, газар луугаа хийгээд л тэгээд л мод хөшөө мөшөө тийм юм босгоод л. Тэгдэг байсийм байлээ. Тэрнээс хойш чинь тэр манай өвгөчүүл хадам аав маань тэр чинь хадам ээж хадам ээжээс нэг дүү хүн байсан ш дээ, манай хадам аав. 68-тай өөд болсон, манай ээж болохоор 64-тэй хадам ээж 64-тэй нас барлаа, 64-тэйхэн нас барж байгаам чааваас, тэгээд дараа нь одоо 65,66,67,68,гэхээр чинь манахй хадам аав нэг 4,5 жил болсиймуу үгүй юу, 4 жил болсиймуу даа, тэгээд хадам аав 68-тай өөд боллоо. Тэгээд нөгөөдөх чинь 4 жил болсон юм байна л, тэгээд бас манайд өөд боллоо. Манай муу хадам аав юу болоод, харвалт болоод, бас энэ хүүгийндээ ирж хотод өвөлжчихөөд, буцсан юм, буцаад очсон байхгүй юу. Тэгсэн очихдоо чааваас, шүдгүй байлгүй яахав дээ, жар хүрсэн хөгшин хүн. Шүдгүй хот орж шүд хийлгэнээ гэнэ, явах гэж байсан байхгүй юу, тэгээд би одоо хүнээс дуулсан байсан байхгүй юу, хамаагүй шүд хийлгээд буруу юм байлээ ш дээ, таарах таарахгүй гэж байдаг хог байлээ, тэгсэн чинь над нэг хүн хэлж байсан байхгүй юу, шүд нь таараагүй, таараагүй шүд нь хүний мэдрэлд нөлөөлдөг гэж тэр санаанд ороод л би тэглээ аавд. Үгүй ээ тэгээд хийлгэж болдгийм бол уу, аав. Таараагүй шүд чинь хүний мэдрэлд нөлөөлдөг гэсэн, гээд л би тэгээд л хэлчихлээ. Аав одоо хот явах гэж байгаа байхгүй юу. Хот орохдээрээ шүд хийлгэнэ гэж байгаам зайлуул. Тэгээд л яваад л өгсөн чинь ирээд хийлгэсэн байна, тэгээд тэр нь нөлөөлчихсөн юм шиг байна, би яагаад ч тэгээд хэлчихсэн юм мэдэхгүй. Тэгсэн чинь жаахан харвалт өгчихсөн гээд л очдог юм байна, аав. Тэгээд юмаа хэлэхгүй нуугаад байсан байгаа юм чинь чааваас, эд нартаа ч хэлэхгүй байсан байгаам шүү. Тэгээд бие нь нэг сонин болоод хагас харвачихсан юм байна л, аймар, нэг татаад уначихаагүй юм байна. Бага зэрэг харвачихаар чинь нэг сайн юм ажигладаггүй хүн чинь мэддэггүй юм байна ш дээ, тэгээд нэг салгалчихсан, сонин болчихсон очлоо, аав. Тэгээд чинь манайд бүтэн жил хөөрхий минь ёстой бүтэн жил бараг жил арай болоогүй, жил шахам болоод тэр чинь асруулаад тэр чинь, 3 сар 4 сар буцаад очиход чинь хэдэн сар байсийм бэ, наашаа явчихаад эргээд очсон, 3 сард очсон юм уу даа, хүйтэвтэр л байсан манайх бригадын хашаанд л байсан, аав маань хөөрхий минь гарч бие заснаа гээд л гардгийм. Би бага залуу байж, хөгшин хүний зовлон мэдэхгүй, тэнэг байдаг юм байна, тэгээд дагуулаад гарах нь яасан юм, тэгсэн чинь нэг муухай шавар хашаанд байсан юм манайх, тэгээд л бие засах гээд явж яваад хөгшин хүн чинь нөгөө хашаандаа тулж байна мэдэлгүй очоод мөргөчихөж. Тэгээд гэдрэг нь унаад, тэгэхдээр ямар сайн байдаг юм тэр чинь, тэр чинь улам л ихдэхгүй юу, тэгээд тэгсээр байгаад хүйтрээд, тэгээд орж ирдгийм. ...Би ч үхэх нь ээ гээд л аав. Орж ирлээ, яав гэсэн чинь хөөрхий минь, хамар мамар нь жаахан халцарчихсан, хамарч билүү, энд ч билүү, жаахан халцарчихсан, шалбарчихсан, нөгөө муу шүд мүдээ унагаачихсан, тэгж орж ирдэг юм байна. Тэгээд хүн чинь хөгшин хүний зовлон мэдэхгүй ээ, залуу бага байхад. Хагас харвалттай болчихсон байж байгаад, тэгээд тас гэдрэгээ унаж байгаам, ямар л өөдтэй юм байв гэж тэгээд тэрийг үзүүлээд, харуулаад тархи толгойг нь бариулж байгаа ч юм алга, мэдэх ч юм нь алга. Манай өвгөн ч мал, би ч мал. Эмч мэмчид үзүүлэх ч юм алга. Тэгээд хүндрээд л, тэгсээр байгаад л манай аав харвалтаар явсийм, манай хадам аав. Тэгээд л бас л нэг хайрцганд хийсэн болоод л, тэгээд тэр үеэс л хайрцганд хийдэг болсон. Тэгээд тэр манай бас нэг хадам эгч тэр 2 хөгшнөөс сүүлд нь манайд байж байгаад манай хадам аавын эгч нь шүү, нэг настай хүн. Төрөө бол сайн мэднэ. Тэгсэн наян хэд хүрээд өөд боллоо манайд. Тэгээд л чааваас залуудаа их ядарч, зүдэрч явснаа над бас хааяа хэлнээ, сүрхий яринаа бид хоёр. Нэг цай хийгээд л би хажууд нь сууж байгаад л, жаахан чих нь хатуу хүн байсан. Сонсгол муутай тэгээд л хажууд нь сууж ярихгүй бол надтай их ярих гээд байна, чааваас. Тэр чинь ёстой зовлонгүй, хүн чинь бас тэнгэр халих нь их учиртай байдаг юм байлээ. Тэр хүн огт ядарч зүдэрсэнгүй, биднийг айлгаж цочоосонгүй, өөрөө ч зовсонгүй, 83-тай явсан байхаа, тэр чинь. Тэр хадам эгч ердөө хүүхэд гараагүй тийм хачин хүн байсан юм. Гар хуруу нь ийм бүдүүн эрэгтэй хүн шиг гартай, ердөө хүүхэд гараагүй, төрдөггүй мал гэдэг шиг. Тийм хүүхэд гардаггүй хүн байдаг юм байлээ ш дээ. Тэгээд ер хүүхэд гараагүй гэж байгаам хөөрхий. Тэгээд нэг охин өргөж авсан байсан гэсийм. Буруу айлд, хадамд гараад буруудсан гэж ярьдгийм. Тэр хүн наян хэдтэй суугаагаараа бурхан болсон гээч. Манай тэр хадам аавын эгч самган манайд байж байгаад л. Тэгээд лам байсан хүнд тэгээд хэлсэн чинь тэр суугаагаараа өөд болсон хүнийг суугаагаар нь оршуулдаг ёстой байдгийм гээд тэр ч их учиртай хүн байж дээ, манай Адиа л гэдгийм л даа, өвгөн байж байсан чинь өглөө үүрээр ёстой нэг ухаан нь балраад, жаал хачин дуугараад, юм яриад байсан байхгүй юу, тэгээд манай өвгөний босоод би нөгөөх жаахан хүүхдээ аваад унтсан, өвгөн өглөө үүрээр босоод хажууд нь очоод гал мал би босоод гал түллээ, тэгсэн чинь ухаан нь балартаад явах хугацаа нь болчихсон байлгүй, тэгчихээд нөгөөдөх чинь ухаан ороод гайгүй болоод, цай унд уучихдаг байсиймөө, цай хийгээд өгөхөөр өөрөө бариад уучихдаг, жаахан жаахан юм идэж уугаад л байдаг дажгүй ээ, тэгсэн чинь тэгдийм, ...Үгүй ээ чи надыг босгоод суулгаад орхи гээд байдгийм, Адиа л гэдгийм манай тэр эгчийг тэгсэн юманд нь ороогоод ард нь түшлэг тавиад суулгалаа тэгсэн чинь манай өөрийн ээж ирээд манайд байж байсан, тэгсэн өнөө сууж байсан хүн чинь налаад сууж байхгүй юу ингээд, ингээд л налаад сууж байсан хүн, хүн чинь тэгээд ямар ч зовлонгүй амьсгаа хураахаараа царай нь цав цагаан болчихож байгаам, тэгээд ямар ч дуу авиа зарим хүн чинь гаргадаг ш дээ, тэгсэн ч үгүй, тэгээд манай өвгөн ч байж байлаа, манай ээж ч байлаа, тэгсэн чинь олуулаа болохоор ямар юмандаа айж сандрах вэ дээ, тэгээд нэг харсан чинь царай нь цав цагаан болоод явчихаж, тэгээд л өвгөн хажууд нь ...Адиа амьсгаа хураачихлаа ш дээ, гээд л тэгж байна. Тэгээд яахав нэг лам байсан манайхан Ажаа гээд л тэгдэг, ээж Ажаа гээд л нэг хөгшин тэрэн дээрээ манайх хол байсийм, тэгээд ажаа дээр очлоо гээд л яваад өглөө, тэгээд тэр хөгшин ирж ном, мом уншиж өгч, ном мом уншуулаад, лам байсан дээр үеийн лам байсан, настай хүн байхгүй юу. Тэгсэн арц, марц уугиулаад тэгээд тэгж нэг өнгөрлөө. Тэр хүнийг бас тэр Цахирын хөдөө гээд тэр сумын төвөөс хойш, нутаглуулдаг тийм бас л тэр хүнийг хайрцганд хийж тавьсан. Манай тэр хөгшчүүлийг дандаа хайрцганд хийж

Саранцэцэг -

Тэр хүнийг тэгээд суугаагаар нь оршуулсан уу?

Надмид -

Үгүй ээ, ямар юмаа суугаагаар нь оршуулахав. Хүн амьтнаас асуусан ч үгүй ээ, тэр хүнийг ирэхээр тэглээ гэж хэлсиймуу үгүй юм уу, дараа нь нэг Санжаа гээд л лам байсан, хэлсэн, тэр их учиртай хүн байж дээ, суугаагаараа нас барсан хүнийг суугаагаар нь өлгийг нь засдаг юм байлээ гэж ухаан нь одоо хөргөгч шиг юм хийдгиймуу яадгийм. Тийм хавтгай биш, босоо ийм өлгий хийж л оршуулах ёстой байсан юм байна л даа. Тэгж тэр нэг лам хөгшин хэлж байсан. тэгж 3 хөгшин манайд өөд болсон юм даа.

Саранцэцэг -

Одоо чинь чандарладаг барьдаг гээд өөрчлөгдөөд?

Надмид -

Харин ээ, тэгж л байна. Тэр чинь одоо бас газар одоо хүмүүсийн шарилыг аваачиж нутаглуулсан газар чинь хоттой залгачихсан, айлтай залгачихсан, тэгээд нохой мохой ч газрыг нь ухаад хулгайчууд ядуу, хулгайчууд залхуу, хулгайчууд тэр модыг нь авдаг юм байна, хайрцгийг нь авч түлдэг юм байна. аймар аймар эмзэглэмээр юм дуулдах юм байна ш дээ. Тэрийг бодоход энэ хаашаа юм болоо, тэр чандарланаа гэдэг чинь амар юмуу, хаашаа юм. Үгүй ээ нээрээ.

Саранцэцэг -

Заа их баярлалаа та их сонирхолтой сайхан ярилцлага өглөө. Эрүүл энх урт удаан наслаарай. Танд их баярлалаа.

Надмид -

За тэр ерөөлөөр бологээ, миний хүүгийн юу санасан 9 хүсэл чинь сэтгэлчлэн биелэгээ.

Саранцэцэг -

Заа одоо ярилцлагаа өндөрлье.

Надмид -

Ажил үйлс чинь санаснаар чинь бүтэж байг.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.