Enhtaivan

Basic information
Interviewee ID: 990069
Name: Enhtaivan
Parent's name: Bagsh
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1957
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: diesel engineer
Belief: Buddhist
Born in: Nalaih sum, Ulaanbaatar aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: none
Father's profession: Engineer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
industrialization
work
authority
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Өнөөдөр хоёулаа хоёрдахь өдрийнхөө ярилцлаганд оръё. Та түрүүн амьдралдаа хийж байсан ажлынхаа талаар ярьсан. Та 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын охин бага насныхаа талаар аав тань ганцаараа ажил хийдэг байсан гэсэн энэ талаар ярьж өгөх үү?
Энхтайван -
57 онд төрсөн. 5,6 наснаас хойш юмаа санадаг юм. Манай ээжийн ээж Жаргалын Дулмаа гэдэг хүн 1900 онд төрсөн хүн байсан. Эмээ маань бид хэдийг хардаг байсан. Намайг төрсөн 57 онд тэтгэвэртээ гарсан гэсэн. Манай ээж бие муутай хүн байсан. Аав уурхайд ажил хийдэг. Тийм учраас бид нарыг хардаг байсан. Манай эмээ Говь Алтай аймгийн Төгрөг сумын хүн. Эх барих эмэгтэйчүүдийн курсэд суухаар Улаанбаатар хотод орж ирсэн гэсэн. Тэгээд манай ээжийг өргөж авсан гэсэн. Манай ээжийг төрөөд байхад нь аавыг нь нударгана баян гээд 2 удаа хөрөнгийн хурааж авсан. Манай эмээ нэг гудамжинд амьдардаг. Хараад зогсож байсан чинь нэг машин гурил ногоон малгайтууд гэж нэрлэдэг байсан дээр үеийн дотоод хамгаалах яамныхан ирээд юмын хурааж байсан гэнэ. Ээж дөнгөж төрөөд байсан аавыг нь шоронд аваад явчихсан. Ээжийн ээж би одоо нялх хүүхэдтэй яаж амьдрах юм. Та нар харж үзээч гэсэн чинь нэг ногоон малгайт нэг шуудай гурил өшиглөөд үлдээсэн чинь 2-р гурил байсан гэсэн. Нөхөр нь шоронд явчихсан. 3 хүүхэдтэй сүүлд манай ээж гарчихсан. Нялх хүүхэдтэй амьдрахад аягүй хэцүү байсан гэсэн. Тэгээд тэр үед манай эмэг ээж хотод ирчихсэн байсан учраас ээжийг өргөж авсан гэсэн. Тэгээд манай ээжийг өсгөөд манай ээж аав хоёр 55 онд суусан байгаа. 56 онд манай ах төрөөд 57 онд би төрөөд ах бид хоёр жил дарааллаад бусад дүү нар хоёр жил дараалан төрсөн 10 хүүхэд байгаа ш дээ. Намайг сургуульд ороогүй байхад манай нэг дүү нас барсан би доороо 7 дүүтэй. Хамгийн бага дүү маань одоо 30 гарсан залуу байна. Аав маань Баянөлгий аймгийн Сагсай сумаас илгээлтийн эзэн болж Налайхын уурхайд ажиллахаар ирсэн Урианхай ястан хүн. Манайх 10 хүүхэдтэй амьдрал аягүй хүнд байсан. Аав ганцаараа ажил хийдэг. Нэмэр болдог хүн эмээ ээж бид нарыг өсгөнө хүмүүжүүлнэ. Манай ээж бие муутай жилд 2 удаа эмнэлэгт хэвтэнэ сараар хэвтдэг. Тэр хөгшин л бид нарыг хүмүүжүүлсэн дээ. Яаж ажил хөдөлмөр хийх үү бид бүхэнд зааж сургаж байсан.
Ариун-Ундрах -
Танай аав уурхайд яг ямар ажил хийдэг байсан бэ?
Энхтайван -
Жинхэнэ хар ажил хийдэг. Малтагч хийдэг байсан. 30 жил малтагч хийгээд тэтгэвэрт гарсан даа.
Ариун-Ундрах -
Цалин хөлс нь гайгуу юу?
Энхтайван -
Цалин гайгуу жил болгон аавыг эмээ амралтанд явуулдаг байсан. Тэр хооронд би эмээтэйгээ хоёулаа дүү нараа хараад л аавыгаа их санадаг байсан. Тэр үед амралтанд 21 хоног явдаг байсан. Эмээ байхгүй үед ганцаараа дүү нараа хараад шөнийн 12 цагт аав ажлаас бууж ирдэг. Тэр хүртэл унтуулдагийн унтуулаад тэврэхийг нь тэврээд хүлээж байдаг байсан. Аав шөнийн 12 цагт ирэхдээ нормын хоолоо өвөртлөөд ирдэг байсан. Уурхайчид хоолны норм гэж хиам, талх, чанасан мах, элсэн чихэртэй талх 2 ш чихэр заавал өгдөг байсан. Оросын баавгайтай чихэр аав тэр чихэрээ авч ирээд надад өгдөг. Би хүлээгээд сууж байдаг байсан. Би 4 ангид байсан байх дүү нар маань өсөөд овоо болсон. Сүүлд манай ээжийн аав нөгөө хэлмэгдэж байсан хөгшин чинь ирэх болгондоо идэх юм бариад ирдэг байсан. Гурил будаа мах шөл бариад ирдэг. Их тус болдог байсан юм.
Ариун-Ундрах -
Хөрөнгөө хураалгаж байсан төрсөн аав нь уу?
Энхтайван -
Тийм хөрөнгөө хураалгаж байсан төрсөн аав нь 2 удаа хөрөнгөө хураалгасан гэсэн нударгана баян гээд. Тэгээд аав 30 жил ажиллахдаа цалин сайн авдаг байсан байхаа. Тэр үед жаахан байсан болохоор цалин хэд авдаг байсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хэдийг болгоод байдаг байсан. Манай ээжийн дүү Батсүх гээд 52 онд төрсөн эмэгтэй дүү байсан. Надаас 5 насаар эгч тэр бид нарыг үсийг самнаж өгнө. Өвөл хөвөнтэй өмд хөвөнтэй дээл оёж өгдөг. Олуулаа юм чинь манай тэр эмээгийн нөхөр нь байхад манайхан үхэртэй тахиатай ногооны хашаатай байсан. Бид нар тэр үхэр малын малладаг байсан жаахан байхдаа. Үнээний сүү ууна. Тахиагаа иднэ. Тарьсан ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэнэ. Дээр үед тийм их ажилтай байлаа ш дээ. Аав маань бид нарыг тэжээх гэж их зүтгэж байсан байна. Одоо бодоход. Нэг шөнө манай аав уурхайгаас ирэхдээ би эмээ ээжтэйгээ унтаж байсан юм. Ээж дүү нартай байшинд би эмээ ээжтэйгээ гэрт унтаж байсан юм. Эмээ хөгшин хүн учраас чийгтэй байшинд амьдарч чадахгүй гээд гэрт амьдардаг байсан юм. Өвөө аав намайг 1-р ангид байхад нас барсан юм. Би эмээ ээжтэйгээ хоёулаа байдаг байсан юм. Сүүлийн 2 хүүхэд нь сургуульд яваад өгсөн. Тэр шөнө аав ирэхдээ сүхээр хөлөө чавчаад хаячихсан байсан. Нэлээд өвдөж байгаа байдалтай байсан. Тэр нь миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Аавыгаа би аягүй их өрөвдөж байсан. Аавын тэр шарх нь аягүй хурдан 7 хоног болоод эдгээд ажилдаа орж байсан юм. Тэрнээс хойш 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа.
Ариун-Ундрах -
Та айлын том охин тиймээ?
Энхтайван -
Дээр нэг ах байгаа ш дээ. Тэр ах маань бөөр нь өвдөөд залуугаараа нас барсан. Тэгээд би айлын хамгийн том нь болж байгаа юм.
Ариун-Ундрах -
Та техник мэргэжлийн сургууль төгсөөд ажил хийж эхлэсэн гэсэн. Дараагийн дүү нар чинь бас ажил хийгээд туслаж байсан уу? Тэд нар ямар ямар ажил хийж гэр бүлээ авч явж байна вэ?
Энхтайван -
Бид нар чинь 2 насны зөрөөтэй дараагийн дүү маань 59 онд төрсөн. Байгаль гээд Налайхын уурхайд, түүний дараагийнх нь Сүхбаатар бас уурхайд 10 төгсөөд цэрэгт явж ирээд дээд сургуульд шалгалт өгөөд 2 оноо дутаад уурхайд ирж ажилд орж байсан. Байгаль ч 8 төгсөөд ажилд орсон. Тэгээд нөгөөдүүл чинь ТМС , техникум төгсөөд ажилласан. Одоо бүгдээрээ сайхан амьдарч байна.
Ариун-Ундрах -
: Бүгд орсон байна тиймээ?
Энхтайван -
Бүгд л нэг техникум ,ТМС төгсөнө. Бүгд төгсөөд ажилтай болсон доо.
Ариун-Ундрах -
Уурхайд ажиллаж байсан хүмүүс уурхай татан буугдсан ш дээ. Тэрний дараагаар ямар ямар эрхэлсэн?
Энхтайван -
Уурхай ашиггүй ажилласан гээд татан буугдаад 1000 ажилчинтай том уурхай татан буугдаад Налайх их жижигхэн газар 10 хэдэн жил ажилласан хүмүүс группэд орсон. Одоо хүртэл групп авч байгаа. Газрын гүнд хортой нөхцөл гээд групптэй байгаа.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ер бусын онцгой зүйл байгаа юу? Хэрэв байгаа бол тэр нь ямар зүйл вэ?
Энхтайван -
Бусдаас онцгой ч юу байх вэ. Тэр үед ажил хийсэн нь амьдарна. Ажилгүй нь амьдралгүй л байсан байх. Олон дүү нартай амьдрал хүнд байсан байх. Хүүхэд томроод ирэхээр амьдрал хүнд болдог юм билээ. Бусдаас онцгой гэх юм бол олон хүүхэдтэй айлд ядуу л өссөн дөө.
Ариун-Ундрах -
: Та социализмын үед нарийн боовны цехэд 10 жил ажилласан хүн гэсэн. Хувь хүмүүс үйлдвэрт яаж ажилд ордог байсан вэ?
Энхтайван -
Үйлдвэрт орон тоо байвал тэр хүн ажилд орж болно ш дээ. Шууд албан байгууллагаар яваад танайд ямар ажил байна гээд л ордог байсан байлгүй дээ. Тэгээд орон тоо байх юм бол шууд авна. Миний танил залуу хөгшин гэхгүй.
Ариун-Ундрах -
Ямар хүмүүс үйлдвэрт ордог байсан вэ? Мэргэжилгүй ч юмуу эсвэл сонирхолтой болоод орох уу?
Энхтайван -
Сонирхолтой болоод орно. Мэргэжил хамаа байхгүй. 7 хоног сар дагалдан хийгээд дороо сурчихна.
Ариун-Ундрах -
Үйлдвэрт ажиллах дуртай учраас орох уу?
Энхтайван -
Тийм. Сонирхолоор орно. Би үүнийг хийж чадна гэсэн хүн л орно.
Ариун-Ундрах -
Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрийн тухай юу гэж мэдээлдэг байсан вэ?
Энхтайван -
Үйлдвэрүүдийг сайн ярина. Тэр үйлдвэрийн тэр ажилчин ингэж төлөвлөгөө нормоо биелүүлсэн. Тэр үйлдвэр тэгсэн байна гээд Үнэн сонинд гардаг байсан.
Ариун-Ундрах -
Үнэн сонингоос өөр ямар сонин байсан вэ?
Энхтайван -
Үнэн сонин ,Хөдөлмөр сонин гээд л гарна ш дээ.
Ариун-Ундрах -
Үйлдвэрээс ажиллаж байгаа ажилчиддаа хангамж үзүүлдэг байсан уу? Ямар ямар хангамж үзүүлдэг байсан вэ?
Энхтайван -
Хангамж байхгүй. Үйлдвэрийн ажилчдад нормын хувцас л өгнө. Өөр хангамж байхгүй цалингаараа амьдарна. Цалин бол боломжийн амьдралд хүрэлцээтэй байсан. Илүү хураахаар ч байсан. Тэр үед мөнгөний ханш тийм байсан.
Ариун-Ундрах -
: Хамт олноороо ажлаас гадна ямар ажил зохиодог байсан вэ?
Энхтайван -
Олон ниймийн ажил зөндөө. Жнь: Хамт олноороо баяр ёслол тэмдэглэж кино , жүжиг үзэх , үдэшлэг зохиох зөндөө олон арга хэмжээ байдаг ш дээ.
Ариун-Ундрах -
Үйлдвэрт ажиллаж байгаа хүн ажлынхаа шугамаар мэргэжил дээшлүүлэх боломжтой байсан уу? Албан тушаалаа дэвшүүлэхийн тулд
Энхтайван -
Үйлдвэрт жил болгон аттестатчилал явагдана. Тэр ажилчин ямар хэмжээнд байна гэдгийг шалгана. Тэгээд зэргийн ахиулаад өгчихдөг. Би бригадын дарга зуурагч хийж байсан 4-р зэрэгтэй байлаа. Тэр зэргээ хамгаалахын тулд жил бүр шалгалт өгнө. Нарийн боовны чиглэлээр зууралтын материал орц стандартаар шалгалт өгнө.
Ариун-Ундрах -
4-р зэрэг гэхээр 1-р зэргээсээ дээш өгсдөг юм уу?
Энхтайван -
1-ээс эхэлнэ.
Ариун-Ундрах -
Хамгийн дээд тал нь хэддүгээр зэрэг байх вэ?
Энхтайван -
хамгийн дээд тал нь 4, 5 байна. 5 гэж байсан юм уу үгүй юу мэдэхгүй. Манайх лав 4 байсан.
Ариун-Ундрах -
Зэрэг дэв яаж ахидаг вэ?
Энхтайван -
Тэр өгсөн шалгалтаар
Ариун-Ундрах -
Ажлаа яаж хийсэн нь хамаарах уу?
Энхтайван -
Ажил зэргэнд хамаагүй. Жил болгоны аттестатчилал явагдаж байгаа түүгээрээ зэргээ авч ажлаа хийнэ.
Ариун-Ундрах -
Та үйлдвэрт ажиллаж байсан нэг өдрийнхөө тухай жишээ болгож ярьж өгөөч. Өглөө босоод юу хийхэв, ажил дээрээ очоод, гэртээ ирээд
Энхтайван -
Өглөө цаг 30 минутын өмнө босоод нүүр гараа угааж биеэ бэлдээд цайгаа уугаад ажилдаа гарна. 8 цагт ажил эхэлнэ. 10 минутын өмнө очиж хувцсаа өмсөөд ажлын бэлтгэлээ хийнэ. Зуурагч хүн бүх материалаа масло содоо бэлдэнэ. Тэгээд эхэлж зуурч өгчихөөд дараагийн зууралтын материал бэлдэнэ. Өдөрт 10 шуудай гурил зуурна. Тэнд 5 хүн ажиллана гэдэг чинь 1 хүний зуурах гурил 2 шуудай болно. Би 10 шуудай гурилаа зуураад , техник тоног төхөөрөмжөө цэвэрлэнэ. Үлдсэн цагтаа нөгөө хүмүүсдээ тусална. Ямар дамжлага дээр хүн дутуу байна чанавал чанана элдвэл элдэнэ. Тэгээд орой 5 цагт дараагийн ээлж орж ирнэ. 5 цагтаа бууж усанд ороод гэртээ харина. Гэртээ хариад хоол ундаа бэлдчихээд чөлөөт цагаараа кино үзэх юм уу юм нэхэж эсвэл гэр орноо цэвэрлээд орой унтана даа. Энэ 7 хоног өглөө байсан бол дараагийн 7 хоног орой ээлжээр дараагийн долоо хоног шөнө 3 ээлжтэй.
Ариун-Ундрах -
Та үйлдвэрт ажиллаж байхдаа гэр бүлтэй болж хүүхдүүдээ гаргасан уу?
Энхтайван -
Үйлдвэрт ажиллаж байхдаа гэр бүлтэй болоогүй.
Ариун-Ундрах -
Үйлдвэрээс гарсны дараа юм байна тийм үү?
Энхтайван -
Үйлдвэрт байхдаа хамаг заваа ажилдаа зарцуулж байсан. 29-тэй тэр хүнтэйгээ суусан. 31-тэй хамгийн томыгоо гаргасан. Дараагийнх нь 33-тай гарсан.
Ариун-Ундрах -
Та түрүүн үйлдвэрт дандаа хүүхнүүд ажилладаг байсан гэсэн. Яагаад дандаа эмэгтэй хүмүүс байсан вэ? Ганц хоёр ч эрэгтэй хүн байгаагүй юу?
Энхтайван -
Хөнгөн үйлдвэр болохоор эмэгтэй хүмүүс ажилладаг байсан. Эрэгтэй хүмүүс савлагч хийдэг. Грушик жолооч эрэгтэй хүмүүс байдаг байсан.
Ариун-Ундрах -
Ажлынхаа онцлогоос шалтгаалах уу?
Энхтайван -
Хөнгөн үйлдвэр эмэгтэй хүнд үйлдвэрт эрэгтэй хүн ажиллана. Манай үйлдвэрт зуны амралтаар хүүхдүүд ажиллана. Манай нэг эмэгтэй дүү ажиллаж байсан. Тэгээд овоо хэдэн төгрөгний цалин аваад сургуульдаа орж байсан.
Ариун-Ундрах -
Хүүхдүүдээр ямар ажил хийлгэх вэ?
Энхтайван -
Хүүхдүүдээр гурил элдүүлэх ажил хийлгэнэ. Зуурах ажил хийлгэхгүй. Машин техниктэй ажиллаж чадахгүй. Үйлдвэрт ажиллаж байхад янз бүрийн уралдаан тэмцээн их болдог байлаа. Жүжигчин Дамдинсүрэн гуайн нэрэмжит драмын театртай хамтарч ажиллана. Налайх. Тэгээд тэр улсууд ирж тоглолт хийнэ. Бид нар ажлын амжилтаар угтана. Социалист уралдаан их явагдана.
Ариун-Ундрах -
Тэр үед ямар ямар үйлдвэр байсан вэ?
Энхтайван -
Олон үйлдвэр байсан. Хөнгөн хүнсний үйлдвэр,талх чихэр , гутлын үйлдвэр, арьс ширний , ноос нэхмэлийн үйлдвэр , хивсний үйлдвэр , нүүрсний уурхай , шилний үйлдвэр , ханын материал гэх мэт аягүй их үйлдвэр байсан. Бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан. Одоо бараг байхгүй болсон.
Ариун-Ундрах -
Та социализмын дараа ажлаа солиод хувийн компанид ажилладаг болсон гэсэн. Ихэнх хүмүүс ганзагын наймаанд гарсан гэсэн. Ойр дотно найз нөхдөөс чинь наймаанд гарсан хүн байгаа юу? Та ажлаа хийгээд байж байсан уу?
Энхтайван -
Ажлаа хийгээд байж байсан.
Ариун-Ундрах -
Социализын дараа хийж байсан ажлын цалин амьдрал чинь хүрэлцээтэй байсан уу?
Энхтайван -
Хүрэлцээтэй байсан. Боломжийн байсан. Манай нөхөр тэтгэвэр авна. Би ажлаа хийнэ. Болж л байсан. Хүрч л байсан.
Ариун-Ундрах -
Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага муугаар өөрчлөгдсөн гээд та ярьсан. 90 оны хувьсгал гарсны дараа хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн үү? Хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан вэ?
Энхтайван -
90 оны өөрчлөлт хамаа байхгүй. Сүүлд ажилгүйдэл их болж улсууд их цалгар болж, хариуцлага тооцохоо больсон байна. Их л задгай болж, өөрсдийгөө их чөлөөтэй гэж боддог болсон юм шиг байна. Ард түмний эрүүл ахуйн технологи алдагдана гэдгийг тоохоо больсон байна. Хариуцлага тооцохоо больсон. Бидний үед их нарийн байсан. Би хариуцлагагүй хандах юм бол олон хүн эрүүл мэндээрээ хохирно. Түүнийгээ сайн ойлгодог байсан.
Ариун-Ундрах -
Таныг социализмын үед ажиллаж байхад төр засгийн удирдлагад ямар ямар хүмүүс байсан бэ?
Энхтайван -
Төв хороог 10 хүн удирддаг байсан ш дээ. 10-хан хүн Монгол улсыг удирддаг байсан юм. Тэр 10 хүний хэлсэн амласан зүйлийг намын гишүүд уншиж тогтоодог байсан юм. Түүнийг заавал мэдсэн байх ёстой. Үйлдвэрийн ажилчин хүн жилийн өмнө гэрээ хийж төлөвлөгөө нормоо авсан байх ёстой. 5 жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх юм бол гавшгайч үйлдвэрийн аварга ёстой жинхэнэ хүндэт самбарт зураг ёстой тавигдана даа.
Ариун-Ундрах -
Тэр үед Цэдэнбал дарга байсан байх тиймээ?
Энхтайван -
Миний залуу үед Цэдэнбал дарга байгаад сүүлд Батмөнх дарга болсон ш дээ.
Ариун-Ундрах -
Таны ажиллаж байсан үйлдвэрийн техник хангамж ямар байсан бэ? Технологи нь ямар байсан бэ?
Энхтайван -
Хүнсний цехед талх гайгуу байсан. Талх чинь Монголд олон жил үйлдвэрлэж байгаа болохоор хагас автомат байсан юм. Нарийн боов бараг гар ажиллагаатай байсан. Цахилгаан тогоонд чанана бусад нь бол гар
Ариун-Ундрах -
Нарийн боов гараар хийх технологид байна уу? Эсвэл техник байхгүй байсан уу?
Энхтайван -
Техникийн дутагдалтай одоо чинь бүх үйлдвэр автомат болчихсон байна. Ажил нь хүнд ч гэсэн цалин нь боломжийн байсан.
Ариун-Ундрах -
Таны ажиллаж байсан нарийн боовны цех хаагдсан ч гэсэн та өөр нарийн боовны үйлдвэрт ажиллах сонирхол байсан уу?
Энхтайван -
Байлгүй яахав. 1-рт би мэргэжлийн биш, 2-рт цехүүд бүгд бараг хаагдаж байсан. Орон тоо байхгүй.
Ариун-Ундрах -
Орон тоо маш бага байсан.
Энхтайван -
Мэргэжлийн улс нь үлдээд мэргэжлийн бус хүмүүс нь халагдаад ажил хувь хувийн ажил амьдралаа хөөгөөд явсан.
Ариун-Ундрах -
Социализмын үед хүн болгон ажилтай, амьдралаа аваад явах чадвартай байсан юм байна тиймээ. Одоо бол ажилгүйдлийн түвшин маш өндөр байна. Та үүний шалтгааныг юу гэж боддог вэ? Тэр үед ажилгүйдлийн эсрэг ямар арга хэмжээ авч байсан бэ?
Энхтайван -
Тэр үед техник бага ч гэсэн манай үйдвэрт тийм ажилчин дутагдалтай байна гээд ТМС-д хэлчихсэн байдаг. Худалдагч авна гэдэг ч юмуу. Одоо бол үйлдвэр маш бага болсон байна. Ихэнх юмаа гаднаас импортолж авч байна. Тэгэхээр зэрэг үйлдвэрүүд бага байна. Хуучин үйлдвэрүүд нь тоног төхөөрөмж нь муудаад ашиггүй ажиллах болохоор зэрэг үйлдвэрүүдээ хаагаад дампуурчихсан. Тэр буруу үйл ажиллагаанаас болоод гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр, хүнсний үйлдвэр хаачихаад хамаг юмаа импортоор авч байна ш дээ. Энэ маш буруу гаднаас авч байгаа юм хугацаа тээвэрлэлтээс эхлээд зөрчигдөөд байна. Тийм учраас тоног төхөөрөмжөө шинэчлээд хүн болгон жижиг байсан ч хамаагүй цех ч байсан хамаагүй байгуулах хэрэгтэй байна. Өөрийнхөө эх орны гурил өөрийнхөө эх орны ногоо хэрэглэвэл эрүүл аюулгүй хүнс хэрэглэнэ шүү дээ. Үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс ном их уншдаг. Кино их үздэг маргааш нь ирээд тэр бүгдийгээ ярилцдаг тийм их гоё байсан юм. Тэр их гоё ном болсон байна. Тэр кино их сайн кино болсон байна гээд бүгдээрээ шүүнэ ярилцдаг тийм байсан юм.
Ариун-Ундрах -
Цаанаас дээрээс нь ном уншихыг шаарддаг байсан уу?
Энхтайван -
Үгүй өөрсдөө л уншина. Ярилцана
Ариун-Ундрах -
Жнь: Ямар ямар ном байсан бэ?
Энхтайван -
” Зүрхний хилэн” “Халуун салхи” аягүй гоё гоё номнууд гарч байсан. Зузаан сэтгүүл цуглуулна. Хайчилбар хийж хадгална. Залуу ажилчид учраас хувцас их сонирхдог байсан.
Ариун-Ундрах -
Та өөрөө хувцас оёдог байсан уу?
Энхтайван -
Тэр үед материал бэлэн юм чинь бүх материал Оросоос орж ирдэг байсан юм. Материалаа аваад өөртөө таарсан платье, өмд бүх л юмаа өөрсдөө хийгээд өмсчихдөг байсан юм. Зарим хүмүүс гутлаа ч оёод өмсдөг байсан юм.
Ариун-Ундрах -
Хаанаас сурсан байх уу?
Энхтайван -
Оросын сэтгүүл дээр гардаг байсан юм. Яаж нэхэх яаж оёх талаар гардаг байсан юм.Өөртөө таалагдсан малгай нэхээд өмсчихдөг. Хүүхдүүдээ малгай ороолт нэхээд өгчихдөг байсан юм.
Ариун-Ундрах -
За танд маш их баярлалаа. Таны ярианаас социализмын үеийн хүмүүс маш их ажилсаг байсныг олж мэдлээ. Танд баярлалаа.
Энхтайван -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.