Algaa


Basic information
Interviewee ID: 990048
Name: Algaa
Parent's name: Shadrav
Ovog: Targad
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: Chingeltei service sector inspector
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
cultural campaigns
family
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Ярилцлага өгөх Алгаа эгч бид 2 ярилцлага хийхээр тохироод гэрээгээ хийгээд ярилцага хийхээр нөхцлүүдээ тохирчихлоо. Эхлээд Алгаа эгч та өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярина уу? ер нь та ямар хүн бэ гэсэн асуултанд хариулна уу?

бичлэг тасарсан...

Хөтлөгч асуултаа давтсан:

Сургуульд орох хүртлэх амьдралынхаа талаар эхнээсээ дахиад ярина уу?

Алгаа -

8 нас хүртлээ малчин айлын гэр бүлд өсөж, гэр орондоо хүмүүжсэн. 1-3,4 насны үед манай ээж хонь малаа хариулдаг байсан. Аав хонь малаа хариулдаг байсан гэхдээ худалдаа наймаа гээд ийш тийшээ авчихдаг байсан. Манай ээж залуу хүн мөртлөө хонио хариулдаг байсан. Ээж маань хонь малдаа явахдаа 2-3 настай хүүхдүүдээ гэртээ орхиод явчихдаг байсан. Малчин айл гэрийнхээ баруун талд хурга ишгээ хөгнөчихдөг байсан бид нарыг гадаа гараад хөлдчихнө гээд гэрийн гаднаас тэмээ хомнодог хомны шатаар гэрийн хаалган дээр тавиад гаднаас дарж боодог байсан. Дүүг хөдсөн өлгийд боож үлдээдэг, эгч бид 2-т дүүгээ өлгийнөөс нь гаргаж болохгүй шүү! даарна гэж захиад явдаг байсан юм. Ээжийг явсаны дараа өлсөж цангана, идэж уух юм гэж юу ч байсан юм бэ. Уйдаад тэгдэг ч юмуу хурга шигээ хөгнөөс нь суллаад өдөржин тоглодог байсан. Малчин айл хөх бууц асгасан өтөг дотор байдаг байсан. Нөгөө өлгийтэй дүү маань уйлахаар нь өлгийг нь тайлчихдаг байсан, уг нь ээж өлгийг нь битгий тайлаарай гэж захисан шүү дээ. Тэгээд л нөгөө нялх хүүхэд чинь өдөржин болоход хичнээн ч уйлдаг юм бүү мэд тэгэж байгаад л даарч хөлдөөд унтдаг байсан байх. Дээр үед араг гэж байдаг, тэрнийг мод шиг бургасыг матаад одоогийн хүүхдийн тэргэнцэр шиг зүйл хийгээд хүүхдийг хөдсөнд боогоод нь дотор хийдэг байсан. Бага нас маань иймэрхүү л өнгөрсөндөө. 5-6 нас хүрэхлээрээ хүүхэд ажил хөдөлмөр хийгээд сурчихдаг байсан. Ээж малдаа явчихдаг аав адуу малаа усалдаг байсан. Би 6-7 насандаа маш их зүйлийг хийж сурсан байсан. Ээж гурил зуурч өгөөд талх хий гэдэг байсан. 3-4 том талх хийчихдэг байлаа. Дараа нь мөсөө хайлна, заримдаа шуудайтай цас байвал хайлдаг. Тэгээд орой болж нар жаргах цаг болохоор жаахан хадан дээр гарч ээжийн барааг хардаг байсан.

7-н настай байхдаа би их өндөр нуруутай биш хэрнээ их чадалтай ухаантай хүүхэд байсан юм шиг байгаа юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэхлээр, манайх “Хүрэмтэй” гэдэг газар өвөлждөг байсан. Ээж өглөө болохоор талхны гурил зуураад за миний хүү талхаа хийгээрэй дараа нь цасаа хайлаарай гэж хэлдэг байсан. Манайх олон хүүхэдтэй байсан болохоор 3-н том сайхан талх хийдэг байсан. Энэ миний санаанаас ердөөсөө гардаггүй юм. Ээж маань гэрээсээ “Таван хар” гэдэг газарлуу 10-20 км явган явж хонио хариулдаг байсан. Орой болохоор гэрийн хажуугийн “Жонш” хадан дээр гараад ээжийн барааг хардаг, ирж байвал цайгаа чанадаг байлаа. Тэр үеийн хоол цайгаа хийдэг тогоо нь одооных шиг хөнгөн тогоо биш хүнд ширмэн тогоо байдаг байсан. Тэр тогоогоо өргөж гал дээр тавиад талхаа хийгээд, мөсөө хайлдаг байлаа. Малчин айлын хүүхдүүд ингэж ухаалаг ажилсаг байж амьдралаа авч явдаг байсан. Монгол гутал өмсдөг байсан. Хонь малд явж байхад гутлын өсгий цоорчихдог түүгээр нь цас, шороо чигжээд орчихдог байсан, гэсэн хэдий ч гутлаа тайлж гөвчихөөд буцааж өмсчихөөд л явдаг байсан.

Хишигсүрэн -

Дүү нараа хэрхэн асардаг байв?

Алгаа -

Манайх олон хүүхэдтэй байсан миний доод талын дүүг Даваасамбуу гэдэг эрэгтэй хүүхэд байсан. Миний эгч надаас нэг эгч хүүхэд байсан. Даваасамбууг ээж өглөө хөдсөн өлгийд боогоод өлгийнөөс нь гаргаж болохгүй шүү, гарч болохгүй, гал түлж болохгүй шүү гэж захиад гэрийн хаалга дарж боогоод явдаг байсан. Тэр хүүхдэд өдөржин хэн ч хоол өгдөггүй, хуурайлдаггүй /даавууг нь сольдоггүй гэсэн үг,.хөтлөгч/ байлаа. Эгч бид 2 өдөржин хөгнөсөн хурга ишгээрээ хөгнөөс нл тайлчихаад гэр дотроо тэдэнтэй тоглодог байсан. Дүүг уйлаад байхаар нь өлгийнөөс нь гаргачихдаг байсан. Өлгийнөөсөө гарсан хүүхэд чинь хүйтэн гэрт даараад “жөмбий” /эрэгтэй хүүхдийн эрхтнийг өхөөрдөж нэрлэсэн нэр., хөтлөгч/ нь бараг хөлдчихдөг байсан /Ярилцагч, хөтлөгч 2-уулаа удаан инээлдэв/. 3-4 настайдаа иймэрхүү л байдаг байлаа. 7 наснаас гэрийнхээ бүх л ажлыг хийдэг болсон.

Хишигсүрэн -

Сургуульд орж байсан үеийн тухай яринуу? Тэр үеийн хичээлийн шинэ жилийн нээлт ямар болдог байсан бэ?

Алгаа -

Хичээлийн шинэ жилийн нээлт ямар болж байсныг мэдэхгүй, аав намайг сургуулиас хэд хоног хоцроож хүргэж өгсөн. Шууд л хичээлдээ орсон. Намайг сургуульд мориор хүргэж өгч байлаа. Сургуульд орохдоо л анх сумын төвийг харж байлаа тэр үеийн бага сургууль байдаг сумын төв их л гоё санагдаж байлаа. Би 8-н нас хүртлээ сумын төв орж үзээгүй байсан юм.

Хишигсүрэн -

Хичээлдээ хэдэн км-ын холоос ирдэг байсан бэ?

Алгаа -

20-иод км-ын холоос ирж байсан.

Хишигсүрэн -

Өдөр бүр 20 км явж хичээлдээ ирдэг байсан юмуу?

Алгаа -

Үгүй ээ. Анх сургуульд орохдоо 20 км хол замыг туулж ирж байлаа. Сумын төв дээр гавъяат багш Бат-Өлзийгийнд аавтайгаа очсон. Тэднийх их гоё айл санагдаж байсан. Төв газрын айл чинь ямар гоё юм бэ л гэж бодож байлаа. Байшин барилга гэж үзээгүй би сумын төвийн соёлыг гайхаж эхэлсэндээ. Тэр үеийн сумын төв гэдэг нь бага сургуулийн байшинтай адилхан жижигхэн байшингуудтай жижихэн л газар байсан байх. Энэ үйл явдал 1964, 1965 оны үед болж байлаа. Тэгэхэд л анх дэлгүүрээр орж үзэж байлаа. Сум нэг л дэлгүүртэй байлаа. Сургуулийн дотуур байранд орсон. Хоцорч ирсэн болохоор цагаан толгойн үсгээ үзээд эхэлчихсэн байсан болохоор яаж ангийнхаа хүүхдүүд шиг үсгээ нүдлэнэ дээ гэж бодож байлаа. Ширээ сандал дээр сууж үзээгүй байсан болохоор хичээл завсарлаад орж ирэхлээрээ ширээн дээрээ гарч суучих гээд байдаг байсан. Сандал гэх мэт зүйлийг муу мэддэг байлаа. Миний анхны багшийг Пүрэвээ гэдэг байсан.

Хишигсүрэн -

Пүрэвээ багш хаанахын хүн байсан бэ?

Алгаа -

Мэдэхгүй ээ аав ээж л мэддэг байсан байх. Тэр хүнээр анх үсэг заалгаж байлаа.

Хишигсүрэн -

Сургуульд ороод хичээл сурахын хажуугаар өөр ямар төлөвшлийг олж авсан бэ?

Алгаа -

Сургуулийн дотуур байранд байдаг байсан болохоор олон хүмүүстэй хамт амьдарч төлөвшиж эхлэж байгаа юм л даа. Миний хувьд цэцэрлэгт сууж байгаагүй болохоор гэр бүлээс өөр нийгэм хамт олон дунд орж үзээгүй байсан. Анхны төлөвшил бол дотуур байранд хоол унд идэж сурах, хичээл номоо давтахаас эхэлсэн гэж боддог. Тэр үеийн хөдөөний хүүхэд их хоцрогдсон байдаг байжээ гэж би боддог юм. Жишээ нь би бүүр сүүлд 3,4-р ангидаа орсон хойноо л нилээд хожуу улирал яагаад солигддог юм бол хавар, намар яагаад солигддогыг мэддэггүй байлаа. Хүмүүс хоорондоо мэндлэхдээ яагаад сайхан хаваржиж байна уу? сайхан намаржиж байна уу гэж асуудгын учрыг мэддэггүй гайхдаг, улирал гэж юу юм бол, яагаад ингэж хавар, намар, өвөл гэж нэрлээд байгаам бол л гэж боддог байж. Бас цагны зүү, минут, цагийг заадаг зүүг ялгадаггүй байсан. Тэдэн цаг тэдэн минут болж байна гэж яаж мэддэг юм бол гэж боддог байлаа. Хүүхдийн сэтэгэхүй тийм аймар хоцрогдсон байлаа. Одоо бол энэ бүгдийг хүүхэд сургуульд орохоосоо өмнө мэдэж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Сургуулийн дотуур байранд өөр юу хийдэг байв, Тэнд өөр юу сурсан бэ?

Алгаа -

Сургуулийн дотуур байранд хичээлээс өөр юм бараг хийдэггүй байсан. Дотуур байранд байдаг байхад соёлын довтолгоо гэж болдог байсан. Соёлын довтолгооны хүрээнд байрны хүүхдүүдийн хөнжил гудасыг гөвөх, бөөс хуурснаас нь салгах гээд бөөн ажил болдог байсан /Инээв/. Бид малчин айлын хүүхдүүд болохоор ч тэрүү соёлын довтолгооныг зайлшгүй хийх шаардлагатай тэр үеийн нийгэм, ахуйн шаардлага нь тийм байсан байх. Бид нар их бөөстдөг байсан юм. Хагас, Бүтэн сайн өдөр болохоор багш нар хүүхдүүдийн хөнжил гудсыг хашаан дээр гаргаж гөвөөд тохдог байсан. Бөөсийг нь хөлдөөх гэж. Бид нар үстэй дээлтэй байдаг тэр үстэй дээлнийх нь үс нь бөөсдчихдөг байсан /Хөтлөгч, ярилцагч 2-уулаа инээв/. Манай сумын ойролцоо “Тугт улаан” гэж уул байдаг байсан тэр уулан дээр гарч байгаад л нөгөө бөөстэй үстэй дээлээ пад пад хийтэл цохиж бөөсийг нь арилгадаг байлаа /Хөтлөгч инээв/.

Хишигсүрэн -

Тэр үеийн хүүхдүүд усанд ордоггүй байсан юмуу?

Алгаа -

Сургуулийн халуун ус гэж байлаа уу, үгүй билүү би сайн санахгүй байна. Эмэгтэй хүүхдүүдийн толгой их бөөстдөг байсан. Тэр бөөсөө өөрсдөө л цэвэрлэдэг байлаа. Яаж цэвэрлэдэг байснаа яривал их сонин. Дараалж суучихаад л нэг нэгийнхээ толгойнд байгаа бөөс хуурсыг түүж цэвэрлэдэг байлаа. Жишээ нь миний өмнө нэг хүүхэд сууна түүнийг толгойг би цэвэрлэнэ, миний ард бас нэг хүүхэд суугаад миний толгойг цэвэрлэнэ гэх мэт /Хөтлөгч, Ярилцагч 2-уул инээв/ . Ингэж л бөөс хуураснаасаа салж байлаа. Дараа нь би 5-р ангид орсон. Энэ үед бол би арай гайгүй нийгэмшсэн байсан. Хичээлдээ ч гайгүй сурдаг байлаа. 5-р ангид Орос хэл заалгаж байлаа. Орос хэлний хичээлийг манай ангид Рагчаасүрэн гэдэг багш зааж байлаа. Нэг удаа Тувагын хүүхдүүдтэй уузалт зохиох боллоо.

Хишигсүрэн -

Яагаад Тува хүүдүүдтэй уулзах болов?

Алгаа -

Манай сум Туватай ойрхон хиллэдэг байсан юм. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Казак хүүхдүүд, Тува хүүхдүүд, манай сургуулийн хүүхдүүд нийлээд “нөхөрсөг уулзалт” зохиож байлаа. Намайг 5-р ангид байхад пионерын уулзалт байгуулагдаж байсан. Түүнд Монгол хүүхдүүд явах болсон. Тэгээд л манай ... багш та нар Оросын соёлтой орны хүүхдүүдтэй уулзах гэж байна наад толгойныхоо бөөс хуурсыг арилга гээд л өглөө болгон багш нар толгойны бөөс үздэг байсан. Миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Тува гэдэг чинь Орос орон гайхамшигтай юм бодоод л байдаг байсан. Багш нар бид нарыг үсийг чинь 2 хувааж боолгоно, тэр үсний заадсаар чинь хуурс цайрч харагдаад байж болохгүй гээд л цэвэрлээд л байдаг байсан. Бөөс хуурснаасаа салахгүй жижигхэн хүүхдүүд адлагддаг байсан.

Хишигсүрэн -

Тэр үед саван гэж байдаггүй байсан юм уу?

Алгаа -

Саван байсан л байх даа ямар байсныг нь би санахгүй байна.

Хишигсүрэн -

Үсний шампунь байсан уу?

Алгаа -

Шампуны талаар ярих ч юм байхгүй. Тэр үед байгаагүй. Тэгээд л Тува, Монгол хүүхдүүдийн нөхөрсөг уулзалт боллоо гэтэл бидний их соёлтой, цэвэрхэн гэж бодож байсан Тува хүүхдүүд биш, харин бид цэвэрхэн байсан. Нөгөө Тувагын хүүхдүүд чинь харин хуурс нь цайрчихсан харагдаж байсан. /Хөтлөгч, Ярилцагч 2-уул инээв/

Хишигсүрэн -

Тува хүүхдүүд чинь ЗХУ-ын хүхдүүд шүү дээ, тийм үү?

Алгаа -

Харин тиймээ. Нөгөө ЗХУ-ын хүүхдүүд чинь биднээсээ ялгагдах юмгүй хуурс нь цайрч харагдаж байсан. /инээв/ Тува чинь тэр үе ЗХУ-ын алслагдсан район байсан. Хилийн район хамтрал ч тийм юм байсан юмуу даа. Энэ үйл явдал миний санаанаас гардаггүй юм.

Хишигсүрэн -

Тува хүүхдүүд адилхан хуурстай байхлаар нь та юу гэж бодов?

Алгаа -

Харин бид нар илүү цэвэрхэн байсан. Тува хүүхдүүдийн үсний завсраар хуурс нь цайрч байсан. Бид нар болохоор түүгээд цэвэрлэчихсэн байсан болохоор тийм юм байгаагүй. Тува хүүхдүүд бол цэвэрлээгүй байсан. Тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм. /инээв/

Хишигсүрэн -

Сургуулийн дотуур байранд байхад гэрээ санадаг байв уу? Дотуур байранд байхад хэцүү санагддаг байсан уу? Ямар байдаг байв?

Алгаа -

Байранд очихоор гэрээ саналгүй яахав дээ. Аав эд нар хонь мал гаргахаараа бөөр, зүрхийг нь жижигхэн саванд хийгээд авчирч өгдөг байсан, манай дөрвөдүүд чинь үнээ малынхаа сүүгээр айраг хийдэг, халхчууд шиг гүүнийхээ сүүгээр айраг хийдэггүй, үнээнийхээ түүхий сүүний айргыг жижигхэн сав, кострульд хийж гэрээсээ авчирч өгдөг байсан. Тэр үед чинь одоогийнх шиг тагтай сав, ундаа Pepsi-ны сав байдаггүй байлаа. Тэгээд л яаж ийж байгаад гэрийнхээ хоолыг коструль, чашик-нд хийж надад авчирч өгдөг байсан. Тэр үед байр хоолондоо ногоо цагаа гэж бараг хэрэглэдэггүй байсан. Ногоотой хоол хийхээр хүүхдүүд нь иддэггүй байлаа. Ихэвчлэн бүдүүн бандан шиг юман дээр хоолоо хийгээд л хоол болохоор хүүхдүүдийг дун дугаргаж дууддаг байлаа. Заримдаа их өлсдөг юм байлгүй. Дун дугархаар бушуухан очоод жагсаж хоолондоо ордог байлаа.

Хишигсүрэн -

Дотуур байрны хоолонд цаддаг байсан уу?

Алгаа -

Цаддаг байсан. Дотуур байрны ихэнхи хүүхдүүд гэрээ их санадаг байсан. Хүүхдүүд нь гэрээ их санадаг байсан болохоор эцэг эхчүүд хагас бүтэн сайн өдрүүдэд ирээд хүүхдүүдээ аваад явчихдаг байсан. Тэр үед сургууль соёл гэж юм байдаггүй байсан болохоор эцэг эхчүүд нь хүүхэдээ ирээд л аваад явчихдаг байсан. Малчин айлын хүүхдүүд чинь их дураараа. Хичээлийн амралтаар явчихаад улирал эхлэх болохоор хичээл таслаад алга болдог. Бүтэн сараар ч ирэхгүй тохиолдол байдаг байсан. зарим нь 10, 20 хоногийн дараа ч ирнэ.Хэрвээ тэр үед би 4-р ангиасаа сургуулиас гарчихсан бол дахиж ном эрдэм сурах боломж гарахгүй байсан.

Хишигсүрэн -

4-р анги төгсөөд нэг жил өнжөөд суманд дахиж 8-р анги хүртлээ суусан уу?

Алгаа -

Нэг жил өнжиж ирээд суманд 5-р ангиас эхлэж өсуусан найман жил чинь байгуулагдаад 5-р ангийн хүүхэд л авч эхэлнэ шүү дээ. Ингэж 8-н жил болсон.

Хишигсүрэн -

Та 8-р ангиа хэдэн настай төгсөж байсан бэ?

Алгаа -

16, 17 настай 8-р анги төгсдөг байсан юм болов уу даа. Намайг нэгдүгээр ангид орж байхад 1964 он билүү 1965 он билүү /Эргэлзэв/ миний дээд талын 3-4-р ангийн хүүхдүүд гэсэн чинь нас бие гүйцсэн том залуучууд, охидууд байдаг байсан. Тэд нар чинь бараг 4-р ангийг 17,18 төгсөж байсан юм байлгүй дээ. Тэднийг хараад яахлаараа энэ том том хүмүүс энд байж байдаг юм бол гэж гайхдаг л байсан.

Хишигсүрэн -

Архангайн багшийн сургуульд элсэж орсон гэсэн шүү дээ оюутан байсан үеээ ярина уу?

Алгаа -

Тэгээд Архангайн багшийн сургуульд элсэж орсон. Энэ бас их түүхтэй. Тэр үед, Увс аймгаас 5, 6-хан хүүхэд Архангайн багшийн сургуульд явлаа. Тэр багшийн сургуульд ороход боловсролын яамнаас хүн ирж шалгалт авч томилолт өгч ордог байсан. Зүгээр ч нэг орчихдоггүй. Аймаг, аймагт нь боловсролын яамнаас хүн ирж шалгалт авдаг байсан. Тэгээд бид нар анх Увс аймгаас 5 эмэгтэй, 1 эрэгтэй хүүхэд Архангайн багшийн сургуульд явж байсан. Увс аймгийн Тариалан, Өмнөговь, Тэс гэх мэт сумдын хүүхэд байсан байх. За тэгээд багшийн сургуульд явна гэдэг чинь их гайхамшигтай юм болноо. Яагаад гэхлээр тэр үед чинь онгоц гэдэг юм нисэхгүй. Архангай аймаг, Увс аймаг 2-ын хооронд онгоц нисдэггүй байсан юм. Улаанбаатараас Архангай руу онгоц нисдэг байсан байж магадгүй. Ер тэр үед онгоц нисдэггүй байсан байхаа даа. Тэгээд бид нар сумаасаа шуудангын машинд сууж 180 км явж аймгийн төв дээрээ ирсэн. Тэр үед шуудангын машин гэж “53” явдаг байсан байх. Тэгээд л нэг юм аймаг дээрээ ирсэн дээ. Аймгаасаа Архангайн багшийн сургуульд явах Увс аймгийн хүүхдүүд гээд “30” машинд ачигддаг байсан. Яг цэрэг шиг. Машинд ачигдаад явахдаа урдуур тойрч явна. “Шаргын говь”, “Хүйсийн говь”-иор яваад л Архангай орж ирдэг байсан. Тэгээд машинаар Архангай орж ирэхэд хацар сайртаж, борлосон байдаг байсан. Увс аймаг Архангай 2-ын хооронд машинаар бараг 4-5 хоног явдаг байсан байх. Одоо шиг зам харгуй нь засагдаагүй байсан. Тэгж яваад Архангайд ирж багшийн сургуулийн үүдэнд ирсэн чинь багшийн сургуулийн биеийн тамирын зааланд оруулж, байрлуулж байсан. Тэнд газар газраас ирсэн хүүхдүүд байсан. Тэнд хэвтэх гэсэн чинь гудас, хөнжил байгаагүй. Тэгэхлээр нь дэлгүүрээс очоод гэрийн туурга авсан. Нэг туурга нь 70 төгрөг гэж байсан байх. Тэр туургаа дундуур нь том жижиг 2 хуваагаад л нарийхнаар нь гудас нөгөөгөөр нь хөнжил хийсэн. Архангайн сургуульд дотуур байр гэж байгаагүй өөрсдөө байр байшин олж, хэд хэдээрээ нийлж хөлслөж амьдардаг байсан. 4-н оюутан хүүхэд нэг доор орчихоод сард 70 төгрөгөөр нийлдэг байлаа. Нэг хүүхдээс сард 15 төгрөг гардаг байсан байгаа юм. Ирчихээд бид нар намрын ажилд анх явсан. “Төвшөрүүлэх”-ийн сангийн аж ахуйд будаа тарианы ажил хийсэн. Намрын ажлаас ирсэн чинь 200 төгрөгний цалин өгсөн. Амьдралдаа анх удаа ажил хийж цалин авч байгаа нь тэр. 200 төгрөг чинь их мөнгө байлаа. Түүгээр бид нар амьжиргаагаа залгуулж сар бүр 70 төгрөгөөрөө нийлж хоолны гурил зэргээ авдаг болсон. Ээлжилж хоолны материалынхаа тооцоог барьдаг байлаа. Тэгж л анх удаа бие дааж амьдарч байлаа.

Хишигсүрэн -

Сургуулиа төгсөөд яаж ажиллаж амьдарсан бэ?

Алгаа -

Сургуульд байхад сонгон суралцах хичээл их явдаг байсан. Орос хэл сонгон судлах хичээлээр ордог байсан. Та нар төгсөөд Орос хэл заахаар бол хэрэгтэй гэж байсан. Би Орос хэлний сонгонд явж байсан. Тухайн үед сургууль төгсөөд очихоор аймгийн Боловсролын Хэлтэс шууд томилож явуулдаг байсан. Би Увс аймгийн Наранбулаг суманд томилогдож очиж нэгдүгээр анги авч багш болж байлаа. Тэгээд Наранбулаг суманд багшилж эхэлэхэд миний нэгдүгээр ангид орж байх үеийн хүүхдүүд тэнд харагдаж байгаа юм л даа. Наранбулаг сум чинь Улаангомоос цаашаа байдаг нилээд том сум л даа тэнд Тариалангаас, Завханы сумдаас гээд олон сумын хүүхдүүд ирж сурдаг байсан. Би Наранбулаг суманд айлд суудаг байсан. Наранбулаг сум тэр үед гар галлагаатай байсан. Наранбулаг суманд мод байдаггүй, “харгана” /нэг төрлийн мод/ түлдэг байсан. Харгана уг нь их илчтэй түлээ л дээ гэхдээ өглөө түлсэн харгана тэгэсхийгээд унтраад, хүйтэн болчихдог байсан. Бас аймаар их утаа гаргадаг байсан. Тэгээд тэр үеийн хүүхдүүд чинь бэхэнд үзгээ дүрж бичдэг байсан юм. Анги хүйтэн болохоор үзэгний хошуу нь хөлдчихдөг байсан. Хөлдсөн хошуутай үзгээ амандаа нэг бариад л, гал дээр аваачиж бүгд тойроод зогсчихсон, үзэгнийхээ хошууг пийшэнд наачихсан зогсож байдагсан. Тэсгээгээд л бичдэг байсан. Нэг удаа “Үсэглэлийн баяр” болох гээд ангийнхаа хүүхдүүдийн зургыг авахуулах боллоо. Тэгтэл манай ангийн хүүхдүүдийн дээл нь ихэнхи нь уранхай байсан. Би ч бага залуу байсан болохоор хүүхдүүдээ уранхай хувцастай зургыг нь авахуулахгүй гээд заримыг нь уранхайгүй дээл авчир гээд гэр лүү нь явуулж, тэгээд яг зураг авахуулах болоход уранхай дээлтэй хүүхдүүд байж л байгаа юм чинь. Тэгэхлээр нь тэр үед ирдэг байсан зузаан зузаан даавуун алчуур байсан тэр алчуурыг Монгол дээлэн дээр нь нөмөргөөд дээлнийх нь уранхайг далдалж авахуулж байлаа. Тэр зураг одоо надад бараг байгаа байхдаа. тэр зурагнаас харахад зарим эмэгтэй хүүхдүүд үсээ хусуулчихсан байдаг юм. Наранбулаг суманд тэр нэгдүгээр ангийг төгсгөөд л дараа жил нь Бөхмөрөн сумандаа эргээд шилжээд ирсэн.

Хишигсүрэн -

Бөхмөрөн суманд ирээд бага ангийн багшийн ажлаа хийсэн үү?

Алгаа -

Бөхмөрөн суманд ирээд 3-р анги авсан. Бөхмөрөнд тэр 3-р ангиа төсгөөд дараа жил нь нэгдүгээр ангиа авсан.

Хишигсүрэн -

Таныг Бөхмөрөн сумандаа ирэхэд сургууль чинь ямар болсон байсан бэ?

Алгаа -

Намайг төгсөөд ирэхэд Бөхмөрөний сургууль дундаж насны нэг үеийн багш нартай байсан. Намайг Бөхмөрөнд очдог жил Хотын багшийн сургуулийг төгссөн Цэрэннадмид хамт очсон. Хамгийн залуу нь бид 2 л байсан. Тэгэхэд Ядамсүрэн багш, Бороо багш гээд л дандаа дээд сургууль төгссөн, гоё гоё багш нар байсан. Архангайн багшийн сургууль төгсөөд, Наранбулагт багшилж байгаад Бөхмөрөндөө эргээд ирэхэд, сургуулиа харж байхад арай л өөр байсан. Намайг анх сургуульд орж байхыг бодоход тэр чинь 8-н жилийн сургалттай болсон болохоор арай өөр байсан. Хэд хэдэн төгсөлт хийчихсэн юм чинь Тэр үед сургуулийн материал бааз нилээд хөгжчихсөн, соёл хүмүүжлийн ажлууд явагддаг болчихсон байсан болохоор арай давуу талтай байсан.

Хишигсүрэн -

Пионерын удирдагч байсан тухайгаа ярих уу?

Алгаа -

Тэгээд нэгдүгээр ангиа төгсөгчихөөд байж байтал намайг 4-р анги төгсгөсөн Янжив багш пионерын удирдагч бол гэсэн. Янжив багш түрүүнд нь 10 гаруй жил пионерын удирдагчаар ажилласан байсан. Пионерын удирдагч болно гэсэн чинь манай хадам ээж надад дургүйцээд, надад дургүйцээд ч юу байхав дээ энэ нэг хэдэн хөгшин багш нар чамайг урдаа тавьчихаад, өөрсдийнхөө ажилд тавьчихаад өөрсдөө ажлаа хийх гэж байна гэж байсан. Пионерын удирдагч гэдэг ажлын ойлгохгүй байгаа нь тэр л дээ. Тэрэн дээр насны ялгаа ч байсан байх. Надтай хамт ирсэн багш нэгдүгээр анги авсан байсан, тийм болохоор манай хадам ээж энэ нэг хэдэн багш нар нийлчихээд өөрсдөө багшаа хийгээд, манай бэрийг багшийнх нь ажлыг хийлгэхгүй, хийдүүлж байна гэж дургүйцэж байсан. Тэгээд л би Янжив багшаас пионерын удирдагчын ажлыг авч хийж байлаа. Тэр үед сургуулиудад соёл хүмүүжлийн ажлыг их анхаарч авч үздэг байсан. Анх 1979 онд би “пионерын удирдагч” болоод 1990 онд пионерын байгууллага устаж үгүй болох хүртэл ажилласан. Пионерын байгууллага хамгийн сүүлд устаж үгүй болоод хүүхдийн байгууллага болсон. Би захиргаанд шилжиж ирсэн.

Хишигсүрэн -

Пионерын удирдагч гэхлээрээ юу хийдэг байсан бэ? ажлын нэг өдрийнхөө талаар ч юм уу яриач?

Алгаа -

Пионерын удирдагч гэхлээрээ аягүй их ажилтай байдаг байсан. Сургууль багш нарын дунд хийх хамаг л ажлыг хийдэг байсан. Одоогоор соёл хүмүүжлийн эрхлэгч гэж бий тэрэн шиг л байгаа юм л даа. Пионерын удирдагчын ажлын ачаалал аймаар их, өглөө хүүхдүүдийг хичээлдээ ирэхэд захны даавуу, нусны алчуурыг нь шалгаж оруулахаас өгсүүлээд л шалгана. Хичээлийн ирцийг бүртгэнэ. Өдөрт бараг өдрийн цай ууж амждаггүй байлаа. Нэгдүгээр цагийн завсарлагаанаар дуу дуулна, хоёрдугаар цагийн завсарлагаанаар чөлөөт завсарлага хийж гарна, гуравдугаар цагийн завсарлагаанаар гимнастик хийнэ гэх мэтчилэнгийн ажлыг хийж зав зайгүй ажилладаг байсан. Түүнээс гадна пионерын байгууллага Эвлэлийн Төв Хорооны, Хувьсгалт Залуучуудын Байгууллага хүчтэй ажиллаж байсан болохоор Эвлэлийн Төв Хорооны үзлэг ирж байна, Пионерын төв зөволөийн үзлэг ирж байна гээд үзлэг тасархгүй. Намын их хурал хуралдаж байна, намын бага хурал хуралдаж байна, суманд намын хурал хуралдаж байна, түүнд пионерын “илэрхийлэлт” орно тэрнийг давтуулна. Пионерын бүлгийн, бүлгэмийн туг дарцаг юмнуудыг шинчлэхээс өгсүүлээд л аль л шинэ соргог юм байвал бүгдийг нь л нэвтрүүлдэг байсан.

Хишигсүрэн -

Хуралд пионерын “илэрхийлэлт” хийнэ гэдэг нь юуг хэлж байна вэ?

Алгаа -

Хуралд илэрхийлэлт хийнэ гэдэг нь жишээ нь: тухайн сумын намын тайлангын хурал гэх юм бол пионерын “илэрхийлэлт” ордог байсан. Тэр нь МАХН-ын залуу халаа бол эвлэл, эвлэлийн залуу халаа бол, пионер гэж байдаг байсан болохоор та нарынхаа ар хойч чинь болохоор та нарийнхаа төлөө ажиллахаа батлан илэрхийлнэ гэдэг байсан байх. Тэр “илэрхийлэлтэд” орох үгийг багш нар бид нар өөрсдөө бичиж хүүхдүүддээ цээжлүүлж ордог байсан. Маш их ачаалалтай ажилладаг байсан. Тугны ишийг л гэхэд эвгүй юмаар хийчихсэн байвал үзэл сурталгүй хэрэг болдог байсан. Нэг намын үзэл суртал гэдэг юм айхавтар байсан болохоор нэг үг буруу хэлбэл айхавтар юм болдог байсан болохоор чинь хэцүү. Ямартаа аргаа барахдаа гэрийнхээ униар бүлгэмийнхээ тугны иш хийгээд л захиралдаа загнуулаад л униараа ч болтугай тугны иш хийчихгүй хувхай цагаан мод тугны ишинд хийлээ гэж захиралдаа загнуулдаг байлаа.

Хишигсүрэн -

“Шугам жагсаал” гэж юуг хэлж байсан юм бэ?

Алгаа -

“Шугам жагсаал” гэдэг бол пионерын байгууллагын сүр хүчтэй, хамт олонч байдлыг харуулж тухайн арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалтанд оруудаг л арга хэмжээ байсан юм билээ л дээ. Шугам жагсаалын талаар чи өөрөө ч сайн мэдэх байх.

Хишигсүрэн -

“Шугам жагсаалын” яг утга нь юу вэ?

Алгаа -

Шугам жагсаалын яг утга нь бол..... /Ярилцагч бодолхийлэв /яг тэр үедээ юу бодож хийж байсан юм бүү мэд. Одоо ингээд зүгээр бодохоор /Ярилцагч инээв/ тухайн сургуулийн бүх хүүхдүүдийн нэгдсэн хурал, цуглаан ч бас биш юмаа тэр чинь одоо /Ярилцагч бодолхийлэв/ юу ч юм бэ дээ. Тухайн үедээ шугам жагсаал хийлгэдэг байлаа, тэрнийгээ харин юу гэж хийлгэж байснаа мэдэхгүй байна /Ярилцагч инээв/. Жишээ нь: бүхэл бүтэн сургуулийн бүх сурагчид нийлээд бүлгэм болдог байлаа, бүлгэм нь бүлгүүдэд хуваагддаг байлаа. Тэгэхлээр бүлгэмийн хэмжээний бүх хүүхдүүдийг нэг команданд оруулж байгаа арга хэлбэр юм. Шугам жагсаалын эцсийн зорилго нь хүүхдүүдийг нэгдсэн нэг диктатурт оруулна гэх ч хаашаа юм бэ /Ярилцагч инээв/ нэг тийм л юм байсан байх. Би өөрөө ч сайн ойлгохгүй байна. Тэгээд Тувагийн хүүхдүүдтэй хамтарч ажиллаж байлаа. Тэр үед Орос Монголын харилцаа “найрамдал-дружба” гэдэг үг хэлдэг айхавтар байлаа. Тухайн үед Оросын Туватай туршлага солилцож шинэ бүтээл оновчтой санаа ШБОС гэдэг юм их яригддаг байсан. Тэр үед Тувагын хүүхэдтэй нөхөрсөг уулзалт, биеийн тамирын арга хэмжээ зохиож туршлага уулзалт аймаар их зохиож, туршлага солилцодог байсан.

Хишигсүрэн -

Та сая Тувачуудтай туршлага солилцодог байсан гэлээ ямар чиглэлээр туршлага солилцодог байсан бэ?

Алгаа -

Тэр болохоор Тувагын хүүхдүүдээс суралцах зүйлс юу байдгийн дор хаяж л Зөвлөлт орны ажил амьдралаас суралцах гэх мэтээр олон л зүйл ярьж байсандаа. Тухайн үед чинь доор хаяж хүүхдүүддээ нүд тайлах боломжийг нь олгож байсан байх л даа, Тийм ээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжөөгүй байсан болохоор хүүхдүүд өөр улсын хүмүүсийг ямар зүс царайтай, ямар үстэй, яаж амьдардгийг мэддэггүй л байсан цаг даа.

Хишигсүрэн -

Пионерын ажлын шугамаар наашаа цаашаа их явах уу?

Алгаа -

Их явнаа. Би чинь 15 жил пионерын удирдагч хийсэн болохоор Тува руу хүүхдүүд авч явах, Хөдөлмөр зуслан руу хүүхдүүд авч явах, пионерын удирдагч нарын сургалт семинарт оролцох гээд л сургууль дээр хамгийн их ажилтай хүн нь би байлаа. Нэг талааар пионерын удирдагчын ажил хүнийг их төлөвшүүлдэг байлаа. Миний хожмын амьдралд ч их нөлөөлсөн. Намын их хурал, Эвлэлийн их хурал хуралдахаар тэрний тухай мэдээллийг их цуглуулж товчлол хийж хадгаладаг байлаа. Түүнийгээ хурал цуглаан дээр иш татаж ярьдаг байлаа. Түүнийгээ их уншиж тогтооно, түүгээрээ багш нараас шалгалт авдаг байлаа. Тухайн мэдээлэл одооных шиг телевиз радиогоор цацагддаггүй. Тэр тухай мэдээлэлтэй сонин сэтгүүл Улаанбаатараас Улаангом хүртэл Улаангомоосоо манай сумруу шуудангын “53” машинаар ирэх гэж сар шахам болдог байлаа. Манай пионерын байгууллагын танхим гэж байдаг байлаа. Тэр танхимд самбар байдаг тэр самбарын дээд талд Намын Төв Хорооны хүмүүсийн нэрсийг дараалалаар нь байрлуулсан байдаг байлаа. Тэр Улс Төрийн Товчооны 9-н гишүүний нэрийг нэг дэх нь тэр, хоёр дахь нь нь тэр гэж дараалуулж хэлнэ. Дарааллыг нь буруу хийх юм бол тэр багш улс төрийн талаар мэдлэг муу гэж дүгнэгддэг байсан. Тухайн үеийн улс төрийн товчооны гишүүд төдийлөн хөдөө орон нутгаар явдаггүй байсан. Одоогийн гишүүд бол сонгогчидтойгоо ирж уулзаад л телевиз, радиогоор гараад л сайхан байх юм. Тэр үеийн Улс Төрийн Товчооны гишүүдийн нэрийг яагаад тогтоодоггүй байсан бэ гэхлээр тэр хүмүүсийг хэн ч үзээгүй байдаг байсан. Жишээ Жалан-Аажав, нь Майдар нь ямар хүн байдаг юм бэ гэдгийг мэддэггүй байлаа. Тэгээд нэрийг нь, албан тушаалынх нь дарааллыг автоматаар зээжилдэг байсан болохоор байрыг нь /албан тушаалын зэрэглэл/ их сольдог байлаа. Зарим нь болохоор Лувсанвандан нь аль билээ, Майдар нь тарган нь билүү туранхай нь билүү гээд л төөрөлддөг, зүс нь тогтодоггүй байлаа. Үүгээр багш нар шалгалт өгнө. Пионерийн танхимд бүгдийнх нь зургийг өлгөчихсөн байлаа ш дээ. Тэгээд, За байз Цэдэнбалаас зүүн тийш тэд дэх нь тэр, баруун тийш 3 дпахь нь тэр л гэж тогтооно шүү дээ.

Хишигсүрэн -

. Тэрнийг юуны төлөө цээжилдэг байсан юм бэ?

Алгаа -

Намын их хурлын талаарх мэдээлэл, Намын төв хорооны гишүүдийн тухай мэдэхгүй бол чи сэхээтэн байхыг хэрэг байхгүй л гэдэг байсан /Ярилцагч инээв/.

Хишигсүрэн -

Тэдгээрийг мэдэхгүй хүмүүсийг яаж шийтгэдэг байсан юм бэ?

Алгаа -

Хурал зөвөлгөөн дээр донгодоно, намын үүрийн товчоо гэж байсан намын үүр дээр дуудагдах юм бол “будаа” болдог л байлаа ш дээ. /Ярилцагч, хөтлөгч 2-уулаа инээв/. Багш нараасаа шалгалт их авна. Тухайн үеийн намын үүрийн дарга гэдэг чинь их өргөн мэдлэгтэй мундаг бүн байлаа. Хүмүүст нам, төр засгийн талаар мэдээлэл хийдэг байсан. Өглөө бүр 7 цаг 30 миниутаас “өглөөний сонсгол” гэж хийдаг байлаа. Долоо хоног бүр “лекц” гэж явагддаг байлаа. Тэрнийг таслаж болохгүй. Цэцэрлэгт 8 цагт явдаг хүүхдээ хажуудаа уйлуулаад л зосоочихоод л өглөөний сонсголд суудаг байлаа. Өглөө босох их хүндрэлтэй байлаа. Гэрэл тог байхгүй лаа асааж байгаад л хэдэн хүүхдүүдээ дуудаж босгоод л “өглөөний сонсгол”-д явдаг байсан. Өглөөний сонсголд юу ярьдаг вэ гэхлээр тухайн үеийн улс төрийн байдал ярина. Тэрнийг хэн мэдэх вэ гэхлээр хэн нэгэн багш ч юмуу лектор сонингоос мэдэж аваад л ярьж өгдөг байсан. Үнэн ч юмуу худлаа ч юмуу Ойрхи дДрнодод юу болж байна гээд л ярина. Тэнд нь хүмүүс юм сонсох гэж очдоггүй ирц бүртгэдэг учраас ирцээ бүртгүүлэх гэж л очдог байсан /Ярилцагч инээв/. Тийм л амьдрал байлаа. Бид нарт ерөөсөө зав байдггүй байлаа. Бид залуу байсан бүжиг болно. Бид нар бүжигт орно. Бүжиг баян хууртай болно. Манай клубын эрхлэгч Дүгэржав гэдэг хүн байсан тэр хүн хэдхэн л ая баянхуур дээрээ тоглож чаддаг. Тэрнийгээ л ээлжлээд л тоглоод байдаг байсан. Тэр аянууд нь “Гайхмаараа”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн” гэх мэт аянууд байсан байх. Тэр аянууд дээр нь л бүжиглэнэ дээ./Ярилцагч инээв/

Хишигсүрэн -

Ямар бүжиг хийдэг байсан бэ?

Алгаа -

Тэр үеийн хүмүүс их гоё бүжиглэдэг байсан. Би чинь өөрөө 50-н хэдэн оны хүн гэхэд 40-н хэдэн оны хүмүүс их гоё бүжиглэдэг байсан. Тэр хүмүүс Вальс, Покстроль бүжгийг их гоё хийдэг байсан. Тиймэрхүү л байсандаа. бичлэг-3: 58 минут Аудио файлын нэр: 003_A_ Sh.Algaa _amantuuh_2008_11_30

Хишигсүрэн -

Сая та бид хоёр пионерын удирдагчийн ажил хийгээд л завгүй явж байснаа ярилаа. Та өглөөний 7 цаг 30 минутаас эхлээд л орой болтол завгүй ажилладаг байсан байна. Энэ үед чинь ар гэрт чинь юу болдог байсан бэ? Гэр орон үр хүүхдийг чинь хэн авч явж тусалдаг байсан бэ? Та чинь олон хүүхэдтэй хүн шүү дээ?

Алгаа -

За би түүрүүний ярьсан зүйл дээр нэмээд нэг зүйл ярьяа. Энэ юу вэ гэхлээр шинэ жилийн арга хэмжээ, элдэв янзын хурал цуглаан болно, намын үүрийн үзэл суртал, соёл хүмүүжлийн арга хэмжээ энэ бүхнийг пионерын удирдагч хариуцаж байсан. Энэ ажлуудыг хариуцлагагүй хийвэл айхавтар юм болно. Намын үүрийн дарга дуудна. Намын үүрийн даргад дуудагдахгүйн тулд эвлэл пионерын ажилд цаг наргүй зүтгэж байлаа. Би өөрөө олон хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор ар талын ажил амьдрал хоцрох нь мэдээж. Энэ бүх ажлуудаа би яаж амжуулж хийж байсан юм бэ гэхлээр хадам ээж аав, миний аав ээж байсан мөн, би өөрөө олон дүү нартай, дээр нь хамаатны хүүхдүүд, хадмын охидууд байсан болохоор өглөө оройд хүүхэд их харж өгдөг байсан. Мөн ясли цэцэрлэг гэж байсан, өглөө 6 цаг өнгөрөөж хүүхдүүдээ босгоод хүргэж өгдөг, орой 5 цаг өнгөрөөгөөд авч гэрт нь хүргэж өгдөг байлаа. Сумын төв жижиг болохоороо гэр орондоо ах дүү нарынхаа хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдийн дэргэд аваачдаг байлаа. Хүүхдүүдийн маань аав нь жолооч хүн байсан тэр хүн бас нэгдлийн ажлаар хөдөө гадаа их явдаг байсан. Гэхдээ гэр орныхоо ажлыг маш сайхан хийдэг, үр хүүхдээ сайн асардаг хүн байсан. Нөхөр бид хоёр биеийн тамир, бүжигт их дуртай байсан. Бид 2 тэр олон хүүхдээ цэцэрлэгээс нь орой аваад, дээр нь тэр үеийн цэцэрлэг их хатуу шаардлагатай байсан. Цэцэрлэгийн хүүхдүүд нэг ижил халаадтай байна. Тэр халаадыг нь нусны алчуурынх нь хамт орой бүр угаана. Өглөө бүр шалгана. Бид хоёр тэр олон хүүхдийнхээ юмыг дэглэмтэй хийж амжуулдаг байсан. Би тэр их ажлуудыг яаж амжуулдаг байсан бэ гэхлээр аль аль талын ах дүү нар их тусалдаг байсан, дээр нь залуу насны эрч хүчээр тэр их ажлуудыг түйртэлгүй хийж байсан байна. Хоёрдугаарт, манай хүүхдүүдийг нэг тэргэнцэрт хийж тавьдаг байсан. Тэгээд л нялх хүүхэд маань зөндөө уйлчихсан байдагсан. Манай зарим настай багш нар тэр хүүхэд чинь тэнд зөндөө уйлчихсан байна лээ, очиж хөхүүл гэж хэлдэг байсан. Гэхдээ надад хүүхдээ очиж хөхүүлэх ч зав байдаггүй байсан. Одооных шиг “пампарс” гэж байсан биш, тэр хүүхэд чинь уйлсаар байгаад өлгийнийхээ давуундаа шээгээд, нов нойтон болчихсон, ... яарч ирээд л хүүхдээ өлгийнөөс нь задлахад өөдөөс халуун уураар үлээдэг байсан. Хүүхдээ өлгийнөөс гаргахад халуун бүлээн болчихсон байдаг байсан. Хүүхэд өдөржин нэг даавуундаа хэвтэж байгаа болохоор шээгээд, дээрээс нь хөлрөөд тэгээд л нэг их халуун уур байгаа гэсэн үг ш дээ. Тиймэрхүү юм их болдог байсан болохоор манай эхний хүүхдүүд ханиад их хүрнэ, гэдэс нь амархан өвдөх зэрэг хүндрэл их гарч байсан. Олон хүүхдээ өсгөхөд ах дүү нар, ханийн минь тус дэмжлэг их байсан. Ийш тийшээ явахдаа хүүхдүүдээ их орхиж явдаг байлаа. Жишээ нь нэг удаа Туваруу явахдаа 8-н сартай хүүхдээ ээж аавдаа орхиод л явж байлаа. Аав, ээж маань хүүхдийг угжаар хооллоод л аваад хоцордог байсан. Бас нэг хүүхдээ 6-н сартай байхад нь хадам ээж дээрээ орхиод “Найрамдал” зуслан руу семинарт явж байлаа. Тийм маягаар л хүүхдүүдээ өсгөж байсан. Хүн завгүй ачаалалтай ажиллах тусам илүү их ажил амжуулдаг байсан. Бид нарын тэр үе, захиргаадалтын өндөр шаардлагатай үе байсан. Өглөө их эрт босно орой их орой унатана. Цагийн хязгаарлагдмал байдалд байлаа. Гэрэл цахилгаан ч хязгаарлагдмал байсан. Орой эрт гэрэл унтарчихна. Гэрэл унтарсанаас хойш лаа бариж байгаа хамаг ажлаа хийнэ. Өглөө сумын “мотор” асахгүй бас л лаа асааж байгаад бүх ажлаа хийнэ. Одоогийн залуучууд бол хамаг юм нь хангалттай үед их юм хийж болмоор харагддаг. Харин тэд бүр залхуу ч юм шиг санагдах юм.

Хишигсүрэн -

Сургууль дээр бусдын хүүхдүүдийн соёл боловсролд цаг их зардаг байсан байна. Өөрийнхөө хүүхдүүдийн хүмүүжилд цаг бага зарцуулдаг байсан уу?

Алгаа -

Тиймээ. Манай хүүхдүүд авъяаслаг байсан. Манай нэг хүү баянхуур хөгжим тоглодог байсан. Бид 2 хүүхдүүдийнхээ хөгжилд их анхаарч байж л дээ. Би пионерийн удирдагч учраас урлаг соёлд их татдаг байж. Баянхуур хөгжим, гитар, мандалин хөгжим авч өгсөн, манай гэрт байдаг байж. Манай Барсаа гэдэг хүүхэд зураг сайн зурдаг байсан. Багш нар нь хүүхдийнхээ зургийг хүүхдийн зургийн үзэсгэлэнд явуулаач гэдэг байсан. Би явуулж байгаагүй. Манай хүү цэцэрлэгт байхдаа хөгжим хөөрхөн тоглодог байсан ч сургуульд ороод больсон. Энэ нь ямар шалтгаантай вэ гэхлээр тухайн үеийн дуу хөгжим, зураг, хөдөлмөрийн багш нарынхаа байдлаас болдог байсан байх. Хүүхдийг цааш нь хөгжүүлээд аваад явахгүй болохоор дунд ангид орохлоороо тэр хүүхдийн авъяас алга болдог юм билээ.

Хишигсүрэн -

1990 онд пионерын байгууллага татан буугдсан гэсэн үүний дараа та юу хийж байв аа?

Алгаа -

1990 онд олон намын тогтолцоо, ардчилал гэж айхавтар зүйл гарч ирээд нэг намын үзэл сурталыг үгүй болгож хэсэг хүмүүс ардчилал гэгчийг бий болгож байна гэдэг байсан. Би өөрөө тийм ажил хийдэг байсан хэдий ч 1990 онд МАХН-д гишүүнээр элсэж байлаа. Яагаад тэгсэн юм гэхлээр намайг намын идэвхтэн гишүүн гээд аль 1980-аад оноос тооцоод эхэлчихсэн байсан. Аймгаас намын хорооны хүмүүс ирэхлээрээ надтай уулзаж намын дүрэм эрх үүргийн судалсан уу гэж асуудаг, яадаг ийдэг вэ гээд л шалгалт авдаг байсан. Тэгээд элсүүлдэггүй байлаа. Тэгээд 1990 онд намд элсэж байсан. Суман дээр намд элсэгдэггүй аймгийн намын хороон дээр очиж намд элсдэг байлаа. 1990 онд би сумаасаа хамгийн сүүлд аймгийн намын товчоон дээрээ очиж гишүүнээр элсэж байлаа. Тэр үед надаас юу гэж шалгалт авч байсан бэ гэхлээр яагаад МАХН-д элсэж байгаа юм бэ? Ардчилсан холбоонд яагаад элсэхгүй байгаа юм бэ? Ер нь багш нарын хандлага аль талдаа байна гэх мэтчилэн олон асуулт асуусан юм. Тэгэхлээр нь би ер нь МАХН-ын дүрэм программыг судалсан, олон жил МАХН-ын идэвхтэн гишүүнээр явж байсан болохоор гишүүнээр элсэх гэсэн юмаа гэж хэлж МАХН-ын гишүүн болж байлаа. Тэгээд 1990 оноос монголын пионерын байгууллага гэдэг байгууллага алга болоод тэрний дараа Монголын хүүхдийн байгууллагын онц чуулган гэж болоод би сургуулийнхаа нэг хүүхдийг авч явж байлаа. Пионерын байгууллага алга болсоны дараа Хүүхдийн байгууллага гэж бий болоод тэр байгууллага нь сургуулийн мэдэлд биш захиргааны мэдэлд очсон юм. Би 1990-1992 он хүртэл захиргаанд хүүхдийн байгууллагад ажилласан.

Хишигсүрэн -

Пионерын байгууллага гэж сургуулийн харъяаны байгууллага байж байгаад хүүхдийн байгууллага гэж захиргааны харъяанд очихлоор цаад хийж байгаа ажлуудад нь ялгаа гарсан уу? Ямар ялгаа гарсан бэ?

Алгаа -

Ялгаа гарсан. Пионерын байгууллага гэж байхдаа соёл хүмүүжлийн ажлыг түлхүү хийдэг байсан бол захиргаанд ороод ирсэн чинь ерөөсөө зөвхөн сургуулиар тогтохгүй сумын хэмжээний бүх хүүхдийг хамарсан нийгмийн шинжтэй байгууллага болж хувирсан. Сумын хэмжээнд хүүхдүүдийн судалгааг гаргах болсон өнчин ядуу хүүхэд хэд байна, хичээлийн хэрэглэлгүй нь хэд байна гэх мэтчилэн сургуулийн насны хэдэн хүүхэд байдаг юм сургууль завсардсан хүүхэд хэд байдгийн гэх мэтчилэн ажил нь шал өөр байсан.

Хишигсүрэн -

Та пионерын байгууллага, хүүхдийн байгууллагад ажиллаж байхдаа ажилдаа сэтгэл ханамжтай байж чадаж байсан уу?

Алгаа -

Пионерын байгууллагад ажиллаж байхдаа сэтгэл ханамжтай байсан. Би ажилдаа маш дуртай байсан. Тэр үед пионерын байгууллагад чин сэтгэлээсээ ажилладаг хүмүүст “улсын тэргүүний пионерын удирдагч” гэсэн цол тэмдэг өгч байсан. Монголын пионерын байгууллагын төв зөвлөлөөс хүндэт тэмдэг гэх мэт зүйл өгдөг байсан. Миний “улсын пионерын тэргүүний удирдагч” гэсэн тэмдэгээр шагнуулж байсан үе байсан. Тэр тэмдэг нь одоо надад байгаа. Би түүндээ их хайртай. Тэр үед миний ажлын хамгийн оргил үе, хувийн амьдралын тал дээр ч гэсэн хийж байгаа ажлын хувьд ч гэсэн сэтгэл хангалуун байсан үе. Миний хамгийн их ажилдаа дуртай байсан үе маань пионерын удирдагч байсан цаг хугацаа. Пионерын байгууллага гэдэг бол хүнийг их төлөвшүүлдэг байсан юм билээ. Би дараа нь 1992 онд орон нутгийн хурал гэж байгуулагдахад орж ажиллаж улс төрийн ажил хийсэн. Яагаад энэ ажилд орж ирсэн бэ гэхлээр би пионерын удирдагч байхдаа юмыг их уншиж судлаж, өөрийгөө их боловсруулсан байсан. Юм бичих ярих чадварыг пионерын байгууллага надад олгосон. Дараа нь бол би элдэв янзын сургалт семинарт сууж төрийн мэргэшсэн албан хаагч болсон доо. Би түүнээс хойш сүүлийн 15 жил төрийн захиргааны ажил хийсэн. Эхний 4-н жил нь хурал гээд явчихсан, дараа жинхэнэ төрийн захиргааны ажилтан болсон. Надад төрийн захиргааны ажил хийх нөхцөл боломжыг яагаад олгосон юм бэ гэхлээр пионерын байгууллага л олгосон юм. Одоо бол нийгмийн ажилтан бол дээр үеийн пионерын удирдагч мөн юм. Гэхдээ үүрэг статус нь өөрчлөгдсөн байгаа. Пионерын удирдагч бол хүүхдийн соёл хүмүүжилд анхаардаг байсан бол нийгмийн ажилтан хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ажилладаг болсон байна.

Хишигсүрэн -

Орон нутгийн хурал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бий болж та тэнд очиж ажилласан байна. Тэгэхлээр социализмын үед орон нутгийн удирдлага гэж ямар байгууллага байж хүмүүстээ удирдлагаа яаж хүргэдэг байсан юм бэ? 1990 оноос хойших орон нутгийн байгууллагад ямар өөрчлөлт орсон бэ?

Алгаа -

Нэг намын үзэл сурталтай, захиргаадалтын үед сум бол сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг хүн байсан. Тэр хүн бол ерөнхийдөө сумын үйл ажиллагааг удирдаж авч явсан, соёл олон түмний үзэл суртлын ажлыг намын дарга хариуцдаг байсан. Хамаг эрх мэдлийн хувиралалт нь намын байгууллага дээр байсан. Сумын асуудлыг эцсийн шатандаа намын байгууллагаар л авч хэлэлцэдэг байсан. Нэгдсэн нэг удирдлагатай, дээрээс доошоо төвлөрүүлж хийдэг байсан. 1992 оноос эхлээд орон нутгийн хурлууд зохион байгуулагдана гэдэг чинь нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага шинээр төлөвшиж эхэлсэн цаг үе юм. 1992 оны 9 сараас эхлээд орон нутгийн хурлууд байгуулагдаад эхэлсэн. Энэ цаг үед нутгийн өөрийн удирдах ёсыг төлөвшиж өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэд орон нутгийнхаа эрх мэдлийг өөрсөддөө авч байгаа цаг үе бол орон нутгийн хурал төлөвшиж байгаа цаг үеээс эхлэж байгаа юм. Яагаад вэ гэхлээр социализмын үед бүх юмыг аймгаас эхлээд дээрээс доош нь хүртэл төр төвлөрүүлж удирддаг байсан бол орон нутаг бол бие даасан цогцолбор болж орон нутаг өөрөө өөртөө эзэн болж ирсэнээрээ удирдлагын эрх мэдлийг саармагжуулж төвлөрөл саармагжиж байгаа хэлбэр лүү шилжсэн юмуу даа.

Хишигсүрэн -

Тэр төвлөрөл саармагжиж байгаа гэдгийг яаж мэдэх вэ? Үнэхээр нутгийнхаа эзэн боллоо гэдгийг ямар байдлаар мэдэх вэ?

Алгаа -

Тиймээ. Нутгийн эзэн боллоо гэдэг нь гэдэг нь жишээ нь тухайн нэг байгууллага байлаа гэж бодоход тэр албан байгууллагад байгаа бүх эд хөрөнгийг тоолоод л бүх юм дээшээ чиглэлтэй байсан. 1990-ээд оноос орон нутгийн өөрийн удирдлага бий боллоо гэхлээр чинь нутгийн иргэд өөрийнхөө нутагт эзэн нь байлаа гэдэг нь газар нутаг болон бусад асуудлаараа орон нутгийн хурал өөрөө хуралдаж бие дааж шийдвэрлэдэг болно гэсэн хуулийн заалттай байсан инэгэхлээр орон нутгийнхаа хэмжээнд өөрийнхөө асуудлыг өөрөө бие дааж шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн учраас төвлөрөл арай саармагжиж ирж байгаа юм. Би энэ салбарт 20-иод жил ажиллаж байна даа.

Хишигсүрэн -

Төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажиллаж байхад гол онцлог нь юу байсан бэ?

Алгаа -

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж гарч ирсэн нь маш зөв байсан юм. Маш зөв байгууллага гарч ирсэн, яагаад вэ гэхлээр хуучин бол сумын дарга яаж ажиллах ямар эрх хэмжээтэй ажиллахыг дээрээс аймгийн дарга мэддэг байсан юм. Орон нутгийн хурал гарч ирсэнээс хойш засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг, ажлын тайланг нь шүүн авч хэлэлцэдэг болсон. Баг бригадад бол багийн иргэдийн нийтийн хурал гэж явагддаг байсан. 1992 онд орон нутгийн хурлын байгууллагыг байгуулах гээд явж байхад иргэдэд нутгийн өөрөө удирдах ёсны талаар ойлголт ерөөсөө байгаагүй. Яагаад вэ гэхлээр анх сумын иргэдийн төлөөлөгчдийн гишүүдийг сонгоно гэхэд баг, бригадаас хэдэн малчид орж ирж байсан. Сумын хурал хуралдахад төсөв төлөвлөгөө өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэх юмуу, засаг даргын мөрийн хөтөлбөр хэлэлцэнэ гэх мэтчилэнгийн чухал асуудлыг хэлэлцэсэн. Гэвч сумын хурлын төлөөлөгчид тийм хэмжээний асуудлуудыг авч хэлэлцэх “чадвартай” хүмүүс байгаагүй. Тэр цаг үеийг одоо өнөөдрийн цаг үетэй өөрөөр хэлбэл 1992-2009 он хүртэл 10 хэдэн жилээр аваад үзэхээр одоо бол шал өөр болж байгаа. Нутгийн хурал гэдэг байгууллага зөв төлөвшсөнөөр нутгийн нийгэм, эдийн засгийн байдлыг авч хэлэлцэх зэрэг томоохон асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх орон нутгийн хөгжил цэцэглэлтийг өөрсдөө бие дааж шийдвэрлэхэд дөхөмтэй байгууллага болж байгаа юм.

Хишигсүрэн -

Одоо суманд байдаг намууд гэж ямар юмыг хэлж байна, суманд олон намууд яаж ажиллаж байна вэ?

Алгаа -

Одоо хөдөө орон нутгуудад 1990 он гэхэд Ардчилсан нам, МАХН гэсэн нам байсан. 2000 он болоод ирэхэд олон намын систем хаа сайгүй бий болсон суманд ч ялгаагүй. Ер нь 2000 оноос л хөдөө орон нутгуудад намууд салбаруудаа нээсэн. Хөдөө орон нутагт ганц хүнтэй нам хүртэл байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Орон нутагт сөрөг хүчин нь яаж ажилладаг вэ?

Алгаа -

Орон нутагт ардчиллын эхний жилүүдэд нэг намын систем төлөвшчихсөн. Хүмүүсийн сэтэгэхүй хурдан өөрчлөгддөгүй юм билээ. Тийм учраас эрх барьж байгаа нам руугаа л хүмүүс хошуурдаг байсан. Сүүлийн 2000 оноос л Ардчилсан нам болон бусад намуудад хандах хүмүүсийн хандлага сайжирсан. Хүн өөрөө өөрийнхөө толгойгоор асуудлыг шийдвэрлэх, олон намын системийг хүлээн зөвшөөрөх хандлага хаа сайгүй л бий болж ирсэн. Яагаад гэвэл хөдөө орон нутагт хэвлэл мэдээллийн хэрэгсэл элбэг бий болж мэдээлэл олж авах боломж нь илүү нээгдсэн. 1990 он гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дутмаг, тог цахилгаан байхгүй, хүмүүс олон намын системийг бодит байдал дээрээ ямар вэ гэдгийг ойлгодоггүй байсан. Аймгийн намын хорооноос ирсэн хүн бол нэг л намынхаа үзэл суртлыг барьж ухуулдаг байсан. Тэр хэмжээгээр хүмүүсийн үзэл бодол бий болдог байсан бол. 2000 он гэхэд бүх юм өөрчлөгдөөд нийгэм орчин, цаг үе өөр болж хүмүүс аливаа зүйлд өөрийн байр сууринаас ханддаг, өөрийнхөөрөө сэтгэдэг, үзэл бодолтой болж, хандлага өөрчлөгдсөнөөр олон намын системын үед хүмүүс ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм.

Хишигсүрэн -

Таны хувийн амьдралын тухай асуудал руу орж болох уу? Тэгэхлээр та ямар айлын хүүхэд байв, таны аав ээж яаж амьдарч байв, хүүхдүүд чинь яаж ажиллаж амьдарч байна вэ?

Алгаа -

Би өөрөө түрүүнд ярьсан шүү дээ, малчин айлын хүүхэд болж төрсөн. Сургуульд орох хүртлээ гэртээ хүмүүжсэн, цэцэрлэг энэ тэрд хүмүүжээгүй. Тэгээд сургуулийн насны үедээ болохоор сургуульдаа хүмүүжиж дотуур байраар явсан. Дараа нь бага, дунд сургуулиа төгсөөд багшийн сургуульд орж боловсрол мэргэжил эзэмшиж өөрийн амьдралаа эхэлсэн. Яахав дээ миний амьдрал ер нь залуу сайхан насандаа ажил хийе ажиллаад байя гэж боддог байсан. Одоо хүүхдүүдээ хараад бодоход дээр үеийн хүмүүс бол их ажилладаг байсан байна, цалин мөнгөний тухай ерөөсөө боддоггүй байсан. Миний ард талын амьдрал боломжийн байсан болоод ч тэр юмуу ажил хийе л гэсэн сэтгэглгээ надад байсан болохоор ажил хийгээд хэдэн төгрөгний цалин авах нь хамаагүй байсан. Хүүхдүүддээ мэргэжилтэй болгоё, тодорхой хэмжээний боловсролтой болгоё, гэж бодож 2-оос бусад хүүхдээ дээд сургуульд оруулсан зарим нь одоо ч сурч байна. Зарим нь дээд сургуулиа төгссөн. Манай хүүхдүүдийн эцэг нь жолооч хүн байсан. Дээр үед Хөдөө аж ахуйн техниккумд сурч байгаад гарчихсан. Насаараа нэгдэл нийгэмд машин барьж байсан. Миний амьдралын хугацаанд сэтгэл хангалуун бус үе байгаагүй ээ. Талийгаач нөхөртэйгээ 20-н жил хамт амьдарч байгаад хагацсан юм. Аваарт ороод өөд болсон. Энэ үед миний бүх зүйл гэрэл гэгээтэй байсан уу гэвэл үгүй. Манай нөхөр заримдаа архи уудаг жаахан архины сонирхолтой болсон байсан. Архи уусан үеийнхээ эхний 5-н жилд манай ах дүү нар ерөөсөө архи уудаггүй, миний төрөл садангийн дотор архи уудаг хүн байгаагүй. Тийм учраас би архи уудаг хүний зовлонг мэддэггүй, архи уудаг хүний зовлонг мэдэх сэтэгэхүй надад байгаагүй. Нөхөр бид хоёр 22, 23-тайдаа намайг багшийн сургууль төгсөж ирсэний дараа гэр бүл болсон.

Хишигсүрэн -

Нөхөртэйгээ анх яаж танилцаж байсан бэ?

Алгаа -

Намайг нэг намар /Ярилцлагч инээв/. Намайг 8-р ангид байхад манай талийгаач надаас нэг ах дээд ангид сурдаг байсан. Би өөрөө дуулдаг, бүлгэмийн зөвлөлийн дарга хийдэг гээд малчин айлын хүүхэд гэхээргүй айхавтар байсан байн, одоо бодож байхад. Тэгээд намайг 7-р ангид байхад манай нөхөр 8-р ангид сурдаг их өндөр нуруутай хэдэн хөвгүүдийн нэг нь байсан. Биеийн тамирт аягүй их сайн байсан. Мөсөнд дээр тэшүүрээр их гоё явдаг, волейбол тоглодог, теннис аягүй гоё тоглодог тамирчин хүүхэд байсан. Нөхөрийн маань аав ээж нь эмч домч хийдэг сумын төвийн албан хаагч айл байсан. Би өөрөө болохоор малчин айлын хүүхэд байлаа. Тэр үед тийм хүүхэд байдаг л байсан, сайн таньдаггүй байлаа. Намайг дээд сургуулиа төгсөөд ирэхэд манай нөхөр цэргээс ирчихсэн байсан. Намайг сургуулиа төгсдөг жил надад манай нөхөрөөс захиа ирдэг байсан. Тэгээд хадам аав ээж л тэр айлын хүүхэд өнөө жил сургуулиа төгсөж ирэх юм байна гэж хэлсэн юм байна л даа. Сургуулиа төгсөөд ирсэн чинь манай нөхөр яг цэргээс ирчихсэн байсан. Нөхөрт маань аав ээж нь их муудсан “53” машин авч өгсөн. Тэр үед суманд машин тэрэг их байгаагүй. Суманд хоёр ЗИЛ-130, нэг “ 53 “ байдаг байсан. Цэрэгт байхдаа машин унаж сурсан юм билээ.

Хишигсүрэн -

Таньд нөхөрийн тань бичиж байсан захидлуудаас байдаг уу?

Алгаа -

Байхгүй ээ. Өөрийнх нь хүүхдүүдийнхээ талаар бичсэн тэмдэглэл нь байдаг. Тэр тэмдэглэлд хүүхдүүд нь анх хэнийд орж байсан, хэлд хэзээ орсон, юу гэж ярьж байсан зэргийг нь тэмдэглэсэн байдаг. Тэр тэмдэглэл одоо байгаа. Би төгсөж ирээд Наранбулаг суманд хувиарлагдсан байсан. Манай хадам аав ээж овсгоотой, ажил алба хаадаг хүмүүс байсан болохоор Аймгийн Боловсролын Хэлтсийн даргатай уулзаж чөлөө аваад, Наранбулаг орж чөлөө аваад намайг авч явж байсан. Тэр үед аймгийн боловсролын дарга нь Рагчаасүрэн багш байсан. Тэр үед ямар хувийн унаа тэрэг гэж байх юм биш шуудангаар л явж байсандаа хөөрхийс. Тэр үед сумаас Улаангом хүртэл 180 км явж очдог, Улаангомоосоо Наранбулаг руу 60 км явж очдог байсан. Тэгэхэд хүүхдийн амралт эхэлчихсэн Октъябрийн баяр дөхсөн байсан. Нэгдүгээр улирлын амралтаар бид 2 найр хурим хийж байлаа.

Хишигсүрэн -

Тэгэхлээр Наранбулагаас таныг авчирсан нь таны хадам аав ээжийн л хийсэн ажил байна тийм үү?

Алгаа -

Тийм тэд л хийсэн. Миний хувьд багаасаа амьдарахаар тохирсон хүнтэй байсан. Одоогийн энэ хурандаа Цэдэнбал шүү дээ /Ярилцагч инээв/. Цэдэнбал бид хоёр нэг ангид сурч байсан. Тэр бид хоёр чинь амьдарч суухаар болж 8-р ангиасаа эхлээд багшийн сургууль төгстлөө тэр хүүхэдтэй л амьдарна гэж боддог байсан. 3-р курсээ төгсөөд тэр амралтаараа ирдэг байсан би амралтаараа ирдэг байсан тэгж уулздаг байсан. Манай аав ээж тэр хүүхдэд их дургүй байсан. Яагаад дургүй байсан гэхлээр манай аавын адууг нь Цэдэнбалын аав хулгай хийж аваад үгүй хийчихсэн юм билээ. Ээж болохоор цэргийн хүн дагаад дэмий гэдэг байсан. Тэр хүүхэд 10-р анги төгсөж цэргийн ерөнхий дээд сургуульд орж байсан болохоор надаас хойр жилийн хойно төгсөж байсан. Би чинь багшийн сургуульд 8-р анги төгсөөд орж байсан шүүдээ тийм учраас тэр хүүхдээс 2 жилийн өмнө төгсөж байсан. Угаасаа тэр хүүхэдтэй амьдарна гэж бодож дандаа захиагаар харилцдаг байсан. Гэтэл тэр бүтэхээ больсон. Тэгээд л манай суусан нөхөрт аав их дуртай байсан, энэ ер нь зүгээр хүү гэдэг байсан. Яагаад тэгсэн бэ гэхлээр алба хуйтай боломжийн амьдралтайайл, хүү нь сайн хүүхэд гэж байсан. Бид хоёр сайхан амьдарч байсан. Манай нөхөр яагаад архи уудаг болсон юм гэхлээр манай нөхөрийн аав нь Бөхмөрөн суманд гоц халдвартын эмч хийдэг байсан. Гоц халдвартын төв станц нь Баян-Өлгий аймагт байдаг тэндээс цалин авдаг байсан байна. Сард 365 төгрөг авдаг байсан. Тэр үед дээд боловсролтой хүн 600-700 төгрөг, дунд боловсролтой хүн 450 төгрөгний авдаг байсан. Манай хадам аав тэр үедээ их мөнгө авдаг байж л дээ. Манай нөхөр тэр үед Баян-Өлгийн төв дээр цэрэгт байсан байгаа юм. 17-н жил айлын ганц хүү байж ирсэн. Тэгээд эрх дураараа болохоор аавынхаа цалинг авчихсан шүү гэж хэлдэг байж. Түүгээрээ бугайн цаг авсан гэх мэтчилэнгээр хэлдэг байсан байгаа юм. Үнэндээ бол манай нөхөр аавынхаа цалингаар архи уудаг байсан байгаа юм. Манай нөхөр зан харилцааны хувьд найрсаг, зөөлөн зантай хүн байсан. Тэгээд тэнд цэрэгт байхдаа найз нартайгаа дарвиж архи ууж сурсан байсан. Би архичин хүний зовлон мэддэгүй байсан болохоор амьдарсан эхний 5-н жилд хөдөө гадаа явж айл ачна, мод ачна гээд хийхгүй ажил байгаагүй тэгж яваад шөнө ирэхдээ архи уучихаад ирдэг байсан. Би тэрнийг нь эхэн үедээ ойшоодоггүй, их ойлгодог байлаа. Амьдарч эхэлсэнэс хойш 5-н жилийн дараанаас нөгөө архитай чинь тэмцэж эхэлсэндээ. Архи уулгахгүй гэж их үздэг байлаа. Тэр үед Улаангом руу Цагааннуурын дамжлага баазаас бензин, ачаа тээвэр их зөөдөг манай сумаар машин тэрэг их дайрч өнгөрдөг байлаа. Тэр үед чинь бид 2 залуу гэр бүл болохоор хүмүүс ч их орж гардаг найзууд их ирдэг байсан. Сүүлийн үед би найзуудыг нь үзэж чадахаа больж эхэлсэн найзууд нь надаас нуугдаж манай нөхрийг дагуулж хөдөө хээр гарч архи их уудаг байсан. Тэгээд бүр сүүлдээ хүүхдүүд нь хөөрхөн сургуульд ороод л нөхрийн маань архи уух нь нилээн даамжраад байх болсон. Архи уулгахгүй гэж би араас нь их хөөцөлддөг байсан. Нөхөр маань жолооч хүн байсан болохоор хөдөө явж айл их нүүлгэдэг байсан. Хөдөөний айлууд тэр үед нэрмэл архи нэрдэг байсан түүнийгээ нөхөрт маань баярласнаа илэрхийлж өгдөг байсан нь архи уух үндэслэл нь болдог байсан. Дараа нь бид хоёр хамт амьдраад 15,16 жил болсоны хойно архи нь бүр даамжраад би нэг архины эмчилгээнд явуулахаар боллоо. Тэр нь зүгээр байж байгаад явуулсан хэрэг биш л дээ. Архи уучихаад машин тэрэгтэй явж байгаад машин тэргээ унагаад л байдаг байсан. Манай хадам аав ээж бид 3 архи уулгахгүй гэж их тэмцдэг байсан. Тэр архи уух гэдэг би архи уулгахгүй гэдэг байсан болохоор түүнээс үүдэж гэр бүлд таагүй уур амьсгал бүрдэж эхэлсэн. Нэг удаа архи уухлаар нь шөнө намын үүрийн даргыг дуудаад ийм байдалтай байна гэж харуулсан. Гэтэл маргааш нь нөхөр бид 2-ыг болон манай аав, ээж бол очоогүй дээ, хадам аав ээж 2-ыг намын хороон дээр дуудагдаж намын үүрийн товчоогоор орлоо. Тэр намын үүрийн товчооны хурал дээр сумын дарга, сумын намын үүрийн дарга, намын үүрийн гишүүд гээд 15, 16 хүн суучихсан байсан. Тэгэхэд манайх 4-н хүүхэдтэй байсан, 5 дахь нь гэдсэнд байсан юм байна. Намын үүрийн дарга манай нөхрийг чи яахлаараа архи уугаад байдаг юм бэ. Чи эрүүл байхдаа их сайхан зантай, сайн хүн яагаад ингээд байдаг юм гэж асуугаад л энэ нөхрийг архины эмчилгээнд явуулъя, чи юу гэж бодож байна вэ, чамд шинэ машин өгч бриуллаа, нэмэр болсонгүй ийм сайхан ханьтай байж яах гэж архи уудаг юм бэ та хоёр нэгнийгээ харддаг юмуу гэж асуулаа. Бид хоёр ч нэг нэгнийгээ харддаггүй л гэж хэллээ. Тэгээд хуралдсаны эцэст нөхөр гарч архи ууна гэдэг би гаргахгүй архи уулгахгүй гэдэг түүнээс нь болоод хэрүүл маргаан үүсдэг болох нь тогтоогдсон. Хэрвээ архины эмчилгээнд нөхрөө явуулъя гэвэл намайг өөрөө өргөдөл бичиж өг гэж хэлсэн. Тэгээд л би өргөдөл бичиж өгч маргааш нь намын үүрийн дарга өөрийн биеээр аймгийн төв рүү архины эмчилгээнд авч явсан даа. Аймагт очоод наркологын эмчилгээ хийдэг газарт өгөх гэсэн чинь тэр үед Буяндэлгэр гэж айхавтар эмч байж таараад

Хишигсүрэн -

энэ хүнийг яах гэж архины эмчилгээнд явуулах гэж байгаа юм гэтэл намын дарга өөдөөсөө зад загнуулаад л

Алгаа -

чи ер нь ямар хачин хүн бэ иймэрхүү цадчихсан юмнуудыг авч явж байх ямар шаардлагатай юм бэ, ядарсан муу ядуу хүмүүс эмчилгээний мөнгийг зарцуулъя гэсэн байгаа юм. Манай намын дарга надад их сайн би ч элдэв ажилд нь их тусалдаг байсан болохоор манай амьдралд ч нэмэр болохыг хүсдэг байсан. Тийм болохоороо гуйсаар байж байгаад тэнд хэвтүүлчихээд ирсэн байгаа юм. Тэр эмчилгээнд орлоо гэсэн чинь архины талын эмчилгээ хийж спираль тавиулаагүй, дан ганц сэтгэл заслын эмчилгээ хийсэн байсан. Нэг эм уулгаад л сэтгэцийн юмтай хүмүүс л хэвтдэг байсан юм л байна л даа. Сэтгэцийн өвчин чинь бас архитай их холбоотой байдаг юм байна. Тэгээд л тэнд ажиллаж байгаа эмч сувилагч нар нь Жаамаа ахаа та яагаад архи уугаад байдаг юм бэ, та чинь сайхан зантай л хүн байна шүү дээ. Архи уухлаараа яг яагаад байдаг юм бэ гэдэг байсан гэсэн. Аан энэ үед 5-н хүүхэд гарчихсан байсан байна. 6 дахь нь гэдсэнд байсан байна. Том хоёр хүү нь сургуулийн 1, 2-р анги байсан байна. Хүүхдүүд маань гарын таван хуруу зурж байгаад л хуруу бүр дээр нэрээ бичээд л аавдаа захиа бичиж, би өвчүү, шинэ сэргэг мах явуулдаг байсан. Тэгэхлээр л тэр эмнэлгийнх нь ажилчид,

Хишигсүрэн -

танай гэрийнхэн ийм их халамжтай, сайхан олон хүүхэдтэй байхад та яагаад архи уудаг юм бэ гэж асуудаг байсан гэсэн.

Алгаа -

Тэгэхлээр нь манай нөхөр – үгүй ээ ах нь архи уучихлаараа жаахан паагталчихдаг байхгүй юу даа гэж хэлдэг байсан гэсэн.

Тэгээд л архины эмчилгээндээ дөчин хэд хоноод ирсэн. Тэр үед нь би хүүхэд гаргах гэж байсан. Тэр эмнэлгийн эмч нар таньд ямар ч архины эмчилгээ хийх шаардлага байхгүй юм байна гээд баахан тайвшруулах эмчилгээ хийж, глюкоз зэрэг тарианууд хийсэн байсан. Тэгээд л 8-н жил архи уугаагүй. Морь мал ч уядаг болсон байсан. Гэтэл нэг айлын найранд очсон чинь л хүмүүс одоо наад хүн чинь архи уусан ч яадаг юм бэ, нас тогтчихсон юм чинь архи уулаа гээд юу ч болохгүй гээд архи уулгасан. Түүнээс хойш 4-5 жил, ялангуяа сүүлийн 2-3 жил аймаар их архи уудаг болсон байсан. Нэг орой хүүхдүүд нь гэртээ унтчихсан ор дэрийг нь засчихсан, гэр сайхан халуу дүүгээд л би айлынхаа авгайтай хурал цуглааны талаар ярьж байсан юм. Тэгээд л тэр орой нөхөр маань нэг айлд орж халамцуу явж байгаад машины аваарт орж өөд болсон. Одоо би архийг үзэн яддаг. Архи бол ямар ч сайн сайхан ажил амьдралтай хүмүүсийг яаж ч өөрчилж оюун ухааныг нь сонин болгодог. Архи бол хүний зан авирыг их өөр болгодог. Тийм учраас би архийг үзэж чаддаггүй. Том хүү цэргээс ирээд 20-н настай, дараачийн хүү оюутан, дараачийн хүү 10-р ангид байхад хүүхдүүдийн маань аав өнгөрсөн. Тэгэхэд бага хүүхэд 6-н настай, тэрний дээд талын хүүхэд 8-н настай нэгдүгээр ангид сурдаг “үсэглэлийнхээ баяр”-ыг хийх гээд бэлдэж байсан юм. Ааав нь архи уудаг байсан айлын хүүхдүүд архи уудаг юм байна. Уг нь том хүү маань цэргээс ирээд, дараагийнх нь оюутан сургуульд явах гээд байж байхад аав нь айл нүүлгэж яваад архи уучихаад осолдож нас барсан байсан. Тэгээд тэр нөхцөлд архичин аавтай байсан, архинаас болоод аваарт орж нас барсан гээд хүүхдүүд маань архи уумааргүй л юм. Гэтэл заримдаа архи уух юм. Ялангуяа манай 2 том хүү бол архи уудаг. Тэгэхлээр архи уудаг хүмүүсийн хүүхэд архи уумааргүй л юм. Миний аав архи ууж яваад амь насаа алдсан шүү гэж хатуу бодоод архи уухгүй баймаар юм. Тэрний алдаа нь гэдэг юмуу, сөрөг тал нь юу байдаг юм гэж бодохоор би ойлгодоггүй юм.

Хишигсүрэн -

Таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байна аа?

Алгаа -

Миний амьдралд хамгийн оргил үе бол хань ижилтэйгээ 8-н үр хүүхэдтэйгээ амьдарч байсан тэр цаг үе юм. Нөгөө талаар эвлэл, пионерын ажил хийж залуу сайхан насандаа ажил хийсэн шиг хийж, тэрнийхээ үр шимийг хүртэж байсан тэр сайхан үеүүд юм. 1997 онд хүүхдүүдийн аав нь 1 сарын 5-нд яг өвлийн хүйтнээр нас бараад тэгээд би яалт ч үгүй 8-н хүүхэдтэй үлдсэн. Хадам аав, ээж нас бараад 1 жил болж байсан. Хадам аав ээж маань нэг ижлийн дотор хоёулаа өнгөрсөн юм шүү дээ. Би тийм амьдралын их хүнд хатуу цохилтонд ороод хамгийн сүүлд хань ижлээсээ салаад маш хүнд байдалд хоцорсон. Амьдрал ямар ч учир утгагүй болоод ёстой л нэг “уснаас гаргаад хаячихсан загас” шиг тийм байдалтай болж байгаа байхгүй юу. Тийм байдалтай ажил хөдөлмөр хийнэ гэхэд хэцүү байсан. Тэр цаг үед хамт олон дотроо орж ажиллахад надад МАХН-ын удирдлагууд их дэмжлэг үзүүлсэн юм. Намайг тэр хүнд хэцүү амьдралаас гарч хамт олонтойгоо байхад яагаад тусалсан бэ гэхлээр 1999 онд анх намын анхан шатны байгууллагын удирдах ажилтнуудын улсын зөвөлгөөн гэж Улаанбаатар хотод болсон юм. Тэр үед би суманд МАХН-ын даргаар ажиллаж байсан. Би тэр ажлыг 1997 оноос эхэлж хийсэн байсан. Тэгээд 1999 онд тэр хуралд Увс аймгаас машинаар цуваа ирж, бид нар зөвөлгөөнд оролцож байлаа. Тэгэхэд тэр хүмүүс – “чи ингэж болохгүй”, “өшөө их ажиллах ёстой”, “үр хүүхдээ өсгөж өндийлгөх ёстой” гэж хэлж байсан. Тэгээд намын хурал зөвөлгөөнд ороод олон газрын хаа хамаагүй хүмүүсийн дунд орсон явдал бол намайг нийгэм дотроо орж ирж хүчтэй ажиллахад анх тэр намын хурал түлхэц болсон юм. Тэр хурлаас би цаашдаа хамт олон дотроо орж, төрийн ажилдаа улам илүү шамдаж, нэгэнт хүний өнгөрсөн амьдрал буцаж ирдэггүй болохоор цаашид хэдэн хүүхдээ бодож амьдрахын тулд өшөө хэдэн ижил бие хаа эрүүл байж ажиллах ёстой гэж ойлгож авсан. Тэр намынхаа гавъяагаар орон нутагт хурлын дарга, тамгын газрын дарга хийж тэр чинээгээрээ өөрийгөө мэргэшүүлэх, курс дамжаанд сууж, удирдлагын академид суралцаж өчнөөн юм сонсож, боловсруулж өөрийгөө төрийн ажилд мэргэшүүлсэн юм. Энэ бүхэн бол намайг тэр хэцүү байдлаасаа гарахад тусалсан юм. Ханиасаа, хайртай олон хүнээсээ хагацсан тэр хэцүү цаг үе бол хэзээ ч мартагдаггүй юм. Дараа нь миний өдий хүртэл ажиллаж байгаа тэр ажил амьдрал бол миний хүнд хэцүү цаг мөчөөс гаргасан ажил, амьдрал гэж боддог юм. Тэр утгаараа өнөөдөр би Улаанбаатар хотод орж ирэхэд бол, бүхэл бүтэн 50-н хэдэн жил нэг газар, нэг сум орон нутагт сууршиж хэвшсэн, аав ээжээс өвлөгдөж ирсэн тэр газар нутгаас гарч 2000 км явах бол надад хэцүү л байсан. Хэдэн хүүхдүүдээ аав ээжээс өвлүүлж өгсөн мал хөрөнгө, өөрийнхөө ажил хөдөлмөрийнхөө дэмээр сургалаа. Сүүлчийн хүүхдээ яах вэ гэж бодоод нийгмээ дагаад олноо бараадаад арай дээр газар очсон нь дээр байх гэж бодож энэ хотод орж ирсэн. Бас энэ намынхаа нөхдийн дэмжлэгтэйгээр одоо нэг дүүргийн тамгын газарт ажиллаж байна. Энэ бол бас л энэ намын минь ач буян. Гэхдээ сүүлийн үед ингээд бодохлоор сүүлийн үед олон намын тогтолцоо, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрдөг болсон. Өглөө бүр би ажилдаа очихдоо цайгаа чанаад цайныхаа дээжийг бурхан тэнгэртээ, төрийн сүлдэндээ дандаа өргөж залбирч явдаг. Төрийн сүлдэндээ залбирахдаа миний хэдэн хүүхдийн амьдрал, миний амьдрал сайн сайхан байгаасай бурхан тэнгэрт ч мөн адил ингэж бодож цайныхаа дээжийг өргөдөг. Тэгээд би нэг намын үзэл суртлыг дагасан ч гэсэн олонхийн төлөө гэсэн сэтгэлтэй явдаг болоод ч тэр юмуу би хэрвээ нэг ажил бүтээе гээд л нэг юм бодоод л дараачийн долоо хоногт юмуу, нэгдэх өдрийн өглөө ийм юм хийх ёстой гээд гарах юм бол хувийн ч бай албаных ч бай миний ажил дандаа бүтдэг юм. Тэр нь яагаад тэгж байна вэ гэхлээр олонхийн төлөө гэсэн миний сэтгэлийг бурхан тэнгэрийн өгсөн аз завшаан, түүний даалгавараар би явж байна гэж боддог учраас миний ажил байнга бүтдэг гэж боддог.

Хишигсүрэн -

Та яг өөрийгөө шашин шүтдэг, бурхан шүтдэг хүн гэж хэлж байна л даа, та яаж тэр шүтлэгээ илэрхийлж байна, тэр бурхантай яаж харилцаж таньд хэрхэн дүрслэгдэж байдаг вэ?

Алгаа -

Манай аав дээр үед лам байж, хийдэд сууж байсан. Тэр үеийн Гаадан ламтай багш шавийн холбоотой болж байсан болохоор бид нарыг бага байхад амандаа хэдэн маань хэлдэг байсан. Манай эгч, дүү нар тэр аавын хэлж байсан таринаас хэлдэг би бол мэддэггүй. Би өөрөө их авч үзээгүй юм шиг байгаа юм. Ээж маань Төгсбуянтын хийдэд очдог байсан байх. Биднийг бага байхад ээж юу гэж захьдаг байсан бэ гэхлээр та нар орой үдэш явах юмуу, ганцаараа явж байгаад айж цочсон үедээ ум мани бад мэ хум гэдэг маанийг хэлчихээд явж бай. Ум мани бад мэ хум гэдэг таринийг хэлчихсэн байхад муу юм та нарт халддаггүй юм гэж хэлдэг байсан. Шөнө унтаж байгаад хар дарж зүүдлэх юм бол, эсвэл хажууд унтаж байгаа дүү нар нь уйлагнах юм бол Ум дарь дудари суухай гэж хэлээд цээжрүү нь 3-н удаа үлээчихэж бай гэж хэлж байсан. Тэрнийг одоо би ч гэсэн ээжийн захисан зүйлүүдийг хэлээд явж байдаг. Би яаж шүтдэг вэ гэхлээр манай хүүхдүүд христийн сүм хийдээр явж байна. Намайг тэр сүмд “ээж очооч” гэдэг. Би тэр сүмд нь очиж номлол энэ тэрд нь сууж үзсэн. Тэгээд яадаг вэ гэхлээр надад ламд очихгүй байна гэж ерөөсөө байдаггүй. Би ламыг хэзээнээс эхлэж шүтсэн бэ гэхлээр хань ижлээсээ салсанаас хойш шүтдэг болсон. Түрүүнд нь үзэл сурталтай үед лам мам бол надад ямар ч хамаагүй, лам шүтэх шаардлага ч байхгүй байсан. Хүн муу юм үзээд эхлэхээрээ юмуу, амьдрал бүтэлгүйтээд ирэхлээр ч юмуу айж цочоод ирэхлээр ламд очдог болдог. Би яагаад ламд очих болсон юм бэ гэхлээр манай талийгаач өнгөрсөний дараа, тийм аймшигтай өнгөрсөн болоод ч тэр юмуу шөнө унтахаар зүүдэнд орж ирээд. Бүтэн 2-3 сар зүүдлээд унтаж чаддаггүй. Тэгэхлээр нь ламд үзүүлсэн чинь тэр хүний сүнс танай гэр орноос гарахгүй байна тийм учраас олон ном уншуул гэсэн. Тэгэхлээр нь би номуудыг нь уншуулсан. Зарим номыг нь агт морьны дайтай унщдаг гэж хэлсэн.

Хишигсүрэн -

Өргөл барьц гэсэн үг үү?

Алгаа -

Тиймээ өргөл барьцанд өгч байгаа юм.

Хишигсүрэн -

Тэрнийг ямар лам уншсан бэ?

Алгаа -

Тэрнийг Ховд сумын Бүүвэй гэж лам уншиж байсан. Тэр лам ирээд тэгж хэлэхээр нь талийгаачын дүүд Бүүвэй ламд өгөх морины зүсийг хэлж, өгөөрэй гэж хэлсэн. Манайх адуу малтай айл байсан юм. Тэгээд Бүүвэй ламд чамд тэр адуу малыг чинь өгье чи тэр асуудлыг л янзлаж өгөөрэй гэж хэлсэн. Тэр лам юу гэж хэлсэн бэ гэхлээр дараа нь “танай эрэгтэй хүүхдүүдийн чинь амь насанд аюултай айхавтар ч юм болж мэдэхээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад л муу юм битгий үзүүл” гэж хэлээд барьцыг ёинь өгье гэж хэлээд тэр хүнээр ном уншуулсан. Тэгээд нэг мэдсэн чинь нөгөө зүүд алга болсон байсан. Тийм болохоор түүнээс хойш ламыг тархи толгойноосоо, бие сэтгэлээрээ жинхэнээр нь шүтдэг болсон. Яагаад вэ гэхлээр нэгдүгээрт нөгөө зүүд алга болсон, хоёрдугаарт надад дахиж ийм муу муухай зүйл битгий үзүүлээсэй, миний хэдэн хүүхэд сайн сайхан амьдралтай байгаасай гэсэн зүйлийг сэтгэлдээ тээж явдаг учраас лам хэрэгтэй юм байна, ном хэрэгтэй юм байна гэж боддог болсон. Ламын уншсан ном бол үнэхээр тусгалаа олдог юм байна гэж бодож шүтдэг. Гэтэл би нутаг орондоо 50-н жил амьдраад, би бараг 50-н насандаа Улаанбаатар хотод орж ирсэн байх шүү. Би 50 нас хүртлээ тийм сэтгэлзүйтэй байж байгаад Улаанбаатар хотод орж ирсэнээсээ хойш Төрийнхөө сүлд, бурхан тэнгэр, Улаанбаатарын 4-н уулын “савдаг”-т залбирдаг болсон. Тэр нь яагаад тэгсэн бэ гэхлээр 50 жил амьдарч идээшиж дассан нутаг орноосоо хүн нүүгээд ... нэг ёсондоо Монголын нутаг дэвсгэрт байгаа ч гэсэн “хүний нутагт байхад хүйтэн ч” юм шиг сангадана гэдэг шиг тийм байдалд ороод ирсэн болохоор “төрийн сүлд”, “бурхан тэнгэр” 4-н уулын савдагт залбирах болсон. Аливаа нэг шашныг ч юмуу ямар нэг зүйлийг бие сэтгэлээсээ шүтнэ гэдэг чинь хүн өөрийн оюун ухаанаараа өөрийгөө удирдаж хийдэг юм, зүйл юм байна гэдгийг ойлгож байгаа.

Хишигсүрэн -

Сая та хэлээд өнгөрлөө. Манай хүүхдүүд Христийн сүмд явдаг гэсэн үү, Та хүүхдүүдийнхээ өөр сүмд явдаг байдалд яаж ханддаг бэ? Тэд нар яагаад христийн шашинд орох болсон бэ?

Алгаа -

Би анх христийн шашныг нууц захиа ирдэг, ном сэтгүүл тараахаар нь наадхаасаа хол байгаарай. Магадгүй та нарын амь насанд чинь ч аюултай байдал бий болдог юм байна гэсэн ойлголттой байсан. Манай нэг хүү Батлан хамгаалах сургуульд цэргийн мэргэжилтэй нэг хүү Солонгос улсад яваад 2 жил болохдоо эхний 1 жилд яваад л Солонгос чинь ерөөсөө христийн шашин шүтдэг юм билээ. Тэр утгаараа Монголоос очиж байгаа бүх хүмүүс сүмээр явдаг юм байна л даа. Уг нь тэр цэргийн мэргэжилтэй цэрэгжсэн хүүхэд байхгүй юу. 22 настай явсан. Тэнд очоод нэг жил болсныхоо дараа энд байгаа дүү нараа та нар бүгд яваарай би сүмд явдаг гэж хэлсэн байсан. Солонгосчууд ирээд, семинар зөвөлгөөн болохоор миний утас хаягыг хэлж өгөөд манай ээжийг сүмийн хурал цуглаанд заавал оролцуулж авраарай гэж хэлж явуулсан байсан. Тэр Солонгосчууд нь манай гэрээр хүртэл ирсэн. Танай хүүхэд чинь тэгж хэлсэн гээд ирэхлээр нь мөн хүүхдүүд минь сайн сайхан явж байгаа болохоор зарим үед хурал цуглаан, номлолд нь суунаа. Тэгээд ингээж явж байсан чинь та нар аврагдана гэж хэлсэн. Тэр сүмд нь хоол унднаас нь ч идэлцээд нилээд явсан. Тэгсэн чинь миний бие хаа өвдөөд эхэлсэн. Тэгсэн чинь манай нэг эгч Дуламсүрэн, чи хоёр сүмийн хооронд яваад байгаа болохоор хоорондоо харшилдаг байлгүй яав гэж. Чи Христос гэсэн юмаа боль гэсэн. Тэгээд байж байтал манай 11-р ангид сурдаг хүү ах нь тэгж хэлсэн болохоор сүмд яваад, бүр бишрэн шүтчихлээ. Дараа нь нөгөө 11-р ангид сурдаг хүүгийн ах нь чи Монголын сургуульд битгий ав Монгол Солонгосын хамтарсан юмуу, Монгол Японы хамтарсан сургуулийг сонго гэж хэлсэн. Тэгэхлээр нь тэр хүү маань Улаанбаатар дээд сургуулийн Солонгос хэлний ангид орсон. Улаанбаатар дээд сургуулийн Солонгос хэлний анги чинь тэр аяаараа библи судалдаг юм билээ. Угаасаа христосийн сүмд явдаг юм билээ. Манай хүүхдүүд тэр утгаараа сүмд орчихсон. Саяхан манай Солонгос явсан хүү 2 жил болоод ирсэн. Тэгээд ээж та яагаад сүмд явахгүй байгаа юм бэ гээд байгаа. Тэр хүүхэд сүмдээ бүр итгэчихсэн, аврагдчихсан юм байна. Тэгээд угаасаа намайг яв гээд байгаа. Тэгэхлээр нь би ээж нь явж чадахгүй ээ. Миний аав лам хүн байсан би тэр ламд очихгүйгээр байж чадахгүй. 50-н хэдэн жил за больё 30-н хэдэн жил ламаар явчихсан болохоор ламд очихгүй байж би чадахгүй, та нар бол яахав орчин цагт бол яахав, итгэдэгэрээ тэр сүмдээ яв ээж нь танай сүмд явж чадахгүй, би ламаараа дуусъя гэж хэлсэн.

Хишигсүрэн -

Тэр сүмд явсанаар хүүхдүүдэд тань ямар өөрчлөлт гарч байна?

Алгаа -

Би сүмд явахыг хориглохгүй байгаа. Яагаад гэхлээр манай тэр хүүхэд цэргийн мэргэжилтэй болохоор ер нь түргэн хөдөлгөөнтэй, юм юманд орчих гэсэн юманд их өртөмтгий хүүхэд байсан. Магадгүй, найз нөхөдтэйгээ дарвих ч хандлагатай байсан. Тэгээд намайг тэр эрэгтэй дүүг нь 10-р ангид байхад нь сүмд явуул, яагаад та дүүг явуулдаггүй юм гэж байсан. Тэгэхэд тэр хүү маань хагас бүтэн сайн өдөр надад их тусалдаг байсан юм. Гэтэл тэр сүм нь хагас бүтэн сайн өдөр “цугларалт”-аа хийдэг байсан юм л даа. Тийм болохоор би дүүг чинь сүмд явуулж чадахгүй ээ гэж хэлсэн. Гэтэл хүү, дүүг та заавал сүмд явуул битгий сүмийг нь таслуул гэж хэлсэн. Тэгээд ч өсвөр насны хүүхэд тэнд явбал их сайн. Санаа сэтгэл сайхан болж, дотор ариусдаг юм гэж хэлсэн. Угаасаа манай тэр хүүхэд хөөрхөн төлөвшилттэй хүү байсан. Одоо бүр их хөөрхөн төлөвшсөн. Солонгосоос хүүгээ ирэхлээр нь энд байгаа найз нөхөдтэйгээ нийлж дарвиад алга болчих болов уу гэж айж байсан. Бас ажил төрөл олдох ч болов уу үгүй болов уу гэж бодож байсан. Тэгсэн чинь христост явсан хүүхэд өөр болчихдог юм байна. Өөрийгөө захирч чаддаг болдог юм байна. Тэгээд өөрөө хэлж байна лээ л дээ. Бид нар хрситосийн сүмд яваад эхэлчихээр чинь найз нөхөд дуудахаар сагсагнаж гүйхгүй ч юмуу, асар их тэвчээртэй болчихдог. Хүн өөрийгөө захирч чаддаг болдог байхгүй юу гэж хэлсэн. Үнэхээр тэр утгаар нь аваад үзвэл зөв ч юм шиг. Гэхдээ надад ээжээ энэ олон сүмээр гэгээрчихсэн хүмүүс олон байна. Эд бүгд чинь эцсийн эцэст цөмөөрөө очоод нэг л зүйл дээр тогтодог байхгүй юу бурхан байна гэдэгт цөмөөрөө итгэж байгаа. Гэтэл би өнөөдөр ажил хийлээ, сүмээр очоод л байсан чинь сүмд ажилд ороод явж байна гэсэн. Ээжээ би одоо бол ингээд л бурханы зааж өгсөн замаар л явна бурхан намайг удирдаж байгаа би тэрнүүгээр нь л явна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би манай шашинд ч гэсэн бурхан тэнгэр гэдэг зүйл байдаг, хүний хувь тавилан гэж байна тэрүүгээрээ явж байгаа гэж хэлдэг. Заримдаа би бага хүүтэй яриад өөр өөрийн үзэл бодолтой, өөр өөрийн шашин шүтлэгтэй байсан ч гэсэн эцэстээ нэг цэг дээр очоод ч байгаа юм шиг, тийм үү үгүй юу?

Хишигсүрэн -

Яг таны амьдрал бусад хүмүүсээсийнхээс онцгой амьдрал мөн үү эсвэл байдаг л нэг амьдрал юмуу. Та ер нь надад онцгой юм байгаа гэж боддог уу?

Алгаа -

Онцгой зүйл байхгүй, бусад хүмүүс шиг л амьдарч байна гэж боддог. Тэгэхдээ одоо өөрийгөө ингээд бодохлоор зарим манай ах дүү намайг тэгж хэлж байна гэхлээр гомддог байсан. “Энэ Алгаа ямар сэтгэлийн тэвчээртэй хүн бэ, өдий зэрэгтэй яваад байдаг, олон өнчин хүүхдээ ингэж авч яваад байдаг, өөрөө олуулаа гэсэн ч ах дүү нар чинь туурга тусгаар болохоор туурга тусгаар л байдаг. Тэгээд ямар их сэтгэлийн тэвчээртэй хүн бэ” гэхлээр би “ёстой намайг тэгж хэлээд байхдаа яахав” дээ гэж гомддог байсан. Одоо ингээд бодохоор би эмэгтэй хүн гэхэд их сэтгэлийн тэнхээтэй хүн юм шиг байна лээ. Тэр их сэтгэлийн тэнхээ минь магадгүй намайг өнөөдөр өдий зэрэгтэй явахад нөлөөлсөн байх. Мөн тууштай, шийдвэр гаргаж чаддаг маань хэдэн хүүхдийг минь өдий зэрэгтэй явахад нөлөөлсөн болов уу гэж боддог. Хэрвээ сэтгэлийн тэнхээ муутай сэтгэлийн тэвчээр муутай байсан бол би магадгүй сөхрөөд өгчихсөн миний хэдэн хүүхдүүд юу ч болох байсан юм болдоо гэж боддог. Тэгээд ч угаасаа миний хувь тавилан бурханы заасан замаар л явж байгаа байхдаа.

Хишигсүрэн -

Өнөөдрийнхөө яриаг ингээд дуусгая, дараа хоёулаа өнөөдөр ярьсан яриагаа эргэж харж байгаад нэмээд тодруулаад яримаар юм байвал яринаа. Баярлалаа!

тайлбар: ярилцлага өгөгч диктофон унтраасны дараа эргээд нэг зүйл нэмээд хэлье хөгжилтэй гээд дараах яриаг бичүүллээ:

Хишигсүрэн -

Та соёлын довтолгооны талаар юм ярих байсныгаа мартсан байна гэж байнаа, одоо тэрнийгээ ярих уу?

Алгаа -

Соёлын довтолгоо явагдаж байна гээд л бид нарыг бага ангид байхад л даа. Манай аав чинь худалдаа наймаа хийдэг хүн байсан юм чинь /Ярилцагч инээв/ нааш цааш яваад л ээж л ганцаараа нэгдлийн их малыг холбож саадаг байсан юм. Бид нар тэгэхэд жаахан хүүхдүүд байсан, хонио саалцчихаад л гэрийнхээ цаахан байдаг “Хэвийн ширэг” гэдэг урсгал усанд орж тоглодог байсан. “Соёлын довтолгоо” ирж байна гээд л баахан хүмүүс ирдэг. Хүмүүсээс бичиг үсэг, гэр орны ариун цэвэр шалгана гээд л бөөн юм болдог байлаа. Тэр үеийн хүмүүс хөнжилд цагаан даавуу хийдэггүй, хөнжлийн даавуу гэдгийг мэддэггүй байсан үе, хөнжлийн даавуутай болгож байгаа үе л дээ. Тэр үед тогоог арчихдаа тогооны алчуураар арчдаггүй адууны сүүл юмуу, үхрийн сүүлийг хяргаж байгаад тогоогоо шүргэчихээр /арчихлаар/ тогоо аягүй гоё гялгар болдог байхгүй юу даа /Ярилцагч инээв/. Тэгээд “соёлын довтолгоо” ирлээ гэхлээрээ айл гэрт орж ирээд л зарим хүүхдийнх нь хувцас хунарыг тайлж үздэг юм байна л даа. Хүүхдийнх нь ариун цэврийг үзэж байгаа хэрэг л дээ. Тогоо арчдаг алчуур чинь хаана байна гээд л шалгадаг байсан. Тэдэнд үзүүлэх бүх юмыг нь баг бригадын дарга нар бүгдийг нь бэлтгүүлчихдэг байсан. Айлуудад хөнжлийнх нь цагаан даавууг хийлгээд л. Хөдөөний малчин айлуудын хүүхэд байсан болохоор “шалгалт ирж байна” гэхлээр л усруу цөмөөрөө гүйгээд алга болдог байсан /Ярилцагч инээв/. Тэгээд л усанд ордог, тэр ус маань их сайхан урсгал устай гол л доо. Манай дүү нар гээд зальтай зальтай юмнууд, довны наагуур цаагуур тонголзоод л “шалгалт өнгөрсөн үү” гэээд л хашгирч байсан гэсэн. Гэртээ яагаад байдаггүй юм бэ гэсэн чинь гэрт байхаар аягүй бол шалгана , шалгахаар ариун цэвэр муу гарна гэж л тэгдэг байсан гэсэн. Тэгж “соёлын довтолгоо”-ны шалгалтыг өнгөрөөж байсан. Тогооны шүргүүл гэж байсан. Манай “тогооны шүргүүл” гэж ярьж байсан адуу, үхрийн сүүлээр тогоо шүргэдэг байсан. Манай ээжид нэг тийм юм байсан чинь шалгалт ирэнгүүт тэрнийгээ маш хурдан нуудаг байсан. Тэгэхгүй бол тийм юмаар шүргэчих юм бол соёлын довтолгоо аюултай, тийм болохоор нуудаг байсан. Соёлын довтолгооны талаар тэрнийг л мэднэ дээ. Дотуур байранд байснаа бол мэдэх юм байна /Ярилцагч инээв/.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.