Dashzeveg


Basic information
Interviewee ID: 990063
Name: Dashzeveg
Parent's name: Baajgar
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: jijuur
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
privatization
environment
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

military service
work - labor
family
industrialization
democracy
privatization
urbanization
nature and environment
funeral rituals
belief


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу?

Дашзэвэг -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Хоёулаа түрүүчийн нөгөө ярилцлагаа үргэлжлүүлье.

Дашзэвэг -

За.

Саранцэцэг -

Та Улаанбаатарт ирснийхээ дараа ямар ажил хийж байсан гэлээ?

Дашзэвэг -

Би Улаанбаатарт ирснийхээ дараа энэ 016-даа хүнс, хувцас 2-ын нярав хийж байсан.

Саранцэцэг -

Ажлынхаа тухай жаахан танилцуулахгүй юу, та? Ямар улсуудтай ажиллаж байв?

Дашзэвэг -

Тэнд одоо цэргийн газар.., дандаа цэргийн улсуудтай ажиллаж байсан. Цэргийн өнөө хүнс хувцас тавьж өгдөг. Тийм ажил хийж байлаа. Өнөө цэргүүдийн одоо гутал бээлий, одоо цагаан хэрэглэл энэ тэрийг нь тавьж өгнө. Аа тэгээд хоол тавина, 7 хоногт өдөр болгон цагаан хэрэглэл, мах, шөл юу л байдаг юм тэрийг нь тавьж өгдөг. Тийм ажил хийж байлаа.

Саранцэцэг -

Та цэргийн хүний эхнэр байсан болохоор цэргийн хүний амьдралыг сайн мэдэх байхаа, одоо нөхрөө дагаад энд тэнд очиж, явж ажилладаг байсан байна, тиймээ? Тэр талаараа та жаахан ярьж өгөхгүй юу?

Дашзэвэг -

Цэргийн одоо би тэр цэргийн газар халуун усны эрхлэгч хийж, 6 жил хийхдээ болбол цэргийг усанд оруулдаг, цэргийг чинь 7 хоногийн өглөө 2 удаа усанд оруулдаг, цагаан хэрэглэлийг нь солино, цагаан хэрэглэл солихдоо болбол одоо хөлийн ороолтоос эхлүүлээд цамц дотуур хувцастайгаа солино, тэгээд өнөө гадна талын гител мител одоо юу л байдаг юм, бүгдийг нь сольж өгнө ерөөсөө. 7 хоног болгон тэр нь тогтмол сольж, тэгээд хүнсээр хангана, ерөөсөө иддэг уудаг юу байдаг юм, тэрийг нь тавьж өгдөг, 7 хоногт нэг удаа цагаан хоол ордог, цэргийн газар, орохдоо болбол нэг 10, 20 граммаар орохгүй л дээ, масло гэхэд болбол тавин хэдэн кг, мах болбол нэг хонины мах гэхэд гучин хэдэн ширхэг, үхрийн мах гэхэд чинь тавин хэдэн кг, нийлээд одоо бараг нэг 100-аад кг мах орно доо, нэг өдрийн хэрэгцээнд.

Саранцэцэг -

Тэр чинь одоо нэг цэргийн анги чинь хичнээн цэрэгтэй байх уу?

Дашзэвэг -

Цэргийн анги болбол 400-500 цэрэг, тэгж орно, 1000 гаруй цэрэгт болбол тэрнээс бараг дээр үеийн чинь масло чинь 110 кг-тэй 105 кг-тэй байсан, тэрийг чинь одоо 50 кг-ээр хуваахаар нэг 2 хуваагаад орчихож байгаа юм

Саранцэцэг -

90 оноос өмнө таны залуу байх үед ажил хөдөлмөр хийгээд явж байсан улсуудад цалин юм нь хоол хүнсэндээ хүрдэг байсан уу, одоо..,?

Дашзэвэг -

Хангалттай хүрдэг байсан. Хоолоо авна, хүүхдээ хувцаслана, одоо дуртай юмаа авна, тэгэхэд чинь би 450 төгрөгний нярав хүн чинь 450 төгрөгний цалинтай байсан. Түүгээрээ болбол одоо мах гэхэд чинь л 7.50 байлаа ш дээ, хамгийн өндөр үнэтэй мах чинь тэгээд 2, ямааны мах гэхэд л 2 төг хэдэн мөнгө байсан байхгүй юу, тэгэхэд чинь тэр 450 төгрөгт бол хангалттай л ерөөсөө иддэг уудгаан аваад л, хүүхдээ хоооллоод л, хангалттай хүрдэг л. Би одоо 167000 төгрөг аваад бол хаанаа ч хүрэхгүй байгаа ш дээ. Байрныхаа мөнгө төлнө, одоо гэрэл байр, ус цахилгаан гээд л, иддэг хоолныхоо мөнгө гээд л, энэ чинь бол ерөөсөө хаанаа ч хүрэхгүй, байгаа юм чинь.

Саранцэцэг -

Таны тэр ажил хөдөлмөр эрхлээд явж байх үед монгол айл чинь дунджаар хэдэн хүүхэдтэй байдаг байсан бэ?

Дашзэвэг -

Монгол айл бол дээд тал нь 15 хүүхэд, 10-15, хамгийн доод талын айл 4 хүүхэдтэй,

Саранцэцэг -

Тэгээд цалингаа аваад хүүхдээ..,?

Дашзэвэг -

Арван хэдэн хүүхдээ хооллоод, сургуульд нь явуулаад ингээд хүрдэг л байсан юм чинь. Ер нь бараг хөдөөний айл бол бараг 14,5- аас яахгүй, хотын төвийн айлууд ч гэсэн 8,9 хүүхэд, ер нь бараг 10-аад хүүхэдтэй айлууд байдаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр үед одоо ажил хөдөлмөр эрхлэхгүй, одоо гуйланчлаад гудамжинд амьдраад байдаг тийм, таны ярьж байгаагаар траншейд амьдардаг улсууд байдаг байсан уу?

Дашзэвэг -

Байдаггүй байсан. Тийм, траншейд ядуу амьдрал гэж ерөөсөө байгаагүй. Ер нь тэгш л амьдралтай байсан. Хүн болбол өөрөө ерөөсөө яаж ийгээд л хоолоо олж иддэг, цэвэрлэгчид нь цэвэрлэгчээ хийдэг, цэвэрлэгчийн цалин тэр үед чинь 160 төгрөг байсан юм. Тэгээд авгай нөхөр 2 чинь хоёулаа зэрэг ажиллаад тэгээд л хүүхдээ хооллоод л ундлаад л хувцаслаад л, одоо тэр байрныхаа мөнгө сөнгө өгөөд л, гэрлийнхээ мөнгө өгөөд л, ингээд л амьдраад л болдог л байсан ш дээ. Ерөөсөө тийм ядуу хоосон гэж ялгаагүй тэгш л эрхтэй л байсан, би боддог, 90 оноос урд бол. Одоо болбол нээрээ нэг 160000 цаасаар чинь за нэг 20 кг мах, авъя гэхэд л бараг л явчихаж байгаа байгаа 50,60 мянга нь явчихаж байгаа ш дээ. Тэгээд ерөөсөө гэрлийн мөнгө, ус, цахилгаан, ингэхэд болбол бараг л худалч хүнд хоолоо, хувцсаа авч өмсч чадахгүй л болчихож байгаа юм чинь ерөөсөө.

Саранцэцэг -

Хотод ямар ямар үйлдвэрүүд байдаг байсан бэ?

Дашзэвэг -

Энэ чинь хотод савхины үйлдвэр гэж байсан, арьс ширний үйлдвэр гэж байсан, оёдлын үйлдвэр гэж байсан, ноосны үйлдвэр гэж, ноос-ноолуурын үйлдвэр гэж, үйлдвэр байсан. Аа өшөө чинь.., ямар үйлдвэр..., архи пивоны үйлдвэр ер нь байгаагүй үйлдвэр гэж бараг байхгүй байсан, ер нь бүх төрлийн л гурилын үйлдвэр, ер нь бүх л Монголд ямар үйлдвэр байсан, тэр бүгд л байдаг байсан.

Саранцэцэг -

Монголчууд бол тэнд нь ажилладаг, гадаадын улсууд?

Дашзэвэг -

Өө ажилладаг. Тэгээд тэр чинь гадаад улсууд л одоо тэр эсгий гутал мутал, хромон гутал энэ л тэднүүсийн мэргэжилтэн гэж байна. Ерөөсөө л газар болгонд бараг Оросын мэргэжилтэн байдаг байлаа ш дээ. Ерөөсөө том том үйлдвэрт чинь тэгээд л сүүлийн үед чинь бас монгол өөрсдөө мэргэжилтэн болоод ажилладаг.

Саранцэцэг -

Аа тэр үйлдвэрүүдэд ажиллаж байгаа улсууд чинь мэргэжилтэй ажилчид байдаг юм уу, яг тэр мэргэжлээр нь сургаж төгсгөдөг тийм сургууль эднүүд байсан уу ?

Дашзэвэг -

Бараг байхгүй дээ. Тэр чинь тэр үйлдвэр чинь мэргэжилтэн гэж ер нь нийтийн ахуйн үйлчилгээ төгссөн, барилгын ТМС төгссөн, ийм тийм мэргэжлийн улсууд байна л даа, тэр оёдлын үйлдвэр төгсөөд энэ, оёдлын нийтийн ахуй үйлчилгээний энэ гутлын үйлдвэр энэ тэр төгссөн улсууд бол ажиллана, тэгээд туслах ажилчин гэдэг чинь бараг мэргэжилгүй л улсууд ажиллаж байсан юм чинь. Туслах ажилчин гэдэг чинь.Тийм мэргэжилгүй, тэрийг чинь дагалдан хийж ажиллуулж, дагалдан сургаж ажиллуулдаг байлаа ш дээ, тэднүүсийг чинь.

Саранцэцэг -

Аа хотод болбол ер нь аж үйлдвэржилт их ид өрнөж байсан гэж, энэ нь монголын ард түмэнд сайнаар нөлөөлж байсан гэж та хэлж чадах уу?

Дашзэвэг -

Тийм, ид өрнөж байсан, чадна, сайнаар нөлөөлж байсан, тэр үед чинь бол одоо ерөөсөө залуучууд чинь ажилгүй гэж байна, тэр үед чинь болбол ерөөсөө хүн болгон ажилтай, ажилтай байсан ш дээ. Нэг ажилгүй бараг ерөөсөө гэрт суудаг хүн ерөөсөө бараг ховор байсан дөө. Ерөөсөө хүн болгон л ямар ч байсан нэг дороо нэг албан байгууллагад хүрэлцэн ирэхэд чинь л .. За энэ нэг гутлын дагалдан хийлээ гэхэд чинь л тэр чинь нэг сар дагалдан хийлгэнэ, одоо гутлын чинь зулаг яаж оёх уу, гэдэг чинь сар дагалдан хийгээд л тэгээд л тэр хүн чинь ажилтай болчихож байгаа юм чинь. Нэг оёдол дээр очлоо гэхэд чинь л ..За одоо мэргэжилгүй байлаа гэхэд чинь л за чи хэр зэрэг юм оёдгийм шалгаад машин дээр суулгаад 1 сар юм уу, 21 хоног дагалдан хийлгээд шалгаад жинхэнэ ажилчнаар авдаг байсан ш дээ, тэр үед чинь. Тэгээд л ерөөсөө ажилчин энэ шиг одоо ажилгүй тийм улсууд ерөөсөө байгаагүй, тэгээд л бүх хүн ажилтай албатай, амьдралтай л байсандаг. Одоо тэгэхэд чинь Монголын бараг ихэнх хүн нь ажилгүй байгаа биз дээ. Голдуу залуучууд голдуу ажилгүй,

Саранцэцэг -

Монгол гэр бүлийн амьдрал таны туршлагаас харж байхад ер нь өөрчлөгдөж байгаа юм байна уу?

Дашзэвэг -

Аа бараг байхгүй байнаа. Гэхдээ л өөрчлөгдөж байна даа, айлууд бас нэг их ядуу гэж хэлж болохгүй ш дээ. Одоо болбол одоо улсууд чинь 2 давхар house хүн болгон л ер нь бараг л барьчихсан л байна ш дээ, ингээд л хаа явсан газар л тэгээд л ерөөсөө хөдөлмөр хийж чадаж л байвал тэр хүн амьдарч л чадаж байна ерөөсөө гэрт байгаа улсууд чинь хажуудаа шавар байшингаа бариад орчихож байна, хөдөлмөрлөж л чадаж л байвал тэр хүн одоо тариагаа тариад, ногоогоо хураагаад тэр хашаа байшин дотроо газраа хагалаад, тариагаа тариад одоо тариа ч худлаа л даа, ногоо могоо нөгөө хүнсний ногоо хүнснийхээ ногоо жимсээ тариад ургацныхаа ногоогоо иддэг, ногоогоо хураагаад авчихаж байгаа биз дээ. Энэ помидор хүртэл нөгөө юу хийгээд л айлууд чинь хашаандаа тариад л ургуулаад л, хүлэмж хийгээд л ургуулаад л авчихаж байна ш дээ. Тэгэхлээр чинь ер нь хүн өөрөө өөртөө л би хийж чадна, бүтээж чадна гэвэл ер нь хөдөлмөр гэдэг чинь арвин юм чинь, тэгээд л хийж л байгаа юм чинь. Залхуу л бол одоо юу ч хийж чадахгүй, тэгээд л хоосон л суухаас биш яахав, өлсөөд л сууж байхаас биш, одоо ямар ч аргагүй л болж байгаа биз дээ. Май гээд хүн аманд нь хоол авчраад хийхгүй нь мэдээж. Өө энэ ядарч байгаа юм байна, чи нэг удаа нэг 5,10 төгрөг өгнө, 2 дахь удаагаа тэр хүнд өгөхгүй, байгаа биз дээ, хүн өөрөө амьдралаа бодоод, өөрөө хийгээд идээд хүнээс юугаар дутсан юм, өөрөө ажил төрлөө хийгээд, амьдралаа зохиогоод явж чадахгүй болбол тэр хүний л хохь болж таарна ш дээ.

Саранцэцэг -

Төр засгаас ер нь гэр бүлийн амьдралыг дэмждэг гэж та боддог уу?

Дашзэвэг -

Дэмждэг. Дэмжиж байна гээд л одоо энэ их хурлын гишүүд мишүүд чинь дэмжиж байна. Зарим нь болбол ер нь зөв олж дэмждэггүй юм уу, гэж би боддог юм. Яагаад гэхдээр, бүр ядуу гэж байна тиймээ, ядуу улсуудад чинь одоо гэр өгч барьж байна гэж байхад болбол баяачуул нь голдуу авчихаж байгаа ш дээ. Тэрнээс цөөн тооны ядуу амьдралтай улсуудад гэр очиж байна. Тэгээд л худлаа хэлээд л өө хүүхдүүдээ сургуульд сургахад чинь болбол нэг нөхөр нь нас барсан ч юм уу, авгай нь нас барсан хагас өнчин, бүтэн өнчин гэж тэгш сургуульд авч байна гэж байгаам ш дээ. Тэгж өөрсдөөн томчуул голдуу, тэгэхэд чинь ядуу мань мэтийн хүүхдүүд одоо сургуульд ороход чинь бүх л бичиг баримт хороо хориноос тийм бичиг авчир, тэр тэр юуны бичиг, тэр цагдаагаас тийм бичиг авчир, тэгээд хороо хориноор цохуулаад, боловсролын хэлтсээр цохуулаад, тэгээд тэр банкинд бүр хүрч, ингэж өчнөөн шат дамжиж явж байж нэг арай гэж нэг хагас өнчин нэн ядуу улсууд тэгж л хүүхдээ сургууль төгсгөж, хоолны захад хүргэж, тэгээд төгсөөд гараад ерөөсөө өчнөөн мянган оюутан төгслөө бараг л ажилгүй л байгаа ш дээ. Энэ чинь ерөөсөө л ажил олдохгүй, бараг л ажилгүй л сайхан их сургууль төгссөн, улсууд л бий болчихсон.

Саранцэцэг -

Аа социализмын үед бол гэр бүлд чиглэсэн төрийн бодлого байдаг байсан уу?

Дашзэвэг -

Аа тэгэхэд болбол ер нь байдаг л байсан, ерөөсөө энэ айлын амьдрал ямархуу байна, энэ айлд ороод гарахад болбол тэр хүний чинь амьдрал аяндаа харагдаж байгаа ш дээ. Тэр айлын чинь амьдрал энэ одоо, тэгэхэд одоо болбол ер нь дорой амьдралтай айл бараг байгаагүй, ямар ч л байсан өөрийнхөө борлуулаад л, ямар ч байсан траншейд гараагүй хоолоо хийж иддэг нь идээд, хүүхдээ хувцасладаг нь хувцаслаад, ажлаа хийдэг нь хийгээд явж байгаа юм чинь, одоо бол тийм юм байхгүй, болчихоод байгаа биз дээ, гараад л..,

Саранцэцэг -

Олон хүүхэдтэй айлыг төрөөс ер нь дэмждэг байсан уу?

Дашзэвэг -

Олон хүүхэдтэй айлыг дэмждэггүй. Хүүхдийн мөнгө л гэж авдаг байсан. Олон хүүхэдтэй айл болбол 4 хүүхдээс дээш болбол хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонгийн мөнгө гэж авахдаа нэг л удаа авдаг байсан байх, тэр алдарт эхийн одонтой хамт нэг 100 цаас дагалдаж ирдэг байсан аа тэгээд 8,9,10-аад хүүхэдтэй хүн болбол хүүхдийн мөнгө гэж авдаг байсан, тэр үед чинь. Нэг хүүхэдтэй хүн авахгүй, одоо эхний хүүхэд 16 хүрээд л, мөнгөнөөс хасагддаг, бага нь 18 хүртэл нь мөнгө авдаг тийм л тусламж байсан. Өшөө тийм туслах өгөх ямар ч юм байгаагүй.

Саранцэцэг -

Одон шагнадаг байсан юм уу?

Дашзэвэг -

Алдарт эхийн I II одон гэж, олон хүүхэдтэй эхчүүдэд тийм одон шагнадаг байсан, I II зэргийн одон гэж.

Саранцэцэг -

Эрэгтэй эмэгтэй улсуудын харьцаа, гэр бүлийн харьцааны асуудал дээр та ер нь өөрчлөгдөж байна гэж боддог уу?

Дашзэвэг -

Маш их өөрчлөгдөж байнаа гэж үзэж байгаа ш дээ. Одоо гэр бүл сарнилт бол маш их болж байгаа биз дээ, үр хүүхдээ гудамжинд гаргаж хаяж байна, аа тэгээд залуу гэр бүл болбол салж сарниж байна. Архи их ууж байна, энэнээсээ болоод айл гэрийн амьдрал тэр айлын тэр гэр бүл сарниж байна, авгай нөхөр 2 хоорондоо нэг нь одоо архи уухаар нөгөөхөө зодож байна, алж байна, эхээ алж байна, сая одоо хэзээ билээ, 2,3 жилийн урд эхээ алаад, эцгээ алж байгаа хүүхдүүд зөндөө л гарч байна ш дээ. Ёстой тэгэхлээр чинь айл гэрийн амьдрал дотор тэмцэл бас байгаа биз дээ, архи ууж ирчихээд авгайгаа айлган сүрдүүлж байна, үр хүүхдээ айлган сүрдүүлж байна, бас тийм байхгүй айлууд сайхан амьдарч байгаа айлууд байж л байна, тэр болгон юм болгон муу байна гэж байхгүй ш дээ. Тэр дотор чинь сайхан амьдарч байгаа сайхан амьдарч явж байгаа авгай нөхөр үр хүүхдээ, сайхан хүмүүжүүлж боловсруулж байгаа эцэг эхчүүд зөндөө л байна ш дээ. Үр хүүхдүүдээ бүгдийг нь их сургууль төгсгөөд явж байгаа, эцэг эх сайхан асраад зөв хүмүүжилтэй улсууд зөндөө байна ш.

Саранцэцэг -

Та ер нь ингэж их гэр бүлийн харьцаанд ингэж одоо муу юм гарч байгаа энэ харьцаа муудаж байгаа асуудлыг юутай холбож үздэг вэ?

Дашзэвэг -

Үгүй ээ, энэ Монголын эдийн засаг муудсантай холбодог юм уу, эсвэл одоо энэ хүний өөрийн соёлын харьцаанаас л болж байгаа болов уу, гэж боддог ш дээ. Өөрийн ухамсар соёлын харьцаанаас л энэ асуудал үүсч, хүний амьдрал ингэж доройтож байгаа энэ болбол амьдралаас л болж байгаа гэж бодож байгаа ш дээ. Тэгэхдээ болбол энэ бол гол нь болбол одоо энэ Монгол улсаас болж байгаа гэж болохгүй ш дээ, хувь хүн өөрөөсөө л болж байгаа биз дээ. Хувь хүн өөрөө өөрийгөө л удирдаж, өөрийгөө л жолоодож чадахгүйгээс л болж, тийм асуудал гарч байгаа болов уу, гэж бодож байгаа.

Саранцэцэг -

Анх ардчилсан хөдөлгөөн үүссэн ш дээ, тээ. Та тэр тухай ер нь юу гэж боддог вэ, яаж хүлээж авав, тэр талаар ярихгүй юу?

Дашзэвэг -

Тэгэхэд чинь нэлээн л эмзэг л хүлээж авч байлаа ш дээ.

Саранцэцэг -

Тэр чинь одоо хэдэн оны үе билээ?

Дашзэвэг -

90 онд л юу эхэлсэн ш дээ. Ардчилсан Холбоо чинь 90 онд л юу эхэлсэн ш дээ. Ардчилсан Холбоо чинь. Манайх Зүүн-Баянгаас нүүж орж ирээд л 1 жил болоогүй л энэ чинь гэнэтхэн л нэг өдөр чинь дэлгүүрт чинь будаа гурил байхгүй, ерөөсөө л бүх л юм нь ерөөсөө л хоосорчихсон юм ш дээ. Энэ дэлгүүр лангуу гэдэг чинь тэр чигээрээ хоосроход л хүн чинь тэр хооронд чинь бас сэтгэл санааны дарамтанд орно доо, тухайн үедээ болбол тийм л байсан, яаж амьдрана даа, яаж явна даа, энэ чинь гэнэт ардчилал гараад одоо сайн сайхан болгоно, одоо хүнд чинь малчинд болбол 100,000 цаас өгнө гэж байж эднүүс чинь ерөөсөө тэгэхдээ болбол ардчилсан холбоо болбол их юм хийж байгаа байхгүй юу, энд чинь болбол одоо улсуудыг гадаадын өч төчнөөн оронтой харьцуулж байна, гадаадад өч төчнөөн оюутан сургаж байна, одоо америк хятадтай бид хэд чинь холбоотой байл уу, байгаагүй ш дээ, эднүүсээс хүн болгон гадаадад явж, амьдралаа дээшлүүлж байна, Ардчилсан холбоо бол маш их юм хийж өгсөн л дөө, тэгэхдээ анх хүлээж авахад болбол хүн болгон л цочирдсон байх л гэж бодож байгаа ш дээ. Хоол унднаас өгсүүлээд бараг энэ даавуу даалимба хүртэл тэр үед чинь бүүр байхгүй, одоо энэ худалдагч мудалдагч ямар ч юм хийж байсан, одоо энэ том дарга нарын гарт бараг л орчихсон байсан байх л гэж бодож байгаа ш дээ. Тэр үед чинь лангуу бараг тэр чигээрээ л цайнд хийх давс олдохоо больчихсон ш дээ. Тэр үед чинь бараг тэгж байгаад л 95 оноос хойш л нэг гайгүй болоод, явсаар байгаад одоо, одоо бүр сайхан л болж байна Одоо мөнгөтэй байвал хүн юугаа ч болсон аваад л, нүцгэлээд гарвал одоо тэгээд л бүх л төрлийн хувцас өмсөөд ороод ирж байгаа биз дээ.

Саранцэцэг -

Ер нь болбол ардчилал хүний амьдралд сайнаар нөлөөлсөн гэж боддог уу, та?

Дашзэвэг -

Тийм. Нөлөөлсөн.

Саранцэцэг -

Хүмүүс эрх чөлөөтэй болсон?

Дашзэвэг -

Эрх чөлөөтэй болж байгаам. Өөрийнхөө санасан бодсоноо чөлөөтэй гаргаж илэрхийлж чадаж байна, ааа өөрөө дуртай газраа олоод би нэг Америкт юм уу, Солонгос явъя гэвэл тэр хүний дурын хэрэг болчихсон байгаа биз дээ, энэ болбол одоо чөлөөтэй ерөөсөө нэг хүнд ороод өөрийнхөө сэтгэлийг ярьчихъя гэхэд болбол энэ бол чөлөөтэй болчихсон байгаа биз дээ, тэр Ху намын /Хувьсгалт Намын/ үед болбол тийм хаагдмал байсан байхгүй юу. Бас нэг тийм байгаагүй, хаагдмал байсан. Энэ үе одоо болбол ерөөсөө л эрх чөлөөтэй хүн ерөөсөө өөрийн бодсон санасныг чөлөөтэй ярьдаг л болсон болов уу, гэж бодоод байгаа ш дээ.

Саранцэцэг -

Та өмч хувьчлалыг анх яаж сонсов? Өмч хувьчлалын талаар та?

Дашзэвэг -

Өмч хувьчлалыг анх Ардчилсан Холбоо л гаргаж ирсэн дээ, энийг чинь. Одоо энэ байрыг чинь одоо манайх энд цэргийн ангид энд амьдарч байлаа гэхэд чинь манайх нүүгээд л энэ гараад л явах болбол энд чинь нэг хүн ирээд л суудаг байсан байхгүй юу тиймээ, энийг чинь тийм учраас ерөөсөө Ардчилсан Холбоо л бид хэдэд чинь өөрийн гэсэн байртай өөрийн гэсэн хөрөнгөтэй, бас улсуудыг өнөөх социализмын үед мал хөрөнгө чинь улсын мэдэлд байлаа тиймээ, одоо болбол бүгдээрээ хувийн мэдэлд, ерөөсөө хүн хөдөө гадаагүй одоо улсууд болбол сайхан амьдралтай л болчихсон байгаа ш дээ. Унаатай мотоциклтэй, машинтай энэ ардчилалын л гавьяа гэж бодож байгаа ш дээ. Улсууд энэ болбол Ардчилсан Холбоо их л юм хийж өгч байгаа гэж бодож байгаа. Сайн ч юм их байгаа муу ч юм ч энэ дотор бас явж л байгаа байх даа, тиймээ.

Саранцэцэг -

Аа зарим улсууд болбол бусдаасаа илүү өмч эзэмшээд авсан тухай хүмүүс ярьдаг л даа, та тэр талаар?

Дашзэвэг -

Өө би энийг үнэн гэж боддог, ерөөсөө.

Саранцэцэг -

Ямар хэлбэрээр яаж энийг өмчилж авав?

Дашзэвэг -

Би энийг бол ингэж л бодож байгаа ш дээ. Одоо энэ Ардчилсан Холбоо гарлаа ш дээ. Энийг далимдуулж одоо тэр улсын хөрөнгө жаахан хурааж авна даа, одоо энэ мал хөрөнгө ч юм уу, энэ улсууд чинь нэг үе улсууд чинь одоо энэ малыг чинь зарж борлуулж, хувийнх болгосноос болж, энэ улсууд чинь тэр үед чинь малыг чинь өөр дээрээ 200, 300-аар нь худалдаж авч байлаа ш дээ. Энэ мөнгө чинь хаанаас гарч байнав гэхээр эднүүс болбол ер нь Ху Намын үед байсан социализмын үед байсан юмыг жаахан өөртөө хурааж ашиглаж, барьснаас баяжсан болов уу, гэж бодоод байгаа юм. Мань мэт шиг ингээд цэргийн ангиар явсан улсууд болбол хоосон л хоцорч байгаа юм чинь, яах юм/инээв/. Манай өвгөн тэгж хэлдэг байсан юм. Би чамд нэг түүх ярья. Эвдэрхий 4 чемодан, улиг өвчтэй ганц авгайтай, сурлагагүй 4 хүүхэдтэй, армиас ийм л хоцорлоо доо, гэж. Үнэн байсан байхгүй юу, яг л тийм хоцорсон /инээв/. Тэр үед чинь аа тэр үед чинь бас за энэ ардчилал байгуулах гэж тэр үед чинь эгч нь баяжих болбол баяжих байсан, яагаад гээч, би чинь хүнсний нярав, хувцасны нярав хийж байлаа, ёстой гурил мурил ч ёстой, тонн тонноороо. Мах гэдэг чинь тэгж нэг 10, 20 тн биш, 200,300 тн-оор шуудай гурил гэдэг чинь 50, 60 тн –роо ингэж цэргийн ангид ирж буудаг байхгүй юу. Тэгээд л тэрнээс чинь болбол тэнд чинь би байж байлаа. Тэр үед чинь би тэрийг хураагаад авсан болбол тэгсэн болбол өдийд баяжчихсан байх болов уу л гэж бодож байгаа ш дээ. Тэр үед чинь тийм социализмын үед бид хэдийг тийм юм иднэ гэж сургаагүй байхгүй юу. Ерөөсөө за энэ нэг энийг өөртөө ашиглачих, энийг тэг гэж. Би нэг хөнжлийн цагаан даавуу ч гэсэн цэргийн ангиас авсан бол гудас хөнжлийн цагаан даавуу авсан бол өдийд арай л бас нэг жаахан гайгүй болохгүй юу гэж боддог юм/инээв/. Манай өвгөнийг тэгж байсан юм, 30 сая-н зээл ав гэж байсан байхгүй юу, тэгэхэд нь ....Аа би 4 хүүхэдтэй авгайгаа би тэгж ялд унагаахгүй, авахгүй. Тэр үед авсан бол муу хүүхдээ айлын хашаанд байшин хөлслөөд сууж байна, баяжвал баяжчихаар л байхгүй юу, үнэнчээр зүтгэнэ гэдэг чинь нэг талдаа зөв ч юм уу, буруу ч юм уу, гэж бодоод байгаа ш дээ/инээв/ . Нээрээ тоглоомгүй тэгж л бодож байгаа ш дээ, нээрээ.

Саранцэцэг -

Өмч хувьчлалаар нэг ягаан тасалбар эд нар өгөөд байсан тэр тухай?

Дашзэвэг -

Тэр ерөөсөө.., мэднэ. Цэнхэр мэнхэр тасалбар өгөөд байсан. Тэрнийг чинь ингэж байгаа юм. Би “Торгон савхи”-нд өгч байгаа юм. Манай өвгөн 2 хүүхэд 1 хүүхдийнхтэй “Бал бурам” –д өгч байгаа юм. Нэг нь “Талх”—д өгч байгаа юм. Нэг нь юунд өглөө байз, ингээд бид 6-уулаа нэг газар , 2 нь аавыгаа дагаад өгч байгаа юм. Тэгээд бид, тэрнээс юу олж идсэн юм, тэгээд бид тэрнээс юу олж идсэн гээч. 2000 төгрөг л би савхинаас идсэн, тэгээд дампуурсан гэж байгаа юм. ”Бал бурам”-аас энэ манай өвгөн энэ Золзаяа, Майдар 3 энэ “Бал бурам”-аас энэ манай өвгөн энэ Золзаяа Майдар 3 энэ “Талх чихэр”-ээс юу идсэн юм, бас нэг 5, 10 дээд тал нь нэг 10000 төгрөг л идсэн байх. Тэгээд л байхгүй.

Саранцэцэг -

Хувьцаагаа өгсөн юм байна ш дээ, тээ?

Дашзэвэг -

Тийм. Одоо юу ч байхгүй ш дээ. Хөөцөлдөө ч үгүй юм, тэгээд л манай өвгөн хаана аваачаад тараасан юм, тэгээд одоо юу ч байхгүй ,тэр хувьцаа гэдэг юм чинь хаагуур явсан юм, тэгээд нөгөөх нь нас барсан, тэгээд хаана ч явж байдаг юм, мэдэхгүй. Тэр одоо хувьцаа гэж байдаг л юм л гэж байгаа юм л даа. Би нэг 2000 төгрөг л авч үзсэн. Тэрнээс чинь өшөө юм авч үзээгүй.

Саранцэцэг -

Тэр савхин эдлэлийн үйлдвэр нь тэгээд яасан?

Дашзэвэг -

Дампуурсан юм гэнэлээ.”Торгон савхи” очиж бүүр торгон савхи дампуурсан гээд байгаа ш дээ. Энэ тэгээд үнэн ч юм уу, худлаа ч юм уу, мэдэхгүй ш дээ. Тэгээд дампуурсан гээд л өгддөггүй ш дээ. Тэгээд мань мэт чинь явж хөөцөлдөхгүй юм, нэг 5,10 төгрөг байх л байх даа, одоо энэ. Тэгээд манай талийгч мань мэтийн хувьцааг аваачаад зарчихсан байгаа юм, хаана ч зарсан мэдэхгүй, “Бал бурам”-д зарсан бол уу, хаана зарсан юм мэдэхгүй.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь бусдаас онцгой гэх зүйл байдаг уу?

Дашзэвэг -

Аан байлгүй яахав.

Саранцэцэг -

Тэрүүгээрээ л манайх онцгой доо гэх зүйл?

Дашзэвэг -

За манай энэ бага банди аавыгаа амьд байхад Монгол улсын нийслэлийн тэргүүний цагдаа болж аавыгаа баярлуулж, нэг нийслэлийн аварга цагдаа болж, бид хэдийн нэг үйлд энэ юу..., онцгой..., манай өвгөн чинь зөндөө байсан одоо нэг цолыг чинь 3,4 жил болоод нэг цол авдаг байсан, аа манай өвгөн чинь юу яадаг байсан, ажил төрөл сайтай, нэг жил цолыг чинь ерөөсөө урьдчилаад авчихдаг, ажил сайн гэж, урьдчилж цол их авдаг байсан.

Саранцэцэг -

Аан, тодорхойлогдоод?

Дашзэвэг -

Тийм, тодорхойлоод цол нэмдэг. Энэ манай 2 банди болбол аав ээж 2-ыг болбол манай энэ 4 болбол их баярлуулдаг, бид 2 манай бас хүүхдүүддээн их баярлаж явдаг, ерөөсөө.

Саранцэцэг -

Та хэдэн хүүхэдтэй билээ?

Дашзэвэг -

4

Саранцэцэг -

Хүү нь хэд үү

Дашзэвэг -

2 охин, 2 хүүтэй. Том нь цэргийн ангид 084-р ангид аавынхаа мэргэжлийг эзэмшээд ар талын орлогч хийдэг. Санхүү эдийн засгийн дээдийг төгссөн, цэргийн ангийн. Тэгээд энэ 2 охин 2-уулаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн. Энэ бага банди л одоо сургуульд суугаагүй, “Халх Журам “ дээд сургуульд сурсан болоод явж л байна. Энэ л нэг цагдаа болсон, энэ аавыгаа аав бид 2-ыгоо тэгж нэг баярлууллаа. Монгол улсад бас нэг нэрээ гаргаж, миний том банди болбол бас тэр өргөмжлөл аваад “Мөнхийн алдар” өөрийнхөө нэрийг үхэн үхтэл армид алдаршуулсан. “Мөнхийн дурсгал” нас барсан ч тэгээд л армийн жуух гэж дээр үед байлаа ш дээ, бас. Тэрийг ингээд алдаршуулаад ийм болгочихсон. Аавыгаа амьд байхад л ингэж авсийм даа, эднүүс чинь.

Саранцэцэг -

За, энэ “Мөнхийн дурсамж” гэдэг чинь юу гэсэн үг үү, мөнх дурсагдах гавьяа байгуулсан гэсэн үгүү ?

Дашзэвэг -

Тийм ажил хөдөлмөрөөрөө сайн, юм болгонд л дандаа тийм шагнал магнал тэр өгсөн үүрэг даалгаварыг л сайн биелүүлдэг байхгүй юу, тэгээд өнөөх Монгол улсынхаа тугийн дэргэд авахуулсан зураг нь байхгүй юу, тэр, тэр том зураг.

Саранцэцэг -

За за. Та ер нь амьдралдаа машиныг анх хаана үзэв, хамгийн анх машин үзсэн чинь?

Дашзэвэг -

Хамгийн анхан байна ш дээ. Энэ кино гардаг зурагтаар үзэж байсан.

Саранцэцэг -

Биетээр нь хаана үзэв?

Дашзэвэг -

Сургуульд орохдоо үзэхгүй юу, хүүхэд байхдаа чийчаан-5, чий-5 гэдэг машин байсан байхаа. Тийм машиныг анх үзэж байсан.

Саранцэцэг -

Ямар санагдсан?

Дашзэвэг -

Их л сайхан санагдаж байсан даа.

Саранцэцэг -

Сууж үзэв үү?

Дашзэвэг -

Хүүхэд байхдаа юу, хүүхэд байхдаа өнөө сууж сургуульд очно шдээ, хөдөө мөдөө харгана маргана машинаар татна, надыг сургуульд байхад машин чинь надаас түрүүн бүүр гарчихсан байлгүй яахав, тэр машинд чинь сууж харгана маргана түүж, өнөө сургуульдаа харгана түүж өгнө, гэртээ харихдаа тэр машинаар харина, ер нэг 10 маравтай байхад чинь аймгийн төв мөвөөр ороход чинь машинтай явна, сургуульд өнөө мориор очдог байснаа сүүлийн үед машинаар надыг бараг төрөхөд л машин байсан байхөө. Эх орны дайны үед машин байсан юм чинь, аргагүй л дээ, тэр. Тэгэхдээ үзэх нь л 9,10 хүрч байж л машин үзсэн байх.

Саранцэцэг -

Вагоныг анх хэзээ үзэв?

Дашзэвэг -

Өө вагоныг болбол наян.., далан хэдэн онд үзсэн.

Саранцэцэг -

Сууж үзсэн юм уу, та?

Дашзэвэг -

Вагонд болбол одоо насаараа суулгүй яахав.

Саранцэцэг -

Анх сууж үзсэн сэтгэгдэл чинь ямар байв?

Дашзэвэг -

Анх янзын сайхан байсан. Тэр чинь...,

Саранцэцэг -

Хаашаа явсан юм, та?

Дашзэвэг -

Анх Дархан явсан., вагоноор. Дархан өнөөх манайхан энэ хотод шилжээд ирчихээд 1976 онд..,

Саранцэцэг -

Өө за?

Дашзэвэг -

1976 онд Дарханд вагоноор сууж үзэж байлаа, тэгээд вагоноор Шандаас Зүүн баянгаас вагоноор гэрээ ачиж, Ховдоос чинь онгоцоор Ховдод гэрээ ачиж армийн сайдын тушаалаар Батлан Хамгаалах сайдын тушаалаар өвлийн бэлтгэл, шалгалт гээд би төрсөн дөнгөж нэг сартай, 7 хоногтой байсан, онгоцоор манай гэрийг чинь аваачиж аймгийн төв дээр буулгаж өгч байлаа. Онгоцоор нүүж үзлээ, вертолёт унаж үзлээ, нөхрийнхөө буянд л унаагүй тэрэг байхгүй, бүгдийг нь унаж үзлээ. Мотоцикл вертолёт одоо ногоон онгоцыг хүртэл унаж үзлээ. Нөхрийнхөө буянд болбол ёстой бүгдийг нь үзлээ дээ, харин энэ унаануудыг чинь. Цагаан онгоцыг болбол насаараа унаж үзлээ, энийг чинь. Улаанбаатар энэ Ховд энэ 2-ын хооронд.

Саранцэцэг -

За, за. Телевизорыг.., та хэдийд телевизортой болж телевизороор анх хэдийд юм үзэв?

Дашзэвэг -

82 онд байхаа. Өнөө Гүррагчаа сансарт нисэхэд.

Саранцэцэг -

81 онд?

Дашзэвэг -

81 онд манайх хар цагаан телевизор авч тавьж энэ 175..,

Саранцэцэг -

Гэртээ авахаасаа өмнө та телевизор үзэв үү?

Дашзэвэг -

Үзэж байсан л даа, айл майлд. Үзэж байсан. Өнөө кино мино, тэр их сайхан, ёстой гоё, бүх юм нүдэн дээр тусаад л, их л сайхан санагдаж байлаа ш дээ. Бид телевизороор чинь Гүррагчаа сансарт нисэж байхад ч ёстой хүн болгон л сансарт нисч байхад л гадаа гараад л ёстой зогсч байлаа ш дээ, энэ 81 онд телевизорыг анх авч байлаа.

Саранцэцэг -

Таны бодлоор ингээд байгаль орчин, таны эргэн тойрон, яаж өөрчлөгдөж байгаа вэ, та ер нь тэр талаар юу гэж боддог вэ?

Дашзэвэг -

Өө энэ болбол их өөрчлөгдөж байна гэж бодож байгаа ш дээ, Манай Улаанбаатарт болбол одоо энэ..,

Саранцэцэг -

Таны бага байх үеийн Ховд, сүүлд очсон үеийн Ховд аймаг?

Дашзэвэг -

Ховд болбол их хөгжиж байналээ. Манай Ховд чинь бол 260 жилийн түүхтэй, ерөөсөө том, Ховд хот гэж ярьдгийм ш дээ. Маш их сайхан барилга.., 96 онд л би очсон. Тэгэхэд болбол би өнөөх барилга байшин чинь нэг их нураад л, айл майл чинь нэг гарч барьчихсан байсан, сүүлд болбол бүүр сэргээд одоо аягүй сайхан, болчихсон байж байналээ, ерөөсөө эргээд. Энэ хотод зөндөө байшинг барилга гэдэг чинь бол одоо бараг л шилэн байшин гэдэг чинь одоо харж байгаа биз дээ, хэдий одоо өндөр, сайхан л төвхнөж байна ш дээ. Газар болгонд л байшин барилга бариад л, хот болбол одоо их л хөгжиж байна гэж бодож байгаа ш дээ, эргэн тойронд. Манай энд чинь анх энэ байранд орж байхад болбол энд хашаа байшин энд нэг хэдэн айлууд төмөр замын орон сууц байсан болохоос өөр болбол ерөөсөө эль хуль, энэ Толгойтын айл чинь ёстой бараг байгаагүй ш дээ, 96 онд манайх энэ байранд орж байхад Одоо тэгэхэд ёстой хаяа дэрлээд ерөөсөө айлууд байгаа биз дээ, ингэхэд болбол эргэн тойрон болбол маш их өөрчлөгдөж байна л гэж бодож байгаа ш дээ. Одоо хороо хорин гэхэд гадаа ирчихсэн, гараад л хаяанд. Хороо хорин чинь хаяандаа болчихлоо. Эмнэлэг хүүхдийн эмнэлэг өрхийн эмнэлэг ерөөсөө яг ингээд л гараад л, гадаа одоо энэ харагдаж байгаа энэ эмнэлэг, ингэхлээр их л өөрчлөгдөж байгаа биз дээ.

Саранцэцэг -

Аа байгаль орчин, одоо энэ цаг уур одоо.,,,?

Дашзэвэг -

Байгалийг бол маш их сүйтгэж байна л гэж бодож байгаа ш дээ. Одоо энэ..,

Саранцэцэг -

Өөрчлөгдсөн?

Дашзэвэг -

Тийм. Маш их өөрчлөгдөж байна. Одоо энэ зурагтаар харж байхад болбол нэг их гарч явахгүй байгаа юм чинь, Туул голыг болбол Туул голын модыг болбол ямар болгосон байна, ерөөсөө л нэг л хожуул болгоод л, болгоод л хаясан, надыг чинь 76 онд хотод орж ирж байхад бол энэ Туул голын бургас гэж битүү ой, ерөөсөө хүн гишгэхийн аргагүй ерөөсөө нэг модонд ороход л хүн харагддаггүй, тийм байсан, одоо болбол ноднин ийшээ явсан байхгүй юу, өө ерөөсөө сийрэг, дандаа ийм л нэг л мухар мухар хожуул үлдчихсэн байгаа юм, тэгэхлээр байгаль болбол их сүйтгэж байгаа юм, одоо энэ орчин, байгаль дэлхийг их сүйтгэж байгаа юм уу л гэж бодож байгаа юм, байгальтайгаан манайхан нэг буруу харьцаад байгаа бас нэг тийм сайн болохгүй л байна гэж бодоод байгаа. Энэнээс болж булаг, шанд хүртэл ширгээд байсан энэ булаг шанд Туул гол хүртэл одоо яаж ширгэж байна, Сэлбийн гол хүртэл одоо ширгэчихсэн, Туул голын ус татраад хөдөө одоо манай нутагт чинь болбол ерөөсөө маш их булаг шандтай байсан, одоо бас л алт их угааснаас болж, булаг шанд болбол их газар дэлхийг бол их л сүйтгэж байна л гэж бодож байгаа ш дээ. Одоо энэ би сая Булганы цаад талын Хануйгийн амралтанд би нэг 21 хоноод ирсэн байхгүй юу, тэрэнд тэр Хануйгийн амралт би нэг 21 хоноод ирсэн байхгүй юу, тэрэнд тэр Хануйгийн амралт гэдэг чинь янзын гоё газар байдаг юм байна. Өө зүгээр тэр 2 хавцлын дунд чинь битүү, ой мод. Тэр одоо байгаль дэлхийнх нь бас их сайхан авч явдаг улсууд нь бас их сайхан авч яваад л рашаан сувилалаа байгуулчихсан байналээ. Зарим нь их сайхан байгаль дэлхийгээн сайхан хайрлаж байна, зэлүүд байгаль болбол ёстой сайхан байнаа. Манай Монголын зэлүүд байгаль болбол тэр Булганаас цаашаа Тэр Хануйгийн амралт хүртэл тэр зэлүүд байгаль гэдэг чинь хүний хөл тавиагүй газар бол маш их байдаг юм байна,м анай Монголд чинь. Сайхан байна. Тэгэхдээ энэ хот эргэн тойрноо л манайхан ингээд сүйтгээд байгаа болохоос энэ хүний бодлоор болбол алт гэдэг юмыг л бага ухаж баймаар л санагдах юм, тиймээ. Энэ газар дэлхийгээн ингэж бохирлож ерөөсөө энэнээсээ болж ер ус гол горхигүй ч болох юм билүү, тэгж л бодоод байгаа ш дээ, ерөөсөө л байгаль дэлхийгээ л л их сүйтгэж байна л гэж бодож байгаа нээрээ.

Саранцэцэг -

Хотод ирээд энд амьдарч байхад энэ Туул голын энэ Сэлбэ голын ус болбол их байсан биз?

Дашзэвэг -

Их байсан, ёстой их байсан. Одоо чинь Туул голын усаар чинь явган, хэрийн бараг хүн гатладаггүй байсан ш дээ. Одоо бол Туул голыг хүүхэд мүүхэд чинь болбол ер нь Туул голоор тэр гүүрээр л гарна уу гэхээс өөр газраар ерөөсөө гарна гэж байхгүй, маш их устай, энэ чинь ерөөсөө хүн гардаггүй байсан ш дээ. Одоо болбол энэ ус ямар их хүүхэд хүртэл ороод тоглочихож байгаа юм чинь, ерөөсөө. Ус болбол маш их багасч байгаа ш дээ. Ширгэж их юу яаж. Одоо тэр сая Туул голд алт угааж байна гээд зурагтаар гарч байна ш дээ. Их бохирлоод л алт угааж байна. Бүр шороогий нь авчирч Туул голд авчирч угааж байна гээд, тэгэхлээр чинь одоо манайх байгаль дэлхийгээ их л бохирлож байна л гэж бодож байгаа юм даа, сүйтгэж. Тэгэхдээ бас л ой мод тариад л байх сурагтай. Хүүхдүүд чинь одоо ингээд л албан газар чинь бас л тарьж л байна, хөөрхий амьтан. Байгаль дэлхийгээ бас хайрлаад л, хамгаалаад л.

Саранцэцэг -

Таны залуу байх үед ажил хөдөлмөр хийгээд явж байхад социализмын үе байжээ, Социализмын үед ер нь дарга цэргийн хоорондын ялгаа ямархуу байдаг байсан, албан тушаал өндөртэй улсууд ер нь доод тушаалын улсууддаа яаж ханддаг байсан?

Дашзэвэг -

Өө ерөөсөө дажгүй. Ерөөсөө тэнд болбол албан тушаалын үүрэг даалгавраа хийж л чадаж байвал за энэ доод тушаалын хүн, энэ цэвэрлэгч энэ шороо ухдаг, энэ траншейны газар ухдаг гэж ер нь тийм юм байхгүй хүний харьцаа болбол эн тэгш л харьцдаг байсан хүнтэй. Аа энэ сайн хүн энэ дарга хүн, энэнтэй тэгж харьцана, энэнтэй ингэж харьцана, гэж тийм юм байдаггүй, байхгүй шүү. Энэ ялгаварлах үзэл гэж ер нь байдаг бол уу л гэж бодож байна ш дээ.

Саранцэцэг -

Эн тэгш л харьцаатай л байсан уу?

Дашзэвэг -

Тэгш харьцаатай байсан. Одоо ч гэсэн бас дээл хувцас ямар нэг юмаар нь гадуурхдаг болчихсон байгаа юм чинь., одоо. Жаахан олхиотой хувцас мувцас өмссөн болбол одоо хүн баян улсуудад болбол шал ондоо л хандаж байгаа юм чинь.

Саранцэцэг -

Одоо социализмын үед янз бүрийн шинэ технологиуд оруулж ирж мирж юу яадаг байсан, талаар мэдэх үү, ер нь үйлдвэрийн газрууд дээр таны ажиллаж байсан?

Дашзэвэг -

Өө одоо тэр энэ Оросуудаас л бараг л голдуу авдаг байсан болуу, гэж бодож байгаа. Энэ юу вэ, оёдлын үйлдвэр л гэхэд манай аймагт оёдлын машин оруулж ирдэг байлаа, аа энэ цагаан хэрэглэл угаадаг одоо энэ машинуудыг чинь оруулж ирдэг энэ тэр тоног төхөөрөмжийг чинь зөндөө л оруулж ирдэг байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр үед бол бас гадаад дотоодтой харьцаатай нөгөө гадны мэргэжилтнүүд ажилладаг байсан учраас ер нь тийм..,?

Дашзэвэг -

Тийм тоног төхөөрөмж бол маш их сайн байсан ш дээ, одоо энэ арьс шир угааж байна, энэ чинь болбол ноос ноолуур эсгий гутлын үйлдвэр гэхэд чинь болбол дандаа л гаднаас дандаа Оросын төхөөрөмж л байдаг байсан ш дээ, ерөөсөө. Сайн оруулж ирдэг, байсан шүү дээ, ерөөсөө.

Саранцэцэг -

Би одоо танаас нэг сонин асуулт асуух уу?

Дашзэвэг -

За тэг.

Саранцэцэг -

Монголчууд одоо нас барсан улсуудаа яаж оршуулдаг байсийм дээр үед?

Дашзэвэг -

Монголчууд байна ш дээ, дээр үед нас барсан улсуудаа эсвэл цай дэрлүүлээд ер нь голдуу цагаан чулуу дэрлүүлээд тэгээд биеийг нь нэг даавуугаар ороогоод л тэгээд л нэг тавьчихдаг тийм л байсан.

Саранцэцэг -

Ил тавина гэдэг чинь ямар газар тавих уу?

Дашзэвэг -

Өө одоо тэгээд л аваачиж яваад л, нэг сайхан наранд ээсэн газар тэгээд л харж байгаад л одоо хүн оршуулдаг газар шиг, зүгээр л ил тэрийг бол тэгээд л нохой шувуу л идэж устгадаг тийм л байсан. Тэрнээс биш одоо энэ авс мавс хийгээд хайрцаг хийгээд, ерөөсөө ингэж тавьдаггүй дандаа ил тавьдаг. Ерөөсөө хүүхдийг болбол айлын тогтдоггүй хүүхдийг морин дээр авч явж байгаад гээчихдэг байсан гэж байгаа юм, сугалаад ингээд араараа унагаачихдаг. Авч яваад тэгж л дандаа тийм ил тавьж байсан болохоос энэ ерөөсөө тийм хувцаслаатай мувцаслаатай тавьдаггүй зүгээр л, ганцхан өнөө юутай доогуураа биеийг нь ороогоод л өшөө юм байхгүй. Тэгээд л тавьдаг байсан гэж байгаа юм, тэгж ил тавьдаг байсан гэж байгаа юм.

Саранцэцэг -

Аа одоо болбол өөрчлөгдсөн тиймээ?

Дашзэвэг -

Тийм. Одоо бол юунд хийгээд л, хайрцганд хийгээд л тэгээд л. Зарим нь хувцас өмсүүлээд л тэгээд тавьж байгаа ш дээ, зарим нь даавуугаар ороогоод л торго моргоор ороогоод л тэгээд л хайрцаг майрцгийг нь яаж янзалж байна байна тиймээ, хачин гоё болгож байгаа биз дээ, одоо тэгээд л улам л хөгжөөд байгаа биз, одоо энэ чандруу мандруу гээд л бас л хөгжиж , зөндөө тийм юм гараад ирчихсэн, хөгжиж л байна л даа, одоо манай аавыг чинь цагаан чулуу дэрлүүлээд л тавьсан гэж ээж ярьдгийм даа. Аавыг чинь ингээд бурхан болоход чинь цагаан чулуу дэрлүүлээд тэгээд л тавьж байсан юм, дээр үеийн улсууд чинь одоо тэгээд л дандаа ил, тэгээд л 7 хоноод л хүрэхэд болбол одоо ерөөсөө байхгүй ерөөсөө нохой шувуу идээд л толгой молгой нь энд тэнд нэг яс, үс нь л байдаг гэж байгаам ш дээ. Тэрнээс биш газар дэлхийгээ ингэж сэндийчдэггүй хамгийн сайхан тавилт, тэр тавилт байсан гэж дээр үеийн улсууд ярьдгийм. Тэр өөрөөр нь зүгээр тавьдаг тавилт. Би л тэгж л боддогийм.

Саранцэцэг -

Таныг бага байх үеэс одоог ингээд харж байхад энэ шашин шүтлэг монголчуудын сүсэг бишрэл өөрчлөгдсөн үү?

Дашзэвэг -

Дээр үед чинь шүтлэг гэж байгаагүй ш дээ. Одоо л ихэдчихсэн болохоос. Тэр чинь Ху намын үед тэрнээс өмнө энэ шашин шүтлэг гэж ерөөсөө байгаагүй одоо л ёстой шашин маш их болчихсон байгаа болохоос. Тэр үед болбол тийм юм байдаггүй, нууцхан л байдаг байсан байх тэр чинь. Энэ гандан хийд гэж байдаг л байсан л даа, тэгэхдээ болбол ингэж 20,30-аар нь ингэж шавилж суудаг шавь лам нар гэж ер нь байгаагүй байхаа. Би тэгж бодож байгаа ш дээ. Ер нь манай аймгийн төв мөв бол ер нь шашин шүтлэг гэж Гандан хийд гэж байгаагүй

Саранцэцэг -

Танай суманд?

Дашзэвэг -

Манай суманд ч гэсэн байгаагүй.

Саранцэцэг -

Төгрөгийн хийд гэж?

Дашзэвэг -

Бүүр надыг жаахан байхад байсийм. Хийд гэж. Ганц хоёр хүн л суудаг, тийм шавилж суудаг хийд, лам нар гэж байдаг байсийм. Тэгээд сүүлийн үед л байхаа больчихсон болохоос. Одоо дахиад эргээд одоо манай сум ч гэсэн одоо сүм хийдтэй болчихсон, байгаа юм чинь. Дээр үед болбол сүм хийд байсан байхдаа болбол ийм их олон хүн байдаггүй, цөөхөн л хүн байдаг байсан байх.

Саранцэцэг -

Төр болбол одоо шашинд нөлөөлж байна гэж хэлэх үү?

Дашзэвэг -

Төр болбол одоо шашинд бас нөлөөлж л байгаа болов уу л гэж бодож байгаа ш дээ. Төрийг..,

Саранцэцэг -

Яг социализмын үед болбол байхгүй байсан?

Дашзэвэг -

Байхгүй байсан. одоо юм болохоор чинь тэр шашин дээр хүрээд ирээч, тэнд хүрээд ирээч, одоо хүн болгоны дарга сайд ч болсон нэг ном уншуулчихъя, гэж байгаа биз? тэгэхдээр чинь энэ чинь төр засаг харшилж байгаа биз дээ?

Саранцэцэг -

Танд одоо өөөр надаас асуугаасай, энэ тухай би сонирхуулж ярих юмсан, гэсэн юм байна уу?

Дашзэвэг -

Одоохондоо юм орж ирэхгүй л байна ш дээ.

Саранцэцэг -

Нөхрийнхөө ажил албаны талаар байдаг юм уу, нөхрийнхөө талаар дурсах юм байна уу?

Дашзэвэг -

Манай өвгөн чинь ээжээсээ 11 төрсөн юм гэнэлээ. Тэгээд одоо бас үрэгдээд 2-хон, нэг өргөмөл ах, ахтайгаа гурвуулахнаа л хүн болсон гэж байгаа юм даа, манай өвгөн чинь одоо танай ааваар хичээл заалгаж байсан гэж байгаа юм, сургуулийн. Одоо өвдөөд ерөөсөө, сургуульд, хүүхэд нь нас бараад ерөөсөө сургуульд өгөөгүй, танай ааваар чинь бичиг үсэг заалгаж, А,Б үсэг зааж сургаж, миний багш л гэж ярьдгийм, танай аавыг чинь. Тэгээд оройгоор нэг 10-р анги төгссөн юм. Тэгээд л цэрэгт яваад л, өөрийнхөө эр чадлаар л, цэргийн хүн болж, гарч ирсиймдаа. Тэгэхдээ манай өвгөн болбол одоо тийм хамт олонд их нэр хүндтэй, армид их нэр хүндтэй хүн байсийм. Ерөөсөө тэгж хүнд уурлаж, уцаарладаггүй, ер нь би энэ хүнтэй 35 жил ханилсан, тэгэхэд болбол нээрээ надыг түлхэж унагааж үзээгүй дээ, би тэнд нь ёстой баярладаг. Нэг удаа намайг чи гэж хэлж үзээгүй, нэг удаа намайг буруу юм хийлээ гэхэд за миний өвгөн энэ чинь буруу байна гэж зааж өгөхөөс биш, хүнтэй адилхан дүрс гээд уурлаад тэгээд байдаггүй, архи мархи уусан үед бол сууж байгаад л нам унтаад өгнө үү болохоос биш, ааш авир мавир хүүхэд мүүхэддээн ёстой гар хүрэхгүй, тийм хүн байсан ш дээ. Аймар тийм ухаантай, хүнд болбол ер нь одоо хүртэл, арми болбол миний өвгөнийг дандаа магтаж ярьдгийм ш дээ.Ерөөсөө ёстой нээрээ Улаан Цогтоо гэдэг чинь армид алдартай, миний хүүг хүртэл одоо Улаан Цогтоогийн гэр бүл, өө тэр аав нь тийм байсан, хүүхэд нь тийм байлгүй яахав л гэж, их нэр хүндтэй хүн байсан ш дээ, манай өвгөн чинь. Их сайн, ах дүүдээ ч гэсэн, үр хүүхэд найз нөхөддөө ч гэсэн, ерөөсөө нэр хүндтэй халамжтай, ер нь ядуу хүнд л туслах өөрөөсөө доошоо тийм амьдрал дорой, тийм ядуу зүдүү юм уу, өнчин өрөөсөн хүнд ерөөсөө их туслах дуртай тийм л хүн байсан даа, манай өвгөн.

Саранцэцэг -

За за. Танд их баярлалаа. Сонирхолтой сайхан ярилцлага өглөө. Танд их баярлалаа.

Дашзэвэг -

Би өөрт чинь ч их баярлалаа. Надаас ярилцлага авсанд чинь.

Саранцэцэг -

За.дуусгая даа

Дашзэвэг -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.