Törbat


Basic information
Interviewee ID: 990061
Name: Törbat
Parent's name: Erdene
Ovog: Aata
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
foreign relations
military
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

agricultural products
industrialization
urbanization
belief
privatization
nature and environment
family
funeral rituals
childhood
schoolchildren's life
Dandar Baatar


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

За сайн байна уу?

Төрбат -

Сайн сайн байна уу.

Сайнбилэг -

За түрүүчийн нөгөө ярилцлагаа үргэлжлүүлье дээ, та цэрэгт яваад цэргээсээ буцаад нутагтаа очсон юм байнаа?

Төрбат -

Тийм.

Сайнбилэг -

Нутагтаа очсон чинь ямаршуу байваа?

Төрбат -

А нутагтаа очиход одоо тэгээд нэгдэл нь ид өрнөчихсөн Монгол орон даяар, хөдөөний малчин ардууд ер нь тэгээд сумын төвийн албан хаагчид цөм л одоо нэгдлийн л ажил хийдэг болсон байсан. Монгол орон даяар нэгдэлжих хөдөлгөөнд бүрэн хамрагдчихсан байсан, 1968 онд би цэргээс халагдаж очсон, а тэгээд хөдөө ээж маань мал маллах чадваргүй болж, өндөр насны тэтгэвэрт одоо орохоор болчихсон, тэр үед нэгдлийн гишүүдэд бол тэтгэвэр тогтоодоггүй цаг байсан, тэгээд зүгээр яахав өөрсдийн хүүхдүүдийн асрамжинд амьдарч байхад тэгээд ээж дээрээ очоод Ховд аймгийн мал аж ахуйн машинт станц дээр цэргээс халагдсаныхаа дараа маргааш өдөр нь очиж бүртгүүлээд, тэгээд хөдөө гарч ээжтэйгээ уулзаад маргааш өдөр нь очиж, манай нутагт мод байдаггүй, дандаа харгана түлдэг тэгээд л нэг машин харгана хадаад тэгээд ээжийг гэртэй нь нүүлгээд аймгийн төв авч орж мал аж ахуйн машинт станцад орж ажилласан.

Сайнбилэг -

Мал аж ахуйн машинт станц гэж юу вэ?

Төрбат -

Хадлан бэлддэг, одоо дээр үеийн нэгдлүүдэд л одоо хадлан хадаж бэлдэж өгдөг, тийм л станц байсан байхгүй юу.

Сайнбилэг -

Тэр үе бол Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ид хүчээ авч хөгжиж байсан үе үү?

Төрбат -

Тийм. Хүчээ авч байсан. 1968 онд тэгээд би Ховдын Буянтын тэжээлийн аж ахуйн өө буруу ярьж байна, мал аж ахуйн машинт станцад засварын механикчаар орж ажиллаад 1 жил болоод 1969 онд 7 сард улсын хэмжээгээр бүх мал аж ахуйн машинт станцууд татан буугдаж, оронд нь нэгдэл дундын үйлдвэр гэж одоо арай томорсон тийм байгууллагууд байгуулагдсан, тэгээд тэр нэгдэл дундын үйлдвэр байгууллагууд манай мал аж ахуйн машинт станцынхан ихэнх нь Буянтын тэжээлийн аж ахуй гэж шинээр байгуулагдаж, тэнд очиж хадлан тэжээл бэлтгэх ажлаа хийсэн. Би улсын сорт сорилтын Буянт дахь станцад техник хариуцсан ажилтнаар очиж ажилласан. Биднүүд 4 хүн байсан. Жинхэнэ ахлах эрдэм шинжилгээний ажилтан Начин гэж Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, туслах ажилтан Амит гэж узбек залуу байсан, Ховдын ХАА-н техникумын агротехникийн анги төгссөн хүн байсан, а Начин нь ХААДС/ Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль/-ийн агрономын анги төгссөн хүн байсан. Би техник хариуцсан ажилтнаар нь ажиллаж байсан, Доржготов гэж хүн Ховд аймгийн Чандмань сумын харьяат сорт сорилтын Буянт дахь салбарт аж ахуй эрхэлсэн ажилтантай. Бид 4-үүл тэнд ажиллаж байгаад түр хаагаад нэг юм асуугаад орхивол болох уу?

Сайнбилэг -

Тэгээ, зүгээр хамаагүй ярьж асууж болноо?

Төрбат -

1970 оны 5 сарын 1-нд нөгөө туршлагынхаа тэр талбай дээр очиж ажлаа биднүүд эхэлчихсэн байж байхад, ээж маань нас бараад, надад одоо амьдрахад нэлээн хүнд гарз, уй гашуудал тохиолдсон юм. Тэгээд би ээжийгээ нас барахлээр Буянтын тэжээлийн аж ахуйн дэргэдэх сорт сорилтын салбарын дарга Начиндаа хэлээд ажлаасаа халагдаж, УБ хотод ирсэн. ХААДС-д эчнээ ангид орж, суралцахаар болсон. Тэгээд би ээжийгээ нас барахдээр тэр оны намар УБ хотод ирж геологийн Яамны төв лабораторит өнгөт чулууны тасгийн мастераар ажилласан энд. Тэр хугацаандаа ХААДС-ийн эчнээгээ дүүргэж аваад 1972 онд Дархан хотод очсон. Дархан хотод очиж Дарханы Георгий Дмитриевичийн нэрэмжит нэхий эдлэлийн үйлдвэрт засварын механикчаар томилогдон ажилласан.

Сайнбилэг -

Та ингээд далан хэдэн онд эргээд УБ-т ирсэн гэсэн үг үү?

Төрбат -

1968 онд Ховдод очоод л 2 жил болоод л,тэгээд л буцаад л ирсэн байхгүй юу.

Сайнбилэг -

Далан хэдэн онд ер нь УБ-т ирэхэд УБ ерөнхийдөө ямархуу санагдаж байв? Ямар өөр болсон байв? Тэр үед УБ-т аж үйлдвэржилт их явагдаж байсан уу?

Төрбат -

Явдаг байсан үйлдвэрүүд.

Сайнбилэг -

Ямар ямар үйлдвэр байсан бэ?

Төрбат -

Үйлдвэр комбинатын район гэж одоо маш их том үйлдвэрийн район байлаа., тэнд. Үйлдвэр комбинатын район чинь ноос ноосон эдлэлийн үйлдвэр, арьс шир боловсруулах шевроны завод, савхин эдлэлийн үйлдвэр, спирт бал бурмын үйлдвэр, 1000 машины засварын газар, байшин үйлдвэрлэх комбинат мөн УБ хотод комбинат бүгд ашиглалтад орсон гурилын үйлдвэр ашиглалтанд орсон бүх одоо үйлдвэрийн нэлээн хөгжсөн тийм хот болсон байна л даа, одоо. Барилга байгууламж маш их баригдаж байсан, 1966 оны 1 сард ЗХУ-н төрийн тэргүүн Л.И. Брежнев Монгол улсад айлчилж ирээд, гэрээ хэлэлцээр хийж, явснаас хойш УБ хот барилга байгууламж маш их баригдаж, одоо энэ 12-р микрорайон эднүүд бүгд баригдсан байсан.

Сайнбилэг -

Аж үйлдвэржилт эрчимтэй явагдаж байхад хүмүүс тэрэнд ямаршуу ханддаг байсан? Баярлаж талархдаг байсан уу? Яадаг байсан?

Төрбат -

Аж үйлдвэржилт болоход Монголд бараг ажилгүй хүн бараг байдаггүй, хүн болгон ажилтай хийснийхээ хэрээр одоо цалин авдаг баян чинээлэг хүн ч одоо байдаггүй, ядуу хоосон гуйлгачин ч байдаггүй ер нь нэг хэвийн жигд амьдралтай тийм л байсан даа.

Сайнбилэг -

Та тэгээд Дархан хотод очсон юм байна тээ?

Төрбат -

Тийм. Дархан хотод очиж нэхий эдлэлийн үйлдвэрт 1200-аад залуучууд ажилладаг их том үйлдвэр байлаа. Дархан хотын Дархан II гэж одоо үйлдвэрийн районд нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, селикат цагаан тоосгоны үйлдвэр, цемент шохойн үйлдвэр, эрчим хүч дулааны том станцууд байсан. Тийм үйлдвэрүүд Дархан хотод ажиллаж байсан.

Сайнбилэг -

Ер нь Дархан хотод маш их үйлдвэр байсан юм байна ш дээ?

Төрбат -

Тийм. Дархан хотод болбол намайг тэгж очсон байх үед Дархан хот 1963 оноос л эхэлж одоо найрамдлын Дархан хот барьж байгуулагдаж эхэлсэн. Энд Монголын ардын армийн 3,4 батальон байсан, барилгын. Зөвлөлтийн цэргийн ангийнхан бас ирж барилга барьж, Дархан хотыг босгосон. ЗХУ-ын тусламжаар баригдсан үйлдвэр бол Дархан хотод эрчим хүч дулааны станц, Польшуудын тусламжаар баригдсан үйлдвэр селикат цагаан тоосгоны үйлдвэр, Болгар улсын тусламжтай баригдсан үйлдвэр нэхий нэхий эдлэлийн үйлдвэр гэж Болгарын төрийн тэргүүн байсан Георгий Дмитриевийн нэрэмжит одоо үйлдвэр байсан.

Сайнбилэг -

Дархан хот чинь одоо?

Төрбат -

Дархан хотын мах комбинатыг бол одоо Унгарууд барьж байсан.

Сайнбилэг -

Энэ их олон улсууд байсан байна ш дээ, оросууд, унгар, болгар гээд. Тэр улсуудын тусламжаар гэдэг нь тэр улсаас ирж барьдаг байсан юм уу, хөрөнгийг нь авдаг байсан юм уу ?

Төрбат -

Тэр улсаас одоо хөрөнгө нь чухам ямар байсныг би сайн мэдэхгүй байна, мэргэжилтэн баахан улсууд ирж, монгол ажилчдад тэр мэргэжилтнүүд зааж сургаж, хэлж бариулдаг, тэр үйлдвэрүүдийг барьж байгуулсан. Голцуу цэргийн улсууд л тэр үйлдвэрийг барьж байгуулсан гэж ингэдэг.

Сайнбилэг -

Орос ажилчид их байсан биз?

Төрбат -

Байсан. Дархан оросын бараг тосгон байсан. Тусдаа сургуультай тусдаа клубтай, Дархан хотод орос цэргийн анги ч их байсан. Дархан хотод мөн гурилын үйлдвэр бас ашиглалтанд орсон байсан, их олон үйлдвэрүүд ажиллаж байсан, Дархан хотод. Дархан хотод тэр үед Монголын 18 аймгаас залуучууд ирж илгээлтээр ирж ажилладаг байсан. Тэрний нэг жишээ нь селикат цагаан тоосгоны үйлдвэрт Ховд аймгийн төвийн 10 жилийн сургууль төгссөн Цэдэнпил гэж охин ирээд Хөдөлмөрийн баатар байсан. Цагаан тоосгоны ээлжийн оператороор ажиллаж байсан. Одоо тиймэрхүү жишээ байдаг даа. Дархан хотод туслах Шарын голын том нүүрсний уурхай байгуулагдсан. Шарын голоос голдуу нүүрс тээвэрлэж авчирч, Дархан хотын дулааны станцыг одоо түлшээр хангадаг байлаа.

Сайнбилэг -

Таны бодлоор жишээ нь, аж үйлдвэржилт яваад л нэгдэлжих хөдөлгөөн хөгжиж явагдаж байсан. Монголчуудын амьдрал, монгол хүмүүсийн ихэнх нь малчид байлаа ш дээ, таны бодлоор амьдралын туршлагаар ажил яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Ажил хөдөлмөр эрхлэх байдал нь?

Төрбат -

Ажил хөдөлмөр эрхлэх байдал нь голдуу одоо сургууль соёлоор явсан, илгээлтээр ирсэн, ТМС/ техник мэргэжлийн сургууль/, тусгай үйлдвэрлэлийн ТМС-ийн сургууль төгссөн залуучууд маш их ажиллаж байсан, одоо тэр үйлдвэрүүдэд.

Сайнбилэг -

Мэргэжилтэй ажилчид уу?

Төрбат -

Мэргэжилтэй ажилчид. Тэр үед чинь манайд одоо барилгын техник мэргэжлийн сургууль Монгол улсад 2,3 байлаа. Мөн ЗХУ-д барилгын ТМС-д явж төгсч ирсэн төгсөгчид их байлаа, мөн техникум төгссөн залуучууд их байлаа, мэргэжилтэй ажилчид тэр үед их байсан.

Сайнбилэг -

Та тэгээд Дархан хотоос цаашаа амьдралаа үргэлжлүүлээд ярихад дараа нь яасан?

Төрбат -

Би Дархан хотын нэхий нэхий эдлэлийн үйлдвэрт ажиллаж байгаад ХААДС төгссөн инженер механикийн мэргэжил олж аваад тэгээд одоо өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийе гэж бодоод тэр үед бодож байсан тэгсэн, УБТЗ-ын /Улаанбаатар төмөр замын/ Дорнод-Сибирийн төмөр замаас ачаа тээвэр хүлээж авахад төмөр замаар тээвэрлэж байгаа ачаа барааг хүлээж авахад мэргэжлийн инженер хүний хэрэг болж, тэгээд би төмөр замд орж ТЗ-ын намын хорооны товчооны гишүүдийн хурлаар орж, одоо олон улсын хилийн ачаа тээврийн агентаар томилогдож, 1974 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод шилжиж очиж ажилласан.

Сайнбилэг -

Та одоо ТЗ-д ажилд орж л дээ, таны амьдралын туршид та ер нь машин энэ вагоныг амьдралдаа анх удаа хэдэн онд, хаана харж байв, ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Төрбат -

Би амьдралдаа вагоныг 1963 Ховдын 10 жилийн сургууль төгсч, ХААДС-д ирэхдээ л вагоныг анх үзсэн.

Сайнбилэг -

Ямар санагдаж байв?

Төрбат -

За нэг их янз бүрээр санаж бодоогүй, зүгээр. Вагон гэдэг юмыг ном зохиол сэтгүүл 9 шидийн/янз бүрийн/ юмнаас уншиж мэдэрсэн болохдээр зэрэг тиймэрхүү юм байдаг гэдгийг барагцаагаар төсөөлдөг байсан. Тэгээд гайхаж биширсэн юм байхгүй, тэгээд яахав.

Сайнбилэг -

А та онгоцыг хэзээ үзэв?

Төрбат -

Онгоцыг би 1948, 49 оны үед л онгоцыг анх агаараар нисч явахад нь харсан. Тэр үед манай баруун аймгийнхан онгоцыг эрплан гэдэг. Тэр үед АН-2 гэдэг онгоц , ЗХУ-ын.

Сайнбилэг -

Өмнө нь эрплан гэсэн үү?

Төрбат -

Эрплан явж байнаа л гэж хэлдэг байсан, хөдөө. Эрплан гэж, эрплан нисэж байна гэж хэлдэг байсан.

Сайнбилэг -

Сонин санагдаж байв уу?

Төрбат -

Сонин санагдахаар барахгүй, тэрийг одоо ер нь анх анх дуу гарахад нь гадаа гэрээс гарч зогсоод далд орон ортол нь хардаг байлаа. А мөн намайг бага байхад чинь баруун хязгаарт чинь анх машин явахад чинь машиныг их сонирхоно, тэгээд машин явсан зам дээрээс одоо машины тэндээс яваад өнгөрсний ард зам дээр нь очиход тэндээс нэг их хачин үнэр гардаг, одоо бодоход бензин тосны үнэр л байсан байгаа байлгүй. Покрышканы (машины дугуй) үнэр байсан юмуу, одоо тийм үнэр үнэртдэг. Манай нутгийн адуу мал их үргэдэг, машинаас адуу бол дагаад алга болдог, алдагддаг, тийм байлаа ш дээ, машин дагаад. Анх тэгж л одоо техник үзсэн, бага байхдаа сургуульд ороогүй байхдаа би нэг хөдөө одоо багийнхаа нутгаас сумын төв орохоор нэг хүргэн ах Сунгарав гэдэг хүнтэй одоо бодоход нэг тэр үеийн ГАЗ-63 гэдэг машинаар Горькийн автозаводын Оросын тийм машин дээр сууж сумын төв орж ирсэн. Дээр нь сууж явахад ерөөсөө хажуу тийшээ газар харахаар тээрэм эргэж байгаа юм шиг л эргэлдэж байсан, бодвол толгой эргэж байсан байх л даа, бага болоод. Тэгж л анх машин дээр сууж үзсэн юм байгаа юм байна. Машин дээр сууж үзэхэд 7, 8 орчим л настай байсан байх. Одоо бас сайн санахгүй байна л даа.

Сайнбилэг -

Хамгийн анх та телевизийг хаана харав?

Төрбат -

Би телевизийг 1967 онд цэрэгт байхдаа л УБ хотод анх харсан.

Сайнбилэг -

Ямар сэтгэгдэл төрөв

Төрбат -

Ер нь сайхан юм байна л гэж боддог байлаа. Айлд л одоо телевизор гэдэг юмаар чинь кино гарч байна гэж л, урд нь кинотеатрын дэлгэцнээс кино үзэж, 9 шидийн юм үзэж байсан болохоос айл гэрт тэр юм тэр чигээрээ гарна гэдгийг анх удаа харж хүн болгон л гайхаж биширч, 1967 оны 11 сард энэ Монголд одоо энэ гандангийн хойд талд телевизийн тэр байр баригдаж, Улаанбаатар хотод одоо телевизор их айлуудаар гарч эхэлсэн, телевизортой айл их цөөхөн байсан, тэгээд тэд одоо хэсэг айлуудын дунд нэг л телевизортой айл байхад бараг тэр айлд нөгөө телевизор үзэхээр цуг гэрт нь одоо пиг дүүрэн тийм л байдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Та анх бүр хөдөө байж байгаад хөдөөнөөс сумын төв, сумын төвөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл хотод иржээ. Тэр үеийн УБ хотын амьдрал ямар ялгаатай байв? Хүмүүс нь ер нь яаж амьдардаг байсан бэ?

Төрбат -

Надыг 63 онд 10 жил төгсөөд УБ хотод ирэхэд ерөнхийдөө л аймгийн төв УБ хот 2 бол том хэмжээгээр хэмжээгээрээ л ялгагддаг байсан болохоос амьдралын хувьд бол ойролцоо л юм шиг санагддаг байсан.

Сайнбилэг -

Хүмүүсийн өмсөж зүүх идэж уух нь ялгаатай байсан уу?

Төрбат -

Өмсөж зүүх хувцасны хувьд бол хот газрын улсууд арай боловсронгуй ер нь голцуу Европ хувцас л өмссөн тийм л, байсан ш дээ, УБ хотынхон чинь.

Сайнбилэг -

Европ хувцас гэхээрээ яг юу юу байв?

Төрбат -

Костюм, пиджак, пальто

Сайнбилэг -

Пальто?

Төрбат -

Аан. Тийм юм өмсдөг. Хүйтэн цагт өвлийн ботинк өмсөнө, зуны цагт бол зуны ботинк өмсөнө. Костюм пиджак өмсдөг, цув өмсөх жишээтэй хавар намар болбол, гадуураа. Тийм л байсан даа.

Сайнбилэг -

Та тэгээд Сэлэнгэд очсон юм уу, тэгээд ? Сэлэнгэ аймагт очоод?

Төрбат -

Сэлэнгэ аймагт очоод Сүхбаатар өртөөний УБТЗ-ын СБ өртөөнд би УБТЗ-ын ашиглалтын албаны даргын тушаалаар тэнд олон улсын ачаа тээврийн агентаар томилогдож очсон юм, би. Тэгээд очсоныхоо маргаашаас эхлээд ажилдаа орж эхэлсэн дээ, ТЗ-д. А тэгэхдээ ТЗ-д ажилд ороход хуучны ЗХУ-ын Дорнод-Сибирийн төмөр замаар тээвэрлэж ирсэн ачаа барааг ЗХУ-ын хилийн өртөө Наушка дээр Монголын төмөр замын бие төлөөлөгч нар хүлээж авдаг байсан юм, Наушка өртөөнд. Тэнд очиж л одоо тэр ажлыг хийж эхэлсэн дээ.

Сайнбилэг -

Та ер нь шашин шүтдэг байсан уу?

Төрбат -

Би шашин шүтдэггүй байсан. Намайг одоо мэдээ орсон багаас эхлээд Монголд чинь тэр шашин гэдэг юмыг чинь үгүй хийчихсэн байсан юм чинь шашин шүтэхийг ерөөсөө мэддэггүй, одоо хүртэл мэддэггүй ш дээ.

Сайнбилэг -

Таны ээж шашин шүтдэг хүн байсан уу?

Төрбат -

Манай ээж нэг их шүтэж сүйд болоод байдаггүй хүн байсан.

Сайнбилэг -

Бас уу?

Төрбат -

Манай аав ч шашин шүтдэггүй хүн байсан.

Сайнбилэг -

Ер нь бол Ховд аймагт тэр таныг бага байхад хүмүүс шашин шүтлэгээ яаж хадгалж ирж байсан болж таарч байна?

Төрбат -

Шашин шүтлэгийг бол тэгээд одоо яахав дээ, хааяа нэг энд тэнд ном уншдаг ганц нэг хоёр хүн үлдсэн юм дөө, ихэнх нь одоо тэгээд чадалтай лам нарыг эсэргүү одоо тэгээд чадалтай лам нарыг эсэргүү гэж бариад бүгдийг нь одоо шийтгэхийг нь шийтгээд, цаазаар авахыг нь аваад, ингэчихсэн болохдээр зэрэг тийм юм хийдэг хүн ч одоо айж ичээд бараг хэлдэг ч үгүй, шашны ном мэддэг улсууд ер нь тэр хүнд юм хэлж өгдөг ч үгүй, ном уншдаг ч үгүй байсан цаг шүү дээ.

Сайнбилэг -

Хэрвээ шашин шүтээд тэр үед ингээд байдаг бол яадаг байсан бэ? Бурхан тахил эд нартай байж байгаад баригдвал яах уу?

Төрбат -

Аа тэгвэл шийтгэнэ.

Сайнбилэг -

Яаж шийтгэх үү?

Төрбат -

Одоо хуучны суртал ухуулгын шарын шашин дэлгэрүүлсэн барьсан гэж л ярьдаг байсан ш дээ, тэр үед.

Сайнбилэг -

Хэн ирж шалгах уу?

Төрбат -

МАХН/ Монгол Ардын Хувьсгалт Нам/ одоо тэр л аймаг сумын захиргаа одоо багын дарга ч гэсэн одоо тэрнийг чинь хориглож явдаг л тийм л байсан ш дээ. Манай Монгол улс тэр үед гандан хийд гэж тоотой хэдхэн ламтай нэг ёсондоо музейн шинжтэй, ганц одоо шашны байгууллага үлдсэн ш дээ, нэг ёсондоо. Музей гэсэн үг ш дээ. Тэр үед бол тэрнээс шашин дэлгэрүүлсэн юм байхгүй. Харин 1990 онд одоо ардчилал гарснаас хойш л Монгол оронд одоо шашин Монголд дэлгэрсэн дэлгэрч байсан тэр шарын шашин янз бүрийн урсгалын шашин одоо дэлгэрч байгаа .

Сайнбилэг -

Та тэгээд тэтгэвэртээ гартлаа тэр ажилдаа байсан уу?

Төрбат -

Аа би Сүхбаатар өртөөнд 1974 оноос 1991 он хүртэл ажилласан. Тэгээд өөрийн биеийн байдал муудаж группт орсон юм би. Тэгээд групптай байж байгаад л өндөр насны тэтгэвэртээ гарсан даа.

Сайнбилэг -

Та ер нь анх Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэн ш дээ, тэр тухай та юу гэж боддог байсан бэ?

Төрбат -

Би Монголд эхлээд л 1990 онд Ардчилсан хөдөлгөөн гарч ардчилал үүсэхэд бие муу, УБТЗ-ын эмнэлэгт хэвтэж байсан, тэр үед л Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлалаа, ардчилал үүслээ гэж эмнэлэгт хэвтэхээсээ урд ардчилсан холбоо эвсэл гэж УБ-т байгуулагдсан гэнээ гэж Сэлэнгэ аймагт дуулдаж байсан.

Сайнбилэг -

Та түүнийг яаж хүлээж авав?

Төрбат -

Санжаасүрэнгийн Зоригоор ахлуулсан тийм одоо хөдөлгөөн гарсан байнаа л гэж дуулж байсан. Тэрнийг би одоо аль ч талыг нь барьж ойлгосон юм байхгүй, тийм л юм гарсан юм байх л гэж боддог байсан.

Сайнбилэг -

Ер нь танд ардчилал гарснаар юу өгсөн юу авчирсан гэж боддог вэ?

Төрбат -

За, ардчилал гарснаас хойшоогоо над болон Монголын бүх хүмүүст эрх чөлөөтэй жаахан, дураараа хэлэх гэсэн үгээ хэлж чаддаг л одоо болсон, Монгол орон болбол ардчилсан хөдөлгөөн гарснаас хойш сайн сайхан болсон юм ч их байна, саар буруу дагавар ч байгаа л даа. Ардчилсан хөдөлгөөн гарч ирээд хэтэрхий одоо манай ХАА маш их бүтээн байгуулалтыг жишээлбэл САА/сангийн аж ахуй/, нэгдлүүдийг хувьчилж их яаран хувьчилсан, ямар ч бодол санаа нэлээн дутуу дулимаг хувьчилсан л гэж бодож явдаг ш дээ, а тэрнээс урд Монгол орон маш олон САА-тай байсан би одоо тоогий нь мэдэхгүй байна, Монгол улсын үр тарианы гол САА-нууд Төв аймаг, Сэлэнгэ аймаг 2-т байлаа, Сэлэнгэ аймгийн 20-иод сум болгон САА болчихсон, дандаа газар тариалан эрхэлдэг, хадлан тэжээл бэлддэг 2 САА байсан, бусад нь үр тарианы САА байсан, Дархан Сэлэнгийн районд чинь намар ургац хураах үеэр тариа будаа чинь зам талбайгаар бүтэн дүүрээд овоолдоод, албан газрууд очиж тариа буулгадаг, ээлжээр тэр тариаг эргүүлдэг тийм л байсан. Тэгээд ЗХУ-д хуучин ЗХУ чинь тариаг экспортолдог. Би одоо хил дээр ачаа барааг дамжуулж тийм ажил хийж байсан болохоор би сайн мэдэж байна л даа.

Сайнбилэг -

Та ардын хувьсгалын үр дүнд юуг илүү их мэдэрч юу мэдрэв? Эрх чөлөөтэй болж байна гэж байна тиймээ?

Төрбат -

Эрх чөлөөтэй боллоо, тэгээд хүмүүс нааш цааш явах, газар орон үзэх, сурч боловсрох, энэ бүхэн бүгд л одоо их чөлөөтэй болсон байна шүү дээ.

Сайнбилэг -

Та анх өмч хувьчлалыг хэдийд сонссон бэ? Одоо хувьчлал боллоо ш дээ, хувьчлал болоод хувьчлалыг анх удаа яаж зарласан бэ? Та тэр үед чинь Сэлэнгэд амьдарч байсан юм байна ш дээ, тиймээ? Тэр газар чинь хувьчлалыг яаж зарласан юм?

Төрбат -

Хувьчлал 95,6 оноос л эхэлсэн дээ, 95,6 оноос эхлээд л САА-н малчдад нэгдэл САА малчдад давуу эрхээр малыг нь хувьчилж өгсөн, а тэнд чинь сум нэгдэл САА-н дарга нар бол давуу эрхээр өөрснөө хоршоолол гэдэг юм байгуулж, ялангуяа ХАА-н нэгдлүүдэд баахан нэгдлийн мал авч хоцорсон, тэгээд сүүлдээ дампуурлаа гэдэг нэрээр өөрснөө баяжаад л өнгөрсөн шүү дээ, яг үнэнийг хэлэхэд.

Сайнбилэг -

Ямар хэлбэрээр хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмшиж авсан бэ?

Төрбат -

Дээр үед Засгийн эрх тушаал мэддэг дарга нар л голцуу өөрийнхөө хариуцаж байсан обьектын хөрөнгийг давуугаар компани нэртэйгээр авах тэгээд сүүлдээ баяжиж овоо болсныхоо дараа компанийн ажилчид цалингүй болохдээр дампуурлаа гэдэг нэрээр тарааж хаяад л өөрснөө баяжиж аваад л тэгээд л, тараагаад хаясан юм ш дээ.

Сайнбилэг -

Та өмч эзэндээ очоогүй гэж боддог уу?

Төрбат -

Зарим өмч болбол зохих очих ёстой эзэндээ очиж чадаагүй очлоо ч гэсэн дутуу дулимаг очсон хөдөлмөрчид ард түмэнд бол нэгэн жигд тэгш хуваарилсан юм байхгүй байгаа ш дээ, улсын өмч хөрөнгийг.

Сайнбилэг -

Цэнхэр ягаан тасалбар байна гэсэн, тэр ямар учиртай юм бэ?

Төрбат -

Тэр яахав, нэг түр зуурын ард түмний амьдралыг одоо юу гэх юм б дээ, түр зуур л гайгүй болгохын тулд улсаас л нэг тийм юм гаргасан ш дээ.

Сайнбилэг -

Та тэрийг авсан уу?

Төрбат -

Авсаан, авсан. Тэрийг аваад одоо энэ биднүүд чинь ам бүл 4-үүлээ 4 хүний тасалбар цэнхэр ягаан 2 тасалбар авч авахдаа нэг тасалбарыг чинь худалдаж авсиймаа, тэрийг чинь хэдээр ч билээ.

Сайнбилэг -

Үнэгүй өгөөгүй юу?

Төрбат -

Үнэгүй өгөөгүй ш дээ, Өө за. 1 хүний тасалбарыг чинь 1000 төгрөгөөр ч авлуу, 1500-р ч авлуу, тэгж авсан. Тэр тасалбараа 2,3 жил хадгалаад одоо энэ НИК гэдэг компанид өгөөд тэгээд нэг жил 7000 төг, 1 жил 12000 төг аваад л. Тэгээд л сураггүй болсон доо.

Сайнбилэг -

Одоо тэрэндээ байгаа юу, байхгүй юу?

Төрбат -

Байдаг л байхгүй юу, мэдэх юм алга, сураггүй болсон юм чинь. Тэгээд одоо энэ хөрөнгийн бирж, 2006 онд Сэлэнгэ аймагт очсон юм байгаа юм. Тэгэхэд л асуухад одоо энэ улсууд зөндөө байгаа тэр компани дээрээс л очиж зарга хийж хөөцөлдөх хэрэгтэй гэж хэлсэн. Би тэгээд хөөцөлдөж чадаа ч үгүй л дээ.

Сайнбилэг -

Тэр яг улаан ягаан тасалбар гэдэг нь яг ямар учиртай юм бэ, улаан тасалбараар нь яадаг юм?

Төрбат -

Том хувьцаа гэдэг нь улаан цэнхэр 2, а тэр том хувьцаа нь болохдээр улаан гэж жижиг хувьцаа нь бол жижиг хувьцаагаа хаана ч өгч чадаагүй, тэгээд үхүүлээд хаячихсан байгаа ш дээ. Авдранд хадгалагдаж л байдаг.

Сайнбилэг -

Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Төрбат -

Миний амьдралд одоо бусдаас онцлоод гойд гоц хүнээс илүү гарах юм байхгүй. А нэг л жирийн нэг л Монголын иргэний л амьдралаар амьдарч яваа тэгээд л.

Сайнбилэг -

Та түрүүн өөрийнхөө амьдарч байсан Ховд руу явсан гэлүү?

Төрбат -

2003 онд нутагтаа нэг явсаан.

Сайнбилэг -

Таны бодлоор эргэн тойронд буй байгаль орчин яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Төрбат -

Надыг одоо бага байхад байсан нутаг орон болбол маш их гандаж, булаг шанд гол ус их хатаж, хуурайшсан, мөнх цастай байсан уулын мөнх цас нь байхгүй болсон би бол тэр өндөр Алтайн нурууны өвөрт л, Алтайн нуруунд л төрж өссөн хүн юм чинь. Тиймэрхүү болсон байсан. Маш их ган зун болоход ган болдог өвөл болоход зуд болдог, өвс ургамал ургах нь бага болсон, царцаа маш их гарч зун жаахан өвс ногоо гарахаар царцаа цохьчихдог, зуданд малаа их үхүүлсэн, миний байх үеийг бодвол манай нутгийн хувьд л их л ядуурсан байна лээ.

Сайнбилэг -

Ер нь таны бодлоор Монгол орон таны эргэн тойронд байгаль орчин яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ?

Төрбат -

Сүүлийн үед ч одоо Монгол орон намайг бага байхад чинь одоо өвөг дээдсүүд булгийн усанд хүртэл одоо сүү цагаан идээ ч юм уу, улаан юм дусааж болохгүй, бараг ус аваад ирэхдээ цэвэрхэн шанагатай, аятайхан авчир гэж хэлдэг л байсан. Сүүлийн үед ч одоо 9 шидийн үйлдвэр уурхайнуудад энд тэнд ашигт малтмалын нэрээр гадаадууд их лиценз авч, Монголын эвэртэн мэдэлтэнгүүд чинь одоо лицензийг тарааж өгөөд л, тэгээд л энэ цөөхөн баячуудын мэдэлд л одоо энэ Монгол орны газар нутгийн дор нуугдаж байсан баялгуудыг бүгдийг нь онгичиж, талхчиж л их л буруугаар л ашиглаж байна гэж би боддог. Энэнээс болж би 1992,3 оноос намайг Сэлэнгэ аймагт амьдарч байхад тэр Тужийн нарс 2,3 зун ямар ч унтраасан юм байхгүй, тэгээд шатаж дууссан. Тэгээд л хөрөөдөж аваачиж Хятад руу зөөж гаргаад л, энд тэнд жаахан мөнгө төгрөгтэй улсууд нь хөрөө –рам байгуулж палк зүсээд л ашиг хонжоо хайгаад л, ингээд л модыг нь бол бүгдийг нь огтолж газрыг нь нэлээн онгичиж сэндчиж нөхөн сэргээлт хийх юм байхгүй баахан онгилоод хаячихсан одоо тийм л зэрэмдэг болгоод хаячихсан, одоо тийм л зэрэмдэг болгоод хаячихсан газар үлддэг болж, Монгол орон бол байгалиа хамгаалах талаар ерөөсөө сүүлийн үед ардчилал гарснаас хойш тэр талын юм алдагдсан л гэж хэлнэ. Энэнээс урд намайг бага байхад бол байгалиа бол их хайрладаг хүндэлдэг, тэр дээдэс уламжилж тахиж шүтэж ирсэн уул ус, тэр ой мод баялгаа хайрлаж хамгаалж, тэрнээсээ арвич хямгач өөрийнхөө хэрэгцээний хэрээр л авч ашиглахаас ашиг хонжоо олж гадаад дотооддоо тэгж зарж борлуулна гэж тэр хайр гамгүй тэгж байгаагүй юм чинь.

Сайнбилэг -

Энэнээс болж гандалт хуурайшилт явагдаж байгаа гэж та бодож байна уу?

Төрбат -

За энэнээс ч болж байгаа байх гэж бодож байгаа.ерөөсөө тэр дэлхийн цаг уурын байдал их дулаарах төлөвтэй болчихсон, одоо энэ өвөл хүртэл дулаахан болчихсон байгаа ш дээ, сүүлийн үед.

Сайнбилэг -

Таныг бага байхад өвөл их хүйтэн байдаг байв уу?

Төрбат -

Өө их хүйтэн. Одоо дөчин хэдэн градустай, гучин хэдэн градус 40 хүрч л одоо тэгж л өвөлд чинь их л хүйтэн байдаг байсан. Одоо зуны улирал дээр үед чинь их сайхан, урт дулаахан сайхан зун болдог байсан, одоо зуны улирал чинь богино болсон ч юм шиг ийм л болчоод байх шив дээ.

Сайнбилэг -

Ер нь таныг бага байхаас эхлээд таны амьдралын туршлагаас үзэхэд гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн гэж үздэг вэ?

Төрбат -

Гэр бүлийн амьдрал надыг бага байхад чинь одоо бие биенээ хайрласан хүндэлсэн, ер нь л одоо их дотно амьдардаг байсан. Одоо сүүлийн үед зарим нэг улсуудыг харж байхад чинь тэгээд ажил төрөлгүй залуучууд ч их болж, салж сарних бие биенийгээ дээрэлхэж доромжилсон, дарангуйлсан амьдрал энд тэнд харагдах л болсон байна л даа.

Сайнбилэг -

Ер нь төрийн бодлого гэр бүлд чиглэсэн төрийн бодлого яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Гэр бүл болоход төр нь дэмжиж байсан юм уу, яасан юм, тэр талаар?

Төрбат -

Дээр үед намайг бага байхад бол гэр бүлийг улсаас нэг их дэмжиж туслаад байсан юм байхгүй 57 онд 58 он шилжих өвөл л одоо олон хүүхэдтэй эхчүүдийг төрөөс харж хандаж нэг 500 төг 1-р зэргийн одон авсан хүнд, 7-с дээш хүүхэдтэй хүн 1-р зэргийн одон өгч 500 төг-тэй, 5-с дээш хүүхэдтэй 2-р зэргийн одон авдаг, тэгж л одоо олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг одоо нэг харж хандсан тийм л байсан.

Сайнбилэг -

Тэр одон ямар учиртай юм?

Төрбат -

Тэр одон яахав дээ, тэр үедээ л одоо ер нь одон медаль гэдэг нэг үедээ хүнийг төр засгаас урамшуулсан таних тэмдэг юм уу л гэж би боддогийм ш дээ.

Сайнбилэг -

Тэр нь тэгээд мөнгө төгрөг өгдөг юм болов уу, яадаг юм болоо?

Төрбат -

Одон медалиуд ч одоо мөнгө төгрөг бага зэрэг дагадаг одонгууд ч одоо “Эхийн одон”, “Сүхбаатарын одон” мөнгө дагадаг, бусад одон мөнгө дагадаггүй байхаа. Би өөрөө одон медаль авч байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм.

Сайнбилэг -

Би танаас нэг сонин асуулт тавьж болох уу?

Төрбат -

За

Сайнбилэг -

Монголчууд дээр үеэс нас барсан хүмүүсийг яаж оршуулдаг байсан бэ? Зарим үед ил тавьдаг байсан гэж сонссон?

Төрбат -

Дээр үед нас барсан улсуудыг одоо бараг нэгнээсээ нуух шахуу одоо, 2 юм уу, 3,4 хүн аваачиж одоо тэмээн дээр араггүй тэгнээд л, манай нутагт аргал түүдэг аргыг 2 талд нь доош харуулаад ингээд тэмээн дээр тэгнэчихээд, бөхнийх нь дотор нөгөө хүнийг чинь хөндлөн ингээд доор нь нэг эсгий гудасны хэмжээтэй эсгий тавиад, тэгээд л дээгүүр нь цагаан юмаар бүтээгээд л, авч очоод л, зүгээр нэг хүн нутаглуулдаг тийм тогтсон оршуулгын газар байхгүй юм чинь, одооны яриагаар бол айл амьтан нутагладаггүй хондорхуу газар,

Сайнбилэг -

Ямар газар гэнээ?

Төрбат -

Хондорхуу газар, эзэнгүй бууцархуу газар мөртлөө айл амьтан нутагладаггүй, ийм газар л хонхор нар луу харсан, ээвэрдүү уулын энгэр, толгой бэл, мэлэрхүү тийм газар л одоо хотгор, тавьдаг, чулуу дэрлүүлж, нар луу толгойг нь харуулаад, хавиргаар нь тавина.

Сайнбилэг -

Нар луу харуулаад уу?

Төрбат -

Нар гарах зүг рүү харуулахгүй юу, одоо. Дорно зүг рүү.

Сайнбилэг -

Толгойг нь уу?

Төрбат -

Нүүрийг нь харуулаад. Нар тусдаг газар луу нүүрийг нь харуулаад тэгээд чулуу дэрлүүлээд хавиргаар нь хэвтүүлээд доошоо ийшээ харж хэвтсэн хүний энэ гарыг нь /гараараа үзүүлэв/ чулуу толгой 2-ын нь дунд гарыг нь хавчуулж тавиад, 1 гарыг нь ташаан дээр нь тавиад, дээр нь цагаан ямбуу гэж одоо даавуугаар бүрхээд 4 булан дээр нь 4 жижиг чулуу тавьчихаад одоо тэгж л оршуулдаг байсныг би одоо мэдэж байгаа.

Сайнбилэг -

Одоо тэгээд яаж өөрчлөгдсөн бол?

Төрбат -

Тэгээд л мянга есөн зуун 60,70-аад оноос хойш л энэ төв суурин газар чинь одоо Европ маягаар гэхүү дээ, тэр оршуулга манай Монголд дэлгэрч одоо энэ газар ухаж, газарт одоо авс нэртэй хайрцаг саванд шарилыг нь хийж, тэр малтсан нүхэнд аваачиж тавьж, нэр усыг нь төрсөн он, нас барсан оныг нь чулуун хөшөөрхүү юм босгож пайлуур босгож, ингэж л одоо тэмдэг тавьж л оршуулдаг болсон, одоо сүүлийн үед бас боловсронгуй болж, чандруу хийх маяг руу шилжиж байгаа юм шив дээ.

Сайнбилэг -

Та одоо энэ орчин үеийн хүүхдүүд байна ш дээ, хүүхдүүдийн амьдрал таны бага байх үеийн амьдрал маш их ялгаатай болсон доо?

Төрбат -

Тийм

Сайнбилэг -

Тэгэхээр таны бага насны үед тэр хүнд хэцүү амьдрал байсан, тэр тухайгаасаа ярьж өгнө үү? Ямар сонирхолтой сонин юм болдог байсан бэ?

Төрбат -

За. Би ч одоо багадаа 5 настайгаасаа эхлээд л морь унаж сураад л, хурдны морь унаж одоо хурдны морийг чинь одооны хүүхдүүдийн бөгсөн дор одоо нэг бараг жийрэглэх юм бараг байхгүй шахуу, зандан морь унаж уралддаг, бөгс шалбардаг одоо, морины хөлсөнд одоо өмд нордог, гуя их хорсдог дотно тал нь тиймэрхүү л байсан юм даа, хурдны морь унахад. Тэрнээс гадна миний бага үеийн бол хүүхдүүд одооны хүүхдүүдээс төсөөлөхийн аргагүй бүдүүлэг л үед бага насыг авсийм даа. Өглөө эрт босч, заводон дээр өглөө 5 цагт л одоо дуудаж босгож үнээ мал ивэлгэнэ, ажил их хийнэ, орой харанхуй шөнө болтол ажил хийнэ, хөдөөний малчдын ажил барагдах биш, ногоо гарснаас хойшоогоо намар орой хяруу хаях хүртэл л одоо хөл нүцгэн явдаг, хөл сайртчихсан доод тал нь үе үеэрээ ингээд тас тас үсрээд ингээд өвдөөд, тийм л байдаг байсан. Хүний эх болохдээр зэрэг ээж маань л хонины сүүл мүүл галд шарж, тосыг нь хагархайд нь дусаах, түрхэж ингэдэг л байсан. Би ч одоо 6, 7 настайгаасаа эхлээд л Алтайн тэр өндөр ууланд чинь уулын хяр даваад л, одоо 10-аад км хиртэй газар, дор хаяхад л 5, 6 км хэртэй газар явж л тэр сарлагийн үхэр хурааж, Тэр Алтайн цастай уулан дунд чинь мод тулаад л, тэр их өндөр эрс газар чинь ингэж л барьж зулгаагаад л тэр үед чинь нөгөө цасан хунгартай тийм газар чинь тэгж л явж сарлаг хурааж, ирдэг, одоо тэгэхэд чинь. Тэр үед эсгий гэр нөгөө дээр үед задгай тулгатай байсан гэж хэлдэг ш дээ, гэрийн бүрээс ч гэсэн уранхай цоорхой байсан, гал гадна орой харанхуй шөнө болсон байхад чинь л одоо, үхэр хурааж ирээд , тэр ширгээгүй саадаг үнээнүүдийн тугалыг нь барьж уяна ш дээ. Уячихаад орж ирэх гэж байхад чинь тэр галын гэрэл гэрийн цоорхойгоор чинь ингээд ёлтойгоод, өлөн өлөн гээд харагдаж байдаг, тийм л байсан. Тэгээд бага байхад ч одоо ер нь махнаас ондоо бараг идэх хоолгүй шахам л тийм амьдралд байсан даа.

Сайнбилэг -

Мах гэж ярилаа ш дээ. Мах элбэг байсан гэсэн үг үү?

Төрбат -

Өөрснөө нөгөө албан журмын юманд арьс нэхийг өгөх гээд маш их олон малыг чинь холбож байгаад л нядална. Бод ална, тийм л байсан. Тэгээд нэг л өнөө орой чанасан мах маргааш орой гэхэд л бараг л идэж бараагүй, гэрийн хананы толгойд тэвш гээд одоо подносорхуу модоор малтаад хийчихсэн, ханын толгойд өлгөчихсөн хөлдүү мах байж л байдаг, дээр нь мах чанаад л гаргаад л, тэгдэг л байсан юм. Түүнээс гадна тэр үед одоо халуун усанд орно гэх юм алга, зуны цагт болбол яахав нэг гол усанд орж, биеэ норгож угааж одоо, даарч хөрч, өлсч цангах тэр амьдралыг л одоо багагүй л туулж ирсэн дээ, бага насанд. Тэрийг бодоход ч одооны хүүхдүүд хэтэрхий энхрий, эрх танхил, дураараа, юм сурах нь яахав, эрдэм ном сурч л байна, түүнээс өөр амьдралын одоо ямар ч юм сурах талаар юм сурч чадаагүй, манайхны хүүхэд битгий хэл залуу үеийнхэн ч гэсэн, Монголын жинхэнэ ёс заншлыг мэдэхгүй ингэж л болж үлдсэн л байх шив дээ.

Сайнбилэг -

Танд одоо өшөө сонирхуулж ярихаар сонин содон, ийм юм асуугаасай гэсэн, ийм юм ярих юмсан гэсэн, хүсэл байна уу, тийм юм байна уу?

Төрбат -

Биднүүд одоо, намайг бага сургуульд сурч байх үеийн амьдралаас яривал одоо сонин юм байх болов уу гэсэн юм байх л юм.

Сайнбилэг -

Бага сургуулийн тэр юмнууд чинь сонин шүү, тэр үед хүүхдүүд яаж сурч байв, сурах орчин нь ямар байдаг байсан?

Төрбат -

Бага сургууль ч одоо тэгээд айлд байх нь айлд байгаад, дотуур байранд байх нь байранд тэгээд өдөрт чинь 4 цагийн хичээл хийнэ. Хичээлээ хийчээд, хичээл тараад л тэгээд айлд байдаг хүүхэд болбол одоо түлээ түлш түүнэ, ус мөс авна, байгаа айлдаа. Одоо гэртээ байлаа ч гэсэн авдаг, дотуур байрны хүүхэд болбол одоо тэр ангийн галч, байрны галч энэ тэрд тусална, гал тогоонд очиж одоо харгана цавчих л, харгана зөөж тэр хоол боловсруулах болгодог пийшин гадна талаасаа амтай тэр лүү нь одоо сэрээгээр улаан өргөстэй харганыг чинь чихнэ шүү дээ, тэгэхлээр зэрэг нэг ганц хавирга, өгөх жишээтэй. Одоо тэрүүнд нь урамшаад, одоо тийм хөлстэй одоо галч нар баярлахтайгаан зэрэг ангийн галчид одоо түлээ, харгана үүрч аваачиж өгнө, цавчиж өгөхөд чинь нэг одоо нэг л нууж барьж л хаанаасаа ч олж авч байсан юм, харандаа ч юм уу, нэг үзэгний хошуу, үзэгний иш уг нь нэлээн хэд явуулж байж өгнө шүү, 3,4 хоног, 7 хоног, хэртэй харгана үүрч өгсний дараа л тийм шагналтай. Тийм байсан тэгээд. Дотуур байранд хүүхдүүд тэр үед бас их өлсдөг, өлөн зэлмэн л явдаг байсан. Бөөс хуурсандаа баригддаг.Амьдрал одоо их л ядруухан, дорой, сургуулийн дотуур байрны одоо тэр гал тогооны галч нар өөрсдөө талх барьдаг, талх чинь гадна тал нь түлэнхий, дотор тал нь түүхий, хар талх нь тэгээд л одоо нөгөө оройны өдрийн хоол моолонд ороход чинь өглөөний цайнд ороход чинь нөгөө сэнжтэй грушкэн аяганд нөгөө талхыг чинь зүсээд, зүсээд хийчихсэн байдаг, тэгээд нөгөө жагсаж очсон хүүхдүүдтэй чинь хоолны заланд дуулаад, баруун зүүн тийшээ столын 2 талаар алхаад яг очоод, цэрэг шиг одоо тэгээд суулгаад, түрүүлж орсон хүүхэд чинь нөгөө булан талхыг чинь чирээд л дээр очоод буцааж тавиулаад л /инээв/. Дотор нь 2 ш ёотонтой өшөө юм байхгүй. Тэр үеийн одоо оросын тос нүүр гаранд түрхдэг, вазелин тосны хайрцганд цэвэрлэж, цэвэрлэж байгаад вазелиний хайрцганд чинь 2 ёотонгоо хийнэ, оройд чинь их даарна, тэр дотуур байр чинь их хүйтэн, харгана түлнэ, нөгөө бочка/торх/-оор хийсэн хар пийшингийн хажууд ингээд нүцгэлчихсэн хэдүүлээ, тэгээд л. Тойроод нэг тасагт чинь 6-8 хүүхэд байгаа юм чинь, пийшин дээрээ шавчихсан, пийшингийнхээ ширмэн дээр вазелиныхаа хайрагнуудыг тавьчихсан, 2 ёотонгоо шарж байгаа юм.

Сайнбилэг -

Хайлуулж уу?

Төрбат -

Хайлуулж байгаа юм. Хярвас амтагдсан нэг ийм шар нүүрс шиг, хайлсан юм. Орондоо орж аваад түүнийгээ долоогоод л нөгөөх чинь одоо их сайхаан/инээв/. Чихэр ховор байсан юм чинь. Домбон сахар гэж нэг шороотой шахуу, одоо нэг тоос дарчихсан тийм юм л сумын хоршоонд байдаг тэгээд хөдөөнөөс аав ээж ах дүү ирэхдээ ганц бор төгрөг өгнө, одоо тэрүүгээр нь нэг 2 ийм домбон сахар авахад чинь тэрүүгээ тэгээд л сумын дэлгүүрээс авсан домбон сахараа байр орох замдаа дотуур байр орохдоо замдаа чулуун дээр хагалаад, их олон жижиг болгочихоод, тэр байрныхаа хүүхдүүдэд хувь хүртээнэ дээ, нэг нэгээр нь. Тэгж өгөхгүй бол дараа нь нөгөө хүүхдүүдэд эргэлт ирэхлээр зэрэг хөдөөнөөс нөгөө сахар ирэхлээр өгөхгүй ш дээ. Чи надад өгдөггүй гээд/инээв/. Тийм жишээний л одоо амьдралтай байсан юм даа. Би одоо ямар сайндаа нэг намайг бага сургуульд байж байхад геологийн хайгуулын оросууд л гэж ярьдаг энд тэнд л одоо тэр бас нэг байгалийн баялагтай газар л мод зод шон мон хатгаж, номертой тийм юм явуулсан юм газрын зураг мураг яаж явсан юм уу, тийм улсууд ирээд морин өртөөний байшин гээд манай байшин сумын төв 2 чинь хоорондоо зайтай, км хиртэй автобусны бараг 2 буудал хэртэй газар байсан юм. Тэрний дунд тэр дэрсэн дотор морин өртөөний байшинд тэр оросууд ирсэн байсан. Одоо манай Ховдын Зэрэг сумын намын дарга байсан Намжил гэж намын дээд сургууль төгссөн Намжил бид 2 оросууд сонирхож очиж байгаа юм даа. Тэгсэн чинь нэг ув улаан уруултай шар хүүхэн дуудаж байгаа юм, бид 2 нөгөө зугтаад айгаад, тэгсэн нэг улаан юм л идээд байна, нөгөөдөх чинь. Одоо бодоход помидор/улаан лооль/ байсан байна л даа, тэр нь. Улаан юм идээд л, дуудаад л. Тэгсэн зугтаагаад байсан хэрэггүй гээд байгаа болтой, тэгэхдээр нь буцаад. Нөгөө байшин руугаа гүйж ороод нэг баахан 14-ийн крамель/хатуу бурамтай чихэр/ гэж байлаа ш дээ, тийм чихэр 14 төг-өөр манайд Монголд зардаг, тийм баахан чихэр авчраад, ингээд атгаж аваад өгөхдээр нь зэрэг очиж авч байгаа юм. Тэгсэн дараа нь бид 2-т чинь цай өгч байгаа юм, одоо бодоход л какао ч юм уу, арай л кофе л өгөөгүй байх даа, тийм одоо гашуун амтагдсан бор юм, молоко /сүү/ хутгаж байгаад л өгсөн, лаазтай молоко. Тэгээд бид 2 баахан бор ятуу, яаж амьдаар нь барьж ирсэн юм, тэр оросууд ятуу алуулж байгаа юм даа, тэгээд би нэг над нэг балиус бариулчихсан, тэр балиусаар банзан дээр тавьж байгаад л толгойг нь ганцхан цавчаад л, цавчаад л сарвагнуулаад, Намжилаараа бариулж байгаад. Тэгсэн чинь бид 2-т баахан чихэр өгөөд, тэгсэн одоо бодоход колбаса/хиам/ одоо бодоход хиам байсан юм байна л даа, нэг ийм годгор юм өгөөд л. Тэгээд тэрнийгээ ид л гээд л, өөрснөө ингээд л хазаад л, идэж үзүүлээд л, тэгээд байгаа юм. Сармис хальсалж өгөөд хүүхэд юм чинь ямар сармис идэж үзээгүй, нөгөөдхийгөө сонгино шиг ийм жижигхэн юм л одоо, хазаж тэгсэн ам гашуу оргиод нүднээс нулимс гоожоод, тэгээд байрандаа хүрээд ирсэн, би тэгэхэд байрны зөвлөлийн дарга ухаантай, дотуур байрны хүүхдүүд нөгөө 4 тасгийн хүүхэд л хариуцна одоо, тэр байранд байгаа. тэгээд л орой ирээд л хоолонд орох цаг болсон, 2-уулаа нэг юм ирээд л, байранд байж байгаад л хоолонд орсон. Тэгээд л гадаа гараад л жагсаад л, тэр гал тогоо ортол жагсаж очно л доо, би нөгөө хүүхдүүдээ жагсаагаад л, тэгж байсан чинь л нөгөө хүүхдүүд чинь Намжилын амнаас өмхий ханхалж байна гээд байдаг, нөгөө сармисны үнэр/инээв/ мэдэхгүй байхгүй юу. Тэгсэн чинь одоо байрны зөвлөлийн даргыг тэр үед одоо ерөнхийлөгч гэдэг байсан байхгүй юу. Энэ ерөнхийлөгчөөс хүртэл өмхий ханхалж байна гээд л нөгөө хүүхдүүд чинь, эмэгтэй хүүхдүүд голдуу шуугилдаад л, тэгж байсан. Тэр санаанаас гардаггүй юм. Тиймэрхүү л бүдүүлэг байсан даа, тэгээд. Сургуульд байхад чинь одоо онц юм уу, сайн гарахад чинь одоо шагнал өгнө. Шагнал нь одоо нэг хэрхэгнэн цагаан даавуун алчуур, тэрэн дээр нэг 4ш дэвтэр, дээр үеийн дугуй цаасан хайрцагтай шүдний оо тийм л юм өгдөг байлаа. Тийм юм авахаар маш их баярлана. Тэгээд сургууль чинь одоо намар 9 сарын 1-нд орчихоод 11 сарын Октябрийн баярын үеэр чинь нэг 7 хоног амардаг юм. Тэгээд өвөл ёлконы үеэр 10 хоног амарна, хагас жилд. Хавар 4 сарын 1-ний үед 7 хоног амарна. Тэгэхэд чинь одоо нэг сургуулийн түлээний хашаан дотор ороод л, овоолчихсон тэр харгана, улиасны орой дээр гараад л суучихна, нөгөө хүүхдүүд чинь. Хавар болохдээр нөгөө унаагаа эрж гэртээ харих гэж байхгүй юу, тэгээд л нөгөө унаа ирж байна уу гээд л, нүдээ хөхөртөл хараад байна. Тэгж байгаад л одоо нэг хөдөөнөөс аав ээж ах дүү аль нэг нь одоо морь хөтлөөд ч ирдэг юм уу, тэмээтэй ч ирдэг юмуу, тэгээд л нэг аваад явна даа. Тэгээд л гэртээ хариад л нэг хэдэн хоног сайхан байж байгаад л, буцаж ирнэ.

Сайнбилэг -

Та одоо Дандар гуайтай хамт ойрхон байсан, Дандар баатар гуай чинь Монголын түүхэнд нэлээн алдартай хүн шүү дээ, тэр хүний тухай гоё аятайхан ямар дурсамж байна?

Төрбат -

Дандар гуай, би ч одоо цэрэгт очоод 1 жил нь их бууны албадын хэрэг хөтлөгч хийж байгаад, сүүлийн 2 жил нь Дандар гуайн бичээч хийсэн гэж ярьсан ш дээ, түрүүн. Дандар гуайн бичээч хийж байхдаа тэгээд Дандар гуай нэг одоо энэ хотын комендантын дарга болоод 032-р ангийн дарга болчихоод ирж байхдаа тэр ангийн хамт олныг бүгдийг нь цуглуулаад Халхголын тухай нэг ярьсан.Тэгтэл одоо Дандар гуай тэр 39 оны Дандар гуай чинь Булган аймгийн Бүрэгхангай суманд нутагтай гэж ярьдаг. Үндсэн гарал нь бол ээж нь бол эхийнхээ гэдсэнд Булганд ирсэн хүн, Ховд аймгийн Цэцэг сумын хүн, Дандар гуай уг нь. Ард Аюушийн удмын хүн, бараг хамаатан садан хүн гэж ярьдаг юм. Тэгээд Дандар гуай 1938 онд 37 онд хойно ЗХУ-д хуучнаар Тамбовын морин цэргийн дунд сургууль төгсч ирээд тэр үед одоо энэ офицерийн сургууль гэж байсан тэр офицерийн сургуульд морин цэргийн хичээл заадаг багш, бургас цавчдаг, тэгээд л нэг ёсондоо хүний толгой цавчих л сургууль хийлгэдэг, бургас цавчуулаад л морьтой, тэгж байж байгаад мянга есөн зуун Халхын голын 17-р морьт хорооны даргаар очсон байгаа юм. Тэгээд 17-р морьт хорооны даргаар очсон байгаа юм. Тэгээд 17-р морьт хорооны дарга болж байж байхад нь тэр үед одоо нөгөө манайхны чинь баахан цэргийн дарга нар марыг чинь Дотоод Яамныхан барьж авдаг, нөгөө эсэргүү гээд л баригддаг байсан байгаа юм. Тэгээд байж байхад нь нэг өдөр Дотоод Яамны МБКАВ/Машины марк/-тай ногоон малгайтууд гэж ярьж байгаа юм л даа, очсон, Дандар гуайг дуудсан байна, тэгээд дуудаад Дандар гуай чинь... ,,Би л одоо баригдах болж дээ, ямар хэрэг хийлээ.. л гэж бодоод байдаг байсан, бодож байгаад л нэлээн айж, айж байгаад л очсон чинь тэр маршал Чойбалсангийн гарын үсэгтэй одоо тийм цахилгаан өгсөн байгаа юм, Дандар гуайд. Тамсагийн 6-р девизийн дарга нь тэрний дарга нь Шарийбуу гэдэг хүн байж байгаад тэр Японы 6-р девиз чинь тэр Японы бүслэлтэнд ороод ер нь бараг нь одоо их сүйрэлд орсон, тэр одоогоор бол тэр ангийн захирагч тэр үед девизийн дарга Шаарийбуу гэдэг хүн нас барсан байгаа юм. Нас барсан Шаарийбуу гуайн оронд томилсон тийм тийм юм өгч байсан гэж байгаа юм. Тэгээд мань нөхөр их баярлаж байлаа гэж ярьж байгаа юм л даа. 17-р морьт хороонд байж байхад урд нэг Японы 14-р явган хороо гэдэгтэй байлдаад одоо тэр Халх голын хэддүгээр ч элсэн манханд билээ, Дандар гуай тэр өндөрлөгүүдийг бараг тоогоор нь ярьдаг юм л даа. Тэнд байлдаж байгаад нөгөө байлдаад, манай Дандарын хорооныхон ялалт, ялаад тэгсэн тэр захирагч нь дарга нь олдоогүй, тэр 14-р явган хорооны дарга нь олдоогүй тэгээд ингээд нөгөө нөхдүүдээс ганц нэг олзолж барьсан улсуудаас асуусан, ийшээ ингээд зугтаад бариад явсан гэж ярьсан юмуу, яасан юм, тэгээд араас нь морин жолоочтойгоо бас нэг офицертой тэр офицерийнх нь нэрийг би мартчихаж, морин жолооч нь манай нутгийн Пунцагийн Дэгдгээ. Морин жолооч гэдэг нь тэр үед дарга нарын морийг нь эмээллэдэг, хөлсийг нь хусдаг, арчдаг, дөрөөгий нь өнгөлдөг, морийг нь сойзоддог, одоо их гоёдог байж л дээ, цэргийн дарга нар чинь бас их л өнгө үзэмжтэй байхыг бодно ш дээ, цэргүүддээ. Тэгээд ингээд морийг нь бариад байж байдаг, тэгээд морин жолоочтойгоо ингээд явсан. Тэр Халхголд би ч одоо Халхголд очиж үзээгүй юм чинь тэндхийн өвс ч одоо бараг тариа ургасан юм шиг л өвс ургадаг байсан л гэж ярьдаг юм. Тийм байсан юмуу, хайшаа юм? Тэгээд тэнд дотор 2 нөхөр нэг нь хэвтчихсэн, нэг нь босоо шархаа боогоод байгаа юмуу, цагаан юмаар ингээд л, өрөөсөн гуяа л ингээд л баахан баглаж, баглаж байгаад л дурандаад байсан байна. Тэгсэн л хэвтээд өгч. Тэгээд л нөгөөдүүл чинь наана нь нэлээн дөхөж очоод л, Дандар гуай чинь морин жолоочдоо морио өгчихөөд, нөгөө өөрөөс нь бага тушаалын байсан юм билээ тэр офицертойгоо 2-ланг нь орхичихоод өөрөө мөлхсөөр байгаад тэр 2 нөхрийн хажууд нь очсон.Тэр хэвтэж байсан нөхөр нь үхчихсэн болтой байна гэж байгаа юм, нөгөөдөх нь ингээд амьсгалж байгаа нь мэдэгдэж байна гэж байгаа юм, тэгээд нөгөө түрүүгээ харсан нөхөр дээр чинь очоод дээр нь ингээд л мордоод дараад авсан чинь нөгөө хүн чинь босоод л , цочихдоо ингээд л одоо бараг л энэ морь булгиж байгаа юм шиг л болсон байна л даа. Тэр 2 барилцаж аваад л тэгсэн Дандар гуай ийм халимагтай байсан байна л даа, тэгсэн халимаган дээрээс нь барьж аваад ингээд доош нь дараад тэр үед их урт, халимаг тавьдаг байсан, монгол эрчүүд чинь. Халимагийг нь ингээд гараа ороож байгаад доош нь дараад нөгөө япон офицер чинь нөгөө бууныхаа бөгсөөр ингээд Дандарын нүд рүү нь ёвроод хаясан, тэгсэн нөгөө нүд нь бүлтэрчих шахаад л, ингээд л ерөөсөө хариугүй л гар нь тавиад л, толгой нь дүүрээд л хачин болоод л, доошоо явж явсан, Япон явган цэргийн ийм урт шар сэлэм зүүдэг байсан, шар хуйтай байсан юм байна л даа, тэр сэлэмний бариул нь Дандар гуайн гарт баригдсан гэж байгаа юм, нөгөө сэлмийг нь сугалж, авуут л шүдээ зуугаад л нөгөө мань хүний чинь гэдэс рүү нь ёворч аваад л, олиод орхисон чинь нөгөөх чинь хүх хах гэж дуугараад л хойшоогоо ойчиж байсан, тэгээд тэрнээсээ болж би бүх цэргийн үстэй байсан цэргүүдийг үсгүй, үсийг нь бүгдийг нь авахуулаад, сүүлдээ Монголын армийн цэргүүд үсгүй болсон юм гэж ярьдаг байсан байхгүй юу, Дандар гуай. Тэрнээс гадна Дандар гуай Халхголын дайн дуусч ирчихээд одоо Монголоос чинь хамгийн анхны баатар Гонгор гуай, Гонгор гуайн дараа Дандар гуай баатар авсан хүн ш дээ. Тэгээд Дандар гуай нөгөө хилс хэрэгт орсныг нь ярих уу би, шийтгүүлж барьж байсныг нь?

Сайнбилэг -

Яахвээ, яахав. та ярья гэж бодсон юмнуудаа л ярьчих?

Төрбат -

Тэгээд шийтгүүлэх болоод мань хүн чинь. Юунаас болж шийтгүүлсэн гэхээр Дандар гуай чинь нөгөө төв командаас тушаал очоогүй байж байхад нь Японы хориглочихсон юун дээгүүр хил бараг давах шахаж, байлдаж атаканд орж байсан Монголын окопонд хориглочихсон байсан цэргүүд дээгүүр гарч байсан, хойноос тушаал өгөөгүй байхад. Тиймэрхүү тиймэрхүү юмнаас болж шийтгүүлээд. Тэгээд Цэдэнбал дарга очиж, нөгөө Дандар гуайн баатрыг нь очиж хурааж авахад мань нөхөр нөгөө бүх одон медаль бүгдийг нь хуу татаж өгөөд, ганцхан одоо сүүлд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” гэдэг болсон дээр үед цусан гавьяаны улаан тугийн одон гэдэг байсан тэр одонгоо өгөөгүй гэж байгаа юм. Би цус урсгаж байж авсан юм, чам шиг ширээний ард сууж байгаад аваагүй гээд Бал даргын өөдөөс тэгж хэлж байсан гэж өөрөө ярьдаг юм. Тэгээд мань хүн чинь шийтгүүлээд 12-р микрорайоны тэнд хонхор дотор шоронд байсан юм байна, тэр туннелийн цаад тал өөд даваад, тэнд шоронд байж байхад нь Лувсандорж билүү, Лувсанпэрэнлэй билүү, нэг хүн нэг хуяг байж л дээ, тэгээд нөгөө хорихын дарга нар гэртээ харихад ажлаа тараад гэр лүүгээ явчихсаны хойно, Дандар гуайг гаргаад гэр лүү нь явуулчихдаг, очиж тэр таньдаг айл майлаар нутаг усныхандаа очиж хоночихоод, өглөө эрт ирнэ шүү, дарга нараас түрүүн хурдан ирээрэй гээд л мань хүнийг явуулчихдаг байж л дээ. Тэгээд мань хүн чинь тэр айлд очиж хоночихоод л өглөө их эрт ирдэг, итгэл найдварыг нь алдахгүй гэж, ирэхэд л одоо бөөсөн тиф, одоо дизентери хоригдлууд чинь тэр чигээрээ бөөсөнд баригдсан, бөөсөнд их баригдахаар чинь гэдэсний хижиг юмуу, одоо тэр, тийм өвчнөөр 5.6-аараа үхэж хонодог байсан гэж байгаа юм.

Сайнбилэг -

Хнн?

Төрбат -

Тэгээд л байж байгаад л нэг Дандар гуайд баахан Япон хоригдлууд өгөөд л Дандар гуайд. Олзлогдсон японууд, одоо энэ Туулын гол юу яасан юм байна л даа, нөгөө саланд мод хөвүүлдэг, тэгээд мод урсгадаг одоо энэ Тэрэлжийн тэндээс юмуу, хайшаа ч юм, наахна талаас Туулын гол давуулаад мод урсгадаг, тэгээд японуудыг их буудаж л байсан байна, зарим нэг нь одоо ажил хийх чадвар байхгүй, тийм юмнуудыг одоо буудахаас өөр зам байхгүй,

Сайнбилэг -

Дандар гуай өөрөө буудах уу?

Төрбат -

Өө, би өөрөө буудчихдаг байсан гэж ярьж байгаа юм, тэгээд сүүлдээ японуудыг ч Дандар гуай яахаан болиод, хоригдлуудаас нэлээн хэдэн монгол хоригдол өгч гэнэ, дуудаад. Амгаланд аваачаад нөгөө хэдэн арван хэдэн, хоригдлоо тараагаад таанууд наад бөөс хуурснаасаа салаад, хир мирнээсээ салаад, хувцсаа солиод, амьтан усны нутаг усны таньдаг хүн байдаг бол очоод, хотоор яваад хоночихоод, өглөө эрт одоо 7 цагт юмуу, 8 цагт ирээрэй гэсэн байхгүй юу, Дандар гуай. Хэн ирээгүйг чинь таанууд намайг мэднэ биз дээ, би Монгол улсын гарамгай баатар Дандар. Хичнээн би цолоо хураалгасан ч гэсэн би, хаа олдсон газар чинь толгойг чинь авна шүү, гэж хэлээд тараасан байна л даа, нөгөөдүүлээ. Тэгээд тэр шөнө Дандар гуайн нойр нь хүрээгүй гэж байгаа юм, Дандар гуайн. Баахан шоронгийн хоригдлуудыг тараасан, одоо заримыг нь алдаж одоо, дахиад л ял дээрээ ял нэмүүлэх нь дээ гэж, ингэж бодоод байсан мань хүн чинь. Тэгсэн өглөө Дандар гуай өөрөө их эрт очсон байна, нөгөө болзсон цагаасаа бараг 30-аад минутын урд шахуу очсон юмуу, яасан юм, тэр Амгаланд. Тэгсэн өөрийг нь очиход бүгдээрээ цуглачихсан байсан, тэгээд шоронгийн хоригдол тийм улсууд хүртэл итгэлийг одоо тэгж даадаг юм, гэж тэгж ярьж байсан. Тэгээд мань хүн чинь 1945 оны дайнд шоронгоос гарч, баруун хязгаарын Гоминданы дээрэмчдийн тэр 46,7 оны тэр юунд ч явж байсан юм билээ. Тийм тийм юмаа л их сонин юм ярина, тэгээд мань нөхөр сүүлдээ, дайн дуусаад баатар маатраа хураалгачихсан хүн чинь энгийн болоод “Дорнод Монгол” гэж гадаадтай харилцах баазад үйлдвэрчний даргаар ажиллаж байсан, баазын Үйлдвэрчний хороон дарга хийж байгаад тэр үед одоо энэ Автын цэргийн комисс гэж байсан ш дээ, Автын улсын мэргэжлийн комисс гэж дээр үед уурын тэрэгний байцаагч нэртэй байсан юм ш дээ, тэгээд энэ дээр Дорнодоос орж ирээд мань нөхөр чинь амралтаараа ч ирсэн юм уу, яасан юм, хот орж ирээд 1 үхрийн махтай ирсэн гэж ярьдаг юм. Тэр үхрийнхээ махыг нэг одоо авто техникийн мэргэжлийн комиссынхонд нэгэнд нь ч юм уу, 2-т нь ч юм уу, мах өгөөд жолооны үнэмлэх бичүүлж аваад, машин барьж чаддаг болсон байсан гэж ярьж байгаа юм л даа. Тэгээд Дорнодод яваад очсон чинь нөгөө баруун аймгийн нэг жолооч, амралтаа аваад нөгөө машинаа ингээд, брезентээр битүү ингээд боогоод татлагны нь оосроор ингээд хүлж боогоод, хаячихаад амралтаа аваад нутгаа явчихаад алга болчихсон нэг тийм машин байсан юм байна. Тэрнийг шууд баазынхаа дарга маргад ч хэлсэн юм байхгүй, Үйлдвэрчний хороон даргынхаа ажил мажлыг ч өгсөн юм байхгүй, тэр машиныг нь асааж авч давхиад гэж ярьж байгаа юм. Тэгээд л тэнд жолооч болоод байж байгаад л, тэр Хэрлэнгийн гүүр лүү нэг ниссэн барьсан гэж Дорнодынхон ярьж байгаа биз дээ, Дандар гуайг.

Сайнбилэг -

Мэдэхгүй ээ.

Төрбат -

Согтуу л давхиж явж тэр одоо дээр үеийн нөгөө ямар ч юм билээ? ЯАЗ ч арай бишээ, нэг тийм 10 дугуйтай, их том нөгөө жонш тээвэрлэдэг тийм бааз байсан юм байна л даа, тэр үед. Тэр баазад л одоо жонш тээвэрлэж байгаад мань хүн чинь сүүлдээ, одоо тэр Хэрлэнгийн гүүр лүү нисээд, бас нэг шоронд орох дөхөөд бас нэг гэмтээд өөрөө ч үхээгүй, тэр машин нь ч нэг их гэмтээгүй, юм шиг байгаа юм, тэгээд л бараг “Хөдөлмөрийн баатар”-ын болзол бараг хангасан юм гэнэлээ. Тэр тээвэр хийж байгаад. Тэгээд л 1964 онд Халхголын ялалтын 25 жилийн ойгоор Дандар гуайн баатрыг нь эргүүлж өгсөн юм билээ л дээ, тэгээд тэр Дорнодод байж байхдаа амьдарсан эхнэр нь Цэндаюуш гэж шар хөгшинтэй байсан, тэгээд л би Дандар гуайнд орой болохдээр зэрэг мах аваачиж өгнө, заримдаа 7 хоногийн хагас сайны өдөр аваачиж өгнө, одоо энэ 40 мянгатын тэнд гэр нь байдаг байсан, хавар болохлээр зэрэг цагаан хуаранд гэр барина, тэр гэрт лагерьт гэрийг нь аваачиж барьчихаад гэрийнх нь юм ачиж, аваачиж тэнд яана. Намар байшинд нь буцаж гэрийг нь хурааж өгнө, одоо тийм л байсан даа.

Сайнбилэг -

За, сонин сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Төрбат -

За зүгээр, зүгээр.

Сайнбилэг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.