Törbat


Basic information
Interviewee ID: 990061
Name: Törbat
Parent's name: Erdene
Ovog: Aata
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
childhood
life in wartime
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

herder's life
repression
cultural campaigns
collectivization
multi-nationality
aimag centre urbanization
urbanization
childhood
schoolchildren's life
secondary school
student life
military service
Chinese


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

За сайн байна уу?

Төрбат -

Сайн сайн байна уу.

Сайнбилэг -

За ингээд би танд сая энэ аман түүх ямар учир утгатай болохыг ярьж өглөө. Та өөрийгөө танилцуулах уу, маш товчхон? Таныг хэн гэдэг вэ, хэдэн онд төрсөн бэ?

Төрбат -

Би 1944 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг, Улиасны гол гэдэг газар, малчин ард Эрдэнийн 5-р хүү болон төрсөн. Багаасаа эх эцгийн гар дээр хөдөөний малчин ардын хүүхэд ямар байдаг уу, тэр жишгээр л өсч бойжоод, 9 настайдаа бага сургуульд орж 1957 онд бага сургууль төгсөөд дараа нь аймгийн төвд 10-н жилийн дунд сургуулийн 5-р ангид шилжин орж, 10-н жилийн сургууль төгссөн. Сургуульд байх хугацаандаа зуныхаа амралтаар эх эцгийн ажилд хөдөө мал аж ахуй дээр тусалж, аргал түлш түүх, мал хариулах, ус зөөх, мэтийн эх эцгийн ажилд одоо тусалж явсан даа, тэр үеийн малчин ардын хүүхдүүдийн нэгэн адил тийм амьдралд өссөн.

Сайнбилэг -

Та сая хэдэн онд төрсөн гэсэн бэ?

Төрбат -

44 онд

Сайнбилэг -

Та яг 44 онд төрсөн гэдгээ яг мэдэх үү, аа тэр зарим хүмүүс ингэдэг ш дээ, би хэдэн онд төрснөө мэддэггүй, нэг тээр жил тийм юмны юу яасан гэхчлэн бүрхэг ярьсан байдаг төрсөн өдрөө жишээлбэл багцаагаар авсан байдаг, тийм биш үү? Яг мэдэх үү?

Төрбат -

Төрсөн өдрөө болбол би яаж мэдэхэв. Надад ээж над хэлж өгсөн, 1944 онд Монгол орон даяар зуд болсон. 43, 44 оны шилжих тэр завсрын өвөл маш их зуд болж, Монгол орон даяар мал маш үхэж хорогдож, малчид ер нь их ядуурч хоосорсон тэгээд хавар ногоо цагаа их сайхан дэлгэрч, зун их сайхан болсон гэж. Би зуны эхэн сарын арван хэднээр л төрсөн юм шиг байгаа юм.

Сайнбилэг -

Тэр яг 44 он гэж байгаа ш дээ. Тэр үед одоо улс орон даяар ямар онцлогтой, тэр үед яг юу болж байсан бэ?

Төрбат -

1944 оны үед болбол одоо дайны үе байсан. 1939 оны дайн дуусаад дараа нь Зөвлөлт Германы дайн дуусч, Япон бол Хятад, Өвөрмонголд Японы их цэрэг бол одоо байрласан, Монгол орны өмнө хил хязгаар бас нэлээн түгшүүрийн байдалтай байсан. Бараа таваар их ховор, малчид хөдөөний ард түмэн татах тамхи, чанаж уух цай байхгүй, гишүүний навч чанаж уудаг туулайн баасаар тамхи хийж татдаг тийм л байсан даа. Дэлгүүрт нэг тэр дээр үеийн Оросын Гүрж ногоон цай ирэхэд тэр цайг 4 хувааж тэр цайг ”4 цай” гэж айлуудад өгдөг, заримдаа “шоо цай” гэж нэг шоо цайг 8 хувааж айлуудад тарааж өгдөг, гурил будаа их ховор, бараг хивэг идэж байсан, хөдөөний улсууд. Махнаас өөр идэх юм их ховор байлаа тэр үед.

Сайнбилэг -

Ховд аймаг гэхлээр чинь Монголын баруун хязгаар ш дээ?

Төрбат -

Тийм, баруун хязгаарын.

Сайнбилэг -

Манхан сум гэхлээр яг хаана уу?

Төрбат -

Алтайн нурууны төв хэсэгт байдаг, Ховд аймаг. Манай сум бол Манхан сум. Их нууруудын хотгор, Алтайн уулсын савд л одоо багтдаг. Тийм сум даа, манай нутаг.

Сайнбилэг -

Ховд аймгийн Манхан суманд ямар үндэстэн, ястан амьдардаг уу?

Төрбат -

Ховд аймгийн Манхан суманд захчин гэдэг үндэстэн байдаг. Монголд захчин үндэстэн бол нэлээн одоо цөөхөн. Ховд аймагт л 5 сум захчин ястан байдаг. Энэ түүхээс одоо сонсож мэдэхэд дээр үед захчин ястан бол Чингисийн цэргийн үед баруун хязгаарт очиж, одоо Туулын хар шугуйгаас тийшээ очсон дайны хөлд очиж, зах хязгаар нутгийг харж хамгаалах зориулалтаар очсон, нэг үгээр хэлбэл хилийн цэргийнхэн байсан. Тэгээд тэр хязгаараа хамгаалж байсан болохоор сүүлдээ захчин гэж нэрлэгдсэн гэж ингэж явдаг.

Сайнбилэг -

Та одоо ингээд малчны гэрт төржээ, та тэр үеийнхээ ухаан орсон цагаасаа хойшхи гэр орныхоо байдлыг ярьж өгөхгүй юу?

Төрбат -

Тэр үед хөдөөний малчин айлууд бол эсгий гэртэй, эсгий гэр нь задгай гал түлдэг

Сайнбилэг -

Яндан байхгүй гэсэн үг үү? Маш их утаа гардаг уу?

Төрбат -

Зуух яндан байхгүй, тулганд задгай гал түлдэг. Гэрийн бүрээс, тооно мооно чинь утаа ингээд доошоогоо ингээд харлаад тогтчихсон тийм л байдаг, цагаан сарын шинийн 1-ний урд өдөр, битүүний өдөр л хөдөөний улсууд тэр утаагаа гөвж, гэр оронгоо жаахан цэвэрлэдэг тийм л байлаа даа. Тэр үед цагаан хэрэглэл ор дэрний хөнжил даавуу байхгүй, дандаа голдуу хонины арьс, нэхийгээр хийсэн үстэй дээл, үстэй хөнжилд л одоо унтдаг тийм л байсан. Манай тэр нутагт болбол тэмээний нуруу ачих сарлагийн нуруу ачдаг байсан.

Сайнбилэг -

Сарлагийн нуруу, тэмээний нуруу ачна гэсэн нь юу гэсэн үг үү?

Төрбат -

Нуруу ачиж, тэр тэрэг байхгүй

Сайнбилэг -

тэрэг байхгүй?

Төрбат -

одоо энэ зарим газар тэмээн тэрэг, үхэр тэрэг, энэ тэр байна ш дээ. Тэгэхэд манай нутагт тэр тэрэг хэрэглэдэггүй, тэрэг явах тийм юм ч байхгүй, Алтайн тэр өндөр ууланд бас их бартаатай зам харгуй байхгүй, ер нь голдуу өндөр уулын бүсээр л нүүж л, нааш цаашаагаа ингэж л малын бэлчээрээ сэлгэж л, тэгээд сарлагийн шарын нуруун дээр одоо аргал түүдэг арганд л хүүхэд настай байхад л манай аав ээж энэ тэр тэр арганд хийчихээд тэр сарлагийн шаран дээр 2 араг тэгнээд дотор нь хүүхдүүдээ үстэй дээлэнд цуглаад суулгачихаад, тэгээд нөгөө шарынхаа дөр гэж хэлдэг мэднэ биз дээ, нөгөө хамрын нь тэр дөрийг нь толгойд нь эвхээд, одоо нөгөө тууж яваа үхэр дотроо сул тавьчихаад, тэгээд тээр Алтайн цастай уулаар тэгээд нөгөө ачаатай шар үхэр малаа туугаад л явдаг,

Сайнбилэг -

Тэрэг явж болохгүй болохоор уу?

Төрбат -

Тэрэг явж болохгүй болохоор л тэмээний нуруу ачиж байгаа хэрэг. Хайнагийн шарны нуруу ачдаг тийм л амьдралтай байсан. Зуны цагт бол цагаан идээ иддэг, мал гаргахыг ер нь л хориглодог. Мах бараг иддэггүй шахуу, борц иддэг, өвөл болохоор мах нилээн иддэг байсан. Тэр нь ямар учиртай юм гэхлээр нөгөө албан татварын юунд арьс нэхий, өлөн, 9 шидийн юманд боогдож л нэлээн их мал нядалдаг байсан даа, хөдөөний малчид тэр үед ч.

Сайнбилэг -

Та сургуульд боловсрол яаж эзэмшив, хэдэн нас хүртэл хөдөө байж байгаад тухайн үеийн таны насны хүмүүс бага сургууль гэдэг юмаар их дамжсан байдаг?

Төрбат -

Тийм. Одоо миний үе чинь хөдөөний малчид мал маллахын тулд хүүхдээ сургуульд өгөх ер нь нэлээн дургүйхэн, зарим нэг ухамсартай хэсэг нь одоо хүүхдээ сургуульд өгдөг, хөдөөний малчид бол одоо бүл чадал байхгүй, мал маллахын тулд л хүүхдээ сургуульд оруулахгүй ер хажууд гэртээ байлгаж байхыг л голдуу боддог байсан даа, тэгээд л. Улсын баяр болоод өнгөрсний маргааш, нөгөөдрөөс сумын бага сургуулийн багш нар хөдөө морьтой явж, тэр малчин айлуудаар намар л 9 сарын 1-нд хүүхдээ заавал сургуульд өгнө шүү гэж л ингэж л, хөдөөгөөр ухуулга хийж хүүхдийг нь шаардаж, сургуульд өгөөрэй гэж ингэж бүртгэж авч явдаг байсан. Тэгээд 1953 онд Манхан сумын бага сургуулийн 1-р ангид орсон. Намайг сургуульд орох үед болбол одооны хүүхэд шуухдыг бодвол хөдөөний амьдрал одоо хүнд хэцүү зах хязгаар нутаг болоод юм их ховор, дайны дараахан үе юм чинь тэгээд л одоо нөгөө хөвөнтэй хөх тэрлэг, хөвөнгүй хөх өнгөтэй даалимбан тэрлэг, эрэгтэй хүүхэд. Эмэгтэй хүүхэд бол ногоон тэрлэг мөн ижилхэн тийм юмаар форма хийдэг, даавуун цүнхтэй одоо тэгээд л, сургуульд ороход 5,6 хүүхдийн дунд 1-р ангийн хүүхдийн дунд нэг үсэглэлийн ном одоо өгөх жишээтэй. Сургуулиас 4 дэвтэр, 1 харандаа өгөх ийм маягтай 1-р ангид орсон. Тэгээд үсэглэлийн номыг 5,6 хүүхэд дамжуулж, хоорондоо хэрэглэнэ гэхэд их л хүнд. Хортой харандаа зороод, архины шилэнд ус хийчихээд, хортой харандааны голыг дотор нь зорж, нунтаглаад, тэрэнд одоо найруулж ангийн цонхон дээр тавьчихаад, ангийн багш тийм маягаар чернил бэлдэж хүүхдүүдэд өгдөг тийм байсан.

Сайнбилэг -

Хортой харандаа гэдэг нь балын харандаа гэсэн үг үү?

Төрбат -

Бишээ, хортой, нөгөө нэг чернил шиг уусдаг харандаа байна ш дээ. Шүлсдээд бичихээр нөгөө яадаг (уусдаг) бал харандаа.

Сайнбилэг -

Оросын харандаа биз дээ?

Төрбат -

Оросын харандаа л даа. Балын харандаа л гэж хэлдэг л дээ.

Сайнбилэг -

Таныг ингээд бага сургуульд ороход эцэг эх чинь сайн дураараа явуулсан уу, эсвэл одоо ер нь жаахан дургүй явуулав уу?

Төрбат -

Надыг сургуульд ороход дээд талын маань эгч 6-р анги төгсөөд 7-р ангид орох ёстой охиныг сургуулиас нь гаргаж авчихаад, намайг оронд нь одоо явуулж байсан. Мал маллах хүч бүл муутай гэдэг нэрээр одоо тэгж байсан ш дээ, манай аав ээж энэ тэр чинь. Нэгдэл 1952 онд манай сумын тэр Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэл байгуулагдаад, тэгээд манай аав ээж 2 бол нэгдлийн сарлаг авч маллаж байсан. Манай ээж, аав энэ тэр тийм л амьдралтай улсууд. Тэгээд бага сургуульд ороод би дотуур байранд орсон. Дотуур байранд тэр үеийн хүүхдүүд байрны хүүхэд хөдөөний малчдын хүүхэд голдуу л дотуур байранд байсан. Одоо нэг 3,4 тэмээ харгана манай нутагт мод байхгүй учир 3,4 тэмээ харгана, одоо 115 кг мах өгөх жишээтэй, нэг хүүхэд. Байрны хүүхдийн түлш, хоол гэж одоо ингэж.

Сайнбилэг -

Ар гэр нь дааж уу?

Төрбат -

Ар гэр нь дааж, одоо ийм л байсан.

Сайнбилэг -

Дотуур байр нь гэр байсан уу, байшин байсан уу?

Төрбат -

Байшинд байсан. Хөвөнтэй өмд цамц, цагаан ултай шавронон гутал хийх, талх хийх нэг тиймэрхүү янз бүрийн одоо нэг гар ажиллагаатай юмнууд хийдэг артель гэж тийм сүүлдээ үйлдвэр хоршоо гэж, дээр үеийн тийм артель гэж ажилладаг. Сумын хоршоо, худалдаа бэлтгэлийн анги байсан тэр үед хоршоотой. Сумын захиргаа байсан. Нэгдэл байгуулагдаад, нэгдлийн захиргаа, сумын захиргаа гээд 2 захиргаатай байж байгаад сүүлдээ сум нэгдэл 2 хоорондоо нийлж, нэг захиргаатай болсон. Ерөнхийдөө тэр үед бол чихэр боов ховор, домбон сахар гэж нэг одоо тэр Цагаан-нуурын дамжлага баазаас одоо тэмээн жингээр манай нутаг чинь бараа татдаг байсан. Аянчингууд явж, тэмээн жингээр. Тэнд л гурил будаа, цай, даалимбуу, авчирдаг байсан. тэр нь эхний үед маш ховор байж байгаад сүүлдээ 55 оноос хойш жаахан элбэгшиж эхэлсэн юм байгаа юм.

Сайнбилэг -

Та ер нь таны амьдралд ямар нэг юм маш их хүндээр нөлөөлсөн юм байдаг уу, тэр ер нь ямар үйл явдал вэ?

Төрбат -

Би бол бага сургуульд байхад 1954 онд одоо 2-р ангид байхад аав нас барсан. Дараа нь 2 сарын дараа миний дээд талын тэр сургуулиас гарсан эгч маань нас барсан. За миний 2 том эгч хүнтэй суугаад тусдаа гарсан байсан. Би ээжтэйгээ манай ээж нэгдлийн саалийн сарлагийн үнээ сааж, нэгдлийн сүүн тасаг дагаж явдаг. Тэгээд л ээжтэйгээ хоёулаа тэр гэр оронгоо барьж л, ээждээ сүү сааль саахад нь тусалж, үнээ малыг нь ивэлгэж, нэгдлийн тэр одоо бүх л хадлан тариа, шуудуу малтах л, хашаа барих худаг ухах, тийм ажилд л дандаа өрхийн тэргүүлэгч гэж арван хэдэн настайгаас эхэлж явсан.14,5 настайгаас л эхэлж тийм ажилд дандаа орж зүтгэж явсан. Тэндээ болбол яахав нэг ёсондоо өнчин өрөөсөн одоо хоцорч, нэлээн зүдэрч, ядарч явлаа ч гэсэн миний амьдралд нэлээн их юм сурахад нөлөөлсөн болов уу л гэж бодож явдаг юм ш дээ.

Сайнбилэг -

Ер нь таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан хүн бий юу?

Төрбат -

Өөрийн төрсөн гэр дотроос бол байхгүй. Харин аавын ах Ваанжил гэдэг хүн 1938 онд Манхан сумын Төгрөгийн хүрээнд лам байж байгаад 1938 оны 4 сард баригдаад 1938 оны 6 сард Ховдын төв дээр цаазлагдсан юм гэнэлээ.

Сайнбилэг -

Та энийг ямар хүнээс дуулав?

Төрбат -

Энийг одоо энэ сүүлд ардчилал гарч ирээд одоо нөгөө цагаатгалын юу явахад л тэр хүн цагаадсан бичиг баримтыг нь би олж авсан л даа.

Сайнбилэг -

Тэр хүн яаж хэлмэгдэж байж, тэр хүнийг яаж барьж авсан, хүний яриа ахмадуудын яриаг тод санаж байвал ярьж өгөөч?

Төрбат -

Манхан сумын Төгрөгийн хүрээний лам нарын хэдхэн тооны тэр үед төвөөс л, одоо Хөвсгөл, Архангайн Тариатын хүрээ энэ тэрийг лам нар баригдаж энэ тэр гэдэг цуу яриа гарч, тэр яриа хил нь дуулдсан дамжиж байгаа юм. Тэгээд тэр нутгийн лам нар одоо залуухан лам нар нь эртнээс мэдэхээр цэрэгт явж эхэлсэн,

Сайнбилэг -

Хэлмэгдэлд өртөхгүй гэж үү?

Төрбат -

Тийм, хэлмэгдэлд өртөхгүйн тулд зарим нь хар болж хөдөө гарсан, зарим нь одоо тэр сүм хийдээ хаяхгүйн тулд тэндээ байж байсан нөхдүүдийг л ихэвчлэн барьж авсан юм билээ. Тэгээд барьж аваад тэр аймгийн төв дээр аваачиж цаазлах, заримд нь 10 жил өгч тэгсэн юм гэнэлээ. Надад тэр цагаатгалын бичиг баримт нь байгаа л даа. Ёнзон хамбын хэрэг гэдгээр л бүгдийг нь барьж авсан юм гэнэлээ, тэгээд одоо сүүлд нь цагаатгалын үеэр чинь манай энэ Аюулаас хамгаалах газар, Хятадын Дотоод Яам энэ тэр судалгаа явуулсан, тэгэхэд одоо ӨвөрМонгол Хятадын нутагт Ёнзон хамбын бүлэг гэж бараг байгаагүй юм байна гэж одоо тийм бүлэг байгаагүй гээд тэр Ёнзон хамбын бүлэг гэдгийг л тийм байсан гэж ярьж байсан л гэж ярьдгийм ш дээ. Ямар тэрийг өөрөө байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм чинь.

Сайнбилэг -

Лам нарыг барьж аваад Ховдын төв дээр цаазалсан юм уу? Энэ тухай хүмүүс юу гэж ярьдаг байсан бэ?

Төрбат -

А тэгээд л тэр аймгийн төв дээр тэнд шоронд нэг хэд хонуулаад л тэгээд л ерөөсөө их олон лам нар ч тэгээд бараг шоронд багтахгүй ч байсан юм уу, Ховдын улаан уулын жалганд аваачиж буудахыг нь буудаж, зарим нь дутуу шархтай байхад нь дээрээс нь шороогоор булаад л, тэгээд л тэр ч одоо бараг нэг л хэдэн хоног юм түчигнээд л, ёолсон гийнасан, одоо тийм л чимээ дуулддаг байсан гэж л мал хариулж явсан улсууд тэгж ярьдаг байсан гэж нутгийн хөгшчүүл саяхан одоо тавин хэдэн оны сүүл болтол тэгж ярьдаг байсан, манай нутгийнхан.

Сайнбилэг -

Одоо тэр хэлмэгдсэн хүмүүсийн тухай танд өшөө нэмэх юм бий юу? Хэлмэгдэж байсан хүний таны ойр дотны ч юм уу, ямар нэг хөгшчүүл юм ярьж байсан уу хэлмэгдүүлэлтийн тухай?

Төрбат -

Тэр үед хэлмэгдсэн улсуудыг ч ер нь манай тэр аавын ах ч хэлмэгдсэн, ер нь бараг тэр хүнийг бараг данснаас хасаад ер нь тийм хүн бараг байгаагүй шахуу нууж хаадаг, тийм л байсан л даа. Тийм хүн байж байгаад хувьсгалын эсэргүү болсон гэж хэлдэггүй, тийм байсан юм чинь.

Сайнбилэг -

Хүнд хэлэхээр яадаг байсан юм бол?

Төрбат -

Одоо бараг эсэргүүний гэр орныхон, хамаатан садан л гэж ярьдаг.

Сайнбилэг -

Тэр үед төр хэлмэгдүүлэлтийг юу гэж тайлбарладаг байсан бол?

Төрбат -

Төр бол одоо ерөөсөө энэ хэлмэгдүүлэлтийг бол 1921 оны ардын хувьсгалд дургүй, ер нь ЗХУ(одоогийн ОХУ)–н тусламж Монгол Зөвлөлтийн /Оросын/ одоо тэр хувьсгалын их хэрэгт дургүйцсэн талын энэ талаас л болж лам нарыг үзэж яддаг, бурхан тахилыг нь булдаг, шатаадаг, хөдөөний айлууд чинь айгаад ерөөсөө тэрийгээ хад агуй 9-н шидийн юманд аваачиж нуудаг, судар мудраа шатаадаг, тийм л байсан ш дээ, намайг жаахан байхад чинь.

Сайнбилэг -

Өөрсдөө судраа шатааж байсан юм уу?

Төрбат -

Одоо тэр шалгалт ирнэ, ингэх нь тэгэх нь, зах хязгаарт чинь маш их ширүүн байсан ш дээ, тэр үед чинь. Төв хэсгийнхэн бол харин бурхан тахил, ном судар, нууж хаалаа ч гэлээ аваад үлдсэн л юм билээ. Манай зах хязгээрт чинь бол маш их.., (бодолхийлэв)

Сайнбилэг -

Лам нарыг юу гэдэг нэртэй газар буудсан гэлээ?

Төрбат -

Ховдын тэр одоо Улааны жалганд аваачиж. Ховдод чинь 2 улаан уул байдаг.Урд улаан уулын жалганд аваачиж буудсан л гэж хэлдгийм. Энэ Хатуу Хөтөл гэдгээр давуулж тэр цаад талын жалганд ч бас. 2 газар л аваачиж алсан юм гэнэлээ.

Сайнбилэг -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энийг ер нь юу гэж тайлбарладаг байсан бэ? Хэлмэгдүүлэлт ер нь нууцаар явагддаг байсан юм болов уу?

Төрбат -

Хэлмэгдүүлэлтийг ер нь тайлбарлаад байх ч юм байхгүй, засаг төрд дургүй, хар шар феодал гэдэг маягаар л одоо аваачиж л тэгж л баривчилж л, хувьсгалын эсэргүү бослого гаргах гэж байгаа хэл ам, тэдний одоо хамаатан бүлэг этгээдүүд л, ер нь газар газар л байгаа л гэж барьж авч байсан юм билээ л дээ.

Сайнбилэг -

Энгийн ард иргэд энийг юу гэж боддог байсан юм болоо?

Төрбат -

А юу гэж бодохов, нээрээ л одоо эд нар тийм л эсэргүү байсан юм байлгүй л гэж бодож байсан шиг байгаа юм.

Сайнбилэг -

Та өмнө нь ярилаа ш дээ. Шалгалт ирэхэд хүмүүс юугаа шатаадаг байсан гэж?

Төрбат -

Бурхан тахилаа

Сайнбилэг -

Ер нь хүмүүс сүсэг бишрэл юмаа нууцаар л шүтдэг байв уу, бурхан шүтээнээ яадаг байсан?

Төрбат -

Бурхан шүтээнээ ер нь бараг бүгдийг нь тэгээд яасан болохоор далд л хийдэг, цагаан сар болоход л бурхан мурхнаа гаргаж урд нь зулаа барьдаг, тэгдэг л нэг тийм л байсан.1952 оны өвөл цагаан сарын үеэр маршал Чойбалсан гуай нас барснаас хойшоо цагаан сарыг ч хийхээ больсон ш дээ баруун аймгууд, бараг Монгол орон даяар. Тэгээд сүүлдээ цагаан сар ч сүүлдээ яахав, малчдын баяр нэртэй болоод малчид л тэмдэглэдэг, жинхэнэ Монголын бүх ард түмэн чинь голдуу л Оросын баяр ёлка-г л тэмдэглэдэг ийм боллоо шүү дээ.

Сайнбилэг -

Таныг бага байх үед Монгол соёлын довтолгоо болж байсан юм байна тээ?

Төрбат -

Намайг 4-р ангид байж байхад , 1956,7 оны үеэс соёлын довтолгоо гэж хөдөө орон нутагт чинь тэр айл болгон усанд ордог ваннатай бол, айл болгон хөнжлийн цагаан даавуутай, ирсэн зочдод хөнжлийн цагаан хэрэгсэл цагаан даавуу бэлдэж, бэлэн тавьчихдаг, тийм л болж хувирсан байгаа юм.

Сайнбилэг -

Соёлын довтолгоо ямаршуу явагддаг байсан бэ?

Төрбат -

Соёлын довтолгоо бол яахав, тэр үедээ ариун цэврийг одоо их сахьдаг, ер нь соёлч боловсон байдал яасан, тэр одоо бол миний хувьд үзэхэд хөдөөний малчин ард түмний соёлжилт , ариун цэврийн юунд бол бас нэлээн их юм авчирсан гэж боддог ш дээ.

Сайнбилэг -

Та түрүүн нөгөө ярьсан ш дээ, Зуух байгаагүй, яндан байгаагүй гэж. Шууд тулгандаа гал түлдэг байсан гэж, тэр их утаа чинь монгол гэрт бол тооноороо дээшээ? ?

Төрбат -

Тооноороо л дээшээ гарна ш дээ.

Сайнбилэг -

Тэгэхээр утаа юм чинь хар юм тогтноо?

Төрбат -

Тэгнэ. Сагсраад бүр ингээд./гараараа үзүүлэв/

Сайнбилэг -

Хэр урт юм?

Төрбат -

Одоо нэг 4, 5 см хэртэй, шүдэнзний хайрцагны дайтай юм л унжиж байна шүү тэнд чинь. Тэгээд тэрнийг чинь заавал цагаан сар гэхгүй, хааяа хааяа ер нь жаахан гайгүй цэвэрч нямбай улсууд бол юм хумаар гөвж бариад, их гал түлж байгаад л, тэр түлсэн галын утааг чинь гөвнө ш дээ. Тэгээд тэр түлсэн галын юманд яадаг юм уу, хийсээд л гарч байгаа ухаантай юм даа, тийм л байсан юм.

Сайнбилэг -

Ер нь соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн гэж үздэг вэ?

Төрбат -

Хүмүүсийн амьдралд яахав, ариун цэвэрч, соёлч боловсон байх талаас нь нөлөөлсөн байх л гэж боддог юм ш дээ. Усанд орчихдог тэр чинь ваннатай, төмөр ваннанд усаа халаагаад, гэртээ усанд орчихдог. Цагаан хэрэглэлтэй, тэрэндээ унтаад тэрийгээ угаагаад, арчлаад, солиод дотуур хувцас мувцасаа одоо угааж арчиж, индүүдээд, цэвэрлээд өмсчихдөг. Ер нь овоо болж ирсэн ш дээ. Соёлын довтолгооны юугаар чинь. Хүн болгон л шүд угаадаг сойзтой, нүүр гарын алчууртай бүр овоо болсон л доо. Дээр үед чинь тийм байхгүй юм чинь. Зүгээр л тэр л үстэй нэхий дээлэнд унтаад, шөнө нөгөөдхөө нөмрөөд унтана, усанд ордоггүй улсууд чинь маш их бөөстөнө. Тэгээд нөгөө өвөлд чинь өглөө босоод нөгөө нөмөрч унтсан дээлээ гадаа хашаа саравчин дээр ч юм уу, хадан дээр тохоод тавьчихдаг, орой болохдээр бургасан саваагаар гөвөөд, гөвөөд ,сэгсрээд оруулдаг. Нөгөө хонины урт үстэй дээлний чинь үзүүрт бөөс улайгаад, улайгаад гараад хөлдчихсөн байна ш дээ. Тэрнийг чинь одоо саваадаад л оруулаад л унтдаг тийм л байлаа шүү дээ. Эмэгтэй улсууд ч одоо хүнд нөхцөлтэй, янз бүрийн одоо эмэгтэй хүн чинь сарын юм менструаци ирэхэд чинь хонины ноос юм уу, нөгөө утаатай шар эсгий урж тасдаж хийдэг одоотой адил тийм юм байгаагүй юм чинь. Хөвөн марль ч ядахдаа тийм юм байхгүй, тэр үед. Одоо энэ дамск ч байсангүй, одоо тиймэрхүү л жишээтэй байлаа шүү дээ, хөдөө.

Сайнбилэг -

Тэр монгол гэр байнаа, ор гэж байсан уу?

Төрбат -

Байгаагүй, модон ортой, зарим айлууд. Зарим айлууд ч модон ор байхгүй, тэгээд л.

Сайнбилэг -

Шал байна биз дээ?

Төрбат -

Малчид ямар юмны шал байхав. Малчин айлд болбол.

Сайнбилэг -

Өвөл ч гэсэн үү?

Төрбат -

Өвөл ч гэсэн. Шал байхгүй ш дээ. Дулаан бууцан дээр нөгөө гэрээ барьчихна.Тэгээд дотор нь үхэр адууны арьсыг чинь адсага гэж хэлдгийм ш дээ, тэрийг чинь дэвсчихнэ. Битүү дэвсэнэ, тэгээд л нөгөө модон ортой нь модон ороо, модон оргүй нь эсгий гудас 2,3-ыг давхарлаад тавьчихсан, хүн амьтан ирвэл тэмээ хомнодог бамбай гэж байдаг тэрнийхээ тэр бамбай гэж гудас шиг нарийхан тэмээ хомнодог тийм эсгий байдаг байхгүй юу, тэрийг чинь оруулж ирээд л дэвсч өгөөд л, тэгээд л ирсэн зочин чинь өөрийнхөө өмсч ирсэн дээлээ нөмрөөд л, хонуулж байгаа айл нь хөлд нь нэг дээл хийж өгөөд л, тэрүүгээр нь хучаад л, тэгээд л унтаад л, тийм л амьдралтай байсан юм чинь. (инээв)

Сайнбилэг -

Ямар учраас соёлын довтолгоо хэрэгтэй гэж үзсэн юм бол?

Төрбат -

Хөдөөний тэр их л бүдүүлэг, бохир заваан, амьдралаас л салахын тулд л, Монгол орон тэр соёлын довтолгооныг авч явуулсан юм шиг байгаа юм. Би л тэгж боддог юм ш дээ.

Сайнбилэг -

Ер нь хүмүүсээс юу юу шаарддаг байсан бэ? Ирж шалгадаг байсан гэсэн тиймээ?

Төрбат -

Өө шалгана. Айл болгон л одоо усанд ордог ваннатай юу, хөнжлийн цагаан даавуу хэд байна, хүн амын тоогоор бас дээр нь ирсэн зочинд одоо хөнжлийн даавуу, дэвсээ даавуу энэ тэр бэлэн одоо тэрийг чинь бүгдийг нь шалгадаг, хүн болгон оо-той сойзтой, нүүр гарын алчууртай тэр болгоныг шалгадаг байлаа ш дээ. Сумын төлөөлөгч энэ тэр чинь багаар бригадаар яваад л шалгадаг.

Сайнбилэг -

Тэгээд байхгүй бол яах уу?

Төрбат -

Байхгүй бол тэрийг чинь бай гэж шаардана. Одоо тийм юмтай бол гэнэ, шахаж шаардана. Тэгээд одоо болбол яахав, ноос хөөвөр хялгас улсын бэлтгэлийн мал тушаагаад олсон мөнгөөрөө голцуу тийм л юм авдаг, тийм юмтай л болж байсан юм ш дээ. Тиймээс ямар ажил хийгээд цалин авна гэж байхын биш. Нэгдлийн хөдөлмөр өдрийн хөлсөнд яахав хэдэн төгрөг өгдөг, голцуу мал өгдөг, тийм л байсан манай нутагт.

Сайнбилэг -

Шалгалтын үеэр тэр хүмүүс шалгана ш дээ, болоогүй тохиолдолд шаардаж шахдаг гэсэн, тэгээд болохгүй байвал яахуу?

Төрбат -

Болохгүй байвал хурал цуглаан дээр тэднийх тийм юм байна, байхгүй гээд гээд л ярьдаг л байсан байх л даа. Хамт олныхоо жишгээс гажихгүйн тулд тэр хүмүүс чинь одоо тэгээд л тийм юмтай болохын төлөө зүтгээд л, тэгээд л болгодог л байсан л даа, тэгээд.

Сайнбилэг -

Аяга шаазан гэж ямар юм байсан юм болоо?

Төрбат -

Яахав, Оросын нэг шаазан аяганууд байсан дээр үеийн Хятад аяганууд ч байдаг байсан, сүүлдээ тэр ч Хятадын бараа тасраад хувьсгалаас хойшоо тэгээд Оросын бараа голдуу л Монгол орон даяар л хангаж байсан. Шаазан аягатай модон аяга ч одоо тэр тавин хэдэн он хүртэл модон аяга ч л байсан хөдөө.

Сайнбилэг -

Та түрүүн нэгдэл гэж ярьсан уу? Ер нь нэгдэлжих хөдөлгөөн яаж явагдаж байсан бэ?

Төрбат -

Өө, манай нутгийн нэгдэл 1952 оны хавар байгуулагдаад, тэгээд л нэгдлийн анхны сарлаг авч маллаад л, би сургуульд ороогүй байсан, 52 оны өвөл тэгээд л баахан айлуудын сарлаг цуглуулаад л айлуудаас цуглаж ирсэн сарлагууд чинь нутаг нутаг руугаа тасраад тасраад алга болох жишээтэй, өдөр хонь шиг хариулдаг байсан ш дээ, тэр сарлагийг чинь хүүхэд байхдаа.

Сайнбилэг -

Хувь хүн нэгдэлд яаж элсдэг байсан, сайн дураараа юу?

Төрбат -

Сайн дураараа л нэгдэлд элсдэг байсан. Тэгээд л нөгөө жалганы нэг байсан айлууд чинь нэгдэлжих хөдөлгөөн байгуулагдаад миний авч үзэхэд нэгдэл ч тийм муу ч зүйл байгаагүй, хор уршигтай. Ер нь хамтын хүчээр бүх юмаа хийчихдэг, одоо жалганы нэг айлуудаас л хамаагүй дээр талтай болж байсан учраас л нэгдэлжих хөдөлгөөнд чинь ерөөсөө бүх ард түмэн тэгээд л, тэр мал маллаагүй сумын төвийнхөн хүртэл хамрагдсан ш дээ, яваандаа.

Сайнбилэг -

Танай суманд хамгийн баян айл нь хэдэн тоолны адуу мал, одоо юутай байсан бэ?

Төрбат -

Манай суманд бол одоо 1950 онд тэр 1000 толгой малтай болсон айлд Засгийн газраас эрээн майхан, 1000 мал гээд биччихсэн дээр нь тийм мөнгөөр тоноглосон агир хувин, мөнгөн хуц, 5 хошуу малын толгойтой сүлд Монголын сүлд тийм хиар

Сайнбилэг -

Юу гэнээ, хиараа?

Төрбат -

Тийм, хиар одоо хайрцаг шиг цаанаа нөгөө зарлигийг нь хийчихдэг, дотор нь ийм шургуулга шиг мөнгөн тагтай, өмнө талдаа 5 хошуу малын толгойтой, тийм, тийм юм өгч байсан байхгүй юу. Тэгэхэд манай нутгаас чинь тэр эцэг хүү 2 Бор Ноосон, Бор Ноосонгийн Жамсран хоёр, бас бүдүүн Магнай гэдэг хүн, Болд гэдэг хүн, манай нутгаас 5,6 айл тэр үед 1000 малын юу авсан юм байгаа юм. Одоо тэр хээр талын айлууд одоо тэр үед яахав, долоо найман зуугаад хонь ямаа нйилсэн хонь ямаатай, 70,80-аад адуутай, 30, 40-өөд тэмээтэй, 60,70-аад үхэртэй байхад л одоо 1000 хүрээд л тийм юм одоо авдаг байсан

Сайнбилэг -

Тэр үед төр засгаас малаа өсгөхийг маш их дэмждэг байсан гэсэн үг үү? Тэрнээс ямар татвар авдаг байсан байсан бол?

Төрбат -

Малын хөлийн татвар гэж одоо яахав, ноос хөөвөр, хялгас, мах сүү тийм юм авдаг байлаа шүү дээ, тэрийг дутаасан улсуудыг бас шоронд татаж байсан.

Сайнбилэг -

Шоронд гэнээ?

Төрбат -

Тийм, тийм.

Сайнбилэг -

Дутаахаа?

Төрбат -

Тийм. Албан журмын ноогдол дутаасан хүн шоронд явдаг байлаа ш дээ.

Сайнбилэг -

Та тэр тухай ер нь тодорхой мэдэх үү, танай сумаас тийм хүн гэж?

Төрбат -

Өө, манай сумаас тэр хөх Ноосон гэж манайд яагаав, нэг ирж хоносон ш дээ, нөгөө. Тэдний аав чинь тийм юм дутаагаад Ямпил гэж хүн явж байсан, Ямпил гуайн тухайд одоо манай нутгийнхан одоо ном зомон дээр ч гарсан бий, нөгөө хэдэн хүүхэдтэй бүл чадалгүй 2 хөгшин байхгүй юу, Ямпил гуай хөгшинтөйгөө. Хүүхдүүд нь цэрэгт яваад зарим нь сургуульд яваад ямар сайндаа ингэж байсан гэж байгаа юм. ......”Дээлээ даах болсныг нь сургууль аваад явчих юм, Дээврээ даах болсныг нь цэрэг аваад явчих юм, Дэлэнд байсныг нь шувтраад өглөө, Дээр нь ургасныг нь хяргаад өглөө, одоо би яахав”.. гэж хэлээд тэгээд шоронд явж байсан гэж байгаа юм.

Сайнбилэг -

Тэгж хэлснээс болоод уу?

Төрбат -

Аан. Хэдэрлэлээ гэж байхгүй юу, улсын бэлтгэлээс юм дутаачихаад тэгээд өөдөөс эсэргүүцэл өглөө гэж шоронд явсан. Тэгээд шоронд явахдаа Ховдын тэр шоронгийн тэмээ маллаж байгаад ирсэн. ...За тэгээд ядрав уу, гэхээр: ..Ядраад байх ч юу байхав, Засан намайг зовоогоод, би Засангийн хэдэн тэмээг зовоогоод ирлээ гэж. Тэмээгээр нөгөө харгана ачиж аймгийн төвийн хориход ачдаг, тийм л тэмээ хариулдаг өвгөн байж байгаад ирсэн хүн л дээ, тэр.

Сайнбилэг -

Хувийн малтай байж байгаад хувийн малаас тийм юм?

Төрбат -

Ноогдол, төчнөөн кг ноос, төчнөөн кг ноолуур, хялгас, төдөн кг мах, төчнөөн л сүү улсад тушаах норм л одоо өгдөг ш дээ. Тэрийг дутаахлээр л шоронд явуулж байж ш дээ.

Сайнбилэг -

Нэгдэлжих хөдөлгөөнийг хувийн олон малтай хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

Төрбат -

Манай нутгийн хувьд ч тийм хувийн малтай улсууд чинь ихэвчлэн тэр 1952 онд нэгдэл байгуулагдсанаас хойш цуваад, цуваад бүгдээрээ л ер нь бараг ихэнх нь баячууд бүгд нэгдэлд орсон ш дээ. Тэр нөгөө баячуудын мал маллаж, зарцлагдаж байсан зарц нар байна ш дээ, нэг ёсондоо ядуу хүмүүс, ядуу айлууд чинь нэгдэлд ороод мал маллаад унахтай зэрэг баячууд чинь малд зарцлагдах айл байхгүй учраас малаа нэгдэлд өгөөд, тэгээд өөрсөндөө хэдэн мал авч үлдээд, малаа хүч хүрэхгүй болохоор нэгдэлд өгөөд, одоо тэгээд.

Сайнбилэг -

Уул нь бол нэгдэлд орчихъё гэсэн бодол байхгүй, үнэндээ малдаа хүч хүрэхгүй болоод л тэр үү?

Төрбат -

Өө, нэгдэлд л одоо олон мал өгчихсөн хүн болж л одоо тэгж л орж байсан дөө, зарим нь ч ухамсраараа нэгдэлд ороод л тэгээд л бүл чадалгүй нь за энэ их малыг одоо угаасаа маллаж чадахгүй тэгээд л өөрийнхөө хүч хүрэх хэдэн малтайгаа л хоцоръё л гэж зарим нь ингэж л ярьдаг байсан.

Сайнбилэг -

Малаа малчид нуудаг байсан уу?

Төрбат -

Манай нутагт бол нэгдэлд малаа нууж байсан хүн байхгүй, би тийм юм мэдэхгүй. Энэ кино юманд гарч байгаа нь зарим газар нууж л байсан юм байлгүй, одоо тэр. Манай нутгийнхан бол нуудаггүй л байсан.

Сайнбилэг -

Төр засаг ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг юу гэж ярьдаг байсан бэ?

Төрбат -

Нэгдэл хамтын хүчээр нэгдлийн давуу талыг л их сурталчилдаг байлаа шүү дээ.

Сайнбилэг -

Ер нь зөв л байсан юм байна тиймээ?

Төрбат -

Тухайн үедээ зөв л байсан гэж боддог ш дээ.

Сайнбилэг -

Та бага сургуулиа хэдэн онд төгссөн билээ?

Төрбат -

1957 онд

Сайнбилэг -

57 онд. Дараа нь яасан?

Төрбат -

Дараа нь аймаг руу шилжиж манай нутагт 4-р анги төгссөн хүүхдүүд чинь манай суманд бага сургууль л байсан. Дунд сургууль л байсан. 10 жилийн сургууль Ховдын төв дээр ганцхан байдаг. 7 жилийн сургууль манай аймгийн намайг 4 төгсөж байхад чинь Ховдын Булган сум, Зэрэг сум 2-т байдаг. Аймгийн төв дээр 1 байдаг.7 жилийн сургууль 3-хан. 10 жилийн сургууль ганцхан байсан, аймгийн хэмжээгээр. Бусдаар сум болгон бага сургуультай байсан. Тэгээд би аймагт 7 жилийн сургуульд очиж 5-р ангид ороод 60 онд 7-р анги төгсөөд, аймгийн 10 жилийн сургуульд 8-р ангид шилжиж очсон юм. Тэгээд 1963 онд 10-р ангиа төгссөн хүн дээ, би.

Сайнбилэг -

Та тэгээд хөдөө сумнаас аймгийн төв рүү ирсэн байж, аймгийн төв нь сумын төвөөс ямар ялгаатай байсан бэ?

Төрбат -

Өө, сумын төвийг бодоход аймгийн төв чинь хамаагүй хөгжилтэй, ялгаатай.

Сайнбилэг -

Ямар санагдаж байв?

Төрбат -

Сургууль мургууль нь шал ондоо, арай гайгүй, тэр ер нь 55, 6 оноос хойш баруун аймгууд чинь нэлээн сайхан болсон байгаа юм. Бараа таваар ч их элбэгшсэн. Одоо тэгээд л хичээлийн хэрэглэл, тэр ном дэвтэр энэ тэр ч элбэгшсэн, хаанаас ч худалдаад авдаг хүүхдүүд чинь. Тийм л байсан. Түүнээс намайг бага сургуульд байхад тийм юм байдаггүй, сургуулиас л дэвтэр өгнө. Онц төгсөх чадвартайд нь хэрхэгнэн цагаан даавуун алчууртай, 4ш дэвтэр, 1 балын харандаагаар шагнахад их л баярладаг тийм л байсан ш дээ.(инээв) Тэгээд аймагт сургуульд 5-р ангид очиход чинь одоо бүр чернилийн сав дэлгүүр хоршоонд гардаг, тийм пиавр/хуванцар/ дотогшоо амтай, 5 хошуутай, нөгөө 11 номерын үзгээр чинь одоо дүрээд бичдэг.

Сайнбилэг -

11 номерийн үзэг гэж?

Төрбат -

Одоо нөгөө үзэгний юу гээд байдаг байлаа ш дээ.Та нар үзээгүй юм уу, тэрийг. Хошуу байдаг байсан ш дээ, “перо” гээд орос нэр нь.

Сайнбилэг -

Үзэгний хошуу юм уу?

Төрбат -

Тиймээ, модон иштэй. Тэгээд урдаа төмөр хошууг нь шургуулдаг юмтай. Тэгээд бичдэг байсан ш дээ.

Сайнбилэг -

Чернилд дүрдэг үү?

Төрбат -

Тийм, чернилд дүрээд бичдэг. 6,7-р ангид орж байхад чинь авторучка үзэг чинь гарч..,

Сайнбилэг -

Авторучка гэдэг чинь жирийн үзэг үү? Чернил соруулдаг үзэг үү?

Төрбат -

Тийм, чернил соруулж бичдэг, үзүүртээ бөндгөр шариктай, том том хар үзэгнүүд гардаг байсан.

Сайнбилэг -

Тэнд аймгийн төвд 10 жилийн амьдрал чинь дотуур байранд өнгөрөв үү?

Төрбат -

Би нэгээс аваад 4-р анги төгстлөө дотуур байранд, 5-р ангиас 10-р анги төгстлөө дандаа айлаар ингэж байсан.

Сайнбилэг -

Аймгийн төв дээр айлд суудаг байв уу?

Төрбат -

Айлд байсан. Хамаатан садан, одоо тэгээд л, тийм л айлд. Намар сургуульд явахдаа манай ээжтэйгээ 2-уул, яаж байгаад одоо тэр л том хүргэн ахындаа очихдоо ганц мал гаргаж аваад, 1 хонь. Тэгээд л хонь нь муудчих гээд л, бушуухан тэгээд л өглөө явна гэж байхдаа л гаргаж авна. Ааруул, бяслаг шахаж өгнө. Тэрнийгээ аваад л, тэгээд л. Мангирт гэдэг газар Ботгоны хавцлын тэнд шууданд дайгддаг. Манай сумаас аймгийн төв ороход чинь 86,7 км газар. 15 төг 60 мөн төлж шууданд суугаад, аймгийн төв ордог тийм л байсан.Тэгээд байх айлаа би өөрөө олж очдог байсан. Нөгөө авч очсон юмаа авч очдог, ийм л амьдралтай байсан даа /инээв/

Сайнбилэг -

Бага сургуульд юу юу заадаг байв?

Төрбат -

Бага сургуульд байхад чинь монгол хэлийг чинь хэлбичгийн хичээл гэж, хэлбичиг, цэвэр бичиг гэж тусдаа бүр хичээл ордог.

Сайнбилэг -

Монгол хэл, цэвэр бичиг гэдэг нь тусдаа юу?

Төрбат -

Тус тусдаа.

Сайнбилэг -

Цэвэр бичиг гэхээр юу орох вэ?

Төрбат -

Хэл бичиг. Хэл бичиг нь одоо яахав, зүгээр л энэ 35 үсэг л заана.

Сайнбилэг -

Уйгаржин бичиг үү, крилл үсэг үү?

Төрбат -

Одоо крилл үсэг юм даа, цэвэр бичиг нь цэвэрхэн бичнэ, элементээр. Элементийн дэвтэр гэж байгаа, тэрэн дээр чинь л одоо гоё бичүүлж сургах гэж байсан юм байлгүй. Цэвэр бичгийн хичээл орно, зургийн хичээл орно, биеийн тамир, дуу, тоо орно. 4-р ангид орохдээр газарзүй орно. Түүхийн хичээл орно, тийм байсан.

Сайнбилэг -

Таныг аймгийн төвд 10 жилд ороход аймгийн төв ямаршуу байдалтай байдаг байсан бэ?

Төрбат -

Манай аймгийн төв Ховд хот чинь одоо 1962 онд чинь 200 жилийн ой хийсэн хот. Дээр үеийн Манжийн дарлалын үед байгуулагдсан, дээр үед Ховдын хязгаар чинь нэг ёсондоо Ховд, Увс, Баян-Өлгийн нутаг чинь Монгол орон дотроо нэг улс шүү дээ, бараг л. Зүүн гар улс гэж тусдаа. Тэр үеийн Зүүн гар улсын төв нийслэл нь байсан хот юм биз дээ, Ховд хот. Тэгэхдээ хөгжөөд сүйд болоод байсан юм байхгүй. Ховд хотын төв дээр тэр Сангийн хэрэм гэж, дээр нь баригдсан нэг шавар хэрэм, хэдэн шавар байшин, өндөр улиаснууд. Манжийн үед л тарьсан улиас юм гэнэлээ, харин төв гудам нь 2 талаараа чулуун явган хүний замтай, шуудуугаар нь ус урсдаг, төв гудмаар нь тэр их өндөр өндөр улиаснууд ургасан, 2 хүн, хүүхэд гараа ингээд /дэлгэж үзүүлэв/ барихад хүрэхгүй шахуу тийм том улиаснууд байдаг байсан, Ховдод чинь.

Сайнбилэг -

Дэлгүүр хоршоонд нь юу байдаг байсан?

Төрбат -

Одоо Ховд бараг л тэр олон ястан байдаг, дэлгүүр хоршоонд чинь Оросын бараа л байдаг байлаа. Ногоо их тарина, Ховдын тэр л казак, чантуу /чантуу гэдэг нь узбекууд ш дээ/ хятадууд, оросууд чинь ногоо их тарина. Шийгуа, тингуа, помидор тийм юм намар чинь их элбэг байна.Сургууль цуглах үед тэгээд л, гудманд нь дархчуул байдаг. Казак, чантуу дархчуул чинь төмөр гадас, морины тах, цэрэг эмээлийн бүүрэг, тийм юм хийдэг. Гөөхүү хүртэл хийгээд зардаг, гараар.

Сайнбилэг -

Юу гэнээ?

Төрбат -

Гөөхүү. Гөөхүү гээд бид иддэг биз дээ, гөөхий.

Сайнбилэг -

Аа гөөхий юу?

Төрбат -

Аан. Гөөхий. Говришка энэ тэрийг чинь хийдэг. Мушгисан харандаан маатуун чихэр гээд эрээн. Тэрийг хийж зарна, тэр чантуу нар чинь. Хятадууд энэ тэр чинь. Тэгээд нөгөө шилэн стаканд чинь ус хийгээд тавьчихсан одоо нөгөө ундаа, чихэртэй ус. Одоо их боловсронгуй шүү дээ, Ховд чинь. /инээв/ Их сүрхий газар байсан юмаа.

Сайнбилэг -

Ховдод чинь маш олон үндэстэн ястан байна ш дээ, тэр улсуудын хоорондын харилцаа ямар байсан бэ?

Төрбат -

Тэр чинь одоо маш олон үндэстэн ястан байдаг. Казак, чантуу, хятад тэгээд л урианхай дөрвөд, баяд, өөлд, монгол, захчин торгууд, халх, дөрвөд одоо бүгд байгаа ш дээ, Ховдод чинь. Хоорондоо их эв найртай, за Ховдод одоо бодохын бол хамгийн сумаар нь авч үзэхийн бол захчингууд арай их юмуу даа. 5 сум захчин байна. 3 сум халх байна. Ховдын Алтай, Үенч, Мөст, Манхан, Дөрөг-захчин, Цэцэг, Чандмань, Дарви -3 халх сум, Мянгад-хотгойдын 1 сум, Эрдэнэбүрэн-өөлд 1 сум байна, Мөнх-хайрхан, Дуут гэж урианхайн 2 сум, Ховд гэж –казак1 сум байна. Дөргөн гэж дөрвөдийн 1 сум байна. Бүр тэгээд холилдчихсон Буянт гэж нэг сум байна. Аймгийн төвийн сум юм даа, тэр.

Сайнбилэг -

Орос хүмүүс байсан гэсэн үү?

Төрбат -

Байсан.

Сайнбилэг -

Орос хүмүүс байсан гэсэн үү?

Төрбат -

Байсан.

Сайнбилэг -

Хятад хүмүүс бас байсан уу ? Юу хийдэг байв?

Төрбат -

Хятадууд маш их. Оросууд цөөхөн байсан. Голцуу ногоо л тарьж л. Ногоо л тарина.

Сайнбилэг -

Угаасаа тэнд байсан юм уу, хаанаас ороод ирсэн юм ?

Төрбат -

Намайг л мэдэхийн тэр дээр үед л орж ирсэн, нутгийн хятадууд. Бүгд монгол гэр бүлтэй монгол эхнэр авсан, улсууд л байдаг байсан.

Сайнбилэг -

Оросууд хаанаас ирэв?

Төрбат -

Оросууд дээр үед л худалдаа наймаа хийж яваад л, үлдсэн одоо тийм л. Оросууд байдаг байсан. Тэгээд сүүлдээ Ховдын Оросууд наашаа явсан уу, яасан юм алга болсон.

Сайнбилэг -

Тэнд оросууд бидний ярьдгаар местный оросууд уу, эсвэл социализмын ардын хувьсгал ялаад дараагаар нь ирсэн оросууд энэ тэр үү?

Төрбат -

Местный л оросууд даа. Дээр үед худалдаа наймаа хийж яваад л Монголд л нутаглачихсан тийм л улсууд.

Сайнбилэг -

Тийм олон тоогоор байсан юм болов уу?

Төрбат -

Тийм олон байгаагүй. Орос цөөхөн, хятад л олон тоогоор байсан.

Сайнбилэг -

Олон улсууд байхад хоорондоо ямаршуухан харилцаатай байсан, сайн харилцаатай байсан уу?

Төрбат -

Хоорондоо ер нь их эвтэйхэн. Тэр нь одоо тийм үндэсжээд гэх юм байхгүй. Ховдын тэр олон үндэстэн ястангууд хоорондоо их дотно ямар сайндаа Байдийгийн шүлгэн дээр байдаг шүү дээ. Үхрийн бөөр шиг олон, үхрийн бөөр чинь базаад шавсан юм шиг ийм байдаг шүү дээ, ард нь тийм олон мөртлөө хоорондоо их эвтэйхэн гэж бичсэн байдаг. Яг юу гэж бичсэн байдаг билээ, бичсэн байдаг юм.

Сайнбилэг -

Та тэгээд 10-р ангиа Ховдод төгсчихөөд дараа нь яасан бэ?

Төрбат -

Би дараа нь ХААДС (Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль)-д ирээд..,?

Сайнбилэг -

Хэдэн онд уу?

Төрбат -

1963 онд. 10 төгсөөд би Эрхүүгийн УАААДС (Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль)-н автын инженер эдийн засгийн анги авсан юм. Тэгээд УБ хотод ирээд сургуульд тэр үед Гэгээрлийн Яам гэж байсан ш дээ. Тэнд ирээд л хөдөөнөөс чинь шуудангийн 2-р баазын машинд суугаад 7 хонож ирж байгаа юм, УБ-т. Ховдоос. Тэгээд л ирээд Гэгээрлийн Яаман дээр ирж бүртгүүлээд одоо, нөгөө Оросд хойшоо сургуульд явна гэсэн маань байдаггүй. Ховдод тийм хуваарь байхгүй одоо чи одоо, энэ хүүхдийн Ховдын хуваарь. Эрхүүгийн УАААДС-ийн автын инженерийн ангийн хуваарь байхгүй, энэ хүүхдэд одоо яасан юм гээд л тэгээд л дээгүүрээ хуваарийг минь луйвардаад сайд дарга нарын хүүхдүүд л авч байсан юм байгаа биз. Тэгээд адилхан инженерийн анги ХААДС-н инженер механикийн ангид орсон юм. Тэгээд 1965 онд чинь одоо хуучин ЗХУ, Монгол 2 чинь Хятадтай харилцаа муудаад Хятадын оюутнууд Оросоос урагшаа хөөгдөөд ЗХУ хятад оюутнуудыг бүгдийг нь буцаагаад Монголд байсан барилгын маш их хятад ажилчид аймаг болгонд УБ хотод өшөө 2,3-н барилгын трест тэднүүд чинь бүгд нутаг буцаад, Хятад руугаа. Тэгээд 1965 оны Октябрийн баяраар Сүхбаатарын талбай дээр хятадууд бараг парад хийх юм гэнэ гэж тийм яриа дэгдээд, тэгээд Дээд сургуулийн, техникум, тэгээд техникум төгсөөд ажиллаж байсан бага ангийн багш нар, эмч нар, малын бага эмч нар, дунд мэргэжлийн баахан сэхээтнүүд, дээд сургуулийн баахан оюутнуудыг 65 онд цэрэгт татсан байхгүй юу. Тэгээд би цэрэгт ороод.,,

Сайнбилэг -

Тэр ямар учиртай цэрэгт татчихав?

Төрбат -

Одоо нэг ёсондоо эх орноо Батлан хамгаалах цэрэг армийн хүч нэмэгдүүлэх гэж л. Монголд тэгсэн юм ш дээ, 65 онд.

Сайнбилэг -

Хятадын талаас аюул заналхийлж байсан юм уу, хайшаа юм?

Төрбат -

Хятад чинь нэг ёсондоо манайтай аягүй муу байлаа ш дээ, Хятад Орос 2 чинь муудаад, манайх одоо тэгээд яахав, ЗХУ-г дагаад л, адилхан л

Сайнбилэг -

Та түрүүн ярилаа. ЗХУ-ын Эрхүү хотод авсан хуваарийг дарга нар луйвардчихлаа гэж ярьж байна. Тэр үед дарга нар тэгж их луйвардаг байсан уу?

Төрбат -

Тийм. Тэр үеийн дарга нар чинь луйвардах л дандаа арын хаалга маш их байсан юм ш дээ. Өө, тэр сайд дарга нарын хүүхдүүд голдуу, төв хэсгийн УБ хотын хүүхдүүд л тэр гадаадын сайхан сургууль авч явдаг. Түүнээс тэр Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийн хүүхдүүд ямар ч сурлагатай байлаа гэхэд ХААДС, УИС-н барилга инженерийн ангийн тийм л юм олддог. Аргагүй ёстой нэг л олон хуваарьтай үед хагас нь хойшоо явж л байсан л даа. Тэр болгон бүгдийг нь тэгж явуулж байгаагүй гэж яаж хэлэхэв. Тийм л байсан юм дөө.

Сайнбилэг -

Та Ховдоос 10 жилээ төгсөөд УБ-т орж ирэхэд хэд хонож орж ирж байна гэлээ?

Төрбат -

7 хонож байж.

Сайнбилэг -

Тэгэхэд УБ хот ямаршуу санагдаж байв?

Төрбат -

Өө хачин гоё. Ер нь толгой эргэхээр шахуу л юм (инээв). Намайг орж ирэхэд чинь одоо, энэ тээврийн товчооны энд чинь зах гардаг байсан юм. Тэгээд тэр чинь Тээврийн товчооны цаад талд нэг том хашаанд зах гардаг. Энэ УБ хот чинь одоо энэ Бөмбөгөрийн энэ чинь өргөн чөлөө шүү дээ, тэнд чинь Хятадын 9 гудамж гэж одоо маш их шалбааг намагтай гудмууд байдаг. Унаганы туурай шиг жижигхэн гуталтай хятад авгайцуул жижигхэн хөлтэй.

Сайнбилэг -

Тийм жаахан хөлтэй юу?

Төрбат -

Жаахан. Дээр үед л яахав, хятадууд эмэгтэй хүнээ гадагшаа явуулахгүйн тулд ширлэж, давсалчихаад хөлийг нь жижиглэж, хатааж байсан гэж байгаа юм

Сайнбилэг -

Зугтаагаад явчихна гэж байгаа юм уу? Яах уу?

Төрбат -

Яахав, тэр одоо гадагшаагаа явчихна гэж л тэгдэг байсан л гэж ярьдаг байсан ш дээ, хэн мэдэхэв.

Сайнбилэг -

Юу гэсэн үг үү?

Төрбат -

Харийн хүнтэй суугаад явчихна гэж л боддог байсан юм уу, яадгийм хятадууд.

Сайнбилэг -

Тийм жаахан хөлтэй хүмүүс тэгээд л явж байх уу?

Төрбат -

Тэр ч чахав, тэгээд л, нөхөр сүүдрээ дагаад л Монголд ороод ирчихсэн, унаганы туурай шиг ийм жижигхэн гуталтай, салхи болохоор суучихна, нөгөөдүүл чинь хашааны ёроолд. Тийм байсан. Хятадын чинь шаанз гэдэг чинь одоо оройн цагаар л нөгөө хятад хүүхнүүд чинь дуулна, тэр хятадын хоол моол монгол гуанз, ресторан чинь тэр үед цөөхөн, ганц 2-хон л юм байсан ш дээ. Бүр сүүлд жаран хэдэн оны үед чинь л энэ одоо УБ зочид буудал, энэ тэр чинь баригдлаа ш дээ.

Сайнбилэг -

УБ-т хятадууд их байсан юм байна. Барилга байшин гэж ямаршуу байв?

Төрбат -

40,50 мянгат байлаа тэр үед.

Сайнбилэг -

Баригдсан байсан уу?

Төрбат -

Тийм. Энхтайвны гүүр, улсын их дэлгүүр байсан. Хачин гоё барилга тэр. Ёстой их сонирхоно. Тэрэн дотор чинь, аа.. их гоё тэр чинь.Өглөөд онгойхдоо дээшээ төмөр тор ингээд ингээд л яваад л (инээв). Улсууд гадна нь оочерлочихсон, Чехийн том улаан автобус явдаг. Автобус чинь Зайсангийн чиглэл, Улаан хуаран, Баруун 4 зам гэж Гандан гээд 2, 3-хан чиглэлтэй тэр чинь нэг их олон чиглэл байхгүй. Одооны автобусны чиглэл чинь их олон байна. Сүүлдээ тэр чинь Чехийн тэр улаан автобус чинь чиргүүл дотор нь хүн сууна. Ганцхан хаалгатай. Эхлээд орсон хүн чинь тэр хойшоогоо чихэгдээд бууж чадахаа байна. Өглөөд чинь тэр сандарсан улсууд чихээд таг түгжчихэж байгаа юм чинь. Тэрүүнд нь бүр түгжээ цэнхэр гээд нэр өгчихсөн байсан. Ганц хаалгатай автобус тэр чиргүүл энэ тэрд нь(инээв). Тэгээд тэр Чехийн Shkoda гэдэг улаан автобус явдаг автобус бааз нь ганцхан. Тэгээд одоо надыг ирж байх үед чинь би чинь 63 онд ирсэн. УИС/Улсын Их Сургууль/ байсан, БТДС/Биеийн Тамирын Дээд Сургууль/ тусдаа гарсан байсан, Багшийн дээд сургууль байсан, ЭЗДС/Эдийн Засгийн Дээд Сургууль/ байсан, ХААДС байсан, Анагаахын дээд сургууль байсан. Ингээд 6 сургууль л байсан юм байна даа. Өөр Монголд чинь тийм олон дээд сургууль байгаагүй. 5 дээд сургууль л байсан.

Сайнбилэг -

Та тэгээд цэрэгт явсан гэлүү?

Төрбат -

65 онд

Сайнбилэг -

Ямар ямар улсууд цэрэгт явсан гэлээ?

Төрбат -

Ааа тэгээд л тэр оюутнууд, дээр нь хөдөөнөөс татдаг цэргээ татсан. Багын багш, хүний бага эмч, малын бага эмч, зөндөө их цэрэгт татагдаад. Биднүүд 65 оны зун цэрэгт очоод, одоо тэгээд цэргийн ангийн талаар ярих уу, бас?

Сайнбилэг -

Өө яахав, та тэр үед тийм л байсан бол тэр нь түүх болж л үлдэж байгаа ш дээ.Таныг УБ-т ирэхэд Хятад Монголын харьцаа муудаад хятадуудыг хөөж байжээ дээ? Тэр тухай нь та юу мэдэх вэ, яг юу болж байсан?

Төрбат -

Тийм. Хятадууд чинь жагсаал магсаал хийгээд л, тэр чинь юу яасийм л даа, буцаад л одоо бараг л бодоход хоорондын харьцаа л их муудсан, хятад ажилчдыг чинь бүгдийг нь буцаагаад, сүүлд нь одоо нөгөө юу яалаа ш дээ, 71 оны хавар УБ-н 9 гудмыг чинь бүгдийг нь нураагаад, хятадуудыг чинь бүгдийг нь буцаасан ш дээ, одоо 71 онд шүү дээ. Одоо саяхан энэ ардчилал гарч ирснээр Хятадтай манайх дахиж сайдлаа ш дээ.

Сайнбилэг -

Та тэгээд цэрэгт явсан юм байна, цэрэгт ямаршуу байв?

Төрбат -

Цэрэгт чинь би одоо 65 оны цэрэгт очоод цэргийн карантин дуусаад маршал Чойбалсангийн нэрмжит мото буудлагын хороо гээд тэр үед зэвсэгт хүчинд одоо ганцхан буудлагын хамгийн том анги улаан хуаранд байсан юмаа. 016-р анги гээд, хороо гэж. Тэр хорооны штабын салаанд очиж1-7 хоног шал угаадаг юм байна(инээв). Шинэ цэргийн карантин дуусч очоод. Тэгээд нэг өдөр үдийн хоолонд орох гэж байсан чинь дуудаж гаргаад Архангайн багшийн сургуулиас ирсэн Бямбажав, Ховдын ХАА-н техникум-аас ирсэн Бумцэнд, ХААДС-иас ирсэн бид 3-г гаргаад бага түрүүч гэж погон зүүж өгөөд тэр Бумцэндийг штабын бичээч, Бямбажав опертив байлдааны бэлтгэл хэлтсийн бичээч надыг их бууны албанд зэвсгийн хэрэг хөтлөгчөөр би улиран ахлагч хүн байх орон тоон дээр очиж ажилласан юм. Тэгээд тэндээ 1 жил гаран улаан хуарандаа бичээч хийж байгаад 1966 оны зун манай тэр анги Улиастай руу нүүж очиж, Улиастайд нүүж очоод тэр анги чинь өргөтгөөд өшөө нэг буудлагын нэг батальон нийлээд I II III гэсэн 3 батальонтой. Тэгээд энэ доод нисэхэд байгаа 019 гэж их бууны девизон бас тэр 016-н харьяа. 036 гэж Хужирбуланд байдаг танкийн батальон бас тэр ангийн харьяа. Тэгээд дотроо рот тагнуул холбоо, авто рот, химийн рот, аж ахуйн рот, штабын салаа , хөгжмийн салаа гэж ингэж байсан. Тэгээд тэр штабын салаа нь их бууны албадын хэрэг хөтлөгч 2 жил хийгээд тэгээд надыг цэрэгт 1965 онд очихоос урд жил 1964 онд Халхголын ялалтын 25 жилийн ойгоор Дандар гуай чинь Дорнодын “Сод Монгол торго” гадаадтай харилцах баазад байж байгаад жолооч л байсан юм билээ. Тэгээд 1964 онд Халхголын ялалтын 25 жилийн ойгоор Дандар гуайд баатрыг нь эргүүлж өгөөд, миний тэр алба хаасан 016-р ангид техникийн орлогч болсон юм байналээ. Дандар гуай тэгээд 1967 онд хотын комендант 032-р ангийн даргаар ирсэн юм. Одоо л захирагч гэж байгаа болохоос дарга гэдэг байлаа ш дээ, ангийн дарга гэдэг байлаа. Тэр үед хотын комендант гэдэг нэртэй 032-р ангид манай ардын армийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, цэргийн шүүх, прокурор, хүндэт харуул рот (гадаадын элч төлөөлөгчдийг угтаж авдаг) тэгээд эргүүлийн нэг салаатай, харуулын нэг салаатай, харуулын нэг салаа нь жанжин штаб дээр харуулд гардаг тийм салаатай. Тэр ангийн дарга болоод Дандар гуай тэр Улиастайн бас 016-р ангиас хүрч ирэхдээ надыг бичээчээр авчирсан юм. Тэгээд би чинь УБ хотын гарнизоны хэмжээний бүх цэргийн мэдээ гаргаж 7 хоног бүрийн 1 дэх өдөр жанжин штабын орлогч дарга Жамган гэдэг хурандаад өгдөг байлаа. Жанжин штабын дарга нь Цог гэж хурандаа байлаа. Генерал хурандаа байхдаа яахав. Батлан хамгаалах ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яам гэж байсан Ардын цэргийн хэрэг эрхлэх Яамны сайд чинь Лхагвасүрэн гуай байсан юм.

Сайнбилэг -

Лхагвасүрэн гуай гэдэг чинь Лхагвасүрэн жанжин мөн үү

Төрбат -

Ээ яриа юу байхав. Булганы хүн шүү дээ. Жамьянгийн Лхагвасүрэн гуай чинь. Цог генерал чинь жанжин штабын дарга. Тийм байсан. Тэгээд тэнд чинь цэргийн алба 1 жил хаагаад, тэгээд хойшоо Фрунзд цэргийн дээд сургуульд яв гэхээр нь яваагүй. Тэгээд цэргийн алба 1968 онд хааж дуусаад, тэгээд нутгаа явсийм даа., би. Нутагт нөгөө ээж маань ганцаараа, сургуулиа төгсч чадсан юм байхгүй, цэрэгт орчихсон. Тэгээд л нутагтаа очоод л,

Сайнбилэг -

Аа за,за. За Төрбат гуай, цаг гаран яриа үргэлжилчихлээ. Та ядарч байгаа байхаа. Маргааш яриагаа үргэлжлүүлэх үү?

Төрбат -

За тэгье.

Сайнбилэг -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.