Nyamjav

Basic information
Interviewee ID: 990032
Name: Nyamjav
Parent's name: Mijid
Ovog: Lhaimag
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: MUBIS jijüür
Belief: none
Born in: Jargalan sum, Govi-Altai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
family
new technologies
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
parents
education
dormitory
car
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За ингээд Мижидийн Нямжав гуайтай уулзаж байна, тэгээд Кембрижийн их сургуулийн профессорууд, ОУ-н монгол судлалын холбоо хамтран XX зууны аман түүх гэсэн ийм судалгаа хэрэгжүүлж байгаа юмаа. Тэгээд эхлээд би таниас зөвшөөрөл авах ёстой юу гэхээр таны энэ ярилцлагыг хүмүүс сонсож, хүмүүст сонсуулж тэгээд хүмүүс судалгаандаа, ном материалдаа онлайн хэлбэрээр ашиглаж болох уу гэсэн зөвшөөрөл авах ёстой?
Нямжав -
Болноо болно.
Оюунтунгалаг -
За тэгээд та хэрвээ зөвшөөрч байгаа бол одоо ингээд өөрийнхөө бага нас, түүхээсээ эхлээд яриач ээ?
Нямжав -
За би 1951 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт төрсөн. Миний хүүхэд нас бол эцэг эхийн гар дээр өссөн, манай эх, эцэг болвол малчин улсууд байсан, аав болвол мал маллахын хажуугаар нэгдлийн мужаан, ээж саальчин хийдэг байсан, за өвөг эцэг тэр үед амьд байсан малчин улсууд, хувийн хэдэн малтай байсан. Тэгээд найман нас хүрээд сургуульд суусан. За Жаргалант бага сургууль, Баян-Уул дунд сургууль төгссөн. За тэгээд 1966 оноос 69 оны хооронд Ховд аймгийн Багшийн сургуулийг нэг төгсөөд тэгээд ажиллаж байгаад энэ Багшийн Дээдийн техник хөдөлмөрийн багшийн мэргэжил эзэмшээд тэрнээс хойш тасралтгүй багшилсан. Сүүлийн хэдэн жил бол өөр ажил хийсэн юмаа. За миний төрж өссөн тэр тухайн үе бол ер нь хувийн аж ахуй голлосон цөөн хэдэн малтай ийм л байдалтай байсан. Тэгээд 54, 55 оны үед бол малчид хамгийн сүүлд малаа нийгэмчилсэн, тийм гадаа холбож байгаад тэгээд улсууд ирж үзээд шүд ам, дансыг нь хийгээд тэгээд туугаад явж байсан. Тэр үед чинь одоо бас л их хүндтэй байсан юм байлгүй, мал хар гаргачихсан, идээ цагаагаараа дайлсан ийм баяр ёслолын байдалтай өгдөг л байсан. Тэрнээс хойш ер нь дахиж мал нийгэмчлээгүй, малын тоог болвол хязгаарласан байх амины малын тоог, 75, 15 гэх мэтчилэн, энэ тоог нь тогтоож өгдөг байсан. За манай эцэг өвгөд бол удмаараа тийм уран дархан улсууд байсан. За манай миний сайн мэдэх өвөг эцэг болвол ер нь айлуудаар морьтой залагдаад багажаа ганзаглаад тэгээд улсуудад одоо гэрийн эд зүйл хийж өгөөд хэд ч хамаагүй хонож яваад нэг мэдэхэд багажаа ганзагалаад ирдэг, тэр ер нь хүнээс тийм юм авлаа, ийм юм авлаа гэдэггүй ер нь ах дүүгээрээ тэгж хийж өгдөг байсан болов уу. За аав болвол нэгдлийн мал маллахын хажуугаар мужааны ажил хийдэг, барилга дээр голдуу хийдэг, төмөр юм сайн хийдэг ийм хүн байсан. За нагац талынхан болвол одоо бүгд алт мөнгөний дархан улсууд байсан юмаа. За тэгээд яахав энэ нагац, авга нарын удмыг уламжилж ямар нэгэн багш юугүйгээр би болвол өөрөө мод, төмрөөр юм хийгээд сурсан, за тийм ч учраас тэр авъяасыг мэдэж намайг тэр хөдөлмөрийн багш болгосон байх гэж боддог юм. Ээж болвол насаараа одоо нэгдлийн саальчин хийж байгаад 86 онд нас барсан. За аав болвол гэнэтийн ослоор намайг 13 настай байхад өнгөрсөн. Тэгээд би бол зургаан дүүтэй, зургаан өнчин дүүгээ хоолны захад нь хүргэсэн. За тэгээд насаараа багшилсан ийм л намтартай хүн дээ.
Оюунтунгалаг -
Таны бага нас тэгээд хаана өнгөрөв, бага насанд одоо юу юу тохиолдож байв, ээж, аав чинь ер нь хүүхэддээ яаж ханддаг хүмүүс байв, юу гэж сургадаг байв?
Нямжав -
За миний хүүхэд нас болвол мөн л малтай холбоотой л өнгөрсөн юм. За эцэг, эхийн ажилд туслах, мал ахуйг нь эргүүлэх, хариулах ийм ажлуудыг болвол сургуульд ортлоо болвол хийж байсан, сургуульд суугаад болвол дотуур байраар голдуу явсан. За манай аав ээж болвол ерөөсөө л шулуун шударга байх, хүнд тустай явах, айлын мал хамт байхад бүгдийг нь эргүүлээд туугаад ирэх жишээний ийм хүмүүжлийг олгосон, ер нь аашилж загнадаггүй, зодож, цохидоггүй, ер нь алсаар нь тойруулаад хэлчихдэг, сайн муу жишээг болвол улсуудын юун дээр жишээн дээр харьцуулж хэлдэг ийм л байсан. Би болвол мөн тийм тэр хүмүүжлээр нь хүмүүжиж ирсэн, үр хүүхдээ ч гэсэн ер нь одоо тийм шулуун шударга, тусч ийм хүмүүжлээр хүмүүжүүлж ирсээн. За нэг их онцгой юм хүүхэд насанд нэг их тохиолдож байгаагүй, ердийн л одоо хүүхдүүдийн адил өсч хүмүүжсэн, өлсөх үедээ өлсөж л байсан, цатгалан үедээ цатгалан. Тэр үед болвол байранд байхад ч бас нэлээн хүндрэлтэй хоол унд хомстой, за махан хүнс нэлээн голдуу яадаг, сүүлийн үед одоо болвол талх нэлээн өгдөг болж, хоолны чанар, хольцоо болвол сайжирч байсан ийм л юм байх шив дээ.
Оюунтунгалаг -
Та чинь тэгэхээр хэдэн онд төрлөө, яг хэдэн оны сурагч билээ?
Нямжав -
Би 1951 онд төрөөд 58-аас 66 он хүртэл болвол бага, дунд сургуульд суралцсан, аа 66-аас 69 онд болвол Багшийн сургуульд гурван жил суралцсан, 7-р ангиасаа явдаг байсан тэр үед, 7-р ангиа төгсөөд явж байсан юм.
Оюунтунгалаг -
Тэгээд та сургуульд яаж оров, өөрийн санал хүсэлтээрээ оров уу, дуртай оров уу, яаж оров?
Нямжав -
Бага сургуульд уу?
Оюунтунгалаг -
Тийм. Сургуульд анх ер нь яаж оров, анх ороход чинь ямар хэрэглэл одоо сурах бичиг, ном, цүнх гээд ямар хэрэглэл байв, хэн хүргэж өгч байв, сургуульд ер нь яагаад орох болов?
Нямжав -
За анх тэр манайх Хүнхэр зуслангийн амралтын доод талд нэг намар намаржиж байсан тэр 1958 оны л намар л даа, за тэгээд тэр үед чинь намар цаг болохоор манай аав ан сайн хийнэ, өвөг эцэг ч сайн ан хийнэ, за ингээд тарваганы мах голдуу хүнстэй л дээ нэг аав нэг хэдэн тарвага алаад ирсэн нөгөөдөхийн мах идэж уугаад байж байтал нэг танихгүй хүн сумын төвөөс мориор ирсэн манайд тэгээд бид нар ч бас нөгөө том хүн хүрээд ирэхээр нэг их яриаг нь сонсоно гэж бодохгүй л дээ тэгээд гадуур дотуур мал хар эргүүлээд л байсан тэгсэн ээж гарч ирээд л миний хүү сургуульд явахаар болж байна гэж байна. Тэгээд нэг залуухан багш ирээд л аав ээжтэй уулзаад явсан тэгээд нэг их удаа ч үгүй л ер нь 9 сарын 1 болж байсан юм шиг байгаа юм, манай аав, манай нэг найзын манай хоёр айл байсан, бид хоёр чацуу л даа Намжилдорж гэж, бид хоёрыг нэг морин дээр сундалдуулаад, тэгээд гэрээсээ гараад явсан сумын төв рүү, замд тэр нөгөө найзын маань ээж ус авч явж таараад тэгээд тэр заавал холж явж байгаа улсууд амсдаг юм гэж тэр авч явж байгаа уснаасаа амсуулж л байсан л даа, тэгээд сургуульд анх эхэлж орсон. Тэр үед болвол цүнх мүнх одоо энэ боловсон цүнх эд нар байхгүй, өөрсдөө даалимбаар цүнх хийдэг, цүнхэн дээрээ нэг улаан таван хошуу хаддаг, тэгээд тэр үед ер нь дэвтэр ном ер нь ховор байсан даа нэг хоёр, гурван дэвтэртэй л орсон байх ер нь. Тэгээд сургууль хичээл эхэлсэн хойно багш Цагаан толгой гэдэг ном, үсэглэл л гэдэг байсан юм зурагтай ном өгсөн. Бид нар чинь одоо сумын төв үзээгүй улсууд ерөөсөө, за энэ сумын төв гэж одоо нэг энэ малын чулуугаар л барьсан хашаа холоос л харна л даа бид нар, дуран ч олдохгүй ер нь нүдээрээ л харна. Тэгээд нэг чулуун хороо мороо л байдаг юм болов уу энэ байшин сав гэж одоо тийм л юм байдаг байлгүй гэж бодсоор л ирсэн, тэгэхнээ нь байшин сав гэдгийг анх эхэлж тэгж үзээд л, тэгээд ангид хичээл хийгээд л орсон л доо, тэр цагаан толгойгоо үзнэ, тэрийг болвол ер нь үсэг гэдгийг мэдэхгүй хирнээ л зургийг нь л их хардаг байсан, тэр үед чинь ер нь зурагтай ном маш их ховор, айлуудаар ерөөсөө үзэгддэг юм юу байсан гэхээр жигшил хүмүүжил гэж нэг сэтгүүл байсан, нэг их гоё тийм өнгөтэй л хэвлэгддэг л байсан санагддаг юм, одооны тоншуул сэтгүүлийн л өвөг л дөө, тэрнийг айлууд чинь хөшгөөрөө тойруулаад гоёод хатгачихсан зүү ингээд заримыг нь оёчихсон л, ер нь зургийг болвол тэгж л харж анх танилцсан л даа, ер нь ном сэтгүүл гэж байгаагүй дээ ер нь бол хөдөө тэр битгий хэл одоо сумын төвөө үзээгүй орж байгаа юм чинь, ер нь нэлээн л бүдүүлэгдүү монгол гуталтай, нэг муу даавуун даалимбан дээлтэй, ямбуун цамцтай л ирж байсан үе л дээ тэр үед чинь тэгээд удалгүй тэгээд ном сурах бичиг юмнууд бий болоод л дэвтэр болвол үнэндээ тасардаггүй л байсан, 12 мөнгөний дэвтэр болвол дэлгүүрт байдаг тэрийг нь хэрэглэсээр тэгээд Жаргалан сумд 4-р анги төгссөн. Тэгээд 5-р ангид дунд сургууль чинь цөөхөн энд тэнд байсан учраас Баян-Уул сумд, Хөхморьтын, Жаргалангийн, Баян-Уулын 3 сумын хүүхэд дунд сургуульд суудаг байсан. Тэр үед болвол одоо дунд сургуулийн сурах бичиг, ном хангалттай бэлэн болсон байсан. Тэгээд тиймэрхүү байдлаар л суралцаж байсан даа.
Оюунтунгалаг -
Аанха. Тэгээд сурагч байхдаа одоо яг яаж байв, юу үзэх үү, юу заах уу, багш нар чинь, сургууль чинь ямар санагдаж байв, тэгээд сургуульд сурч байхдаа хаана амьдрах уу?
Нямжав -
За сургуульд суух... юу ... би болвол нэгдүгээр ангид тэр хүргэ ахындаа байдаг байсан юм. Мөн одоо надтай чацуу нэг охинтой, бид нар ах дүүсийн хүүхдүүд, аа тэднийд байдаг байсан. За айл болвол яахав дээ тэгээд л өдөрт нэг унд уучихна, боорцог голдуу л яана, оройд болвол тэгээд борцтой хоолоо идчихнэ тэгээд болдог л байсан юм. 2, 3, 4-р ангид болвол дотуур байранд байсан. Дотуур байранд болвол яахав дээ тэгээд л нөгөө хоолныхоо боломжоор л хооллож идчихээд л амьдарцгаадаг байсан. Дотуур байр болвол ер нь сайхан л даа. За анги танхимын хувьд болвол одоо бодож байхад болвол бүдүүлэгдүү нэг тийм, за одоо барилгын мэргэжилтэй улсууд цөөхөн байсан учраас осолдохгүй л 4 ханатай, арай нэг нураад уначихааргүй, гахай пийшин гэж нэг битүү хар пийшинтэй, гаднаасаа галладаг, утаа тортог их болно хичээл дундуур, нүд хорсдог, чернилль нэлээн ховор, за хорын харандааг нүдэж нунтаглаж байгаад бэхийн саванд уруу амт л гэж ярьдаг, тэрүүнд хийдэгээр дүрнэ, өвлийн цагт болвол ерөөсөө гараас салахгүй яагаад гэхээр удах юм болвол хөлдчихдөг, гайгүй дулаан үедээ болвол дундаа тавьчихаад бичдэг тийм байсан, ер нь багш нар болвол тэр үеийн багш нар болвол ер нь их сайхан зантай, хүнд юм өгдөг, хичээлийг бол яг одоо цагийн хуваариар хийчихдэг, багш нараа их хүндэлнэ бид нар, нэлээн айна, ер нь одоо багш хүн өөдөөс ирж байвал тойроод л яваад өгөхөөс биш хажуугаар гараад явж зүрхэлдэггүй тийм л байсан. За анхны багш болвол тэр намайг хөөж очсон хүн маань энэ Баян-Уул сумын харъяат Лида гэдэг хүн байсан. Одоо энэ саяхан Дарханы Полийн захирал хийж байгаад өнгөрсөн жил нас барсан л даа. Их сайхан волейбол тоглодог, их сайхан зантай залуу байсан. Тэгээд уржнан нэг тааралдаж ярьж хөөрч, ер нь тэгээд л сурагч байх үеийн юмыг чинь багш байсан хүн болвол мартдаггүй л юм байна лээ, ер нь тэгээд хоёр талаасаа санаад ярихад яг л ерөөсөө өнөөдөр болсон юм шиг ярьж байгаа юм. За бага сургуулийг болвол нэг иймэрхүү дээ. Тэгээд л ер нь зав зай нэлээн гарна, давтлага болвол нэг их хийхгүй дээ ер нь, тэр ялангуяа 1-р ангид болвол бид нар тэр үсэг мүсгээ ер нь амархан л тогтоочихсон санагддаг юм ер нь, ер нь бараг л хүүхдүүд онц гарчихдаг байсан юм даа тэр манай ангийн хүүхдүүд болвол тэгэхээр манай ангийн багш болвол нэлээн сайн багш байсан. Тэгээд тэрнээс хойш болвол ер нь их хичээл давтаж байна гэж нэг их тэгэхгүй ер нь гэрийнхээ даалгаварыг болвол цаг тухайд нь хийчихээд л, тэгээд хоорондоо бас нэг тоглож наадна, ер нь тоглоом болвол ер нь ховор л доо сургуулийн хашаанд тэр, гэрт ч тэр ер нь. Тэгээд яахав дээ өөрсдөө нэг модон буу юмуу нэг тиймэрхүү юм хийж аваад л бас талцаж тоглоно, тэгээд тэрнээс хойш болвол тэгээд анги ахих тусам тоглоом нь багасаад л явсан даа. За дунд сургуульд болвол яахав байранд байсан, 3 жил байранд байсан. За багш нар болвол ер нь тэр үед чинь одоо дээд мэргэжлийн багш нар болвол өдрийн од шиг байсан л даа дандаа Багшийн сургууль төгссөн багш нар байсан, харин дунд сургууль төгсөхөд болвол ихэнх нь дээд мэргэжлийн багш болж ирцгээчихсэн байсан төгсөөд, одоо хүртэл одоо надад дунд сургуульд зааж байсан одоо Норов багш байна, Батчулуун багш байна, эд нартайгаа хамт ажиллаад явахад сайхан байдаг юм. Норов багш бид хоёр болвол ер нь бараг л дунд сургуулиас хойш болвол хамт байсан, намайг багшилж байхад Гэгээрлийн хэлтэс, боловсролын хэлтсийн байцаагч дарга байж байгаад тэгээд энэ сургуульд бас хамт ажиллаж байгаа.
Оюунтунгалаг -
Говь-Алтайн улсууд?
Нямжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд сургуульд ер нь ямар ямар хичээл ордог, олон хичээл ордог, олон төрлийн хичээл ордог байв?
Нямжав -
За бага сургуульд ч болвол яахав цагаан толгой гэж орно, монгол хэл, унших гэж орно, за дуу хөгжим зарим үед ордог багшаасаа болдог байсан юм л даа, уг нь болвол програмд байсан байх, за амьд байгаль, амьгүй байгаль, за математик болвол арифметик л гэж ордог байсан юм, тийм хичээлүүд, дэлхийн байдал гэж 4-р ангид нэг орж байсан, тэгээд одоо газар зүй, түүх мүүхтэй холбоотой байсан байгаа юм, иймэрхүү хичээл орно доо ер нь. Цэвэр бичиг гэж хааяа 7 хоногт одоо нэг цаг л орж байсан юм уу тийм байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр манай 1-р ангийн багш болвол ер нь гайгүй цэвэрхэн сайхан бичдэг, тэгээд ер нь анх цагаан толгой заасан багшийнхаа гарын үсэг хэвийг болвол ер нь хүүхэд дуурайдаг болов уу гэж боддог, тэгээд манай ангийнхан болвол ер нь бичгийн хэвээр их сайн байсан. Ташуу ч гэж нэг их байгаагүй, тэгээд яахав дөрвөлжин, хол хоёрыг л голдуу хэрэглэдэг байсан л даа, ташуу шугамт гэдэг чинь нэлээн хойно хожуу гарч ирсэн юм аа тэр чинь бас нөгөө ташуу шугамтаар цэвэр бичгээ хийдэг байсан юм, тэр жаахан ховор байсан. Дунд сургуульд ч одоо тэр үед овоо 60 хэдэн оны үед чинь програм нь ер нь овоо болчихсон политехникийн боловсрол нэлээн өргөн агуулгатай байсан.
Оюунтунгалаг -
За тэгээд сургуульд чинь ер нь таны бага нас бусад хүүхдийнхээс ер нь онцлог ялгаа байв уу?
Нямжав -
За да нэг их ялгаа байгаагүй дээ, ер нь л одоо жигдхэн, сурлагаар ч гэсэн ер нь тэр үеийн хүүхдүүд чинь нэг их тийм хоцорсон хүүхэд ч байдаггүй, нэг их түрүүлээд онцгой гарчихсан хүүхэд байдаггүй ер нь жигдхэн байсан даа.
Оюунтунгалаг -
За тэгээд та сүүлд тэр дотуур байранд орлоо шүү дээ?
Нямжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Дотуур байранд ороход одоо ямар нэгэн ээж ааваас чинь ноогдол хөлс ч байдаг юмуу ямар нэгэн мал хуй авах уу сургуулиас, ер нь яадаг байсан, ямар төлбөр төлж сурах уу?
Нямжав -
За миний үед болвол тийм ямар нэгэн төлбөр юм татаас байгаагүй, бүх юм улсын юунаас гардаг байсан, за тэрнээс түрүүхэн үед болвол бас нэг түлээ мүлээ, хоол моолны мах авдаг байсан юм гэнэ лээ, намайг байхад болвол одоо тийм ямар нэгэн оногдол, татаас байгаагүй ерөөсөө л бүгд улсаас хөрөнгө мөнгө нь гараад сургууль тэрнийг бэлтгэж хүүхдүүдийн хоолонд өгдөг тийм л байсан юм.
Оюунтунгалаг -
Тэгээд дотуур байранд байхдаа одоо ямар ор дэрэн дээр унтах уу, дотуур байранд ямар эд хогшил тавилга байх уу, гэрээ санах уу, өлсөх үү яах уу?
Нямжав -
Дотуур байранд ч юу байхав тавилга нэг ортой л доо, зарим нь пүрштэй, зарим нь мод дэвсчихсэн тийм цэрэг ор л гэж ярьдаг байсан тийм орнуудтай, сүүлийн үед бага сургуульд байхад болвол дан дангаараа байдаг байсан, дунд сургуульд болвол дандаа нэгээс 2 давхарласан тийм цэрэг орон дээр унтацгаадаг байсан, за яахав нэг бүтээлэгтэй, нэг гудастай, нэг дэртэй, цагаан даавуутай цагаан даавууг нь тэгээд нэг 14 хоногт л нэг солидог тийм байсан юм. Гэр санах бол санана л даа, ер нь хагас бүтэн сайнд чинь одоо бид тэр болгон яваад байхгүй зарим ойр гэртээ нь болвол явна, зарим үед тэгээд нөгөө хүний гарын хоол учраас гэдэс цадсан ч гэсэн хүүхдийн ер нь сэтгэл цаддаггүй юм байрны хүүхдийн, нэг жаахан тийм өлсгөлөн шинжтэй л байдаг байсан. Хоол бас тийм муу ч байгаагүй, амт чанарын хувьд бол одоотой адилхан тийм ногоо могоо амтлах юмнууд байгаагүй, зүгээр шууд л мах, гурил, будаагаар л хоол хийж иддэг байсан л даа, ер нь янз бүрийн тийм амтлах юм байгаагүй, 5 халуун гэж ярьдаг байсан одоо ч нэг салат юм шиг байгаа юм хааяа тийм ногоо, загасны мах хааяа нэг үзэгдэнэ дэлгүүрээр, сахар голдуу авч иднэ дэлгүүрээс одоо бид нарын хүч хүрэх, мөнгө төгрөг ер нь байхгүй дээ, авчраад л хүргээд л орхино тэгээд л тэр чигээрээ ер нь нэг 3 цаастай, 5 төгрөгтэй хүн болвол нэлээн баянд нь орно л доо, тэрүүгээр чинь дэвтэр л авахгүй бол өөр нэг мөнгөний шаардлага ч байгаагүй, хувцас бэлдээд өгчихдөг тийм байсан, зүгээр яг бид нарыг бага сургууль төгсөхөд форм морм байгаагүй, ерөнхийдөө эмэгтэй хүүхдүүд бол нэг хошмогтой ногоон дээл өмсдөг, эрэгтэйчүүд нь тэгээд ер нь тааралдснаа өмсчихдөг, дээлтэй л голдуу байсан даа. За дунд сургуульд харин нэг тэр бор хэлэнгээр хийсэн форм гээч юм гарч ирж нэг цагаан даавуу хадаж, зангиа өмсдөг байсан. Сургуулиа нэлээн, ангиа нэлээн хайрладаг, даалимбаар улавч хийгээд гутлынхаа гадуур углаад өмсчихдөг, гараад явахаараа тайлаад уутанд хийгээд барьчихдаг тийм байсан юм. Баян-Уулын сургууль болвол цэвэрхэн сайхан сургууль байсан. Захирал нь Сономхүү гэж боловсролын тэргүүний ажилтан хүн байсан юм. Их сайхан сургууль байсан юмаа, 7 жилтэй байсан. Тэгээд бид нарыг төгсөөд явсны дараа 8 жилийн сургууль болсон.
Оюунтунгалаг -
Тэгээд нэг өрөө, одоо танай сургуулийн дотуур байр олон өрөөтэй юу, хэдүүлээ амьдрах уу ер нь?
Нямжав -
За нэлээн томхон томхон өрөөтэй байсан тэгээд л тэрүүнд чинь тэгээд л ер нь багтаамжийн хирээр л орно доо хүүхэд, малчдын хүүхдүүд голдуу орно, сумын төвийнхөн бол гэртээ байдаг учраас яахгүй. За нэг тумпочки хааяа байранд нэг 2, 3, 4 хүүхдийн дунд нэг тумпочки, нэг сандалтай л байсан өөр тийм эд аж ахуй, хувцсны өлгүүр мөлгүүр тийм юм ерөөсөө байдаггүй л байсан, тэгээд л ор, тэгээд болж байгаа нь тэр.
Оюунтунгалаг -
Тэгээд насаараа яаж байх уу, эрэгтэй, эмэгтэйгээрээ байх уу, насаараа том жижигээрээ байх уу?
Нямжав -
Өө тэр нас болвол хамаагүй, зарим нь дүү нараа аваад л орно, зарим нь ч одоо том жижиг одоо яахав дээ тэр чинь нэг 3 насны зөрөөтэй л юм даа бага сургуулийнхан болвол 1-р анги 4-р ангийнхан болвол, тэгэхдээ тэр үед чинь хүүхдүүд бие их томтой, том том хүүхдүүд байна л даа 1-р ангид орж байгаа хүүхдийн хажууд бүдүүн хүн шиг шахуу том биетэй. Нас болвол бас хамаагүй сууж байсан тэр үед, 10 гарчихсан, 12-тай ч хүүхдүүд байдаг л байсан. За эмэгтэй, эрэгтэй дотуур байр тусдаа л даа 2 тусдаа байшин.
Оюунтунгалаг -
Тэгээд танай дотуур байранд чинь олон хүүхдүүд байх уу?
Нямжав -
За одоо ер нь багцаагаар 40, 50-иад л хүүхэд байсан юм уу, тэр үед чинь одоо хүүхдийн тоо цөөхөн л дөө, 4 бүлэг, 1-р анги нэг сайн болвол 2 бүлэгтэй, 2 нэг ер нь 8 бүлэг л байсан юмаа даа ер нь бодож байхад, 30-аад хүүхэдтэй л байна, 200 гаран л хүүхэд хүрч байсан юмуу үгүй юмуу тийм л байсан байх. Байранд болвол яг хөдөөний хүүхдүүд л байна. Тэгээд л гамбир мамбир янз янзын юм хийж өгдөг байсаан. Халзан Ба гээд л одоо энэ Раднаагийн хадам аавын аав нь халзан Ба гэгч хүн байсан юм, Баатар гээч хүн, энэ хөгшин бол эрэгтэй хүн л дээ, сургуулийн тогооч ер нь насаараа хийсэн хүн дээ. Тэгээд нэг цагаан дун гарч ирээд л хаалгаараа шагайж байгаад л татдаг, тэгээд бид нар хоолондоо ирдэг. Тэгээд гамбир, хайлмаг майлмаг бас янз янзын юм, төрлийг нь бас олшруулж л байсан юм шиг байна лээ. Тэгээд л дугуй боов, боорцог голдуу хайрна, дугуй боовон дээр жаахан сахар тавиад л нэг үдийн унд гэхэд тэгээд л тэрийг идчихээд л гараад яваад өгнө, өдөрт нэг 3 хооллоно доо, орой нэг хоол, өглөө тэгээд л боорцог юм уу, талх нэлээн ховор байсан тэгэхэд талх барьдаггүй байсан юм шиг байгаа юм дунд сургуульд очиж байж л талхтай золгосон л доо бид нар, дан боорцог тиймэрхүү юмаар, хайлмаг ийм юмаар өдөр өглөөг болвол, өдөр бас нэг хоол өгнөө, орой нэг хоол өгнө. Тэгээд чухам яаж олдог байсан юм мэдэхгүй, мал авчирч нядлаад л өөрсдөө гэдэс эд нарыг нь арилгаад л тэгээд хүнсэнд хэрэглэдэг байсан юм тэр, чухам хөрөнгө мөнгө нь хаана юу яаж олж байсан юм. Ардууд чинь одоо миний мэдэх болвол мал цөөтэй л байсан санагддаг юм тэр үед болвол, ер нь цөөхөн дөө нэг айлд нэг тавь орчим л малтай байсан байх. Овоо хэдэн малтай, мал малын захтай захтай айлууд ч зөндөө байдаг байсан, тэр гайгүй шиг улсуудаас л мал авдаг байсан болов уу, Баян-Уулд болвол дандаа мал авчирч нядалдаг, бас бид нар тусалдаг, тэр үед чинь овоо том болчихсон 13, 14, 15-тай хүүхдүүд чинь, гал тогоондоо ээлжээр тусалдаг усыг нь зөөдөг тийм л байсан юмдаг.
Оюунтунгалаг -
За тэгэхээр тэгээд нөгөө хоол нь олон төрөл гэж хэлсэн шүү дээ та, тэгээд махан хоол, ямар хоолонд та дуртай байсан, ямар хоол их гоё санагддаг байсан?
Нямжав -
За би ч одоо тэгээд нөгөө монголчууд гида гэж ярьдаг лавшаа.
Оюунтунгалаг -
Гурилтай хоол?
Нямжав -
Гурилтай хоол, ерөөсөө л одоо бид нарын голдуу иддэг хоол гурилтай хоол, одоо тэр хуйван цуйван гээч юмыг чинь бараг хийдэггүй, мэддэггүй байсан л даа, за хааяа нэг хуушуур, за тэгээд олон хүүхэд ч бас бууз өгөөд байх ч хэцүү гэхдээ бууз хааяа хааяа баяр ёслол юмуу тийм үеэр болвол бууз орно л доо, тэр нь болохоор цөөхөндүү чанартай тийм л юм байсан, ер нь дан мах гурил хоёр л доо аль нь ч байсан. Заа дээхнэ үед болвол ангын махаар бас нөгөө ардуудаас авч байх үедээ зээр, хулангийн махаар юу яадаг л байсан юм гэнэ лээ, бид нарын үед бол дандаа бог, бодын махаар л хоол хийдэг байсан юм.
Оюунтунгалаг -
Гиданаас өөр ямар хоолонд дуртай байв ер нь, одоо тэр тогоочийн нэг тийм хоолыг хийсэн тэр өдөр болоосой энэ тэр гэж тэгж хүсдэг байв уу?
Нямжав -
За яахав тэр битүү хоол, ер нь тэгээд адууны махаар хийсэн хоолонд болвол их дуртай. Тэдгээр үед чинь одоо нөгөө адууны дотор гэдэс мэдэсийг чинь ингээд гэрийн цаваг мавгаар хавчуулаад хэц татаад үндсэндээ утаа, шороо хоёрт л идүүлж байгаа юм даа. Тэгээд л байж байж байгаад нөгөөдөхөөр чинь одоо энэ малын хэл эд нар чинь тэгээд дотор нь хиам шиг юм хийгээд идэхээр ер нь одоо энэ хасагуудын нөгөө каз гээд байдаг шүү дээ утсан мах бараг л тиймэрхүү болдог юм. Ер нь адууны маханд нэлээн дуртай, дотор юунд нь. Тэгээд энд тэнд болж өгвөл тааралдвал аваад идчихдэг л юм, одоо энэ техникийн зах махаар 1000 эд нар гээд адууны чинь юуг сайхан сайхан жижиглээд ногоотой холиод тэр болвол их сайхан, яагаад ... адууны мах чинь их илчлэг сайтай, хонь малд явахад болвол адууны мах идчихээд явсан үед болвол өлсөнө ч гэж байхгүй, даарна ч гэж байдаггүй их сайхан, ер нь бол монголчуудад зохицсон хүнс бол адууны мах байдаг юм. Тэгээд одоо энэ төв суурин газарт чинь одоо тэгээд тэр болгон аваад идээд байх ч юм байхгүй л дээ.
Оюунтунгалаг -
Тэр үед танайх өөрсдөө сургуульд орохоос чинь өмнө ер нь, сургуульд явахаас чинь өмнө танайх өөрсдөө адууны мах иддэг байв уу, хир их иддэг байв?
Нямжав -
Адууны махыг ер нь бас жаахан ховордуухан иддэг ер нь хүнс мүнс.
Оюунтунгалаг -
Адууны мах, танайх ер нь их олон адуутай байсан уу?
Нямжав -
Манайх яах вэ миний мэдэх нэг азарга адуутай л байсан, тэгээд тэрнээ болвол хайрлаад идэцгээдэггүй байсан юм шиг байгаа юм. Заримдаа хүнээс худалдаж авна, холио солио хийнэ, адуу болвол дээр үеийн улсууд бол нэг их зориуд өвөл одооныхтой адил хүнс гэж гаргадаггүй тэгээд л хур борцоороо болгоод л байдаг байсан юм шиг байгаа юм, борц ч нэг их хийдэггүй, адууны мах борцлох биш, үхэр хааяа иднэ, за тэмээг болвол манай тэр хавийнхан болвол тэмээг иддэггүй ер нь тэмээ ч их ховор байсан. Бусад малыг болвол тэгээд өвөл цөөхөн мал гаргана даа ер нь тэгээд тэрүүгээрээ болгочихдог. Зунд болвол одоо махан хоол гээч юм хүүхэд болвол иднэ гэж байхгүй, тараг, ааруул, аарцаараа зуныг өнгөрөөдөг, хааяа нэг зочин гийчин ирээд л мах шөл гаргах болвол ер нь томчууд нь голдуу яана, хүүхдэд хишиг гээч юм өгнө, тиймэрхүү л байсан.
Оюунтунгалаг -
Та түрүүн хэллээ шүү дээ тэмээг, тэмээний махыг нэг их иддэггүй байсан гэж, яагаад тэмээний махыг иддэггүй байсан юм бол?
Нямжав -
Тэмээний мах ч яахав нэгдүгээрт манай нутагт дээд ууландаа бол тэмээ ер нь өсгөдөггүй, тэмээ байдаггүй, хааяа нэг 2, 3 тэмээтэй тэрүүгээрээ нүүдэг айлууд байсан нэгдүгээрт, тэмээний махыг жаахан сэрүү чанартай гээд ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд болвол тэмээний мах иддэггүй, сэтэрхий уруултай хүүхэд гарна гээд л тэгж ярьцгаадаг байсан юм, ер нь тэмээ гаргасан айл байлаа гэхэд жирэмсэн хүнийг оруулдаггүй л байсан юм.
Оюунтунгалаг -
Тэмээ гаргасан айлд?
Нямжав -
Тийм, одоо тэмээ идсэн айлд жирэмсэн хүнийг оруулдаггүй.
Оюунтунгалаг -
Яагаад тэгдэг юм бол?
Нямжав -
Очихоороо одоо мах идчихнэ, мах амсчихна тэгээд сэтэрхий уруултай хүүхэд гарна гэсэн тийм домогтой, домтой л юм байсан юм байлгүй, тэгж л яадаг байсан. Тэгээд тэмээ чинь ер нь ховор тэгээд иддэггүй юм л даа манай нутагт, одоо ч гэсэн тэмээ болвол ховор бас нэг ачлагын 2, 3 аттай л айлууд байна. Тэгээд нөгөө уултай учраас нутаг нь таардаггүй тэмээ чинь тэгэхдээ одоо болвол байгаад л байдаг юм. Тэгээд ер нь үхэр л голдуу хүнстэй байсан даа, үхрээ амбаар савандаа борцолно, нэг болвол хаданд аваачиж борцолно агуйд, агуйд борцолсон борц болвол их сайхан амттай яагаад гэхээр нөгөө жинхэнэ цэвэр агаар урь иддэг учраас их сайхан амттай болдог л байсан. Тэгээд манай нутагт чинь одоо монгол ховор, дандаа сарлаг үхэртэй л дээ, тэгээд сарлагын борц чинь шөл их сайхан гарна, сайхан борц болно.
Оюунтунгалаг -
Тэгээд та түрүүн хэллээ шүү дээ нөгөө зун хүүхдүүд их махасдаг гэж, тэгээд махсахаараа ер нь яах уу одоо тэгээд, өөрсдөө одоо өөр мах олж идэх арга байна уу байв уу? \инээв\
Нямжав -
Өөр арга ч байхгүй л дээ, намар болвол яахав бид нар чинь тарваганыхаа махтай залгачихна л даа, бусад улиралд болвол өвөл нь болвол яахав хүнсээ идчихнэ, зуны улиралд болвол ер нь бараг мах идэхгүй л дээ, ер нь таргаа уугаад, ааруулын нунтаг зөөхийтэй холиод, тэр үед сахар ч нэг их хэрэглэхгүй, тэгээд л идчихдэг, хөгшчүүд хааяа нэг хонь гаргасан, хонь гаргасан айлыг буудна л даа хүүхдүүд чинь, тэднийх мал гаргаад очиход яахав хишиг гээд идэж байсан юмнаасаа л огтлоод өгнө, тэгээд л болж байгаа нь тэр. Тэгээд яахав бид нар чинь намар болвол тарвага, зурамны махаар болчихдог, ер нь тарвагыг болвол элбэг ална л даа айл болгон махтай, Хүнхэр зуслангийн амралт анх тэр манай аав барилгыг нь барилцаж нээгдэж байсан юм, хувиараа шахуу иддэг байлаа л даа тэрнээсээ өмнө тэгээд манайханыг дайраад ирнэ, ирэхэд нь тарваганы махыг чинь сайн цохиж авна даа. Ер нь элбэг л дээ тэр баруун талд модон тэвшинд дүүргээд дүүргээд хаяачихсан, газар нь бордоод л доошоо тэвш нь нэвтрээд л тос нь, тэгээд буцахдаа болвол амсахгүй нөгөө арагшаан уучихсан улсууд чинь тэгээд буцдаг. Арагшаанчид нэлээн далд оруулдаг, тэгээд ангын юмыг чинь...
Оюунтунгалаг -
Арагшаан гэж юу юм бэ?
Нямжав -
Тийм рашаан нөгөө Хүнхэр зуслангийн ходоод..
Оюунтунгалаг -
Аан рашаан ус тийм ээ?
Нямжав -
Тийм. Тэгээд буцахдаа болвол болж өгвөл дайраад л яана бид нар чинь бас нөгөө ээж, аав цайны сүү хүргээд өг гээд л нөгөө амрагчидад бид нар дөхүүлж өгнө хааяа нэг, чихэр их ховорхон, хааяа нэг цаастай чихэр олдоно доо, тэрнийг л олж идэх гэж үндсэндээ хүргэж өгье гэж гуйж байгаад л явж байгаад тэгж л чихэр бас хааяа олж иднээ. Тэгээд арагшаанд тэр үүдэн дээрээ бургастай тэрүүнд бас мөнгө юу их тавина, чихэр, хааяа нэг ууттай нэг тийм одоо хөнгөн цагаанаар бөгжилчихсөн амыг нь нэг тийм тавьдаг. Бид нар чинь нөгөө, эцэг, эх чинь тэр бургасанд тавьсан юмыг ерөөсөө хөдөлгөж болохгүй, ойртуулахгүй л дээ бид нар чинь тэгээд нэг тойрч харчихаад, жаахан шүлсээ гойжуулна, газарт унасан юм байвал харин авчихна тэгээд хүлхчихдэг. Тэгээд мөнгийг нь аваачиж том улсууд нэлээн авдаг байсан юм шиг байгаа юм, байсан мөнгөнүүд нүдэлчихээд л явахад алга болчихдог.
Оюунтунгалаг -
/инээв/ Нүдэлчихээд явахад?
Нямжав -
Тийм. Тэгээд л одоо наанадаж энэ Заамарын алтны уурхайд бий л дээ ажиллаж байгаа, тэр бид 2 хоёулаа нууна л даа газар ухаж байгаад тэгээд одоо тэр ялзмаг л болчихсон байлгүй одоо газарт нуугаад, бүх мөнгөнүүдийг нь түүгээд мөнгө дээр хүн гарахгүй газраар яаж байгаа д булчихдаг л байсан юм. Тэгээд нэг удаагийн нэг нөгөө энэ хөнгөн цагаан мөнгө анх эхэлж гарсан тэрнийг мэдээгүй л байсан л даа, голын эхний тэр бургасанд өлгөчихсөн байхаар гэрийнхэндээ үзүүлэх гээд ийм мөнгө тавьчихсан байна, энэ сонин юм голыг нь одоо хэн нүхэлдэг юм бол гээд нэг үзүүлсэн чинь хангинуулаад буцааж аваачиж тавьсан, тэгж анх эхэлж би тэр голдоо нүхтэй хөнгөн цагаан мөнгийг үзэж байсан юм. Тэр үеийн мөнгөнүүд чинь том том л доо, даргар даргар, өө их том том, гуравт, тавт л голдуу байна, тэрний мөнгийг тэгж л юу яадаг байсан юм. Тэр одоо тэгээд газрын хөрсөнд ялзмаг л болсон байх.
Оюунтунгалаг -
Тэгээд та одоо, танд ээж, аав чинь сургууль руугаа явахад чинь, гэрээсээ явахад мөнгө өгдөг байв уу?
Нямжав -
Ер нь бараг өгье ч гэсэн байхгүй дээ ер нь ихэнх айлууд болвол тийм мөнгө төгрөгний хэрэглээ ерөөсөө байгаагүй, өлсвөл жаахан идэх юм сахар махар л авна өөр юм байхгүй, өөр юм одоо хувцас авна гэж байхгүй бид нар чинь бэлэн хувцастай тэгээд л ном дэвтэр болвол яг хүрэлцэхээр нь бэлдээд өгчихнө, нэг улирлаар нь байдаг юмуу, жилээр нь байдаг юмуу тэгээд л нөгөөдөхөө гамтай, мөнгөний хэрэгцээ болвол их бага байсан, мөнгө их ховор байсан, тэгээд мөнгөтэй айл ер нь за нэг 25 төгрөгтэй айл болвол нэлээн их мөнгөтэй л байсан байх. Би чинь Ховдод багшийн сургуульд явахад чинь нэг 200 төгрөгтэй л явж байсан, бас мөнгө муутай би чинь одоо нөгөө хэдэн дүү нараа юу яана, ээжийгээ юу яана тэгэхэд чинь мөнгө их ховор, зуныхаа амралтаар нөгөө унасан мод цуглуулж гүпэлж хийнэ л гэж ярьдаг юм даа машин мод бэлтгэж байхад чинь, тэгээд хэдэн машин мод бэлтгээд тэрнийхээ мөнгийг аваад тэгээд ээж дүү нартаа үлдээхийг нь үлдээгээд өөрөө авч явна, тэгэхэд чинь 200 төгрөг гэдэг чинь их л мөнгө л дөө одооны багш хүний ер нь бага цалинтай багш хүний хагас сарын цалин л даа, тэгээд тэрүүгээр чинь болгоод л байдаг яахав степент гэж нэг 180 төгрөг өгнө, 180-аас чинь тэгээд хоол байранд байхаар нэг 100 төгрөгийг нь өгчихнө 80 төгрөг нь үлдэнэ, 80 төгрөгөөр чинь сонин захиалуулна, юм үзнэ, тэгж ингээд тэгээд хоол унд гадуур өлсвөл гуанзанд бас хааяа ордог тэгээд болоод л байдаг байсан. Мөнгөний хэрэгцээ болвол гайгүй байсан, сүүлдээ болвол одоо тэгээд мөнгөтэй байж байж л өөрийгөө болгохгүй болвол болохгүй л дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд сургуульд байхад чинь одоо багш нар чинь ямар хувцас өмсдөг байв, та хүүхдүүд дээл өмсдөг гэж ярисан тээ?
Нямжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Багш нар чинь ямар хувцас өмсдөг байв, бүр тэр багш шиг болох юмсан ч гэдэг юмуу тийм боддог гоё багш байв уу?
Нямжав -
За тэр үед чинь ер нь багш сурагчгүй л монгол дээлтэй ерөөсөө, хааяа нэг европ хувцас одоо костюм пиджак, за өмд нь байг гэхэд пиджакийг нь болвол өмсчихдөг л байсан тэр, манай ангийн багш болвол монгол дээл их гоё зохидог ер нь тийм гунагардуу нуруутай, тэгээд л ер нь ийм болох юмсан, ийм сайхан волейбол тоглох юмсан, тэр үед чинь одоо сумд мэргэжилтэн их ховор л доо, мал эмнэлэгт ганц нэг, сургуульд хэд за тэгээд өөр бусад нь тэгээд л нутгийн юмуу сургуульд соёлд явж чадаагүй авъяастай улсууд л, нэгдлийн дарга марга нар болвол бас энд тэндээс холигдож солигдож ирдэг, ер нь сэхээтнүүд болвол тун цөөхөнтэй байгаа сэхээтэн болвол их чадалтай, ажил мэргэжилдээ сайн тийм л улсууд байдаг байсан. Ер нь одоо тэр үеийн сэхээтнүүдийг болж л өгвөл одоо хүүхэд чинь хараад л ерөөсөө хүүхдийн нүдэн дээр бүх юм ил байдаг юм чинь тэрүүн шиг болох юмсан, энүүн шиг болох юмсан гэж одоо бүгд л тийм юу яадаг байлаа. Техник ерөөсөө бараг байгаагүй, ганц нэг “64” гээч машинтай, мотоцикл гээч юм болвол ер нь улаан “Яав” л байсан юм, хааяа нэг манай Дамдин гээд нэг багш улаан яав-тай тэр ч одоо их мөнгө л дөө тэр үед чинь одоо 2000 гаран төгрөгний үнэтэй байсан юм шиг байгаа юм, за нэг ганц унадаг дугуйтай, манай нэг нагац ах нэг 1000-ийн дугуй гэж нэг өөрөө явдаг нэг тийм мотортой дугуйтай байсан, тэгээд цэрэгт явахдаа манай нөхөр энд тэнд ч өгөх юм байсан байхгүй холбооны байшин түшүүлж хаячихаад л явчихсан л даа.
Оюунтунгалаг -
Дугуйгаа?
Нямжав -
Тийм, нөгөө 1000-ийнхаа дугуйг, тэгээд одоо тэр үед бас техник сэтгэлгээ гайгүй болж бас хөгжиж л байсан юм байлгүй, мэдэхгүй л дээ ер нь тэгээд өнөөхийг чинь хөтөлж ирээд гаднаа тавиад тэгээд тэрийг чинь одоо амьтан тараачих гээд болдоггүй мөн яасаар байгаад эвлүүлж, дутуу мутуу юмыг нь яасаар байгаад тэгээд унадаг болгосон л доо, тэрүүгээр болвол ер нь овоо л явсан даа би, тэгж л анх техниктэй харьцсан нь тэр л дээ, 4-р ангийн л хүүхэд л дээ, анх эхэлж тэр техниктэй харьцсан.
Оюунтунгалаг -
Анх ер нь тэр машин эд нарыг хэзээ, хаана, яаж харав, ямар санагдаж байв ер нь?
Нямжав -
За тэр ч одоо ёстой нэг 3, 4-тэй байх үед л дээ манай тэр Баруун хаяаа гэдэг чинь Гүжийн тээлийнхэн гэдэг чинь тэр Ховдын төв зам байсан байх Ховд энэ баруун тийшээ явдаг, тэгээд өнөө машин тэрэг явахаар улсууд нэг тиймидээ, домботой цайгаа барьж угтдаг замдаа уулздаг, тэр нь гол нь яахав машин тэргийг нь үзэх сонирхолтой тэгээд бас яахав нөгөө зочлох, заншил их сайтай улсууд байдаг. Баруун хаяанд манайхан нэг намаржиж байсан нэг хачин муухай үнэртэй, дуутай, дууг нь болвол алсаас бид нар хонь монь хариулж яваад ойролцоо явна, дуу барааг нь болвол хараад байсан яг биеэр тулж уулзаагүй тэр болгон ирж зогсдоггүй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг намар гадаа ирлээ, орой бүрэнхий болж байсан гэрлээ асаачихсан ирсэн юм.
Оюунтунгалаг -
За.
Нямжав -
Тэгээд машиныг нь эргэж тойрдог юмаа тэр үнэр танар ч их бэрх юм, тэгээд нэг модон кабинтай одоо Уаз, Зис гэдэг байсан тийм л машин байсан, жолооч нь нэг тийм тос болчихсон тагдгар, хувцас мувцас нь нэлээн хиртэй нэг тийм халимагтай нөхөр буугаад л айлд орсон тэр хооронд нь үзэж байгаа болсон, өнхөрч ирээд дайрчихдаг юм болов уу гэж айж байгаа тэр чинь, тэгээд гэрлийг нь хамгийн гол нь их сонирхож байгаа, сонин шилний цаана орой болохоор өнөөдөх нь шүдэнз зураад асаачихаад тэрнийхээ гэрлээр явдаг юм байна гэж ойлгохгүй юу.
Оюунтунгалаг -
Аан за. /инээв/
Нямжав -
Ламп мампыг ерөөсөө мэдэхгүй л дээ тэр машины, мод төмрөө болвол мэднэ, тэр гэрлийн шилний цаана одоо юу байгаа нь мэдэхгүй, тэр тог цахилгааны талаар ер нь ойлголт байхгүй л дээ, тэр чинь сургуульд суугаагүй байсан үе, тэгж л машинтай анх танилцаж байсан тэгээд сүүлд нь ч одоо нэлээн элбэгшээд л, ирж цай уугаад л бид нар бас дээр нь суугаад заримыг нь гуйж бас нэг сууж үздэг л байсан л даа тэр чинь таньдаг хүн ч ер нь ховор жолооч нар ч цөөхөн байсан учраас таниж мэдэх юм ер нь ховор л байсан байх, тэгж л одоо анх машинтай танилцсан даа.
Оюунтунгалаг -
Гэрлийг нь сүүлдээ нөгөө учрыг нь олсон чинь ямар санагдав? /инээв/
Нямжав -
Тэгээд тэр чинь тэгээд тэрнийг чинь мартагдаггүй л одоо энэ битүү юман дотор хаанаас нь зомголыг нь хийж асаадаг юм бол дотроос нь л нэг юм яадаг байх гэж.
Оюунтунгалаг -
Яаж гэрэл нь асдаг юм бол гэж бодоод л байсан?
Нямжав -
Тэгээд сүүлд нь тэр чинь одоо 6-р ангид сургуульд суугаад юунд ч бас нэг тийм юм өгдөггүй юм л даа бага сургуулийн програмд болвол нэг их тийм юм байгаагүй юм байна лээ одоо бодож байхад, тэгээд 6-р ангид физик заалгаж байж л тэрний чинь учрыг олсон л доо. Аан ингээд үйлдэл гээч ийм юм гардаг юм байна, манайх аккумлятор нь ингээд жанамаараа цэнэглэгдээд тэгээд бүгдийг тэжээдэг юм байна гэдгийг нэлээн хожуу л тэр үед чинь бас 64 машины марк энэ тэр 66 эд нар гээд мэддэг өөрсдөө тэгээд 2 сумын хооронд нөгөө машинаар чинь явдаг тэгээд л жолооч нар бас дагаж явж байгаад тэд нарын чинь учрыг л үндсэндээ бүүр сайн жинхэнэ шинжлэх ухааны үндсийг болвол 6-р ангид орж байж л мэдэж байгаа юм. Тэгээд одоо хөгийн юм бодож байлаа хөөрхий, одоо чинь намайг чинь багшилж байхад л бас сумын төв үзээгүй ганц нэг хүүхэд ирдэг л байсан юм тэгээд тэд нарыг бодохоор заримдаа нөгөө өөрийнхөө сумын төв үзэлгүй ирж байснаа бодохоор бас инээд хүрээд л байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд та ер нь сургуулиас өөр газар ямар боловсрол эзэмшив, сургуулиас өөр замаар ч гэдэг юм уу одоо?
Нямжав -
Сургуулиас өөр замаар ч одоо би ер нь яахав нөгөө удамшсан авъяас байсан учраас мод, төмрөөр юм юм хийгээд сурсан өөр нэг тийм юу яасан юм байхгүй ээ. Ер нь болвол би хүнээр хадаас ингэж хаддаг юм, манай аав чинь нөгөө 13-тай өнгөрсөн учраас надад юм заахын тухгүй дөнгөж би сургууль 5-р ангид байхад өнгөрсөн учраас багаж үлдсэн, багаж нь нөгөө манай нагац нар бас хуваагаад авчихсан байсан, надад нэг алх, харуул хоёр л үлдсэн байсан, тэр хоёрыг нь одоо би хадгалдаг юм. Би нэг их хэрэглэдэггүй хааяа нэг гаргаж харчихаад л, тэр манай тэр буурал аав бас овоо ухаантай хүн байсан юм шиг байгаа юм. Манай аав юм хийдэг, ах дүү гурвуулаа л даа манай аав чинь, нэг нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй байсан, нөгөөдөх нь одоо энэ цэрэгт яваад энэ Төв аймгийн отрядад жолоочоор олон жил ажилласан одоо энэ Заамарт бий л дээ. Тэр нь болвол бас тийм удамшсан авъяас байхгүй, мод төмрөөр юм хийх, тэгээд тэрүүндээ багажаа авчирч өгсөн байгаа юм бүр хөдөөнөөс зориуд, би тэгээд хожуу боддог л байсан юм, үгүй энэ манай аав юм хийдэг хүн дээ өгчихгүй энэ одоо яагаад тэгж байсан юм бол гэх нээ бас тэрний юм хийдэггүй учраас багаж зэвсэг байхгүй, байгаа юмыг бас хэрэглээд сурчихаг гэж бодож л өгсөн юм шиг байгаа юм. Манай аав болвол өөрөө тэгээд л багажаа юм хийдэг юм чинь өөрөө бэлдээд хийгээд явчихсан юм шиг байгаа юм. Тэгээд би ч гэсэн тэгээд л мөн аавын нэг алх, юутай харуултай бусдыг нь болвол өөрөө л бэлдсэн л дээ, тэр үед чинь багаж худалдаанд ч байдаггүй, өөрсдөө л хийдэг л байсан. Тийм л боловсрол сургуулиас гадуур олж авах шив дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр яахав тэр боловсрол чинь бас танд их л хэрэг болсон тийм ээ?
Нямжав -
Үгүй одоо надад болвол энэ чинь их л хэрэг болж байна, хүний авъяас яахав дээ ёстой өтлөнө гэж байдаггүй учраас ядаж хүнд хэлээд өгчихнө, өөрөө юмаа хийчихнэ, ер нь ямар ч авъяас байсан хүнд болвол заавал хэрэг болдог л юм байна.
Оюунтунгалаг -
Мужааны хичээл ер нь оров уу?
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.