Dolgorsüren

Basic information
Interviewee ID: 990004
Name: Dolgorsüren
Parent's name: Tsedensambuu
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: private handicrafts
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: Khan Bank economist
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
repressions
belief
family
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
post-war conditions
repression
belief
cultural campaigns
collectivization
funeral rituals
Russians
men and women
childhood
schoolchildren's life
secondary school
urbanization
privatization
democracy
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Сайн байна уу ? Та. Таны амьдралд ямар нэгэн зүйл гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Тэр ямар үйл явдал вэ ?Та хэдэн онд төрсөн бэ? Хаана төрсөн бэ ?
Долгорсүрэн -
Би уг нь УБ хотод төрсөн л дөө. 1957 онд төрсөн. Өсөх нас нь болохоороос өвөө, эмээ 2 дээрээ Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод яг тэр Булган уулын урд чанх уртаа талд голын эрэг дээр одоогоор бол Архангайн сүм байдаг. Тэр үед музей байсан юм. Тэр музейн хажуу талын хашаанд хүүхэд нас маань өнгөрсөн дөө. Тэр урд талын чинь голыг Бааст гэж нэрлэдэг. Уг нь Цэцэрлэгийн гол гэж сайхан нэртэй. Аймгийнхан Бааст гол гээд нэрлэчихсэн. Тэрний чинь хөвөөн дээр чулуугаар гэр бариад л өссөн.
Сайнбилэг -
Тэр үе чинь дайны дараа үе, ямар онцлогтой үе байсан бэ?
Долгорсүрэн -
Дайны дараагийн үе байлгүй яахав. 57 он юм чинь. Ер нь дайны дараагийн сэргээн босголт, хүмүүсийн соёлжилт ийм л үе явагдаж байсан үе. Тэр үед чинь бас хороо хоринд ажилгүй эмэгтэйчүүд ихтэй, хороо хориноос ажилгүй эмэгтэйчүүдийг цуглуулаад дугуйлан ажиллуулдаг, нэхмэлийн, хоолны дугуйлан ажиллуулдаг. Тэнд манай эмээ явдаг байсан юм. Тэгээд явахаараас зэрэг би дагаад явна. Дагаж явахаар эмээгийнхээ нэхэж байгаа бээлий эд нарыг чинь хажуугаас нь хараад л, нэхэх гээд л, чангалж татаад л, умайлгаад, эмээ маань тэрийг хөвөөд л, дахиж нэхээд, тэр үеийн чинь хоолны халбага их зөөлөн, хийгдсэн байсан. Тийм хөнгөн цагаан халбагыг хуурайдаад одоогийн дэгээ зүү хийгээд. Тэр дэгээ зүүгээрээ нэхдэг. Манай эмээ надад 6 настай байхад зааж өгч би тэр эмээгээ дагаж нэхэж сурсан. Одоо хүртэл л оймс нэхдэг шүү дээ. Тэр чинь бас эмэгтэйчүүдийг соёлжуулж байсан, зөв амьдрахад нь сургаж байсан юм шиг байгаа юм. Манай эмээ бол гарын уртай, ажлын ая эвийг олж хийдэг хүн байсан болохоор хамгийн түрүүн манай эмээ сурдаг. Тэр хорин хэдтэй, гучин хэдтэй хүүхнүүд эмээг дагаж ирээд л, эгчээ та яаж хийж байна, энэнийгээ надад заагаад өгөөч, би багшийн заасныг сурсангүй гээд л. Тэгээд манай гэр бараг дугуйлан болохоо дөхдөг байсан ш дээ. Бас хорооны хурал болдог. Хорооны хурал дулаахан цагт бол гудамжиндаа, хүйтэн цагт бол айл айлд хуралддаг. Тэр хурал нь болохоор сонин уншлага гэж байдаг байсан ш дээ. Сонин уншлага гэдэг нь мэдээллийг л хүмүүст хэлж өгч байгаа гэсэн үг. Бичиг үсэг тайлагдсан мөртлөө зурагт, радио телевиз, байхгүй байсан болохоор сонингоо нэг нь уншаад ойлгоцоороо хүмүүст тарааж хэлж өгдөг. Хурлаар юу хэлэлцсэн, төр засгаас юу хэрэгжүүлж байгаа, гээд л тэрийг чинь хорооны хурлаар ярилцдаг байсан байхгүй юу. Их сонин юм байдгийм ш дээ. Нөгөө Нямбуу гуай......, Сурмаажав......, нэг нь хэн билээ нөгөө .... хэлмэгдээд байсан, улс төрийн хэрэгт намаас арга хэмжээ авагдаад.., Лоохууз гуай. Яг тэр үед чинь би 1-р ангийн хүүхэд.... арай ч сургуульд ороогүй юм уу, Тэгсэн чинь яг манай гэрт Лоохууз гуай эд нарыг намаас хөөлөө гээд л ярицсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Нямбуу гэдэг нэрийг нь Пямбуу гээд, Пямбуу гэдэг нь манай өвөөгийн харуул байхгүй юу. Пямбуу, Лоохууз эд нарыг намаас хөөлөө гэнээ гээд би аавдаа ярьж өгч байгаа байхгүй юу. Тэр чинь гэр дотор ярьсан юм болохоор их л сонин санагдаж ярьсан юм шиг байгаа юм. Тэр үед чинь Зөвлөлтийн сансрын нисгэгч чинь нисээд л, тэрийг чинь бид нар сонсдог, тийм байсан. Мэдээлэл чинь ховорхон байсан учраас гудамж гудамжиндаа цугларч тэрийгээ ярьдаг. Одоо тэр манай гудамжинд байгаа хүмүүс хогоо хэзээ цэвэрлэх вэ, ийм ажлуудаа их төлөвлөж хийдэг байсан ш дээ. Тэр хуралд нь би эмээгээ дагаад л суудаг байсан./инээв/
Сайнбилэг -
Таны гэр бүл, хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу ?
Долгорсүрэн -
Бий, бий шүү. Миний ээжийн маань аав. Нагац аав чинь өөрөө хэлмэгдсэн. Лам байсан хүн. Шальтай сурч чадаагүй юм байналээ дээ зайлуул. 20 гаран насны юмуу даа, байж байхад нь хар болгоод ажил дээр гаргаад. Манай өвөө чинь мал эмнэлгийн санитарийн курст УБ хотод ирж суугаад малын бага эмч болсон. Санитар гэж нэрлэдэг байсан. Архангай аймгийн “Пионерийн зам” нэгдэлд Булган сумын эмч, Хашаат сумын Лүн бригадын малын эмч хийж байсан. Их олон жил хийсэн юм билээ. Тэгж байхад их сонин түүх бий. Манай өвөөг хэлмэгдүүлээд. Тэр үед бүгд л айдаг айдастай. Ер нь сумын захиргаанаас дуудлаа л гэвэл тэгээд л бүгдээрээ хярсан туулай шиг болчихдог юм билээ, өвөөг чинь нэг өдөр сумын төвөөс машин давхиж ирээд л, дуудаад л. Үгүй ээ, машин давхиж ирээгүй, өвөөг дуудаад. Өвөө тэгээд явахаар болоод. Тэгээд, за би одоо ирэхгүй ээ, ирэхгүй ч байж магадгүй. 2 охиныгоо сайн хүн болгоорой, хэрэв ирэхгүй байвал. сургууль соёлд явуулаарай гэж эмээд хэлчихээд тэгээд л одоо сумын төв рүүгээ очсон байгаа юм. Сумын төв рүү очсон чинь гадаа нь машин дээр Шагдарын Равдан гээд дуудаад суулгасан байхгүй юу. Тэгээд суулгаад байж байсан чинь харин өөртэй нь хамт ажиллаж байсан, манай өвөө чинь бас тэр мал эмнэлэгт очиж ажиллаж байсан, орос эмчийн 1-рт хэлмэрч нь, 2-рт дагалдаж ажилладаг хүн байсан юм билээ. Тэгээд тэр орос эмч нь тааралдаад “ Чи яасан бэ Равдаан” гэж асуугаад, ....Өө харин намайг ингээд ачиж байна гээд баяртай, сайн ажиллаарай гэсэн чинь нөгөөх чинь ...хүлээж бай..., гээд яваад орчихсон байгаа байхгүй юу. Тэгээд орчихоод. Сумын захиргаан дээр байсан тэр машинаас ерөөсөө л ганцхан өвөө тэр орос дуудаж буулгасан байгаа байхгүй юу. Шагдарын Равдан буу гээд л буулгаад , тэгээд л буусан. Нөгөө машинтай хүмүүсийг бол хэлмэгдээд л УБ руу ачигдаж байсан байгаа юм. Тэгээд тэр хүмүүсээс эргэж очсон хүмүүс их цөөхөн. Аягүй олон хүмүүс шоронд байж байгаад, эргэж очсон хүн цөөхөн, тэгж ярьдаг юм. Тэгээд тэр орос эмчийнхээ нэрийг мартчихсан байдаг байхгүй юу. Тэрнээс биш миний амийг тэр орос эмч аварсан юм, тэр машинтай хүмүүсээс эргэж цөөхөн нь ирсэн, өмнө нь болохоор манай өвөөгийн төрсөн ах билүү тээ, (эгчээсээ асуув) дүү нь ч байдаг билүү(ахин асуув). Төрсөн дүү нь тэр үед Заяын хүрээ гэдэг байсан ш дээ, тэр Заяын хүрээнд байсан лам нар дотроо нэлээн том мяндаг тушаалтай л хүн байсан юм шиг байгаа юм. Тэр бүр ор сураггүй болсон. Тэрийг бол бариад аваад явчихсан. Ер нь өнгөртлөө хүлээсэн ш дээ, манай өвөө чинь, одоо 77 онд өнгөрсөн ш дээ. Тэгтлээ л хүлээсэн. Тэгээд л хойшоо явсан манай эгчид тааралдаж магадгүй шүү, цөлөгдчихсөн, тэр Сибирийн цөллөгөөс оргож бусгаад ч гэлээ амь үлдсэн л байх ёстой байж магадгүй, их овсгоотой хүн байгаа юм. Тааралдаж магадгүй гээд зургийг нь хувилаад өгч байсан. Ерөөсөө ирээгүй шүү. Буудуулчихсан. Тэгээд л сураггүй алга болсон юм шиг байгаа юм. Том тушаалтай хүн байсан. Манай өвөөгийн ээж бол 97 хүрч байж нас барсан. Тэр эмээ Архангай төв дээр зэргэлдээ 2 хашаа байдаг байхгүй юу. Тэр зэргэлдээ хашааны нэгэнд Заяын гэгээний ээж Ваня гээд хөгшин 100-н нас болчихсон. Манай өрөөний яг өрөө хашаанд 97 нас гарчихсан Ачимэж гэдэг манай өвөөгийн ээж нь тэгээд л нөгөө хүүгээ эмгэн чинь бас хүлээж байна. Их хүлээдэг....., ярьдаг. Зая гэгээнийх чинь хашаа нь одоогийн аймгийн төвийн 10 жилийн дотуур байрны буурин дээр тэр хөгшин байсан. Манай өвөө, Заяын гэгээний ээжийн энүүхэн хэсэг буянтай газар, манай ээж 97 насалсан гээд тэгж байсан.
Сайнбилэг -
Тэр үед хүмүүсийг ачиж яваад л ор сураггүй болох уу ?
Долгорсүрэн -
Харин тийм.Ор сураггүй л, ерөөсөө эргээд л, зөндөө л, тэгж хорьсон, ингэж буудуулсан, ингэж амийг нь хороогдсон, тийм тийм хэрэгтэн гээд л, ингэж байсан л юм билээ,. Тэгээд эргээд гэртээ мэдээлэл байхгүйгээр хүмүүс өч төчнөөнөөрөө алга болсон юм байлээ ш дээ. Тэрэн дотор л манай өвөө хариугүй орохоо дөхсөн. Өвөөгийн дүү нь бол ороод бүр алга болсон доо.
Сайнбилэг -
Эргээд хүмүүст мэдээлдэггүй юм байна ш дээ ?
Долгорсүрэн -
Мэдээлдэггүй. Тэр чинь бол цөллөгөнд л явчихсан байх гэж ойлгоод лам хүмүүс чинь мэргэ төлгөөрөө үзээд л, амьд байна гэдэг ч юмуу, эргэж ирэх юм байна гэдэг ч юм уу, зөн совингоороо тэгээд л.
Сайнбилэг -
Тэр үед төр засаг хэлмэгдүүлэлтийг юу гэж тайлбарладаг байсан ? Хүмүүсийг ачаад явдаг тэднийг урвагч гэдэг юм уу, тагнуул гэдэг юмуу, юу гэж тайлбарладаг байсан бэ?
Долгорсүрэн -
Тэрийг бол эгч нь сайн мэдэхгүй. Гэхдээ манай өвөөгийн хэлдгээр бол, ерөөсөө сумын захиргаан дээр хүмүүсийн нэрсийн жагсаалт л гаргаад ирдгийм гэсэн. Жнь: Манай өвөө лам байж байгаад хар болчихсон. Болохдоо бүр мал эмнэлэгт нь санитар хийгээд, малын эмч л юм байна л даа. Тэгээд хийгээд явж байхад нь л дуудаад, тэгээд нэр ороод ингэчихсэн бол би эргэж ирэхгүй гэж бодож байдаг л байхгүй юу. Бүр захиасаа захидаг. Өмсөж зүүхээ өмсөж зүүдэг байсан байхгүй юу. Тэр чинь сэгсүүргэн дотортой дээл гэдэг чинь бол үстэй дээлний хамгийн зузаан нь ш дээ. Тийм дээлээ өмсөөд л, дулаан хувцаслаад л, арынхаа захиасыг захиад л явж байсан гээд бодоход бол ер нь ирэхгүй л гэсэн бодолтой байсан байгаа юм. Машин дүүрэн хүн сууж байсан гээд бод л доо..., тэр чинь одоо сумын төв чинь 200-аад хүнтэй байна биз дээ. Одоогоор бол тэр үед чинь хүн ам бага байсан биз дээ. Тэгэхэд чинь л машин дүүрэн хүнийг хаана хаанаас цуглуулсан байдаг юм? Лам нар ихтэй байсан болохоор зэрэг..... тэд нар чинь аймгийн артельд гээд байсан. Тэр артельд чинь лам нар гараар гутал хийнэ. Авдар хийнэ. Тэрийгээ эрээлнэ(будна). Тэр лам нар дотор чинь бас номын лам цөөхөн, нөгөө нэг уншлагатай, уншлага гэдэг нь маанийн уншлага хийчихдэг, бурхан мурханыг нь зурдаг. Дотор цэвэрлэгээ хийдэг тийм хүмүүс чинь бас л лам нэрэндээ явж байсан юм шиг байгаа юм. Бурханы номыг чинь бас сайн сурах хүн байна. Ой сайтай. Муу ч хүн байна. Толгой дээрээ хонхны дуутай үхье гээд айл болгон хүү нараасаа заавал нэгийг нь лам болгож байсан үе. Тэгэхээр чинь айл болгонд лам нар байсан болохоор айл болгоны лам нараас дуудаад авч байсан гэсэн үг байхгүй юу.
Сайнбилэг -
Сибирь лүү цөллөгөнд явдаг гэсэн ?
Долгорсүрэн -
Хамт хоригдож байсан хүмүүсээс нь нутагтаа ирэхэд тэндхийн шоронд байсан, хоригдож байсан гээд л. Одоо энэ баруун бишээ, зүүн 4-н замын тэнд чинь Батцагаан гээд шорон байсан гэж байгаа юм. Тэр хэлмэгдсэн хүмүүсийг чинь хорьж байсан юм билээ.Тэнд байсан. Би чинь бага байсан болохоор өвөөгий маань ярьж байсан юм. Бүүр түүр л дээ. Гэхдээ тодорхой сайн санах нь Сибирийн цөллөгийн хүмүүстэй явчих шиг боллоо гэж хамт хоригдож байсан хүн нь өвөөд хэлсэн байгаа байхгүй юу.
Сайнбилэг -
Сибирь лүү цөлдөг байсан байхнээ?
Долгорсүрэн -
Тийм. Цөлдөг. Хар далай руу явдаг байсан. Манай эгч чинь Хар далай тэнд байдаг байсан. Хар далай чинь бүр...... Оросын баруун тал ш дээ. Тэр лүү чинь бүр оччихсон л байгаа юм. Сибирээс Хар далай руу шилжүүлсэн байж магадгүй гээд л, өвөө дотроо бодоод л эгчид зургийг нь өгч явуулаад л. Эгч тэр зургийг нь олон хувилаад аваад ирчихсэн. Одоо манайд тэр хувилсан зураг нь байдаг ш дээ. Хүлээгээд ирээгүй. Их олон жил хүлээсэн дээ. Ганцхан хүүтэй тэр хүү нь бас их сүрхий том том орос ном орчуулдаг байсан ш дээ.
Сайнбилэг -
Өөрийнхөө аавын тухай ярьж өгөхгүй юу? Хэлмэгдэж байсан гэж сонссон юм байна.
Долгорсүрэн -
Тийм.Миний аав чинь цэргийн л хүн байсан даа. Офицерүүдийн сургуулийн улс төрийн ажилтан байсан байгаа юм., манай аав. Тэр үед цэргийнхнийг жаахан болох болохгүй юмаар орооцолдуулаад ажлаас нь албан тушаалаас нь хөөх юм байсан юм байналээ л дээ. Манай аавыг зүгээр нэг цуурхлын хэргээр..... Өнгөрсөн үнэмлэх нь байдаг юм. Бэлтгэл офицероор халагдсан үнэмлэх нь байдаг юм. Цуурхлын хэргээр ял шийтгүүлээд шоронд яваад ирсэн. Гэхдээ бол манай аав Халх голын байлдаанд орж байсан., оролцож байсан. Улс төрийн ажилтан байсан болохоор ар тал эднээр нь яаж байсан. Лхагвасүрэн гуайн байлдааны түүх бичиг эд нар байдаг ш дээ. Гарын үсэгтэй. Медаль зедалийг нь тэр үед хураагаад авчихсан гэнэлээ. Тэр үед нь эргэж олдоогүй. Цагаан морьт гээд байлдааны медаль байсан гэнэлээ. Хураагаад авчихсан гэсэн. Цагаатгагдаж болох юм байна даа л гэж би боддог юм. Олон офицерүүд тэгж хэлмэгдсэн юм билээ.
Сайнбилэг -
Хэдэн оны явдал вэ?
Долгорсүрэн -
Тэр 39 оноос 46 он хүртэл. Манай аавд ерөөсөө аймшгийн юм байгшаагүй. Зүгээр л нэг.... айлын найран дээр, хүн хуримаа хийгээд л хэдэн залуу офицерүүд дуулаад л, дуундаа болохоор юу гээд дуулчихсан гэдэг гэлээ дээ, би жаахан байсан болохоор.....Чойбалсангийн халзан толгойтой банди нар эд нар гээд дуулчихсан гэсэн. Халзан толгойтой банди нар гэдэг нь цэргийнхээ банди нарыг оруулаад л, одоо нөгөө ган зам эд нар гээд байдаг байхгүй юу, тэр дууны аянд амандаа орсноороо л дуулцгаахгүй юу. Халамцуу болчихсон. Одоогоор бол хошин шогийн юм шиг хошигноод л дуулчихсан байхгүй юу. Юу элэглэл гэж ярьдаг гэж ярьдаг биз дээ. Тэр нь маргааш нь ирэхэд л жагсаалын өмнө гаргаж ирээд л, погоныг нь хуу татаад л, тушаал уншаад л шоронд явчихсан байсан байналээ, манай аав.
Сайнбилэг -
Хэдэн жил?
Долгорсүрэн -
2 жил гаран л. Ер нь хэдэн жил гэж сонссон юм мэдэхгүй .Өөрийнх нь эдэлсэн нь жил гаран байсан юм байналээ. Бичиг үсгийн чадвар сайтай хүн байсан болохоор нь нэг их айхтар тэр уурхай, чулуу мулуу, карьер тийм юманд ажиллаагүй. Төмөр замын өртөөний наана цаана нь яаж ч ажиллаж байгаад гэлээ бууж ирсэн гэдгийм.
Сайнбилэг -
Та бурхан шашнаа шүтсээр ирсэн үү? Яаж шүтэж ирсэн бэ?
Долгорсүрэн -
Тэр чинь шүтэлгүй яахав дээ. Өвөө эмээ маань шүтдэг байсан юм. Тэр чинь аймар нууц. Ерөөсөө ил гаргаж болохгүй. Манай, Булган уулын чинь ..... индэр дээр байгаа Зонхов бурхан байна. Булган уул чинь 7-н бурхантай юм байгаа юм ш дээ. Хамгийн дунд нь том Зонхов бурхан, Бурхан багш байгаа байхгүй юу. Тэр бурхан багшийн чинь цагаан сарын шинийн нэгний, битүүний орой, шинийн нэгэнд цагаан сарын шинийн 3-нд зул өргөдөг байхгүй юу. Би чинь 65 онд 1-р ангид орсон гээд бодоход 61, 62, оноос эхлээд 68 он хүртлээ Булган уулан дээр 3 зул, 7 зул, асна л даа. Бид нар гарч тоолдог байсан юм. Тэр зулыг чинь миний өвөө өргөдөг байсан байхгүй юу. Өөр хүмүүс бол өргөнө л дөө. Манай өвөө бол 1 л зул өргөнө ш дээ. 3 гарсан бол 2 өөр хүн. 1 нь манай өвөө. манай өвөө бол тогтмол очиж өргөнө. За тэгээд эмээ бол зэрэг хэлнэ л дээ. Ачимэд эгчийнд чинь очоод боов хийж байгаа шүү, бууз хийж байгаа шүү. Та нар үг алдваа. Цаана чинь одоо хүн амьтан асууна шүү, сураглана шүү, харддаг шүү, сэрддэг шүү гээд. өвөө болохоор зэрэг эсгий гутал өмсөөд, эсгий гутлын уландаа резин наачихсан ултай, тэр гутлаа өмсөөд дээлээ хөөргөж бүслээд, бүр эрт нар дээр байхад явна ш дээ. Булган уулын араар нь тойроод....., дээгүүр нь давж урагшаа бурхныхаа тэр рүү орж ирээд, зулаа өргөөд буцаад, эргээд уулынхаа ар луу гарна. Тэгээд ингэж тойрч орж ирдэг. Булган уулын 2 суганаас гараад ирж болохгүй ш дээ, өвөө. бас хавтгай мод одоо тэр...., Цагдуултын цаагуур нь ингэж тойрч орж ирнэ ш дээ. Тэгэхгүй бол зул өргөсөн гээд л баригдвал бөөн юм болно. Тэгээд л өвөө зулаа өргөчихөөд ирнэ. Бид нар чинь хүнд хэлэхгүй ш дээ. Тэр зулыг манай өвөө тогтмол өргөдөг, манай бурхан....... байшин маань хойд талаараа юутай, бүр тийм нарийхан харанхуй өрөөтэй. Тэр нарийхан харанхуй өрөөний хамгийн цаад талын буланд хачин гоё бурхнууд байлаа. Одоогийн шинэ жилийн бөмбөлгөн тоглоомууд байна ш дээ, тэрийг чинь бид нар дөмбө гэж нэрлэдэг байсан юм. Улаан дөмбө, цэнхэр дөмбө, ногоон дөмбө гээд л. Нөгөө бөөрөнхий ёолкны чимэглэл байна ш дээ. Тэгээд л шүр мүр урагш нь унжуулаад, урд талаар нь хөшиг шиг хийчихсэн. Манай эмээ тэнд чинь зулаа өргөнө. Шинийн 8-нд, 15-нд, 25-нд гээд, ийм 3н өдөр зулаа өргөдөг. Зул маань бүр ингээд одоогоор бол 60см өргөнтэй, 2 эгнээ зул хийхэд бараг л 108 зул болчихож байх шиг байна. Тийм их зулыг өргөдөг. Бид нарын аманд нь маск хийлгүүлээд , тэгээд галын дэргэд цэвэрхэн цаас бариулаад суулгана. Бид нар галд тэр цөгцнүүдээ ээгээд тэрийгээ арчиж цэвэрлээд. Тэгээд манай эмээ чинь бидэнд бүгдээрэнд нь маск /амны хаалт/ хийлгэнэ. Амьсгал хүргэхгүй гээд. Тэр зулаа бурхандаа оруулж өргөдөг. Би лаа барьж дагаж ороод эмээ тэр зулнуудаа өргөдөг. Бурханы тоосыг эмээ орж арчина ш дээ, зайлуул. Хэдэн өдөр болоод арчдаг байсан юм б, ямар ч байсан арчдаг байсан. Гэхдээ эмээ мэмээ л орж мөргөдөг байсан байх. Бид нар мөргөдөггүй лдээ /инээв/.
Сайнбилэг -
Маск зүүдэг амьсгал оруулахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Долгорсүрэн -
Ерөөсөө манай эмээ чинь их дэгтэй, жаягтай айхтар нямбай, цэвэрч, хүн байсан юм. Тэр ерөөсөө бурхны зуланд амьсгал оруулж болохгүй гээд тэр цөгцийг чинь бүгдийнх нь гарыг угаалгаж байгаад, тойруулж суулгана. Миний ах байна, миний эгч байна, ээжийн маань эгч дүүсийн 2 хүүхдүүд байсан. Тэгээд эгч байна, тэднийг чинь тойруулж суулгаад, гарыг нь угаалгаад өвөр дээрээ хүргэж болохгүй тэрийг чинь хөндий барина. Тэгээд зулаа өргөдөг байсан ш дээ. Их том 2, суумал юм шиг 2 бурхан байсан санагддаг юм. Тэрийг чинь үзүүлэхгүй, хүнд хэлэхгүй, манай тэр байшин чинь их өргөн, 8м хавьцаа, бараг 10-аад м урт байшин, байсан юм чинь. Хамгийн мухарт гэхээр чинь бараг харагдахгүй. Хүйтэн гэж жигтэйхэн. Ороод л бид нар чинь зузаан дээлээ өмсөөд л, давхарлаж өмсөөд л, тэр бурхныг чинь харахгүй ш дээ.
Сайнбилэг -
Айл болгон тийм байсан уу?
Долгорсүрэн -
Тийм байсан. Цутгамал, баримал, хөөмөл, шармал ийм том бурхнуудаас гуулин мөнгөн бурхнууд чинь бас л айлуудад байхаа болисон. Гэртэй айлд бол авдарт нь байшинтай айлд бол ийм нууц газраа байсан байх. Зурган бурхан бол нөгөө гэр бүлийнхээ зургийг хийчихсэн жааз байдаг ш дээ, манай монголчуудын авдран дээрээ тавьдаг тэр жаазны чинь ар талд тэр бурхнууд нь байдаг. Наана нь гэр бүлийнхээ хүүхдүүдийнхээ зургийг хийсэн мөртлөө ард талд нь бурхан нь байдаг. Тэр хоймроо л байдаг.
Сайнбилэг -
Баригдвал яахав ?
Долгорсүрэн -
Баригдвал тэгээд л шийтгүүлнэ ш дээ. Намын гишүүн байвал гишүүнээсээ хөөгдөнө. Тэр үед чинь бүр аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээс гэдэг газраас бүр нэрсийн жагсаалт гэж гаргаад хянаж байсан гэж байгаа ш дээ, манай өвөөг бол. Тийм болохоор манай өвөө эмээг зул өргөөд явж байхад мэдэгдэж болохгүй гэдгийн завсраар миний аав чинь аймгийн хариуцлагатай ажил хийдэг хүн байсан байхгүй юу. Тийм болохоор аавыг хэрэгт хийчихвий, манай аав чинь намын гишүүн хүн байсан. Тэгэхээр давхар давхар тэгж айж л, тэгж хамгаалж байсан байхгүй юу.
Сайнбилэг -
Айхтар дарамттай байжээ?
Долгорсүрэн -
Дарамттай байсан, тийм.
Сайнбилэг -
Та соёлын довтолгооны үеийг мэдэх үү?
Долгорсүрэн -
Соёлын довтолгооныг мэднэ. Тэр дээр үеийн соёлын довтолгоо эд нарыг чинь манай аав эд нар хий байсан гэнэлээ. Тэгээд л намар гараад л /гэрээсээ/ өвөл болоод л, тэгээд л хавар болоод л тэгээд одоо буцаад л, дараагийн зун нь юмуу, намар нь ч юмуу, хөдөө яваад л ирж байсан гэнэлээ. Гэхдээ миний тэр үед чинь бас соёлын довтолгоон болж байсан байхгүй юу. Би 7,8 настай, тэр 61, 62, ...... 65 тэр онуудад чинь бас соёлын довтолгоо болж байсан байхгүй юу.
Сайнбилэг -
Яг юу юу болж байсан бэ?
Долгорсүрэн -
Айл болгоны ариун цэврийг үзнээ. Тусгай хүмүүс ирж үзнэ ш дээ. Хорооноос, эмнэлгээс. Тэгээд л жорлонтой байх ёстой, тэр айл, хашаан дотроо хамгийн гаднаасаа эхлэхэд л жорлонгийнхоо гадна талд, хажуу талд нь муу усны нүхтэй байх ёстой. Жорлон нь агааржуулагчтай байх ёстой. Хашаан доторхийг бас үзнэ. Түлээгээ хаана хураасан, зомголоо хаана хураасан, гудамжинд хог асгадаг уу, үнсээ хаана хийдэг үү, хогны сав заавал дээрээ тагтай байх ёстой, тэгээд гэр лүү орно доо. Гэрт орж ариун цэвэр үзэж байгаа хүн чинь хөшигний хоолойд тортог сууж үү, үгүй юу, унинд нь тоостой байна уу үгүй юу, аягаа угаадаг уу үгүй юу, аяганы чинь алчуур хэдэн ширхэг байна. Өөр чинь, орны цагаан хэрэглэлийг шалганаа. Нүүр гарны алчуур, саван, сойз тэр чинь хаана байна. Хүн бүр тусдаа унтаж байна уу, үгүй юу, тэр хүний дэвсгэр нь аль вэ, гудас нь аль вэ гээд л. Тэгээд одоо тэр үед айлуудад 12 мөнгөний дэвтэр гэж байсан, 12 хуудастай дэвтрийг чинь утсаар оосорлоод бүр унинаасаа өлгөчихсөн, шугам татчихсан, тэрэн дээр нь он сарыг нь тавиад, шалгасан хүний нэр гараад, онцсайн, дунд, муу гээд дүн тавиад тэгээд нөгөө ариун цэврийг нь үзчихээд дүн тавина. Тэгээд дараагийн 7 хоногт дахин ирж үзнэ. Тэгж байж л хүмүүсийг одоо яаж байсан байгаа ш дээ. Манайх бол яахав харьцангуй соёлтой гэр бүл байсан ш дээ. Тэр цагаан хэрэглэл эмээ бидэнд байнга хэрэглүүлнэ. Дотуур хувцас. Унтахдаа хүртэл бидэнд чинь хувцас өмсүүлж байж унтуулна. Өглөө босоод тэр ор дэрийг гадаа гарч гөвүүлнэ. Орны даавууг чинь угаахдаа бүр дотор талыг нь эргүүлж байж булангийнх нь хогжруутсан хэсгийг нь ингэж арилгуулж байж угаана. Хагас сайн өдөр болохоор эгч чинь 10-р ангид байсан болохоор бид нарын хувцсыг бүгдийг нь солино. Бүгдээрээ халуун усанд очиж орно. Халуун усанд орж хувцсаа сольчихоод кино үзнэ бид. Кинотеатрт кино үзнэ. 1 төгрөгөөр. Ням гаригт чинь тийм ажил хийнэ. 7 хоногийнхоо боорцог эсвэл мантууг хийгээд тэр байшиндаа эсвэл гадаа гаргаад, хөлдөөгөөд өдөр өдрөөр нь оруулж ирж жигнүүр дээр тавьж гэсгээж иддэг. Орой болно. Манай эмээ чинь бүгдээрэнг нь ингээд юу яана. Аягатай, аяга аяганд нь хоолыг нь хийгээд. Тэгээд самар цөмж уралдуулаад, үлгэр ярьж өгнө. Манай гэр жаахан тийм... соёлтой байсан байгаа биз. Заавал хүүхдүүддээ үлгэр ярьж өгнө. Эсвэл манай эмээ юмаа нэхээд л, өвөө хажууд нь тэрийг харж ав гээд л, ном их уншина манай өвөө. номоо бид нарт, эмээд эд нар тойруулж сууж байгаад уншдаг. Хүүхдүүд нь сургууль, соёл, ажил төрөл хийж байсан болохоороо тийм..... цэвэрч нямбай хүүхдүүдээ өсгөх гэсэн тийм өвгөн эмгэн 2 байсан даа, зайлуул. Тэр үед чинь ингээд оруулж ирээд хумсыг нь үзнэ ш дээ, хүүхдүүдийг чинь. Танай хүүхэд хаана байна, хувцсаа тайл, хөлөө гарга гээд л /инээв/
Сайнбилэг -
Хумстай гээд муу дүн авбал яахав?
Долгорсүрэн -
Тэгвэл дараа нь дахиад эргэж орж ирнэ. Хороон дээрээ гадаа самбартай, тэр самбар дээрээ зараа, эсвэл тоншуулны зурагтай эсвэл үхэр тэрэг хөллөчихсөн шавхуурдаад явж байгаа хүний зурагтай, тэрний доор л нэр нь тавигдаад л, нөгөө муу өвөөгийн маань нэр л зоогдоно ш дээ. Равдангийнх гээд эсвэл Цэдэнсамбуугийнх /инээв/ аавын нэр гарна шүү дээ, тэгвэл манай эмээ ичнэ, муу хүүгийнхээ нэрийг гаргачихлаа, өө муу өвөөг чинь тэнд ёстой юүхэв гээд л ёстой нээрээ. Ер нь тийм юм болж байсан шүү.
Сайнбилэг -
Соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд ямаршуухан нөлөө үзүүлсэн бэ?
Долгорсүрэн -
Тэр үед.....шинэ үе....юу гэдэг юм бэ дээ. Бүдүүлэгдүү....., өөрсдийнхөө амьдралд, эрүүл мэндэд, жаахан арчаагүй тиймэрхүү байсан юм шиг байгаа юм. Тэрийг нь соёлын довтолгоон яалт ч үгүй .... дээшлүүлж өгсөн. Хөнжлийн даавуу нөмөрдөггүй, ... нөгөө яагаав онигоо байдаг ш дээ. Нэг тостой жолооч жолооч эмгэнийд яваад орсон чинь цагаан даавуу хийгээд л ор засч өгч байгаа байхгүй юу. Эмгэний цагаан даавуу хийж байгааг харчихаад нөгөө жолооч чинь....юүхэвээ би наад даавууг чинь жигтэйхэн болгоно. Даавуугаа битгий хий гээд тэгэхгүй юу. Тэгсэн чинь эмгэн үгүй ээ, хүү минь гудсыг нь угааснаас даавууг нь угаасан нь амар биз дээ, хүү минь. Тэгж хэвштлээ... яасан байгаа байхгүй юу. Саван маван чинь ...... барааны савангаар л биеэ угаана ш дээ. Тэр үед чинь ерөөсөө биеэ угаадаггүй усанд ордоггүй хүн өчнөөн л байсан байхгүй юу. Хэрвээ усанд орчихвол одоо хамаг сүр сүлд, хийморь лундааг аваад хаячихна гээд усанд ордоггүй л байсан байхгүй юу. Тэгэхээр чинь усанд ордог болчихсон гэдэг чинь том дэвшил. Тэгээд цагаан хэрэглэл дотор орж унтахдаа биеэ угааж байж ордог л болчихсон/инээв/. Би чинь 3-р ангид байна гэдэг чинь 66 он байх нь байна ш дээ. Тэгтэл анги дээр ариун цэвэр л үздэг л байсан. Ариун цэврийн дарга. Тэгээд л манай ангийн өнчин эгч дүү 2 байдаг. Бөөстчихсөн, хуурстчихсан байна. Нөгөөдхийг чинь бөөс хуурсыг цэвэрлэх гээд гээд гэрт нь очоод угааж өгнө/инээв/. Ангийнхаа охидуудыг дагуулаад гэрт нь очиж угааж өгнө. Тэгээд...багшаа өнөөдөр энэнээс ёстой бөөс гарахгүй гэтэл л бөөс нь гараад ирдэг. Тэгээд бүр гэртээ авчирч байгаад өөрийнхөө хувцаснаас өмсүүлээд, цайг нь нөгөө шүүр мүүрээр шүүрдээд, тэр үед бөөсийг яадаг шүүр гээд их нягт тийм юм байдаг байсан байхгүй юу. Хулсан шүүр гээд Хятадаас орж ирдэг байсан юм. Тэр хулсан шүүрээр үсийг нь шүүрдээд нөгөө бөөс хуурсыг нь түүж авч байгаа юм. Тэгээд нөгөө олон охидууд чинь шаваад л бөөсийг нь түүнэ. Тэгээд нөгөөхийн чинь уурхай нь гэрт нь байгаа юм чинь яахав, ээжгүй, аав нь барилгачин хүн байсан юм, зайлуул. Нөгөөдхийг чинь чинь ангийн ариун цэврийн үзлэг дээр бөөсгүй гаргахын төлөө ангийнхаа хүүхдүүдийг аваачаад л гэрийг нь цэвэрлээд байдаг. Байдаггүй ээ..., маргааш нь дахиад л бөөстэй л гараад ирж байхгүй юу. Бүр тийм л арчаагүй улсууд байсан ш дээ. 68 он гээд бод л доо. Хорооны эмэгтэйчүүдийн дугуйлан хүмүүст их тус болсон доо. Ор дэрний даавууг чинь яаж угаадаг юм, воок (угаалгын нунтаг) гэдэг чинь юу юм бэ. Барааны саванг юунд хэрэглэдэг юм, толбыг яаж арилгах вэ гээд л заадаг байсан ш дээ. Хүнсний ногоо чинь хэрэгтэй. Энэнийг хоолондоо ингэж ингэж хэрэглэдэг юм гээд л зааж өгч байсан. Тэгэхээр хүмүүс хүнсний ногоог яаж хэрэглэхийг мэдэхгүй л байсан байгаа юм.
Сайнбилэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний (НХ) тухай мэдэх үү? Яаж, яаж нэгдэлжиж байсан юм?
Долгорсүрэн -
НХ-ийг бол сураг л мэднэ л дээ. Манай өвөө эмээ 2 чинь мал залаа нийгэмчлээд л орж байсан. Нэгдэлд анх гишүүнээр орж байсан. Заавал малаараа ч биш бас өөр ажил гүйцэтгэж байсан байх шүү. Манай эмээ чинь “ Пионерийн зам” нэгдлийн туг мугийг нь оёод л клуб гээд хурлын танхим шиг жижигхэн өрөө байсан тэрнийх нь хөшиг мөшгийг нь оёод л байсан юмдаг. Тэгэхээр заавал малаар биш бас өөрийнхөө хөдөлмөрөөр хоршиж нийлж байсан юм шиг байгаа юм. Нэлээн хэдэн малаар л тэр “Пионерийн зам” нэгдэлд орж байсан байгаа юм.
Сайнбилэг -
Нэгдэлд яаж элсдэг байсан бэ?
Долгорсүрэн -
Өөрөө оръё гэхээр л ордог байсан байх. Хүн чинь одоо тэгээд хувиа нийлүүлнэ. Тэр үедээ хамтарч юмаа хийхээр л зэрэг ганц нэгээрээ айлаас илүү. Жишээ нь: Хашааг авгай нөхөр хоёр хүүхдүүдтэйгээ хийх гээд, эсвэл саахалтынхаа хүнтэй хийх гээд, оролдоод зовж байсан бол нэгдлийн гишүүд бөөнөөрөө машинтай трактортой ирж байгаад хийгээд өгчихөөр тэрэнд нь аягүй шимтэж орцгоож байсан байх гэж би боддог. Ер нь төр засгийн бодлого гэж ухамсарлуулсан байгаа юм. Тэрүүгээрээ бас их орсон байх. Тэр үеийн хүмүүс шинэ юмыг их хүлээж авдаг байсан байх, одоогийн хүмүүс бол өө за за гээд тоомжиргүй хаяна биз дээ. Тэр үеийн хүмүүс чинь цоо шинэ юм болоод их ажиглаж, энэ юу болж байна гэж дүгнэлт өгчихөөд, нэгдэж орж байсан байх.
Сайнбилэг -
Та 10-р ангиа Архангайд төгссөн үү?
Долгорсүрэн -
Би Архангайн Хашаат суманд төгссөн.
Сайнбилэг -
Дараа нь яасан?
Долгорсүрэн -
Багшийн сургууль төгсөөд
Сайнбилэг -
Улаанбаатарт уу?
Долгорсүрэн -
Улаанбаатарт ирээгүй, Архангайд багшийн сургууль төгссөн.
Сайнбилэг -
Хэдэн жил сураад төгсөв?
Долгорсүрэн -
4 жил. 4 жил болоод бага ангийн багш болоод, тэгээд Дархан луу шилжээд тэгээд тойроод УБ ирчихсэн. Тэр, бас нэг ийм юм байдгийм ш дээ. Хороо хориныхон нийлж их ажил хийдэг. Нэгдэж янз бүрийн юм, хог цэвэрлэх, субботник гэж нэрлэдэг, аймгийн төвийн дундуур урсаж байгаа голыг чинь ингээд далантай болгоод, уг нь аймгийн төвийн дундуур урсаж байгаа гол чинь аягүй их сайхан устай, тэр 2 гол чинь. Үер болохоороо манай хашааны хаалгыг хариугүй урсгачихаа дөхөөд байдаг байсан. Тийм их устай, ундаргатай. Тэр даланг хийгээд л усгүй болчихсон ш дээ. Тэр даланг чинь хорооны ажилгүй хүмүүсээр хийлгүүлсэн юм. Тэр хорооны эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, насанд хүрсэн хүн л байвал очиж хийдэг. Том том чулууг кублээд (дөрвөлжилж хураах) бүүр дээшээ м гаруй, аймгийн төвийн спорт зал байна, урд стадион байна. Уулнаас чулуу кубэлж авчирч, ажилгүй хүмүүс тэгж өрсөн шүү. Хорооноос зохиож байгаа ажил хүмүүсийг их хөдөлгөж байсан байгаа юмаа. Би өвөөгөө эмээгээ дагаад л явна. 50-н кострюльтай (савтай) хуушуур ирнэ. Тэрнээс нь олонг авч чадахгүй дээ, зайлуул. 50 мөнгө, 20 мөнгөний хуушуураас 2-г авч идээд л, өөрсдөө 2 бидон, 1-ийн бидон (сав) хар цай хийж аваачаад л, сүүтэй цай чинь өдрийн халуунд гашилчихна. Аймгийн төвийн хойд талын Булган уулын урд талын лам нарын их том сүмнүүд байсан юм билээ. 32 оны эсэргүүгээр тэнд байсан бурхнуудыг хажуу талынх нь худаг руу хийгээд ухаад дарсан гэдэг. Аймгийн музей тэр хорооны ажилгүй хүмүүсээр хийлгүүлж байгаа юм. Тэгээд манай шатыг, байшингийн дээвэр өөд авирдаг байсан тэр шатыг аваад, очиж байсан. Булган уулын урд чинь нэг том гүдэн байдаг юм. Тэрний тэр баруун хонхорхой дотор худаг байсан газар гээд нээрээ худаг байсан юм билээ, тэнд. Би сургуульд арай ороогүй байсан юмуу, тойроод тоглоод байсан. Тэр хорооны хүмүүс тэрийг ухаад дотроос нь ламын орхимж, байсан байхаа гэж боддог юм. Хадаг, гуулин цөгцнүүд, бурхан бол гараагүй, судар, модон ширээ, гарсан ш дээ. Тэгээд аймгийн музейн үзмэр болгох гэж байгаа гэж аваад. Тэгэхээр тэр хороо ажил үүрэг их гүйцэтгэсэн байсан байгаа биз дээ.
Сайнбилэг -
Тэр үед талийгч болоход яаж оршуулдаг байсан бэ?
Долгорсүрэн -
Бидний үед бол ил тавьж байгаагүй шүү. Би мэддэг юмаа. Архангайн уртаа талын Мааньтын овоо гээд уул байдаг. Их том уул. 2 тийшээ салбар гүвээтэй. Тэр уулын урд талд ил тавиад хүний арга ясаар дүүрчихсэн, эрэгтэй хүүхдүүд миний ах, надаас 7 ах, тэр 10-аад настай байхдаа хүний гавлын ясыг хэлхэж тоглодог байсан гэдэг. Надыг 4,5 настай байхад аймгийн төвийн албан хаагчдыг тэр Мааньтын урд аваачаад тэр араг яс, сэг зэвүүдийг чинь бүгдийг нь аваачиж шүүрдүүлээд, малтуулаад, овоолуулаад, газар ухаад булж байсан гэдэг. Тэрийг бол би мэднэ шүү. Тэгээд хүмүүс тэрийг цэвэрлэсэндээ юмуу, ил тавилт байхгүй, бүр хөдөөгүүрээ малчин улс тавьж байсан. Тэр чинь бол тархай бутархай энд тэнд байсан. Аймгийн төвийнхөн бол гудамжуудаар нөгөө ажилгүй хүмүүс, албан хаагчид, сургуулийн багш, конторын ажилчид, албан хаагчид гээд ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь машинаар ачиж аваачиж байгаад л, тэрийг цэвэрлүүлдэг байсан юм. Цэвэрлүүлж дуусгасан гэж ярьдгийм. Хэрэв энд тэнд юм байна гэвэл сумын захиргаа аймгийн төвд мэдээлдэг. Мэдээлснийх нь дагуу сумаас очиж цэвэрлэдэг.
Сайнбилэг -
Та аймгийн төвөөс Дархан хотод очсон юм байна. Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Долгорсүрэн -
Би чинь бол хөдөөний охин шүү дээ. Хотод байгаагүй , тэнд бол харьцангуй олон оросууд амьдардаг. Манай Архангайд намайг төгсөөд ажиллаж байхад 3 орос мэргэжилтэн л ажиллаж байсан. Дарханд чинь барилга сургууль, үйлдвэрүүдэд чинь бараг тэр чигээрээ л оросууд байдаг. Тэгээд тэр оросууд чинь хачин гоё, сайхан.... соёлтой санагдаж байсан юм. Би Дарханд нэг жил амьдарчихаад эргээд зуныхаа амралтаар Архангайдаа очиход хүмүүсийнх нь алхаа гишгээ удааширчихсан ч юм шиг, бүр нэг аанайгаад, хийх юмаа олж ядаад байгаа ч юм шиг, яах гэж байгаа ийх гэж байгаагаа мэдэхгүй ч юм шиг, ер нь тийм аанагар хүмүүс. Ер нь би энэ дунд яаж амьдарч байсан юм ....гэтлээ... байхгүй юу. Тэгтэл тэр Дарханыхан чинь хүмүүс цагт баригдаад л, хурдан хурдан алхаад л, унаа уншиндаа суух гээд ч байдаг юмуу, би чинь орон сууцанд халуун устай сууцанд байгаагүй Архангайд. Би тэгээд л Дарханд чинь айлын эзэгтэй болсон ш дээ. Тэр олон оросуудаас чинь юм сурч байсан. Би их сонин хоббитой байсан ш дээ. Шөнө болохоор нөгөө оросууд чинь байран амьдардаггүй байсан болохоор хөшиг байхгүй, тэгээд шөнө болохоор амьдралыг нь хардаг. Тэгээд харахаар л орос авгайчуул чинь толгойгоо угаагаад л нээх том ванны алчуураар дамбайтал нь боочихсон, гал тогооныхоо өрөөнд орж гарч байгаа нь харагдаад л. Тэгээд л ийм том ванны алчуур хэрэгтэй байдаг юм байна гэж бодоод, аваад л. Уг нь бол ийм жижиг алчуураар л арчдаг байхгүй юу. Тэгээд цонхон дээрээ гоё цэцгийн өлгүүр тавьчихсан. Тэрийг нь хараад л өрөөндөө гэртээ цэцэг тариад л, тэгдэг байсан. Тэгээд сүүлд нь тэр оросууд чинь хоолны хичээл заагаад, тэрэнд нь суугаад. Тэгээд нөгөө салатыг чинь хийж мэддэггүй ерөөсөө салат гэдэг юмыг чинь би Архангайд амсаж үзээгүй явсан шүү дээ. Би чинь одоо 80 онд ирж байгаа ш дээ. Аймгийн төвөөс Архангайд чинь баяр болохоор ширээн дээр тавгийн идээ бууз, дэлгүүрээс нэг даршилсан огурцы авч тавиад л, бид нарын баяр тэр ширээн дээрээ л болдог байсан байхгүй юу. Тэгсэн Дарханд хүрээд ирсэн чинь тэр ширээн дээрээ огурцы, колбаса зүсэж тавиад л гоё зүсэж чимэглэж тавихаас өгсүүлээд салат гэдэг юмыг хийгээд л, янз бүрийн боов, торт эд нарыг чинь гэртээ хийгээд л хийсэн юмаараа хүмүүсийг дайлахаар чинь бүр гоё. Тэгдэг..... Тэнд л би эмэгтэй хүний хамаг л юмыг сурч байсан юм. Бид нарын баярын ширээн дээр чинь салат бий болж хүн орж ирэхээр дайлдаг/инээв/. Тийм болж байсан гээд бод доо. Аймгийнх нь ресторанд ч тийм юм байдаггүй л байсан ш дээ. Ёстой тусгай төлөөлөгч ирэхээр л аймгийн гуанзны тогооч нар хийдэг байсан байх даа. Хоолыг чинь Дарханд ирж байж сурсан шүү. Орны цагаан хэрэглэл угаана ш дээ. Тэр үед чинь воок гээд байсан даа, тэрүүгээрээ угаана. Хичнээн зайлаад зайлаад шарлачихдаг л байхгүй юу. Тэгэхэд оросуудын гадаа дэлгээд тавьсан цагаан хэрэглэл хачин сайхан, цав цагаан. Тэгээд яаж угаахаар ийм сайхан цагаан болдог юм гэж бодоод л. Би холоос харахад бөөн бөөнөөр нь гаргаж ирээд л дэлгээд л, тагтнаасаа урт хэц татчихсан, тэрэн дээрээ дэлгээд тавьчихна. Би нэг даавууг өдөржингөө угаагаад ч шарыг нь арилгаж чадахгүй, тэгээд гаргаад тавихад л ичмээр. 2 өөр юм харагдаад санаа зовоод, зүгээр гадаа дэлгэдэггүй гэртээ дэлгээд байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг орос авгайтай офицер залуугаас асууж байгаа юм, танай авгай орныхоо цагаан хэрэглэлийг яаж угаадаг вэ гэж. Гэтэл тэр төгөлдөр хуур тоглодог хөгжимчин байсан болохоор цагаан хэрэглэлээ угаадаггүй, оросуудынхаа хими цэвэрлэгээнд аваачаад өгчихдөг гэнээ. Мэдэхгүй гэж байна /инээв/. Сүүлд нь орос хэлнийхээ багшаар оросуудаас асуугаад тэгээд мэргэжилтэн гэх манай багш хүүхэн асууж өгч байгаа юм. Тэгсэн тэд нар чанадаг байхгүй юу. Воокоороо буцалгаад л. Тэд нар монголд амьдарч байхдаа цахилгааны мөнгө төлдөггүй байсан ш дээ. Бид плиткэн дээрээ чанах юм бол тогныхоо мөнгөнд сүйд болно биз дээ. /инээв/. Тэд нар чинь үнэгүй тог хэрэглэдэг болохоороо чаначихдаг байсан юм билээ.
Сайнбилэг -
Таны бодлоор эмэгтэй хүний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?
Долгорсүрэн -
Ер нь эмэгтэйчүүд сургууль соёлд нэг их явдаггүй, сайн л гэрийн эзэгтэй болчихвол сургууль соёлд явдаггүй байсан шиг байгаа юм. Их өөрчлөгдсөн. Ер нь эмэгтэй хүүхэд сургуульд сурна гэхээрээ л ажил амьдрал мэдэхгүй, ар гэр нөхөр хүүхдээ авч явж чадахгүй, гэдэг тийм л ойлголтоор эмэгтэйчүүдийг чинь сургуульд сургах дургүй байсан шиг байгаа юм шүү. Сумын захиргаанаас сургуульд хүрээд ир гэж дуудаад, за танай хүүхдийг чинь авч явж сургуульд суулгана, тэдэн сарын тэдэнд ирж авч явна гэж хэлнэ. Тэгсэн, эмгэн охиндоо... за миний охин тэнд очоод юу ч сурч болохгүй шүү, уншиж сурч болохгүй шүү тэгээд л буцаж ир, уншиж сураад онц сурчихвал чамайг цааш нь аваад явчихна шүү /инээв/ охиныгоо авчрах гээд байхгүй юу, тэгтэл нөгөө охин нь тэнд очоод онц сураад, сургуульд яваад, одоо би ийм сэтгүүлч болсон, гавьяат сэтгүүлч нэг хөгшин байдаг юм. Манай аав намайг тэгж захиж байсан гээд ярьдаг ш дээ. Онц л сурчихав, онц л сурч болохгүй шүү. Багшийгаа юм асуухаар мэдэхгүй гээд, дуугүй л байгаад байгаарай, тэгээд гэртээ хурдан ирнэ шүү, гэж байсан гэнэлээ. Эмэгтэйчүүдийн амьдрал их өөрчлөгдөлгүй яахав. Манай эмээ их ажилсаг хүн байсан ш дээ. Гоё, цэвэрч, нямбай, өөр айлын эмэгтэйчүүд бол ердөө л нэг ........ааа....заваандуу, нэг тийм болхидуу амьдралтай л айлууд. Монгол модон ортой, яахав их л цэвэрч гэж байгаа нь сав суулгаа нэг гялалзуулсан, данхныхаа гадна талыг арчиж гялалзуулсан, тоос тортог тэр юмаа яадаг, хүүхдүүддээ яаж үлгэр ярьдгаа ч мэдэхгүй, кино гэж юу байдгаа ч мэдэхгүй, тийм л эмэгтэйчүүд байсан байхгүй юу. Бас нэг гоё юм яриагүй үлдсэн байна. Тэр үед гэрийн багана чинь шугамын радио ингээд залгачихдаг. Тэрүүгээр чинь ингээд мэдээ зэдээ нн... хүрэн морь найраглалыг чинь уран уншигч уншаад л байгаа байхгүй юу. Тэрнийг бид, өвөө эмээ, аав бид тойрч суугаад л, моринд өшиглүүлээд ингэхэд нь ...хөөрхий гээд дуу алдаад, яг нүдээрээ телевиз хараад сууж байгаа юм шиг л, бүгд л толгой дотроо бодож, тэр үед тэр үед “Алгирмаа” “Учиртай 3 толгой” гээд харилцан дуу байна. Тэднийг чинь нэг ч хараагүй мөртлөө л толгой дотроо бодоод л үзэж байсан байхгүй юу. Хоньчин Найдан гээд кино байдгаа, тэрнийг чинь радиогоор уншдаг байсан юм. Би тэр хоньчин Найданг уншаад л уйлдаг. Эмээ уйлаад л. Бүгдээрээ тэнд уйлдаг байсан. Телевизор шиг л үйлчилж байсан юм шиг байгаа юм. Тэр үед чинь манайх шугамын радиотой, соёлтой айл байхгүй юу. Тэгэхэд шугамын радионы 6 төгрөг төлж байсан санагдаад байна. Тэр 6 төгрөгийг төлж чадахгүй айл зөндөө байсан. Одоо телевизоргүй айл байна гэдэг шиг л. Бид нар чинь радиотой, их юм сонссондоо бахархалтай байдаг байсан ш дээ.
Сайнбилэг -
Тухайн үедээ л боловсролтой соёлтой айл байсан байна ш дээ?
Долгорсүрэн -
Тийм, тийм. Эмэгтэйчүүд чинь бол маш бүдүүлэг байсан. Би 80-н онд Архангайн багшийн сургууль төгсөөд 3 жил ажиллачихаад Дарханд ирэхэд Дарханы 80 оны эмэгтэйчүүдээс би асар хол л байсан байгаа байхгүй юу. Хувцсаа яаж өмсөхөв, мода загвар гэдгийг би мэдэхгүй, хувцасны өнгө тохируулна гэдгийг би мэдэхгүй, ямар сайндаа л цагаан даавуугаа л яаж цагаан болгох уу гэдгийг мэдэхгүй л байсан байгаа биз дээ, тиймээ /инээв/. Тийм л байсан. Тэгэхээр хотжилт гэдэг чинь эмэгтэйчүүдэд аймар нөлөөлсөн байгаа биз. Сумын төвийнхөн ямар байхав, аймгийн төвийнхөн ямар байхав. Би аймгийн төвд багшилж байгаад ирж байгаа. Дархан чинь бүр Улаанбаатараас илүү хөгжилтэй, яагаад гэвэл хөгжилтэй оросуудыг дагаад тийм цэвэрхэн, цомхон. Амьдарч байгаа орчин нь ч гэсэн, хороолол нь ч гэсэн... гал хөс түлэх нь бага. Голдуу орон сууцанд амьдарч байгаа хүмүүс болохоор, цэвэрхэн, сайхан, хажууд нь үлгэр жишээ болох юм ихтэй байсан. Тэндээс би чинь макраме гээд уран зангилаа сурсан ш дээ. Манай эгч бүр Читийн (ОХУ) эмнэлэгт хэвтэж байхдаа надад нэг тор авчирч өгч, зааж өгөөд, тэр нь цонхон дээр өлгөөтэй байгаад байсан. Тэгж байгаад би оросуудаас цэцэг хийгээд унжуулчихдаг юм хараад, тэр үед чинь оросын сэтгүүл их орж ирдэг байсан. “Советская женщина” “Работница” “крестьянка” тийм сэтгүүлийг чинь уншаад л, үзээд л. Ганц 2 үгнээс нь бас гөрднөө. Орос хэл бас мэдэхгүй ш дээ. 1,2 мэддэг үгнээсээ гөрдөж байгаад энэ ингэсэн л үг юм байна гээд л, мэдэхгүй бол нөгөө орос хэлнийхээ багш хүүхнээс асуугаад, тэндээсээ сураад л. Макраме чинь сүүлдээ миний хобби байснаа мэргэжил болж хувираад, тэрүүгээр зөндөө олон хүүхдийг сургаад , нөгөө хүүхдүүд маань бүтээлүүд сайтай, янз бүрийн уралдаан тэмцээнд оролцоцгоож байсан. Тэгэхээр Дарханд оросуудыг дагаад их юм сурсан байгаа биз дээ.
Сайнбилэг -
Эрэгтэй хүн яаж өөрчлөгдөв?
Долгорсүрэн -
Эрэгтэй хүн хөгжсөн. Нийгмээ дагаад. Нэг үе хүмүүс чинь ёстой хөдөлмөрлөхийн төлөө байсан ш дээ. Цалингийн төлөө биш. (давтав) улсад хөдөлмөрлөхийн төлөө, амжилт гаргахын төлөө л зүтгэж байсан. Тийм сэтгэлгээтэй байсан. Нэг өдөр ажил хийхгүй бол өөрийгөө гэмт хэрэгтэн шиг л үзэж багаа юм. Ажлаа нэг өдөр л тасалчихлаа гэхэд чинь өөрөө өөртөө дүгнэлт хийгээд би чинь буруудаж яваа юм байна, ажлаа тасалчихсан, хоцорчихлоо гээд л. Тэр чинь ёстой нээрээ улсын төлөө зүтгэж л. Миний тэр багад л чулуу кублээд, хорооны ажилд оролцож байгаа чинь улсын төлөө л байхгүй юу. Улсаа хөгжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө л байхгүй юу. Хүмүүс цалингийн төлөө биш, өөрсдийнх нь цалин бага хуваарилалттай байсан болохоор зэрэг хэдэн төгрөг авна, тэрүүгээрээ хүргэчихнэ гээд бодчихно. Илүү олох, ашиг хонжоо олохын төлөө биш. Энэ олон цаг ажиллаж биеэ дайчилснаараа би мөнгө олохын төлөө гэж бодож байгаагүй.
Улсын хөгжлийн төлөө л байхгүй юу. Сэтгэхүйд нь тэгээд бүр нөлөөлөл болчихсон.
Сайнбилэг -
Хэдэн хувь нь тийм хүмүүс байсан бэ? Онцгүй хүмүүс байсан л байж таараа?
Долгорсүрэн -
Байсан л даа. Тэр бол ховорхон., хүүхдээ буруу хүмүүжүүлсний төлөө албан байгууллагаасаа шийтгүүлж, нам эвлэлийн байгууллагаасаа шийтгүүлж байсан. Тэгэхээр хүүхдээ зөв хүмүүжүүлж сургууль соёлд нь явуулж зүтгэхээс өөр аргагүй л байхгүй юу. Энд хүүхэд нь муу сураадахвал тэнд ажлын газар нь мэдээ очоод л, онц сурчихвал тэр ажлын газар бэлэг өгөөд л.
Сайнбилэг -
Архангайд байхдаа анх онгоц гэдгийг та хэзээ үзсэн бэ?
Долгорсүрэн -
Онгоцыг багадаа үзсэн. Манай ээж 61 онд өнгөрсөн гэхэд Архангайгаас- УБ ортол онгоцонд суугаад, тэр ерөөсөө анхных нь нислэгүүд байхаа. 61 онд ээж өнгөрөөд би эмээтэйгээ, эгчтэйгээ, ахтайгаа УБ-т ирж байсан юм. Тэгж ирэхэд тэр онгоцонд би ганцаараа бөөлжөөгүй, манай эмээ бөөлжөөгүй, бусад нь бүгд бөөлжөөд л, онгоц нь яасан удаан явж байсан юм. Манай ах тажик тоорцог гээд малгайтай. Тэр тажик тоорцгондоо бөөлжөөд л яваад байсан санагддаг юм. Онгоцноосоо буугаад л, газар унацгаагаад л, царай зүс нь ногоон шаргалтчихсан санагддаг. Би өөрөө хүүхэд болохоор эмээ элгэндээ тэврээд унтуулчихсан. Унтаж явсан болохоор бөөлжөөгүй. Нөгөөдүүл чинь эмээгийн хажууд суугаад явсан болохоор, бүгд бөөлжөөд. Ногоон онгоц. Манай аймагт чинь нөгөө хэн гэдэг байлаа даа. Ээж нь Тамирын голын бургасанд амьдардаг, манайхтай саахалт. Пүрэвдорж, Пүрэвжав гэдэг байлуу даа, онгоцны нисгэгч, анх Союзад (ЗХУ) онгоцны нисгэгч болоод ирж гэнээ гээд л, СССР-т УБ-аас нисээд ээжийнхээ гэрийн яндан дээгүүр доошилж, гэрээ тойрч эргэчихээд аймгийн төвийн буудалд ирдэг. Тэгэхээр ээж нь тэр дороо бидонд сүү хийгээд аймгийн төв рүү давхиж байгаа байхгүй юу. Онгоцны буудал руу. Тэгээд ээж нь очиж хүүтэйгээ уулзчихаад, сүүгээ өгчихөөд, хүүгээ үнсчихээд ирдэг. Хэрвээ салхилаад, тэр царцаа ноноон нь хийсчих гээд байна гээд л ярьдаг байсан ш дээ. Тэгээд далавчнуудыг нь тал тал тийш нь аргамжаад уячихаад тал дээр нь тавьчихсан байгаа юм чинь. Нисгэгч цаг агаар муудаасай гэж бодож Архангай нисдэг. Тэгээд цаг агаар муудахаар онгоцоо аргамжиж хаячихаад, ээж дээрээ очиж хоночихоод, ирдэг байсан гээд л. Манай эмээ чинь тэдний хөгшний хүү нь ирж байна, хараарай, хараарай гээд л, тэгээд л тэр яндангийнхаа дээгүүр нисэхэд яндан нь ян гээд явчих юмаа, гээд л эмээ ярьдаг /инээв/. Манай саахалт байсан. Манайх чинь Тамирын голд зусдаг байсан ш дээ.
Сайнбилэг -
Та багш байсан, тэр үеийн сургууль одоогийн сургуулиас ямар ялгаатай вэ?
Долгорсүрэн -
Ялгаатай. Маш ялгаатай. Тэр үед чинь хүүхдүүд мэдээлэл багатай байсан. Би 1977 онд төгсөөд 1980 он хүртлээ аймгийн 1-р 8 жилийн сургуульд багшилсан байхгүй юу. 3-н жил. Тэгэхэд юм ойлгохгүй, юм хүлээж авахгүй хүүхдүүд их хэцүү, тэгсэн чинь би Дарханд ирээд 1-р анги хүлээгээд авсан чинь хүүе юу вэ, зүгээр яралзтал уншаад, бичээд, бараг сургуульд орж ирэхдээ уншиж, бичиж, сураад ороод ирдэг. Тэр хүүхдүүд чинь нээлттэй хичээл хийгээд, үзүүлэн таниулах материал үзүүлэхэд юм хум асууна, тэгэхэд чинь Дарханы хүүхдүүд хачин их юм мэддэг. Амьтны тухай асуухад л тэр амьтныг чинь тал бүрээс нь ярьчихаж байгаа юм. Хөдөө тэр амьтныг чинь мэдэх ч үгүй ш дээ, зайлуул. Цагаан баавгай гэхэд хөдөө мэдэхгүй ш дээ, аймгийн төвийн хүүхдүүд, гэтэл Дарханы хүүхдүүд чинь аль хэзээний телевизрээр үзээд, ном сонингоос уншчихсан тийм байдаг. Тэр үед үзүүлэн тараах материал, хийх гээд хэвлэх үйлдвэрээс, номын цаасны хэрчсэн өөдөс олох гээд. Тэгээд фламастер гэдэг юм чинь анх удаа гарч байлаа ш дээ. Тэр чинь далан хэдэн он ш дээ, манай аав Эрхүүд 45 хоногийн курст яваад надад фламастер авчирч өгөөд, бид нар тэрийг чинь эсгий харандаа гэж нэрлэдэг. Фламастер гэдгээ бид нар бичиж чадахгүй. Тэгээд орос хэлнийхээ багшаас асуусан чинь эсгий харандаа гээд хэлчих гээд. Тэгээд би аавдаа эсгий харандаа олж өгч явуулаарай гэж бичиж өгч явуулж байгаа байхгүй юу./инээв/. Аав тэгээд эсгий харандаа гэж ямар юм байдгийг бодож бодож. Тэгээд би эсгий харандааг чинь фламастер гэдэг юм байнаа гээд тэгээд аав надад фламастер авчирч өгөөд, тэр фламастер чинь олдохгүй ш дээ, хадгалаад, чемодандаа хийчихээд, хадгалаад, хааяа нэг ханын сонингийн уралдаан болдог юмуу, нээлттэй хичээл эд нар дээр л гаргана. Тарааж өгөх материалаа бичээд ч юмуу. Тийм л байсан. 86 он гээд бодохоор чинь. Одоогийн хүүхдүүд чинь тоног төхөөрөмж, суух ширээ, сандлаасаа өгсүүлээд хичээлийн хэрэглэл нь хүртэл ондоо болчихсон.
Сайнбилэг -
Та Архангай руу хамгийн сүүлд хэзээ явсан бэ?
Долгорсүрэн -
Би 7 жилийн өмнө билүү, хадам аавыг өнгөрөөд очсон.
Сайнбилэг -
60-аад онд УБ ямар байсныг мэдэх үү? Хот нь, байгаль нь яаж өөрчлөгдөв?
Долгорсүрэн -
Анзаарагдалгүй яахав. Бид сүүлдээ шуудангийн тэргээр явахаа больчихсон ш дээ. Шуудангийн тэрэг чинь нэгд удна, 2-рт нэг газар очоод л, бензингүй, дугуй нь хагарч гэнээ, Дашинчилэн дээр байна л гэнэ, эвдэрсэн гэнэ гээд л удна. Онгоцоор явж л байсан. Онгоцоор явахад чинь Буянт-Ухаа дээр буугаад л, тэр цагаан хаалгаар буугаад ирэхэд би УБ-ыг харж байгаа юм. Хот чинь бүх л юм нь алган дээр байгаа юм шиг харагддаг байсан. Жаран хэдэн онд чинь тэр Жанрайсаг чинь хамгийн том, байшин нь гэхдээ, тэр чинь ажиллахгүй, хөндий хоосон. Өндөр дэнж байсан. Өндөр дээр ч байсан тэрнээс өөр юм байгаагүй, УБ-т орж ирсэн хүн чинь улсын их дэлгүүртээ ордог, өөр сансрын нэг дэлгүүрт ордог, сансрын үйлчилгээний төвийн дэлгүүр нь хамгийн гоё дэлгүүр нь, хүүхдийн дэлгүүр гээд ордог. Хүнсний 20-р дэлгүүр гээд нэг их колбаса /хиам/ үнэртсэн дэлгүүр байж билээ. Одоо шилэн лангуут хөргөгч чинь 20-р дэлгүүрт л байсан байхгүй юу. Колбасанууд бүдүүн, бүдүүн. Тэр үеийн хүмүүс хиам авч иддэггүй байсан байх. Бага иддэг байсан байх. Хиам үнэртээд, шүлс гоожоод л байдаг байж билээ/инээв/. Туул гол чинь гүүрийн 2 талаасаа дүүрчихсэн. Бургас нь онгоцны буудлын хойд талаараа бага байсан юмаа, тэгээд гүүрнийхээ 2 талыг хүрээд л, аягүй эрчтэй урсаад л. Би Тамирын голыг хэд хэд харсан мөртлөө Туул гол чинь нэлээд удаахан шиг мөртлөө гүн, их том гол санагддаг байсан ш дээ. Онгоцон дээрээс аягүй том талбай эзлээд гол харагддаг байсан. Энэ уртаа талын Богд уул чинь зарим жил хорхой идчихсэн гээд хүрэнтээд, онгоцоор хор цацдаг. Цагаан юм шүршээд нисдэг байсан. Битүү мод байсан шүү. Тэр их хугацаа биш ч гэсэн. Чингэлтэй уул байна ш дээ, манайх 7 жилийн өмнө очсон гэхэд битүү модтой байсан гэхэд одоо арзайгаад модгүй болсон байна ш дээ. Байхгүй. Зүлэг ногоо нь хийсээд, доороос нь хад нь гараад, ногоо ургадаг байсан тэр нь байхгүй болсон.
Сайнбилэг -
Ардчилсан хувьсгал болоод, дараа нь хувьчлал болсон ш дээ. Хувьсгалыг анх яаж зарласан бэ, хувьчлал яаж явагдсан бэ, ?
Долгорсүрэн -
Хувьчлал болоход чинь яахав дээ, ягаан цэнхэр тасалбар л өгсөн ш дээ. Хувьчлалынх нь ягаан тасалбарыг зах дээр хүмүүс авч байна гээд л. 2000 –р ч билүү, 3000-р ч билүү хүн авч байна гээд л 2000-р зарж байсандаг. Цэнхэр тасалбарыг нь “Говь”-д өгсөн. “Говь” ч ашиг хуваана ч гэж байхгүй. Тэр бол ёстой худлаа юм байсан юм даа. Орон сууц хувьчилсан нь л хүмүүст нэлээн юм болж үлдсэн байх.
Сайнбилэг -
Хувьчлал танд яаж нөлөөлөв?
Долгорсүрэн -
/инээв/ Орон сууцанд амьдарч байхад хувьчлал чинь одоо юугаараа өөрчлөгдхөв дээ. Зарах, барьцаалах чинь дээхнэ үедээ болохгүй л байсан. Одоо л дэлгэрэнгүй болсон, хэдэн жилийн өмнө бас хэцүү л байсан ш дээ. Хувьчилсны юу гэж байдаггүй ш дээ, талбайн хөлс өгөхгүй гэж байсан. Хаана байна. Одоо би хашаанд, гэр хороололд амьдарч байгаа болохоор зэрэг, тэр байрны бүүрчиг хэрэгцээгүй болж байгаа юм.
Сайнбилэг -
Зарим хүмүүс ямар арга замаар бусад хүмүүсээс илүү хөрөнгө эзэмшсэн бэ?
Долгорсүрэн -
Тэр чинь бол хувьчлалыг өөрсөндөө таатайгаар тохируулж хийсэн хүмүүс л, төрийн өндөрлөгт байсан хүмүүс, мэдэж байсан, мэдэрсэн тийм хүмүүс л..., энгийн хүмүүс бол юугий нь ч мэдэхгүй явж байгаад л, тэгээд л яасан. Энэ ах дүү нь өндөр дээд ажил хийдэг, энэ чинь ингэх гээд байгаа шүү, тэгэх гээд байгаа шүү, гэсэн хүмүүс мэдээлэл авч тэрнийгээ дагаж авсан байх. Улсад үнэнчдүү байсан хүмүүс хоосон хоцроод, ингэж болохгүй гэсэн хүмүүжил олсон хүмүүс нь хоосон хоцроод, цадиггүй, замбараагүй, яав л яаж ч чадахаар тийм хүмүүс нь хожиж үлдсэн гэж би боддог. Сэтгэхүйд нь тийм юм суулгаад шингэчихсэн хүмүүс яагаадчиг хожиж амьдарч чаддаггүй юм шиг байгаа шүү.
Сайнбилэг -
Ардчилсан хувьсгалыг та юу гэж боддог вэ ? Танд ер нь юу авчирсан бэ?
Долгорсүрэн -
Би ерөнхийдөө хоцрогдсон үзэлтэй хүн шүү/инээв/. Бүх юм зад үсрээд, хэмжээ хязгаар байхгүй, хууль дүрэм, хүмүүсийн амьдралын хэм хэмжээ алдагдсан ш дээ. Яалт байхгүй нийгмийнхээ хөгжлийг дагаад, энэнд орохоос аргагүй болохоор, зохицож амьдрахаас аргагүй болжээ. Ямар эргээд тэрэн рүү орно гэж байхийн биш, тиймээ. Тэгээд бэлтгэл байхгүй байсан. Хэн ч ямар ч төсөөлөл байхгүй байсан. Гадаадад сурч байсан хүүхдүүд л ер нь нэг ийм байдгаа гэж, төрийн өндөрлөгт байсан төв хорооны гишүүд, тийм хүмүүс нь ийм юм болох гээд байна, энэнд ер нь манайхан орохгүй бол болохгүй гэсэн тийм мэдрэмжтэй л болчихсон байсан. Улсууд яасан болохоос биш, ард түмэн ямар ч бэлтгэл байхгүй, тэгээд туучаад л орчихсон. Одоо өчнөөн алдаа гарч байна ш дээ. Энэ олон тэнэмэл хүүхдүүд, завшиж идэж уух, юмаа хайрлахгүй, өмч хөрөнгийг хувьчлаад л, хэмх хэмх татаад л, өчнөөн сайхан үйлдвэрүүдийг зогсоогоод л, өчнөөн хүн ажилгүй болоод л. Энэ чинь ерөөсөө ямар ч бэлтгэл байхгүй байгаад л яваад орчихсон байгаа байхгүй юу. Заримдаа ёстой харамсдаг юм ш дээ. Тэр их сайхан хөдөлмөрийн нөөцүүд, тэр их сайхан ажиллахын төлөө зүтгэж байсан, өрнүүн байсан тэр үеийн хүмүүсийг ийм болтол өөрчлөөд хаячихсанд нь би харамсаад байдаг юм ш дээ. Хүүхдүүд ч гэсэн. Одоо үнэнч хүүхдүүд нэг ч байхгүй байна. Үнэнч болж өсөж байгаа хүүхдүүд нэг ч байхгүй байна. Яавал илүү олох вэ, яавал аль талаас нь ярьвал би энэ хүнийг өөртөө ашиглаж чадах вэ гэдэг л бодолтой хүүхдүүд өсөөд байгаа болохоос биш, тэгэхдээ яах вэ. Нийгмийн хөгжил угаасаа ийшээ л явах ёстой байсан юм чинь.
Сайнбилэг -
За сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярлалаа.
Долгорсүрэн -
/инээв/
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.